Монгол улсын аварга шалгаруулах Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 42 дахь, эмэгтэйчүүдийн 18 дахь удаагийн тэмцээний тов хойшилжээ. Тодруулбал, жил бүрийн нэгдүгээр сард болдог энэхүү уламжлалт тэмцээн энэ оны зургадугаар сард зохион байгуулагдах төлөвтэй байна. Чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сард, залуучуудын улсын аварга дөрөвдүгээр сард тус тус болох аж. Мөн “Mongolia open” тэмцээн дөрөвдүгээр сарын эхээр болно. Өнгөрсөн жил Орхон аймагт чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн зохион байгуулагдаж байсан бол энэ жил Архангай аймаг, Багануур дүүргийн аль нэгэнд зохион байгуулагдахаар яригдаж байгаа тухай холбогдох албаныхан дуулгажээ. Цаашид жил бүр орон нутагт улсын аваргын тэмцээнийг зохион байгуулахаар шийдсэн байна.