“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцууллаа.
Байнгын хороо 2023 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг санал хураалгахгүйгээр гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-т заасныг баримтлан, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Т.Доржханд, Ш.Адьшаа, Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, Эдийн засгийн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тодруулбал, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх, мөн орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш, хүртээмжтэй хуваарилахыг Монголбанканд даалгахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү саналын томьёоллыг дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 39 гишүүний олонх буюу 53.8 хувь нь дэмжснээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.