Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ч.Хүрэлбаатар: “Өдрийн сонин”-оор дамжуулаад Монголбанкинд хэлчихье

УИХын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

Өнгөрөгч баасан гаригийн чуулганаар Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаарх асуулгыг хэлэлцсэн. Таны хувьд далд эдийн засгийг ил болгох юм үлдсэн юм уу. Торгохыг нь торгоод, шалгахыг шалгасан гэж байсан. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?

-2013, 2014 онд нийтдээ 27 мянган аж ахуй нэгжид шалгалт хийж 17 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 450 тэрбум төгрөгийн татварын нөхөн төлбөр, торгууль, алданги төлүүлсэн гэдэг мэдээллийг Сангийн сайд бидэнд өгсөн. Эдийн засаг хямралтай байхад ДНБ-ийхээ хэмжээтэй бараг тэнцүү хэмжээний зөрчил илрүүлж, алданги тавьсан гэдэг нь аж ахуй нэгжүүдийг нэлээд сайн шахчихсан байна гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар мэдүүлээгүй байсан хөрөнгөө ил болгох, төлөөгүй байсан татвараа төлөх боломжийг бүрдүүлж өгч байгаа учир ил болгох юм үлдсэн үү гэдгийг Засгийн газраас тодруулсан юм.

Уг хууль нь тодорхой ашиг сонирхлын хүрээнд үйлчлэх юм байна. Шударгаар татвараа төлсөн аж ахуй нэгж, иргэд яах юм гэдэг зүйл яригдаж байгаа. Улс төрчидтэй холбоотой бизнесийнхнийг хамруулах гэж байна гэсэн хардлага яваад байгаа шүү дээ?

-Надад ч гэсэн тийм хардлага бий. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд улсын хэмжээнд 11260 аж ахуй нэгжийг хууль хүчний байгууллагууд шалгасан. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн 4.5-д эрх бүхий байгууллагын шалгалтаар зөрчил нь тогтоогдсон, хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа аж ахуйн нэгжүүдийг өршөөхгүй гэсэн байна лээ. Тэгэхээр эрх бүхий байгууллага гэдэгт Татварын маргаан таслах зөвлөлийг бас оруулсан гэж ойлгож байна.

Тэгэхээр татварын маргаантай болон хэрэг бүрдэлтийн шатанд байгаа аж ахуй нэгжүүдийг үүнд хамруулахгүй гэчихээр миний хэлдгээр дахиад цаана нь хэн үлдэж байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ. Маш цөөхөн аж ахуйн нэгж л хамрагдах болж байгаа юм. Чингис, Самурай бондын зарцуулалт, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлуудаар хэрэг үүсч амжаагүй яваа нь бүрэн өршөөгдөх юм байна гэж хараад байгаа юм. Аж ахуй нэгжүүдэд боломж олгох нь зөв гэж байгаа бол эрх бүхий байгууллагаар шалгагдаж буй байгууллагуудыг ч мөн хамруулаад явах ёстой гэж байгаа юм. Тэгвэл үндсэндээ энэ хардлага алга болчихно л доо.

Тавдугаар сар эдийн засгийн хувьд мэдээлэл дүүрэн өнгөрч байна гэж харж байна. Учир нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нэг тэрбум ам.долларын зээлийн шугамаа нээж байгаагаа мэдэгдсэн. Ерөнхий сайд Оюу толгой төслийн далд уурхайн төсөл дээр гарын үсэг зурлаа гээд л үргэлжилж байна. Ингэснээр Монгол Улсад валют орж ирэх боломж нээгдлээ гээд байгаа?

-Оюу толгой эдийн засагт өгөөжөө өгөөд явж байгаа аж ахуй нэгж гэдгийг бүгд мэдэж байгаа. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг 2012 оны сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газар л хааж боосоор байгаад зогсоосон. Ухаандаа өөрсдөө хааж боосоор байгаад зогсоосон зүйлээ одоо явуулж байгаа юм ш дээ. Уг нь ямар ч хэл амгүй явж л байх ёстой төсөл гэж би хардаг.

Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлийн шугамын тал дээр хариулсангүй. Үүнийг ямар өнцгөөс харж байгаа бол?

-Бидэнд энэ зээлийн талаар ямар нэгэн мэдээлэл алга. Энэтхэг нэг тэрбум ам.долларын зээл амлалаа гэсэн, бас Арабад хувийн хэвшлийнхний сангийн нэг тэрбум ам.долларт гарын үсэг зурлаа гэсэн. Эдгээр мөнгөтэй холбоотой асуудлуудын талаар бүлгийн хурал дээр мэдээлэл авъя гэсэн хүсэлтээ тавьчихсан. Мэдээлэл авсныхаа дараа энэ асуудлаар ярилцвал зөв биз дээ. Харин өрийн босго бол аль хэдийнэ тулчихсан. Одоо манай эдийн засагт нэг тэрбум ам.долларын зээл орох босго байхгүй.

Гэхдээ эрчим хүч, төмөр замын зээл өрийн босгод хамаарахгүй гээд байгаа. Хэрэв энэ чиглэлээр ороод ирвэл яах юм?

-Би сая тойрогтоо ажиллаж байгаад ирсэн. Төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлэнд гаргасан Засгийн газрын баталгааг Засгийн газрын өрөнд оруулахгүй гэдгийг УИХ баталчихсан гэсэн. Уг нь олон улсад хэрэглэгддэг түгээмэл аргачлал, стандартаар бол Засгийн газрын гаргасан баталгаа өрөнд л орж явдаг л даа. Өөрөө өөрсдийгөө л хуураад байгаа юм. Энэтхэгийн зээлийн хувьд мэдээлэл авч байж тайлбар өгье, тааж ярих боломжгүй ээ.

Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөн дээр Ерөнхий сайд гарын үсэг зурснаараа өөрийгөө жижигхэн харагдуулж байна гэсэн яриа гарч байх юм. Гарын үсэг зурж болохгүй байсан юм уу. Ерөнхий сайдын зүгээс энэ бол улс төр хийх зүйл биш болсон. Компанийн асуудал шүү гэдгийг мэдэгдэж байсан…

-Дахиад хэлье. Энэ чинь хэвийн явж байсан төсөл шүү дээ. Хэвийн явж байхад нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар зогсоосон. Өөрсдөө шахаж дарамталсаар байгаад зогсоочихоод өөрсдөө дахиад эхлүүлж байгаа юм. Эрүүл саруул Засгийн газар байсан бол анхнаасаа хэл ам болохгүйгээр ажил хэрэг болгоод явах байсан юм. Их л цаг хугацаа алдлаа. Одоо далд уурхайн бүтээн байгуулалтаа явуулъя гээд хөрөнгө оруулалтын 14 банкнаас санхүүжилтээ шийдэхээр санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа.Ерөнхий сайд зураагүй биз дээ.

Эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь хэзээнээс мэдрэгдэх вэ?

-Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэхээр боллоо гэдэг нь хөрөнгө оруулагчдад жаахан ч гэсэн итгэл үнэмшил төрүүлэх үйл явдал болж байна гэж ойлгож байна. Анхнаасаа шууд тэр чигээр нь явуулсан бол Монголын төрд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байх байсан юм. Рокфеллерийн хэлсэн нэг үг байдаг даа. “Нэр хүндийг хөдөлмөрөөрөө олж ав, харин тэр нэр хүнд таны төлөө ажиллаж эхэлнэ” гэж. Тэгэхээр Монгол Улс хөрөнгө оруулагчдын хувьд алдсан нэр хүндээ олж авах ёстой. Ингэж байж манай улс хөгжинэ, дэвшинэ.

Тэгвэл Тавантолгойг та хэрхэн харж байна вэ?

-Тавантолгой мөн хөдөлж эхлэх ёстой.

Болж бүтэхгүй заалтууд орсон байна гээд байгааг нь та харав уу?

-Тавантолгойн гэрээг үзсэн.

Гэрээнээс улс төр, атаа жөтөө, үл ойлголцол зэрэг олон өнгийг нь авч хаяад зөвхөн хар, цагаанаар хараад үз. Тэгж харахаар нэг тонн нүүрсийг 30 доллараар зарах уу, 80 доллараар зарах уу гэдэг асуудал л байгаа юм. Хэрэв энэ төсөл явахгүй бол нүүрсээ ухаж машин дээрээ ачаад давхиж очоод нэг тонныг нь 30 доллараар зарна. Хэрэв төсөл хөдөлбөл нүүрсээ угааж баяжуулаад төмөр замаар тээвэрлэн 80 доллараар зарах юм. Ердөө ийм л зүйл.

Тэгээд бүх өнгийг аваад харах боломж өнөөгийн улс төрчдөд байна уу?

-Бид тэгж харах ёстой. Ингэж харж байж л Монгол Улсын эдийн засгийг чирч явдаг хөдөлгүүрүүдээ хөдөлгөнө. Тэгэхгүйгээр манай эдийн засаг сайжрахгүй. Өндөр хөгжилтэй орнуудад хувийн хэвшил гэдэг том хөдөлгүүрүүд нь эдийн засгаа аваад явж байна. Төр нь өөрөө бүх зүйлээ чирээд явахаар ямар байдалд хүрдгийг Хойд Солонгос зэрэг зарим орны туршлага бас харуулж байна. Үүнийгээ бид сайн ойлгох ёстой. Тиймээс эдийн засгийн хөдөлгүүр болсон хувийн хэвшлээ, хөрөнгө оруулалтаа дэмжиж байж улс орон хөгжинө, ард иргэдийн амьдрал сайжирна гэдэгт би хатуу итгэдэг. Манайхан хангалттай улс төр хийлээ. Үр дүнд нь юу болдгийг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ханатлаа л харлаа. Одоо больё.

Ажлын хэсэг дээрээ жаахан саатчихав уу?

-Л.Эрдэнэчимэг гишүүн нь уншдаг юм бол хурдан уншаад Ажлын хэсгээ даруйхан хуралдуулаад дүгнэлтээ гаргаач. Гэхдээ миний эрхэд халдахыг би огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй шүү гэдгийг хэлье.

Ямар эрх?

-Хэлэлцэх эсэхийг шийдэх эрх нь УИХ-ын гишүүнд байдаг болохоос Ажлын хэсэгт байдаггүй юм.

Эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Хүнд.

Гэхдээ эдийн засагчид зургадугаар сарын сүүлчээр гайгүй сэргэх хандлагатай байна гээд байгаа юм биш үү?

-Үгүй. Хэрэв бид бодлогын алдаагаа засахгүй, хөрөнгө оруулалтаа дэмжихгүй бол доошоо унасан хэвээрээ л байна. Энэ Засгийн газар бодлогын алдаануудаа засахгүй байгаа юм.

Парламентад суудалтай бүх намууд хамтарснаар бодлогын шийдвэрүүдээ гаргаад явна гэсэн шүү дээ. Таныхаар бодлогын алдаануудаа засахгүй байна гэж хараад байгаа юм уу?

-Бодлогын алдаа засагдаагүй хэвээрээ байгаа.

Энэ оны төсөв нэлээд тасалдалтай гарна гэдгийг Сангийн сайд хэлсэн. Барилгын салбар маш хүнд байх бол уул уурхайн салбар мөн хүнд байна гэдгийг хэлж байна лээ?

-2013, 2014 онуудад улсын төсөв алдаатай зохиогдож, төсвийн орлого хоёр жил дараалан жил бүр нэг их наяд төгрөгөөр тасарч байсныг санаж байгаа биз дээ.

Орлого тасарсан хэмжээгээр өр нэмэгдсэн шүү дээ. 2015 оны төсөв мөн л худлаа хийгдсэн. Тийм болохоор орлого нь дахиад л тасарна.

Хаа очиж 2015 оны төсөв чинь гайгүй болсон гээд байсан биш үү?

-Хэрэв тийм байсан юм бол яахаараа улсын төсвийн орлого тасардаг юм, яахаараа цалин тэтгэврээ хүртэл цаг хугацаанд нь тавьж чадахгүй дээ хүрдэг билээ. Хий хоосон орлого тавих, эдийн засгийн өсөлтөө худлаа тооцох нь ийм л аюултай. Бодитойгоор төсвөө төсөвлөчихсөн бол ийм байдалд хүрэхгүй. Энэ онд улсын төсөв 500 тэрбум төгрөгөөр тасарна. Яахав өмнөх онуудынхаа алдааг хоёр дахин багасгасан юм байна. Хоосон горьдож болохгүй.

Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа болохоор “Стэнд бай” хөтөлбөрийг авах ёстой гээд байгаа. Гэтэл Сангийн сайд “Аль болох өөрсдөө эдийн засгаа эрүүлжүүлэх бодит нөхцөл байдал дээр нь аваачиж үзье гэж байгаа” гэдгээ хэлсэн. Тийм болохоор уг хөтөлбөрийг авахгүй гэсэн л дээ?

-Эхлээд бодлогын алдаануудаа засчих.

Богинохон хугацаанд засагдчихдаг юм уу?

-Хүсвэл болно, харин дургүй бол юу ч гэж хэлээд, юу ч хийгээд нэмэргүй. Бодлогоо засахгүй хугацаа алдвал хямрал үргэлжлэх хугацаа улам л уртасна. Алдааг эрт засах тусмаа хямрал дуусах хугацаа наашлах юм.

Хямрал аль түвшиндээ илүү мэдрэгдэж байна вэ?

-Бүх түвшинд мэдрэгдэж байна. Би тойрогтоо очиж бүх сумдаар яваад ирлээ. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт л муудаж байгааг хэлж байна. Дэлгүүрүүд бараагаа зээлээд зарж байна. Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч байна шүү дээ.

Та Монголбанкны үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ. Монголбанк буруу ажиллаж байна гэдгийг байнга хэлдэг гишүүдийн нэг нь та?

-Монголбанк Засгийн газартай хамтарч дөрвөн их наяд төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг мөнгө хэвлэж хэрэгжүүлснийг манай намынхан маш их шүүмжилсэн. Үр дүнд хүрч үүнийг зогсоосон гэж ойлгож байгаа.

Одоо байдал хүнд байна гээд төсвийн алдагдлыг нөхөх гэж Монголбанк мөнгө хэвлэж, зээлэх юм бол эдийн засаг бүр дампуурна. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудал яригдана гэдгийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголбанкныханд хэлчихье.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *