Японы өмнөд хязгаарын Амами аралд болох спортын наадамд оролцохоор Токио хотын Ханеда, Осака хотын Итами нисэх буудлуудаас сүмо бөхчүүд нисэх гэтэл тэдний дундаж жин 120 кг байсан нь ердийн зорчигчийн 70 кг-аас хол давж тэдний суух Boeing 737-800 онгоцны шатахуун хүрэлцэхгүй гэсэн тооцоо гарчээ. Иймээс JAL компани хоёр нисэх буудлаас хөөрөх нийт 27 бөхийг хамтатган Токио хотын Ханеда буудлаас тусгай онгоцоор тээвэрлэхээр болсон байна. Ингэхийн тулд Осакагаас хөөрөх байсан 14 бөхийг эхлээд Токиод тээвэрлэн авчирчээ. Сүмо бөхчүүдийг илүү даацтай онгоцоор нисгэхээр төлөвлөсөн ч Амами арлын жижиг нисэх буудалд том онгоц буух боломжгүй гэж үзсэн тул ийнхүү тусгай онгоц хөөргөхөөр болсон байна. “Онгоцны жингийн хязгаарлалтын улмаас тусгай нислэг үйлдэх болсон нь ер бусын ховор тохиолдол юм” гэж JAL компанийн төлөөлөгч орон нутгийн хэвлэлд ярьжээ. Тэмцээн өндөрлөсний дараа сүмо бөхчүүдийг мөн тусгай нислэгээр Токиод хүргэсэн байна гэж CNN мэдээлжээ.
Г.АМАРСАНАА