Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосормаа: Бразилийн махны технологийг Монголд нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаатай онлайнаар ярилцлаа.

-Таныг Бразилд суух Элчин сайдаар томилогдох үед хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан. Одоо бол олимп болж байна. Монголчуудад Бразил магадгүй спорттой холбоотойгоор хоногшсон байх. Таны хувьд ч илүү спортлог Элчин сайд болж хувирсан болов уу?

-Үнэхээр тийм үйл явдлууд давхацсан нь миний хувьд их хувь тохиож байна. Олимпийн наадамд баг тамирчдаа хүлээн авна гэдэг Элчин сайдын хувьд өндөр нэр төр, үүрэг хариуцлага бас аз завшаантай хэрэг. ЭСЯ маань байгуулагдсан цагаасаа эхлэн олимпийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажилласан юм. Эхний үр дүн гарч байна. Олимпийн баг тамирчид, албаны хүмүүс “Бразилд ЭСЯ-тай байгаа нь ямар сайн хэрэг вэ” гэж хэлэхийг ойрын өдрүүдэд олон сонслоо. Бразил манай орноос алслагдмал, 12 цагийн зөрүүтэй, монголчуудын хувьд төдийлөн танил биш учраас бэлтгэл ажлыг хангах ЭСЯ-ны үүрэг хариуцлага их байлаа.

-Хамгийн олон монгол тамирчин олимпод оролцож байгаа. Олимпод оролцох тамирчдаа угтаж бэлтгэл хэр их хийв?

-Рио 2016 олимпод оролцох эрхийг өмнөх жилүүдээс хамгийн олон буюу 43 тамирчин авсан нь манай улсын хувьд олон медаль авах магадлалыг нэмэгдүүлж байна. Тамирчид шинэ орчиндоо хурдан дасан зохицож, бэлтгэлээ хангах нь хамгийн чухал. Бидний сонгосон бэлтгэл хангах баазын үйлчилгээ манай тамирчдад таалагдсан гэж найдаж байна. Бэлтгэл хангах “Функционар” клубийнхан манай тамирчдыг халуун дотноор хүлээн авч, бүх талаар туслалцаа үзүүлж байна. Хэн хэндээ сэтгэл хангалуун байгааг хараад бид ч баяртай байгаа. Манай тамирчид их хичээж байгаа, тэдний дусал хөлс ямар их үнэтэйг энд мэдэрч сууна.

-Манай тамирчид монгол хоолоо идэж байгаа гэсэн үү?

-Шигшээ багийнхан эмч, бариач, эрдэм шинжилгээний ажилтан, монгол тогоочтойгоо ирсэн. Бразилийн хоол амт, чанартай ч борцтой шөлөө уухаараа тамирчид маань улам хүч ороод байдаг юм уу гэж бодсон шүү.

– ЭСЯ-наас олимп үзэхээр зорьж байгаа монголчуудад зориулж зөвлөмж гаргасан гэсэн үү?

-ЭСЯ-ны нэн тэргүүний үүрэг бол монгол иргэд, баг тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах юм. Бразилийн Засгийн газраас аюулгүй байдлыг хангах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч тайвширч болохгүй тул аливаа эрсдэл, зика вирусээс сэргийлэх талаар бүх талын зөвлөмжийг бэлтгэж, энд ирсэн иргэддээ анхааруулж байна. Онгоцны буудал ба жуулчдын аялдаг газруудын мэдээллийн цэгүүд, онлайнаар санамжаа байршуулсан. Хүн бүхэнд сонор сэрэмж хэрэгтэй цаг үе. Терроризмын аюулыг ч мартаж болохгүй. Энд сэрүүний улирал эхэлсэн тул шумуул цөөрч, зика вирусын халдвар дарагдаад байна. Бразилийн Засгийн газраас ч шаргуу тэмцэл явуулж зика вирусын халдварыг хяналтандаа авсан гэдгээ зарласан.

-Бразил кофегоороо алдартай шүү дээ. Та хэр кофечин бэ?

-Усыг нь уувал ёсыг нь дагана гэж монголчууд хэлдэг. Энэ нь хүний нутагт сэтгэлээ өгч, хурдан дасан зохицвол амжилт гаргах тухай сургамжилсан монгол ухаан гэж би ойлгодог. Анхны Элчин сайдын хувьд суугаа болон хавсран суугаа улсынхаа түүх, соёл, амжилт бүтээлийг шунан судалж байна. Кофе ууж сурахаас илүү кофены чанарыг ялгаж сурч байна. Хөл бөмбөгийг хөгжүүлсэн хүчин зүйлсийг уншиж байна. Уул уурхайн орлогыг нийгмийн шударга хуваарилалтад оруулсан Чилийн туршлагыг судалж байна. Перугийн уул уурхайн сургамж, нутгийн иргэдтэй зөвшилцлийн аргаар асуудлаа шийдвэрлэж байгаа аргачлалыг сурч байна. Порта Алегра хотын иргэдийн оролцоотой төсвийн туршлагыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Элчин сайд хүн байнгын судлаач байж улс оронд маань хэрэгтэй сайн туршлагыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, холбогдох байгууллагатай холбож өгөх үүрэгтэй.

-Дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч оронд та ажиллаж амьдарч байна. Ялангуяа бразилчууд махны экспортод жин дардаг. Манайхан мал аж ахуйн орон гэдэг ч мах экспортлох талаар төдийлөн амжилт олоогүй байна. Мах үйлдвэрлэлээр амжилтанд хүрэхийн тулд бид яах ёстой бол?

-Бразилийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах стандарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Бразилийн үхрийн мах аль ч улс орны өндөр үнэтэй рестораны тансаг зоогт тооцогддог. Дэлхийн 150 гаруй улсад мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэг энэ орон манай хоёр хөршийн махны хэрэглээг хангагч гол улс. Бразилийн махны технологийг Монголд нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна. Махныхаа чанарыг сайжруулж эрүүл ахуйг хангах ажил бэлчээртээ хяналт тавихаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл хагас эрчимжсэн фермер хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байна. Улмаар үүлдэр угсаа, махны гарцыг сайжруулах эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй. Урагвай улсад ХАА-н эрдэм шинжилгээний байгууллагаа хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч нар санхүүжүүлдэг юм билээ. Төр ба хувийн хэвшил хамтын санхүүжилт хийж, ачааллаа хуваалцах аргаар эрдэм шинжилгээний байгууллагаа хөл дээр нь босгон хөгжүүлсэн. Эрдмийн ажлын үр шимийг хамгийн эхэнд хүртэгчид бол малчид, тариаланчид. Хөдөө аж ахуйн хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэл маш чухал. Мөн хоршоолон хөгжих загвар энд нийтлэг. Асуудал мөнгөндөө биш харин менежментдээ л байдаг юм байна.

Дараа сард Бразил-Монголын худалдааны танхимын төлөөлөгчид манай орныг зорин очиж Монгол-Бразилийн бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулах юм.

-Манайхан Бразилаас юу авах боломжтой вэ, тэдний хувьд манай юу сонин байх бол?

-Бразилаас хүнсний бүхий л төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой. Нэг жишээ хэлэхэд Бразилийн кофег манайх Солонгосоос импортлодог юм байна. Одоо бол тахианы мах, кофе, чихэр, жимсний шүүс, эрдэнэ шиш, шар буурцаг болон бусад бүтээгдэхүүнийг шууд импортлох боломжтой. Бразилийн урд мужуудад сэрүүхэн тул манай ноолууран бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол бий. Бэлэн бүтээгдэхүүнээс гадна технологийг нь суралцан нутагшуулах боломжийг эрэлхийлж байна. Өмнөд Америкийн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй улс орнууд бүгд Ази тэр дундаа Хятадын хязгааргүй зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Дараагийн гучин жил Азийн хэрэглээний эрин эхэлнэ. Нэг жишээ хэлэхэд Хятад Улс зэс, хөнгөн цагаан, гангийн дэлхийн экспортын 40 хувийг хэрэглэдэг бол 2025 онд 50 хувь болно гэсэн таамаглал байна. Мөн нүүрсний том зах зээл гэдгийг бид мэднэ. Ийм цаг үед бид далайд гарцгүй гэж гомдоллоод суух уу эсвэл хоёр том зах зээлийн дунд орших давуу талаа хөгжил болгон хувиргах уу гэдгийг сайн бодох хэрэгтэй байна.

Бразил Улс хамгийн том хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудын нэг. Дэлхийн зах зээлд үхрийн махны 30, тахианы махны 40, чихрийн нишингэний 45, жүржийн шүүсны 86, кофены 32, шар буурцагны 40, эрдэнэшишийн 10 хувийг тус тус нийлүүлж АНУ ба Европын холбооны дараа гуравдагч нийлүүлэгч орон болоод байна. Энэ бол шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийсний үр дүн. Бразил хөдөө аж ахуйн хөгжилдөө тулгуурлан эдийн засгийн хямралаас гарах бодлогоо шинэчлэн тодорхойллоо.

-Мах гэснээс төмсний тухай бас яримаар санагдаад. Та фэйсбүүк хуудастаа Перуг төмсний вант улс гэж нэрлэжээ. Тэр олон төмсөн дунд Монголын нөхцөлд тохирох нь хэр олон байсан бол. Үнэндээ бид хоолондоо төмс хэрэглэж заншсан ч бидний мэддэг шар төмснөөс огт өөр олон төрлийн төмс харагдсан шүү?

-Перу улсын Лима хотод Олон Улсын төмсний төв ажилладаг. ЭСЯ-ны зүгээс ХХААЯ-тай холбох эхний алхмуудыг хийлээ. Перу бол төмсний эх орон. XIX зуунаас эхэлж эндээс л төмсийг Европын орнуудад тариалж эхэлсэн түүхтэй. Одоо танигдаад байгаа 4000 гаруй төрлийн төмсний 2000 гаруй нь Андын нуруунд ургадаг. Бидний сонирхлыг татаж байгаа нь хүйтэн, сэрүүнд тэсвэртэй төмс. Хойд Солонгост амжилттай тариалсан хүйтэнд тэсвэртэй төмсийг Монголд нутагшуулах боломж байгаа гэж найдаж байна. Би Лимад очиж, төмсний төвтэй танилцан, олон төрлийн өнгө, хэлбэр дүрстэй төмсийг хүүхэд шиг л шохоорхлоо. Монголд тариалах төмсний амт, чанарыг сайжруулж, нэр төрлийг нэмэгдүүлж эрдэмтэн судлаачдаа бэлтгэх чиглэлээр энэ төвтэй хамтран ажиллах шаардлага бий.

-Бразил бол хөл бөмбөгийн эх орон. Алдарт Зико Бразилийн хөл бөмбөгийн технологийг Монголд нэвтрүүлэхэд тусална гэсэн үү?

-Бразилийн домогт хөл бөмбөгч Зико манай улсад ирэхээр төлөвлөж байгаа. Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар зочлох юм. Зико өөрийн нэрэмжит клубээ байгуулах өөрөөр хэлбэл Бразилийн хөл бөмбөгийн арга технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой. Монгол хүүхдүүд тал нутагт морь унаж давхиж өсдөг тул эрүүл чийрэг, хөл чангатай байдаг, байгалийн унаган өгөгдөл бий. Хөл бөмбөг хүүхдийг багаар тоглож сургадаг, эв нэгдэл, эх оронч үзлийг төлөвшүүлдэг сайн талтай. Бразилд хүү төрөхөд аав нь хөл бөмбөг, футболк бэлэглэж дэмждэг багийнхаа фэн болгодог уламжлалтай. Манай бөхчүүд хүүдээ зодог шуудгаа өвлүүлдэгтэй адил. Хөл бөмбөгийн клубуудыг дэмжиж санхүүжилсэн компаниуд татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт бий. Хөл бөмбөгийн клуб хүүхдийг сургахдаа хичээлээ таслахгүй байх, дундаас дээш дүнтэй суралцах болзол тавьдаг. Өөрөөр хэлбэл хөл бөмбөгчин хүн юуны өмнө боловсролтой, хариуцлагатай иргэн байх ёстой гэж үздэг юм билээ.

-Эмэгтэй Элчин сайдын хувьд анхаардаг сэдэв бий болов уу?

-Эмэгтэй Элчин сайдын хувьд би Бразилийн Конгрессийн хоёр танхимын эмэгтэй бүлгүүдтэй ойр ажилладаг. Бид хамтраад ирэх аравдугаар сард “Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн шинэчлэл”-ийн асуудлаар арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн юм. Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сүүлийн хорь гаруй жилд ихээхэн туршлага хуримтлуулсан. УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг саяхан шинэчлэн баталлаа. Манайд хуулийн орчин цогц бүрдсэн болохоор туршлагаа бусадтай хуваалцах цаг иржээ. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс ирж оролцохыг урьж байгаа. Харин дараа жил Бразилийн Конгрессийн гишүүдийг Монголд урьж, тэдний туршлагыг сонсоно доо.

-Элчин сайд аа, өнгөрсөн хугацаанд хийсэн ямар ажилдаа сэтгэл хангалуун байдаг вэ?

-Хийсэн ажилдаа сэтгэл дүүрэн эсэх тухай хэлэхэд эрт байна. Юутай ч олимпийн наадмаа хамтдаа амжилттай давцгаая. Бразилийн хөх тэнгэрт Монголын маань төрийн далбаа олон удаа мандаж, төрийн дуулал эгшиглэх болтугай гэж л хүсч байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *