Categories
мэдээ цаг-үе

Д.Арвинтай тооцоо бодох ажил эхлэв

Эдийн засаг таагүй энэ өдрүүдэд уул уурхайгаас гадна таг зогссон нэг салбар бол барилга. Барилгын компаниуд ташраараа зээлээ төлж чадахгүй, ам.долларын ханшийн галзуурлаас болж өчнөөн алдагдал, зардалтай зутруу байгаа. Бараг цугаараа шахуу зогсолт хийж, ажилчдаа тодорхойгүй хугацаагаар цалингүй амраагаад удаж байна. Хэтээсээ хэцүүдсэн барилгын компаниудаас Д.Арвингийн компанийг ганцааранг нь сугалж аваад АТГ-аар шалгуулаад эхэлчихлээ. Хэд хэдэн байрны газрыг барьцаалж зээл авсан, зарим иргэний ордерыг бас барьцаалсан гэж буруутгаж байгаа бололтой. Үнэн хэрэгтээ Д.Арвингийн хүүгийн толгойлдог ”Их өргөө” компани ганцаараа ингэж “том толгойлсон” юм биш л дээ. Тухайн үед хэрэгжиж байсан гэр хорооллыг барилгажуулах бодлогын хүрээнд олон арван компани өчнөөн айлын газрыг чөлөөлж, байр барьж өгөх гэрээ байгуулсны нэг нь эдний компани.

Эдийн засаг хямарч барилгын компаниуд таг зогсохоос өмнө орон сууцаа барьж газраа өгсөн гэр хорооллынхныг тухтай сууцанд оруулж, банкны зээлээ төлсөн нь ч бий. Д.Арвины компани шиг хэл амтай суугаа нь ч ганц, хоёроор тогтохгүй. Яг нарийндаа төрийн алдаатай, уялдаа, залгамжгүй бодлого л барилгын салбарыг ийм байдалд хүргэсэн. Өмнөх Төв банк барилгын салбарыг ажлын байр олноор бий болгодог, үйлдвэрлэлийг дэмжих том суурь гэж хараад найман хувийн зээл гэх мэт хөтөлбөрүүдээр дэмжсэн учраас овоо бүтээн байгуулалт өрнөсөн юм. Харин энэ засгийн үед ерөнхийлөгч нь солигдсон Монголбанк орон сууцны хямд хүүтэй зээлд учиргүй найр тавихгүй гэсэн бодлого барьж байгаа. Ийм шалтгаанаар ихэнх барилга борлуулалтгүй гээд зогссон, нэлээд хэсэг нь эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй банкны хүүнд дарлуулж суугаа. Барилгын салбар ташраараа хэцүүдсэн шалтгаан ерөөсөө энэ.

Тэгэхээр Д.Арвингийн компанийг онцолж шалгаад эхэлснийг улс төрийн тооцоо бодож байгаагийн л нэг хэлбэр гэж харахаас өөр гаргалгаа алга. Засаг барьж буй МАН Д.Арвинтай тооцоо бодохгүй бол өөр хэнтэй ч тооцоо бодох билээ. З.Энхболдтой нийлж намаа муухай харагдуулж, бүр намынхаа хүнийг ялаад УИХ-ын гишүүн болж байсан хүн шүү дээ. УИХ-ын гишүүнээр ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар идэвхтэй байсныг нь хэлэх юм биш. Ингээд харахаар энэ удаагийн үйл явдал яалт ч үгүй улс төрийн золиос. Газраа барьцаалж зээл аваагүй компани барилгынхан дотор байхгүй. Хаа сайгүй л байгаа зовлон, гарцаагүй бодитой байдал.

Шаазгай алаад өлгөхөөр бусад шаазгай шавахаа больдог гэсэн айхавтар үг бий. Дэлгээд тавьсан ааруулнаас самардаад байдаг шаазгайнуудыг ингэж хашраадгийг мэдэхгүй монгол цөөн. Нэгийг нь алаад өлгөчихөөр нөгөөдүүл нь хий шаагилдахаас хэтэрдэггүй, аарууланд нь ойртохоо байдаг даа. АТГ-аас Д.Арвины компанийг шалгаж эхэлсний цаана ийм л утга, агуулга нуугдаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *