Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хориод сар гаруй хугацаа өнгөрлөө. Анх 30 хоногоор цагдан хорих гэж байснаа яагаад 30 хоногоор сунгачихав?
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол нь “хуульд заасан үндэслэл журмаас гадуур гарсан” гэж үзэх хуулийн үндэслэлтэй байдаг. Энэ тогтоолыг үндэслэж, цагдан хорих саналыг прокурор ирүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад үндэслэл бүхий тайлбар, няцаалтыг Н.Мөнхбатын өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан боловч харамсалтай нь огт хүлээж аваагүй. Цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгахаар “өмнөх үндэслэл арилаагүй, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх прокурорын ирүүлсэн саналыг өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Шүүгч Х.Идэр нь прокурорын саналыг мөн л үндэслэлтэй гэж үзээд, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “Н.Мөнхбатын хуульд заасан эрх, эрх чөлөө зөрчигдөж байна. Энэ эрхийг нь хамгаалаад өгөөч. Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ мэдээлэл нь энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур авагдсан баримт учраас нотлох баримт биш юм. 2017 оноос хойш буюу таван жил шалгасан хэргийг өнөөдөр ээдрээ төвөгтэй гэж прокурор үзэж байгаа нь огт үндэслэлгүй байна. Суллаж өгөөч ээ” гэсэн өмгөөлөгч нарын тайлбар, санал, хүсэлтийг хүлээн авахаас эрс татгалзсан. Үргэлжлүүлэн нэг сараар цагдан хорьж, сунгах шийдвэр гаргасан. Шүүгчийн захирамжтай дараа нь танилцахад Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Мөнхбатын өмгөөлөгч нарын гаргасан дээрх тайлбар, санал, хүсэлтийг шүүгч үндэслэлтэйгээр няцааж чадаагүй байна лээ.
-Өмгөөлөгч нарын зүгээс “прокурорын тогтоол хуульд заасан үндэслэл, журмаас гадуур гарсан” гэж үзэх болсон хуулийн гол үндэслэл нь юу юм бэ?
-Н.Мөнхбатыг буруутгаж буй үйлдэл нь цаг хугацааны хувьд 2014 онд төгссөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дууссан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, яллагдагчаар татаж болохгүй” гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл прокурор хуулийн энэ хэмжээ хязгаарыг давж, 2022 онд буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш гурван жилийн дараа бусдад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.
Өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Мөнхбат гэм буруутай эсэх” асуудлыг огт хөндөж яриагүй. Харин хуульд заасан түүний эрх нь зөрчигдөөд байна шүү гэдэг асуудлыг яриад байхад шүүх үүнийг анхаарч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдөөд байгаа Н.Мөнхбатын эрхийг хамгаалах” талаар шийдвэр гаргаагүйд нь миний хувьд туйлын их харамсаж байгаа.
Шүүхийн эрхэм зорилго нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх”-д оршдог. Нөгөө талаар Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гээд Шүүхийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Энэ зорилт, зарчмаа шүүх баримталж, хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх нь өнөөдрийн хувьд, цаашид ч эргэлзээтэй болжээ гэж харж байна.
-Шүүгчээсээ татгалзсан гэл үү. Ямар үндэслэлээр татгалзсан юм бэ?
-Шүүхийн хэлэлцүүлэг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт болох тухай мэдэгдсэний дагуу Н.Ариунболд өмгөөлөгчийн хамт очсон. Ингээд Н.Мөнхбатыг өөрийг нь биечлэн эсхүл онлайнаар оролцуулан, прокурорын саналд дурдагдсан нотлох баримтыг няцааж тайлбар өгөх, Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах цаг хугацаа, нөхцөл боломжийг түүнд олгож өгөөч гэдэг хүсэлт тавьсныг шүүгч Х.Идэр хүлээн авч, хэлэлцүүлгийг тухайн өдрийн 16:00 цаг хүртэл хойшлуулсан юм. Ингээд 16:00 цагт хэлэлцүүлэг эхэлсэн. Гэтэл цагдан хорих байранд шүүх хурал явагдаж байгаа учраас Н.Мөнхбатыг онлайнаар оролцуулах техникийн боломжгүй байна, иймд өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзлаа гэсэн шийдвэр гаргасан. Ажлын цаг дуусах дөхөж байсан, гэвч хурлыг үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргасан учраас бид шүүгч Х.Идэрийн гаргах шийдвэр ойлгомжтой, энэ хэрэгт шууд бус хувийн сонирхлоор хандаж байна гэж үзээд түүнээс татгалзах хүсэлтийг ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт гаргасан. Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай, түүний энэ шийдвэр эцсийнх болох тухай Захирамжийг маш хурдан гаргаж ирүүлсэн учраас хэлэлцүүлэг үргэлжилсэн.
Иймд өмгөөлөгч нарын зүгээс Сүхбаатар дүүргийн бүх шүүгчдээс татгалзах тухай дээр дурдсан үндэслэлээр хүсэлт дахин гаргасан. Гэвч шүүгч Х.Идэр “Хүлээн авах хуулийн үндэслэлгүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаа” гэж алх цохисноор хэлэлцүүлэг дахин үргэлжилсэн. Улмаар Н.Мөнхбатыг нэг сар үргэлжлүүлэн цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3. “…Шүүхийн хэлэлцүүлэгт … хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэсэн заалтыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр зөрчиж, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан нь хуульд нийцээгүй. Мөн Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангахаас татгалзсан шийдвэр гэж бид үздэг юм. Шүүх нь үндсэн хуулиа зөрчөөд байхаар бид тэгээд хэнд итгэх вэ.
-Та Н.Мөнхбаттай уулзаж байгаа юу, биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Миний хувьд ажлын байдлаас шалтгаалан долоо хоногтоо нэг удаа очиж уулзаж байгаа. Н.Мөнхбатын хувьд элэгний архаг үрэвсэлтэй, уушгины архаг бронхит өвчтэй. Хоригдоод 40 гаруй хонож байна. Агааржуулалт муутай орчинд олон хоногоор хоригдож байгаа учраас эрүүл мэндэд нь нөлөөлөөд эхэлсэн байна. Биеэр нь тууралт гарсан, ханиалгасан байдалтай байсан. Биеийн байдал нь тийм орчин нөхцөлд доордоно уу гэхээс дээрдэнэ гэж бодохгүй л байна. Цагдан хорих ангийн удирдлагууд, хорих санал гаргасан мөрдөгч, прокурорууд түүний эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал тавьж байгаа байх гэж найдаж байна даа.
-Батлан даалтад, гадуур байцааж болдоггүй юм уу?
-Заавал хорьж цагдахаас өөрөөр таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжууд хуульд байгаа. Хувийн батлан даалтанд өгч болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хуулийн зохицуулалт бий. Мөн тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх аргах хэмжээг Н.Мөнхбатад авах боломж уг нь байгаа юм.
Н.Мөнхбатыг цагдан хорьсон үндэслэлтэй холбоотой заалтыг хэзээ хэрхэн өөрчилсөн тухай ярья л даа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д, “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа ” гэсэн өмнөх заалтыг, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэж 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан байгаа юм.
“Гэмт хэрэг дахин үйлдэх”, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэсэн үгнүүдэд агуулгын ялгаа харагдаж байна уу. Сүүлд оруулсан хуулийн өөрчлөлт нь цагдан хоригдох гэж байгаа яллагдагчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Болзошгүй” гэдэг нь үндэслэл бүхий нотолгоо, баримт байхгүй гэсэн үг. Тэгэхлээр хууль тогтоогчид “хэнийг ч баримт нотолгоогүйгээр цагдан хорих боломж, нөхцөл”-ийг хуульчлаад өгсөн байгаа юм. Эрх баригчид “Хүний эрх, эрх чөлөөг онцгой анхаарч хамгаална” гээд зарлаад байгаа биз дээ. Гэтэл араар нь хүний эрхийг доордуулсан ийм өөрчлөлт хуульд оруулсныг юу гэж ойлгох вэ. Хоёр нүүр гаргаж байна шүү дээ.
Н.Мөнхбатыг яг энэ “болзошгүй” гэдэг үгээр, ямар ч баримт нотолгоогүйгээр цагдан хорих шийдвэр гаргасан. Баримтыг нь үзье гэхээр үзүүлэх зүйл байдаггүй юм.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5-д, ”Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж маш тодорхой заасан. Ийм байхад Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн “гүйцэтгэх ажлын шугамаар гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй тухай мэдээлэл “авагдсан” гэх албан бичиг байгаа гэж шүүгч н.Дарьсүрэн тайлбарлаад , хууль зөрчөөд цагдан хорих шийдвэр гаргасан.
-Н.Мөнхбат гэдэг залууг нийгэмд олон жил харлууллаа гэж та ярьж байсан. Олон жил шүүх цагдаагаар явлаа. Энэ хугацаанд ар гэрийнх нь амьдрал ахуй ямаршуу байгаа вэ?
-Хүний амьдралын нэг жил гэдэг их хугацаа. Юу ч хийж, бүтээж, амжуулж болно. Гэтэл зургаан жил гэдэг бас л их хугацаа шүү. Энэ хугацаанд Н.Мөнхбат огт орлогогүй байсан. Түр хугацаагаар ч болов ажилд оръё гэхээр бүгд таньдаг болчихсон, ажилд авахаас татгалздаг юм билээ гэж ярьж байсан.
Тэгэхээр түүний ар гэр ахуй амьдрал ямар байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Өнөөдөр монгол хүний дундаж цалин хэд байгаа билээ, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ямар байгаа билээ дээ. Энэ залууд бие дааж гаргасан шийдвэр, хууль, дүрэм, журам зөрчсөн нэг ч үйлдэл байдаггүй юм. Бүх зүйлийг хуулийн хүрээнд хийсэн байдаг.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд бие дааж дангаараа шийдвэр гаргах эрхийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, дүрэм, журмаар олгоогүй байдаг юм. Гэтэл түүнийг маш их эрх мэдэлтэй байсан гэж иргэд, олон нийт ойлгодог. Учир нь тийм ойлголт төрүүлэхүйц буруу ташаа мэдээллийг маш сайн явуулж байна шүү дээ. Тухайлбал, хууль, журам, дүрмийн хүрээнд зээл олгох шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран оролцсон гүйцэтгэх захирлыг гэмт хэрэгтэн мэт баривчилж цагдан хорьчихоод зээлээ төлөөгүй байгаа гол буруутай этгээдүүдэд хариуцлага оногдуулж, өр барагдуулах ажлыг хийхгүй байна. Үүнээс шалтгаалж энэ залуу л буруутай мэт маш буруу ойлголтыг олон нийтэд өгөөд байх юм.
Нөгөө талаар энэ хэргийг эрх баригчид хэт их улстөржүүлж, туйлширч, түүнд нь хууль хяналт, зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нар татагдан орж, илт яллах талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, Н.Мөнхбатын үед л банкны энэ их луйвар булхай гарсан мэтээр төөрөгдүүлэх, тухайн үеийн нөхцөл, бодит байдлаас зөрүүтэй мэдээллээр олон нийтийн тархийг угааж, олон нийтээр буруутгуулж, яллуулах, улмаар энэ нь шүүхийн шийдвэрт урьдчилж нөлөөлөхөд хүргэхүйц хэмжээний ил тод, эрээ цээргүй үйл ажиллагаа болж хувирч байгаа нь туйлын харамсалтай.
Шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага өнөөдөр улс төрөөс хараат бусаар, хуульд захирагдаж ажлаа явуулдаг байсан бол Н.Мөнхбатыг аль хэдийнэ цагаатгасан байх байлаа. Уг хэрэг дээр олон жил ажиллаж, Хөгжлийн банктай холбоотой бүхий л хууль, дүрэм, журам, үйл ажиллагаа, зарчмыг нь мэддэг болсон хуульчийн хувьд энэ залуу огт буруугүй байжээ гэдгийг өнөөдөр биш ч гэсэн олон нийт ойлгох тийм цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байдаг юм. Өнөөдрийн явуулж байгаа улс төрийн акцуудыг хараад 1930, 1960-аад оны хар түүх дахин бүү давтагдаасай гэж бодох юм.