Мал зүйч, эдийн засагч Ч.Ээнзэндагватай ярилцлаа.
-Манай улс ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй юү?
-Ноолуурт нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн болгох явдал маш чухал, ноолуур бол ямааны хамгийн үнэт бүтээгдэхүүн. Ноолуураа түүхийгээр нь биш, бүтээгдэхүүн болгож экспортолсноор Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хувь нэмэртэй. Ноолуур бол үнэн хэрэгтээ ховор бүтээгдэхүүн, дэлхийн зах зээл дээр сүүлийн жилүүдэд ноолуурын эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Учир нь ноолуур шинж чанарын хувьд тансаг хэрэглээ. Манай улс шиг дэлхийн зах зээл дээр ноолуураа түүхийгээр нь гаргадаг улс хаана ч байхгүй, бүгд боловсруулалт хийдэг. Гэхдээ манайх шиг түүхий эд бэлтгэдэг газар ховор. Судалгаанаас үзэхэд дэлхий дээр жилд 20 гаруй мянган тонн ноолуур бэлтгэдэг, үүний 50 шахам хувийг Хятад улс, 40 шахам хувийг Монгол Улс бэлтгэдэг. Дэлхийн зах зээл дээр ноос, ноолуурын экспорт 3.2 тэрбум орчим ам.долларт эргэлддэг бөгөөд энэ их мөнгөний тал хувь нь Хятадад, 22 хувь нь Итали улсад ногддог. Тэгвэл манай улсын хувьд бэлтгэсэн ноолуурынхаа 20 орчим хувиар эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн хувийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлохын оронд ченж нэртэй хувиараа түүхий эд худалдан авагч нараар дамжуулан гадаадад гаргадаг дутагдалтай.
-Манай ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийн хөгжил хэр түвшинд явж байна?
-Манай улсад анхан шатнаас нь эцсийн бүтээгдэхүүн болтол олон шат дамжлага бүрээр боловсруулалт хийдэг том жижиг 300-гаад үйлдвэр байдаг. Харин эдгээрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иж бүрэн технологийн дамжлагатай 10 хүрэхгүй аж ахуйн нэгж, цөөн тооны жижиг үйлдвэр байна. Тэд бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, жилд бэлтгэж байгаа ноолуурын 20 хүрэхгүй хувийг боловсруулж байна. Ноолуур бэлтгэлийн үед хувиараа түүхий эд худалдан авагчид олширч ханш өсгөн, сайн чанарын ноолуурыг их хэмжээгээр худалдан авч, бага татвар төлөөд экспортод гаргадаг. Үүнээс улбаалан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд түүхий эдийн хомсдолд ордог. Тиймээс боловсруулах үйлдвэр барих, техник технологио шинэчлэх, үйлдвэр малчны холбоог сайжруулах зайлшгүй шаардлагатай. Ноолуур бол хаана ч гологдохгүй, хэзээ ч зогсохгүй зах зээл.
-Үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Хөнгөн үйлдвэрийн хамгийн өгөөжтэй салбар болох ноолуур боловсруулах үндэсний үйлдвэртээ ноолуураар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2018-2022 онд “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан л даа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог өөрчилж аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийг сайжруулан, хүчин чадлыг нэмэгдүүлж монгол ноолууран бүтээгдэхүүний онцлогийг дэлхийд танилцуулж экспортыг тав дахин өсгөнө. Мөн малаа өвчилсөн хойно нь биш, өвчнөөс урьдчилан сэргийлдэг болох, үржил селекцийн ажил, түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэгдсэн “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулиуд баталсан. “Ноолуур” хөтөлбөр болон дээрх хуулиудад монгол ямааны ноолуурын чанарыг сайжруулах чиглэлд анхаарсан зорилтууд дэвшүүлсэн байдаг.
-Энэ онд хөтөлбөрийн хугацаа дуусч байгаа юм байна, хэрэгжилтийн тухайд?
-Энэхүү “Ноолуур” хөтөлбөр хэрэгжсэнээр 3600 гаруй ажлын байр бий болж, нийт 10 мянга гаруй хүн ноолуурын салбарт тогтвортой ажиллаж, 6.6 их наяд төгрөгийн борлуулалт хийгдэх тооцоо гарсан байдаг. Харин хэрэгжилтийн хувьд тун хангалтгүй.
-Судлаачид сүүлийн үед монгол ямааны ноолуурын ширхэг бүдүүрч, чанараа алдаж байна гэх юм?
-Ноолуурын үндсэн нарийн эд бүдүүрч байна, энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, нэг ямаанаас дунджаар 270-300 грамм ноолуур авдаг, малчид илүү их ноолуур нэмүү авахын тулд эр ямаа, нас гүйцсэн ямаагаа өсгөж байна. Гурван борлон самнаснаас ганц эр ямаа самнасан нь хялбар. Эр ямаа болж мал өтлөхөөрөө хялгас, ноолуурын ширхэг бүдүүрнэ. Хоёрдугаарт, ноолуурын нэгжээс авах хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд өөр үүлдэр омгийн ямаатай бодлогогүй эрлийзжүүлж байна. Шүдлэн, борлон гээд бага насны ямааны ноолуур маш нарийн ширхэгтэй байдаг тул дээд зэргийн тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой. Малчдад ноолуурын стандартыг чанд мөрдүүлбэл зохино.
-Ноолуурын чанар өнгөнөөс шалтгаалах уу?
-Өнгөөр үнэлгээ өөр байдаг. Ноолуур цагаан, цайвар, өнгийн гэсэн гурван өнгөтэй. Цагаан ноолуурыг хамгийн өндрөөр үнэлдэг. Учир нь үйлдвэрт ямар ч өнгийн будаг авч, өнгө орно, технологийг хялбарчилж байна гэсэн үг. Хар ямаа байдаг ч хар ноолуур гэж байхгүй. Хар, буурал, улаан гээд бүх ямаанаас цайвар л ноолуур гардаг. Энэ нь идэш тэжээл, байгаль цаг уур, нутаг орноосоо шалтгаалдаг. Манай улс цагаан ноолуур бэлтгэхийн тулд үржлийн ажил хийж зовох юм байхгүй. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Цагаан ямаа, Баянхонгор аймгийн “Залаа жинстийн цагаан ямаа”, Завхан аймгийн Дөрвөлжин сумын буурал үүлдрийн ямаа зэрэг нарийн ширхэг бүхий сайн чанарын ноолуурын чиглэлийн үүлдэр омгийн ямааг өсгөж үржүүлэхийг дэмжих нь зүйтэй.
-Манай улс жилд ноолуурынхаа хэдэн хувийг боловсруулж бүтээгдэхүүн болгож гаргадаг юм бэ?
-Ердөө 20 гаруй хувийг боловсруулдаг, бусдыг нь анхан шатны боловсруулалт хийсэн нэртэйгээр түүхийгээр нь гаргаж байна. Манай улс 2017 оны байдлаар 9.3 мянган тонн, 2021 онд 12 мянган тонн ноолуур бэлтгэжээ. Энэ нь ямааны тоотой шүтэлцээтэй. Сүүлийн жилүүдэд ямааны тоо өсч өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр 26 сая ямаа тоолуулсан, нийт малын 30-аад хувийг ямаа эзэлж байгаа юм. Гагцхүү бид ноолуураа дотооддоо авч, эцсийн бүтээгдэхүүн хийж, нэмүү өртөг шингээж борлуулах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг уул уурхай авч явж байна, гэхдээ үүний цаана мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ ашиглах ёстой. Би зөвхөн ямааны ноолуурыг л яриад байна, бусад малын олон төрлийн бүтээгдэхүүн бий.
-Үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн гаргахад ямар асуудал тулгамдаж байна?
-Үйлдвэрүүдэд үндсэн хоёр асуудал бий. Эдийн засгийн санхүүжилт муутай, ямааныхаа ноолуурыг зах зээлээс шуурхай худалдаж аваад нөөцлөх хөрөнгө байхгүй. Ноолуур гарчихаад байхад авч чадахгүй, хараад л байгаад байна. Тэр хооронд ченж нэртэй хятадууд ноолуурыг аваад түүхийгээр нь урагш нь гаргачихна. Харин үйлдвэрүүд ноолуур ирнэ гээд л хараад байдаг. Малчид эхлээд очиж авч байгаа ченж нарт, үлдэгдлийг нь үйлдвэрт өгдөг. Хамгийн тарга, хүч сайтай ямаагаа л эхэлж самнана шүү дээ, хамгийн муу борлон, ухна, эм ямаа гээд ядруухныг сүүлд нь самнана. Тэгэхээр үйлдвэрт ирж байгаа ноолуурын чанар муу байх нь аргагүй. Орчин үеийн техникүүд маш ухаалаг болсон, хялгас ноолуур хоёрыг физикийн хуулиар ялгадаг. Тенхиктэй л болчихвол технологи дагаж явдаг. Манай улсад ноолуурын олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Ялангуяа Франц улс сүүлийн үед манай улсын ноолуурыг маш их сонирхож, Францын төсөл ч хэрэгжиж байна.
-Ямар төсөл вэ?
-Францууд “Залаа жийнст үүлдрийн ямаа”-ны ноолуурыг авдаг. Бид хоршоо байгуулъя, ноолуураа авъя гээд яриад л байгаа. Гэтэл тэд аль хэдийнэ айлуудыг арваар нь бүлэг болгож, нэг ахлагч томилоод арван айлынхаа ноолуурыг бөөгнүүлж авдаг. Авсан газартаа ноолуураа өнгөөр нь ялгаад Францууд өөрсдөө авдаг, мэдээж илүү өндөр үнээр авна.
-Түүхийгээр нь гаргаж байгаа 80 хувь ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортолбол эдийн засагт хэр өсөлт гарах вэ?
-Манай улс 2018 оны үед 20 гаруй сая ам долларын экспорт хийсэн. Ноолуурын экспорт нэмэгдэж 2015 онд 24.5 сая ам.долларын экспорт хийж байсан бол 2017 онд 36 сая, 2021 онд 40 шахам сая ам.долларын экспорт хийжээ.
-Төрөөс ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд хөдөө аж ахуйн биржийн хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд багагүй төсөв хэрэгтэйг ноолуурын салбарынхан хэлдэг. Наад зах нь бүх сумдад түүхий эд бэлтгэлийн цэг нээж, тусгай мэргэжилтэн ажиллуулах шаардлага бий гэдэг. Малчид суманд байгуулсан цэгүүдэд ноолуураа тушааж, тушаасан ноолуурыг нь тусгай мэргэжлийн хүн ангилан ялгаж биржээр дамжуулан худалддаг болвол ноолуурын салбарт жинхэнэ шударга өрсөлдөөн үүснэ гэсэн санал дэвшүүлдэг. Өнөөдөр Монгол Улсын бүх сумдад мал эмнэлэг, малын үржлийн ажил хариуцсан орон тооны гурван хүн ажиллаж байгаа. Хэрвээ сум орон нутаг энэ хүч боломжоо ашиглан санаачилгатай ажиллаж чадвал хөтөлбөр, хуулиудыг бүрэн хэрэгжүүлж хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулан малчдын ахуй амьдралыг дээшлүүлэх бүрэн боломжтой. Мөн ямаачдыг мэргэшүүлж, чадавхжуулах арга бол зөвлөгөөн. Бүх ямаачдыг зөвлөгөөнд хамруулж сум сумаар нь бүлэг болгоод үйлдвэрээ үзүүлэх хэрэгтэй. Ноолуурыг ийм бүтээгдэхүүн болгодог, өдий хэмжээний ноолуураар ийм малгай, цамц, ороолт хийж байна гээд үзүүлэх, ойлгуулах хэрэгтэй.
Ямааг самнахаас эхлээд стандарттай, яагаад ноолуураа үйлдвэрт худалдах ёстой зэрэг. Үйлдвэр, малчдын бүлэг хоёр шууд холбоотой ажиллаж байж үр дүнд хүрнэ.
-Биржээр дамжуулж ноолуураа худалдаалбал ченжээс өндөр үнэтэй байх уу?
-Өнгө, чанараар нь ангилж ялган улсын стандартын дагуу бэлтгэсэн ноолуурыг биржээр дамжуулан худалдаалбал нэг кг чанартай ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрэх боломжтой. Гэтэл хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний биржийн хууль батлагдсан ч ноолуурын салбарт хэрэгжиж чадахгүй байна. Энэ нь Хятад улсад ноолуурын хэрэгцээ эрс нэмэгдэж түүхий эдийн хомсдолд орсон учраас чанар харгалзахгүйгээр өндөр үнээр авч байна. Өнөөдрийн байдлаар нэг кг ноолуур 150-160 мянган төгрөгийн үнэтэй байна.