ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг, дэлхийн бизнесийн лидерүүд, улс орны удирдагчид оролцдог чуулга уулзалт Санкт Петербург хотноо өчигдөр /2015.06.18/ эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү чуулга уулзалтад оролцож байгаа юм. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан байна. Тэд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Ерөнхий сайд уржигдар /2015.06.17/ Москва хотод Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзаж, “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн комиссийн гишүүн орнууд бүх талын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хамтын ажиллагааны эхлэл гэж дүгнэж буй юм. Мөн хамтын ажиллагаанд бодитой ахиц гарна гэдэгт талууд итгэлтэй байгааг онцолжээ.