Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 720 хүүхэд суралцах хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг өчигдөр эхлүүлжээ. Сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми болон нийслэл, дүүргийн удирлагууд, төслийн зөвлөх, гүйцэтгэгч компаниудын ажилтнууд оролцлоо.
Япон Улсын Засгийн газраас манай улсад 1999 оноос эхлэн “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн V шатны хүрээнд Улаанбаатар хотод шинээр хоёр сургууль барих болон хоёр сургуулийг өргөтгөхөөр болжээ. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд барьж эхэлсэн 720 хүүхдийн эл сургууль юм.
Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн V шатны хүрээнд энэ сургуулиас гадна Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өртөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийг барих юм. Энэ сургуулиудыг барих, барилгыг өргөтгөхөд Монголын талаас 2 тэрбум төгрөг гаргах бөгөөд 2018 оны улсын төсөвт суулгасан. 1999 оноос хойш Япон улс Монголын бага, дунд сургуулийг барих, өргөтгөх ажилд 220 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.