Categories
мэдээ цаг-үе

Д.Дашпүрэв: ОХУ болон гуравдагч хөршийн хоорондын харилцааны хүндрэл нь манайд гарцаагүй нөлөөлнө

Олон улс судлалын дээд сургуулийн захирал, Философийн шинжлэх ухааны доктор(Sc.D) Д.Дашпүрэвтэй ярилцлаа.

Манай улс гуравдагч хөршийн талаар баримталж ирсэн бодлого өнгөрсөн зуунаас улбаатай гэх юм билээ. Та гурав дахь хөршийн ач холбогдлын талаар ярихгүй юу?

-улс төрийн хийгээд гадаад бодлогын баримт бичгүүдэд гуравдагч хөрш гэдэг ойлголтыг хэрэглээд удлаа. Хүйтэн дайн дууссаны дараа манай улсад америкийн төрийн нарийн бичгийн дарга айлчлахдаа “танайх хоёр хөрштэй юм байна. Бид гурав дахь хөрш чинь болъё” гэсэн үг унагасан тал бий. түүний энэ үгтэй холбоотойгоор гуравдагч хөрш гэдэг ойлголт гарч ирсэн. Монгол улсын төрийн бодлогын хувьд XX зууны эхэн үеэс гуравдагч хөрштэй байх сан гэсэн эрмэлзэл, хүсэл мөрөөдөлтэй байсан. Жишээлбэл, Богд хаан болон Монголын уламжлалт төрийн зүтгэлтнүүд Японтой, америктай, Европын улс гүрнүүдтэй холбоо тогтоох гээд үзсэн. энэ бол Монгол орон гадаадын том гүрнүүдтэй хөршийн хэмжээний найрсаг харилцаатай байх гэсэн эрмэлзлийн илрэл байсан юм. Манай орны хувьд гуравдагч хөршийн тухай ойлголт тун чухал, ач холбогдолтой ойлголт гэдгийг хэн ч маргах аргагүй юм. Манайх 90-ээд оноос хойш гуравдагч хөршийн тухай бодлогыг хэрэгжүүлээд дэлхийн том гүрнүүд ялангуяа барууны орнуудтай сайн харилцаатай байна. энэ харилцаагаа цаашид ч хадгалж байх хүсэл эрмэлзэл манай төр Засгийн болоод гадаад бодлогод бий гэж судлаач хүний хувьд харж байна даа.

Гуравдагч хөршийн тухай өнөөдрийн нөхцөл байдлыг тэр үетэй харьцуулбал ямар байна вэ?

-Хүйтэн дайны дараахан үе, 1990 болон 2000-аад оны эхэн үеийн нөхцөл байдлаас өөр болчихлоо. одоо түүхийн хувьд XXI зууны эхний 20-иод он руу явж байна гэж үзэхээр. тэр үеийн улс төрийн харилцаа нэлээд их ээдрээтэй, эгзэгтэй, түвэгтэй байх нь тодорхой болж байна.

Энэ юутай холбоотой юм бол?

-Дэлхийн их гүрнүүд болох ану, Европын холбоо, оХу-ын бодлого зэрэгтэй уялдаж гарч ирж байгаа юм. Манай хоёр хөрш XXI зуунд 1970, 1980-аад оны үеийнх шиг харилцаатай биш байх нь тодорхой боллоо. орос, Хятад хоорондоо найрсаг харилцаатай байх нь нийгмийн байгууллагын шинж чанар чухал үүрэгтэй биш гэдгийг хоёр хөршийн төрийн тэргүүнүүд нь илэрхийлж байна л даа. тэгэхээр нийгмийн ямар тогтолцоотой, хөгжлийн ямар замыг сонгож байгаад харилцан хүндэтгэлтэй хандана гэсэн мэдэгдлийг байнга хийж байна.

гэхдээ манай хойд хөрш болох оХу нь Европын холбоо, нато, ану, барууны орнуудтай харилцаа нь хүндэрч байгаа. Судлаачийн хувьд энд ганц оросын талыг буруутгаж хандвал нэг талыг барьсан хэрэг болно. тиймээс манай орны хувьд их бодитойгоор реалист байр сууринаас хандах ёстой.

Европын холбоо Оростой харилцах харилцаа муудлаа. Худалдааны болон санхүү, технологийн талаар, иргэдийн зорчих эрхэнд нэр заагаад хориг тавьчихлаа. Иймэрхүү байдлаар оХу манай гуравдагч хөршүүдтэй харилцаа нь хүндэрч байна.

Энэ нь гуравдагч хөршийн зүгээс манайхтай харилцах харилцаанд нөлөөлөх үү?

-гарцаагүй нөлөөлөх чиг хандлага гараад байна. Манайд гуравдагч хөршийн орнууд хөрөнгө оруулалт хийхдээ хэр найдвартай вэ гэдгийг харгалзана. Бид хойд хөршөөс олон зүйлээр хараат байдаг. гэтэл оХу тэдгээр орнуудтай сайн харилцаатай биш байдаг. тиймээс гуравдагч хөрш орнуудын манайд хийсэн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шууд орос руу экспортолж чадахгүй. учир нь манайх руу хөрөнгө оруулж байгаа тэдгээр орнуудын чиглэл, хөрөнгө оруулалтын хандлага зэргийг хойд хөрш харж л таарна. Цаашилбал, ямар зорилго чиглэлтэй хөрөнгө оруулж байна вэ гэдэгт хүртэл тэдгээр орнуудтай зөрчилтэй байгаа оХу анхаарлаа хандуулна. Урд хөрш ч гэсэн оХу-тай сайн харилцаатай байгаа болохоор тус улстай сайнгүй харилцаатай орнуудын хөрөнгө оруулалтад урьднаас өөрөөр хандаж таарна. Бидэнд гуравдагч хөрш хэрэгтэй гэж хичнээн ярихаас хамаарахгүйгээр дэлхийн улс төрийн нөхцөл байдал, бодлогын дэг журам, геополитикийн хүчний харилцаа өөрчлөгдөж байна. тэгэхээр бид улс төрийн бодлогын хувьд ч тун ухаалаг байр сууринаас хандах нь чухал.

Ямар бодлого баримталбал болох вэ?

– гуравдагч хөрш манайд чухал гэж ярих нь мэдээж. гэхдээ бид бодлоготой, их соёлтой, дипломат ухаан зарж ярих болж байна. энгийн монгол үгээр хэлбэл, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх ёстой. Үнээнийхээ сүүг ууж байх хэрэгтэй. гэхдээ сүүг нь хэт аваад байвал тугал турна. Тугалаа бодоод хөхүүлээд байвал халуун зунаар өөрсдөө хар цай ууна. Бусдыг гомдоохгүй, хэт нэгнийг дагаж хөөрцөглөж болохгүй байдал гарч ирж байна. америк, Хятад, Европ, оросыг баримтлагчид “энэ орныг дагах ёстой” гээд хоорондоо хагаралдаад маргалдаад, хэрэлдээд ирвэл нохойн хоол болно.

Манайд хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчилсан. Бас саяхан Душанбед манай гурван улсын Ерөнхийлөгч уулзлаа. Энэ үйл явдалд гадны улс орнууд, ялангуяа гурав дахь хөршүүд маань хэрхэн хандаж байгаа бол?

-Янз бүрээр л харж байгаа байх. Одоогоор дэлхийн хэвлэл мэдээллийнхэн нарийн бичихгүй байна. Гэхдээ тэд ойлгож байгаа. Нэгдүгээрт, үүнээс өөр гарц Монголд байхгүй. Нөгөө талаар хэт цаашаа тэднийг дагаад хошуураад явчих нь уу, наанатай цаанатай байх нь уу гэдгийг харж байгаа шүү дээ. Бид асуудалд бодитой хандах байхаа. Жишээлбэл, ШХАБ-ын гишүүн болох шаардлагагүй. Энэ тал дээр судлагчдын санал зөрөлддөг байлаа. Нэг хэсэг судлаач ШХАБ-ын гишүүн болж, эртхэн тэр эвсэлд орж, их зүйлийг эх орондоо авах хэрэгтэй гэж байсан. Ер нь аливаа юманд орж, гар хөлөө хүлүүлэх бол хүч чадал муутай улс оронд дандаа хортой байдаг. Түүнчлэн Евро Азийн холбоотой сайхан хамтарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ л байр суурь тодорхой болгоомжтой байх ёстой. Манайхны зарим нь Монгол НАТО-д элсэх ёстой гэдэг. Хэрэв тэгвэл бас гай чирнэ. НАТО-той муудалцахад өөрийнхөө гишүүн орнуудад зэвсэглээд л оруулдаг шүү дээ. Украйн НАТО-гийн гишүүн биш болохоор арай ч цэргүүдээ оруулчихгүй байгаа юм. Бусад зүүн Европын гишүүн орнуудад НАТО-гийн цэргийн хүчин байрлаж байгаа. Тиймээс аль нэг тал руу хошуурч болохгүй. Гэхдээ нөхцөл байдал тийм ч муудахгүй гэж бодож байгаа. Орос, Япон хэвийн харилцаатай байх эрмэлзэлтэй байгаа. Өмнөд Солонгостой ч ялгаагүй. Гэхдээ энэ хоёр орон барууны орнуудын тэр дундаа Америкийн бодлогыг баримтална. Гэхдээ хамтарч ажиллаж болно шүү дээ. Тиймээс Япон, Солонгостой хоёр хөрш маань хэвийн харилцаатай байхад зүүн Ази руу Монголын хаалга нээлттэй байна гэсэн үг.

Транзит тээврийг хөгжүүлснээр гурав дахь хөрш рүү гарах гарц нээгдэнэ гэж байгаа. Энэ тал дээр судлаач хүний хувьд та юу хэлэх вэ?

-Одоогоор нэг их өөрчлөлт гараагүй байна. Бид Хятадтай транзит тээврийн гэрээ байгуулсан. Гэхдээ энэ нь батлагдаагүй. Үүнд тодорхой нөхцөлүүд байгаа. Өөрөөр хэлбэл, манайд байгаа байгалийн их баялгийг хоёр хөршийн нутгаар дамжуулж гаргахдаа эцсийн бүтээгдэхүүн болгосон нь дээр. Үүний тулд бидэнд гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл тийм хөрөнгө оруулалт хийх зоригтой орон цөөхөн байгаа. Цаашдаа Япон Монголын харилцаа сайжрах байх гэж судлаач хүний хувьд хардаг юм. Гэхдээ ийм харилцаа үүсэхэд зарим болгоомжтой хардаг орнууд байна. Гуравдагч хөршийн орнуудын харилцаа сайжрах байх гэдэгт итгэлтэй байгаа.

Манай улс гуравдагч хөршийн асуудалд ямар бодлого баримтлбал дээр вэ?

-Ер нь бид хоёр хөрштэйгээ мэдээжийн хэрэг хүндэтгэлтэйгээр, найрсаг харилцаатай байх ёстой. Гуравдагч орнуудтай хамтран ажиллах боломж байвал бүгдтэй нь ажилласан дээр. Олон оронтой харилцаагаа боломжийн хэрээр өргөжүүлж байж, тэр дундаас ялгарна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *