Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Ардын нам дарга нарын нам биш

“Өдрийн сонин”-ы №174 (5439) дугаараас авч нийтлэв.

CEO клубийн ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн дүнд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмний итгэлийг хүлээсэн нам хэрхэн ажиллах ёстой вэ. Таны хувьд Их хуралд нэр дэвшихгүй гэдгээ сонгуулийн өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан. Улс төрөө мэдээж орхихгүй биз дээ?

-Манай намын энэ том ялалт нь намын удирдлага, энгийн гишүүдэд ч гэсэн гэнэтийн, тооцоолоогүй сюрприз болсон нь нууц биш байх. Бараг хамтарч таарах байх. Ойрхон гарах байх гэсэн хүлээлт дээр дооргүй байсан. Судалгаа ч тэгж гарч байлаа. МАН-ын ялалтын гол хүчин зүйл нь АН байсан гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Эрдэнэтийн 49 хувиасаа нууцаар татгалзсан, сонгуулийн хуулийг эцсийн мөчид өөрчлөн тойргийн хуваарилалтыг ойлгомжгүй хүч түрэн хийсэн гэх зэрэг эрх баригчдын сүүлчийн үйлдлүүд өмнөх дөрвөн жилийн буруу тооцоо, увайгүй үйлдэл, гарсан үр дүнд нь аргаа бараад байсан ард иргэдэд нэг мөр дүн тавих боломж олгосон. Тиймээс л МАН баруун солгоогүй ялах боломжийг олгосон.

МАН ирэх дөрвөн жилд эрх барих намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заасан бүх зүйл заалтыг биелүүлж, түүнийгээ бүр давуулах амаргүй ачааг үүрч байна. Технократ засагтай болно гэж ярьж гарч ирчихээд кабинетын зарим нэр дэвшигчдийг харахад “мэргэжлийн засаг” болсонгүй гэж нийгэм нэлээд сөрөг байдлаар хүлээж авсныг бид харсан.

-Технорат гэдгээ жаахан дэлгэрүүлээд яриач?

-Технократ буюу мэргэжлийн гэдгээр бид улстөрчид бус мэргэжлийн хүмүүсээс энэ кабинетыг бүрдүүлнэ гэж харж байсан гэдгийг л харсан байх. Энэ бол гараанаасаа гарахдаа л алдаж байгаагийн нэг жишээ. Үүнээс сургамж аваад ажиллах хэрэгтэй. Бид бүхнийг хэрхэн ажиллахыг нийгэм, иргэд ямагт ажиглаж, шууд дүн тавиад явчихдаг болсон цаг үе, нийгэм. Удахгүй орон нутгийн сонгуультай, дараа нь залгуулаад Ерөнхийлөгчийн сонгуульд орно. Бид сонгуулийн ялалтаа “чулуу” болгохын тулд нэг хүний бус хамтын ялалт байсан гэдгийг ямагт санаж, нам доторх бүх бүлэг, фракцын эрүүл саруул үгийг авч ажиллах ёстой. Намын эв нэгдэл дараа дараачийн сонгуульд хамгийн том хүчин зүйл болно. Гагцхүү бид сул сөрөг хүчинтэй болсон тул нам доторх ардчиллыг улам гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлага ч бий болж байна.

Үнэмлэхүй ялалт байгуулахад бидэнд маш том, олон жил ярьсан өөрчлөлтүүдийг ч хийх боломж гарч ирж байна.

Улс төрийн намын тогтолцоонд өөрчлөлт оруулах, намын санхүүжилтийн асуудлыг нэг мөр ил тод болгож, шилэн хуультай болгох, намыг гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдэх цаг болсон. Мөн парламентын засаглалаа улам төгөлдөршүүлж, барууны жишигт аваачих гэх мэт олон жил шийдлээ хүлээж байгаа асуудлуудаар нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдөө манлайлж, хийх боломжийг энэ удаагийн ялалт бидэнд олгосон.

Би 2009 оны сонгуульд бие дааж оролцсон. 2012 онд УИХ-д Ардын намаас дэвшээд ялагдсан. Дөрвөн жил намынхаа арын ажилд чадлынхаа хирээр оролцож ирсэн. Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр нийгэмд болж байгаа үйл явдлын талаар дуу хоолойгоо ч гаргаж ирсэн. Нам маань яллаа. Энэ бол хамтын ялалт байсан. Энэ ялалтыг ард түмний ялалт болгох учиртай. Би анх улс төрд орж ирэхдээ болохгүй, бүтэхгүй байгаа идээ бээрийг нь шахна гэж хэлж орж ирсэн. Байдал нэг хэвэндээ байж, мань мэтийн нөхөд зүгээр хараад сууж чадахаа больтол улстөр бохир явж эхэлбэл хойшоо суухгүй, өөрөө ороод явчихдагийг харсан байх.

-Шинэ Засгийн газар элэг бүтэн боллоо. Ж.Эрдэнэбатын Засгийн газар юунаас ажлаа эхлэх нь зөв гэж харж байгаа вэ. 60 гаруй мянган аж ахуйн нэгж өнгөрсөн жилүүдэд хаалгаа барьсан гэх тоо баримт бий. Ирэх жилүүдэд бизнесийн орчин хэр байх бол. Та энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах байх, тийм үү?

-Эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, энэ улсын өрсөлдөх чадвар аливаа засгийн үед хамгийн өндөр ач холбогдолтой байдаг байх. Яагаад гэвэл эдийн засаг өсч байж ард иргэдийн аж амьдрал дагаад дээшилдэг. Иргэн нь ажилтай орлоготой, авдаг хэд нь нэмэгддэг, хувийн хэвшил шинээр хөрөнгө оруулалт хийдэг, төсвөөс хийх хөрөнгө оруулалт өсөж, амьдрах орчин таатай болж ирдэг. Ийм л тойрог. Эхний ээлжинд савлагаа, тодорхойгүй байдлыг намжаах, зах зээлийг тайтгаруулж, итгэлийг нь олж авах алхмууд нэн даруй хийгдэх ёстой болов уу. Ам.доллар одоо 2100 руу дөхлөө. Монголбанкны нөөц хэдийнэ шавхагдсан. Улсын сан хөмрөг хоосон байна. Их өр шийдлээ хүлээж байгаа. Шийдэл гаргахын тулд өрөө нэг тоолоод, тоймтой болгож ирмээр байгаа юм.

Бид том төслүүдээ хөдөлгөж, жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь бизнесээ явуулах боломжийг олгож, санхүүгийн зах зээл дээр шинэчлэлийг явуулж, банкны санхүүжилтийн монополийг халж, санхүүгийн зах зээлийг тэнцвэртэй хөгжүүлэх ёстой болно. Тэтгэврийн шинэчлэл, даатгалын реформ, хөрөнгийн зах зээлийн идэвхжүүлэлт, иргэдийн санхүүгийн боловсрол тэдний оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг бий болгох зэрэг олон асуудал шил шилээ даран хүлээж байна. Эдгээрийг шийдэх цаг. Би Монголын эдийн засгийн форумыг санаачилж, эхлүүлсэн багийн гишүүний хувьд тэр ажлаа үргэлжлүүлэн идэвхтэй оролцож ажиллана гэж бодож байгаа. Засаг, хувийн хэвшлийн хамгийн том хэлцлийн гүүр болох зорилгод нь хүргэнэ гэж харж байна.

Мөн эхлүүлээд байгаа Хөрөнгө оруулагч үндэстэн хөдөлгөөнөө ч нилээд өргөжүүлэн ажиллах бодолтой байна.

-Монголчуудын хувьд уул уурхайгаас хараат эдийн засагтай. Та өмнө нь томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай гэдгийг хэлж байсан санагдаж байна. Ирэх жилүүдэд Оюу толгой, Таван толгойгоос хүлээж болох бидний хүлээлт хэр байх вэ. Эдийн засгаа солонгоруулна гэж манайхан ярьдаг ч тэгж чадахгүй байгаа. Эдийн засгаа солонгоруулах боломж хэр байна вэ. Тэр юу байх бол?

-Энэ засгийн хамгийн том бөгөөд эхлээд шийдэх ёстой асуудал бол өмнөх нөхдийн тавьсан өрийг удирдах асуудал мөн. Бондын эргэн төлөлт дараа жилээс хийгдэж эхлэх ёстой. Дахин санхүүжүүлэхээс гадна бид хувьчлал явуулж байж, бүрдүүлсэн эх үүсвэрээр өрөө дарах боломж бүрэлдэх байх. Ер нь өрийн удирдлагын асуудлыг нухацтай ярьж, Монгол Улс, түүн дотроо засаг яг хэдэн төгрөгийн өртэй юм, хэд нь гадаад зах зээлээс орж ирсэн юм. Хэдэн төгрөгийг бид дотоод зах дээрээс босгосон юм. Иргэдэд өмнөх сонгуулиар хэдийг амлаад, хэдийг нь өгчихсөн юм. Одоо хэд дутуу байгаа юм гэдгийг нэг мөр ил болгож, улсынхаа өрийн тооцоонд оруулах ёстой гэж би боддог. Зарим иргэд нь мөнгөө авчихсан, бусад нь хүлээгээд л сууж байгаа шүү дээ.

Бизнесийн орчинг тогтворжуулж, банк санхүүгийн салбарын реформыг хийж байж бид эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг ярьж эхлэх болов уу. Ямар ч бизнес хийхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулахад мөнгө, суваг, санаа, хүн, хуулийн орчин гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэг бүрчлэн гаргаж ирээд бүрдүүлээд ажиллах л хэрэгтэй.

-МАН 2016 оны УИХ-ын сонгуульд орохдоо нийгмийн халамжийн чиглэлийн мөрийн хөтөлбөрийг түлхүү тусгасан байсан. Эдийн засаг хүндрэлтэй, ирэх онд бондын мөнгө төлж эхэлнэ гэх мэтчилэн төсөв санхүүгийн хувьд асуудалтай үед энэ мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж бий юу?

-Зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд маш боломжийн зөв мөрийн хөтөлбөртэй бид сонгуульд орсон гэж бодож байна. Сэтгэл байгаад зориг хүрвэл хийдэг л газар. Мэргэжлийн, технократуудын үгийг сонсож ажиллах хэрэгтэй. Улстөржилт бага явагдах ёстой. Манай дарга нар хувийн болон бүлгийн явцуу ашиг сонирхолд автвал дараа дараачийн сонгуулиар иргэд өгсөн эрх мэдлээ аваад л яваад өгнө гэдгийг байнга санаж ажиллах хэрэгтэй.

-Ухаандаа бол МАН-ын мөрийн хөтөлбөрийг популист амлалтаар дүүрэн байсан гэж үнэлэх нэгэн байна. Зүүний баримжаатай нам гэдэг бол бидний хэлж заншсанаар популист болчих гээд байгаа юм. Үүнтэй санал нийлэх үү?

-Үгүй.

-“Та бизнесийг улс төрөөс ангид байлгах ёстой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна лээ. Тийм боломж бий юу. Аль ч засгийн үед бизнес рүү улс төр орчихоод байдаг шүү дээ?

-Энгийнээр л ойлгож хэрэгжүүлье. Төрийн өмчид байгаа компаниудын удирдлагыг улс төрөөс ангид байлгая. Хуулиа хэрэгжүүлж эхэлье. Тухайлбал, саяхан бидний хувьчилж, тодорхой хувийг нь авсан Монгол “Шуудан” компани дээр бид ямар нэгэн улстөрчийн шийдвэрээр захирал тавиулахгүй ээ. ТУЗ-д нь аль болох хараат бус мэргэжлийн хүмүүсийг төрөө төлөөлүүлж оруулаач ээ гэх мэтийн санаачилгыг гаргаад ажиллаж байна. Төрийн өмчит компаниудыг яг л хувийн компанийн удирдлагын жишгээр авч явахыг л хэлээд байгаа юм. Өрсөлдөөнтэй салбар бол татаас, давуу тал үүсгэхгүй байхыг хэлдэг.

-Та “МАН-ын Бага хуралд өөрийнхөө нэр дэвшүүлж, намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөнө” гэсэн байна лээ. Гэхдээ Д.Амарбаясгаланг генсек болгоно гээд тохирсон гэх юм. Танд орон зай гарах болов уу?

-Ардын нам бол дарга нарын нам биш. Тэр тусмаа нэг хүний үгээр явдаг, нэг бүлэглэлийн нам биш гэдэгт би итгэдэг. Бид ардчилсан нээлттэй зарчмаар намаа авч явах ёстой. Намын шинэчлэлийн ажлыг ч зогсоож болохгүй. Ялалтдаа санаа амарч болохгүй. Улс төрийн процесс үргэлжилнэ. Тийм учраас эрүүл саруул тогтолцоотой, дотроо нээлттэй хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж байгаад хамгийн боломжийн тохиромжтой нэгнээ тодорхой албан тушаалд гишүүд нь сонгоод, итгэл хүлээлгээд ажилладаг намтай байхын төлөө би тууштай ажиллана. Дарга нар уулзалдаад, тохироо хийгээд, бодлого тулгадаг цаг өнөөдөр биш. Манай Бага хурлын гишүүд хэн нэгний хайрцганд орчихдог ухна ишиг бас биш. Дор бүрнээ өөрсдийн анхан шатны төлөөллийг хэрэгжүүлж, итгэл хүлээн сонгогож ирсэн намаа, Монголоо гэсэн сэтгэлтэй шилдэгүүдийн цуглаан.

-Шинээр бүрэлдсэн Засгийн газарт хэр сэтгэл хангалуун байгаа вэ. МАН-ын зарим гишүүдийн зүгээс “Намынхаа нэр хүндийг баран байж томиллоо” хэмээн хатуухан хэлсэн байна лээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтдаа МАН хүрсэнгүй гэдэг шүүмжлэл байна л даа. Таны харж байгаагаар мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан уу?

-Энэ багт ажиллах цаг хугацааг олгох ёстой. Ажлын эхний үр дүн гарах болоогүй байна. Харзная л даа. Нийгэмд явсан шуугиан бол мэргэжлийн гэдгийг хүн бүр өөр өөрөөр харж байснаас болсон болов уу. Би хувьдаа технократ засаг гэдгийг бас нэг өөрөөр л харж байгаа. Мэргэжлийн улстөрчид биш тухайн салбартаа мэргэшсэн улс төрөөс ангид мэргэжилтнүүдээс бүрдсэн Засгийн газрыг тэгж олон улсад нэрлэдэг. Голцуу эдийн засгийн хямралтай байгаа үед хэрэглэдэг түгээмэл улс төрийн сонголт. Харин Монголд нийгмийн сэтгэлзүй, хуульзүйн орчин тийм Засгийн газрыг хүлээн авахад бэлэн биш байгааг л олж харлаа. Энд эр зориг, их манлайлал мөн хэрэгтэй.

-Ардчилсан намын засгийн үед ам.долларын ханш 2050 төгрөгт хүрч байсан. Одоо харин 2070 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханшийн савлагаанд аль ч улс төрийн хүчин хаалт тавьж чаддаггүй юм биш үү. Энэ байдлаараа 2150 төгрөгт хүрнэ гэх юм. Та ямар бодолтой байна вэ?

-Яг одоо бол ханшийг, ер нь юуг ч энэ засагтай холбож ярих боломжгүй. Дөнгөж бүрэлдлээ. Одоо л ажлаа хийж эхлэх гэж байна. Элдэв дам яриа, шуугиан бол явсан. Гэхдээ тэр бол бүтээлч бус. Одоо бид дор бүрнээ урмыг нь бодоод чадахаараа дэмжээд, уухайлаад нэг хэсэг явах хэрэгтэй. Эргээд гарах үр дүнтэй нь бүгд ярья. Дараа нь дүгнэлтээ хийе. 9-10 сараас бол арай өөр байх.

-Засгийн газрын томилгооноос харж байхад МАН дотоод ардчилалгүй зөвхөн намын дарга гэдэг ганц хүний үгээр явдаг гэдэг нь илүү тодорхой болсон гэж байна. Намаа шинэчлэхэд залуусын үүрэг оролцоо их байгаа. Намын шинэчлэл хаанаас эхлэх ёстой вэ?

-Намын шинэчлэл бол зогсолтгүй үргэлжлэх ёстой процесс л гэж би хардаг. Эндээс эхэлнэ, тэнд дуусна гэж байхгүй болов уу. МАН-д ярьж, сайжруулах зүйлс зөндөө л байгаа. Гэхдээ энэ нам чинь бас манай өнөөгийн нийгмийн л толь юм. Нам бол гишүүн гэх хэсэг бүлэг хүний л нэгдэл. Тэр бүлэг хүмүүсийн хамтын итгэл үнэмшил дээр тулгуурлаж, засгийн эрхэнд хүрэх зорилготой байгууллага. Гишүүдийн үзэл бодол дээр л тогтоно. Тэдний хамтын шийдвэрээр чиг, үйлдлээ тогтооно.

Энэ удаа залуусаа хамгийн ихээр дэмжин гаргаж ирсэн нам гэж харагдаж байгаа болов уу. Бид Бага хурлаараа ярилцаж байгаа нэр дэвшигчдээ тодруулчихсан. Би ч саналаа өгсөн. Тэр нэрсийг хэн яаж гаргаж ирсэн, хайрцагласан, тохирсон, үгссэн гэдэг бол зүгээр дам яриа. Энэ сайд нарыг нэг хүн л нэрлээд гаргаад ирлээ гэдэгтэй адил. Намын удирдах зөвлөл гэдэг байгууллага бий. Хяналтын зөвлөл байна. Тэнд асуудалд шийдэл олох эрхийг дүрмээрээ олгосон байгаа. Асуудал байвал дүрэм, журмаасаа эхэлье. Тэгэхийн тулд би намын генсект нэрээ дэвшүүлж байгаа гээд ойлгочихож болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *