УИХ-ын гишүүн асан Д.Батцогттой ярилцлаа.
-Танаар сонин сайхан юу байна. Та юу хийж байна?
-Би чинь нэг их олон төрийн бус байгууллагын тэргүүн шүү дээ. Тиймээс өрөө түрээслээд чиглэл чиглэлээр нь үйл ажиллагааг нь хэвийн явуулах, өргөжүүлэх гээд бас хэрэндээ л ажилтай.
-Та хувийн бизнес эрхэлдэг үү?
-Надад хувийн бизнес гээд байх юм байхгүй. Намын ажил, ТББ-ын гээд төлөвлөж байгаа ажлууд байна. Ер нь нэг л мэдэхэд ажлаар дарагдчихсан явж байдаг, зүгээр суух “одгүй” хүн байх аа, би.
-Таны төрсөн нутаг, уиХ-ын гишүүний хувьд тойрог чинь байсан Ховд аймгаар сонин сайхан юутай вэ. Та Ховд руу хэр их ирж очиж байна?
-Нутагт маань өнтэй сайхан өвөл болсон, одоо сайхан зун болох шинжтэй. Нутаг явалгүй яахав. Сонгуулиас хойш таван ч удаа очлоо. Ер нь зав л гарвал нутаг давхичих гээд байдаг.
-Сая Төрийн ордонд болсон Ан-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралд та оролцож байгаа харагдсан. Ан өнгөрсөн сонгуулиас хойш дотооддоо шинэчлэл явуулж байгаа гэгдэж байгаа?
-Намынхаа ҮБХ-нд Ховд аймгаас сонгогдсон. Их хурлын сонгуулиас хойш манай намынхан өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноогоо шүүн ярилцаж намаа шинэчлэх ажлыг эрчимтэй явуулж байна. Намын шинэчлэлийн асуудал гишүүдийн хүсч байснаар эрчтэй явагдаж байна. Монголын улс төрийн хүчнүүдээс анх удаа намын даргаа бүх гишүүдээсээ сонголоо. Анхан, дунд шатны намын дарга нар ҮБХ-ны гишүүдээ бүх гишүүдээсээ сонголоо. аН одоо жирийн гишүүд дээрээ суурилсан нам болж өөрчлөгдөх процедур явагдаж байна. Та бүхэн ч харж байгаа байх. Гишүүд маань нь ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байна. Үндэсний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо болгож өөрчилсөн. Иймээс манай нам фракцлан хэдэн хэсэгт хуваагдах биш цуглаж суугаад олон ургальч санаануудаа нэгтгэн бодлого гаргадаг, төлөвлөдөг нам болж өөрчлөгдөж байна. Намын шинэ удирдлага ч ийнхүү олон ургальч байдлаар илүү бодлогын түвшинд асуудалд хандахын төлөө ажиллаж байгаа. аН-ын шинэчлэл ингээд дуусчихаж байгаа юм биш цаашдаа ч шинэчлэгдсээр байх болно. Аливаа бүхэн цаг үе, нөхцөл байдлаа дагаад үргэлж сайжран өргөжиж байдаг ийм л жишгээр манай намын бодлого өнгөлөгдөж явах болно. Энэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялуулахын төлөө намын гишүүн бүр сэтгэл гарган нэг зүгт харан ажиллана.
-АН-ын дотоод сонгуулийг тэр дундаа намын гишүүдийн сонгуульт ажлыг будлиантай болсон. “Шонхор” фракцийнхан өөрсдийн хүмүүсээ голлон байрлууллаа гэсэн яриа бас гарсан. Та намынхаа шинэ удирдлага, бодлогод ямар байр суурьтай байна вэ?
-АН аливаа зүйлийг шийдэхдээ бүх гишүүдээсээ асуудаг болсон. Энэ бол ардчиллын суурь зарчим. Ардчиллын зарчмаараа нийт жирийн гишүүдийнхээ олонхийн саналаар авсан болохоор тэр энэ фракц тэглээ ингэлээ гэсэн асуудал одоо яриад хэрэггүй л дээ. Нийт гишүүдийн сонголтын араас матрын нулимс унагах нь хэнд хэрэгтэй байгааг би ойлгохгүй байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмаараа болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан хүн өрсөлдөж Х.Баттулга олонхийн санал авсан. Олонхийн дэмжлэг авсан гишүүнээ намаараа тэр энэ гэхгүй дэмжээд л явах учиртай. Энэ бол АН-ын бүх гишүүдийн л шийдсэн асуудал. Одоо галт тэрэг нэгэнт хөдөлсөн, түүний зүтгүүр нь болон урагшаа зүтгэх үүрэг л үлдлээ бидэнд.
-Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг та хувьдаа дэмжиж байгаа юу. АН зөв хүнээ, гол нь МАН-ын М.Энхболдтой хүч үзэх хүнээ явуулж чадсан уу?
-Намын доторхи сонгуульд гишүүд дэмждэг хүнээ тус тусдаа дэмжсэн. АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигч тодорсон. Х.Баттулгаа дэмжилгүй яахав. Манайхан эв нэгдэлтэй атгасан гар шиг ажиллаж чадна гэдэгт эргэлзэх зүйл огт алга. Зарим улс төрийн хүчнээс биднийг хагаралтай байгаа юм шиг харагдуулахыг хичээж байна. Дахин хэлье эргэлзэх зүйлгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд бид өөр өөрийнхөө дааж авсан ажлаа гүйцэтгэл сайтай хийж дэмжинэ. Нам дээрээ ажлуудаа хуваарилж аваад л сонгуулийн сунгаандаа гарна даа.
-Та улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Манай улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо?
-Сүүлийн жилүүдэд эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Энэ хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд бид ч зүтгэсэн. Бидэнд алдсан нь ч, оносон нь ч байгаа л байх. Гэхдээ алдаанаасаа оноо нь илүү байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Сонгуулиас хойш эрх баригчид маань бүтэн жил Ардчилсан намыг муулахыг л үзлээ. Харин нэг ч хадаас хадахыг нь харсангүй. МАН маш олон зүйлийг амлаж сонгуульд ялсан. Одоо бүгдийг нь эсрэгээр нь хийж байна. Бид тэвчээртэй л харж байгаа. Ард түмэн ялгааг нь олоод харж байгаа биз дээ. Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байгааг би хувьдаа дэмжиж байгаа. Ингэснээрээ банк санхүүгийн салбараа эрүүлжүүлэх байх гэж найдаж байна.
-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал АН-ын засаглаж байсан үетэй, АН-тай холбоотой гэдэг мэдээллийг одоогийн УИХ өгдөг. Тухайлбал, сая УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Дүгнэлтийг сонсч байхад Монголбанкыг АН-ынхан хуу цөлмөчихсөн тухай ил далд яриад эхэллээ. Та УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга байсан хүний хувьд үүнд юу хэлмээр байна?
-Монголбанкны шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт эрх баригчид ирэх сонгуулийн л хөзөр болгон хараар будаж ориллоо. Үнэндээ нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн гадарлаж л байгаа шүү дээ. Монголбанк Засгийн газрын хамтарсан хөтөлбөрөөс олон эерэг зүйл хийгдсэнийг олон нийт мартаагүй л байгаа шүү дээ. Наад зах нь 80 мянган айл орон сууцтай болсон. Эдийн засгийн энэ хүнд үед гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан. Эрх баригчид өнөөдөр л гэнэтхэн эдийн засагт эерэг дохио ирлээ, өөр юу юу билээ гоё гоё юм ярьцгааж байна. Энэ бүх хөтөлбөрүүд бүхнийг наашаа эргэхэд нөлөөлж байгаа. Юмыг харлуулах амархан. Үнэхээр дундуур нь зувчуулсан юм байвал сайн шалгах хэрэгтэй. Сайн юмны хажуугаар саар зүйл бишгүй л байдаг. Энэ дөрвөн жил нэг сайн шалгуулаад авахаас айхгүй байгаа шүү. Мэдээж улс төрийн нам болохоор МАН Ерөнхийлөгчийн сонгуульд төрийн бүх ажлыг чиглүүлэн хар цагаанаар будаж байна, үүнийг ч сонгууль өгөөд сурчихсан олон нийт нь ялгаж салгаад харж л байна.
-Та бүхэн 2012 онд эдийн засгийн ямар нөхцөл байдалтай хүлээн авч байсан юм бэ?
-2012 онд нэг их сайхан өөдлөн дэвжсэн эдийн засаг хүлээгээд авчихаагүй шүү. Эрх баригчид олон нийтийг санах ойгүй мэт сэтгэдгээ л больчих хэрэгтэй байгаа юм. Тухайн үед нам ялаад эд нар шиг ийм тийм нөхцөл байдал хүлээж авлаа гээд хараар будаад суугаагүй, шууд л ажил хийх гээд зүтгэсэн. Хэн нэгнийг муулж суух зав байгаагүй. Хийх ажил нь тодорхой байсан.
-Та УИХ-ын 2016 оны сонгуульд баз хүргэн С.Бямбацогттой нэг тойрогт өрсөлдөж байсан. Сонгуулийн явц ямархуу болж өнгөрсөн бэ. Сонгууль гэдэг ялахын тулд бүхий л хүч, аргаа дайчлан гаргадаг. Эсвэл хэн нь ч гарсан яахав дээ гэх маягаар тойргоо тавиад өгөх байдал байсан уу?
-Өмнөх дөрвөн жил хоёр баз гишүүн болчихлоо гээд л эвэртэй туулай үзсэн юм шиг байлаа. Тиймээ, бид хоёр өөр намаас өрсөлдсөн, ширүүхэн ч өрсөлдсөн. Сонгуульд ялагдах гэж өрсөлддөггүй юм. Үнэндээ тухайн үедээ таатай байгаагүй. Бид чинь базууд ч гэлээ тус тусдаа амьдралтай, өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, өөр хүмүүс. Тэгээд ч өнгөрсөн сонгуулиар сонгогчид нэр дэвшиж байгаа хүнээ сонгоогүй, нам сонгосон.
-Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж байна. Та ямар байр суурьтай байна вэ. Ямар өөрчлөлтийг нь дэмжиж байна?
-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг хувьдаа дэмждэг. Гэхдээ бид асуудалд хянамгай болгоомжтой хандах учиртай. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэж болгоомжилдог. Эцэг хуульдаа гар хүрэх нь улс орны хувь заяанд гар хүрч байгаа л гэсэн шууд утгатай юм шүү дээ. Иймээс нэг нам дангаараа ноёрхож байгаа үед бүр ч болгоомжлох хэрэгтэй. Миний хувь хүний үзэл бодол бол өнөөгийн тогтолцоогоо боловсронгуй болгох шаардлагатай гэж боддог. Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй гэж боддог.