Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батболд: Дотоодын аялал жуулчлал мөнгөний урсгалыг холилдуулж, эргэлтийг бий болгодог DNN.mn

Гэрэл зургийг Д.БАТБОЛД

Уудам Монгол оронд минь урин дулаан цаг айлчилж, Үндэсний их баяр цэнгэл наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Энэ жил баяр наадмаар хуулийн дагуу ес хоног амрах хуваарьтай байгаа юм. Эдгээр урт амралтын өдрүүдээр хүмүүс найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ амарч зугаалж, аялж өнгөрөөх. Тэгвэл аялалд гарахад тань хэрэгтэй зөвлөгөөг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт аялал жуулчлалын багш Д.Батболд хүргэж байна. Аялал жуулчлал олон хэлбэртэй. Тэр дундаас гэр бүлийн аяллыг хэрхэн хийх талаар түүнээс зөвлөгөө авсан юм. Түүний хэлж буйгаар сүүлийн жилүүдэд гэр бүлийн аялал хийх нь эрчимтэй нэмэгджээ. Гэр бүлээрээ аялалд гарснаар хүүхдүүд эх орноо хайрлах, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан байлгах гээд олон талын давуу талыг үүсгэдэг гэв.

Аялалд гарахад хамгийн чухал зүйл нь төлөвлөлт

Та гэр бүлээрээ аялалд гарах гэж байгаа бол төлөвлөгөөгөө эхлээд гаргах хэрэгтэй. Төлөвлөхдөө хаашаа явах, юу үзэх, очих газрынхаа мэдээллийг цуглуулах, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах шаардлагатай. Гэр бүл тань хэдэн гишүүнтэй, тэдгээрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, төсөв мөнгө хэд гарах, аяллын турш хоол хүнсээ хэрхэн зохицуулах, ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд хэрхэн даван туулах, түүнд зориулсан тусдаа төсөв хадгалах гэх мэтээр та аяллаа эхлээд маш нарийн төлөвлөх нь зүйтэйг сануулж байна. Аяллынхаа зорилгыг тодорхойлж, төлөвлөх нь чухал. Хэрэв хүүхэд тань бага насных бол хол явах нь зохимжгүй. Бага насны хүүхэд хол замд их ядардаг. Тиймээс явдал багатай ойрхон газар амрах нь зүйтэй. Хүүхэд 12-оос дээш настай бол аяллын явдал даах хэмжээнд очдог гэнэ. Түүнээс бага насны хүүхэдтэй бол ойрхон явж, их зүйл үзэх газар явсан нь дээр юм. Төлөвлөгөөндөө нэг өдөрт хэдэн км явахаа тооцно. Жуулчид 280-350 км явдаг. Түүнээс дээш явдаггүй ажээ. Монголчуудын хувьд аль болох хол явах сонирхолтой нь ажиглагддаг. Баян-Өлгий ороход хоёр хоноод очно гэдэг. Хурдан явахдаа биш аяллын таашаалыг мэдэрч, хол замд аль болох өөрсдийгөө ядраахгүй тав тухтай явах нь зүйтэй. Очих газар хаана вэ гэдгээсээ хамаараад зам зуураа юу үзэж болох маршрутаа гаргана.

Аяллын хамгийн чухал хэрэгсэл машин

Хүмүүс ихэнхдээ өөрийнхөө машиныг унаад аялалд гардаг ч энэ нь тийм ч тохиромжтой сонголт биш. Яагаад гэвэл машины элэгдэл хорогдол, эвдрэл саатал гарах эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд та аяллын машин түрээсийн газар хандаж болно. Түрээсийн машинууд төрөл болон жолоочтой, жолоочгүйгээс хамааран өөр үнэтэй. Үнийн тухайд: Пургон 220 мянгаас дээш, жийп 150-200 гээд өдрийн үнэ нь машины маркаасаа хамаараад янз бүр аж. Хээрийн болон жуулчны баазын аялал

Аяллын хэлбэр хоёр янз байна. Зарим гэр бүл аялал жуулчлалын баазаар дамжуулан аялдаг. Энэ нь зардал санхүүгийн хувьд өндөр тусна. Нөгөө хэлбэр нь майхантай хээрийн аялал. Хээрийн аяллын үед майхан болон машинаа зөв сонгох, аяны хөнжил гудас зэргээ сайтар бэлдэх нь чухал. Дараа нь мэдээж аяллын хэрэгслүүдээ сонгоно. Аяллын ширээ сандал, гал тогооны хэрэгслүүдээ өөрсдийн хэрэглээнд тохируулан зөв сонгох нь зүйтэй.

Хоол хүнсээ хэрхэн бэлтгэхтухайд

Орчин үед хотоос их хэмжээний хоол хүнс бэлтгээд ачаад явах нь багассан. Замын ая даахгүй хүнс, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн авснаар аяллын явцад хоолны эрүүл ахуйтай холбоотой асуудал гарах эрсдэлтэй. Тиймээс хүнсэндээ анхаарах нь чухал. Орчин үед хоол хүнсээ орон нутаг, жуулчны бааз, замын ресторан, хоолны газраас бэлтгэн авч хэрэглэх нь элбэг болжээ.

Ямар ч аялалд анхны тусламжийн хайрцаг зайлшгүй байхшаардлагатай

Эмийн санд анхны тусламж үзүүлэх багаж хэрэгсэл, гэдэс гүйлгэх, нарших, хоолны хордлого болох, халуурах, ханиах, хоолой өвдөх зэрэг өвчний эсрэг эмнүүд зайлшгүй байх шаардлагатай. Гэр бүлд тань даралт нь ихэсдэг хүн байдаг бол даралтын аппарат, халууны шил, шархны лент, боолт гээд хэрэгцээт бүхий л эм, хэрэгслийг бэлтгэсэн байх нь чухал. Сошиал орчин хөгжсөн үед аяллын янз бүрийн нэгдлүүдээс хэрэгтэй зөвлөгөөгөө ч авч болно. Сүүлийн жилүүдэд хүмүүст харшил гэж зүйл нэмэгдэх болсон. Тиймээс харшлын эмнүүд эмийн сан дотор байх хэрэгтэй. Нарны, тоос шорооны, шарилж гээд олон янзын харшил байна. Мөн аяллын явцад “Хээрийн хүн хээгүй” гэсэн хэлц үгээр янз бүрийн зүйл хэрэглэх нь элбэг. Тиймээс зориулалтын цэвэр усгүй гол, нуур, цөөрөм, булаг шандын ус уух зайлшгүй шаардлага тулгарвал заавал буцалгаж хэрэглэхийг мэргэжлийн багш сануулж байна.

Аяллын цүнхэнд байхзүйлс

Аяллын зорилгоосоо хамаараад цүнхэнд байх зүйлс өөр өөр. Аяллаар хэдэн өдөр хаашаа явахаасаа хамаараад аяллын мишок, ариун цэврийн багц, эрүүл мэндийн багц, гар чийдэн, асаагуур, мини хоолны хэрэгсэл, ахуйн хэрэглэлүүд. Үүнд зүү утас, скоч, нарны шил гээд өөрт хэрэглэгддэг чухал зүйлсийг багтаана. Мөн цаг агаарын нөхцөл байдалд тохирсон гутал, хувцас бэлтгэнэ.

Анхаарахзүйлс

Байгалийн аюулт үзэгдлийн үед хэрэглэх зүйлс бэлтгэнэ. Бороо, үер ус, наршилт гээд аяллын хугацаанд юу ч тохиолдож болохыг санах хэрэгтэй. Буруу замаар төөрөх ч магадлалтай. Гэр бүлээрээ явж байгаа тохиолдолд аль болох төв зам бараадаж, найдвартай замуудыг сонгох хэрэгтэй. Зам дөтлөх зорилгоор буруу зам руу орох тохиолдол олон. Замын хамгийн найдвартай аппликэйшний хувьд олон сонголт бий. Maps.me, Russian topo maps гэх мэт аппликэйшнүүдийг үнэгүй татаж авч болдог.

Д.Батболд багшаас аялал жуулчлалын талаар тодруулсан юм.

-Энэ жил хаагуур яваад ирэв. Нутаг орны байдал ямар байв?

-Тавдугаар сард говийн аймгуудаар явсан. Саяхан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудаар бүгдээр нь тойрон аялал хийлээ. Ерөнхийдөө Монгол орны төвөөс баруун хэсгийн зуншлага харьцангуй сайн байна. Ялангуяа говийн бүс нутаг руу харьцангуй сайхан зун болж байна. Баян-Өлгий, Увс аймгуудын урд хэсгийн сумдаар зуншлага тааруухан харагдсан. Одоо бороо хур ороод ирэхээр байгаль дэлхий сэргэх байх.

-Энэ жилийн тухайд дөрвөн ам бүлтэй айл аяллаар явахад дунджаар хэдэн төгрөгний төсөв гарах бол, та тооцоолж үзсэн үү?

-Яг тооцоолоод гаргасан юм алга. Хэд хоног, хаашаа, яаж явахаасаа хамаараад өөр өөр. Байр сууц нь ямар байх, дандаа майхнаар явах уу, жуулчны баазад байрлах уу, хослуулах уу, хоол ундаа өөрсдөө хийх үү, зам зуураа ресторан хоолны газраар хооллох уу, ямар унаатай явах, түрээслэх үү, өөрсдийн унаатай байх уу гээд энэ бүгдээс хамаараад зардал янз бүр гарна. Аяллын хамгийн гол зардал унаанд зарцуулагддаг. Хөлсөлж байгаа бол жолоочийн хөлс, бензин гээд зардал гарна. Бензиний үнэ энэ жил нэлээд өссөн байна. Архангайгаас цааш 2700 төгрөг, дизель түлш 3700 төгрөгөөс дээш 4000 руу дөхөж байна. Зарим газар АИ-92 2900-3000 төгрөг хүрсэн байна лээ. Тэгэхээр хөдөө орон нутагт бензиний үнэ ханшаа сайн тооцоолохгүй бол хотын төсвөөр тооцвол өөрчлөгдөөд явчихна.

-Дотоодын аялал жуулчлал хөгжсөнөөр эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

-Аялал жуулчлалын гол үүрэг нь мөнгөний урсгалыг хооронд нь холилдуулж, мөнгөний эргэлтийг бий болгоно гэж үздэг. Мөнгө эргэлдэж байж эдийн засаг хөгждөг. Тэгэхээр хотод байгаа мөнгөний урсгалыг хөдөө орон нутаг руу чиглүүлэх гол үүрэгтэй. Орон нутгийн эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ашигтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *