Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чөлөөт бүжгийн анхны наадамд түрүүлж зургаан сая төгрөгөөр шагнуулжээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “UB Dance Festival” чөлөөт бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн “Assassins B.A.D” бүжгийн хамтлагийн бүжиг дэглээч А.Ихбаяр, гишүүн Т.Саруултүшиг, Ч.Дэлгэрбаяр нартай уулзаж ярилцлаа.

-Танай хамтлаг хэдэн гишүүнтэй вэ?

-Манай “Assassins B.A.D” хамтлаг нийт арван зургаан гишүүнтэй. Хамтлаг маань байгуулагдаад бүтэн жилийн нүүр үзэж байна. Түүнээс өмнө бид тус тусдаа бүжиглээд гурав дөрвөн жил болцгоосон байсан л даа. Найман охин, найман хөвгүүнтэй. “Номинталст” хамтлаг хоёр хамтлагаас бүрдсэн шиг манай хамтлаг ч бас хоёр хамтлагийнхан нийлцгээсэн түүхтэй. Охидын хамтлагийг маань залуучууд “KRONOS” хамтлаг гэхээр сайн мэдэх байх. Бид 15-22 насны СУИС, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид л даа.

-“UB Dance Festival”-ыг энэ жил анх удаа зохион байгуулснаас танай хамтлаг түрүүлэв үү?

-Чөлөөт бүжгийн ийм том наадмыг манай улсад энэ жил л зохион байгуулсан. Энэ наадамд орчин үеийн чөлөөт бүжгийн реп, хип хоп, брек, электро болон гудамжны бүжгийн төрлөөр явуулсан нь үнэхээр сайхан болсон. Зөвхөн нийслэл хотоос ч биш Эрдэнэт, Дархан хотоос ч бүжгийн хамтлагууд ирсэн шүү. “UB Dance Festival”-д 2-20 хүний бүрэлдэхүүнтэй 24 баг оролцсоноос хамтлаг маань түрүүлж, зургаан сая төгрөгийг цомын хамт авсандаа туйлын баяртай байна. Цом нь дэлхийн бүжгийн тэмцээнд олгодог цомоос ч гоё сүртэй юм билээ. Сүүлийн таван байрт бидний араас “Ninjas in Black”, “Hooliganz”, “Dream Big Family”, Эрдэнэт хотын “Free­dom City” хамтлагууд орсон доо. Биднийг яг бүжиглэж байхад Чингэсийн талбайд бороо шиврээд, үзэгчид улам олшроод сайхан байсан.

-Бүжигчдийн тухай “Сүүлчийн бүжиг” киног харж байхад хар тамхи, архи дарсанд толгойгоо мэдүүлсэн, атаа хорсол дүүрэн, хүмүүжил муутай хүүхэд залуусын дүр тод гардаг. Та нарыг бүжиг юугаараа холбодог бол?

-Тэр кино их муухай бүтээл ш дээ, бүжигчдийг доош хийсэн. Бүжиг гэдэг маань бие биедээ хүндлэл үзүүлж, ёс зүйн хувьд нэгэндээ сайн сайхан үлгэр дуурайл үзүүлдэг гайхамшигтай урлаг гэж бид боддог. Тиймдээ ч бид хүсэл сонирхлоороо нэгдэцгээсэн. Чөлөөт цагаа өнгөрөөхөд, бие бялдраа хөгжүүлэхэд аминдэм болдог урлаг-спортын хосолмол нэгдэл шүү. Үүнийг л хүүхэд залуус маань зөвөөр ойлгоосой гэж боддог.Тиймдээ ч бид өдий амжилт гаргатлаа олон жил бүжиглэцгээсэн. Саяын тэмцээн гэхэд нэг, хоёрдугаар шат аль аль нь шударга өрсөлдөөнтэй болсон. Наадмын шүүгчээр Марка, Төгсөө, Шижир, Kai, Tuk нарын бүжгийн урлагийн шилдэг мэргэжилтнүүд ажилласан. Үзэгчдийн дунд болсон “Нэгийн эсрэг нэг” тэмцээн ч үзүүштэй сайхан болсон.

-Бүжгийн хамтлаг гэдэг хөдөлгөөн эвслээс гадна хувцас жигдрэлт, бэлтгэл гээд хөөрхөн санхүүжилт шаардагдах нь мэдээж. Та нарт ивээн тэтгэгч, дэмжигчид байгаа юу?

-Бид бор зүрхээрээ бүжиглэцгээж яваа. Хамгийн гол нь биднийг хүсэл мөрөөдөл маань холбосон болохоор эдийн засгийн ямар нэг асуудлыг өөрсдөө л зохицуулаад явдаг. Хувцас жигдрэлтээ ч бүжиг дэглээч маань шийдээд хувь хувиараа болгоод явна. Бидний дунд урлагийн олны танил ч юм уу, нэртэй зүстэй хүний ганц ч хүүхэд байхгүй гээд бод доо. Саяын тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Aimar” продакшн сайн ажилласан. Нээрээ биднийг түрүүлэхэд “Punch” ундааны хамт олон 400 мянган төгрөгийн ундааны эрхийн бичиг гардуулсан юм байна.

-Тэмцээнд ямар бүтээлээр оролцов. Өрсөлдөгчид чинь чанга байв уу?

-Өрсөлдөгчид маань маш чадварлаг хамтлагууд байсан. Одоо ер нь бүжгийн хамтлагууд жилээс жилд л чадвартай, мэргэжлийн болж байгаа. Манай хамтлаг өнгөрөгч өвөл “Aimar” продакшнаас зохион байгуулсан “D.R.O.P” бүжгийн тэмцээнд оролцон түрүүлж байсан. Тиймээс биднийг өрсөлдөгчид болоод хөгжөөн дэмжигчид маань сайн мэднэ. “UB Dance Festival”-ын тухайд бид тайзан дээр “Жалам хар”-ын аялгуунд үндэсний урлагийн сонгодог бүжгийг орчин үеийн хэв маягтай хослуулан бүжиглэсэн нь олон хүнд таалагдсан байх. Хамтлагуудаас ялгарсан бас нэг зүйл нь бид найман туг барьж бүжиглэсэн. Туг гэдэг дайн тулааны үед ч зориг төрүүлж, сэтгэл бадраадаг бэлгэдлийн зүйл учраас бүжиглэх үед ч хэмнэл аялгуутай гоё зохицдог юм билээ.

Л.Цэнгэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *