Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны улсын төсвийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үүний дараагаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:
-Засгийн газар Монгол Улсын 2019 оны улсын төсөв, Иргэдийн төсвийн төслийг боловсруулан УИХ-д хуулийн хугацаанд боловсруулж өргөн барилаа. Монгол Улсын төсвийн онцлогуудыг хэлье. Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.7 их наяд төгрөгөөр, зарлагы 11,6 их наяд төгрөгөөр төсөвлөн оруулж ирж байна. Засгийн газрын өр ДНБ-өр 55 хувьтай байна. Монгол шиг газрын баялаг ихтэй улс баялгаас олох орлогоо ирээдүй хойч үедээ үлдээхээр хуримтлуулна 553 тэрбум төгрөгөөр хуримтлуулна. Норвегийн сан, Аляскийн сан гэж байдаг. Жилдээ нэмж олсон орлогоороо санхүүжүүлдэг. Энэ бол 2019 оны төсвийн нэг онцлог. Монгол Улс газрын баялгаа хуримтлуулах жил болно.
Төсвийн зардлыг бид жигд, тэгш хуримтлуулна. Зарим жилд ижил төстэй аймгуудын зардал өөр өөр байдаг байсан. Тэгвэл үүнийг ижилсүүлнэ.
2019 оны урсгал зардал дээр бид 2018 оны түвшинд барина. Бодлогын өөрчлөлт гарсан. Цалин, тэтгэвэр, халамжийг нэмэхээр 720 тэрбум төгрөгийг төсөвлөж оруулж ирсэн.
Эрүүл мэндийн даатгалын санг тэтгэврийн даатгалын сангаас хэрэгжүүлээд явж байгаа. Үүнийг салгасан. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоон дотор цахимжуулж, иргэн мэдээллээ авч, төлбөр тооцоогоо харж, үр дүнг нь үздэг болгоно. Эрүүл мэндийн байгууллагууд бие дааж эхэлнэ. Туршилтын журмаар Хавдар судлалын төв, Улсын клининкийн II эмнэлэг гэсэн хоёр эмнэлгийг гаргана. Орон нутаг өөрсдөө орлогоо нэмэх, зарцуулах эрхийг нь нээж өгч байна. Ингэснээр орон нутгийн бие даасан байдал нэмэгдэнэ.
Орон нутгийн хөгжлийн санд 189 тэрбум төгрөг төсөвлөлөө. Аймаг бүрт 8-10 тэрбум төгрөгийг нэмж тусгаж байгаа гэсэн үг. Аймаг бүрт олон сургууль, цэцэрлэг баригдахад тоног, төхөөрөмж авах хэрэгтэй байна.
Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг нэлээд нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг хэрэглэх хүрээнд 350 сая ам.долларын санамж бичгийн гэрээнд гарын үсэг зурсан. Нефть боловсруулах үйлдвэр барих, Дарханы зам, Налайхын зам, эмнэлэг барих зэрэг ажил гадаадын зээл тусламжаар хэрэгжээд явна.
2019 онд улсын төсвөөр 1.366 их наяд төгрөгийн ажил хэрэгжинэ. 116 сургууль, 143 цэцэрлэг, 62 эмнэлэг барихаар байгаа.
2019 оны төсөвт мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор 41 тэрбум төгрөг тусгасан. Ингэснээр боловсон хүчний харьцааг тэнцвэржүүлэх боломжийг нээж өгч байна.Ингээд 2019 оны улсын төсвийг Засгийн газар боловсруулан өргөн барилаа. Хуулийн хугацаанд шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна хэмээлээ. Сангийн сайд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд олгохоор төсөлд тусгасан бол?
Цалингийн нэгдсэн системийг бий болгоно. Хүүхдийн мөнгийг төсөв дээр 80 хувиар тооцоод явсан. НХХЯ хүүхдийн мөнгийг авахыг хүссэн хүүхдийн тоогоор санхүүжилтээ авна гэсэн. Тооцоо судалгаа нь дуусч байгаа гэж үзэж байна.
-Ипотекийн зээлийг хаанаас олгох вэ?
-Ипотекийн зээл олголт Монголбанк дээр хэвээрээ үлдэнэ.
-Утааг бууруулах арга хэмжээ хэрхэн хэрэгжих вэ?
Утааг бууруулахад нийтдээ 200 орчим тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс 45 тэрбум төгрөгийг гэр хороолол руу дулааны шугам тавихад чиглэсэн.