Categories
мэдээ цаг-үе

Д.Бат-Эрдэнэ: Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Торгууд” гэсэн нууц үг хэрэглэн ярьдаг байлаа

1989 он арванхоёрдугаар сарын 07, Ховд хот, Ард Аюушийн талбай

Тэртээ 1989 онд ардчилсан хувьсгалын анхны тэсрэлт Ховд хотын Ард Аюушийн талбайд болсон гэж үздэг. Тодруулбал, 1989 оны арванхоёрдугаар сарын 07-ны Ховдын Багшийн дээд сургуулийн оюутан багш нарын жагсаал цуглаан нь ардчилсан хувьсгалын анхны жагсаал болон тэмдэглэгджээ. Ийнхүү тухайн өдөр Улаанбаатар хотоос 1500 километрийн алсад, Ховд хотын Ард Аюушийн талбайд юу болсон талаар тухайн жагсаал цуглаанд идэвхтэй оролцож явсан “Ардчилал-Эв нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Та Ховд аймагт болсон анхны улс төрийн жагсаал, цуглаанд идэвхтэй оролцож байж. Тухайн үеийн нөхцөл байдал, тэр өдрүүдийг эргэн дурсахгүй юу?

-Тэртээ 25 жилийн өмнөх өвлийн хүйтэн өдөр буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ховд аймгийн Багшийн дээд сургуулийн оюутан багш нар Ард Аюушийн талбайд өөрчлөн байгуулалтыг төрийн дээд удирдлагаас эхлүүлэхийг шаардсан жагсаал, цуглаан зохион байгуулсан юм.

Зүүн гар талаас Д.Бат-Эрдэнэ. Жагсаал цуглааныг зохион байгуулагч С.Эрдэнэцогтын хамт 1989 оны намар

Энэ өдөр оюутны хоёрдугаар дотуур байрныхаа дэргэд 13 цаг өнгөрч байхад эхний хүүхдүүд цуглан бусад оюутнуудаа “Сэрцгээе, нэгдэцгээе” хэмээн дуу нийлүүлэн уриалж бүх хүүхдүүдээ хамруулан маш өндөр зохион байгуулалттайгаар жагсаалаа эхлүүлж Ард Аюушийн талбай тийш зүглэсэн. Чингэс хааны хөргийг өөрсдөө зурж, “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай”, “Өөрчлөн байгуулалт шинэ удирдлага шаардаж байна”, “Оюутнууд ардчиллын төлөө” зэрэг уриа лоозонгууд өргөж бидний зохион байгуулалт эхлэхдээ ч, цуглаан өндөрлөхдөө ч ер нь сулраагүй юм. Манай жагсаал замдаа тухайн үеийн ХАА-н техникумын хүүхдүүдийг жагсаалдаа нэгтгэхээр урьдчилан тохирсон байсан. Гэхдээ багш нар нь тэднийг сургууль, дотуур байрандаа цоожлон хорьсны улмаас тэд гарч ирж чадаагүй юм. Харин талбайн ойрхон Драмын театр, хотын эвлэлийн хороо зэрэг байгууллагын ажилтнууд, замаар явсан иргэд бидний үйлдлийг сонирхсон. Бас тэр өдөр аймгийн Ардын депутатуудын хурлын чуулган хуралдаж нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан. Ховдын БДС-ийн оюутан багш нар, иргэд нийлээд 400 орчим хүн оролцсон.

-Анх удаа 400 хүн төр засгаа эсэргүүцэн нэгдэнэ гэдэг тухайн үедээ л цочирдом үйл явдал болсон байх даа?

-Аймгийн НАХ хэлтэс, Цагдаагийн хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байсан. Намын төв хорооныхон камераар бичиж ихээхэн сандралдаж байлаа. Ер нь байдал эвгүйтсэн бол нам төр, хууль хяналтынхан бэлэн байдалд, тушаал хүлээж байсан гэж болно. Харин бид илүү хөдөлгөөн хийлгүй Аюушийн талбай хүртэл “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон” гээд дуулж байсан бол буцахдаа “Бүргэд цуцам халил хадан дээр буурал тэхүүд сүргээрээ бэлчсэн” гэж дуулалдаж байлаа.

-Мэдээллээс, нэн ялангуяа гадаад орчноос хол Ховд аймгийнхан ардчиллыг нэхэн жагсах болсны учир юу байв?

-1989 оны бүр хавраас эхлээд намар дамжин идэвхтэй, шинэ сэтгэлгээтэй оюутнууд нийгмийн өөрчлөлтийн талаар санал солилцож эцэстээ багш нараа татан оролцуулж албан бус бүлгийн хэмжээнд хүрсэн. Арванхоёрдугаар сарын 3-4 нд цуглаанаар яригдах сэдэв, өргөн барих бичгийн агуулгаа оюутны байрны чөлөөт цагийн танхимд тохирсон. Өргөх бичгийн эцсийн найруулгыг Монгол хэлний багш С.Энхбаярт даалгасан. Цуглаанаа аймгийн Ардын депутатуудын чуулган хуралдах өдөр буюу арванхоёрдугаар сарын 7-нд хийхээр тохирсон. Өргөх бичгийн шаардлага нь МАХН-ын Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах. Цуглаан дээр оюутан, багш, Ховд аймгийн дөрвөн иргэн үг хэлсэн. Цуглааныг оюутны зөвлөлийн дарга С.Эрдэнэцогт нээж оюутнуудаас А.Эрдэнэбаатар, А.Эрдэнэ-Олдох, А.Нэмэхбаатар, О.Энхжаргал, Ц.Мөнхтөр, А.Чинчулуун, П.Батболд, Ч.Бүддорж нарын 10 оюутан, Ц.Мөнхтөр, Ц.Батзангиа, Сарантуяа, Р.Эрдэнэцогт, Ө.Батцоож багш нар үг хэлсэн. Аймгийн төр захиргааны удирдлагууд өөрсдийгөө хамгаалах байдлаар хандсан. Бидний төлөөлөл өргөх бичгээ аймгийн удирдлагаар дамжуулан НТХ-нд хүргүүлсэн.

-Иргэдийн дэмжлэг хэр байсан бол?

-Иргэдийн дэмжлэг тун тааруу. Гэхдээ бидний цуглаанаас хойш хүмүүс идэвхижсэн. Ховд аймгийн Ардчилсан хөдөлгөөний бүтцүүд байгуулагдаж эхэлсэн. Шинэ содон гэхээсээ илүүтэй бүхэл нийгмийг өөрчлөх хувьсгал байлаа шүү дээ. Ийм тохиолдолд 70 жилийн коммунист үзэл сурталд балбуулсан ард түмэн цочирдох нь мэдээж шүү дээ. Цочирдох гэхээсээ айж балмагдсан тохиолдол ч олон байсан байх.

-Тухайн үеийн Ховд нутгийн аж амьдрал ямар байв. Мэдээж амьдарч байсан нийгмээсээ илүү их өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэн учраас жагссан байх?

-Ховдын амьдрал тухайн үеийн Монгол Улсын хөгжлийн л нүүр царай шүү дээ. Олон ястны өлгий болохоор ахуй байдал нь ч өөр, өөр. Ер нь Монгол эх орон даяар л саарал өнгө давамгайлсан амьдрал байсан шүү дээ. Үзэх хичээлээ чөлөөтэй сонгох, амьдрах орчноо сайжруулах хүсэл оюутны эрмэлзлэл. Бүр сайхан амьдрал гэвэл тухайн нийгмийг л өөрчлөх байсан.

-Тулгарах бэрхшээл, төр нийгмийн эсэргүүцэл байж л таарна?

-Бэрхшээл их байсан. Үл ойлголцол, үзэн ядалт, дарамт гээд цөөнгүй. Гэхдээ л даваад туулсан. Жагсаал цуглааны дараа манай энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулагч оюутны зөвлөлийн дарга монгол хэлний ангийн оюутан С.Эрдэнэцогт болон цуглаан дээр үг хэлсэн аймгийн театрын жүжигчин Чилгэр нарыг 72 цагийн дотор Ховд аймгийн нутгаас хөөн гаргах тухай хүртэл яригдаж байсан юм.

-Тухайн үед энэ үйл ажиллагааны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орон даяар олон нийтэд хэр хүрсэн юм бол?

-Тухайн үеийн эрх баригчдын хатуу хяналтаас ангид хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаагүй учир нийтэд тэр бүр хүрээгүй л дээ. Гэхдээ манай цуглаан жагсаалын тухай мэдээлэл монгол зон олонд маань маш хурдан түгж арванхоёрдугаар сарын 09 нд Эрдэнэтэд, 12 сарын 10-нд Улаанбаатар хотод жагсаал цуглаанууд зохион байгуулагдан Ардчиллын буухиа улс орон даяар өрнөсөн. Бид хоорондоо холбоо тогтоон ажиллаагүй ч орон даяар нэгэн зэрэг ардчилсан хувьсгал өрнөсөн нь гайхамшигтай. Хэрэв тэгээгүй бол бид эсэргүү болоод л хоцрох байсан.

-Бусад тэмцэгчидтэйгээ хэрхэн харилцаа тогтоож байсан бол?

-Бид чинь үндсэндээ 1988 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулалттай ажиллаж байгаад 1989 оны арванхоёрдугаар сард эхний жагсаалаа хийсэн нь тэр. Орон даяар ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэж зохион байгуулалтад орж эхэлсэн л дээ. Тийн ирэх хавар нь буюу хоёрдугаар сарын 18-нд МоАХ-г зохион байгуулах хурал Улаанбаатар хотод болсон. Тус хуралд манайхнаас төлөөлөгч явж оролцсон. Ингээд бид Ц.Элбэгдорж гээд МоАХ-г үүсгэн байгуулагч, удирдагчидтай харилцаа тогтоосон. Бид чинь Ц.Элбэгдоржтой “Торгууд” гэсэн нууц нэрээр харилцаж байлаа.

-Та бүхний зорьж хийсэн хувьсгал өнөөдөр бүрэн, суурь зарчмаасаа гажилгүй хэрэгжиж чадаж байна уу. Үндсэн суурь ойлголт, хүсэл тэмүүллээсээ гажсан гэж ярьцгаадаг шүү дээ?

-Хөдөө орон нутагт тухайн үеийн Ховдын Багшийн дээдийн оюутан багш нарын зохион байгуулсан энэхүү жагсаал цуглааныг түүх судлаачид, улстөрчид анхны улс төрийн жагсаал цуглаан гэдгээр нь Ардчилсан Хувьсгалын түүхэнд эзлэх байр суурийг тодотгон баталгаажуулсан байдаг нь талархууштай. 25 жилийн өндөрлөгөөс харахад Монголын нийгэм танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд орж чадсан. Та бид хоёрын ингээд ярьж суугаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангах чиглэлд олсон амжилт шүү дээ. Засч залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *