Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрсайхан: Эсрэг талын дүр бүтээх их сонирхолтой, басхүү надад зохимжтой байдаг юм болов уу

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-“Маск” продакшны хамт олон шинэ уран бүтээлдээ орсон гэж сонслоо. Хэдийгээр үзэгчдийн хүртээл болох вэ?

-Манай продакшны хамт олон өнөөдөр ажилдаа цуглацгааж, тоглолтынхоо бэлтгэл, сургуулилтад орлоо. Есдүгээр сарын 15-аас эхлэн шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх юм. Манай продакшн зуны улиралд амралтын байдалтай байдаг. Амрах нэг нь амраад, зарим нь хувийн уран бүтээл хийгээд л өнгөрдөг дөө. Миний хувьд саяхан нээлтээ хийсэн “Лизинг” хэмээх уран сайхны кинонд оролцон тоглосон.

-Таны хувьд “Маск” продакшнтай үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн хамт байгаа жүжигчдийн нэг. Ер нь яагаад тус продакшнд орох болсон юм бэ?

-Би 2003 онд Кино урлагийн дээд сургууль төгсчихөөд 25-дугаар суваг телевизийн хамт олонтой “360” градус хошин мэдээллийн хөтөлбөр хийдэг байлаа. Харин 2006 онд “Маск” продакшн байгуулагдсанаар жүжигчнээр орсон. М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан ах нар маань хамтлагаа байгуулчихаад жүжигчин хайж байсан юм билээ. Тухайн үед надад “Тайзны урлагт хүч сорих бодол байгаа юу. Хэрэв тийм бодолтой бол манай хамтлагт орж, бид нартай хамт ажиллаж болно шүү” гэсэн л дээ. Энэ үеэс хойш “Маск” продакшнтайгаа хэдийнэ 11 жилийн турш хамт байж, ажил амьдрал, уран бүтээлээ холбоод явж байна даа.

-Жүжигчин болно гэхэд ээж тань тийм ч дуртай хүлээж аваагүй гэдэг юм билээ. Тэгвэл жүжигчин болох урам зоригийг өгсөн хүн нь хэн байсан бол?

-Ээж минь намайг жүжигчин болно гэхэд “Жүжигчин болоод хэрэг байна уу даа. Өөр мэргэжилтэй болвол зүгээр юм биш үү” гэж байсан л даа. Гэхдээ надад байгаа жаахан авьяас ээжээс минь эхтэй юм шүү дээ. Ээж минь урлагийн тун өндөр мэдрэмжтэй. Хийлийн концерт сонсоод уяраад уйлна. Надаар янз бүрийн уран зохиолын ном уншуулна. Тухайн зохиолын дотор нь орж сэтгэлээсээ сонсдог байсан. Басхүү бэлэн цэцэн үг ихтэй. Ах, эгчийг шүлэглэх нь холгүй л зэмлэдэг байж билээ.

Харин муугүй жүжигчин болох нь уу даа гэсэн үнэлэлт, дүгнэлт, өсөж дэвжих урмыг үзэгчид маань өгсөн. Тэр л урмаар тэтгэгдэж өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог юм.

-Таныг продакшныхаа жүжигчин Ж.Мөнхсайханд шавь болон орж байсан гэж сонссон юм байна. Ер нь жүжиглэх эрдмийг ямар хүмүүсээр заалгаж байсан бэ?

-Би Кино Урлагийн дээд сургуульд оюутан болж ороод Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон П.Цэрэндагва багшийнхаа шавь нь болсон. Манай ангийнхан Д.Мэндбаяр багшийн анхны төгсөлт болж байсан. Энэ хоёр сайхан хүн жүжигчин болох үндэс суурийг минь тавьсан юм. Жүжигчний уран чадвараас гадна хүний мөн чанар гэдэг ямар чухал зүйл болох талаар ойлгуулсан. Сайн аав, сайхан эр хүн байх хэрэгтэй гэдгийг зааж өгсөн дөө. Харин хошин урлагийн “Маск” продакшнд орж ирээд жүжигчин Ж.Мөнхсайхан ахад “Өөрийн чадах, мэдэх бүхнээ харамгүй зааж өгөөрэй” гээд хадаг барин багш, шавийн барилдлагатай болж байлаа. Олонд танигдсан дүрүүдийн ард Мөнхсайхан ах минь байдаг гэхэд хилсдэхгүй. Дүрд минь чимэг, шигтгээ нэмж илүү сайн болгодог. Зөвхөн уран бүтээлд минь нөмөр нөөлөг болоод зогсохгүй, “Миний дүүгийн амьдрал ахуй яаж байна” гээд л асуудаг юм. Би ийм л гурван багштай хүн дээ.

-Таныг “Чонын алтан шагай” уран сайхны кинонд эсрэг дүр бүтээж байсныг санаж байна. Ер нь эсрэг талын дүрд тоглох санал хэр их ирдэг вэ?

-Хошин урлагийн жүжигчин болоод ч тэрүү эсрэг талын дүр ирэх нь ховор байдаг юм. Одоогоор ихэвчлэн инээдмийн төрөл, жанрын кинонд тоглох санал ирж байгаа. Би хамгийн анх “Гялбаа” олон ангит уран сайхны кинонд эмчийн дүр бүтээсэн. Харин дараа нь мөн л олон ангит уран сайхны кино болох “Чонын алтан шагай”-д эсрэг дүрд тоглосон юм. Намайг анхандаа яг ч эсрэг дүрд хувиарлаагүй байсан л даа. Харин би өөрөө тэр дүрд чинь тоглъё, сайн бүтээж чадна гэж хэлсэн юм. Дүрдээ дурлаж тоглосон болоод ч тэрүү дажгүй болчихсон гэж боддог шүү. Би “Чонын алтан шагай” уран сайхны кинонд Содов хэмээх залуугийн дүрд тоглосон л доо. Тухайн дүрээ муу хүн гэж бодох бус, амьдралын төлөө тэмцэж л яваа нэгэн гэж бодох хэрэгтэй. Тоглож байгаа дүр бол чиний төрүүлсэн хүүхэд. Ямар ч хүн төрүүлсэн хүүхдээ муу гэж голдоггүй шүү дээ. Яг л үүнтэй адил. Багш нар маань ч тэгж л заадаг байсан. Миний хувьд эсрэг талын дүр бүтээх их сонирхолтой, басхүү надад зохимжтой байдаг юм болов уу гэж боддог.

-Цаашид хошин урлаг улам хөгжихийн тулд яах ёстой гэж боддог вэ?

-Монголд хошин урлаг хамтлаг, продакшны хэмжээнд маш сайн хөгжсөн гэж боддог. Нэг тоглолт байлаа гэхэд тэр чигтэй инээдэм биш, драм ч шигтгэсэн байх жишээтэй. Манай продакшны хувьд үзэгчид, дэлгэц, цирк, сонгодог бүжиг, драмтай цогцлоож үзүүлбэрээ үзүүлэхийг хичээдэг. Бүр заримдаа хоор дуу, сонгодог дууг ч дуулдаг. Үүний зэрэгцээ хувь жүжигчин өөрөө дүр дээрээ маш сайн ажиллах нь чухал. Хүмүүс инээх гэж, аз жаргал мэдрэх гэж л хошин урлагийн тоглолт үздэг шүү дээ. Тэгэхээр инээд хөөр бэлэглэхийн тулд маш сайн бодох хэрэгтэй. Мөн тэр инээдний цаана багахан ч гэсэн ухаарал өгөх ёстой гэдгээ ойлгох нь чухал болов уу.

Харин цаашдаа хошин урлаг маань илүү их мэргэжлийн болох ёстой. Урлаг бол гоо зүй, гоо сайхныг мэдрүүлж байх ёстой болохоос биш гудамжны гэж хэлэхүйц ёс бус хэллэг байх нь зохисгүй. Хэдэн хүн тайзан дээр цуглуулчихаад янз бүрийн юм яриад байж болохгүй шүү дээ. Энэ бол урлаг биш гэсэн үг. Хошин урлаг бол хүнийг шунан дурлуулдаг маш сайхан урлаг. Хошин урлагийн жүжигчид хоёр цагийн тоглолтод ээж, эмээ, өвөө, дүү, хүү болж хувирдаг. Энэ жүжигчнээс маш их өгөгдөл, ур чадвар шаардаж байдаг гэж би ойлгодог. Харин драмын театрын жүжигчид бол бэлэн тексттэй, найруулагчтай байдаг. Найруулагчийн хэлснээр зохиолын дагуу ажилладаг учраас амилуулахад илүү дөхөм болов уу. Мэдээж адилхан тайзны урлаг учраас хариуцлагатай байх нь дамжиггүй. Тайзны урлаг гэдэг “Хүмүүс ээ байж байгаарай. Бид нар сая алдчихлаа. Дахиад эхнээс нь эхлээдэхье” гэж хэлж болдоггүй хатуу зарчимтай.

-Аливаа зүйлд шантрах, цуцах үе байдаг шүү дээ. Таны хувьд урлагийн хүн болсондоо харамсаж, шантарч, өөр зам сонгох байж дээ хэмээн бодож байсан удаа бий юү?

-Нэг ч удаа харамсаж байсангүй. Хувийн л бодол л доо. Жүжигчний мэргэжлийг сонгосон л бол шунаж, дурлах хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь ихэнх хүмүүс бүр багаасаа л жүжигчин болохыг бодож, мөрөөдөж байж болдог болов уу. Тиймдээ ч жүжигчин болох байр сууриндаа үнэнч, тууштай огтхон ч харамсдаггүй байх. Миний хувьд ч ялгаагүй. Ажил цуглана гэхээр баярладаг, догдолдог. Тайзнаа гараад “Сайн байцгаана уу” гээд л үзэгчидтэйгээ мэндчилээд, үзүүлбэрээ үзүүлээд зогсож байхад амьдралын хамгийн сайхан бүхнийг мэдэрч байдаг. Учир нь энэ бол миний мөрөөдөл. Бага, залуугаасаа эхлээд л ингэж мөрөөдсөн учир, үүнээсээ буцна гэдэг байж боломгүй зүйл л дээ.

-Та аль нутгийнх вэ. Нутаг руугаа хэр их очдог бол?

-Аав, ээж минь Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүмүүс л дээ. Би ч мөн адил энэ нутаг усанд төрсөн. Говь-Алтай аймаг руугаа жил бүр л очихыг боддог. Нутагтаа их элэгтэй явдаг юм. Гэхдээ миний бага нас Партизаны сангийн аж ахуйд өнгөрсөн л дөө. Амьдралын минь сайн, сайхан гэрэл гэгээтэй бүхэн минь тэнд өнгөрсөн юм. Олон ч хүмүүс танина. Тиймдээ ч сэтгэлд их ойр дотно л доо. Өссөн торнисон газартаа очихоор аав, ээж ах, эгчтэйгээ байсан сайхан үеүд минь нүдэнд харагдана шүү дээ. Гэхдээ би ах, эгчтэйгээ нэг гэрт тийм ч удаан хамт байгаагүй л дээ. Би ахаасаа 20 насаар дүү. Намайг жаахан байхад л ах, эгч минь айл гэр болоод явчихсан юм. Би хэдий хэнз хүүхэд боловч тийм эрх танхи байгаагүй. Ах, эгч минь аав, ээжид нэг ч алгадуулж үзээгүй нас биенд хүрсэн байдаг юм. Гэтэл би дүрсгүйтэж ээжээсээ их л жавтий хүртдэг байж билээ. Сайхан үе шүү. Сонирхуулахад эгч минь миний ярилцлага өгсөн сонин сэтгүүл юу л байна бүгдийг нь нандигнан хадгалдаг юм.

-Та гэр бүлийнхэнээ танилцуулаач. Ам бүл хэдүүлээ вэ?

-Миний ханийг Түмэнсайхан гэдэг. Телевизийн найруулагч мэргэжилтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Том охин маань тавдугаар ангид орно. Харин хүү маань ой гурван сартай. Миний хувьд аавынхаа үүргийг сайн гүйцэтгэж, сайн хань байх юмсан гэж их л бодож явдаг даа. Мөн хамт олныхоо муугүй эд эс нь байж, нийгэмдээ хор хөнөөл болчихгүйгээр хийх ёстойгоо хийгээд л явахсан гэж зорьдог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *