Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Энэтхэгийн зээлийг ашиглан нефтийн үйлдвэр барих нь бидэнд байгаа том боломж

Эдийн засагч, профессор Ч.Хашчулуунтай ярилцлаа.


– Бид нефтийн үйлдвэртэй болъё гэж маш их ярьж байгаа. Олон ч удаа оролдлого хийж өчигдрийн засгийн хуралдаанаар энэ тухай асуудлыг шийдсэн. Гэхдээ яг бүтэлтэй болсон зүйл одоогоор алга. Юунаас шалтгаалан өдийг хүртэл цалгардаад байна вэ?

-Дотоодын нөөцөө ашиглаад үйлдвэр барих юу юунаас чухал л даа. Бид жижиг хэмжээний нефтийн үйлдвэр барих бололцоотой. Монгол Улс 1950-иад оны үед өөрийн гэсэн нефтийн үйлдвэртэй ч байсан. Зүүнбаянд байсан энэ үйлдвэр осол аваарын улмаас хаагдсан байдаг. Тэгэхээр тэр хэмжээний жижиг үйлдвэр барихыг үгүйсгэхгүй. Харин орчин үеийн нефтийн үйлдвэр заавал “Евро-5” гэсэн стандартыг хангаж байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Энэ нь цэвэрхэн шаталттай, утаа бага гардаг, хорт бодисын агууламж багатай шатахуун үйлдвэрлэх ёстой гэсэн үг. Ийм сайн чанарын шатахуун хийхийн тулд мэдээж орчин үеийн үйлдвэр байх ёстой. Орчин үеийн үйлдвэрийг том зах зээлд зориулж барих гэхээр өндөр зардалтай. Дээрээс нь Зүүнбаянгийн нефть тослог ихтэй. Амархан царцдаг. Өвлийн улиралд халаахаас нааш гарч ирдэггүй бэрхшээлтэй. Харин Тамсагийн нефть харьцангуй сайн. Өмнө нь байгуулсан гэрээгээр ихэнх хувийг нь түүхий байдлаар нь экспортод гаргах ёстой байдаг. Монголд үлдэж байгаа хэсэг нь харьцангуй бага байдаг л даа. Тэгэхээр нефть байгаа юм шиг мөртлөө үнэн хэрэг дээрээ хангалтгүй байна. Тэр хэмжээндээ зориулаад үйлдвэр барья гэхэд зардал нь импортолсноос өндөр болчихож байгаа юм.

Үе үеийн Засгийн газрууд энэ асуудлыг их судалсан. Зарим төслүүд ч ТЭЗҮ-ийг хүртэл хийж байсан. Миний мэдэхийн Налайх болон Дарханд үйлдвэр барих төслүүд нэлээд судлагдсан. Мөн аль аль нь ОХУ юм уу өөр улсаас түүхий нефть авчираад боловсруулах төслүүд байсан. Гэсэн ч хэрэгжүүлэхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай болох байсан. Дарханы үйлдвэр тэрбум гаруй ам.долларын зардлаар бүтэхээр яригдсан. Тэр их мөнгийг гаргахад хөнгөлөлттэй тусламж өгөхүйц орнууд байгаагүй. Төрийн зүгээс ч гаргах боломжгүй байсан. Хувийн хөрөнгө оруулагчид тэрбум ам.долларыг гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Гаргасан ч нэг шийдвэрийг тууштай хэрэгжүүлэх боломж бидэнд бага. Дөрвөн жил болоод л Засгийн газар солигддог учир хувийн хэвшлийнхэнд эрсдэлтэй, айдастай. Шийдсэн тохирсон гэрээг нь дараагийн яам нь өөрчилчихдөг. ТЭЦ-5 ч гэсэн яг ийм түүхтэй. 2012 оны тавдугаар сард гэрээг нь хийн, хотын зүүн талд байгуулахаар төлөвлөөд гарын үсэг зурах л дутуу байсан. Гэтэл дараагийн Засгийн газар дахиад судалгаа хийж, байршлыг нь буруу сольсон. Тэгээд тэр том төсөл зогссон. Үүнээс үүдэн бид өнөөдрийг хүртэл нефтийн үйлдвэртэй болж чадаагүй. Харин энэ удаад Энэтхэгийн тэрбум ам.долларын зээл нефтийн үйлдвэр барихад зориулагдаж орж ирж байгаа.

-Бид нефтийн үйлдвэртэй болсноороо ямар давуу талууд бий болох вэ?

-Нефтийн нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 33-т ордог. Гэхдээ батлагдаад гарч ирсэн нөөц нь харьцангуй бага байгаа. Одоогийн төслийн хүрээнд Сайншандад нефтийн үйлдвэр барихаар яригдаж байгаа. Төмөр замын зангилаан дээр байгаа учир нөөц бага ч импортоор газрын тос авчран боловсруулахад асуудалгүй. Бидний нэгэн давуу тал нь “Түүхий нефтийг экспортлож өгье, боломжтой үнээр борлуулья” гэсэн түнш улс бий. Нэн тэргүүнийх нь Кувейт улс. 1991-1992 оны үед Ирактай байлдаж байх үед Монгол Улс Иракийн довтолгооныг буруушааж байсан. Үүнд Кувейт улс талархснаа илэрхийлж “Хэрэв Монгол Улс нефтийн үйлдвэр байгуулах юм бол бид газрын тос нийлүүлэх болно” гэж амалсан. Кувейтээс гадна Ази дотроо олборлож байгаа Веьтнам зэрэг орнуудаас авчихаж болно. БНХАУ-аас ч авч болно. Дэлхийн зах зээлд түүхий эдийн дутагдал бол байхгүй шүү дээ.

Дээрээс нь манайд эрчим хүчний нүүрс гэж байдаг. Мөн занар бий. Энэ хоёрын аль алиныг нь боловсруулж шатахуун үйлдвэрлэж болно. Бензин, дизель хоёуланг нь гаргаж авч болдог. Нүүрс боловсруулах үйлдвэрийг Багануур дээр байгуулах гэж “Энержи Ресурс” компани олон жил хөөцөлдсөн. Эдийн засаг, зах зээлийн байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулах бололцоо гараагүй. Мөн занарын үйлдвэрийг дөрвөн жилийн өмнө Төв аймагт байгуулах гэсэн боловч нутгийн ард иргэд эсэргүүцсэн юм. Манайх занарын нөөцөөрөө дэлхийд эхнийн аравт ордог шүү дээ. Хэрэв тус үйлдвэрийнг байгуулсан бол өөрийн гэсэн шатахуун үйлдвэрлэчих бололцоо байсан. Уг нь бид хэд, хэдэн төрлийн эх үүсвэрээс шатахууны зах зээлээ хангавал нэг компаниас хамаарч донслох нь багасна. Давуу талууд маш их бий.

Газрын тосны үйлдвэрийн хувьд бензин эсвэл дизель гэсэн сонголт хийх ёстой байдаг. Аж ахуйн хэрэглээндээ дизель илүү. Хувь хүний хэрэглээнд мэдээж бензин илүү байгаа. Энэ сонголтыг бас бид хийх ёстой. Мөн нефтийн үйлдвэртэй болсноор янз бүрийн химийн бодисууд гарна. Үүгээр пластик, синтетик, эм зэргийг хийх түүхий эд бий болдог. Энэ нь дараа дараагийн үйлдвэрүүдэд хэрэгтэй шүү дээ.

Харин одоо бидэнд байгаа том боломж бол дээр дурдсан Энэтхэгийн зээлийг ашиглан томоохон нефтийн үйлдвэр барих юм. Энэтхэгийн инженерүүд ирж газар дээр нь судалгаа хийсэн. Ийм боломж олдсон дээр нь Засгийн газраас шийдвэр гаргаад, тууштай хэрэгжүүлэх нь зөв. Үүнд ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй.

-Тусгаар улс байх нэг тулгуур нь шатахууны хэрэгцээ мөнөөс мөн. 1990 оноос хойшхи бүхий л нам, эвслүүд үүнийг ярьдаг боловч өнөөдөр бид нефтийн үйлдвэргүй бахь байдгаараа л байна. Энэ нь хэн нэгний бодлого уу. Тэр дундаа манай орны шатахууны хэрэгцээг хангадаг ОХУ-ын оролцоо байдаг юм биш байгаа?

-Монгол Улс бол тусгаар улс. Тусгаар тогтнолоо бэхжүүлэх нь зүй ёсны хэрэг. Тусгаар тогтнолын гурван гол зүйл нь хүнс, эрчим хүч, шатахуун юм. Засгийн газрын зүгээс хүнсэн дээр “Атрын аян” гэх бодлогыг хэрэгжүүлсэн. Буудайгаар 100 хувь хэрэгцээгээ хангах бололцоотой болсон. Мөн төмсөөр 100 хувь, хүнсний ногоогоор 60 хувь хангах боломжтой. Тодорхой хэмжээгээр биелчихсэн. Эрчим хүчний салбар цахилгаанаа гаднаас авч байна. Үүнд их мөнгө зарцуулж байгаа. Иймд өөрийнхөө цахилгаан станцуудыг барих нь зүйтэй. Ус, нар, салхи, нүүрснийх гэх мэт. Гуравт, шатахуунаа 100 хувь гаднаас авна гэдэг нь туйлын эмзэг асуудал болчихож байгаа юм. Тэгэхээр шатахууныг дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг зөв шийдэл. Дээрх гурван асуудлыг бид шийдчихвэл эдийн засгийн байдал тун тогтворжино. Хөгжлийн суурь бэхжинэ.

Яахав манай хойд хөрш Эрхүүд нефтийн томоохон үйлдвэртэй л дээ. Түүнээс гарах бэлэн бүтээгдэхүүнийг манайхан авч хэрэглэдэг. Чанарын хувьд сайн, харьцангуй бага үнэтэйд тооцогддог. Хойд хөршийн хувьд бэлэн бүтээгдэхүүнээ бидэнд борлуулах сонирхол илүү байгааг үгүйсгэхгүй. 2014, 2015 онуудад Монголын компаниуд Санктпетербургийн эдийн засгийн чуулганд очиж дөрвөөс таван жил ОХУ-аас шатахуун авах гэрээг тэрбум ам.доллараар хийж байсан түүхтэй. Одоогоор хойд хөршийн эдийн засгийн байдал сайнгүй байгаа. Экспортынхоо гуравны хоёр орлогыг газрын тосноос олж байна. Ийм үед жижигхэн зах зээл боловч Монголыг алдахыг хүсэхгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ манайх газрын тос, нүүрс, занартай хэрнээ шатахуун үйлдвэрлэхгүй байгаа нь асуудал шүү дээ.

– Шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх гол арга нь нөөцлөх байдаг. Манай орны хувьд ч шатахуунаа нөөцлөх агуулах барих бүрэн боломжтой. Гагнуурчид нь бэлэн байна. Электрод, төмрийн үйлдвэр нь байна…

-Шатахууны нөөц ямар ч улсад байх ёстой. Зах зээлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлдэг энгийн болоод үр дүнтэй арга нь агуулах бол мөн. Тиймээс агуулах барих, нөөцөө цуглуулах нь зайлшгүй чухал. Энэ аргыг АНУ-ын Засгийн газар ч хэрэглэдэг. Америк улс бензины үнэ өсөнгүүт агуулахаасаа шатахуунаа авч зардаг. Зах зээлийн жамаар үнийг нь бууруулаад тогтворжуулдаг. Хямд үед нь авч нөөцөлдөг Манайх ингэж чадахгүй учир захиргаадалтын аргаар шийдээд байна. Захиргаадалтын арга нь өөрөө хомсдлын нэг эх үүсвэр болдог.

Манай улсын хэмжээнд нөөцийн агуулах байгуулах бүрэн боломжтой. Бүр шаардлагатай. Ер нь агуулах бий болгох нь бидний хувьд дийлдэшгүй хүнд ажил огтоос биш. Манайд хэдэн мянган гагнуурчин, электрод, төмрийн үйлдвэр байна шүү дээ. Газар нутгийн хувьд ч хязгаарлагдах зүйл байхгүй. Тэр бүү хэл агуулахаа дизель, бензин, онгоцны түлш зэргээр ангилан байгуулах нь ч зөв. Хүнсний ногоо, буудай зэрэгт орчин үеийн сайн агуулахууд байх хэрэгтэй. Агуулах барих асуудлыг зөвхөн энэ удаагийн шатахууны үнэ өсөлт гэхээсээ илүү эдийн засгийн тогтвортой байдалтай холбож ойлгох нь чухал. Цаашдаа ч бид шатахуун үйлдвэрлэдэг болох юм бол агуулах барих нь гарцаагүй.

– Чөлөөт зах зээлийн жамаараа явах нь мөн л дээрх хүндрэлд хүргэхгүй байх нэг арга гээд байгаа?

-Зарчмын хувьд бол тийм. 2006 он хүртэл ийм асуудал төдийлөн үүсдэггүй байсан. Учир нь чөлөөт зах зээлийн жамаараа явж байсан юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл манайд ч бас өснө. Буурвал ч адилхан буурдаг байсан. Ерөнхийдөө 2000-аад оны эхээр дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэсэн юм. Харин 2008 оноос эхлэн дэлхий даяар шатахууны үнэ өсч эхэлсэн. Тэр үед төрийн зүгээс үнийг тогтворжуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Түүнээс хойш төрийн оролцоо энэ салбарт ихээр үүсэх болсон юм. Үнэ барихын тулд үнийг нэмж болохгүй, ийм үнээр нийлүүл гэсэн гэрээг шатахууны компаниудтай байгуулсан. Улмаар 2014, 2015 онуудад нефтийн үнэ дэлхийн зах зээлд буурсан юм. Энэ үед нь Засгийн газар нефтийн үнэ буурахыг зөвшөөрсөн бол өнөөдөр ийм асуудал гарахгүй. Зах зээлийн жамаараа явсан бол мэдээж эрүүл байх боломж байсан.

Хэрэв үнийг тогтвортой байлгая гэвэл гарч байгаа зардлыг бууруулахын төлөө ажиллах нь зөв байх. Энэ нь валютын ханш, онцгой татвар хоёр юм. Онцгой татварыг тэглэх нь тийм ч мундаг шийдвэр биш боловч хавар, зундаа үнийг тогтворжуулах, шатахуун импортлогч компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог олгоно. Түр хугацаанд намжаах арга гэсэн үг. Харин урт хугацаанд шийдье гэвэл 2006 оны өмнөх үе шиг зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *