Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Ашиг хонжоо харсан, улстөржсөн энэ үйлдэл нь үндэсний хэдхэн үйлдвэрүүдээ унагаах аюул руу оруулж байна || DNN.mn

Эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.


-Аль 2017 оноос л яригдаж байсан Хөгжлийн банкны асуудал нийгэмд өнөөдөр их хүчтэй босч ирлээ. Нэг талаас энэ бол улс төрийн тоглолт гэдэг нь ил боллоо шүү дээ. Гэхдээ жирийн зээлдэгчдэд болоод хэвийн явж байсан хөгжлийн хөтөлбөрүүдэд халтай болж, нийтээр нь харлуулж, жигшээд уналаа. Та өрнөж байгаа энэ бүх процессыг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?

-Эхлээд зорилгыг нь харах хэрэгтэй. Хөгжлийн банкны гол зорилго нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг бий болгох. Үүгээрээ дамжуулж улс орны эдийн засгийг хөгжүүлье гэсэн үндсэн зорилгын хүрээнд тус банкийг байгуулсан байдаг. Анх 2012 оны гуравдугаар сард 580 сая ам.долларыг таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэйгээр бонд босгосон байдаг. Өөрөөр хэлбэл, улс орныг хөгжүүлэх, үйлдвэрийг хөгжүүлэх, дунд, урт хугацааны эдийн засгаа сайжруулахын тулд хэрэгжүүлж байгаа 10-аад төрлийн бодыг энэ чиглэлээр оруулж ирсэн байдаг юм л даа. Тэрний нэг нь Хөгжлийн банкны бонд. Хөгжлийн банкны бондын хугацаа нь 2017 оны гуравдугаар сард дууссан. Эндээс л бүх зүйл эхэлсэн байдаг. Анх Хөгжлийн банкнаас 580 сая ам.долларын зээлийг авахдаа зээлийн хөрөнгөөр үйлдвэрлэлүүд байгуулж, үүнээс нь улс орон тодорхой хэмжээний ашиг олдог байх ёстой. Өөрөөр хэлбэл, бонд өөрөө зээлээ төлөхөөс гадна тодорхой хэмжээний ашигтай, Монголд үйлдвэрүүд бий болж үлдэх ёстой байсан. Өнөөдөр манайд бий болчихоод байгаа үндсэн гол суурь шалтгаан бол Хөгжлийн банкны үзэгдэл л дээ. Бонд авч буцааж төлөх болохоороо бондоор төлдөг. Өөрөөр хэлбэл, бондыг бондоор буюу өрийг зээлээр хааж явсаар байгаад өнөөдөр Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.доллар давчихлаа. Үүсээд байгаа асуудлын гол нь энэ байгаа юм. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байна гэхээр гаднаас их хэмжээний хүүтэй, маш их хэмжээний мөнгө авчихаад түүнийгээ зориулалтын дагуу ашигладаггүй. Хэсэгхэн л хувийг нь жирийн зээлдэгчдийг ашигладаг.

Төрийн өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүс авчихсан байна гэдэг нь тодорхой болчихлоо. Энэ юугаар илэрхийлэгдэж байна гэхээр зээл олгосон баримтыг нь харахад ил харагдаж байна. Зээл олгохдоо нэг бол барьцаанд, эсвэл баталгаанд үндэслэдэг.

Гэхдээ Монгол Улсад баталгаанд үндэслэдэг жишиг байдаггүй. Баталгаа гэж юуг хэлж байна гэхээр эдийн засагт хэрэгцээтэй үйлдвэрлэл байгуулахад энэ хэрэгтэй, эргээд өөрийгөө төлөх боломж, потенциал нь энэ байна, улс орны эдийн засагт ийм ашигтай юм гэсэн төсөл хөтөлбөртэй нь танилцаж байж олгодог. Тухайлбал, Хөгжлийн банкны хүмүүс, Монголбанкны хяналт, АУДИТ-ын газар, тухайн үеийн Засгийн газрын төлөөлөл зэрэг маш олон экспертүүд ажилладаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухайн үеийн өөрийнх нь хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч санхүүжүүлэгчийнх нь гол эх үүсвэр нь бонд. Баталгаанд үндэслэж өгсөн ч мөнгө нь байхгүй байна гэдэг бол баталгаанд үндэслээгүй гэсэн үг. Нөгөө тал нь барьцаанд үндэслэх. Гэтэл ямар ч барьцаанд үндэслэлгүй авчихсан байгаа юм. Барьцаа ч үгүй, баталгаа ч үгүй олгосон байна гэдэг үндсэндээ албан тушаал, эрх мэдэлтний хүрээнд олгогдсон мөнгө гэсэн үг. Өнөөдөр жирийн иргэнд зээл олгохдоо барьцаа хөрөнгийнх нь 70 хувьд нь үндэслэж зээл олгодог. Тэр байтугай өдөр тутмын гүйлгээнд нь хяналт тавьдаг, сар бүрийнх нь графикийг эргэж хянадаг, түүнд нь банк анхаарлаа хандуулж хянаж ажилладаг. Монголбанк ч мөн банкны үйл ажиллагааг хянаж байдаг, банкны сектор нь зээлдэгч нараа хянаж байдаг, жил бүрийн АУДИТ-ын тайланд баримт нотлогдож байдаг. Гэтэл энэ зүйл байхгүйгээр зээл олгосон байгаа юм. Энэ асуудал хэзээ илрэх ёстой байсан бэ гэвэл 2012 онд авсан зээл 2017 онд хугацаа нь дуусахад илэрч, энэ юу болов гэдгийг ярих ёстой байсан. Одоо маш их хэмжээний хохирол улсад учирчихлаа шүү дээ. Энэ юу байна гэхээр төрийн албан тушаалтнууд бүгдээрээ албан тушаал, эрх мэдлээ ашиглаж ямар ч барьцаа, баталгаагүй авчихаад улсыг хохироож байна. Хөгжлийн банк дөрвөн их наяд төгрөгийн активтай. Түүний 3.2 их наядыг зээл болгоод гаргачихсан. Үүний 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл болтлоо явна гэдэг бол аймшигтай тоо. Үүний 880 нь шүүхийн шатанд явж байна. Энэ бол хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг ашиглаж төрийн өндөр албан тушаалтнууд мөнгө угаадаг схем бий болгосны илрэл. Ингээд нийгэмд Хөгжлийн банкны зээлийг тэр чигт нь муухай харагдуулж байна. Гаднаас авсан бондуудыг тэр чигт нь муухай харагдуулж байгаа нь ерөөсөө л эрх мэдэлтнүүдийн авсан зээлийн асуудал. Барьцаа хөрөнгөө байршуулж жирийн үйлдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа жирийн зээлдэгчдийг тэр хүмүүстэй адилтгаж ойлгох, адилтган харлуулах үзэгдэл манай нийгэмд бий болоод байна. Тэдний авсан зээл зориулалтын дагуу явж байгаа. Гэхдээ ковидын үе гээд баахан хөл хорио тогтоож хязгаарлалт боллоо, зах зээл тааламжгүй байлаа, худалдан авалт буурлаа, эргэн төлөлтийн байдалд хүндрэл учирлаа. Үүнээс гадна валютын ханшны зөрүү манайд их байдаг. Тухайн зээлийг 5.75 хувийн хүүтэй Хөгжлийн банк бонд босгож байсан бол үүнээс гадна үндсэн зээл дээр төгрөгийн гадаад валюттай харилцах ханш маш их хэмжээгээр унаж байна. Ханшны уналт бараг 40 гаруй хувьтай байна. Тиймээс ханшны ихээхэн хувийн уналтыг төлж байна. Дээрээс нь ковидын үеийн эдийн засгийн саармагжилт нөлөөлж байна. Энэ болгон сөргөөр нөлөөлж зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа жирийн зээлдэгчид зээлийн хүндрэлд орсон уу гэвэл орсон.

-Таны хэлсэнчлэн жирийн зээлдэгчдэд ийм нөхцөл байдал үүсчихээд байгааг тэр бүр анзаарахгүй байх шиг байна. Нийтээр нь ингэж харлуулах нь эргээд ямар сөрөг нөлөөтэй бол?

-Ялгаж салгахгүйгээр төрөөс хулгай хийсэн хүмүүстэй тэгшитгэж ойлгуулах, тэгшитгэж ойлгох үзэгдэл нийгэмд газар авч байгаа нь улс орны эдийн засаг, тэр дундаа улс орны эдийн засгийг авч явж байгаа үйлдвэрийн салбарууд жирийн бизнесмэнүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Үндэсний суурь эдийн засгаа авч явдаг татвар төлөгч, үйлдвэрлэгчдээ унагах эрсдэлтэй зүйл рүү хэтэрхий туйлширч ороод байна. Тиймээс үүнийг маш сайн ялгаж салгаж харах хэрэгтэй. Үнэхээр сая хэлсэн шалтгааны улмаас зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаад төлж чадахгүй хүндрэл учирсан байна уу, эсвэл зээл авчихаад зориулалтын дагуу ашиглаагүй, дээрээс нь ямар нэгэн төсөл хөтөлбөр, барьцаа баталгаа байршуулаагүй өөр зориулалтаар авсан байна уу гэдэг чанарын ялгаа хийх хэрэгтэй. Мөн тэр зээлийг үнэхээр төлүүлэх хэрэгтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр луйварддаг хүмүүс завших гээд байна шүү дээ. Ийм эвгүй үзэгдэл гараад ирэхээр зээлээ хэвийн аваад явж байгаа зээлдэгчдэд хүндрэл үүсээд эхэлдэг. Нөгөө шахалт дарамт үүсээд эхэлдэг. Зээл төлөгч талаасаа болгоомжлол үүсдэг, олон улсын байгууллага, бонд олгосон газрууд буцаагаад эх үүсвэрээ буцаан татах эрсдэл гарна. Мөн олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагууд, үнэлгээ өгдөг байгууллагууд сөрөг коммент тавиад эхэлбэл одоогийн хүнд байгаа эдийн засаг улам л хүнд байдалд орно.

-Товчхондоо улс төрийн зорилгоор нэгнээ намнах гэсэн тоглолт нь улс орноо хорлох үйлдэл рүү л чиглэчихлээ, тийм үү?

-Яг үнэн. Хөгжлийн банкны асуудал үүсээд ирэхээр хулгай хийсэн хүмүүс жирийн бизнесмэнүүд зориулалтын дагуу ашигласан хүмүүсээ давхар чирээд байна. Үүний сөрөг нөлөөлөл нь нөгөө хүмүүстээ давхар асуудал үүсгээд ингээд явж явж энэ юунд хүрэх вэ гэхээр хулгай хийсэн хүмүүс завшиж үлдээд улс орны эдийн засгийг авч яваа хуруу дарам хэдхэн үндэсний үйлдвэрүүдээ унагаачихвий дээ гэж ихээхэн болгоомжлох хэрэгтэй. Тэр бизнесмэнүүдийг нийгэмд ч ингэж ойлгуулж байна. Гэтэл сая хэлсэнчлэн яг бодит зээлийн харилцаа дээрээ ч ийм хүндрэл тулгарч байна. Тиймээс энэ зориулалтын зээл үү, үнэхээр эдийн засгийн хүндрэл, эрсдэлийн хүндрэлээс үүдэж зээл төлөлт хойшилсон байна уу, ханшны хүндрэлээс болсон байна уу гэдгийг ялгаж шинжилгээ хийх хэрэгтэй л дээ. Энэ асуудал тэртэй тэргүй улс төрийн гэдэг нь ойлгомжтой. Өдий хүртэл Монголбанк юу хийж байсан юм бэ, тэр зээлийг олгоход Хөгжлийн банкны үе үеийн захирлууд юу хийж байсан юм бэ, зээлийн шинжээч нар юу хийж байсан юм бэ, мониторинг хийдэг газрууд нь юу хийж байсан юм бэ, засаг төр нь юу хийж байсан юм бэ. Улс орны хувь заяатай холбоотой бондын мөнгийг тоолгүй явж байснаа ийм хэмжээний хохирол учирч, боломжгүй болсных нь дараа гэнэтхэн өнөөдөр яагаад дуугарах болов. Цаг хугацаанаас харвал энэ хэнд ашигтай вэ? Эргээд ашиг хонжоо харсан, улстөржсөн энэ үйлдэл нь үндэсний хэдхэн үйлдвэрүүдээ унагаах аюул руу орж байна. Жирийн бизнесмэнүүдийг хулгайч гэж харагдуулах, харлуулах, зээлийн процесст хүндрэл учруулах асуудлууд үүсч байна шүү дээ. Тиймээс маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Хууль шүүхийн байгууллагаар явбал зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь зогсож Хөгжлийн банкны хохирол улам ихэснэ хэмээн учир мэдэх хүмүүс дүгнэж байна шүү дээ. Жинхэнэ хулгайчдад энэ нь харин ч олз болоод байна уу?

-Хөөн хэлэлцээ гэдэг бол хулгай хийх боломжийг хамгийн ихээр нээж өгч байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийн ард төрөөс маш их хулгай хийдэг ийм л схем бий болчихлоо. Тиймээс үүнд хууль, шүүхийнхэн маш шударга ажиллах хэрэгтэй. Анхнаасаа зориулалтын дагуу байна уу, зориулалтын бус байна уу гэдгийг шалга.

-Зээлдэгчдийг л буруутгаад байна. Энэ асуудал гээндээ ч, гоондоо ч байгаа асуудал?

-Энэ бол анхнаасаа зээл авсан хүний буруу биш болж байгаа юм. Зээл олгож байгаа хүмүүсийн асуудал. Маш олон институци хоорондын ажлын уялдаа холбоотой асуудал. Гэтэл зээлдэгч ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр хэдэн зуун тэрбумаар нь авчихсан байна. Энэ өөрөө ноотой асуудал байхгүй юу. Барьцааг шүтэж зээл олгодог манайх шиг улс өнөөдөр ямар ч барьцаагүйгээр зээл олгоно гэдэг бол жинхэнэ хулгайн схем. Үүнийг л сайн анзаарах хэрэгтэй.

Хөгжлийн банкны мөнгө хаашаа шингэсэн байна гээд сүүлийн арваад жилийн эдийн засгийн идэвхжилтийг харахаар маш их тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү шингэж байна. Банк бус санхүүгийн байгууллагын идэвхжилт бас харагдаж байна. Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө банкуудад байснаас манай улс ФАТФ-ын хар жагсаалтад оруулж байсан. Мөн барилгын салбарын маш их идэвхжилт байна. Эдийн засгийн идэвхжил талаас нь харвал эдгээр мөнгөний ул мөр ийшээ явсан байж магадгүй харагдаж байгаа юм. Бодит эдийн засгаас арай өөр өсөлттэй яваад байна шүү дээ. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллагуудад онцгойлон анхаарах хэрэгтэй. маш өндөр хүүтэйгээр хүүлж байна уу, үгүй юү гэдгийг. Өнөөдөр хууль, хяналтын байгууллага анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн идэвхжил нь бусдаас илүү байгаа учраас эдгээрт шингэсэн байж магадгүй гэж хардаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *