Categories
мэдээ нийгэм

Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсанд хэн нэг этгээд буруутай байж болзошгүй

“Монгол модель” агентлагийн модель, “Mon­golia’s next top model 2018” уралдааны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алджээ. Тодруулбал, “Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH Apart­ment” хотхоны 11 давхраас хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд энэ сарын 24-ний 17:25 минутад ирсэн байна. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийн ажиллаж, уг байранд оршин суух хаягтай 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсныг олж тогтоосон байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нягтлахаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Тиймээс талийгаач архи уусан байсан уу, түүний үхэлд хэн нэгэн этгээд буруутай юу гэдэг нь тодорхой болох юм.

Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ БУСДАД ХҮЧИНДҮҮЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ

Зарим гол эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач тус хотхонд найз залуутайгаа амьдардаг байсан гэнэ. Түүний амиа алддаг өдөр гэрт нь залуус ирсэн байж. Талийгаач тэдгээр хүмүүстэй үл ойлголцсоноос, улмаар аминд нь хүрсэн байж болзошгүй гэв. Гэмт хэрэгтэн хэргээ хаацайлахын тулд талийгаачийг 11 давхраас түлхэж, унагасан байж болзошгүй гэдгийг онцоллоо. Түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг гарчээ. Тухайлбал, фэйсбүүкт “Т.с.с, Т.с.с” гэсэн хаягтай иргэн “Ганц чинь үнэнийг хариуцлагатайгаар хэлчихье. Би Чамиагийн ээжийнх нь бүр багын тодруулбал, цэцэрлэгээсээ өдийг хүртэл нөхөрлөж яваа хоёр найзынх нь нэг байна. Ч.Чамин-Эрдэнэ амиа хорлоогүй гэдгийг нь хэлье. Хамгийн түрүүнд мэдэж, бичсэн хэвлэлийн эх сурвалж нь сонин санагдлаа. “Амиа хорлосон” гэх юм. Хэн ч мэдэх үндэсгүй гэдгийг мэдэгдье. Түүний амийг егүүтгэсэн гэмт этгээд амьд арзайгаад, мэнд мэлтийгээд явж байгаа. Удахгүй зохих шийтгэлээ хүлээнэ” хэмээжээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь түүний үхэлд хэн нэгэн нөлөөлсөн гэж үзэж байгаа бололтой. Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.

Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ

Ч.Чамин-Эрдэнэ 1996 онд төрсөн. Соёл урлагийн их сургуульд сурч байсан. Тэрээр Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр болон бусад шилдэг брэндийн нүүр царай болж, загвар өмсч байсан. Азийн шилдэг моделиудын нэг байсан юм. Мөн тэрээр “Mongolia’s next top model 2018” тэмцээнд оролцож, үзэгчдээс ихээхэн дэмжлэг авч байв. Тус тэмцээний шилдэг таван оролцогчийн тоонд орж, сүүлийн шалгаруулалтдаа бэлтгэж, сэтгэл догдлон хүлээж байсан гэдгийг түүний дотны найзууд, эгч нь бичжээ. Түүний Х.Бороо гэх ах нь “Миний дүү бурхны орондоо амар амгалан тайван нойрсох болтугай. Ах нь маш их харамсаж байна. Бид хоёрын бага насны олон сайхан дурсамж сэтгэл зүрхэнд минь үүрд үлдэх болно оо. Дүү минь “Бороо ах аа, та бид хоёр чадна аа. Цаг хугацаа харуулах болно” гэж хэлсэн энэ үгийг сонсоод ах нь урам зориг авч байжээ. Бид хоёр урлагийн гэр бүлд өсөөгүй ч, хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгт итгэдэг. Миний дүү од шиг гялалзаад буцлаа даа” гэсэн байна.

“MONGOLIA’S NEXT TOP MODEL” НЭВТРҮҮЛЭГ ЦААШИД ҮРГЭЛЖИЛНЭ ГЭЛЭЭ

“Mongolia’s next top mod­el 2018” тэмцээнийг зохион байгуулж буй “Боловсрол” суваг телевизийн хамт олон албан ёсоор эмгэнэл илэрхийлжээ. Эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний мэргэжлийн чадвар, найрсаг энэрэнгүй зан, хүн чанарыг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно. Ум сайн амгалан болтугай” гэжээ. Тус телевизийн албаны эх сурвалжаас загварын тэмцээн цаашид үргэлжилж гарах уу гэдгийг тодруулахад “нэвтрүүлэг гарна” хэмээсэн юм.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *