Арабын хойгийн баячуудын дунд өрнөсөн гэх нэгэн явган яриаг уншлаа. Таг худлаа ч гэлээ бас үнэн ойролцоо нь “гүйж” байх магадлалтай тул тантай хуваалцъя.
Эцэс төгсгөл нь үл харагдах элсэн цөлд арабын баячууд цуглараад энд тэндээс авчирсан эрэмгий хурдан эдлэг шонхруудаараа зиндаа юугаа шалгаруулж бие биесдээ томроод сууж байв гэнэ. Гэтэл жилийн жилд дээгүүр эрэмбэлэгдэж тасархай хурдан шувуу авчирдаг байсан нэг нөхөр хоосон ирчихсэн бусдын шонхрыг ч тоохгүй зогсож байх гэнэ. Бусад нь “андаа чи яав ийв, шувуу олдсонгүй юу” гэхэд “аан энэ жил арай хямд үнэтэй юм гэж бодоод Роналдуг худалдаад авчихлаа. Хурд бол дутахгүй шүү” хэмээн бусдыгаа ангайлгасан гэж байгаа юм.
Саудын Арабынхан хөлбөмбөгийн ертөнц лугаа санхүүгийн дэлбэрэлт хийж эхэлсэн цаг хугацааг 2008 оноос эхлэлтэй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй. Үүнээс өмнө арабчууд Европын хөлбөмбөгийн зах зээл рүү сэм өнгийж байсан ч гэлээ Ман Ситиг худалдан авч шуудай, шуудайгаар нь мөнгө цутгаж эхэлсэн нь яалт ч үгүй анхных нь билээ.
Эзэн хааны гэр бүлийн гишүүн Мансур бэн Зайд Аль Нахайяны төсөл хэрхэн хэрэгжиж Английн Премьер Лигийн даржин баг арав гаруйхан жилийн дотор дэлхийн шилдэг баг болтлоо өөрчлөгдсөний ганц жишээ л гэхэд уг багийн бүрэлдэхүүний өнөөгийн үнэлэмж нь тэрбум фунтын хэмжээстэй болсон гэдгээр л илэрхийлэхэд хангалттай. Дараа нь ПСЖ, Ньюкасль гээд багууд дээр энэ араб баячуудын өрсөлдөөн үргэлжилж эхэлсэн. Гэтэл хоёр жилийн өмнөөс хүний нутагт биш өөрийнхөө лигт өрсөлдье гэдэг уралдаан эхэлдэг юм даа.
Дэлхийн улс орнууд өөрийнхөө нутагт том одуудыг авчирч дотоодын тэмцээнээ өрсөлдөөнтэй, сонирхолтой болгох гэсэн оролдлого арабчуудаас өмнө хэд хэдэн удаа хийгдэж байлаа. Америкчуудаас гадна Колумб, Орос, Хятад зэрэг улсуудад яг одоо Саудын Арабын нутагт болж буйтай адил асар өндөр цалингаар уруудаж яваа одуудыг авчран тоглуулсан жишээнүүд бий. Бүгд бүтэлгүйтсэн. Бүгдэд нь өөр өөрийн гэсэн шалтгаан бий. Орос, Хятадад очсон одууд зөвхөн эзнийгээ цэнгэлдэхэд байхад гайгүй тоглоно гэхээс биш цэнгэлдэхэд үзэгчид пиг дүүртэл ирэх үү үгүй юу гэдэгт падлий байхгүй ханддаг байлаа.
Америкт санхүүгийн хууль чанга тул баруун солгойгүй мөнгө цацаад байж болдоггүй бас өөрийнх нь төрөлх спортууд нь соккерыг давж гардаг тул тэгээд нэг их гавиагүй. Харин арабуудын хувьд хөлбөмбөг бол номер нэг спорт нь мөн, тэгээд ч Роналду ирснээс хойш ямар ч багтай тоглосон бай уг цэнгэлдэх үзэгчдээр дүүрэх болжээ. Гээд бодохоор цөлд зөвхөн хэдэн баячууд цуглараад шувуугаа уралдуулж байснаас өөрийн гэсэн багаараа, хөгжөөн дэмжигчидтэйгээ (ард түмэн) нийлж байгаад өрсөлдсөн нь илүү амттай, чанартай болоод хувирч байгаа биз. Ингээд л Роналдугийн дараа харьж байгаа, харих дөхөж байгаа хөлбөмбөгчдөд аймаар их цалин амлаад авч эхэллээ. Бензема, Канте, Неймар, Кулибали, Фирминьо, Жота, Менди гээд өчнөөн од хөлбөмбөгчид ганцхан жилийн дотор тийшээ зүглэв. Гэхдээ хэн нь хэнээсээ илүү баян бэ гэдгээ харуулахын тулд ийнхүү өрсөлдөж эхэллээ гэж бодвол өрөөсгөл шүү.
Саудын Арабт “Алсын хараа-2030” гэдэг том төсөл эхэлчихсэн хэрэгжээд явж байгаа гэсэн. Энэ төслийн хүрээнд ирээдүйн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, зөвхөн нефтиэс л мөнгө олохгүй спорт ч гэлээ хөрөнгө босгох нэг арга гэдгийг зүтгүүлэх, хөлбөмбөгөө дагаад хот суурин цэнгэлдэх хүрээлэнгүүд нь өргөжиж томрох гээд бодлоготой, зорилготой алсын хараатай төсөл юм гэсэн. Ямар ч байсан дэлхийн одуудын ачаар өнөөдөртөө Саудын Арабын хөлбөмбөгийн лиг дэлхийн спортын сувгуудын оргил цагаас “хулгайлчихдаг”, хааяа нэг сураг чимээг нь сонсчихмоор хэсэг болсон юм даг.
Г.АМАРСАНАА
One reply on “Чамд шонхор байгаа бол надад Роналду бий DNN.mn”
ан-насрын эзэн муссали аль мауммар баян жилийн 200 сая еврогоор авсан рональдуг ” минийх” гэж хэлэх бүрэн эрхтэй.