Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Чехийн ГХЯ-д хоорондын анхны консулын зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Мартин Смолекийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны иргэд хоорондын харилцаа, түүний дотор визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Ц.Мөнх-Оргил БНЧУ-д виз мэдүүлэхэд багагүй хүндрэл гардаг тухай дурдаж, виз мэдүүлэх ажиллагааг хялбаршуулах, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөхөд Чехийн талаас анхаарч ажиллахыг хүсэв. Дэд сайд М.Смолек визийн мэдүүлэг хүлээн авах төвийг ойрын хугацаанд Улаанбаатарт нээх бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв нээгдсэнээр виз олголтын асуудалд тодорхой ахиц гарахыг мэдэгдэв.
Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, чингэхдээ хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар сайд нар уулзалтын үеэр санал солилцсон байна. Мөн “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирсонтой холбогдуулан хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах бэлтгэлийг хангахаа талууд илэрхийлэв.