Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.
-Соёлын яам байгуулагдаад нэг жил гаруй, Та Соёлын сайдаар томилогдоод есөн сар болж байна. Энэ хугацаанд хийж амжуулсан ажлуудаас тань ярилцлагаа эхэлье.
-Намайг ажлаа авахад Соёлын яам шинээр байгуулагдаад зургаахан сар болж байсан. Яам шинэ байрандаа нүүж ороод, бүтэц бүрэлдэхүүн нь бий болоод дөнгөж л төвхнөж байсан үе. Ковидын хөл хорио, хязгаарлалтын үетэй давхцаад нэн тэргүүнд Соёлын яамны стратеги, бодлого төлөвлөлтөө гаргасан. Өнгөрсөн хугацаанд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай гээд хоёр том хуулиа хаврын чуулганаар батлуулж чадсан. Орон нутагт соёлын хэлтэстэй болсон, цагдаагийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжийг байгуулахаар болсон гэх мэт олон ажил өрнөж байна.
-Хэд хэдэн парламент дамнан яригдсан Соёлын тухай хууль хэрэгжсэнээр энэ салбарт ямар хувьсал авчрах вэ?
-Соёлын тухай хууль анх 1996 онд батлагдаж байсан. Түүнээс хойш үе үеийн парламентад дахин шинэчлэн оруулж байсан олон сайдын хүч хөдөлмөрөөр одоогийн Соёлын хууль бий болсон. Манай Засгийн газрын хувьд соёлын үнэт зүйл дээрээ илүү тулгуурлаж хуулиа боловсруулсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн амин сүнс нь соёлын үнэт зүйлийг “амь” оруулахад оршиж байгаа. Өмнө нь зургаан бүлэгтэй байсан хуулийг шинэчилсэн найруулгаар найман бүлэгтэй болгож нэмсэн.
Хамгийн гол агуулга нь соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчдийг дэмжихийн зэрэгцээ эрх үүргийнх нь харилцааг зохицуулсан юм. Манай салбарынхан төрийн үйлчилгээний албан хаагч дотроо хамгийн бага цалинтай. Тиймээс соёлын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг нь түлхүү шийдэх гэж оролдсон.
-Соёлын биет болон биет бус өвүүдийг хамгаалах, орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан яаж хөгжүүлэх вэ?
-Миний хувьд тэргүүлэгч бодлогоо тодорхойлохдоо хэд, хэдэн асуудлыг чухалчилж байгаа. Нэгдүгээрт, үндэсний эв нэгдлийн үнэт зүйлийнхээ бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх. Үүнийгээ дотор нь хүний амьдралын үечлэл болгон дээр авч үзэж байгаа юм. Хүн ямар төрлийн нийгмийн харилцаанд орж байна, тэр болгонд ямар төрлийн соёлын харилцаа үүсч байгааг тодорхойлж, бодлогынхоо концепцийг гарган ажиллаж байгаа. Нөгөө талдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Өнөөдөр соёлыг түгээн дэлгэрүүлнэ, хадгалж авч явна гэж яриад л байгаа шүү дээ. Тэгэхээр соёл гэдэг бол ямар нэгэн байдлаар хэрэглээнд орж байж олонд танигдаж, түгэн дэлгэрэх учиртай. Хэрэглээтэй байгаа зүйл хадгалан хамгаалагдаж явдаг. Соёл эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүн, орц болох тусам илүү сайн олны хүртээл болох учиртай. Манай өв соёл бол бидэнд байгаа хамгийн үнэтэй нөөц. Энэ нөөцөө техник технологийн шинэчлэлтэй хослуулаад шинэ төрлийн “бүтээгдэхүүн” үүсгээд хэрэглээнд оруулах ёстой. Үүнээс гадна цахим соёлын бодлого баримталж байна. Цахим шилжилтийн хэд хэдэн гол ажлууд байгаа. Соёлын биет болон биет бус өвүүдээ бүгдийг нь цахим бүртгэлд оруулаад зогсохгүй хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаа юм. Ингэснээр хүн болгон нээлттэй ашиглах боломжтой. Ялангуяа судалгаа, эрдэм шинжилгээний ажилтнуудад хамгийн хэрэгтэй архив болно. Ийм маягаар цахим сан үүсгээд соёлын биет болон биет бус өвөө эргэлтэд оруулах ажлууд явагдаж байна.
-Шинэ тутамд орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хэрхэн хамгаалах вэ. Соёлын дархлаатай байхын тулд төрийн ямар бодлого баримтлах ёстой юм бэ?
-Бидний яриад байгаа үндэсний эв нэгдлийн үнэт зүйлийг тодорхойлох бодлого маань соёлын дархлаанд тулгуурласан. Ер нь хүн бүр өв соёлоо, түүхээ мэдэх тусам өөрийн гэсэн соёлын дархлаатай болно гэсэн үг. Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр дэлхий даяар дижитал шилжилтэд орж, ертөнц “хавтгайрч” байна. Цахим орчинд бүх төрлийн мэдээ, мэдээлэл байдаг болохоор нэн ялгангуяа залуу хойч үеийнхэн хүссэн зүйлээ интернэтээс түвэггүй олоод мэдчихэж байна шүү дээ. Мэдээллийн энэ их урсгалд байх нь өөрийн гэсэн оюун санааны дархлаагүй болох эрсдэлтэй. Хүлээж авч байгаа мэдээллээ өөртөө шингээснээр шийдвэр гаргахдаа нөлөөлөлд автаж болзошгүй. Одоо манай залуу үеийнхэн гадны олон орны соёлын довтолгоонд өртөж байна. Тухайн улс болгон соёлоороо дамжуулаад өөрийнхөө орны орон зайг тэлэх бодлоготой. Өмнө газар нутгийн дайн байлдаан байсан бол одоо оюун санааны соёлын довтолгооны эрин үе. Түүгээрээ улс орнууд эдийн засгийнхаа орон зайг нэмэгдүүлэх бодлогоо болгочихоод байна. Тэгэхээр дэлхий дахины энэ олон янзын соёлын довтолгооноос бид яаж Монголоороо үлдэх вэ гэдэг их энгийн. Өөрийн гэсэн оюун санааны дархлаатай, соёл түүхээ мэддэг хүмүүс л байх ёстой. Ирээдүйд соёлын дархлаатай иргэнээ бэлдэхийн тулд одоо залуу үеийнхэндээ үзэж харж, сонирхож, мэдэж байгаа тэр орчин дахь флатформоор нь дамжуулж үүх түүх, өв соёлоо таниулахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Хүүхдүүдийг түүхийн ном, зохиол унш, судал гэдэг цаг ард үлдсэнийг тэдний оюун санаа нотлоод байна шүү дээ. Бидний үйлдвэрлэж байгаагаас тэдний хүлээж авч байгаа чадавх нь хэдэн зуу дахин өсчихсөн. Олон улсын том үйлдвэрлэгч нарын контент агуулгыг үзсээр байгаад бидний хийж буй зүйл жаахан хоцрогдох гээд байгаа. Тиймээс соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол наад талдаа эдийн засгийн үр өгөөжтэй ч том зургаараа оюун санааны дархлааг бэхжүүлэхэд хамгийн гол суурь нь болчихоод байна. Манай улсын хувьд контентын зах зээл дээр хоцрогдолтой байгаа. Тиймээс аль болох хурдан бодлогоор дэмжиж явах шаардлагатай байна.
-Та сая соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай дурдлаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд юу, юу багтах вэ. Ямар ажлуудыг хийх юм бол. Эдийн засагт үзүүлэх үр өгөөжийнх нь талаар ярихгүй юу?
-Соёлын тухай хууль бол соёлын салбарын үндсэн хууль юм. Малгай хуулиа дагаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль гарах юм. Энэ хууль нь суурь агуулгаараа соёлын эдийн засгийн эргэлтийг дэмжсэн хууль болно. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд соёлын үйлдвэрлэлийг том бодлоготойгоор нэгдсэн журмаар явуулж байгаагүй. Хууль эрх зүйн орчноо ч бэлдэж амжаагүй, зах зээлийн орчин нь дөнгөж үүсээд явж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард соёлын салбарынхаа эдийн засгийн суурь судалгааг хийж, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ер нь юу юм, ямар ямар салбар багтах юм гэдгийг нь тодорхойлсон. Ингээд кино урлаг, дуу хөгжим, тайзны урлаг, хувцас загвар, дүрслэх урлаг, утга зохиол гэх мэтчилэн 12 чиглэлийг соёлын бүтээлч үйлдвэрлэлд багтаалаа. Эндээс тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, цаашлаад эдийн засгийнхаа ангиллыг гаргах баг ажиллаж байна. Зөв бүртгэл, зөв суурьтай эхэлбэл бүх зүйл цэгцтэй, эмх замбараатай байж жинхэнэ соёлын үйлдвэрлэл болно. Жишээлбэл, хувцас үйлдвэрлэл бол хөнгөн үйлдвэрлэл. Гэтэл загвар нь соёлын бүтээлч үйлдвэрлэл болно. Үүнийгээ хүртэл салгаад коджилтоо хийж байгаа. Өмнө нь соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд энд тэнд болж байгаа соёлын арга хэмжээнүүдийг нийлүүлээд ДНБ-ий 0.4 хувь болдог гэсэн албан бус тоонууд явдаг байв. Харин бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр дөрвөн хувь хүртэл өсгөх боломжтой гэж үзэж байгаа.
-Кино урлагийг дэмжих хуультай боллоо. Кино урлагийн чиглэлээр бизнес бий болгох, хөрөнгө оруулалтыг татах хуулийн заалтууд орсон гэсэн. Тэр утгаараа энэ хуулийн ач холбогдол цар хүрээг манай киночид олзуурхаж байх шиг харагдсан?
-Кино бүтээл маань өөртөө бүх урлагийг шингээчихдэг. Утга зохиол, хувцас загвар, дуу хөгжим, дүрслэх урлаг гээд бүгд дотор нь багтдаг. Тиймээс кино салбар маань бүх урлагаа дагуулаад аваад явах боломжтой. Иймд дотоодын кино урлагийнхнаа яаж дэмжих вэ, тэднийг хэрхэн бойжуулах вэ гэдгийг ч хуулиндаа сайн суулгаж өгсөн. Дэлгэцийн ард том хэмжээний баг ажилладаг. Тэр багийг хүртэл чадавхжуулах хэрэгтэй. Тэгэхээр тэднийгээ дэмжихээс гадна чадавхжуулах талаас нь хуулиа хийсэн байгаа. Орчин цагт хүмүүс ном уншиж, аливааг хүлээж авахаас илүүтэй контентоор дамжуулж мэдээ, мэдээллээ авдаг, ойлгодог болчихлоо. Оюун санааны хувьд ийм бүтэцтэй болж байгаа учраас энэ чиглэл рүү түлхүү хөгжүүлэх ёстой.
Киноны хуулийг хийхдээ далайцтай авч үзсэн. Зөвхөн дотоодынхоо киночдыг дэмжсэн хууль хийх юм бол манай эдийн засаг тэлэхгүй. Дэлхий даяар кино урлагийн зах зээл нь уул уурхай, газрын баялгийн зах зээлээс хэд дахин томроод давчихлаа шүү дээ. Тэгэхээр бид тэр том мөнгөний урсгалаас жаахан ч гэсэн өөрийнхөө улс руу татах хэрэгтэй. Иймд Киноны тухай хуулиа хийхдээ олон улсын тэр том зах зээл дээр яаж гарах вэ, яаж өөрийнхөө улсад оруулж ирэх вэ гэдэг талаас нь маш сайн судалж, нэлээд өргөн хүрээтэй авч үзсэн. Дэлхийд 100 гаруй улс Кино урлагийг дэмжих хуультай юм билээ. Үүгээр дамжуулаад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах том боломж байдаг. Хэрэв гадаадын киночид Монголд ирээд зардал гаргаад, хөрөнгө оруулсан нь татвараар баталгаажих юм бол зарцуулсан мөнгөнийх нь 30 хувийг буцааж олгоё гэж байгаа юм. Бүр дээрээс нь Монголын талаар эерэгээр сурталчилбал, манай соёлыг дэлхийд таниулбал гэсэн тодорхой шалгуур хангасан бол шууд хөрөнгө оруулалтынх нь тодорхой хувийг эргүүлэн өгнө. Гол агуулга нь олон улсаас хөрөнгө оруулалт татах, мэдээж кино багийг дагаад монгол уран бүтээлчдийн чадвар сайжирна гэх мэт олон өгөөжтэй. Монголын талаар олон кино хийгдэх тусам л бусад нөлөөлөл нь их. Дам нөлөө гэдэг талаасаа аялал жуулчлал хөгжинө. Жишээлбэл, Шинэ Зеланд улс анх кино хуулиа гаргаад хоёр сая ам.долларын буцаан олголт гаргаж байсан. Энэ нь буцаад тэр улсад 350 сая ам.доллар болоод орж ирсэн. Кино зураг авалтуудаар байршил нь танигдаж, аялал жуулчлал нэмэгдэж, тухайн орны эдийн засагт ийм их хэмжээний орлого орж ирсэн байдаг. Манай улсад ч гэсэн дэлхийн кино уран бүтээлчдийг татах хангалттай нөөц боломж байгаа.
-Кино урлагийг дэмжих хуулийг хэлэлцэж байхад гадны зах зээлд ажилладаг продюсеруудтай холбогдож, тэдний санал бодлыг тусгасан гэж байсан байх аа. Өмнө ямар хүндрэл бэрхшээлүүд тулгардаг байв. Хууль хэрэгжсэнээр яаж өөрчлөгдөх вэ?
-Бид хуулиа хийхдээ аль болох хэрэглээтэй хууль болгохыг хичээсэн. Хуулийг дагаж мөрдөх журмуудаа гаргахын тулд дотоод гадаадын салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Дотооддоо бол уран бүтээлчид, салбарын мэргэжилтнүүдийнхээ санал бодлыг авч, хэлэлцэж байна. Гадаадынхантай яагаад хамтарч ажиллах шаардлага гарсан бэ гэхээр түрүү хэлсэнчлэн 100 гаруй улсад киноны хууль байдаг. Тэр улс болгон олон улсын зах зээлээс кино урлагаараа дамжуулж хөрөнгө оруулж чадаагүй. Яагаад гэвэл хэрэгцээ шаардлагыг нь хангахгүй хуулиуд бий. Аль нэг улс кино уран бүтээлчдийн хүсэл сонирхолд нийцээгүй хууль эрх зүйн орчинтой байх юм бол тухайн улс жагсаалтаас нь хасагдчихаж байгаа юм. Бидний хувьд бусад 200 гаруй оронтой өрсөлдөж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин гадаадын киночдод сонголт ихтэй. Тэр утгаараа хуулийг боловсруулахдаа тэднийг судалж, ямар тохиолдолд хөрнгө оруулалт татаж болох вэ, яавал Монголд ирэх, хөрсөнд буусан хууль болох вэ гэдгийг судалсан. Энэ чиглэлээр “Netflix”, “Motion Picture Association” гэх мэт болон олон улсын том кино бүтээгчидтэй уулзаж, ярилцсан. Аль болох хуулиа зөв, цэгцтэй гаргах гэж хичээсэн. Цаашлаад энэ хуулиа амьтай хууль болгохын тулд журмаа сайн гаргахаар ажиллаж байна. Киноны тухай хууль маань эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Өнгөрсөн пүрэв гаригт дэлхийн хамгийн том зах зээл дээр өөрийн гэсэн байр сууриа тодотгож чадсан “Холлейвүүд репорт” сэтгүүлд манай киноны хуулийг онцолж гаргасан байна. Мөн тантай уулзахын дөнгөж өмнө Монголд кино хийх сонирхолтой хүмүүсийн анхны цахим шуудан ирлээ. Ер нь гадаадын киночид, уран бүтээлчид манай улсын нутаг дэвсгэрт кино, контент хийх сонирхол их байгаа нь ажиглагдаж байна.
-Сайхан мэдээ байна шүү. Засгийн газраас “К4” виз олгох шийдвэр гарсан нь гадаадын уран бүтээлчдийг Монголд чөлөөтэй ирэх боломжтой болголоо гэж мэдээлж байсан. Өмнө нь ямар хүндрэл бэрхшээл тулгардаг байсан юм бэ?
-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх виз мэдүүлэх, оршин суух гээд олон зөвшөөрөл авах болдог байсан. Гадаадын уран бүтээлчдийн зүгээс энэ олон шат дамжлагаа ойлгомжтой болгоод өгөөч гэсэн хүсэлт их тавьдаг юм байна. Нэгэнт Монголд богино хугацаанд орж ирээд буцаад гарч байгаа уран бүтээлчдэд дэлхийн жишгээр нь “Артист виз” гэж олгох нь зүйтэй. Ингэж үзээд уран бүтээлчдэд “К” төрлийн виз олгоё гэдэг хүсэлтээ киноныхоо хуульд оруулсан нь үйлчилж, виз олгох журамд өөрчлөлт орсон байгаа. Одоо Монгол Улсад ирэх гадаадын киночид бусад оронд яаж очдог, түүн шигээ хялбархан виз мэдүүлээд л ирэх боломжтой.
-Өнгөрсөн хавар Музейн тухай хуультай боллоо. Уг хууль музейн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
-Энэ хуулиар музейн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал, дээр нь шинээр хувийн музей байгуулагдах боломжууд, үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалт гээд бүх талаас нь харсан чамбай хууль болж гарч ирсэн. Энэ салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүдийн туршлага дээр тулгуурлаж хийсэн сайн хууль байгаа.
-Та ярилцлагынхаа эхэнд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно гэж онцолсон. Тооллогоор музейн үзмэрүүд мэр сэр дутсан гэх асуудал байдаг. Дээрээс нь Монголын соёлын өвийн шүр, сувд болсон эд зүйлс нь хилийн цаана байгаа гэж халаглацгаадаг шүү дээ. Тэгэхээр цагдаагийн нэгжтэй болсноор энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох нь ээ…
-Соёлын өвийн тухай, Музейн тухай хуулиуд маань соёлын өвийн хадгалалт, хамгаалалт дээр түлхүү анхаарч байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудад тулгуурлаад соёлын өвийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох нэгжтэй болох юм. Соёлын биет өвийн үл хөдлөх өвүүд буюу хөшөө дурсгал, булш бунхан, хэрэгсүүрийг хүмүүс санаатай болон санамсаргүйгээр гэмтээх асуудлууд гарч байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Тухайн хэрэгсүүр, бунхан дээр эрдэм шинжилгээний баг нь эхэлж очоод малтлага хийж, зураг авч, судалгаа шинжилгээний ажил явуулснаар үр өгөөж нь чухал. Тэндээс гарч байгаа мэдээлэл нь манай улсад илүү хэрэгтэй.
-Соёлын салбар дахь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ямар байна вэ. Аймаг болгонд соёлын хэлтэс байгуулна гээд байгаа шүү дээ?
-Монгол Улс соёлын салбартаа бүтээн байгуулалтын ажлуудыг маш сайн хийж байгаа. Шинээр соёлын төвүүд баригдаж байна. Томоохон бүтээн байгуулалтууд гэвэл “Чингис хаан” хаад язгууртнуудын музей, Үндэсний урлагийн их театр байна. Мөн Байгалийн түүхийн музейн соёл амралтын цогцолборыг байгуулж байгаа. Тэнд хүмүүс очоод зөвхөн музей үзэх биш, ногоон байгууламжаар аялал зугаалга хийх боломжтой. Бас хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр “Тасганы овоо”-нд баригдах гэж байна. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа. Соёл бол хүний оюун санааны дархлаа гэж дээр хэлсэнчлэн эдгээр бүтээн байгуулалтууд дотроо үйл ажиллагаатай болгох ёстой. Өөрөөр хэлбэл, соёлын үйлчилгээ үзүүлнэ. “Чингис хаан”-ы музейд сурагчид очиж хичээлээ хийдэг, хаад язгууртнуудаа судалдаг, эргээд тэр сэдвээр нь багш нар шалгалт авдаг байхаар сургалтын хөтөлбөрт оруулдаг ч юм уу. Ийм систем үүсгэнэ. Тэнд хүүхэд залуусыг татсан төрөл бүрийн арга хэмжээ өдөр бүр зохион байгуулж байна. Тэгж байж төрийн оруулсан хөрөнгө оруулалт хэрэгцээнд орж, үр ашигтай болно. Ингэснээр соёлын хүртээмж ч өснө.
Орон нутгийн хувьд аймаг болгонд соёлын газартай болж байгаа. Соёлын үйлчилгээ үзүүлэх тэдгээр байгууллагуудаа яам нь нэгдсэн мэргэжил, арга зүйгээр хангана. Нэг ёсондоо төрийн соёлын бодлого нэг урсгалтай нэгдсэн бодлоготой явна гэсэн үг. Соёлын яамнаас баримталж буй гол бодлого бол татвар төлөгчдөөс төлсөн төгрөг болгон ямар нэгэн байдлаар үр ашигтай байх ёстой. Ингэхийн тулд соёлын хүртээмж нэмэгдэх, эсвэл соёлын үйл ажиллагаа явуулах газрын боловсон хүчнийг бэлдэх үүрэгтэй. Ерөнхийдөө гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлаж, ард түмний төлж байгаа төсвийн мөнгө үр ашигтай болох юм.
Ер нь манай салбар сүүлийн 20 гаруй жил дандаа аль нэг яамны хавсарга бодлогоор яваад ирсэн. Үндсэн бодлогын гадна орхигдоод байхаар ямар байдалтай явж ирсэн нь ойлгомжтой шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн толгойлж байсан өмнөх Засгийн газрын үед “Соёл бол Монгол Улсын хамгийн чухал салбар. Соёлыг гол бодлогуудынхаа нэг болгож авч явах ёстой” юм байна гэж үзсэн. Иймд соёлын салбарт маш их анхаарал тавьж байгаа. Соёлын яам байгуулагдаад чиглэл, чиглэлээ сайн тодорхойлоод хууль эрх зүйн орчныг сайжрууллаа. Тэгэхээр соёлын нэгдсэн бодлоготой болоод тэрэндээ дамнасан хууль эрх зүйн орчных нь сайжруулалтыг хийж, эдийн засгийн эргэлтэд орох боломжийг бий болгоод явах юм бол ганцхан улсаас татаас аваад байдаг биш, харин ч төсөвт орлого оруулна.
-Ч.Номин сайд гэхээр “Монгол HD” телевиз гэж хардаг. Таныг соёлын өвийг сурталчилах ажлыг өөрийнхөө хамаарал бүхий телевизээр цацуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэсэн шүүмж их явсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Төрийн сайд болсноос хойш хууль тогтоомжийнхоо хүрээд “Монгол HD” телевизтэй холбоогүй болсон. Түүн дотроо “Монгол HD” телевизийн хувьд аливаа нэг уран бүтээл хийж байгаа бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд явуулж байгаа. Санхүүгийн харилцаанд Соёлын яам болон “Монгол HD” телевиз орсон асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Сошиалаар нэлээд хүчтэй сэвсэн бас нэг асуудал бол таны улаан хүрэмтэй зураг байв. Хятадын бодлогыг дэмжлээ гэх зэргээр янз бүрээр л шуугьж байсан шүү дээ?
-Хувцас загвар бол соёлын салбар гэж дээр хэлсэнчлэн миний бие Монголынхоо соёл урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг хувиасаа дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Аль болох монгол бүтээлээ хэрэглэхийг эрхэмлэдэг. Өмссөн хувцаснууд маань дандаа монгол дизайнеруудын урласан хувцас байгаа. Залуу хүний хувьд алдаатай, оноотой зүйл байсан байх. Хүнийг агуулгаар нь шүүмжлэх ёстой. Гэвч, эмэгтэй хүнийг, эмэгтэй улстөрчийг, эмэгтэй сайд нарыг “эмэгтэй” гэдэг талаас нь, өмссөн, зүүснээр нь шүүмжлэх хандлага илүү ажиглагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр сайд адилхан зүйл хэлэхэд, эмэгтэй гэдгээрээ илүү шүүмжлүүлдэг байж болохгүй.
Хэрвээ миний ярьж, хийж байгаа бодлого, ажил таалагдахгүй бол түүнийгээ бодитойгоор шүүмжилбэл би хүлээж авна. Бид татвар төлөгчдийн мөнгөөр төрийн үйл ажиллагааг нь зөв бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гэж яваа хүмүүс. Хүн л болсон хойно алдаа гарна. Ажил хийж байгаа хүнээс л алдаа гардаг. Эцэст нь гэж хэлэхэд, хүнийг шүүмжлэхдээ хэлбэр дүрс биш агуулга дээр нь үндэслэж мэдээллээ түгээгээсэй гэж уриалмаар байна.