Волейболын спортын дэд мастер Д.Батаатай ярилцлаа.
-Таныг бага залуугаасаа л бөхчүүдтэй ойр байж, тэдэнтэй нөхөрлөсөөр ирсэн гэж сонссон?
-Би Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1969 оны намар Улаанбаатар хотын Барилгын техникумд суралцаж байхдаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн л дээ. 1970 оны БНМАУ-ын Залуучуудын анхны аварга шалгаруулах тэмцээнд “Барилгачин” нийгэмлэгийн нэрийн өмнөөс оролцож багаараа мөнгөн медаль хүртэж байлаа. 1970 оны намар хоёрдугаар курст манай ангид “Их монгол” Шаравжамцын зээ улсын начин Т.Дэмбэрэлсамбуу орж ирж билээ. Би олон бөх найзуудтай байсан. Өвөрхангайн улсын начин Ч.Даваасүрэн, Архангайн заан Х.Галиндэв, улсын заан Ч.Гочоосүрэн, аймгийн заан Ш.Баянзул, Булганы арслан С.Дорж, Увсын заан Ц.Пэрэнлэй, Өвөрхангайн улсын заан Ё.Ишгэн, дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын начин, Багшийн сургуулийн М.Баатар, улсын начин Г.Жалаа, улсын начин Ц.Ванчигцэрэн нартай үерхэн нөхөрлөж тэдний барилдааныг үзэж, тэднийг давахад нь баярлаж, унахад нь гоморхож явлаа. Ер нь халхын сайхан залуучуудтай нөхөрлөж явснаа санахад, миний өвөг аав Арван баядын алдарт бөх “Тоомсог” Шагжийн буян нөлөө ч байсан болов уу гэж боддог юм. Би 48 дахь жилдээ үндэсний бөхөө хөгжөөн дэмжиж байна.
-Тэр үеэс л найзуудаа дэмжиж бөх үзсээр байгаад бөхийн хорхойтон болжээ?
-Би 1970 оны өвлөөс эхлэн Дэмбээ (Т.Дэмбэрэлсамбуу)-г дагаж, үндэсний бөхийн барилдаан тогтмол үзэж эхэлсэн. 1972 оны хавар Дэмбээгийндээ Д.Цэрэнтогтохтойгоо танилцаж билээ. Цээеээ маань тэгэхэд Зүүнбаянд цэрэгт байсан, “Алдар”-ын чөлөөтийн аваргад ирсэн гэж байсан. Дараа нь улсын баярын өмнө 1972 оны долдугаар сарын 09-ний өдөр Улсын багшийн дээд сургуулийн автобусны буудал дээр цэрэг хувцастай Цээеэтэй тааралдлаа. Амар мэндээ мэдэлцэж “Бэлтгэл хэр хийв” гэвэл “Яахав гайгүй шүү. Гурав давах хэмжээнд хийсэн гэж бодож байна” гэхээр нь “Хавар уулзаж байхыг бодвол нэлээд зузаарч, сайхан болсон байна шүү дээ. Үзээд байхад юунаас ч айх юм чамд алга” гэсэн чинь “Гурав давбал долоо хоногийн чөлөө өгнө гэж Даш багш хэлсэн” хэмээж билээ. Тэгээд баяр наадам болдгоороо болж Д.Цэрэнтогтох зургаа давж чимэгтэй “Улсын начин” цол авах нь тэр. Дараа нь уулзаад ярилцахад “Чи намайг их зоригжуулсан шүү. Гурвын даваанд Булган аймгийн арслан Х.Сүхбаатарт луйвардуулах шахав. Хаячихаад байхад “Би давсан” гээд гүрийгээд, харин засуул Лүгдэв гуай “Сүхбаатар аа, чи сая цэрэгт унасан шүү дээ” гэж байж тахимаа авсан шүү” гэж билээ. Тэр жилийн наадмын түрүү үзүүр бөхийн тааварт яригдаж байсан улсын начин Ч.Лундаагаар дөрөв, аварга Ч.Бээжингээр тав давж, арслан П.Дагвасүрэнгээр зургаа давж өсөх идэр начин цол авсан юм.
-Д.Цэрэнтогтох аваргын санаанаас тань гардаггүй, дурсамжтай барилдаан гэвэл?
-“Алдар” нийгэмлэгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан юм. 1975 оны дөрөвдүгээр сарын дундуур болсон. Тэр өдөр ажлын өдөр байсан санагдана. Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Америкт “Дэлхийн цом”-д яваад ирж. “Алдар”-ын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан нь УАШТ-д орох эрхтэй болох учир Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар хоёрын хооронд гол барилдаан болох байв. Тэмцээнийг Дэмбээтэй очиж үзэж Цээеэ (Д.Цэрэнтогтох)-гийн дээлний захыг Дэмбээ мушгиж суулаа. Батлан хамгаалах яамны ангиудаас ирсэн жараад бөх шатарчилж 5-6 өдөр барилдаж, хаалтын сүүлчийн өдрийн барилдаан дээр Батлан хамгаалах яамны орлогч сайд нь Д.Хадбаатарт хоёр өрөө байрны түлхүүр гардуулж баяр хүргэв. Хад (Д.Хадбаатар) ч хийморь, зоригтой гэж жигтэйхэн. Цээеэ, Хад хоёр үзүүр түрүүнд үлдэхэд “Алдар”-ын заал пиг дүүрлээ. Барилдаан удсангүй эхлээд Цээеэ баруун хөлийг нь аваад хойш хөөгөөд унагахад гутал сугарч дахин барилдаж ард талд гарч хаяж билээ. Тэр үед Цээеэ маань эмнэг адуу шиг хэнтэй ч удаж барилдаж байгаагүй хурд, хүч сэрвүү мэхээр бүх асуудлыг шийдвэрлэдэг байв. Армийн аварга бөх болж 1975 оны улсын аваргад орж хоёрдугаар байр эзлэн улсын заан цолоос нэг даваа дутаж билээ.
-Тэр үед аваргуудын барилдааныг хэр үздэг байв, хоёр Мөнхийн?
-1974 оны дөрөвдүгээр сарын 22-нд Лениний мэндэлсний 90 жилийн ойд зориулсан барилдаан Спортын төв ордонд ажлын өдөр болж хоёр Мөнх үлдсэн байсныг яг дэргэдээс нь үзэж билээ. Хоёр дархан аваргын барилдаж байгаа нь бух мөргөлдөж байгаа юм шиг. Тас нис хийгээд барьц халалцаж байгаа нь ямар аймшигтай гэж санана. Холоос үзэж байхад яг юу болж байгааг мэдэх биш. Энэ барилдаанд Х.Баянмөнх аварга түрүүлсэн. Одоо ид барилдаж байгаа аварга, арслангууд бас тэгж их хүч гаргаж тас нис хийтэл барьцаа сольж барилддаг байлгүй.
-Д.Цэрэнтогтох аваргыг нутгийнхан нь гэлтгүй монголчууд “Хар” аварга хэмээдэг байсан. Тэр нэр домог мэт л дуулддаг байлаа?
-Би найзыгаа Цээеэ гэж дууддаг байсан. Нутгийнхан нь “Хар” аварга гэж их хүндэлнэ. Цээеэ маань тэр нэрэндээ ч их дуртай, “Хар” аварга аа гэхээр таатай хүлээж авна. Домог болсон “Хар” аварга минь наадмаар дэвээд гараад ирэхэд цэнгэлдэх дүүрэх шиг л санагддаг байж билээ. Тийм л нөмөр нөөлөгтэй, сайхан монгол бөх байсан юм, миний найз чинь.
1980 оны дөрөвдүгээр сар. Москва. Улаанталбай. Д.Батаа найз Д.Цэрэнтогтохтойгоо тааралдаж Монголын чөлөөт бөхийн шигшээгийнхэн АНУ руу “Дэлхийн цом”-д оролцохоор нисэхийн өмнөхөн энэ зургийг дурсгал болгон татуулжээ.
-Тэр үед бөхийн найраа, начны найраа гэж юм байв уу?
-Тэр үед үндэсний бөхийн барилдаан цөөн болдог байлаа. Гэхдээ бүтэн сайнд 12 цагаас “Хөдөлмөр”-т, 15 цагаас Спортын төв ордонд, 17 цагаас “Хоршоолол”-д, хааяа байгууллагын ой, гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан барилдаан болно. Гэхдээ тэр барилдаанууд яс болно. Цагаан сараар 128 бөх, бусад заалны барилдаанд голдуу 64 бөх барилдана. Жилдээ нийгэмлэг, их дээд сургуулиуд, бөх ихтэй томоохон албан газрууд аварга шалгаруулж хотын аварга, УАШТ, спартакиадын аварга болдог байсан юм. УАШТ, спартакиадаар цол гуншин өгнө. Тэр үед үзүүр түрүүнд, их, дунд, бага шовогт үлдэнэ гэсэн тааварт улсын арслан Ж.Хайдав, М.Мөнгөн, улсын заан Ө.Тулгаа, улсын заан Д.Мягмар, улсын заан Р.Давааням, улсын начин Д.Цэрэндаш, аварга Ч.Бээжин, улсын гарьд Д.Баяраа, улсын заан Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн, З.Дүвчин, улсын начин Д.Галдандагва, улсын харцага Ч.Лундаа, улсын заан Д.Лхагвасүрэн, Д.Амгаа, улсын харцага Ж.Бор, улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам, арслан Г.Дэмүүл нарын бөхчүүд ордог байлаа. Тэр үед начны хавтгайрсан найраа байгаагүй юм. Гарцаагүй олон жил сайн барилдсан бөхчүүдийг дэмждэг байсан. Жишээ нь, улсын баяр наадамд дөрвөн удаа дөрөв давж байсан Булганы арслан Г.Лхагвадорж, гурван удаа дөрөв давсан Булганы арслан Х.Сүхбаатар, хоёр удаа дөрөв давсан Увсын арслан Б.Намжин, Ё.Доржготов, Булганы Г.Нансал нар улсын цол авч чадаагүй нь ямар шударга барилдаж байсныг гэрчлэх байх.
-Допингийн асуудал үнэхээр хүнд байна аа. Үүнд та бөх сонирхогч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Бөхчүүдийн хувьд бүгдээрээ хүч оруулагч витамин, уурагт, эмийг наадмаас наадмын хооронд хэрэглэдэг нь нууц биш болоод удаж байна. Гэхдээ допингийн шинжилгээний хариу их эргэлзээтэй. Хэний сорьцоос допинг илрүүлэх вэ гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн л дурын асуудал болсон гэж харагдаад байдаг юм. Одоо бол үндэсний бөх мэргэжлийн түвшинд хүрсэн гэж үзэж болно. Бөхчүүдийн амьдралын эх булаг нь энэ спорт болсон. Энэ зөв. Харин начны найраа 250-300 сая төгрөгт хүрсэн нь дэндүү харамсалтай. Шударга барилдаад цолонд хүрвэл гайхалтай. Ноднин улсын арслан Н.Батсуурь П.Бүрэнтөгс нарыг цувуулж хаяж улсын начин болсон Д.Тамир шиг барилдах хэрэгтэй. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг үг бий. Том цолтой бөхчүүд сэтгэл зүйн хувьд их болгоомжтой хандаж байгаад унах тал бий л дээ. Хэн ч хэнийг хаяж, хэн ч хэнд унадаг цаг болсон юм хойно. 1970-1980 оны дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтохын үе биш шүү дээ. Одоо бүх юм хачин сонин болсон, хүн нь хүнээ алдсан цаг ч юм уу даа гэж зарим талаар бодогдох юм. Дархлаа тогтсон улсын аварга, арслангүй болсон цаг шүү дээ.
-Өнөө жилийн баяр наадмын барилдаан ямар болох бол оо. Таавраасаа хуваалцахгүй юу?
-Улсын начин цолыг 5-6 аймгийн арслан, заан цолтой бөхчүүд авах болов уу. Хамгийн их хөлс хүч гаргаж хөдөлмөрлөсөн аавын хүү түрүүлэх нь гарцаагүй. Би аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Баянхонгорын Б.Эрдэнэхүү нар улсын начин болоосой гэж бодож байна. Аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр, Н.Түвшинбаяр, Б.Пүрэвсайхан, улсын харцага М.Бадарч, О.Хангай, улсын начин Ө.Бат-Өлзий нараас их шөвөгт үлдэж, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэх болов уу гэж бодож байна. Хэн тайван цагт их хөдөлмөрлөж бэлтгэл хийж хөлс их гаргана, тэр хүн ялалт байгуулах нь гарцаагүй. Баяр наадмын ногоон дэвжээ хэнд түрүү өгөхөө өөрөө мэддэг юм.