-АЖЛАА ХИЙЖ, ҮР ДҮНГЭЭ ХАРУУЛАХ ЁСТОЙ
БАЙХАД ЯАГААД ОГЦОР ГЭЭД БАЙГАА ЮМ-
УИХ-ын гишүүн, Сангийн
сайд Ч.Улаантай ярилцлаа.
-Ардын
намынхан Засгийн газрыг тараана, огцруулна гээд эхэллээ…
-Тэр
бол Ардын намын л асуудал.
-Засгийн
газар огцорвол танд ч хамаатай болох байх. Засгийн газрыг огцруулах үндэслэлүүд
нь хэр бодитой гэж та үзэж байгаа вэ?
-Ардын
нам албан ёсоор асуудлаа тавьсны дараа Засгийн газрыг огцруулах гээд байгаа үндэслэлүүдийнх
нь талаар тайлбар хэлье. Одоо урьдчилан тааж яриад яахав.
-МАН-ын
Удирдах зөвлөл өнөөдөр (өчигдөр) албан
ёсоор шийдвэрээ гаргаж, Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барихаар болж байх
шиг байна л даа…
-Тийм
үү. Тэгвэл Засгийн газрыг огцруулахад хүргээд байгаа шаардлагуудыг нь харъя.
Тэгж байж үндэслэл нэг болгоноор нь тайлбар өгье, одоохондоо тэр бичгийг нь хараагүй
байна.
-Монголын
эдийн засаг буурч, гадаад хөрөнгө оруулалт багаслаа гэдэг нь Засгийн газрыг буруутгах
нэг үндэслэл болж байх шиг байна?
-Албан
ёсных нь шаардлагыг харж байж үндэслэлтэй тайлбар хэлнэ. Хэн нь, хэзээ, юу хийгээд,
яачихав гэдэг тайлбарыг өгнө өө. Үг бүр агуулгатай шүү дээ, тиймээс Ардын намынхны
бичсэн зүйлийг харж байгаад үг хэлнэ.
-Ер
нь Монголын эдийн засгийн бодит байдал одоо ямар байгаа юм бэ. МАН-ынхны яриад
байгаа шиг хүнд байдалд орчихсон юм уу?
-Гадаад
хөрөнгө оруулалт урьд онтой харьцуулахад буурчихсан нь үнэн.
-Тэр
нь юутай холбоотой юм бэ?
-Томоохон
төслүүдийн хэрэгжилтийн явцтай холбоотой. Тухайлбал, Оюу толгой, Таван толгойгоос
болж байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт дандаа өсөх ёстой гэж хэн хэлээд байгаа
юм. Ямар хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй вэ
гэдэг нь чухал. Монголд ашигтай хөрөнгө оруулалт хэрэгтэй болохоос ашиггүй
юмны хойноос хөөцөлдөж болохгүй. Монголд харилцан ашигтай байх зарчимд нийцүүлж,
манай хууль журманд илүүтэй нийцэж байх шаардлага тавьж байхад гадаадын хөрөнгө
оруулалт буурч байна гэж ойлгох юм бол өрөөсгөл болно шүү дээ.
-Стратегийн
ач холбогдолтой аж ахуй нэгжүүдийн гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиас
болоод хөрөнгө оруулалт буурчихсан гэх юм билээ?
-Тэр
хуулийг хэн гаргасан юм. Аль Засгийн газрын үед тэр хууль гарлаа. Тэр хуулиас болоод
гадаадын хөрөнгө оруулалт буурчихсан юм бол өнөөдрийн Засгийн газарт ямар хамаатай
юм. Гэх жишээгээр цаг хугацааны хувьд авч үзэх, ярих юм бий.
-Бүтээн
байгуулалтын ажил ерөөсөө эхлэхгүй байна гэдэг шүүмжлэл Засгийн газрыг тойглоод
байна…
-Тийм
шүүмжлэл гараа л биз, ямар хамаатай юм бэ.
-Энэ
Засгийн газрын танхимд орж ажиллаж байгаа сайдын хувьд Засгийн газрын үйл ажиллагааг ямар байна гэж дүгнэж байгаа вэ?
-Ямар
ч зав зайгүй, зүтгэж ажилласан гэж бодож байна. Бүтээн байгуулалтын ажил бол шууд
бүтчихдэг юм биш. Бүтээн байгуулалтын ажил эхлээд цаасан дээр бүтдэг байхгүй юу.
Зураг төсөл нь гарна, хөрөнгө тооцоог нь хийнэ. Бэлтгэлийг нь хангана. Тэгж байж
бүтээн байгуулалтын тодорхой ажил болно. Одоо Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын
ажил эхэлж байна. Энд тэндгүй их ажил эхэлнэ. Яагаад гэвэл бэлтгэл ажлууд нь хийгдсэн.
Ирэх намар гэхэд та нар бидэнд ийм асуулт тавих чадваргүй болно. Яагаад гэвэл улс
орны бүх зүйл нүдэн дээр өөрчлөгдөнө. Тийм учраас жаахан холыг харж бай гэж Засгийн
газрыг огцруулах гээд яваа хүмүүст хэлье.
-Бондын
мөнгөөр нэлээд төслүүдийг хэрэгжүүлэх байх. Тухайлбал, ямар ажлууд эхнээсээ
нүдэнд харагдаж эхлэх бол?
-Засгийн
газар төслүүдээ тогтоод зарлачихсан. Маш олон төсөл бий. Тэр бүхнийг одоо нэрлэх
боломж алга. Битгий яарцгаа. Бүх ажлын бэлтгэл хангагдчихсан. Газар сайгүй бүтээн
байгуулалт өрнөөд эхэлнэ.
-Таван
толгойн нүүрсээ худалдаж чадахгүй дарчихсан байгаа нь Засгийн газрыг шүүмжлэх
нэг нээнэтэг болж байгаа. Яагаад энэ асуудалд
ахиц дэвшил, гарц олохгүй байгаа юм бол?
-Харин
яагаад олохгүй байгаа юм бол. Хэн ийм гацаа хийчихэв. Урьд өмнө нь байгуулсан гэрээ
хэлцэл чинь ийм гацаа үүсгэчихсэн байхгүй юу. Үүнээс гарах санаатай, гэрээ хэлцлээ
хянаж, Монгол талдаа ашигтай байлгах үүднээс бид үзэж байна. Энэ бүхнийг бидний хүссэнээр хүлээж
авахгүй байсан шүү дээ. Өнөөдөр хэн нь гацаа үүсгэчихээд, хэн нь тэр түгжрэлээс
гаргах гэж оролдож байна вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Энэ зүйлүүдийг удахгүй
гаргаж тавина.
-МАН,
МАХН хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарна, цаашлаад нийлж нэгдэнэ гэсэн зүйл
нэг хэсэг яригдсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Онолын
хувьд байж болох асуудал. Гэхдээ механикаар энэ хоёр нам нэгдэж, эвсч ажиллахгүй.
Яагаад салсан билээ. Салахад хүргэсэн хүчин зүйлүүд өнөөдөр засраагүй байна. Ийм
учраас буцаад нэгдэх, хамтрах асуудал байхгүй гэж бодож байна. Байгаа алдаа дутагдлаасаа
ангижирсны дараа аяндаа болох байх. Яагаад гэвэл үзэл бодол, орон зай, Монгол Улсын
төлөө гэсэн эрх ашиг нэг юм чинь ойртож л таарна.
-Хоёр
намыг салахад хүргэсэн хүчин зүйлүүд нь юу билээ?
-Өөрийнхөө
үндсэн зарчим, үйл ажиллагаанаас ангижирч, хэсэг бүлгийн эрх ашигт нийцдэг болсон.
Хөрөнгө мөнгө албан тушаалын төлөө үхэн хатан хөөцөлдөж, хөрөнгө мөнгөөр наймаалцдаг
болсон. Олигархижиж, эд баялгаа Монголд ашиггүй байдлаар гадныханд найр тавьж
өгсөн гээд олон хүчин зүйл бий шүү дээ.
-Хаврын
чуулганы нээлт дээр МАН, МАХН-ынхан хурал хаяад гарахад Хувьсгалт намаас үлдсэн
цөөн хэдэн гишүүний нэг нь та байсан байх аа.
Сайдын албан тушаал авсан хүмүүс нь танхимд үлдлээ гэдэг яриа нөгөө талаас
гарч байгаа байх…
-Би
гараад яваа биз дээ. Заавал бие биеэ дагаад гарах ёстой юм уу. Байр суурь үзэл бодол нийлэхгүй бол хэдийд ч гарч
болно шүү дээ. Цахилгаанаар бүгдийг нь удирдаж байгаа юм шиг дэрхийтэл босоод явах
албагүй биз дээ. Ер нь гишүүдийн хэн нь үлдсэн, үлдээгүй гэдэг нь ямар хамаатай
юм. Тэр бас нэг шалгуур юм уу. Ардын намыг дагаж хошуураагүйгээрээ нэг шалгуурыг
давж чадаагүй болчих гээд байгаа юм уу.
-Намын
нөхдөө дагаж гараагүйгээс болоод та намынхандаа шүүмжлүүлээд байгаа юм биш үү?
-Юу
нь сонин байгаа юм. Хүн янз бүрээр ярьж болно шүү дээ. Эцсийн эцэст хэн нь хэнийгээ
дагасан юм. Ардын намынхан Хувьсгалт намын гишүүдийг дагаад гарсан юм биш үү.
-Танд
ер нь намаас чинь дарамт ирдэг үү. Засгийн газарт орчихоод Н.Энхбаяр даргыг суллуулсангүй
гэдэг ч юм уу?
-Түүний
төлөө явсангүй гэдэг шүүмжлэл ирдэггүй. Яваад ажлын үр дүн муу байна гэдэг зүйлийг
хэлдэг. Энэ бол өдөр бүхэн бидэнд ирдэг шүүмжлэл. Үүнийг нь хүлээж авч байгаа.
Засгийн газраас гарах нь зүйтэй гэж хэлдэг хүмүүсийн тоо манай намд цөөн биш. Гэхдээ
нийтлэг эрх ашгийн үүднээс намын хамт олны шийдвэрээр эвслээрээ бид хамтарсан Засгийн
газарт орсон. Энэ хэвээрээ цааш явах болов уу гэж бодож байна.
-Тэглээ
гээд Засгийн газрыг огцруулахын төлөө та зогсохгүй байх л даа?
-Засгийн
газрыг зүгээр огцруулахын төлөө огцруулах гэж байгаа бол тэр талд орохгүй. Ажлын
төлөө шүүмжлэл хэлж байгаа бол хэлэлцэнэ. Ажил хэрэгч шүүмжлэл байж болно шүү дээ.
Тэндээс сургамж авч, дүгнэлт хийх ёстой.
Ийм байдлаар хандаагүй нийтэд нь хавтгайруулан шүүмжилж байгаа бол би хүлээж
авахгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрыг
огцруулаад байх нөхцөл шалтгаан бий болчихсон гэж харахгүй байна. Тэгээд ч бид
гэрээ байгуулж хамтарсан Засгийн газар байгуулчихсан. Тиймээс үүндээ үнэнч байж,
төр засгаа тогтвортой ажиллуулах ёстой шүү дээ. Бид ажил хийхийн төлөө сонгогдсон
биз дээ. Одоо бодлогоо тодорхойлчихлоо. Төслүүдээ сонгоод, санхүүжүүлэх мөнгөө
олчихлоо. Ингээд ажлаа хийх гэтэл яагаад ийш тийшээ давхих ёстой юм. Ажлаа хийгээд
үр дүнгээ харуулах ёстой, тийм биз дээ. Ийм байхад яагаад намайг огцор гэж шахаад
байгаа юм.
-Ардын
намынхан шахаад байна л даа?
-Зарим
хүмүүс биднийг АН-д дагаар орчихсон байна гэх мэтээр ярьдаг гэнэ лээ. Гэхдээ
бид АН-тай гэрээ байгуулаад, 70:30 гэсэн харьцаагаар Засгийн газар байгуулсан шүү
дээ. Тиймээс Засгийн газрын 70 хувийг бүрдүүлж байгаа олонхийн бодлого явах ёстой
юм байгаа биз дээ. Үүнд би огтхон ч эмзэглэхгүй
байна. Ийм шүүмжлэл гарсныг дарамт гэж үзэхгүй байна.
-Ер
нь Засгийн газар огцорлоо гэхэд дунд нь ард түмэн л хохироод үлдэнэ биз?
-Тэгэлгүй
яах юм бэ. Ард түмэн, улс орны эрх ашиг хохирно.
-Ер
нь Ардын намынхан сонгууль угтсан ээлжит шоугаа хийж байна гэж та үндсэндээ хэлэх
гээд байна уу?
-Тэгж
хэлэх гэж байгааг яаж мэдэж байгаа юм. Далдыг хардаг болчихоо юу. Зүгээр шүүмжлэхийн
төлөө шүүмжилж байгаа бол би няцаана. Ажил хэрэгч шүүмжлэл, улстөржсөн шүүмжлэл
хоёрыг ялгах ёстой гэж хэлэх гээд байна.
-МАХН
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх магадлалтай таван хүнээ зарласан. Тэр
дунд та бий. Энэ сонгуульд үзээд алдъя гэсэн бодол танд бий юу?
-Хувь
хүний бодлоос шалтгаалдаг асуудал биш. АН-тай хамтарч Засгийн газрыг байгуулахад
хийсэн цагаан дээр хараар биччихсэн гэрээ хэлцэл бий. Энэ гэрээний дагуу хамтарч
ажилласаар өнөөдрийг хүрсэн. Цаашдаа ч энэ чигээрээ байх болов уу гэж харж байгаа.
Сонгуульд нэр дэвших үү, үгүй юу гэдгийг нэг хүн дангаараа шийддэггүй. Засгийн
газрыг бүрдүүлж байгаа нам, эвслийн бодлогын тохиролцоогоор асуудал шийдэгдэнэ.
Энэ тохиролцоо хийгдээгүй байна.
-Таны
санаанд Ерөнхийлөгчийн сонгууль багтаж байгаа юу?
-Тохирсон
зарчмаа л бид дагах ёстой. Тийм учраас одоогоор илүү дутуу юм бодоогүй байна. Энэ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүн дээ гэсэн зүйл зөвхөн одоо яригдаж
байгаа юм биш. Урьд өмнө нь яригдаж л байсан.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хүн гэж намайг үздэг л юм билээ.
-Гэхдээ
МАН-тай нэгдээд сонгуульд орвол дээр гэсэн бодол танд төрдөг үү?
-Юуны
төлөө.
-Ялалт
байгуулахын төлөө…
-Засгийн
газраас гараад яв гэж үү. Хэнд ашигтай юм. Тийм сонголт, шийдвэр өнөөдөр гараагүй
байна. Энэ талаар бодоход ч, ярихад ч эрт байна.
-Танай
намын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмон чуулганы хуралдааныг хаяж гараагүй гишүүдийг
дарамтлаад байгаа гэсэн. Үнэн юм уу?
-Механикаар
дагаад гүйх байсан юм бол би яах гэж Ардын намаас гарсан юм. Михайлд өөрийн бодол
байна шүү дээ. Аливаа зүйлийн учир начрыг тунгааж, үнэлж цэгнэх ёстой. Би асуудалд
өөрийн итгэл үнэмшлээрээ ханддаг хүн. Гэхдээ нийтлэг эрх ашгийг дээгүүр тавьж,
түүндээ зохицсон шийдвэр гаргахыг хичээдэг юм. Түүнээс биш хэн нэгний санаанд тааруулж
ажил амьдралаа зохион байгуулдаг хүн биш гэдгээ хатуу чанга хэлчихье. Шүүмжлэлээс
айж, хэн нэгэнд тал засдаг зан надад байхгүй.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ