Categories
мэдээ цаг-үе

Д.Баттөмөр: Сөрөлт, Отгоо, Ганбаа нар “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид болсон

“Мөрөөдлийн театр”-ын захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.


-“Мөрөөдлийн театр”-ынхан намар цагийн нээлтийн шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргээд эхэлжээ. Үзэгчид хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Манай продакшн есдүгээр сарын 29-нд “Сошиал эвлүүлэг” хэмээх шоу тоглолтоо нээгээд байна. Тоглолт маань танхим дүүрэн үзэгчидтэй сайхан үргэлжилж байгаад сэтгэл их өег байна. Манай энэ удаагийн тоглолтод цөөнгүй уран бүтээлчид урилгаар оролцож байгаа. Тухайлбал нэгэн үе үзэгч сонсогчдыг байлдан дагуулж байсан “Цэцэг” хамтлагийн Батболд ах, дуучин СТА А.Түмэн-Өлзий, мөн сошиал ертөнцөд Булдруу нэрээрээ алдаршсан А.Өсөх-Ирээдүй нар оролцож байгаа юм. Бид Өсөх-Ирээдүйгээ Увс аймгаас онгоцоор авчирлаа. Түүний эгч нь энэ жил КУДС-ийн оюутан болсон юм билээ. Тэгэхээр энд байх нэг сарын хугацаандаа эгчтэйгээ хамт байна. Булдруу маань энэ жил хоёрдугаар ангийн сурагч болсон юм байна лээ. Тиймээс бид хичээлээс нь хоцроохгүйн тулд энд түр хугацаанд сургуульд оруулсан. Энэ мэт маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр Соёлын төв өргөөнөө тоглолт үргэлжилсээр байна даа.

Ер нь бол “Мөрөөдлийн театр”-ын хувьд үзэгчдэдээ жилдээ хоёроос гурван удаа шинэ уран бүтээлээ толилуулдаг юм. Түүний нэг болох “Сошиал эвлүүлэг” тоглолт маань аравдугаар сарын 23-ыг хүртэл үргэлжилнэ. Харин үүний дараагаар мөн тус тоглолтоо Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэнэ. Үзэгчдэдээ ямар гэнэтийн бэлэг барихыг та бүхэн манай тоглолтоос ирж үзээрэй. Бяцхан нууц задлахад манай Түмэн-Өлзий бидэнтэй хамт бүжиглэж байгаа.

-Та хамгийн сүүлд “Приусны босс” хэмээх уран сайхны киноны гол дүрд тоглосон. Энэхүү кино ч чамгүй амжилттай байсан шүү дээ. Харин одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Тэгэлгүй яахав. “Приусны босс” кино Монголын кино театруудын бүх цаг үеийн түүхэнд байгаагүй хамгийн их үзэгчтэй киногоор шалгарсан. Үүнд маш их баяртай байгаа. Харин миний хувьд шинэ оноос Өмнөдмонгол руу явах байх. Учир нь Өмнөдмонголын уран бүтээлчдээс нэгэн уран сайхны киноны гол дүрд тоглоочээ гэсэн урилга ирсэн. Аялан тоглолт зэргээ дуусгачихаад Өмнөдмонгол руу явах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ яг ямар төрөл жанрын кино гэдэг нь одоогоор нууц байсан нь дээр байх. Ямартай ч энэ жил уран бүтээлийн олз омог арвин сайхан байна.

-Таныг “Приусны босс” уран сайхны киног зөвшөөрөлгүй сошиалд цацсан хүнийг цагдаад өгсөн гэж сонссон. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бол?

-“Приусны босс” уран сайхны кино маань кино театруудад маш амжилттай цацагдсан. Улмаар “Юнивишн” зэрэг төлбөртэй сувгуудад шилжсэн юм. Харин нэгэн фэйсбүүк хэрэглэгч шөнийн цагаар манай киног олон нийтэд лайваар хүргэсэн байна лээ. Түүний дагуу цагдаагийн газар гомдол мэдүүлсэн. Одоогоор цагдаагийн газарт шалгуулж байгаа. Энэ бол оюуны өмчид халдсан сошиал гэмт хэрэг. Ер нь цаашдаа энэ мэтчилэн зүйлсийг хянах хууль дүрэм мөрдөгдөөд ирвэл сайнсан гэж бодож байна. Ер нь цахим ертөнцөд сайн ч тал байх юм. Мөн саар ч тал бий. Мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх давуу талтай хэдий ч хүнийг гүтгэн доромжлох, оюуны өмчид халдах зэрэг зүйлс их ажиглагдаж байна л даа. Тэгэхээр үүний үр дагавар нь ямар байх вэ гэдгээ бид сайн бодох хэрэгтэй. Мэдээж мэдэхгүй учраас л буруу үйлдэл хийсэн байх. Гэхдээ одоо нэгэнт л болоод өнгөрсөн юм чинь энэ тухай яриад яахав.

Ер нь дуу дүрсний шаардлага хангаагүй юм үзэх тийм ч сайхан биш гэж бодож байна. Одоо цагт заавал кино театрт эсвэл дүрсний өндөр шаардлагатайгаар үзэх сонирхолтой хүмүүс маш их болсон шүү дээ.

-Та энэ жилийн хошин урлагийн жүжигчдийн шилдгийг шалгаруулдаг “Азтай бадарчин” наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн. Салбарынхаа нэр хүнд бүхий энэ наадамд шилдгээр шалгарна гэдэг мэдээж амжилт дүүрэн явж байгаагийн илрэл болов уу?

-Би 2002 онд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгссөн юм. Цаг сайхан байх үед төгссөн дөө. Хамгийн анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд туслах жүжигчнээр орж байлаа. Хажуугаар нь “Харц” кино урлагийн дээд сургуульд тайзны ярианы цагийн багш ч хийж л байсан. Мөн “Батзаяа ба түүний нөхөд”, “Баачка ба цоглог залуус”-т ахмад үеийн уран бүтээлчидтэйгээ оролцож явлаа. Тэд нараасаа их ч юм сурч, мэдсэн дээ. Харин сурсан бүхэн минь өнөөдөр хэрэг болсоор л байна. Улмаар “Х-ТҮЦ” продакшнд найман жил ажилласан шүү дээ. “Х-ТҮЦ”-ийнхээ авьяаслаг ах эгч нарт баярлаж явдаг юм. Ингээд 2011 онд “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Үүний хажуугаар хувийн уран бүтээлээ ч гэсэн хийсээр байгаа. Тэр дундаа дэлгэцийн уран бүтээлд илүүтэй цаг заваа зарцуулсан. Тухайлбал миний бие “Милл” кино компанитай хамтран “Ээжийн дайсан”, “Микроны босс”, “Ээжээ надтай гэрлээч”, “Made in Ulaanbaatar”, “Приусны босс” зэрэг таван уран сайхны киног хийжээ. Ер нь бол чанартай сайн уран бүтээл үзэгчдэдээ хүргэх юмсан гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Түүнийхээ төлөө ч хичээдэг дээ. Хошин урлагийн мөн чанар бол нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг ёгтолж, егөөдөж харуулдгаараа онцлог. Энэ дүрмийн дагуу л миний уран бүтээл үзэгчдэд минь хүрдэг болов уу гэж найддаг юм. Ямартай ч амжилттай сайхан явна.

-Дөнгөж төгссөн оюутан туршлагатай уран бүтээлчдээс зэмлэл хүртэж л байсан биз…

-Чадахгүй, мэдэхгүй, туршлагагүйгээсээ болж алдаа мадаг гаргах үе бишгүй л байсан. Тэр болгонд загинуулж, зэмлүүлж, бас тухайн дүр дээрээ ажиллаж байж л сурна шүү дээ. Харин одооны залуучууд үг дааж сураагүй юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ манай салбарт бол харьцангуй гайгүй л дээ. Хагас цэргийн зохион байгуулалттай байдаг учраас хатуу хөтүү үг хэлэхэд ч даадаг л юм.

-Та Найдангийн Ганхуяг багшийн удирдлага дор төгссөн. Энэ хүний шавь нараас УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар тэргүүтэй олон сайхан авьяас, чадалтай уран бүтээлчид төрөн гарсан байдаг юм билээ. Энэ тухайд?

-Манай ангийн уран чадварын багшаар УГЗ Н.Ганхуяг, тайзны ярианы багшаар МУГЖ Л.Чаминчулуун гэсэн чадварлаг, сайхан хүмүүс ажилладаг байлаа. Багш нар маань олон сайхан шавь нартай. Манай “Мөрөөдлийн театр”-ын ихэнх жүжигчид хүртэл энэ хоёр хүний шавь нар байдаг юм. Их сонин тохиол шүү. Гэхдээ төгсөлт төгсөлтөөрөө өөр л дөө. Нэг багшийн шавь нар хамтдаа нэг продакшнд уран бүтээлээ туурвиж байгаа даа их баяртай байдаг.

-“Мөрөөдрийн театр” хамгийн анх “Миний нууц хүү” хэмээх жүжгийг үзэгчдэдээ хүргэж байсан. Энэхүү жүжиг ч үзэгчдэд маш сайн хүрч, та бүхний нэрийн хуудас болж чадсан гэж боддог. Цаашид энэ мэт жүжиг тавих уу?

-Манай продакшны хувьд 2011 онд байгуулагдаад үзэгчдэдээ шоу драм төрлөөр уран бүтээлээ хүргэж эхэлсэн. Энэ нь орчин цагийн сонгодог зохиолыг тоглоно гэсэн үг л дээ. Үүний сацуу эхлэл, төгсгөл хэсэгтэй дуу бүжгийг хослуулдаг. Одоо ч гэсэн энэхүү шоу драм чиглэлээ барьж ажилладаг. Энэ хугацаанд манайх Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ахынхаа гурван зохиолыг тайзнаа амилуулсан. Мөн манай хамтлагтай Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар хамтран ажилладаг. Нийт долоон уран бүтээлийг маань найруулан тавьсан байдаг юм. Түүнээс гадна Гавьяат жүжигчин Аяа буюу Ш.Алтанцэцэг, СТА Б.Навчаа эгч маань урилгаар тоглолтод оролцдог. Харин “Мөрөөдлийн театр”-ын хувьд заримдаа хошин урлагийн үзэгдлүүдээс бүрдсэн тоглолтоо үзэгчдэдээ хүргэдэг байгаа.

-Өөрсдийн байгуулсан хамтлаг учраас бүхий л зүйлдээ гар бие оролцох шаардлага гардаг байх. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг бол?

-Бид улсын байгууллага биш. Хувийн компани. Тийм учраас маркетинг, менежмент, сурталчилгааны ажил зэрэгтэй өөрсдөө л анхаарал хандуулна. Мөн зохиолоо өөрсдөө бичнэ, редакторлана. Ер нь найруулахаас бусдыг нь л хийх шаардлага гарна шүү. Арай л хувцсаа өөрсдөө оёхгүй юм даа. Энэ мэт бүх зүйлсийг л өөрсдөө зохицуулж байна. Мэдээж би ганцаараа энэ бүгдийг хийхгүй шүү дээ. Би хамтлагийн захирлын хувьд бүхий л ажлаа эн тэнцүү хувааж уран бүтээлчдэдээ хариуцуулдаг. Харин манай хамтлагийн шижигнэсэн олон сайхан залуус сэтгэл зүрхээ гарган ажилладаг.

-Сүүлийн үед жүжигчин Сөрөлт, Отгоо, Ганбаа нар ихэвчлэн “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлүүдэд оролцож байгаа. Тэдний хувьд продакшны тань үндсэн жүжигчид болсон уу. Эсвэл хэсэг хугацаанд хамтран ажиллаж байгаа юу?

-Манай “Мөрөөдлийн театр”-ын үндсэн жүжигчид болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *