Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ч.Номин: “Монгол Улс дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв улс” гэсэн дүгнэлтийг эрдэм шинжилгээний хүрээнд гаргуулж ЮНЕСКО руу явуулж байна DNN.mn

Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засгаа солонгоруулах нэг гарцаа аялал жуулчлалын салбарыг болгосон. Тиймээс энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байх шиг байна. Саяхан “Нүүдэлчин Монгол-2023” дэлхийн соёлын фестивалийг зохион байгууллаа. Энэхүү фестивалиар ямар үр дүн гарав?

-“-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд хугацааны хөгжлийн бодлогын нэгэн тулгуур нь аж үйлдвэржсэн улс болох зорилт бөгөөд эдийн засгаа солонгоруулах нэгэн гарц нь аялал жуулчлалын салбар юм. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аялал жуулчлалын үндэсний хороо”-г байгуулж, ахлан ажиллаж байна. Уг хороонд БОАЖ-ын сайд, Гадаад харилцааны сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, Соёлын сайд гэхчлэн олон сайд багтаж байгаа. Ингэснээр салбар дундын зохицуулалт илүү сайжирч байгаа юм. Энэ утгаараа манай яам Байгаль орчин аялал жуулчлалын яамтай маш нягт хамтарч ажиллаж байна. Аялал жуулчлалаа хөгжүүлж Монголын эдийн засгийн шинэ гарцыг нээхээр зорьж байгаа л бол бид өөрсдийгөө олон улсад таниулах нь чухал. Өөрөөр хэлбэл, бидний гол “хэрэглэгч, үйлчлүүлэгч” нь олон улсын жуулчид гэсэн үг.

Монгол Улс бусад 200 улсын адил дэлхийд өөрсдийгөө таниулах гэж яваа. Тиймээс тэрхүү 200 улсаас яаж ялгарах, яаж өөрсдийгөө таниулах вэ гэдэг нь бидний хамгийн чухал асуудал болсон. Засгийн газрын тогтоолоор Монгол Улсыг олон улсад сурталчлах, таниулах үндэсний хороог мөн байгуулсан. Тус хороог миний бие ахалж байгаа.

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах томоохон ажлуудыг сүүлийн жилүүдэд Соёлын яам ахалж байгаа. Бид Монгол Улсын олон улсын сурталчилгааны стратеги төлөвлөгөөг хоёр жилээр гаргасан. Уг төлөвлөгөөний хүрээнд Монгол Улс дахь үнэт зүйл болох ардчилал, хүний эрх, цаашлаад аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн юун дээр тулгуурлах вэ гэхээр соёлын бүтээгдэхүүн дээр тулгуурладаг. Түүнчлэн Монгол Улсыг сурталчилж олон улсын хөрөнгө оруулалтыг татах гэхчлэн дөрвөн үндсэн чиглэлээр Монгол Улсыг сурталчлан таниулах ажлыг Соёлын яам хийж байна. Бид олон сувгаар дамжуулж Монгол Улсыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Зөвхөн хэвлэл мэдээлэл гэх бус Монголд томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. Түүгээрээ дамжуулж олон улсад өөрсдийгөө танилцуулж байна. Үүний нэг нь саяхан болсон Монголын эдийн засгийн чуулган. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль. Энэ мэтчилэн олон арга хэмжээг дотооддоо хийхээр зорьж байна. Мөн Монгол Улс дэлхийн өөр оронд очиж өөрийн орноо сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, Welcome to Mon­golia. Үүнээс гадна соёл урлагийн байгууллагуудаар дамжуулж томоохон тоглолтууд хийж байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Японы NHK Hall-д Морин хуурын чуулга тоглосон. Тэгвэл удахгүй Австрали улсын Сиднейн дуурийн театрт мөн тоглох гэж байна. Өнгөрөгч жил Үндэсний урлагийн их театр Францад очиж тоглолт хийсэн. Энэ жил Францын Нант хотод очиж “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг гаргах гэж байна. Гэх мэтчилэнгээр олон арга хэмжээгээр дамжуулж Монгол Улсыг сурталчилж байгаа юм. Монгол Улсыг олон улсад ямар сувгаар сурталчилж байна гэхээр нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд CNN ирж Монголыг сурталчиллаа. Хоёрдугаарт, залуусын сайн мэддэг, түлхүү хэрэглэдэг платформ дээр өөрийн улсыг таниулах ажлыг хийж байна. Энэ хүрээнд олон улсын олон дагагчтай инфлүүнсэрүүдийг авч ирж Монголыг сурталчлан танилцуулж байна.

-“Нүүдэлчин Монгол-2023” дэлхийн соёлын фестивалийн энэ жилийн онцлог нь юу байв?

-“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг “анх Соёлын өвийн тухай хуульд гурван жилд нэг удаа соёлын биет өвийн наадмыг зохион байгуулна. Соёлын биет өвийн наадмын хүрээнд судалгаа шинжилгээний ажлыг хийнэ. Соёлын өвийг тоолох чиглэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь соёлын биет бус өвийг дотооддоо сурталчлан таниулах, оршин тогтнох чадварыг нэмэгдүүлэх чиглэлтэй байсан гэсэн үг. Тэгвэл тус фестивалийг гурван жилд нэг удаа бус жил бүр зохион байгуулах, нүүдэлчин соёлын онцлогийг зөвхөн Монголд бус дэлхий таниулах нь чухал гэж үзсэн. Ингэснээр Монголын соёлын өвийг бид хүн төрөлхтний өмнө хадгалан хамгаалах үүргээ биелүүлэхээс гадна сурталчлан таниуах юм байна. Нөгөө талаас Монгол соёлын бахархал, дархлааг нэмэгдүүлэх юм байна гэж үзээд өнгөрсөн жилээс жил бүр зохион байгуулахаар болгож өөрчилсөн. Өнгөрсөн жил өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй болгож Монгол Улсын хэмжээнд хийсэн. Энэ жил олон улсын чанартай болгосон. Тиймээс ч “дэлхийн соёлын фестиваль” гэж нэрлэсэн. Фестивальд 10 гаруй орны 100 гаруй соёлын өв тээгч оролцсон. Монголоос мянга гаруй соёлын өв тээгч оролцсон. Энэ үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг хийсэн. Ингээд “Монгол Улс олон улсын нүүдлийн соёл иргэншлийн төв улс” гэсэн дүгнэлтийг эрдэм шинжилгээний хүрээнд гаргуулж ЮНЕСКО руу явуулж байна. Энэ бол бусдаас ялгаатай өөрийн өвөө бататгаж авч байгаа буюу дэлхийд бататгаж авч байгаа том ажил болж байна гэсэн үг. 90 гаруй нүүдлийн соёл иргэншилтэй улс байдаг. Тэдгээр улс Монголд ирж наадаж манай улсын нүүдлийн соёл иргэншлийг олон улсад таниулах, энэ соёл иргэншлийн үүсэл нь Монголоос эхлэлтэй юм шүү гэдгийг дэлхий дахинд мэдүүлэх чухал арга хэмжээ боллоо. Үүнээс гадна нүүдлийн соёл иргэншил тогтвортой, орчин цагтай нийцэж оршиж байгаа шүү гэдгийг бататгаж авах нь чухал. Энэ арга хэмжээний суурь тавигдаж байна гэж харж байгаа.

-Олон арга хэмжээг зохион байгуулж байна. Эдгээр ажлын бодит үр дүн эхнээсээ гарч байна уу?

-Монгол Улсыг урт хугацаанд олон улсад тогтмол сурталчлан таниулах ёстой гэж би боддог. Нэг удаа, эсвэл нэг жил хийгээд орхих ажил биш. Тиймээс бид эхний байдлаар хоёр жилийн хугацаатай стратегиа гаргаад ажиллаж байна. Монгол Улсыг тогтмол сурталчлах ёстой. Ингэж байж үр нөлөө үзүүлнэ. Аливаа компани өөрийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай борлуулахын тулд тогтмол сурталчилгааг хийдэг шүү дээ. Жишээлбэл, Зөв аарцны ундааны сурталчилгааг бид тогтмол харж байгаатай адилхан манай улс ч мөн олон улсад өөрсдийгөө тогтмол танилцуулж байж үр дүн нь илүү далайцтай гарна. Одоо бол дөнгөж эхэлж байна. Гэхдээ үр нь эхнээсээ мэдэгдэж байна шүү дээ. Энэ жил БНСУ-аас олон жуулчин ирлээ. Солонгосчуудын шийдвэр гаргах дадал богино хугацаатай байдаг. Дөрвөн долоо хоногийн дотор аяллаар явах шийдвэр гаргадаг гэсэн судалгаа бий. Бид өнгөрөгч оноос эхлэн сурталчилгаа хийгээд эхэлсэн. Энэ жил Солонгосоос ирсэн жуулчин их байгаа нь богино хугацааны шийдвэр гаргадаг дадалтай нь холбоотой. Тэгвэл барууныхан урт хугацааны төлөвлөгөөтэй амьдардаг. Тэдгээр хүмүүст нөлөөлөхийн тулд бид энэ жил улсаа сайн сурталчилж байж үр дүн нь мэдэгдэнэ.

Сүүлийн жилд жуулчдын тоо эрс өсч байгаа нь сурталчилгаатай шууд холбоотой гэж би харж байгаа.

-Хариуцсан яамд байгууллагууд жуулчдын сэтгэл ханамжид хэрхэн анхаарч ажиллаж байгаа бол?

-Манайд олон жуулчин ирэхийн хэрээр эдийн засгийн эргэлт үүснэ. Тэрхүү эргэлтийн хүрээнд дараагийн хөрөнгө оруулалт орж байж энэ салбар хөгжинө. Аялал жуулчлалын салбарыг би өөрөө өөрийгөө тогтвортой хөгжүүлж авч явах боломжтой салбар гэж боддог. Хувийн хэвшлүүд тогтвортой авч явах боломжтой салбар л даа. Би энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд төр бодлогын зохицуулалтыг л хийх хэрэгтэй. Тэр нь Монгол Улсаа яаж дэлхий нийтэд таниулж, олон жуулчдыг Монголд авч ирэх вэ гэсэн бодлогыг Засгийн газар гаргах юм. Тиймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргаж ирсэн бодлогын хүрээнд бид олон улсад Монголыг сурталчлан таниулах ажлыг хийж байна. Энэ утгаараа төрийн хийх ажил явж байна гэсэн үг.

Олон жуулчин ирснээр жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгах, сайн үйлчилгээг үзүүлэх дадал илүү ихэснэ. Мэдээж бид гол дэд бүтцийг бий болгох ёстой. Энэ ажил ч хийгдэж байгаа.

Монгол Улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож цогцоор нь харсан учраас салбар дундын зохицуулалтууд сайжирч байгаа. Жишээлбэл, манай яам олон улсад Монгол Улсаа таниулах ажлыг эрчимтэй хийж байна. Соёлын арга хэмжээнүүдээ сайжруулж байна. Соёлын бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлж байна. Үүнтэй адил Зам тээвэр, хөгжлийн яам агаарын тээврийн либералчлалаа хийж олон нислэгтэй болгох, ХЗДХ-ийн яам, Гадаад харилцааны яам визээ хөнгөвчилж, БОАЖ-ын яам ирсэн зочдын тав тухтай байх нөхцөлийг хангах гэхчлэн олон ажил зэрэг хийгдэж байгаа учраас хөгжих боломжтой болж байна.

-Жуулчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн үед өвлийн аялал жуулчлал чухлаар тавигдаж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Соёлын яам аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хоёр чиглэлд ажиллаж байна. Нэгдүгээрт нь, олон улсад Монголыг таниулж байна. Хоёрдугаарт, Монголд ирсэн жуулчдыг үзэх харах юмтай байлгах чиглэлд анхаарч байна. Энэ ч утгаараа үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг сүүлийн жилүүдэд хийж байна. Тухайлбал, Чингис хаан” музей нээгдлээ. Өмнөговь, Хэнтийд мөн томоохон музей нээгдлээ. Энэ бүхэн жуулчдыг үзэх харах юмтай байлгах бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлж байна гэсэн үг.

Түүнчлэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хийлээ. Наймдугаар сард ирсэн жуулчдыг үзэх үзвэртэй байлгах үүднээс нэг талаас зохион байгуулж байгаа юм. Жуулчид наадмыг зорьж ирдэг шиг наймдугаар сард “Нүүдэлчин Монгол” дэлхийн соёлын фестивалийг зорьж ирдэг болгохоор соёлын бүтээгдэхүүн болгож байгаа юм. Нийгмийн үр нөлөө талаас нь харвал бидний язгуур соёл болсон нүүдлийн соёл иргэншлийг сурталчлан таниулж байгаа хэрэг л дээ. Монгол соёлын дархлааг нэмэгдүүлж байгаа оюун санааны хөгжилд оруулж байгаа том ажил гэж хэлж болно.

Бид Монголд зохион байгуулагдах арга хэмжээгээ тооцож үзсэн. Монголд 69 арга хэмжээ зохион байгуулагдах юм байна гээд календарчилсан төлөвлөгөөг гаргаж тэр бүрд нь бодлогын түвшинд оролцож байгаа. Яам бол бодлого гаргадаг газар шүү дээ. Тиймээс бүх арга хэмжээг яам хариуцаж хийх боломжгүй. Үндэсний чанартай томоохон арга хэмжээг яам зохион байгуулна. Мэдэээж орон нутагтай хамтарч арга хэмжээнүүдийг ч зохион байгуулна. Тухайлбал, Дундговь аймагтай хамтарч гурван мянган уртын дуучин оролцсон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулсан.

Яагаад дандаа үндэсний өв дээр тулгуурласан арга хэмжээг зохион байгуулдаг юм бэ гэсэн асуулт их тавигддаг л даа. Бид дэлхийд бусдаас онцгойрох зүйлээрээ л онцгойрно. Тэр бол бидний язгуур урлаг, үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёлын бүтээгдэхүүн. Тиймээс үүнд зориулсан бүтээгдэхүүн буюу арга хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороогоор гарсан нэг том шийдвэр бол өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхааръя. Ямар арга хэмжээ зохион байгуулах вэ гэдгээ тодорхойлъё гэсэн. Манай яамнаас БОАЖ-ын яамнаас хамтарч хийж байгаа ажил бол жуулчдыг ирэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд илүү их анхаарч байна.

Олон улсад Монголыг сурталчлан таниулах үндэсний хороо бодлого, төлөвлөгөөг гаргаж системтэйгээр ажлууд хийж байна. Тийм ч учраас хүмүүс сонирхож эхэлж байна. Өмнө нь олон улсын түвшинд харьцахад Монгол гэдэг улс хаана байдгийг зарим хүмүүс мэддэггүй байсан бол өнөөдөр олон улсын түвшинд харьцаж, хэвлэлд нь ярилцлага өгдөг түвшинд очсон. Тэр ч бүүхэл Монголд өөрсдөө ирж сурвалжилга хийх хэмжээнд хүрлээ. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үндэсний хороо бол зөв системтэй, тогтвортой, бодлоготой ажиллаж байгаа учраас үр дүнтэй болж байна гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *