Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Нэргүй: Хурандаа А.Батхуяг, дэд дарга ахмад Э.Ууганбаяр нар хоригдлуудтай зүй бус харьцсан зөрчил гаргасан эсэхийг шалгахад тогтоогдоогүй DNN.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа 413 дугаар ангид хоригдож байхад түүнтэй Тусгай ажиллагааны газрын албан хаагчид зүй бусаар харьцсан, эрүүдэн шүүсэн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хорих ангид юу болсон талаар ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүйтэй ярилцлаа.


-Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудын талаар ноцтой мэдээлэл бүхий гомдлыг цагдаагийн байгууллагад гаргажээ. Гомдолд бичсэнээр ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хорих ангид зориуд үйл ажиллагаа явуулж, Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн гэсэн нь анхаарал татаж байна. Хэл амаар доромжилж, галуун цуваагаар явуулах, нүцгэлэх, цахилгаан бороохойгоор цохих зэрэг процесс өрнөсөн гэсэн байна. Иймд явдал болсон эсэх талаар тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын алба хаагчид 2023 оны аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хуваарийн дагуу холбогдох хууль, журам, стандартын хүрээнд нийт хоригдол, хоригдогсдын бие, байр, эд зүйлд төлөвлөгөөт үзлэг нэгжлэг зохион байгуулсан. Уг үйл ажиллагааг 2023 оны есдүгээр сард 415, 425 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиудад мөн зохион байгуулсан байдаг. Цаашид хуваарийн дагуу төвлөрсөн бусад хорих ангиудад зохион байгуулахаар ажиллаж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “хоригдлын бие байр түүний ойр орчинд алба хаагч ямар ч үед үзлэг нэгжлэг хийж болно” гэж заасны дагуу 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 14-16 цагийн хооронд 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт 287 хоригдлын биед ил шарх, сорви байгаа эсэхийг шалгаж нүцгэн биений үзлэг хийж ажилласан. Уг ажиллагааг тус ангийн алба хаагчид гүйцэтгэсэн. Тусгай ажиллагааны газрын алба хаагчид нэгдсэн үйл ажиллагаанд хяналт тавьж хоригдлуудын дэг журмыг сахиулан оролцож хамтран ажилласан. Тухайн үед хоригдлуудыг цохих, зодох бэртээх, аливаа хэлбэрээр эрүүдэн шүүх, үндэслэлгүйгээр тусгай хэрэгсэл хэрэглэх зэрэг үйлдэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл хоригдол Д.Мөнх-Эрдэнэд чиглэсэн ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Түүний бие, эрх чөлөөнд нь халдаагүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явагдсан.

-Энэ явдлаас үүдэж эрүүл мэндэд нь өөрчлөлт гарсан. Даралт ихсэх, бөөр үрэвсэх зэрэг өөрчлөлт гарсныг дурдсан байсан. Хорих ангийн эмч хоригдлыг хэвтэх шаардлагатай гэж байсныг юу гэж ойлгох вэ?

-Хоригдол Д.Мөнх-Эрдэнэ нь 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ирснээс хойш есөн удаа ангийн эмч, сувилагчид үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан. Тухайн үйл ажиллагаа зохион байгуулагдсан өдрүүд буюу аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Харин аравдугаар сарын 15-ны өдөр толгой өвдсөн гэх зовуурьтай ангийн эмнэлэгт үзүүлсэн. Зовуурийн дагуу өвдөлт намдаах даралт бууруулах, зүрхний хэм бууруулах эм уулгасан. Артерийн даралт ихсэлт нэгдүгээр зэрэг оношоор тус ангийн эмнэлэгт хэвтэж даралт бууруулах, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээ төлөвлөн хийх гэсэн боловч тухайн үед өөрийн хүсэлтээр татгалзсан тул биеийн байдлыг тогтмол хянан ажиллаж байсан.

-Хорих ангийн дарга, ажилтнууд болох Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нарын алба хаагчид хоригдлуудтай зүй бусаар харьцдаг, хууль зөрчсөн үйлдлүүдийг тайлбарлажээ. Ахиад ч энэ талаар мэдүүлэг өгөх боломжтой гэсэн байна. Эдгээр албан тушаалтнуудтай ШШГЕГ-ын зүгээс тайлбар мэдээлэл авсан уу?

-Энэ асуултад нэг залруулга хийх нь зөв гэж бодож байна. Учир нь хурандаа Б.Нандинболор, хурандаа А.Намсаманд нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах албан тушаалтан тул чиг үүргийнхээ хүрээнд хоригдолтой харьцаж ажиллах шаардлагагүй байдаг. Харин 413 дугаар ангийн дарга хурандаа А.Батхуяг, дэд дарга ахмад Э.Ууганбаяр нарыг хоригдлуудтай зүй бус харьцсан харилцааны зөрчил гаргасан эсэхийг тухайн үед ШШГЕГ-ын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулахад дээрх зөрчил гараагүй болох нь тогтоогдсон. Мөн тухайн асуудалтай холбогдуулан Хүний эрхийн болон прокурорын байгууллагаас хяналт, шалгалт хийхэд хорих ангийн удирдлагын зүгээс дээрх таны асуултад дурдагдсан зөрчил гараагүй байна гэж үзсэн.

-Цахим уулзалттай холбоотой зөрчлийн акт тавьсан асуудлыг хөнджээ. Хоригдол ар гэртэй уулзалт хийх үед түүнийг чагнах, хуулбарлах нь хүний эрхэд нийцэх үү?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198, 199, 200, 201, 202, 213 дахь заалт, Хорих ангийн дотоод журмын 16 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмын 12.5.3 дахь заалтуудыг үндэслэн хоригдлыг ар гэр, хууль ёсны төлөөлөгчтэй цахимаар уулзалт хийх ажиллагааг 2018 оны “Цахим уулзалт зохион байгуулах журам”-аар зохион байгуулдаг уг журмын дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “цахим уулзалтаар хийгдсэн яриаг бичлэгт хадгалан баримтжуулж сан үүсгэн хадгалж болно” гэх заалтын хүрээнд аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим уулзалт хийсэн хоригдолд хяналт тавьж ажиллаж байсан.

“Цахим уулзалт зохион байгуулах журам”-аас дээрх заалтыг хасаж, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахгүй байх чиглэлээр нэмэлт зүйл, заалт тусган шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна.

-Д.Мөнх-Эрдэнэ магадланд орох боломжтой болсон гэж ар гэрийхэн нь мэдэгдэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоригдол Д.Мөнх-Эрдэнэ нь цахим уулзалт хийх хугацаандаа алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, эсэргүүцсэн гэх зөрчилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 277.1.1 дэх хэсэгт заасны дагуу “түр хугацааны уулзалт хийх эрхийг нэг сарын хугацаагаар хасах” сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал холбогдох баримтыг харьяа прокурорын байгууллагаас хууль, журмын хүрээнд хянаж, хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн.

Эрүүгийн хуулийн зургадугаар зүйлийн 6.12.1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хоригдол Д.Мөнх-Эрдэнийг хугацаанаас өмнө суллах үндэслэлгүй юм.

Б.ЭНХЗАЯА

One reply on “Ч.Нэргүй: Хурандаа А.Батхуяг, дэд дарга ахмад Э.Ууганбаяр нар хоригдлуудтай зүй бус харьцсан зөрчил гаргасан эсэхийг шалгахад тогтоогдоогүй DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *