Categories
мэдээ цаг-үе

Ч.Батцэцэг: Хятад улс 2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилт тавилаа

ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Батцэцэгтэй ярилцлаа.

-Энэ сарын 18-нд эхэлсэн БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал өндөрлөж байна. Нийтдээ 89 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том улс төрийн нам таван жил тутамд хуралддаг. Энэ удаагийн хурлын анхаарал татсан асуудал нь юу байв?

-Хятадын Коммунист Нам(ХКН)-ын XIX хурал долоо хоног үргэлжиллээ. Энэ хурлыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Учир нь өнөө БНХАУ дэлхийн хоёр дахь эдийн засгийн хүчирхэг улс болж, дэлхийн эдийн засгийн хөгжил Хятадаас шалтгаалж, Хятадын хөгжил дэлхийд нөлөөлөх харилцан хамааралтай болсныг илтгэж байна. Энэ хурлаас анхаарал татсан онцлог асуудал гэвэл нэгд, ХКН-аас БНХАУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж магадгүй болж байна.БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ удаагийн хурлын тайлан илтгэлд, “Ойрын үед БНХАУ-ын өмнө, амжилттай хөгжиж буй орны баталгаа болох үр ашигтай, өндөр хөгжилтэй хуульзүйн тогтолцоотой улс орныг байгуулах зорилт тавигдаж байна”, “Хятадын онцлогтой социализм шинэ эрин үедээ орж байна” гэж зарлаад, “Энэ бол Хятадын хөгжлийн түүхэн шинэ гараа мөн” гэж мэдэгдсэн. Гуч гаруй жилийн өмнө ХКН-ын 12 дугаар их хурлаар “Хятадын онцлогтой социализм” гэдэг томьёоллыг анх дурдаж байсан юм. Тэгвэл энэ удаагийн хурлаар “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед орох тухай судалгаа шинжилгээ, үнэлгээ хийх тухай, уламжлалыг залгамжлан үргэлжлүүлж, шинийг эрэлхийлэх тухай ярьсан. БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлэхдээ, “Бидэнд социализмын замаар тууштай явахын тулд “Хятад онцлогтой социализм”-ын хуульзүйн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна. Энд гол зангилаа үүрэг гүйцэтгэж буй Үндсэн хуулийн тухай ярьж байгаа юм шүү гэж мэдэгдсэн юм. Мөн “Хятад улс чинээлэг нийгэмд бүх талаар шилжиж, XXI зууны дунд үе гэхэд баян хүчирхэг, ардчилсан соёл иргэншилтэй, эв зохистой, үзэсгэлэнтэй сайхан, орчин үеийн хүчирхэг орон” болгоно гэж тодорхойлсон. Өмнөх хурлаас дэвшүүлсэн тодорхойлолт дээр үзэсгэлэнтэй, хүчирхэг гэсэн үгийг нэмж оруулсан нь ХКН экологийн соёл иргэншлийг чухалчилсан зорилт тавьж байгааг харуулж буй хэмээн хятадын судлаачид бичсэн байна лээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин төрийн тэргүүнд гарснаар түүний удирдлагаар юуны өмнө авлигатай хийх тэмцэл амжилттай хэрэгжиж байгаа. Тэгвэл энэ хурлаар авлигатай тэмцэх найман заалттай журам, зургаан хорио гэдэг санаачлагыг дэвшүүлж, намынхаа гол зохицуулах баримт болгожээ.

Шинэ эрин дэх “Хятадын онцлогтой социализм”-ын үзэл баримтлалд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий чиг үүрэг, зорилт, хуулийн засаглалыг ахиулах зорилт тавихын сацуу дэлхийн тэргүүлэх армийг байгуулах зэрэг чиглэлийг тодорхойлсон.

Ер нь Хятад улс бол өөрийнхөө дэвшүүлсэн үзэл суртлаас хэзээ ч ухардаггүй, тиймээс социалист орон хэвээр үлдэхийн зэрэгцээ коммунист намынх нь үүрэг улам нэмэгдэх бололтой.

-Энэхүү хурлын нээлтэд Си Жиньпиний хэлсэн үгийг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж хэлэх вэ?

-Нэгдүгээрт, БНХАУ-ын дарга Си Жиньпин хятад онцлогтой социализмын замаар “шинэ эрин”-д орж буйгаа зарласан. Гэхдээ өөрчлөгдөж буй үйл явдалд, аливаа хэрэгт уян хатан байхын тулд хувьсаж өөрчлөгдөх хэрэгтэй л дээ. Хоёрдугаарт, маш чухал зүйл тэмдэглэсэн байгаа, энэ юу вэ гэхээр Хятад социалист ардчилсан замаар хөгжихийн зэрэгцээ Өрнөдийн ардчиллыг дэлгэрүүлэх ямар ч оролдлогын эсрэг зогсоно гэдгийг тэмдэглэсэн байсан. Гуравдугаарт,Хятад улс намын доторх мэтгэлцээнийг хөгжүүлэхэд бэлэн, гэхдээ интернэт сүлжээгээр, завь ганхуулах ямар ч оролдлогын эсрэг байна гэсэн. Өөрөөр хэлбэл, хэдийгээр интернет сүлжээний хүчирхэг орон болох, хурдыг нэмэгдүүлэх талаар тодорхойлсон ч сошиал орчинд хяналт тавих ажлыг улам эрчимжүүлэх тухай ярьж байгаа юм.

-БНХАУ-ын өмнөх таван жилд дэвшүүлсэн зорилт биеллээ олсон гэж энэ удаагийн хурлаараа тэмдэглэж байсан. Тэгвэл ирэх таван жил дэвшүүлсэн зорилтуудыг нь сонирхуулахгүй юу?

-БНХАУ-ын дарга Си Жиньпиний тайлан илтгэлд, өмнөх таван жилд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхдээ засаглалын тухай иж бүрэн шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг боловсруулсан тухай орсон. Тухайлбал, Хятадын ДНБ 80 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг биелүүлсэн. Мөн хот суурины шинээр нэмэгдсэн ажлын байр жил тутамд 13 сая гаруйгаар нэмэгдэж, ядуу амьдралтай 60 гаруй сая иргэнийг ядуурлаас ангижруулсан тухай ярьсан. Таван жилийн өмнө ХКН-ын 18 дугаар их хурал “2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоор чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор социалист орчин үеийн орон байгуулах” зорилт дэвшүүлж байсан. Тэгвэл, олон улсын болон дотоодын нөхцөл байдалд хийсэн судалгаа шинжилгээг үндэслэн, 2020 оноос энэ зууны дунд үе хүртэл хоёр шаттайгаар төлөвлөжээ. Нэгдүгээр шатанд, 2020-2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, социалист орчин үеийн болгох зорилтыг үндсэнд нь биелүүлэх. Хоёр дахь шатыг 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл Хятад улсыг хүчирхэг ардчилсан соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй социалист, орчин үеийн үзэсгэлэнт сайхан, хүчирхэг орон болгон бүтээн байгуулах зорилт тавьжээ. Нөгөөтэйгүүр 2035 он гэхэд Хятадын армид хийж буй шинэчлэлийг хийж дуусгах хугацаатай яв цав нийцэж байгаа нь дэлхийн хамгийн хүчирхэг улс гэдгийг харуулах зорилт гэж ойлгож байна.

-Си Жиньпин залгамжлагчаа өөрөө тодруулах магадлалтай гэх мэт мэдээлэл гарч байна. Ажиглагчид түүний дараагийн залгамжлагчид хамгийн их тохирох хүнийг хэн гэж үзэж байна вэ?

-ХКН-ын дотор өмнө нь хоёр бүлэглэл фракц байсан. Энэ нь элитийн гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн бүлэг, коммунист залуучуудын эвлэлийн бүлэг гэж байсан бол сүүлдээ Шанхайн бүлэг, дөрөв дэх, тэр байтугай тав дахь бүлэг гэж байгаа тухай гадны хэвлэлд бичсэн байсан. Си Жиньпин гарснаар нам доторх бүлэглэлүүдийг дарж авсан гэх ба өөрийн гэсэн бүлэглэлийг ч бий болгосон байдаг. Тэрээр ийнхүү өөрийн бүлэглэлийг бүрдүүлж нөлөөнийхөө хүрээг тэлснээр түүнийг залгамжлах хүнгүй болсон хэмээн гадны шинжээч ажиглагчид бичиж байна. Тиймээс 2022 онд намын даргын суудлаа өгөхгүй ч байж магад. Мөн Дэн Сяопиний үеэс хойш тогтсон өөрийн залгамжлагчаа үе алгасан тогтоож ирсэн “дүрмийг” өөрчилж Си Жиньпин өөрийнхөө залгамжлагчийг өөрөө тодруулах магадлалтай гэсэн мэдээ сэлт гарсаар байна. Иймэрхүү байдлаас харахад үнэхээр нам дотор нь бодит мэтгэлцээн маргаан байгааг илтгэж байна.

-ХКН-ын 19 дүгээр их хурлын үр дүнг та хэрхэн харж байна вэ. Хөрш зэргэлдээ Монгол орны хувьд ямар үр өгөөжтэй байх бол?

-БНХАУ гадаад бодлогодоо бусад улсын эрх ашгийг золиос болгохгүй. “Хятад ямар ч тохиолдолд өөрийн хөгжлийн төлөө бусдын эрх ашгийг хөндөхгүй байхын зэрэгцээ ямар ч тохиолдолд өөрийн хууль эрх, ашиг сонирхлоосоо татгалзахгүй” гээд хэзээ ч түрэмгийлэх бодлого явуулахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Си Жиньпиний санаачилсан “Нэг бүс нэг зам” төсөл ирэх таван жилд үргэлжлэх нь тодорхой. Энэ төслийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаагаа урагшлуулж, хамтран зөвшилцөж, хамтаараа бүтээн байгуулна гэсэн байна лээ.Тиймээс Хятадын “Нэг бүс нэг зам” төслийг Монголынхоо “Талын зам”-тай уялдуулан хэрэгжүүлэх талаар урьд өмнө тохиролцоод хэрэгжүүлж буй ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай. Аль болохоор Монгол Улсдаа ашигтай, эдийн засгийн хөгжилд нэмэртэй бодлого явуулах хэрэгтэй. Хэдийгээр төр засаг, өөрчлөгдөж, тогтворгүй байгаа ч төрийн залгамж чанар, бодлого үргэлжлэх л ёстой.

-Хятад улс эдийн засгаараа дэлхийд тэргүүлнэ гэсэн зорилт тавьдаг. Тус улс алт, зэс, нүүрсний хамгийн том хэрэглэгч. Тэгэхээр энэ удаагийн хурлаараа импортоор авах уул уурхайн бүтээгдэхүүнийхээ бодлогыг хэрхэн тодорхойлсон бол?

-Мэдээжийн хэрэг, юуны өмнө, Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан байгаа үүнийг зүгээр ямар ч судалгаа үндэслэлгүйгээр тавихгүй.БНХАУ тавьсан зорилт, төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэхийн төлөө уйгагүй зүтгэдэг. Дэлхийн хамгийн олон хүн амтай, алт, зэс, нүүрсний хамгийн том хэрэглэгч орон. Хэдийгээр нүүрсний хэрэглээгээ багасгах талаар арга хэмжээ авч байгаа ч тэд ойрын хэдэн жилд Монгол Улсаас алт зэс, нүүрсээ импортоор авсаар байх болов уу гэж бодож байна.

-Монгол Хятадын харилцаа сүүлийн үед идэвхтэй бус байна уу даа гэж харагдах болсон. Судлаачийн байр суурийг сонсвол?

-Монгол, Хятад хоёр улс харилцааны хамгийн дээд түвшин болох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай явж байгаа. Энэ харилцааг байгуулж бэхжүүлэхийн тулд хоёр талын хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зурсан. Түүний дагуу хоёр талын компани, аж ахуйн нэгж, ард иргэд, орон нутгийн хоорондын хамтын ажиллагаа, солилцоо үргэлжилсээр байгаа. Харин манай улсын төр засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан зарим нэг үл ойлголцол, асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Хятадын талаас ч ялгаагүй зарим нэг эмзэглэл, шахалт дарамт үзүүлэх явдал гарч л байна. Гэхдээ Монгол, Хятад хоёр талын харилцаа идэвхтэй бус байгаа гэж үзэхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *