Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Ч.Зэгиймаатай ярилцлаа.
-УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэд хэдэн парламент дамнасан уг хуулийн алдаа, оноог та хэрхэн харж байна вэ?
-Боловсролын хууль бол маш цомхон байх ёстой. Өөрөөр хэлбэл, цогцоор нь сайн харж хийх нь чухал. Энэ бол бидний барьж явах зарчим. Тэр утгаараа Боловсролын ерөнхий хуулийг багцалъя гэсэн санаа нь сайн. Гэхдээ энэ хууль өөрөө цогц байж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Ажлын хэсгүүд нь тусдаа гарсан. Өргөн барихдаа долоо, найман хууль оруулж ирсэн. Дээрээ гараад зарим хууль нь бусадтайгаа салж, нийлсэн. Тэр хооронд ажлын хэсэг ямар их өөрчлөгдөв өө. Байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгийн заримд нь миний бие орж ажиллаж байсан. Бид Боловсролын яаман дээр байгуулагдсан ажлын хэсэгт саналаа хүргүүлж байсан боловч тусгагдаагүй. Жишээлбэл, судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль тусдаа өргөн баригдахад миний бие ажиллаж байлаа. Тэгэхэд энэ асуудлыг их, дээд сургуультай нийлүүлнэ гэснээ салгачихсан. Тэгснээ буцаагаад нийлүүлчихсэн. Тэгснээ ажлын хэсгээ хэд сольж явсан. Дээд боловсролын тухай хуульд хүртэл бас их халаа, солио явлаа. Энэ маягаар хуулийн процесст ажлын хэсэг нь жигд, яг анхнаасаа орсон баг нь явж ирээгүй. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд харахад ер нь хууль их хариуцлагагүй явдаг юм байна. Судалгааны сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэг долоон удаа хуралдахад тавынх нь ирц бүрдэхгүй байх жишээний. Дараагаар нь УИХ-ын гишүүд асуудлаа ойлгохгүй, мэдлэг нь алга.
Уг нь Монгол Улсын хэлний тухай хууль гэж гаргах ёстой байсан юм. Миний бие тухайн үед 15 эрдэмтэн ахлаад хоёр жил гаруй уг хууль дээр ажилласан. Ингэхдээ хууль санаачлагчид “Шинжлэх ухаанаа дагаад явах уу. Эсвэл аль нэг улстөрчийн захиалгаар явах уу” гэдэг асуудлыг тавьж байв. Шинжлэх ухаанаа дагана гэхэд нь хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Ингээд яг өргөн баригдах үед гэнэт өөрсдөө дураараа өөрчилчихсөн. Ямар ч хамааралгүй гурван ардын багш авч ороод батлуулсан. Энэ хууль гарснаас болж их буруу, байхгүй ойлголтууд гарч ирсэн нь нийгмийг бухимдуулж байгаа. Жишээлбэл, Боловсролын хуулийг өргөн баримагц эхний өдөр англи хэлний асуудал үүссэн дээ. Англи хэлний лобби бүлэг байгуулагдаж, нэгдүгээр ангиас нь заах ёстой гэсэн мэдээллийн дараа нийгэм шуугьсан.
Тэр даруйд салбарын сайд нь гуравдугаар ангиас заах ёстой гэж мэдэгдмэгц ард түмэн талцаад эхэлсэн. Уг нь Ерөнхийлөгчийн дэргэд Монгол Улсын Хэлний бодлогын зөвлөл гэж бүхэл бүтэн байгууллага бий. Тэд энэ шуугианыг зохицуулах ёстой. Гэтэл ард түмэн дороо бужигнаад байхад тэнд таг чиг шүү. Яагаад гэвэл тэнд гадаад хэлний бодлого байхгүй. Монгол Улсын гадаад хэлний бодлого, Боловсролын салбарын гадаад хэлний бодлого гэж бий л дээ. Боловсролын салбарын гадаад хэлний бодлогод давамгай үүрэгтэй нь Боловсролын яам. Тэнд хариуцсан албан тушаалтан байх ёстой. Хууль орж ирэхэд тэндээс зөвлөгөө аваад, шинжлэх ухааны үндэстэй гардаг байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм зүйл алга. Хуульд хариуцлагагүй ханддаг явдал одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь Монголын эмгэнэл.
-Ер нь манайхан гадаад хэлийг багаас нь заах асуудлыг эсэргүүцэх нь их юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Манайхан гадаад хэлийг монгол хэлтэйгээ дайсагнуулдаг. Аль ч хэл нэг нэгэндээ дэмжиж туслалцаа үзүүлдэг юм. Түүнээс хоорондоо байлддаг хоёр зүйл биш. Тэгэхээр одоо гадаад хэлний мэдлэгтэй, сайн сурсан хүмүүс бол монгол хэлний олж хараагүй, монгол хэлний хөгжлийн зүй тогтлыг гаргаж ирж байгаа шүү дээ. Ер нь монгол хэл шинжлэлийн шинэ салбар эхлэхэд гадаад хэлнийхэн л оруулж ирсэн. Монгол хэлээ сайн сураад, найруулчихдаг байхад гадаад хэлээр ялгаагүй сайн найруулж чаддаг болно. Тиймээс нэг хэл нь нөгөөдөө тусалж байдаг нь ийм учиртай. Тэрнээс хооронд нь дайсагнуулж, сөргөлдүүлдэг хандлага манайд гарч ирэх юм. Гадаад хэлийг дэмжсэнийгээ дайсны тагнуул болгоод л. Зөвхөн монгол хэлийг дэмжиж байгаа нь монгол хүн ч гэнэ үү. Харин гадаад хэлийг дэмжиж байгаа нь монгол хүн биш болчихгүй шүү дээ. Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн мэддэг хүмүүсийнх нь зохицуулалт байхгүйтэй холбоотой ийм маргаан гараад байгаа хэрэг. Анхнаасаа иймэрхүү маягийн будилаан шуугиан үүсгээд байвал энэ хууль явахгүй шүү дээ. Ер нь ЕБС-иудад гадаад хэлийг сонголтоороо сурах эрхийг нь нээгээд өгчих хэрэгтэй. Чөлөөтэй менежментээр зохицуулж болно.
-Та сая Судалгааны сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг Боловсролын багц хуульд тусгах шаардлагатай гэлээ. Том зургаараа ийм сургуулийн цар хүрээ, ач холбогдол нь улсын хөгжилд нөлөөлж чадах уу?
-Хэрэв ийм хуультай байвал Монгол Улс яг жинхэнэ оюуны чадамжаа үнэлж гаргаж ирэх гэж байна хэмээн учир мэддэг хүмүүс бахархах байсан байх. Хамгийн гол нь ийм чухал хуулиа бужигнуулаад байгаагаас төрийн залгамж чанар, аливаад хандах хандлага ямар байдаг нь тод харагдаж байна. Дээд боловсролын тухай хуульд их, дээд сургуулиуд, коллежууд багтаж байгаа. Өнөөдрийн Монголын оршин тогтнох, ирээдүйд хэрхэн хөгжихөд монгол тархийг яаж бий болгох вэ. Энэ улс орныг монголчууд л авч явна. Бид өөрсдөө ямар замаар явах вэ гэдгээ гаргана. Үүнийг хэн гаргах вэ, Монгол хаашаа явах юм, хэдийд ямар түвшинд хүрэх юм бэ.
Тэгвэл гадны улсуудад хөгжлийн замын зураглал байдаг. Харин манайд алга. Нэг сайн тал гэвэл Засгийн газар алсыг харсан хөгжлийн бодлогууд гаргаад байгаа нь зөв. Гэхдээ тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэж чадаагүй. Бидний хөгжлийн замыг тодорхой гаргаагүй гэсэн үг. Тиймээс одоо үүнийгээ дахин засч залруулж хийх ёстой. Бидний очих цэгт явах зам нь тодорхойгүй байгаа үед доошоо бүх зүйл будилаантай байна. Эхлээд үүнийгээ засъя. Тэгвэл хэн засдаг вэ. Гадны өндөр үнэтэй экспертүүд авчрах уу. Тэр хүн монгол ахуйг гадарлах уу. Сүүлийн үед гадаадын том, том дипломтой хүмүүс ирлээ л гэж байна. Тэд Монголын амьдралыг мэдэх үү. Эцсийн дүнд монгол боловсрол, монгол тархи гарч ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр дэлхийн түвшний судалгааны их сургуулиуд байх ёстой. Тэд зөвхөн улс орны төдийгүй бүс нутаг, дэлхийн хөгжлийн таамаглал, үндэслэлийг тогтоодог байгууллага. Үүнийг хөгжүүлэхийн тулд онцгой анхаарах цаг болсон.
-Боловсролын салбарыг хөгжүүлж, мөнгө олдог салбар болгохын тулд төрийн зүгээс ямар бодлого баримтлах ёстой юм бэ?
-Хамгийн том асуудал бол татвараас нь чөлөөлөхөөс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагуудыг татвараар дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх заалтууд хуульд тусгагдаагүй. Тэгэхээр энэ хуулиуд ямар ч амин сүнсгүй. Дэлхийн чиг хандлагыг харахад тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулахад саад тотгор үзүүлж байгаа зүйлийг хөнгөлөхийн тулд хууль оршин тогтнодог. Гэтэл энэ том хөшүүрэг байхгүй хууль баталчих юм бол ямар ч хэрэггүй. Боловсролын багц хуулийг үнэхээр батлах гэж байгаа юм бол олон жил хүлээлттэй байсан гэдгээр шахаж болохгүй. Харин жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай, Монголын боловсролыг хөгжүүлж, өөрчилнө гэсэн чиг хандлагатай гаргаж ирэх ёстой.
Ер нь аль ч салбарыг хөгжүүлэхэд тогтолцоотой шууд холбоотой. Шинжлэх ухааны үндэслэлтэй зөв бодлого гараад, тэрийг хэрэгжүүлдэг арга зам нь тодорхой болсон үед мөнгө аяндаа урсаад ороод ирнэ. Гэтэл цоорхой шүүр шиг байгаа үед хичнээн мөнгө оруулаад ямар ч нэмэргүй. Жишээлбэл, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй юм уу, уул уурхай юу гэдэгтээ тогтох ёстой. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод найман эрхэм зорилго тавьсан байна лээ. Ийм олон толгой хаашаа ч явж чадахгүй. Тэгэхээр монгол хүн баян тансаг сайхан орны иргэн болохын тулд юу хийх ёстойг өрөх хэрэгтэй. Ингэхдээ монгол хүнээ голд нь тавиад тойруулаад зорилтоо зооход яалт ч үгүй боловсролын салбар гараад ирнэ. Хичнээн сургууль, боловсон хүчин бэлтгэх вэ, хаана яаж байрлах вэ, санхүүжилтийг нь яаж шийдэх вэ гээд төлөвлөөд гаргаад ирэхэд болох л асуудал. Гэтэл өнөөдөр хувь, хувьсгал гээд талцаад байх юм. Наанадаж төрийн төлөвлөсөн бодлого байгаагүйгээс Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн боловсон хүчний асуудал үүссэн байж таарна даа. Энэ гажгаа засч сайжруулах гарц гаргалгаа зөндөө бий. Үүнийг ажлын хэсэгт орсон хүмүүс зохицуулах бүрэн боломжтой. Дээд боловсрол дээр бас маргаан явж л байна. АНУ-ын хөгжлийнх нь гол үндэс нь АНУ-ын их сургуулийн хөгжил гэж үздэг. АНУ-ын их сургууль, шинжлэх ухаан нь хөгжөөд ирсэн учраас улсаа дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орон болгочихсон юм. 1965 онд Калифорни муж хөгжихийн тулд дээд боловсролын байгууллагаа гурав хуваасан байдаг. Эхний арван сургуулиа зөвхөн шинжлэх ухаанчаар улс орноо хэрхэн яаж хөгжих замыг гаргаад өг гэсэн. Дараагийн хэсэгт нь та нар бидэнд дээд боловсролтой боловсон хүчнээ бэлтгээд өг. Гурав дахь хэсэгт нь коллеждоо ажиллах хүчнийг бэлтгээд өг гэсэн. Ингээд байгууллагаа гурав хуваасан. Калифорнийг хөгжүүлсэн, яг тэр загвараар АНУ-ыг хөгжүүлчихсэн юм. Тиймээс АНУ-ын энэ загвар бол алтан загвар гэж дэлхийгээр түгсэн. Ганцхан Монгол Улс л энэ олон их, дээд сургуулиа хувааж өгөхгүй байна.
-Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ?
-Сургуулиудын зорилго нь өөр, өөр байгаа. Тухайлбал, судалгааны их сургууль улсын хөгжлийн загварыг тодорхойлоход чухал үүрэгтэй. Тэдэнд“Яг Монгол орныг хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагыг та нар гаргаж өг” гээд Засгийн газар нь толгойлоод захиалгаа өгдөг байх ёстой. Гэтэл үүнийг хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийнхөө байгууллага дээрээ төсөв мөнгийг нь аваад нурааж, самраад байна. Тэгэхээр олон зуун жил туршигдаад ирсэн, мэдлэгийг үйлдвэрлэдэг судалгааны сургуулиудыг хөгжүүлээгүй орон хөгждөггүй юм. Энэ утгаараа бид их сургуулиа анхаараач ээ гээд байгаа юм. Өнөөдөр ЕБС-ийн хуулиасаа илүү энэ чиглэлд онцгой ач холбогдол өгөх ёстой. Боловсролын салбарын төдийгүй Монгол Улсын толгойг бий болгох гэж байгаа тэр байгууллага энэ багц хууль дотор явж байна. Үүнийг босгочих юм бол дараа, дараачийн шатных нь их сургууль, дээд сургууль, коллеж, ЕБС, цэцэрлэг, ясли гээд энэ салбар бүхэлдээ жигдэрчих юм. Тэгэхгүй дороо л бужигнаад байхаар үр дүн олохгүй байна. Эхлээд дээд боловсролын хуульдаа анхаараач ээ. Их сургуулийн амин сүнс болсон шинжлэх ухаанаа дэмжээч ээ.
-Манай улс Шинжлэх ухааны академитай биш бил үү?
-Шинжлэх ухаан гэхээр ямар нэгэн академи болж хувирдаг. Тэндээ дорвитой хөгжсөн шинжлэх ухаан ч байдаггүй. Их сургууль нь ч их сургуулийнхаа утгаар ажиллахгүй байна. Шинжлэх ухааны мэдлэг бий болохгүйгээс иргэд хоцрогдоод байна. Чанар биш тоо ярьдаг болчихлоо. Өнөөдөр ҮХНӨ-ийг хийж, УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх асуудал орж ирэхэд нийгэм талцаж, маргалдаад байна шүү дээ. Хамгийн гол нь ямар тогтолцоо, тэр нь яаж ажиллах вэ гэдгээ Монгол Улс өөрийнхөө онцлогт тохируулах ёстой. Гэтэл манайх эх, зах нь олдохгүй хууль үйлдвэрлээд байдаг, хөгждөггүй ээ. АНУ-д гэхэд ийм олон том, том хууль байхгүй. Акт маягаар зохицуулдаг.
-Боловсролын салбарыг хөгжүүлэх гарц шийдэл?
-Хамгйн гол нь дэлхийн жишгийн дагуу хөгжих ёстой. Олон төрөл ангилал болох ёстой. Бодлого нь зөв байх юм бол хөгжил ирнэ. Эхлээд саадгүй, гадаадын зах зээлд өөрийн олсон мэдлэгээ борлуулаад, гадны оюутнууд манай ирээд хөгжөөд явчихаж болж байна. Хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин үгүйлэгдэж байгааг дахин хэлмээр байна. Ойрын жишээ гэвэл манай урд хөрш байна. Социалист орон хэрнээ хувийн хэвшлийн их, дээд сургуулиудаа дэмжих хууль гаргалаа. Энэ хуулиараа хувийн их, дээд сургуулиудад төрийн байгууллагууд байр саваа үнэгүй ашиглуул. Хувийн их, дээд сургуулиудад байшин сав барья гэвэл газрыг нь үнэгүй өг гэж байна. Банкууд бараг хүүгүй шахам зээл өгч оюутнуудаа дэмжиж байнгаа. Тэгэхээр манай ардчилсан орон юун хувийн хэвшлийн манатай байдаг. Юм л болбол хувь, хувьсгал гэж ялгадаг. Монголын л боловсролд хүндэтгэлтэй хандах ёстой.
Яг үнэндээ өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа улстөрчид ярилцлага өгөөд байдаг. Тэд зөвхөн сэтгэлийн хөөрлөөр, зарим нь ард түмэнд таалагдах гэж худлаа попордог. Энэ бол чөлөөт хэвлэл мэдээллийн орон зай дутагдаж байгаагийн тод жишээ. Чөлөөт хэвлэл мэдээллийг хэрхэн, яаж хөгжүүлэх талаар манай сургууль дээр удахгүй докторын хамгаалалт болох гэж байна. Үүнд бид маш их анхаарал тавьж байгаа. Өнөө цагт мэргэжлийн судлаачдын дуу хоолой үгүйлэгдэж байна. Ардчилсан улс оронд “Өдрийн сонин” шиг судлаачид, ард түмнийг төртэй холбодог гүүр болсон чөлөөт хэвлэлийг дэмжихгүйгээр улс орон хөгжиж чадахгүй. Аливаа асуудал шинжлэх ухаанчаар ханддаг судлаачдын байр суурийг ард түмэн, төр засагт хүргэдэг танай сонинд үнэхээр талархаж байна. Иймээс өнөөдөр шинжлэх ухааны үнэн үг бусад хэвлэлүүдэд гарахгүй байгаа нь худлаа биш. Энэ бол гамшиг. Ардчилсан оронд төрийн үүрэг бага, иргэдийн эрх нэмэгддэг. Үүнийг удирдан чиглүүлэхэд чөлөөт хэвлэлийн үүрэг оролцоо асар өндөр. Тиймээс чөлөөт хэвлэлийг төрийн бодлогоор дэмжихгүй бол энэ улс орон чинь явахгүй ээ.
-Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа “Хос бичигтэн” хөтөлбөрийн талаар таны байр суурийг сонсъё?
-Дэлхийд хос бичиг гэж байхгүй. Хос хэл гэж бий. Хоёр хэлийг төгс эзэмшиж байгаа бол хос хэл гэнэ. Харин хос бичиг гэж нэг үгийг хоёр янзаар тэмдэглэдэг орон дэлхийд байхгүй. Манай улс 2025 оноос уйгаржин хос бичгээр бичнэ гэсэн хууль баталчихсан. Ийм дампуу зүйлийг ярих арга алга.
Монгол хэлийг сайн сурахын тулд жинхэнэ цэгцтэй, орчин цагийн тэмдэглэж байгаа бичиг үсэгтэй нь сурах хэрэгтэй. Харамсалтай нь дөнгөж монгол хэлээ сурах гээд ядаж байгаа хүүхдүүдэд эртний хэлийг эртний бичигтэй нь оруулж ирж байна. Энэ бол өнөөдөр гадаад хэл, монгол хэлийг төгс сурахад нь хорлож байгаа асуудал юм. Дээрээс нь одоо монгол хэл, бичиг гэж үг шалгалтад оруулаад ирмэгц уйгаржин болгочихдог. Ингээд түм, буман хүүхэд монгол хэлнийхээ шалгалтад унаад байна. Үүнээс болж хүүхдүүд монгол хэлэндээ дургүй болох, үгүйсгэхэд хүрдэг. Цаашилбал гадаад хэл сурах сонирхолыг нь алж байна. Тэгэхээр одоо үүнийгээ боль.
Тэр хуулийг хэрэгжүүлэх гээд шахахаар явахгүй. Гэтэл амьдралд хэрэгждэггүй ийм хуультай адилхан Боловсролын багц хуулийг битгий хийгээсэй. Тиймээс мэргэжлийн хүмүүсээр сайн хэлэлцүүлэх ёстой.