Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт Ухаа” спорт ордонд Хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээнд нийт 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй. Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жингийн шилдэг бөх, Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат зодог тайлж, “Сүлд” спорт хорооны дасгалжуулагчийн албанд шилжсэн байгаа.
Мөн өнгөрсөн 2015 оны Ласвегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хүнд бэртэл авч их спортоос түр хөндийрсөн олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр дэвжээнээ эргэн ирсэн байгаа юм. Тэрээр 74 кг-д өрсөлдөж, илт давуу байдлаар эхний өрсөлдөгчөө ялаад байна.
Эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг, 69 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа нар энэ удаагийн тэмцээнийг өнжжээ.
Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат жин өсч, 86 кг-д зодоглож байна. Мөн олон улсын хэмжээний мастер П.Орхон 63 кг-д хүч үзэхээр болжээ.