Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Цөөнх бол олонхийн бодлогыг дагах ёстой. Энэ хувь заяатайгаа эвлэрэх хэрэгтэй


Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх төслийн явц ямар байгаа вэ.  100 хоногт юу хийж амждаг юм гэдэг шүүмжлэл дунд төслөө хэрэгжүүлж байх шиг байна?

-Эдийн засгийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэх 100 хоногийн аян бол цоо шинэ бодлого гаргаж,  бүх зүйлийг өөрчилнө гэсэн үг биш.  Энэ бол оны эхнээс тодорхойлоод хэрэгжүүлж эхэлсэн ажлынхаа эрч хүч, хурдацыг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.  Өөрөөр бол уралдаж яваа морио ташуурдаж хурдыг нь нэмэгдүүлэх л санаа. Үүний дагуу Засгийн газар тодорхой төсөв төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд олон зүйлийг хийж байна. Сангийн яам бол  улсын төсвийн орлогыг бүрдүүлж,  оновчтой зарцуулж, санхүүжилтээ олгох үндсэн үүрэгтэй. Гэсэн хэдий ч төсвийн бааз суурийг өргөтгөх, татвар төлөгчдөө бэхжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилтыг давхар хэрэгжүүлдэг. Энэ чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллаж байна. 

-Тухайлбал?

-Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай Засгийн газрын 147 дугаар тогтоол гарсан шүү дээ. Тиймээс төсвийн бүх шатны хүмүүст тодорхой үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Үр дүнд нь төсөвт өргүй зардал үгүй болж, шат дамжлага нь багасч, зардал чирэгдэл нь буурах учиртай.  Ийм хэлбэрээр төрийн яамд  өөр өөрсдийнхөө ажлаа  хөөцөлдөж байна. Санхүү эдийн засгийн салбарт Сангийн сайдын тушаал гарч  татвар, гааль зэрэг яамны харьяа байгууллагуудын хүрээнд төсвийг оновчтой болгох ажил өрнөж байна.  Ийм маягаар татвар төлөгчдөө идэвхжүүлж, эдийн засагт эрч хүч нэмж, ажлын байр нэмэгдүүлэхээр багц бодлого боловсрууллаа. Ер нь эдийн засгийг идэвхжүүлэх  100 хоногийн хүрээнд манай яам УИХ-д 10 хууль, тогтоолын төсөл өргөн барилаа. УИХ-ын хоёр,  Засгийн газрын нэг тогтоолыг УИХ-аар гаргууллаа. 

-Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх тухай тогтоолын төслийг саяхан батлуулсан байх аа?

-Тийм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжье, ажлын байр бий болгоход нь тусалъя,  тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь дэмжлэг үзүүлье гэдэг байдлаар бид ажиллаж байна. Жишээ нь 500 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийн сан ажиллаж байна. Эндээс бизнес эрхлэгчдэд  хөнгөлөлттэй зээл олгож байгаа.  Зээлээ авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор батлан даалтын сан байгуулсан. Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг хоёр жилийн хугацаатайгаар чөлөөллөө.  Томоохон төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд  Чингэс бонд,  Хөгжлийн банкаас  санхүүжилт авч шинээр үйлдвэрлэл байгуулж, тоног төхөөрөмж оруулж ирээд суурилуулбал төлөх албан татварыг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулдаг боллоо.  Хөрөнгө оруулалтаа хийж, үйлдвэрлэлээ өргөтгөж байх хугацаанд  татварынх нь ачааллыг хөнгөлж өгье гэдэг хууль гарлаа. Энэ дагуу Засгийн газраас хоёр ч журам батлагдсан.  Мөн том жижиг гэлгүйгээр  нийт бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа.

-Энд юу гэж тусгасан билээ? 

-НӨАТ-ынх нь 20 хувийг буцааж олгох хуулийн төсөл юм.  Ер нь бол татварын талаар бидний барих бодлого маш тодорхой.  Татварыг шинээр нэмэгдүүлэхгүй, татварын хувь хэмжээг өсгөхгүй, бизнесийнхээ орчныг тогтвортой байлгах л бодлоготой.  Татварын бодлогоор бизнес эрхлэгчдээ дэмжих  механизмуудыг  хийж өгөх учиртай. Энэ хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлуудыг оруулж батлуулаад байна.  

-Сүүлийн үед төсвийн данс улайгаад бүх юм болохоо байчихсан мэт сэтгэгдлийг сөрөг хүчний зүгээс хүмүүст төрүүлээд байх шиг байна. Төсвийн бодит байдал ямар байгааг та хэлээч?

-Төсвийн данс улайсан гэдэг бол улстөржсөн сурталчилгаа.  Хэрэв тийм бол бид цалингаа тавьж чадахгүй, тэтгэврээ өгөхгүй, санхүүжилтээ хийж чадахгүй.  Дээрээс нь бодлогын шинжтэй энэ олон хөнгөлөлт,чөлөөлөлт өөрчлөлтүүдийг хийхгүй шүү дээ. 

-Төсвийн орлого  тасалдчихаад байгаа нь үнэн байх? 

-Төсвийн орлого анх төлөвлөсөн хэмжээнээсээ жаахан тасалдалтай яваа нь үнэн.  Энэ нь санхүүгийн гадаад, дотоод орчин нөхцөлтэй уялдаатай байна. Гэхдээ Засгийн газар өөрийнхөө эрх хэмжээнд хуулиар олгогдсон  механизмуудынхаа хүрээнд улсын төсвийг бүрэн хэмжээгээр зарцуулаад явж байна. Цаг хугацаандаа олгох ёстой санхүүжилтүүдийг өгч байгаа. Цаашлах юм бол  хөрөнгө оруулалт санхүүжилтийн хуулийн хүрээнд явж байна.  Хөрөнгө оруулалтын идэвхижил сул байгаа нь үнэн.  Гэхдээ хуучинтай адил их зүйл төлөвлөчихөөд түүндээ тааруулж ажил хийсэн ч, хийгээгүй ч санхүүжилт олгодог  аргыг  бид өөрчилсөн.  Одоо бодитой ажил хийж, гэрээгээ биелүүлсэн гүйцэтгэгчид санхүүжилтийг нь саадгүй өгч байгаа. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын санхүүжилт саадгүй олгогдож байна. Тендер зарлах,  гүйцэтгэгчээ шалгаруулах,  байр байршлаа сонгох, газрынхаа асуудлыг шийдэх, зураг төсвөө боловсруулах ажил нь удаашралтай явж байгаа нь харин үнэн. Үүнийгээ л түргэвчилбэл санхүүгийн байдал ягтаа тулчихсан асуудал байхгүй. 

-Төсвийн тасалдал мэдээж хөрөнгө оруулалт буурсантай холбоотой юу?

-Эхний улиралд ер нь санхүүгийн идэвхжил муу,  төсвийн орлого бага байдаг.  Ямар ч байсан бид энэ улирлыг давчихлаа. Эхний гурван сарын дүнгээр төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасарч явсан юм.  Харин сая  тавдугаар сард тасалдлыг багасгалаа.  Дээр нь 100-гаад тэрбумаар нөхлөө. Тиймээс одоо  төсвийн тасагдал 300 орчим тэрбум төгрөг болж байна.  Зургаа,  долдугаар сар бол эдийн засаг идэвхждэг үе. Энэ хугацаанд төсвийн орлогын тасалдал гарахгүй байх гэж бодож байна. 

-Төсвийн  орлогын тасалдлыг яаж нөхсөн бэ?   

-Ер нь оны эхэнд байдал амаргүй байсан. Манай гол экспортын бүтээгдэхүүний үнэ ханш уналаа.  Манайхаас бараа бүтээгдэхүүн худалдаж авсан улс  төлбөрөө хийж чадахгүй байсан. Тиймээс эхний гурван сар бараагаа ачуулаад өгчихсөн мөртөө төлбөрөө авч чадахгүй байлаа.  Харин сая тавдугаар сараас энэ байдал өөрчлөгдөж,  манайхаас бүтээгдэхүүн авсан улс маань төлбөрөө хийж эхэлсэн. Үр дүнд нь нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж эхэллээ. Дагаад эдийн засаг маань бүхэлдээ идэвхжих хандлагатай болж байна. Бусад салбарууд ч идэвхжиж байна. 

-Одоо дахиад  төсвийн тодотгол хийх тухай ярьж байна. Энэ тодотгол ямар байдлаар орж ирэх вэ?

-Төсөв 300 гаруй тэрбум төгрөгийн тасалдалтай байна. Тэгэхээр зарлага санхүүжүүлэх төсөв байхгүй болчихож байна. Зарлагыг  хоёр эх үүсвэрээс санхүүжүүлдэг шүү дээ.  Орлогоор эсвэл зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Гэтэл өөрийн эх үүсвэр  бодитоор буурчихлаа. Тийм учраас зарлагаа хорогдуулахаас өөр аргагүй байна. Нөгөө талдаа  санхүүгийн эх үүсвэр нэмж дайчлах, улсын өр нэмэгдүүлэх боломж алга. Энэ тал дээр хатуу хязгаар тавьчихлаа. Тэгэхээр одоо орлогодоо тааруулж зарлагаа багасгана гэсэн үг. 

Энэ хүрээнд урсгал зардлыг бууруулна.  Засгийн газар төсвийн хэмнэлтийг таван чиглэлд хийхээр бодлого гаргасан. 

-Задлаад хэлбэл?

-Илүү орон тоо гаргахгүй. Төсвөөс санхүүждэг зарим аж ахуй нэгжүүдийг биеийг нь даалгая. Жишээ нь Засгийн газрын авто бааз,Төр засгийн аж ахуй эрхлэх бааз зэрэг  төрийн өмчийн үйлдвэрийн газрууд бий. Эдгээр байгууллага зах зээлийнхээ зарчмаар ажиллаад  өөрийгөө санхүүжүүлэх бүрэн боломжтой. Гувшаа хурга шиг улсын төсвийг “хөхөж” амьдардаг практик байхгүй болно. Цаашилбал Төрийн өмчийн оролцоотой газруудын татаасыг багасгана. Нийтийн тээвэр, эрчим хүчний татаасыг танана.   Ингэхийн тулд цахилгаан, дулаан эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэрийг УИХ-аар гаргууллаа шүү дээ. Дараа нь төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлье. Жишээ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах  санхүүжилтээ оновчтой болгоё. Сонин хэвлэлд зургаа тавиад хамт олноо магтдаг үрэлгэн зардлыг больё.  Зөвхөн  төр засгийн бодлогыг нэгтгэж олон түмэндээ хүргэдэг байя. Дараагийн нэг том чиглэл бол төсөв захирагчдад төсвөө хэмнэх механизмыг төлөвшүүлье. Үүнийх нь төлөө эдийн засгийн урамшуулал бий болгоё. Төсөв захирагчид нэмэгдэл орлого олчих юм бол өөрт нь үлдээх жишгээр явъя гэх зэргээр  бодлогын өөрчлөлтүүдийг хийж байна. 

-2009 онд валютын ханш огцом өссөн байдаг. Тэр үед  төсвөө танаж,  Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр хямралыг амжилттай давсан гэж ярьдаг. Манайд яг одоо энэ арга хэрэгтэй гэх юм. Та юу гэж бодож байна вэ?  

-Үгүй ээ. Тэр бол мөнгөний хатуу бодлого байсан. Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр эдийн засагт орох мөнгөний хэмжээ багассан шүү дээ.  Тэр хэрээр үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд очих санхүүгийн дэмжлэг буурсан. Эдийн засаг улам бүр агшсан байдаг. Хамгийн хүнд үр дагавар нь ганцхан жилийн дотор 70 мянган ажлын байр үгүй болсон шүү дээ.  70 мянган хүн ажилгүй болохоор чинь ард түмний амьдрал юу болох билээ. 2009 оны хямралын үед хэрэглэсэн арга бол амаргүй үр дагавартай байсан. 

-Энэ аргыг тэгэхээр хэрэглэх боломгүй гэсэн үг үү?

-Өнөөдөр бид энэ аргыг хэрэглэхгүй.  Өөр аргаар явж байна. Тодруулбал, эдийн засгаа идэвхжүүлэх замаар явж байна. Хамгийн гол нь бид ажлын байраа хадгалж үлдэнэ.  Иргэдийн амьжиргааны түвшин хадгалагдаж үлдэнэ. Бид эдийн засагтаа хөрөнгө оруулж байгаа учраас цаашдаа үйлдвэр үйлчилгээний газрууд сэргэнэ. Хэтдээ эдийн засгийн зөв үндэс суурь бий болж байна. Яахав үүний сөрөг  үр дагавар нь валютын ханшийн өөрчлөлт юм. Эдийн засагт мөнгө нэмж хийж байгаа учраас тодорхой хугацаанд үнэ ханшид өөрчлөлт гарна. Үүнийг бид анхнаасаа ч харж байсан.  Гэхдээ ажлын байраа хадгалж үлдээд эдийн засгаа идэвхжүүлэх үндэс сууриа зөв тавих нь чухал байсан учраас энэ аргыг сонгосон юм аа.  Тийм учраас хуучин үед хэрэглэж байсан эдийн засгаа борцлох, хатуу бодлого руу шилжихгүй.  

-Та нарын энэ аргын үр дүн  хэзээнээс мэдрэгдэх юм бэ. Ам.долларын ханш хэзээ буух вэ. Эсвэл өссөөр байх юм уу. Яалт ч үгүй хүмүүсийн түрүүвчин дэх мөнгө багасч, юмны үнэ тэнгэрт хадлаа.  Иргэдийн амьжиргаа доройтоод байгаа нь бодит үнэн. Энэ нь та бүхний сонгосон аргаас болоод байна гэж харах юм?

-Үр дүн удахгүй гарна. Эхнээсээ сайн үр дүн гараад эхэлж байна. Сая цементийн  үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Чингэс бондоос санхүүжилт өгсөн үйлдвэр шүү дээ. Үнэндээ 2009 оны эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн зүйл бол цемент байсан. Үнэ нь өсөөд, үүнээс болж хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Барилгын компаниудын үйл ажиллагаа хүнд байдалд орсон. Тэгвэл одоо бид гаднаас цемент худалдаж авахаа болилоо. Өнгөрсөн жил  30 мянган орон сууц ашиглалтад орууллаа. Ийм маягаар бид цаашаа ахисаар байна. Мэдээж иргэдийн амьдралд  хүнд ачаа болж байгаа зүйлүүд бий. Харсаар байтал хүнс өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Энэ байдлаас  бид  удахгүй гарна. 

-Яаж?

-Үйлдвэрлэлүүд маань идэвхжээд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдээд, валют зарж гаднаас  импортын бараа авахаа больчихвол. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт  нэмэгдээд ирвэл  эдийн засаг  өөрөө эрүүлжээд ирнэ. Тэр цагт одоо гарч байгаа сөрөг үзэгдлүүд арилна. Тэгэхгүй  зээл аваад л хишиг хувь нэрээр тараагаад  байвал тэр  мөнгө чинь гадагшаа гарч,  эргээд импортын бараа бүтээгдэхүүн  болж л орж ирнэ. Энэ нь валютын хомсдлыг улам өдөөнө шүү дээ. Ийм хорт хавдрыг бид үндсээр нь үгүй хийхийн төлөө ажиллаж байна.  

-Төсөвт ам.долларын ханшийг 1380-аар тооцсон. Гэтэл одоо 1800 гарчихлаа. Та нарыг буруутгах нэг шалтгаан энэ байна л даа. Ер нь яагаад ингэсэн юм бэ?  

-Наадах чинь бол хий хоосон улстөржсөн хийрхэл шүү дээ. Төсөвт тооцсон ханшаар хэзээ ч гадаад худалдаа хийдэггүй юм. Энэ бол зүгээр төсвийн тооцоонд хэрэглэсэн ханш. Үүнээс болоод бүх юм эвдэрчихлээ гэдэг бол буруу ойлголт.  Ер нь ханш, инфляцийн аль аль нь  байнгын хөдөлгөөнтэй байдаг үзүүлэлт.  Үүнийг хэн ч яг онож төлөвлөж чаддаггүй.  Яагаад гэвэл эдгээр үзүүлэлтүүд олон зүйлээс хамаардаг. Хэрвээ  өнөөдрийн бодит ханшаар ам.долларыг  тооцчих юм бол үнэ ханш бууруулах бодлого явуулах боломжгүй. Төсөвт ам.долларыг өндөр үнээр тусгавал цаашдаа ханш өсөх нь гэдэг дохиог  бизнесийнхэнд өгчихдөг.  Ингэхээр ханшийн өөрчлөлт  хүчээ авч, хяналтгүй болдог юм.  Өөрөөр хэлбэл  жолоог нь эвхээд  хүзүүнд нь зүүгээд ташуурдахтай адил.  Тиймээс  ханшийг байгаагаас нь  бага хэмжээгээр төлөвлөөд, цаашид буулгана гэсэн дохио өгөх нь эерэг.   Хол явах арга нь энэ. 

-Аливаа улсын эдийн засаг сайн эсвэл муу байгааг хэмждэг таван үзүүлэлт байдаг юм гэсэн.  Гэтэл энэ үзүүлэлтүүд муудчихсан гээд байна л даа? 

-За ямар үзүүлэлтүүдийг нэрлэх юм, сонсъё. 

-Инфляци, ханш, хөрөнгө оруулалт…

-Ханш өсч байгаа нь үнэн. Хөрөнгө оруулалт буурч байгаа нь худлаа. 

-Өсч байгаа гэж үү? 

-Өсөлгүй яахав. Хуучин бол хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тооцдог байсан юм. Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулж байгаа нь үнэн ч өнгөрсөн жилийнхээ түвшинд л байгаа.  Дээрээс нь эдийн засаг руу Хөгжлийн банк, Чингэс, Самурай бондоос хөрөнгө оруулж байна. Ингэхээр Монгол Улсын эдийн засагт орсон хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад хоёроос гурав дахин нэмэгдсэн. Энэ нь тодорхой хугацааны дараа эдийн засгийг гурав дахин өсөх суурийг бий болгож байгаа хэрэг. 

-Тухайлбал, ямар салбарууд дээр хөрөнгө оруулалт өсч байна вэ? 

-Эрчим хүч, зам тээвэр, холбоо харилцаа, барилгын материалын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн  салбарт хөрөнгө оруулалт өсч байгаа. Таван үзүүлэлтийн  нэгээр төсвийн орлого тасарсныг хэлж байгаа байх. Энэ бол үнэн.  Гэхдээ алдагдлыг нөхсөн тухай би дээр хэлсэн.  

-Тав дахь үзүүлэлт нь богино хугацаат өрийн хэмжээ. Энэ нь 2.5 дахин  нэмэгдсэн гэсэн?

-Улсын өр нэмэгдэж байгаа.  Гэхдээ хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрээгүй шүү. Одоо харъя. Таван үзүүлэлтийн гурав нь өссөн, хоёр нь буурсан байгаа биз. Тэгэхээр таван үзүүлэлт бүгд муудсан гэдэг мэдээлэл худлаа. 

-Чингэс, Самурай бонд,  үнэ тогтворжуулах хөдөлбөрийг төсөвтөө суулгаад явж болдоггүй юм уу? 

-Энэ бол төсөвт суух ёстой  үзүүлэлт биш шүү дээ. Анх Хөгжлийн банкийг яах гэж байгуулсан юм. Монгол Улс төсвийн мөнгөөр  хөгжихгүй юм байна. Бусад газраас эх үүсвэр татъя, бусдын жишгээр явъя гээд Хөгжлийн банкийг  байгуулсан. Тиймээс Хөгжлийн банк төсвөөс гадуур явдаг хуультай.  Хэрэв Хөгжлийн банкнаас явуулж байгаа ажлуудыг төсөвт суулгачихлаа гэж бодъё. Энэ банк өөрөө санхүүжилт хийж чадахгүй. Төсвийн алдагдлаа  хоёр хувьдаа барьж чадахгүй юм болно. Гэтэл Монгол Улс хөгжих ёстой юм бол хөрөнгө оруулалт хийх ёстой. Чингэс бонд бол өөрөө улсын өрийн хэмжээнд орж тооцогдож байгаа. Тэгэхээр Чингэс бонд төсвөөр дамжаагүй гэдэг худлаа.  Үнэ тогтворжуулах хөтөлбөр төсвийн эх үүсвэр биш.  Төв банкаас гаргасан аж ахуйн нэгж хоорондын үйл ажиллагаа. Хэзээ бид арилжааны банкнаас аж ахуйн нэгжид өгсөн зээлийг улсын төсөвт тооцдог байсан юм. 

-Чингэс бондын зарцуулалт олон нийтэд бүрхэг байна.  Сангийн сайдын хувьд та энэ талаар тодорхой тайлбар хийгээч? 

-Ард түмэнд хардах эрх нь байна. Хардуулах ч ёстой.  Чингэс бонд, Хөгжлийн банкны зарцуулалт дээд зэргээр ил байх ёстой.  Эдийн засгийн хөгжлийн яамны  сайт руу ороод үз. Тэнд зарцуулалт нь байгаа шүү дээ.  

-Хамгийн гол нь үр ашигтай зарцуулж чадаж байгаа юу?

-Ард иргэд хянах ёстой.  Хэн ч энэ зарцуулалтыг  нууя, хаая гэж хэлэхгүй байгаа.   Нэг зүйлийг их олзуурхаж байгаа.  Улсын өр нэмэгдэх гээд байна, Монгол Улс өрөнд орох нь гэж яриад байгаа нь сайн.  Яагаад гэвэл бүх юм ард түмний хяналтан дор явах нь гэсэн үг. Ядаж Монгол Улс зээл авсан гэдгээ мэдэж байгаа нь сайн.  Гэтэл саяхныг хүртэл Монгол Улсыг их хэмжээний өрөнд оруулчихаад түүнийг нь Монголын ард түмэн огт мэдэлгүй өнгөрсөн, мэдүүлэхийг ч хүсдэггүй байж шүү дээ. Далд байгаа харанхуй руугаа эргэж харахгүй юм уу. 

-Тэр нь юуг хэлээд байна вэ?

-Оюу толгойд хичнээн хөрөнгө оруулалт орсон юм. Юунд зарцуулсан,  хичнээн хэмжээний өр болсон бэ гэдгийг хэн мэдэж байгаа юм. 

-Оюу толгой яг юу болчихсон гэж. Тодруулаач? 

-Хэлэлцээр үргэлжилсээр байгаа. Огт анхааралд өртдөггүй тэр зүйлийг нь  ил болгоод, тоон үзүүлэлтээ тохирч  бодлого чиглэлээ явуулах санаатай оролдоод байна.  Харамсалтай нь нөгөө тал маань ил болгохыг хүсэхгүй байна. Нэг хэсэг нь ил болгуулахыг ч хүсэхгүй байна. “Гадныхныг ад үзлээ, Оюу толгойг хаалаа, хөөлөө” гээд байх юм.  Гэтэл тэнд бид мэдээгүй, хүсээгүй мөртөө хүний эрхээр өрөнд ороод байгаа юм байна. 

-Жишээ нь?

-Оюу толгойн хөрөнгө оруулалт хэтэрчихсэн гээд байгаа биз дээ. Гэтэл хэн хэтрүүл гэсэн юм. Хэн ч тэгж хэлээгүй. Харамсалтай нь хөрөнгө оруулалт ихсэхээр монголчуудын өр нэмэгдээд байгааг бүгд мэдэж байгаа. Тэгтэл хэн ч ярихгүй байна.  Үүнийг нь ил болгохын төлөө бид ажиллаж байна. Удахгүй ил болно. Маш их ажил хийлээ. Бүгдийг нь баримтаар хянаад, баталгаажуулж байна.  Ер нь бонд, гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрын ялгаа юунд байдаг юм. Бонд бол ил тод зарлаад олон талаас авч байгаа эх үүсвэр. Мөнгөө бөөн дүнгээр нь авдаг. Мөнгөндөө багтааж Засгийн газар үр ашигтай бодлого явуулах эрх нь нээгддэг.  Эрхээ дагаад хүлээх хариуцлага нь Засгийн газарт ирдэг. Бондыг муу ашиглавал өр болно. Ийм болгохгүйн төлөө ажиллах ёстой. Гэхдээ бондыг сайн ашиглавал үр ашгийг нь улс орон хүртэнэ. Муу ашиглавал Засгийн газар хариуцлагаа хүлээнэ. Үүгээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтаас давуу. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол нэг хөрөнгө оруулагчтай ажиллана. Эсвэл хамтарсан хөрөнгө оруулагчтай ажиллана. Хугацаа хожиж, түргэн хэрэгжих бололцоотой ч монголчуудаас хамаарахгүйгээр  хүний дүрмээр тоглодог.  Тэр хэмжээгээрээ зарлага,  үр өгөөж нь бидний хяналтаас ангид байдаг.  Хөрөнгө оруулалт буруудвал яадаг юм.  Монгол Улс байгалийн баялгаа алдана. Монголын өрийг нэмээд биччихнэ. Тэгэхээр хоёр хөрөнгө оруулалтын аль нь эдийн засаг, нийгмийн үр ашигтай вэ гэдгийг бодож, аль алиныг нь эрсдэлд оруулалгүй ашиглах ёстой. Харамсалтай нь Оюу толгойн гэрээнд маш том эрсдлүүд гарчихлаа. Тэгэхээр өөрийнхөө толгой дээр байгаа малгайг харахгүй мөртөө хүний толгой дээрх өвсийг ад үзлээ гэдэг шиг л асуудалд хандаад байна.  Гадаадын шууд хөрөнгө оруулалт,  Хөгжлийн банкнаас гаргаж байгаа бондын аль алиных нь оновчтой зөв хэлбэрийг олох хэрэгтэй. Бид ард түмний хяналт дор бүгдээрээ хэлэлцээд буруугүй замаа сонгох зарчмыг баримталж байгаа. Харин хүний анхааралд орохгүй, ярианд өртөхгүй битүү хамгаалаад байгаа зүйлээ ярих ёстой.

-Үүгээрээ Ардын намынхныг дайруулж хэлээд байна аа даа? 

-Оюу толгойн гэрээ хэзээ хийгдсэн юм бэ гэдгийг л хар. Гэхдээ одоо тэр, энэ  гэж хэлмээргүй байна. Бүгдээрээ л алдсан. Бид ч тэр үед УИХ-д байсан. Нэг хэсэг нь Монголыг сайхан болгоно гэдэг сэтгэлд хөтлөгдөөд хийсэн ажил. Даанч богино харсан байж. Одоо бид энэ хэлбэрээр цаашаа явах юм бол маш том алдана. Тийм учраас засахыг оролдож байна. Ийм үед сайн ч бай, муу ч бай бид дотроо эвдрэлцээд хэрэггүй.  Уг нь нийлж байгаад байдлыг сайжруулмаар байна. Өмнө нь бид хачин сайхан байлгасан чинь одоо энэ хүмүүс авах юмгүй болголоо гэж яриад байхаар чинь цахилгаан цахидаг юм байгаа биз дээ. Ингэлээ гээд хэнд ч ашиггүй. Өмнө нь эдийн засаг 17 хувь байсан гээд магтаад байх юм. Тэр  17 хувиа задлаад үзээчээ.  ДНБ гэдэг үзүүлэлт байдаг юм.  Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг үзүүлэлт цаана нь  бас байна. Тэр нь гадныхан аваад явсны дараа Монголд үлдэж байгаа ашгийг хэлдэг юм. Энэ үзүүлэлтээр нь аваад үзэхээр эдийн засгийн 17 хувийн өсөлт чинь алга.    

-Ер нь Оюу толгой таг зогсчихгүй юм байгаа биз дээ?

-Юу гэж зогсох юм. Нэгдүгээр ээлж нь ашиглалтад орчихсон. Анхны тохироогоор бол эхний үйлдвэр ашиглалтад ороод тэндээс олсон ашгаараа газар доорхи уурхайгаа барина гэдэг гэрээтэй. Гэтэл газар доорх уурхай дээрээ зээл авна гээд байна.  Тэгэхээр  манай өр нэмэгддэг юм байгаа биз дээ. Үүнийг яагаад Ардын намынхан ярихгүй байна, цаанаа улс төрийн сонирхол байгаа гэсэн үг. Бид яагаад үүнийг ил болгохгүй байна гэвэл юу юугүй гал авалцуулж, хагарчихалгүй, болж өгвөл асуудлаа яриад явъя гэж бодоод байна. Тэгэхгүй бүгдийг ил гаргаад зарлачихвал нэг хэсэг нь гараад л явчих биз. Монголд үлдсэн хэд нь хариуцлагад татагдана. “Яагаад ийм муу гэрээ хийсэн юм” гээд ард түмэн асууна. Гэхдээ удахгүй бүгд ил болно. Тэр үед эдний ярьсан бүхэн худлаа болж хувирна. Тэр цагт яаж хүний нүүр харна аа. Үүний оронд Ардын намынхан биднийг дэмжээд гэрээг засуулчих хэрэгтэй. 

-Ардын намынхан сөрөг хүчинтэй хамтаръя гэхээр хүлээж авдаггүй юм биш үү?

-Тэд яаж хамтарна гэсэн юм. Бодлогоо өөрчил гээд байгаа биз дээ. Бид бодлогоо үндсээр нь өөрчилж болохгүй. Бид бодлогоо өөрчлөөд ямар бодлого руу орох юм бэ. Өмнө явсан бодлогоор сайжирсан юм байна уу. Тэр их мөнгө тараагаад хүмүүсийн амьдрал сайжирсан билүү. Үнэ ханш хямд байсан юм уу. Улс орон хөгжиж дэвшсэн үү, эдийн засаг зөв болсон юм уу. Өр авлага багассан уу. Үгүй шүү дээ. 

Тэгэхээр нэг зүйлийг ойлго. Олонхи, цөөнх гэж хоёр өөр хувь тавилан. Эвлэрэх ёстой. Нэгэнт олонхи болсон юм бол бодлогоо явуулах ёстой, хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Цөөнх нь олонхио алдаа гаргахаас сэргийлэх ёстой, зөвлөх хэрэгтэй. Гаргасан  бодлогыг нь дагах ёстой. Энэ хувь заяатайгаа эвлэрэх ёстой. Бодлогоо хэрэгжүүлэх мандатыг ард түмэн олонхид өгсөн байхад “Наадахаа өөрчил, биднийхээр яв” гэж цөөнх нь хэлж болох юм уу.  

-Ер нь бол Засгийн газрынхан буруу харж суучихаад Оюу толгойнхныг хөөж, бусад хөрөнгө оруулагчдыг үргээгээд байна гэдэг ойлголт яваад байгаа л даа?

 -Асуудал нь шал өөр шүү дээ.  Бид хамтарч ажиллая, хөрөнгө оруулалтыг чинь хүлээж авъя,  таатай орчин бүрдүүлж өгье,  бүх бололцоогоор дэмжье, татвараа тогтвортой болгоё, гэрчилгээ өгье, онцгой эрх олгоё, урьж байна л гээд байгаа. Ганцхан харилцан ашигтай ил тод байя гэдэг л зүйл санал болгож байна.  Гэтэл Монголын талд ашиггүй нөхцөлөөр хийчихсэн гэрээг  засахын тулд бидэнд маш их цаг хугацаа хэрэгтэй байна. Ийм байхад нэг хэсэг нь “Засгийн газраас болж хөрөнгө оруулалт буурч байна. Үүнээс  болоод бусад хөрөнгө оруулагч  дүрвэлээ” гэж яриад байна.  Хөрөнгө оруулагч тал манайд нөхцөлөө тулгаж,  бид тэдэнд нөхцөлөө тулгаад дундын хувилбар олохын тулд ажиллаж байна. Үүнээс өмнө дандаа хүний аманд орж, хөтлөгдөөд явж байсан юм билээ.  

-Дундын ямар хувилбар гаргах гээд байгаа юм бэ?

-Энэ бол бид хоёроос ахадсан асуудал. Цаг нь болохоор  дэлгэрэнгүй ярина.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *