Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Төрийн нууцын тэмдэг эрх баригчдын хулгай луйвраа халхавчилдаг арга хэрэгсэл болсон DNN.mn

АН-ын хуулийн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяртай төрийн нууцын асуудлаар товч ярилцлаа.

-Сүүлийн үед өрнөж буй төрийн худалдан авалттай холбоотой нууцын асуудал яригдаад удаж байна. Хамгийн сүүлд гэхэд Хотын захиргаа ногоон автобус худалдаж авахдаа төрийн нууцад хамруулсан нь нэлээд маргаан дэгдээлээ. Ер нь хуулийн талаас харахад энэ үйл явдал зөв юм уу?

-Ерөөсөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг л нууцалдаг. Нууц бол өөрийн гэсэн зэрэгтэй, шалгууртай. Гэтэл ногоон автобуснууд иргэний зориулалттай болохоос цэрэг дайных биш. Армид худалдаж аваагүй. Тийм учраас нууцад авах ямар ч шаардлага байгаагүй.

Нөгөө талаар эндээс нэг зүйл харагдаж байгаа нь нээлттэй тендергүйгээр худалдан авалт хийхийн тулд нууцын тэмдэг ашиглаж байгаа нь буруу. Нэг төрлийн хулгай, луйвар, авлигаа халхавчилдаг арга хэлбэр болгож хувиргаж байна. Үүн дээр бүр ҮАБЗ үүрэг чиглэл өгөх ёстой. Нууцын тэмдгийг төрийн бүх байгууллага хэрэглэхгүй гэж.

Өмнө нь байгууллагын нууц гэдэг нэрийн дор төрийн байгууллагууд иргэдээс нуух гэсэн мэдээллээ оруулчихдаг байсан. Сүүлдээ тэр нь явсаар төрийн нууцыг ийм байдлаар ашигладаг болж байна. Энэ бол хууль бус үйлдэл.

-Төрийн нууцад авах эрх хэнд байх вэ?

-Төрийн нууцад оруулах саналыг Хотын дарга гаргах ямар ч эрх мэдэл байхгүй. Хотын дарга ч бай, Хотын хурал ч бай ийм асуудлыг төрийн нууцад оруулах эрхгүй. Тиймээс энэ асуудал эхнээсээ хууль бус явж ирсэн байна.

-Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжөөр гэж тайлбарласан байх аа?

-Тагнуулын байгууллага өөрөө Төрийн нууцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Хууль тогтоогч биш. Төрийн нууцын хуулийг тогтоогч нь парламент. Төрийн нууцад авахын тулд ямар шалгуур байх ёстой талаар бүх зүйл хуулинд тодорхой байдаг. Тагнуулын байгууллага хууль тогтоогчийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх байхгүй.

-Нүүрстэй холбоотой оффтейк гэрээнүүд нууцад байгаа. Заримыг нь ил болгосон, заримыг нь ил болгоогүй. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Энэ бол дахиад л олон нийтээс нууж, том мөнгөтэй холбоотой үнийн дүнтэй гэрээ хийсэн асуудал. Энэ бол ил тод байх ёстой гэрээнүүд. Учир нь үүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр, бирж дээр арилжаалагдах ёстой. Нүүрс ч бай, алт ч бай, зэс ч бай. Тэр утгаараа том гэрээнүүд ч ил байх ёстой.

Угтаа бол монгол төрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гарвал нууцад авдаг. Оффтейк гэрээнүүд дээр тийм нөхцөл байдал харагдахгүй байгаа.

Тиймээс бүх асуудлыг үндэсний аюулгүй байдалжуулж ойлгохоо больё. Энэ бол ардчилсан төрийн тогтолцоо. Нээлттэй зарчмаараа шийдээд явах ёстой олон асуудлыг цэрэгжүүлж, дайны нөхцөл байдалд байгаа аятай шийдвэрлэж байна. Тийм байдалд байгаа юм шиг хандлагаар хандаж нууц руу оруулж болохгүй гэдгийг хатуу хэлье. Энэ бол зарчмын асуудал. Манай Үндсэн хууль ч тийм зарчимтай.

-Ил тод тендер зарлаад явуулах гэхээр гацчихдаг, цаг хугацаа алддаг, төсөл бүр унадаг учраас нууцад авчих нь улс орны хувьд ач холбогдолтой гэдэг шүү. Үнэхээр гацчихдаг бол хэцүү биш үү?

-Ямар ч үндэслэлгүй тайлбар. Тийм бол хүнд суралтай Тендерийн хуулиа өөрчлөх ёстой. Тендерт оролцох гэж байгаа ч иргэд байгууллагуудад хүнд суртал үзүүлж, цаг хугацаа алдуулж саад учруулаад байгаа хуулиа өөрчил. Тийм эрх мэдэл Засгийн газар, УИХ-д байгаа шүү дээ. Илүү хөнгөвчил, ил тод, шилэн болго.

Эцэстээ энэ бүхэн явж явж төрийн нууцын тэмдэг эрх баригчдын хулгай луйвраа халхавчилдаг арга хэрэгсэл болсон байна. ҮАБЗ-өөс эхлээд төрийн байгууллагаа ил тод байдлын зарчмаа хангах ёстой. Үндсэн хуульд байгаа ардчиллын зарчмыг хангах ёстой. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т ардчилсан ёс, шударга, эрх чөлөөт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэдэг. Энэ зарчмыг төрийн бүхий л байгууллага, албан тушаалтан шийдвэр, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хэрэгтэй.

Б.ЗАЯА

 

One reply on “Ч.Өнөрбаяр: Төрийн нууцын тэмдэг эрх баригчдын хулгай луйвраа халхавчилдаг арга хэрэгсэл болсон DNN.mn”

Төрийн нууцын тэмдэг эрх баригчдын хулгай луйвраа халхавчилдаг арга хэрэгсэл болоод 30 жил болсон шүү дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *