Categories
редакцийн-нийтлэл

Хатан Туул минь тамираа баржээ

Туул гол тасрахдаа хүр­чээ. Сонсголонгийн гүүрний орчимд Туул голын эрэг замагтаж, хог дагандаа дарагд­жээ. Бо­хирын цоо­ногоос хан­хал­даг өмхий, самхай үнэр савсуулан Туул гол минь энэ хавьд урсан ядан тий­чилж байна.

Сонгинохайрханы наа­­хнатай голын бур­га­сыг армаг тармаг болго­чи­хож. Голыг уруудаад Шинэ хо­роо­ны тэнд очи­ход гол урсч байгаа нь ч мэдэг­дэх­гүй, урсахгүй бай­гаа нь ч анзаа­рагдах­гүй болтлоо на­рийс­чээ. Биокомбинатад хү­рээд Сон­гинын амралтын наа­дах гүүрэн дээр очлоо. Сонс­голон­гийн гүүрэн дээр очи­ход хан­халж бай­­сан үнэр энд бүр илүү хурц. Элээ, хэрээ­нүүд эргэлдэнэ. Туул гол ужиг өвчиндөө тарчилж бай­гаа хүн мэт арай ядан урсч байлаа. Голын шуу­гих чимээ биш жорлон­гийн суул­туураас гоо­жих усны хоржигнох мэт чимээ л тэн­дээс сонстоно. Эр­гээ­сээ эхлээд хогонд да­рагдаж өмхийрсөн голын ойр ор­чимд ялаа, батгана шуугих аж.

Гүүрэн дээгүүр хааяа нэг хүн, машин зөрнө. Хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэйтэй тааралдлаа. Түү­нийг Б.Оюунханд гэнэ. Тэрээр Биокомбинатад нүүж ирээд 14 жил болж байгаа аж. Б.Оюунханд “Өдийд гол маань ийм болчихдог юм. Шар усны үер орж ирээд л хог шаарыг нь туудаг. Тэр хүртэл өмхий үнэртээд л байдаг. Уг нь Туул гол намайг анх ирэхэд арай ч ийм байгаагүй. Сүүлийн жилүүдэд л ийм болчихлоо. Сонсох нь ээ, арьс ширний үйлдвэр, ус цэвэрлэх байгуу­ламжаас л бохир усыг гол руу цутгадаг гэсэн. Намар бас өмхийрдөг. Хүүхдүүд голын усанд тоглоно гэдгийг мартсан. Юун хүүх­дүүд усаар тоглох вэ. Мал тоож уудаггүй юм” гэлээ.

Гол цөнгөө түрэхгүй удах тусам энд өмхий үнэрээр дүүрч хаврын эдгээр өдрүүдэд хэцүүхэн л байдаг тухай иргэд ярьж байлаа. Био­комбинатад 38 жил амьдарч бай­гаа өндөр настан Ш.Оюунцэцэг “Үхсэн загаснуудыг түүж идэхээр хэрээ, элээ л ирдэг болж. Намайг залуу байхад энэ хавьд ч ангир, нугас, хун, тогоруу гээд аль сайхан усны шувууд ирдэг байлаа.

Зарим нь бүр өвөлждөг байсан гээч. Гэтэл сүүлийн таван жилд Туул гол маань хаврын цагт өмхийрч, хог бохир усаа ч тийрээд хаячих чадалгүй болж, тогтмол ус шиг л замагтдаг боллоо. Янз бүрийн газраас хүн амьтан ирээд бид нартай уулзаж, ам болон бичгээр санал сэт­гэгдлийг минь сонсоод л явдаг. Ямар ч ашиг тусгүй. Гол улам л дордоод байна” гэж ярьсан юм. Тэрээр байгаль орчин, голыг бохирдуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг цэгцэлж өгөхийг төр засгийнхандаа хандаж хэллээ.

Зайсангийн гүүрнээс Сонгинын гүүр хүртэлх газруудад хорт бодисыг гол руу урсгаж,  бохир­дуулдаг обьектууд байр­ладаг юм байна. Холбогдох газруу­даас нь зохих шаардлагыг хүргүүл­дэг ч ямар нэгэн үр дүнгүй, талаар өнгөрдөг гэсэн.

Ингээд Туул голыг өгслөө. Маршалын гүүрнээс цааш явахад Туул голын бургасан дунд гэр бүлээрээ явж байгаа бололтой амрагчидтай хэдэнтээ таарлаа. Бас голын усанд машинаа угааж байгаа хүмүүс ч байв. Энэ хавьд голын усны түвшин мэдэгдэхүйц багасч, жижиг гэлтгүй машин туулаад гарчих хэмжээний болжээ. Богдхан уул талдаа, голын сав дагуух газрууд хэдийнэ эзэнтэй болж хашаагаа хатгах нь хатгаад, байшингаа барих нь барьчихсан байна.

Гачууртад очлоо. Энэ хавьд Туул гол мөсөн хөмрөгөө тай­лаагүй байна. Захаасаа гэсч, мөс нарны элчинд часхийнэ. Уулын хөндийн салхи, мөсний намираглаа жавар сэрчигнэнэ.

Гачуурт орчимд голын эрэг дагуу амрагчид олон байлаа. Майхнаа бариад, эвхдэг сандлаа дэлгээд, хээрийн гал дээр цай чанаж байв. Тавдугаар сар гарах дөхсөн ч Туул гол цөнгөө түрж чадахгүй, адагтаа тасрахдаа тулж, загаснууд нь мөснөөс ангижирч чадахгүй үхэж байна. Энэ бүхэн голын усны түвшин багасч, бохирдол ихтэй болсноос үүдсэн хэрэг. Бохирдуулсан хүмүүс нь нийслэлчүүд өөрсдөө.

Гачуурт орчимд голын бур­гасыг бөөн бөөнөөр нь тайрчихсан байна. Учрыг лавлавал энд ба­рилгын ажил явагдаж байгаа аж.

Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт эх үүсвэр” төслийн ажил энд эхэлжээ. Голын сав газарт ажилч­дын гэрүүдийг барьжээ. Барилгын ажил явагдаж буйг илтгэх тууз энд тэндгүй зүүчихэж. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тус­ламжаар хэрэгжиж буй уг төслийн хүрээнд Туул голын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг, 3000 м/куб-ийн багтаамжтай хоёр усан сан барьж, 20-70 см голчтой 25 км цэвэр усны шугам татах юм байна.

Энэ төслийн зорилго нь хоногт дунджаар 25200 шоо метр усыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх.

Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд энэ хэсэгт нийт 580 ширхэг модыг тайрч байгаа бөгөөд барилгын ажил дууссаны дараа огтолсон модны оронд Туул голын дагуу 6250 ширхэг улиас, хайлаас, бургасны суулгац суулгах гэнэ. Голын эх хэсэгт худаг гаргах гэж бургасыг хайр найргүй тайрсанд эндхийн иргэд дүргүйцэж байжээ. Гэвч нийслэлийн сая гаруй иргэнд ундны усгүй болох аюул тулгараад буй учир үүнээс өөр арга байхгүй бол яахав дээ гээд тэмцэл хийгээгүй юм байна.

Биокомбинатын орчмынхтой харьцуулбал Туул гол Гачууртад тунгалаг харагдах ч гялгар уут, архины шил, пиво, ундааны лааз, тамхины хайрцаг эргээр нь хөвж байна.

Туул гол ийн амиа таслуулахын наагуур л нийслэл хотоор дайран өнгөрч арай ядан урсч байна. Уг нь мэлмэрэн мэлмэрч, мэлтэлзсэн мэлтэлзсээр Сонгинохайрханы хормойг эмжээрлэн зэрэг­лээтдэгсэн. Ирж буй цаг байдаг. Гэтэл Хатан Туул минь хогоо ч урсгаж дийлэхгүй болтлоо тамирдаж зуны эхэн сарыг угтах нь. Цөн түрэхээр цэвэршчихдэг юм гэсэн хайнга сэтгэлээр биш. Бидний бахархал болж, дуу, яруу найрагт мөнхөрч, түүхэнд нэрээ үлдээсэн Хатан голоо хайрлаж, сав юугаан дүүргэн урсахад нь нийслэлчүүд гэлтгүй монголчууд бүгдээрээ гар бие оролцох хэрэгтэй байна.

Голын эхийг цэвэр байлгаж, бургас моддыг нь тайралгүй, дунд, адагт нь хорт бодисоо урсгалгүй, элс, хайргыг нь ухалгүй, машин тэрэг, хивсээ угаалгүй ядаж нэг хавар, нэг зуныг нь амар амгалан өнгөрүүлье л дээ.

Тэгэхгүй бол Хатан Туул минь бүр тамирдаж гүйцлээ. Хэдэн загас нь үхэж, хэрээ, элээ л дээгүүр нь эргэлддэг болжээ.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монголд зочлох тэд хэн бэ

ЙИНГЛАК ЧИНАВАТ, ТАВАККОЛ КАРМАН, АУНГ САН СУ ЧИЙ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцохоор Монгол Улсад ирж байгаа дэлхийд нэр алдартай зарим  улстөрчдийн товч намтрыг хүргэж байна.

АУНГ САН СУ ЧИЙ

Сүүлийн 20 гаруй жилийн улс төрийн тэмцлийнхээ 15 жилд нь гэрийн хорионд суусан энэ эмэгтэй Мьянмарын Парламентын доод танхимд өөрийн тэргүүлдэг Ард­чиллын төлөөх үндэсний лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга. 1990 онд болсон бүх нийтийн сонгуульд түүний  нам 59 хувийн санал авч, парламентын суудлын 81 хувийг эзэлж байсан. Гэвч  үүнээс өмнө тэр хэдийнэ гэрийн хорионд орсон байв. Өөрөөр хэлбэл, 1989 оны долдугаар сарын 20-ноос Аунг Сан Сун Чий гэрийн хорионд орсон байлаа. Түүнийг 2010 оны арваннэгдүгээр сард сулласан юм.  Мьянмар 2010 оноос хойш реформын шинжтэй арга хэмжээ авч эхэлсэн учир либерал ардчиллын замаар холимог эдийн засгийг хөгжүүлж хүний эрхийг хангах талаар ахиц дэвшил гаргаж эхэлжээ. Энэ дэвшлийг бий болго­ход Аунг Сан Сун Чийгийн өрнүүл­сэн тэмцэл нөлөөлсөн байдаг. Түүний хийсэн улс төрийн аядуу хэрнээ уйгагүй яван улс төрийн зүтгэл нь түүнийг дэлхий нийтэд мятаршгүй тэмцэгч болгон харуулж, нэр алдарт хүргэсэн билээ. Цэргийн хатуу дэглэм ноёрхож байсан Мьянмарт тодорч гарч ирсэн эмэгтэй удирдагч нь яах аргагүй Аунг Сан Сун Чий юм. Тиймээс тэрээр Нобелийн энх тайвны шагналтан болсон түүхтэй. 

Тэрээр орчин үеийн Бирм улсыг үндэслэгч гэгддэг Аунг Саны гурав дахь хүүхэд бөгөөд ганц охин нь юм. Түүний аав улсынхаа тус­гаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө Английн Засгийн газартай хэлэлцээ хийж байсан юм. Гэвч тэр  1947 онд  алан хядлагад өртөн амиа алдсан байдаг. Харин ээж Кхи Чи нь Энэтхэг, Балбад улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байжээ. Хатагтай Аунг Сан Сун Чий 1960 онд Шинэ Делид улстөрч судлал мэргэжил эзэмшсэн юм. Дараа нь Оксфордын их сургуульд элсэн орж философи, улстөрч эдийн засгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй болжээ. Их сургуулиа дүүргэснийхээ дараа тэрээр нэг хэсэг Нью-Йорк хот дахь НҮБ-д ажиллаж байв. Тэрээр 1972 онд төвд судлаач М.Эйристэй гэр бүл болж Александр, Ким хэмээх хоёр хүүгээ төрүүл­жээ. Хожмоо Лондон­гийн их сур­гуульд докторын зэрэг хам­гаалсан бөгөөд 1990 онд сургуу­лийнхаа хүндэт гишүүнээр сонгогд­сон юм. Аунг Сан Сун Чий 1988 онд өвчтэй эхээ асрахаар эх орондоо буцаж очихдоо ардчил­лын хөдөл­гөөнийг дэмжиж улмаар Ардчил­лын төлөө лиг намыг тэргүүлэх болсон билээ. Аунг Сан Сун Чий Төвд судлаач эрдэмтэн Майкл Аристай 1972 онд гэрлэж, Александр Арис, Ким Арис хэмээх хоёр хүү төрүүлсэн юм. Түүний нөхөр Бутан, Түвд, Хим­лайн соёл, Буддизмын талаар хэд хэдэн ном хэвлүүлсэн, барууны голлох эрдэмтний нэгд тооцогддог байлаа. Гэвч эхнэрээ улс төрийн тэмцэгч болж, гэрийн хорионд орсноос хойш тэд хоёр талд амьдардаг болсон гэдэг.  Учир нь цэргийн дэглэмтэй Бирма Майкл Ариствиза олгохоос татгалздаг байснаас тэр.  Ингээд Аунг Сан Сун Чийгийн нөхөр 1997 онд хорт хавдраар  нас барсан байдаг. 

  ЙИНГЛАК ЧИНАВАТ

Тайландын вант улсын 28 дахь Ерөнхий сайд, “Пхыа Тхаи” намын тэргүүн, хатагтай Йинглак Чинават 1967 онд Чингмай хотод мэндэл­жээ. Бүс нутгийн парламентын депутат Лерт Чинаватын есөн хүүхдийн отгон нь. Түүний ах Таксин Чинават тэрбумтан бөгөөд  Тайландын Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд одоогоор тэрээр хилийн чанадад амьдарч буй. Хатагтай Йинглак Чинават 1988 онд Чиангмайгийн их сур­гуулийг улс төр судлал, төрийн удирдлагын мэргэжлээр дүүргэсэн тэрээр АНУ-ын Кентуки муж улсын их сургуульд магистр зэрэг хамгаалжээ.  Эх орондоо буцан очсон даруйдаа гэр бүлийн бизнес болох “Shinawatra Direc­tories” хэмээх утсан харилцаааны лавлагааны газарт ажиллах бол­жээ. Тэрээр гар утасны зах зээл дээр тэргүүлдэг телефон харил­цааны “Rainbow Media”, “Advanced Info Service” зэрэг компанид удирдах албан тушаал хашиж байв.

Йинглак Чинават 2009 онд анх  улс төрд хөл тавьснаас хоёр жилийн дараа парламентын сон­гуульд ялалт байгуулж, Тайланд улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон юм. Мөн тэрээр тус улсын түүхэн дэх  Гүйцэтгэх засаглалын хамгийн залуу тэргүүн болов. Тай­лан­дын парламентын сонгуулиар түүний тэргүүлж буй “Пхый Тхаи” нам парламентад 264 суудал авсан нь үнэмлэхүй ялалт болсон гэдэг. “Форбес” сэтгүүл 2008 онд Йинглак Чинаватыг хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд оруул­сан юм. Тэрээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. 

ТАВАККОЛ КАРМАН

Өдгөө 34 настай, гурван хүүхдийн эх Таваккол Карман Арабын орнууд дотроос  Нобелийн Энх тайвны шагналтан болсон анхны эмэгтэй юм. Йемений эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, энх тайвныг тогтоох үйл хэрэгт оролцох эрхийн төлөө хийсэн тэмцлийг нь үнэлэн уг шагналыг Нобелийн хорооноос түүнд хүр­тээсэн билээ. Тэрбээр Нобелийн энх тайвны шагналыг гардан авсан анхны Йемен иргэн, мөн анхны араб, хоёр дахь лалын шашинтай эмэгтэй болоод байна. Түүний зэрэгцээ 32 насандаа Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн хамгийн залуу хүнээр тодорсон юм. Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч тэрээр сэтгүүлч, улстөрч мэргэжилтэй.  Таваколл Карман 1979 онд Йемений Таиз хотноо мэндэлжээ. 2005 онд хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнийг үндэслэн байгуулж, улмаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ардчилсан эрхийг сурталчилж байжээ. Тэрээр 2007-2010 онд нийслэл Сана хотын төвд байрлах Эрх чөлөөний талбай дахь Засгийн газрынхаа байрны өмнө суугаа хэлбэрээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Харин 2011 онд түүнийг хууль бус цуглаан зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, Йеменд эмх замбараагүй байдал үүсэхэд турхирсан гэх хэргээр хоригдож байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
редакцийн-нийтлэл

О.Насанбурмаа: “Багш аа, би аварга болно оо” гэж хэлээд дэвжээнд гарсан

Энэ сарын 16-22-ны хооронд Энэтхэгийн Нью Дели хотноо бол­сон чөлөөт бөхийн Азийн авар­гаас 67 кгын жинд гавьяат тамир­чин Очирбатын Насан­бурмаа алтан ме­даль авч зургаан жил манай тамирчдын хүр­тээ­гүй тивийн аваргын алтан медалийг эх орондоо ав­чирсан юм. Чөлөөт бөхийн тамирчид ур­жиг­дар эх орон­доо ир­сэн байна. Тэд­ний хувьд манай эх оронд ирэх сарын 11, 12-ны өдрүү­дэд болох “Mongolian open” тэм­цээний бэлт­гэлд гара­хаар Эр­дэнэт явах гэж байхад нь Монгол Улсын гавь­яат тамирчин Очир­батын Насан­бурмаа­тай ярилцлаа.

 Чөлөөт бөхийн ти­вийн аварга шалга­руу­лах тэм­цээнээс алтан медаль хүрт­­сэн танд баяр хүргэе. Өнөө жи­лийн Ази тивийн авар­гын тэмцээний тухай ярихгүй юу?

-Би өмнө нь Ази ти­вийн аварга шалгаруулах тэм­цээнд хоёр удаа орж байсан. Гурав дахь удаа­гаа орол­цохдоо алтан медаль хүрт­сэндээ туй­лын баяртай байна даа. Ард түмнийхээ хүсэн хү­лээ­сэн чөлөөт бөхийн ти­вийн аваргын алтан ме­далийг хүртэж чадсан болохоор сэт­гэл өөдрөг байна. Гэхдээ энэ алтан медаль ганцхан Насан­бурмаагийн амжилт биш юм аа. Миний ард бэлтгэл хан­гагч, багш нар, чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, ажлын маань хамт олны хүч хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй медаль юм шүү дээ.

Таны хувьд өмнө нь Азийн аваргаас мөнгөн ме­даль хүртэж байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж чадсан байна шүү дээ

-Азийн аварга шалга­руу­лах тэмцээнд өмнө нь хоёр удаа орол­цохдоо би мөнгө, хүрэл медаль хүр­тэж байсан. Өсвөр за­луучуудын ангилалд би мөн медаль хүртэж бай­сан. Энэ удаагийн алтан ме­даль миний хувьд Азиас ав­сан 10 дахь ме­даль болж байгаа юм.

Азийн аваргаас ал­тан ме­даль хүртсэн бо­ло­хоор таны бэлтгэл мэдээж сайн байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр (өчигдөр) Эрдэнэт рүү бэлтгэлд явах гэж бай­гаа хэрэг үү?

-Тийм ээ. Бидний хувьд сардаа хоёр тэм­цээнд орол­цож байгаа болохоор бэлтгэл ерөн­хийдөө давгүй байгаа. Азийн аваргаас ирээд гэртээ ганц хоночихоод ахин бэлт­гэл­дээ гарах гэж байгаа минь энэ. 10 га­руй­хан хоногийн дараа эх оронд маань “Мon­golian open” тэмцээн бо­лох гэж байна. Тийм бо­ло­­хоор бэлтгэл сургуу­лилтаа эрчимтэй хийх хэрэгтэй л дээ. Азийн аварга болсон ч би­дэнд байнгын бэлтгэл зайлш­гүй хэрэгтэй байдаг.

Та Азийн аваргаас ал­тан медаль хүртсэн ч бусад та­мирчдынхаа тухайд ямар бо­долтой байна вэ?

-Манай тамирчид эрч хүч дүүрэн энэ удаагийн Азийн аваргыг зорьсон. Өмнө нь чөлөөтийн эмэг­тэйчүүдийн төрөлд Япон, Хятадын тамир­чид хүч­тэй өрсөлддөг байсан бол өнөөдөр бүх л орны тамир­чид хүчтэй өрсөл­дөг­чийн хэмжээнд хүр­сэн. Чө­лөө­тийн эмэгтэй та­мирчид маань цөө­хүү­лээ ч гэсэн сай­хан ба­рилдаж багаараа гу­рав­дугаар байрт шалгарлаа. Цаашид бид илүү хичээл зүтгэлтэй байж дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээндээ хүч үзнэ гэсэн бодолтой бай­гаа.

Таны хувьд Казахс­тан, Хятад, Энэтхэгийн тамирч­дыг хожиж авар­гын алтан медаль хүрт­сэн. Ялангуяа сүүлийн хоёр барилдаан ширүү­хэн болсон доо?

-Миний хувьд эхний той­рог­тоо Казахстаны бөх За­рина Кунанга­рае­ваг дарах мэхээр цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт Хятадын нэрт та­мирчин, Лондонгийн олим­пийн мөнгөн ме­дальт Риксие Жингийг ял­сан. Өмнө Риксие Жинг­тэй алтан цомын тэм­цээнд таарч барилдан ялаг­даж байсан боло­хоор даагаа нэхэх сайхан боломж энэ удаа бүрдсэн юм. Хята­дын тамир­чин­тай нэг хэсэгт сугалаа таарчихсан чинь багш нар нервтчихсэн явсан. Багш надад “Миний охин хичээгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Багшаа би аварга болноо” гэтэл “Бу­ка чи амлалтандаа хүрээ­рэй” гэж билээ. Энэт­хэгийн тамирчин нутгийн­хаа дэвжээн дээр байсан болохоор арай л өөр бай­­­сан. Нутгийн иргэ­дийн уухайн түрлэг үнэн­дээ л нү­сэр сонсогдож байлаа. Энэт­хэгт байгаа Монголчууд маань цуг­ла­чихсан тэднээс дутуугүй “Монгол, монгол, монгол” гэж орилж байсан нь чи­хэнд минь тод сонсогдож байсан даа. Эхний үед ба­рил­даан Каур Навлот бид хоёрын барилдаан 1:1-ээр өндөрлөсөн ч сүү­лийн оноо авсан гэдгээ­рээ би хожсон. Дараа­гийн үед нь 5:2-ын харь­цаатайгаар би хож­со­ноор Ази тивийн аварга болж чадсан.

Зургаан жилийн да­раа эх орондоо алтан медалийг авчирсан бо­лохоор ме­далийн тав­цанд зогсож байхад их л зүйл бодогдсон байх?

-Хамгийн анх Отгон­жар­гал эгч Энэтхэгийн Нью Дели хотноо болсон Азийн авар­гаас алтан медаль хүр­тэж байсан юм. Мөн Монгол Ул­сын гавьяат тамирчин Ц.Энх­­жаргал эгч маань Ази тивийн аваргын хошой алтан меда­лийг хүртсэн байдаг. Миний энэ удаа­гийн тивийн аваргын ал­тан медаль чө­лөөтийн эмэг­­тэйчүүдийн Азийн авар­гын дөрөв дэх алтан медаль нь байлаа. Энэ удаагийн Азийн аваргад ма­найхан алтан медаль хүртэж, авар­гатай болно гэсэн зо­рилготой байсан. Медалийн тавцанд зог­сож байхад олон л зүйл бодогдсон. Гэхдээ тэр олон бодлуудаас илүү монгол тө­рийн алтан соём­бот дал­баа намирч, төрийн дуу­ллаа сонсох л хамгийн сайхан байсан даа. Өсвөр, залуу­чуудын Азийн аваргад тү­рүүлэн төрийн дууллаа эг­шиг­лүүлж байсан болохоор энэ удаа насанд хүрэгч­дийн 67 кг-д тивийнхээ аварга бол­чихоод зогсож байхад сайхан л юм би­лээ.

Та 63 кгын жинд ба­рилддаг байсан. Харин олим­поос хойш 67 кгын жинд барилдаж байгаа ха­рагд­лаа. Цаашид ч уг жин­дээ барилдах уу?

-Намайг бөхийн спор­тод хөл тавьсан цагаас хойш багш маань өсөж яваа хүүхэд гээд жин ха­суул­даггүй бай­лаа. Өс­вөр, залуучуудад байх­­даа 60, 65 кг-д барилд­даг байсан юм. “Mongolian open”, Азербайжаны Ба­куд болох “Алтан гран при” тэм­цээнүүдэд уг жин­дээ барилд­ах байх. Цааш­даа бэлтгэл сургуу­лилтаа сайтар базааж, багш нартайгаа ярилцаж байж л хэдэн кг-ын жинд барилдахаа шийднэ. Би жин хасаад байдаггүй болохоор одоохондоо 67 кг-даа барил­даж байгаа юм.

Азийн аваргаас дөн­гөж ирсэн болохоор ядаж ганц хоёр хоног амарчихаад бэлт­гэл­дээ гарах юмсан гэж бодож байв уу?

-Бид өөрсдөө дур мэ­дэн амарна гэж байхгүй л дээ. Шигшээ багийн багш нарын гаргасан төлөв­лөгөөний да­гуу амрах үедээ амарч, бэлт­гэлтэй үедээ бэлтгэлээ хийнэ. Ерөнхийдөө бид долоо хоно­гийн ням гаригт л амардаг. Жирийн хүмүүс шиг амраад явчихбал бэлт­гэл сургуулилт юу болох билээ. Тал бүрийн олон хүчин зүйлсийг бо­дол­­цох хэрэгтэй.

Азийн аваргад орол­цож байхад Энэт­хэгийн халуун ду­лаан уур амьсгал, хоол хүн­сэнд дасахад бэрх­шээл­­тэй байсан биз?

-Манай тамирчдын хувьд бэлт­гэл сургуулилт нь үнэхээр сайхан таар­сан байсан. Шиг­шээ ба­гийн тамирчдаас хэд­ хэ­дэн алтан медаль хүртэх боломж байсан гэж бо­дож байна. Яалт ч үгүй тухайн орны нөхцөл байд­лаас шалт­гаалан хүссэн амжилтаа гар­гаж чадаагүй л дээ. Багаараа түрүүлэх бүрэн боломж би­дэнд байсан гэж бод­дог. Яа­хав ээ, тэмцээн ганцхан үүгээр дуусаж байгаа биш. Цаашид бид­нийг олон тэм­цээн шил шилээ даран хү­лээж байгаа. Манай эрэг­тэй­чүү­дийн хувьд аварга бо­ломж байсан. Барил­даа­ны явцад сүү­лийн оноо­гоор хо­жих боломжтой байсан ч сүү­лийн оноог нь өгөөгүй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс гар­сан.

Ямарваа нэгэн тэм­цээн уралдааны үед шүүгчдийн зү­гээс эзэн орны тамирчин эсхүл үзэмжийн байдлаар шүүх асуудал хэр гар­даг вэ?

-Хэн одтой, хийморь­той байгаа нь түрүүлдэг. Тэмцээ­ний үед багш на­рын хэлсэн үг бидэнд хууль байдаг. Ерөн­хий­дөө нэг их тиймэрхүү зүйл ажиглагддаггүй. Од нь гийсэн бөх л тэр өдөр амжилт гаргадаг болов уу гэж боддог.

Өнгөрсөн ч гэсэн Мон­голд болсон эмэг­тэй­чүү­дийн багийнДэл­хийн цом“-ын тэм­цээний талаар ярилцъя. Анх удаа эх оронд маань тэр том тэмцээн болж эмэгтэйчүүд маань мөнгөн медаль хүрт­сэн дээ?

-Манай эмэгтэй та­мирч­­дын хувьд амжилт нь байнга ахиж, сайн барил­даж байгаа. Эмэгтэй чө­лөөт бөх Монгол Улсад 1999 оноос эхлэн хөг­жиж эхэлсэн. Түүнээс хойш олон сайхан амжилт гар­га­сан. Дэлхийн аварга шалга­руулах тэмцээнээс эхний найман байрт шал­гарсан баг дэлхийн цо­мын тэмцээнд зодог­ло­дог. Манай багийн хувьд өмнө нь долоо, зургаа, тавдугаар байруудад шал­­гардаг байлаа. Жил бүр ба­гийн амжилт ахиж эхэлсэн. Энэ жил анх удаа мөнгөн медаль хүртлээ. Яахав ээ, дэл­хийн цомын тэмцээнд санасандаа хүртэл ба­рил­даж чадаагүй боло­хоор харам­салтай л бай­даг. Гэхдээ цаа­шид бэлт­гэлээ л сайн хийгээд бай­хад аварга болох боломж бий.

Сүүлийн жилүүдэд эрэг­­тэй тамирчдын ам­жилт буурсан. Энэ удаа­гийн Азийн аваргаас алтан ме­даль хүртээ­гүй ч дориун сайхан оролц­чих шиг бол­лоо. Эрэгтэй багтаа та ямар дүн тавих бол?

-Чөтөөл бөхийн спорт хэ­цүү л дээ. Барьцгүй барилд­даг болохоор та­мирч­наас асар их тэв­чээр, хөдөлмөр шаард­даг. Чөлөөт бөхийн спорт Монголд хөгжсөн ца­гаас хойш ахмад үеийн та­мирчид маань олон сай­хан амжилт гаргасан бо­ло­хоор байнга биднээс амжилт нэ­хэж, сайн сай­хан явахыг шаард­даг. Эрэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд олимп, дэлхийн аваргаас л ме­даль хүртээгүй болохоос амжилт гаргаж байгаа. Тийм болохоор би муу гэж хэлэхгүй. Сүүлийн үед л хүмүүс эрэгтэй шигшээ багийн тухай таагүй яриа гаргаад байгаа юм. Ур чадвар, техникээрээ аль ч улсын та­мирч­даас ду­тах­гүй. Эрэгтэй тамирч­даа цаашид өндөр ам­жилт гаргаж эх орон, ард түмнээ баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Г.Ман­дах­наран маань Азийн аварга болох боломж дүүрэн бай­сан. Гэсэн ч цаг дуусахаас өмнө ав­сан оноог нь өгөөгүйн улмаас мөнгөн медаль хүрт­сэн.

Нэгэнт л чөлөөтийн та­мирчинтай уулз­саных чө­лөөт, сонго­мол бөхийг 2020 оны олимпоос хасах тухай яригдаад байгаа тухай асуул­гүй өнгөрч болох­гүй нь. Таны бодлоор чө­лөөт бөхийн хувь заяа хаашаа эргэх бол?

-Би бол өөдрөгөөр л харж бай­гаа. Анхны олим­­пийн наадам зо­хиог­доход л чөлөөт бө­хийн спорт байсан. Тийм болохоор хасаг­дахгүй байх аа.

Биднийг ийн ярилцаж бай­­­хад чөлөөт бөхийн эмэг­тэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгал­жуу­лагч Т.Сүх­баатар гавь­яат тамирчин О.Насан­бурмааг бэлт­гэлдээ явъя хэмээн хэ­дэнтээ дууд­сан тул бид­ний яриа энэ хүрээд өн­дөр­­лөсөн юм.

 Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

“Оросууд барилгаа ав, бид газартайгаа үлдье” гэв

Монголын нутаг дэвс­гэрт баригдсан ОХУын өмч гэгддэг орон сууцны барилгын асуудал олон жи­лийн өмнөөс яригдаж бай­гааТэдгээр байранд амь­дар­саар ирсэн оршин суугч­дын хувьд байнгын дарамтад байдаг гэнэ. Дээрх байрны маргаан одоо болтол эцэслэн шийдэг­дээгүй бөгөөд маргаантай хэвээр байгаа аж. Энэ та­лаар Түрээсийн байр эзэм­шигчдийн эрх ашгийг хам­гаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сүх­баатартай ярилцлаа.

  Манай улсад ОХУын өмчид тооцогдох хичнээн барилга байгууламж байна вэ?

-1991 онд Оросын арми Монгол Улсаас гарахдаа 1993 оны хэлэлцээрээр цэр­гийн хотхоны зориулалтаар ашиглаж байсан 1355 барил­га байгууламжаас 1128-ийг нь Монголын талд үнэ төл­бөр­гүй шилжүүлж 184 барил­га байгууламжийг манай ул­сын иргэд, байгууллагуудад зарж борлуулахаар тохи­ролц­сон. Үүнээс 177 объек­тыг нь борлуулжээ. Уг нь бол олон улсын гэрээнд тусгагд­сан зориулалт заалтаас өөрөөр буюу ашиг олох хэл­бэ­рээр худалдах эрхгүй бай­сан ч ийм л зүйл болж.  Тэгвэл 177 объектыг зарж борлуулс­ны орлогоос Монгол Улсын төсөвт хэдэн төгрөг төлсөн бэ гэдэг асуулт гарч байна. Мон­гол Улсын нутаг дэвсгэрт биз­нес хийсэн л бол татвар төл­дөг хуультай. 1128 объектыг манай улсад үнэгүй өгсөн гэж оросууд сайрхаж манай төр нэг их юм авчирсан юм шиг хийрхдэг. Угтаа бол манай улсын нутаг дэвсгэрт тархан байрлаж байсан ямар ч дэд бүтэцгүй алслагдсан ашиглах боломжгүй цэргийн казарм, харуулын байр, цэргүүдийн нийтийн жорлонгоо хүртэл тоолоод 1128 болгоод үнэгүй өглөө гэж шоудсан. Одоо тэдгээр нь манай улсын нутаг дэвсгэрээр нэг нурж унасан балгас болсныг Монгол даяар мэднэ. Шулуухан хэлэхэд 1128 хог хаяад л явсан. Оро­сууд үүнийгээ цэвэрлэх ёстой. Гэтэл нийслэлийн А зэрэг­лэлийн бүсэд орших 184 объектоо бизнесийн зорил­гоор авч үлдэн одоог хүртэл манай аж ахуйн нэгж, иргэ­дээс түрээсийн хэлбэрээр сая сая ам.доллар хууль бусаар хүүлсээр байна. Энэ бол цөө­хөн жишээний л нэг.

Олон улсын гэрээ заал­тад ОХУын өмч нь байх эрх байдаг юм уу?

– Энэ  асуудал сөхөгдөх болгонд манай тал ОХУ-ын өмч гэдэг. Угтаа ОХУ энэ өмчийг өмчлөх эрх нь хэвээр байна уу, хадгалагдсан бай­на уу гэдгийг эхлээд тавих ёстой шүү дээ. Олон улсын Венийн конвенцийн заалтаар ОХУ-ын өмч байх эрх нь бүр дуусгавар болоод хаагд­чих­сан юм. Тэгэхээр манай сайд, дарга нар ОХУ-ын өмч, тэд үүнийгээ зарна уу, түрээсэлнэ үү, борлуулна уу өөрсдийнх нь эрхийн асуудал гээд бай­даг.

Одоо тэдгээр барил­гуудын асуудлыг шийдэх ямар гаргалгаа байна вэ?

-Олон улсын жишигт нэг бол энэ объектоо тухайн улс оронд нь үлдээгээд явах ёс­той. Эсвэл нураагаад аваад явчих хэрэгтэй. Тэгэхээр ма­най­хан “Болохгүй, энэ бол Оросын өмч болохоор тухайн улс худалдана уу, борлуулна уу, түрээслэнэ үү өөрсдийнх нь хэрэг” гэх юм. Бас ОХУ дээрх барилгуудыг өөрс­дийн­хөө өмч хэмээн сөхөх магад­лалтай гэж нялцганаад бай­даг. Олон улсын Венийн кон­венцид хоёр тал гэрээг ноц­той зөрчсөн бол хүчингүй болох ёстой гэсэн байгаа. Одоо  ОХУ-ын мэдлийн гээд байгаа барилгуудад тус улс мэргэжилтнүүдээ байрлуулна гэчихээд монголчуудад тү­рээс­лээд, бизнесийн зорил­гоор ашиглаад байна шүү дээ. Энэ чинь гэрээг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Хэрэв гэрээнд ОХУ-ын мэргэ­жилт­нүүд байхгүй болсон тохиол­долд тухайн барилгыг ний­тийн хэлбэрээр ашиглах, эсвэл гэрээг дахин хийх ашиг­тай хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг өгүүлбэр  байсан бол болж байна.

ОХУын гэгдэх барил­гуудыг анх манай улсад ямар зорилгоор барьсан юм бэ?

-Монголд коммунизмыг байгуулахын тулд монгол­чуудыг сургагч нарт зориул­сан барилга шүү дээ. Энэ дэглэмд зориулсан объект.

Гэтэл одоо дэглэм нь байхгүй байхад тэдгээр объектуудыг ОХУын өмч гэх хууль эрх зүйн орчин байна уу?

-Үүнийг л ярих хэрэгтэй. 1971 оны нууц протокол дээр энэ обьектуудыг ЗХУ-ын мэр­гэжилт­нүүдийг байршуулах тэдэнд үйлчлэх зорилгоор ашиглана гээд заасан нь бий.  Тэгвэл өнөөдөр ЗХУ нь уст­чих­сан, БНМАУ нь татан буугд­чихсан, мөн тухайн үед хэрэглэж басан тамга тэмдэг, төрийн дуулал зэрэг нь байх­гүй болчихсон. Тэгэхээр гэ­рээг биелүүлэх боломж нь байхгүй болсон. Гэтэл  манай­хан ОХУ-ын өмч гээд байдаг. Саяхан болсон хоёр орны Засгийн газрын хоорондын ажлын хэсгийн урьдчилсан хуралдааны дараа шадар сайд Д.Тэрбишдагва ярихдаа “ОХУ-ын өмч” гээд дурд­чих­сан. Тэгэнгүүт тэд энэ асууд­лыг сэрвээн дээрээ тавиад байгаа юм.

Оросын талаас ямар байр суурьтай байгаа юм бол?

-Энэ объектыг хэрхэн ший­дэх хоёр гаргалгааг түрүү дурдсан. Тэгэхээр Оросын талд манайхан санаатай юм уу, санамсаргүй ч юм уу буруу ойлголт өгснөөс “Бид объек­тоо худалдана. Эсвэл түрээс­лэнэ. Үгүй бол танайд найман байр өгье. Оронд нь мон­голчуудын оршин сууж бай­гаа орон сууцыг өгнө” гэж байна. Эдгээр байрыг 2008 онд С.Баяр ОХУ-д айлч­лах­даа Субковтой хийсэн гэрээ­гээр Монгол Улсад шил­жүү­лэхээр тохиролцсон. Тэдгээр байр нь Улаанбаатар болон Дархан хотод байгаа. Дараа нь 2009 оны наймдугаар са­рын 25-нд Медведев Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн урил­гаар манай улсад ирэх­дээ стратегийн тунхаг бичиг­тээ эдгээр байрны асуудлыг эцэслэн шийдэхээр батал­чихсан. Гэтэл одоо болтол байхгүй. Оросууд юу гэж бай­на вэ гэхээр объектуудын доод талын газрын асуудлыг 60 жилийн хугацаатай тү­рээс­лүүлэх юм бол энэ най­ман байраа өгч болох юм аа гэдэг асуудал тавьж байна.

Энэ талаар хуулинд юу гэж заасан байдаг юм бэ?     -Төр газрыг гадаадын иргэнд хуулийн этгээд гээд харьяалалгүй хүнд хуульд заасан болзол журмын дагуу ашиглуулж болно гэж байгаа юм. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн дөрөвдүгээрт болохоор Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн олон улсын гэрээ буюу бүх хууль эрх зүйн актыг хүчингүйд тооцно гэсэн байгаа. Энэ дагуу 2002 онд Үндсэн хуулийн цэц хүчингүйд тооцсон нь бий.  Гэтэл оросууд худлаа наймааны хэлбэртэй болгож байна. Бид түрүүчийн Засгийн газарт найдаж байлаа. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар байгуулагдлаа. Уг асуудлыг шийдчихэж чадахгүй л байна. Энэ асуудлаар арав гаруй жил ажилласан бидний дунд олон хуульч байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын Венийн конвенц, Газрын тухай хууль, Татварын тухай хуультай харьцуулаад үзэхэд Оросууд бизнесийн үйл ажиллагаа явуулах ямар ч эрхгүй. Тэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, мөнгө хүүлээд байна. Монголын иргэн болон аж ахуй нэгжийг хохироож байна шүү дээ. Гэтэл яагаад өдийг хүртэл шийддэггүй юм бэ. Өнөөдөр 1968 онд баригдсан барилгуудад хүн амьдрах нөхцөл бүрдээгүй гэж аюул­тайд тооцон нураах болсон. Тэгвэл 1975 онд баригдсан Оросын барилгууд хэдхэн жилийн дараа хүний хэрэг­цээ, аюулгүй байдлыг хангаж чадах уу. Яагаад бид тэр барилгуудыг нь оросуудад өгчихөж болохгүй гэж. Магад­гүй дор нь байгаа газартаа арван давхар байшин барьж, таван давхарт нь иргэдээ оруулчихвал бусад нь Мон­голын ашиг болж үлдэнэ шүү дээ. Энэ талаас нь яагаад харж болохгүй байгаа юм бэ. Хууль эрх зүйн орчин нь хаагдсаныг жирийн иргэд төр засагт удаа дараа мэдээлээд байхад ямар учраас асуудлыг шийдэхгүй байна вэ.

Оросын талаас тэдгээр барилгуудад бизнесийн зо­рил­гоор үйл ажиллагаа явуулс­ныхаа түрээсийг төл­дөг үү?

-1984 оны Сайд нарын зөвлөлийн тогтоол бий. Үүн дээр БНМАУ-ын сайдад тог­тоох нь “Дор дурдсан 98.28 га газрыг ОХУ-д түрээсээр олго­сугай” гэж тогтоосон байгаа. Түрээс гэдэг нь түрээс­лүү­лэгчид түрээслэгч нь мөнгө төлөхийг хэлнэ. Тэгвэл РЦНК, Лениний клуб, 15 дугаар хо­роол­лын Зөвлөлтийн нэгдсэн эмнэлэг зэрэг 13 газрын байр­ны түрээсийг монголын төр өнөөдөр авсан уу гэвэл аваагүй байна. Яагаад иймэр­хүү хууль бус ажил­лагааг өөгшүүлээд цаана нь ард түмэн хохирдог юм бэ.

Тэгвэл тэдгээр барил­гуудад үйл ажиллагаа явуулж байгаа манай иргэд, аж ахуйн нэгжүүд ОХУын талын эзэмшигчдэд нь хич­нээн төгрөгийн түрээс төл­сөн бол?

-ЗХУ-ын коммунизмын үед баригд­сан асар их ба­рил­га бий. Хэдхэн байрны түрээс төлсөн  дүнгээс хара­хад  тэд манай иргэдээс маш их мөнгө хүүлсэн байгаа юм. 1991 оноос 2005 оны арав­дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт нийт нэг сая 444.2 мянган ам.доллар төлсөн байдаг.

Лениний музейн ба­рил­гыг оросууд булаал­даад эхэлсэн гэх яриа бай­сан. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Тэр бол манай өмч. Тат­вар төлөгчдийн хөрөнгөөр баригдсан юм. Тиймээс Оро­сын талаас ямар нэгэн мар­гаан байхгүй. Харин Төрийн өмчийн хороо болон МАН-ын хооронд үүссэн өмчийн асуу­дал байгаа байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

С.Энхмаа: Би тэнд яг шоронд байгаа юм шиг байсан

Гадны хүнтэй гэр бүл болон алдаж, онож яваа монгол бүсгүй­чүүд цөөн­гүй бий. Тэдний нэг хэсэг нь амьдралаа сайн сай­хан бол­гохын тулд харийн хүнтэй ханилдаг бол зарим нь хайр сэт­гэлээрээ холбогдон өрх тусгаарладаг. Гэтэл хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэгчээр мон­гол бүсгүй­чүү­дийн маань итгэлийг олж, эх орон­доо аваачсаныхаа дараа тараа таниулдаг гадны эрчүүдийн бал­гаар олон эмэгтэй хохироод буй юм.  Тэдний нэг болох Т.Аятун­гаа бүс­гүйд тохиолдсон явдал бусад хүүх­нүүдэд сургамж өгүүлсэн. Мөн түүнтэй адил Нигери эр­тэй ханилж, хоёр сайхан хүүхдийг нь төрүүлсэн С.Энхмаа бүсгүй нөх­рийн­хөө дарам­тад олон жил зовж зүдэрч байсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Тэрээр Африкийн Нигери улсын Лагос хотод амь­дарч байсан юм.

Хүний нутгийн хөрс хатуу гэдэг. Гадаадын улс оронд эрх нь зөрчигдөж
байгаа элэг нэгт монгол­чуудаа манай төр зас­гийн зүгээс анхаарч, тус­ламжийн гараа
сунгадаг юм. Тиймдээ ч С.Энхмаа бүсгүйг хоёр хүүхдийнх нь хамт эх орондоо элэг бүтэн
авчирлаа.

Харийн хүний дарамтад олон жил амьдарч байгаад ирсэн С.Энхмаатай ярилцав.

Та гурав эх орондоо хэзээ ирэв. Ямар сэтгэгдэл төрж байна?

-Өнгөрсөн
долоо хоногт ирлээ. Эх орондоо ирсэн чинь амар амгалан, сайхан байна. Би Нигерит байхдаа эх орон, ээжийгээ, үр хүүхдүүдээ маш их саналаа. Тэднийгээ хараад сэтгэл тэнийж, маш их баяртай байна. Нийслэл хот маань хөгжжээ. Өндөр сайхан барилга байгууламжуудтай болсон байна. Бараг төөрч будилахаар болсон байна шүү. Юуны өмнө биднийг эх орондоо ирэхэд минь тусалж, гадаадад эрх нь зөрчигд­сөн монголчууддаа анхаарлаа хандуулдаг улсдаа баярлалаа. Бидний ирэх замын зардалд  нэмэр­лэсэн Гадаад харилцааны яам, Египет дэх ЭСЯ-ндаа талар­хаж байна. Тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Нямдагвад бас баяр­лалаа. Хүний нутагт зовж зүдэрч байгаа монголчуудад маань эцэг, эхийн үүргийг гүйцэтгэдэг газар бол тухайн улсад суудаг ЭСЯ байдаг. 

 Таныг Нигери хүнтэй гэр бүл болж, түүний дарамтад байсан тухай мэдээллийг монголчууд  авсан. Нөхөртэйгээ хэзээ, хаана танилцсан юм бэ?

-Би
Хятадаас бараа татдаг ганзагын наймаачин байлаа. Урд хөрш рүү наймаандаа явж байхдаа охидынхоо аавтай 2006 онд танилц­сан юм. Ингээд том охин маань 2007 онд Монголд төрсөн.

Нөхөр чинь тухайн үед юу хийдэг байв. Та хэд хамт амьдарч байсан уу?

-Манай
нөхөр надтай адилхан ганзагын наймаачин байсан. Хятадаас бараа татаж, Нигери рүү аваачиж зардаг байв. Том охиноо төрүүлчихээд Хятадад нөхөртэйгээ хамт гурвуулаа амьдардаг байлаа. Бид 2009 онд Нигери рүү наймаа хийхээр явсан. Нөхөр маань “Мон­гол руу бараа аваачиж зарж байс­наас Нигери рүү зөөвөл илүү ашиг орлоготой. Олон хүн амтай” гэсний үндсэн дээр тийшээ явсан юм.

Анхандаа нөхөр чинь танд ямар ханддаг байв?

-Бид
бие биедээ таалагдаж, хайрлаж дурлалцаад хүүхэд төрүүлж, хамтдаа амьдрахаар шийдсэн. Эхэндээ надад маш их халамжтай байлаа. Гэтэл нутагтаа очоод зан нь хувирсан. Намайг гэрээсээ ч гаргахаа больж, гэрийн хорионд оруулсан юм. Юун нөгөө хоёр улсын хооронд наймаа хийх вэ. Гэрээс ч цухуйлгахгүй, зөвхөн хүүхдүүдээ хараад суудаг гэрийн хүн болгосон. Харин миний хувьд ийм байдалд байхыг хүсээгүй юм. Эрх чөлөө маань хязгаарлагдаж, хүний эрхэнд орсноо мэдэрсэн. Нэг үгээр хэлбэл, шоронд байгаа юм шиг байсан даа. Явъя гэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болдог байв. Хэрэлдэж муудалцахаараа гүйгээд гармаар санагдах боловч хаашаа хэн дээрээ очих билээ дээ.

Таныг Нигери рүү очиход төсөөлж байснаас чинь тэс ондоо орчин угтсан байх нь ээ?

-Яг
тийм. Гэрэл цахилгаангүй, ус байхгүй гээд надад маш их хүндрэлтэй байсан. Тогны хувьд гэхэд цагийн хязгаар­лалттай өгнө. Ус нь болохоор тун бохир. Усандаа байнга ариутгалын бодис хэрэглэдэг. Энэ бүгдийг тэвчээд өнгөрүүлж чадна гэж бодо­ход эрх чөлөөгөө боомилуул­сан­даа хамгийн их бухимдаж байлаа.

Цаг агаар болон хоол хүн­сэнд нь дасан зохицоход хэцүү байв уу? 

-Их
бүгчим халуун орон болохоор надад тун хүнд байсан. Хоол унд нь хүртэл тохирохгүй юм билээ. Бүх юм нь тав тухгүй байсан. Эх орноо маш их үгүйлсэн. Миний эх орон ямар амар амгалан юм бэ гэж бодоод уйлдаг байлаа. Эх орондоо байхдаа тэр сайхныг нь мэдэрдэггүй байсан хэрнээ харийн нутагт очихоор өөрийн эрхгүй хичнээн сайхан газарт төрж, өсч амьдарч байснаа бодож байлаа. Миний хувьд тэнд өнгөрүүлсэн дөрвөн жилийн хугацаа аймшигтай там шиг л байсан гэхэд болно. Сүүлдээ тэвчээр алдагдаж, аргагүйн эрхэнд зугтсан юм.

Та нөхөртэйгээ юунаас болж маргалддаг байв. Шашин шүт­лэгийн зөрчил байв уу?

-Тэр
тал дээр асуудалгүй. Нөхөр маань Христэд итгэдэг. Би ч бас түүнийг дагаад Христэд итгэх болсон. Тэрээр архи ууж, тамхи татдаггүй. Тэр тал дээр ухамсар өндөртэй хүн.

Таныг нөхөр чинь яаж дарам­талдаг байсан юм бэ. Хүний нутагт нөхцөл байдал ямар байв?

-Ер
нь хаа ч газар эхнэр нөхөр хоёр маргалдаж, муудалцахыг алийг тэр гэх вэ. Тэрний л адил  нөхөртэйгээ маргалдаж, үзэл бодол нийлдэггүй байсан. Хэрэв эх орондоо байсан бол нөхөртэйгээ хэрэлдлээ гэхэд сайндаа л ээж дээрээ гүйж очно шүү дээ. Харин хүний нутагт бол шал өөр. Иймэр­хүү гэр бүлийн маргаан маш хүндээр тусдаг юм билээ. Эх орон минь, ээж минь, үр хүүхэд маань надаас хол байгаа гэж бодохоор их сэтгэл санаагаар унадаг байсан. Нэг ёсондоо хүний эрхэнд байсан гэсэн үг.

Уучлаарай, та хоёр юунаас болж маргалддаг байсан юм бэ?

-Энэ
бол хүний хувийн асуудал шүү дээ. Ерөнхийдөө бол ээжийн маань бие тааруу гэдгийг дуулаад нутагтаа ирэхийг хүсч байсан. Гэтэл намайг явахыг хориглосон. Яагаад гэхээр би хоёр охиноо аваад явна гэтэл зөвшөөрөхгүй,  “Ганцаараа яв” гэдэг байсан. Миний хувьд гадны нутагт идээшихгүй байсан.

Нөхөр чинь таны бичиг ба­римтыг хураагаад гэрийн хо­рионд байлгадаг тухай мэдээ­лэл цацагдаж байсан. Үүнээс болсон хэрэг үү?

-Тиймээ.
Хоёр охинтойгоо хамт явна гэхээр сүүлдээ бичиг баримтыг маань надаас нуучихсан. Тэгээд би хоёр охиноо аваад зугтахаар шийдсэн. Ингээд хаашаа хандахаа мэдэхгүй эхлээд цагдаагийн газарт очсон. Яагаад гэвэл Нигерит манай улсаас өргөмжит консул гэж байх­гүй. Гэтэл цагдаагийн газрынхан “Гэр бүлийн асуудал. Та хоёр эвлэр” гээд авч хэлэлцээгүй. Тэгээд Нигеритэй хамгийн ойроор нь Египетэд суугаа Монголын ЭСЯ руу утсаар ярьж хандсан. “Одоохондоо манай санд мөнгө байхгүй учраас түр хүлээ” гэсэн хариу өгсөн юм. Надад тэднийг хүлээх хугацаа байгаагүй. Ээжийн бие тааруу байсан болохоор эх орон руугаа явахын тулд маш их яарч байлаа. Өөрийнхөө шийдвэрээр Христийн сүм рүү зугтаасан. Тэр сүм бол дэлхийн өнцөг булан бүрээс тус­ламж эрсэн хүн болгонд тусалдаг. Тодруулбал, өвчин зовлонтой, янз бүрийн асуудалтай хүн болгоныг хүлээж авдаг. Тэр утгаараа намайг хоёр охины маань хамт найрсагаар хүлээж авсан байгаа.

Таныг зугтахыг нөхөр чинь мэдсэн үү?

-Бид
үүрээр 04.00 цагийн үед гэрээсээ зугтсан. Тэр үед охидын маань аав өөр хот руу явсан байсан юм.

Сүмээс ямар зардал гарга­сан бэ?

-Бидний
байрлаж байсан буудал, хоол, хүнс, гар утасны төлбөр, халаасны мөнгө зэрэг бүх зардлыг даадаг байсан. Нийтдээ 10 мянган ам.доллар бид гуравт зарцуулсан.

Нөхөр чинь та гурвыг тэнд байгааг мэдсэн үү?

-Эзгүй
хойгуур нь гэнэт зугтсан болохоор биднийг их хайж байсан юм билээ. Санаа нь зовоод Монгол руу хүртэл ээж, эгч нар руу утсаар ярьж сурагласан байдаг. Би хоёр охинтойгоо түүнээс зугтаж байгааг манай ээж, эгч нар мэдэж байсан болохоор нөхрийг залгахаар “Мэдэхгүй” гэж хариулсан байна лээ. Харин би хоёр охинтойгоо телевизээр гараад эхлэнгүүт тэрээр мэдсэн. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ уулзахаар сүм дээр ирэхэд нь сүмийн дарга зөвшөөр­сөн юм. Тэр хааяа ирж уулзаж, охидтойгоо тоглоод буцдаг байлаа.

Та гурвыг гэртээ буцаж харья гэдэг байв уу?

-Тэгдэг
байсан. Сүмийн зүгээс биднийг эх орон руу маань миний хүсэлтээр явуулна гээд амласан байсан. Тэгээд миний саналыг сонссон. Би наашаа ирнэ гэсэн шийдвэрээсээ огтхон ч буцаагүй.

Та нөхрийгөө уучилсан уу?

-Сүмийн
зүгээс надад “Та хоёрын асуудал бол байдаг л гэр бүлийн маргаан. Тиймээс нөхөртөө өс хонзон санах хэрэггүй. Нөхрөө уучил, охидынх нь эцэг шүү дээ” гэсэн. Тэр хүн охидын маань эцэг учраас би уучлахаас өөр аргагүй.

Нөхөртэйгээ албан ёсоор гэрлэсэн үү?

-Үгүй
ээ. Бид хурим ч хийгээгүй.  Гэхдээ олон жил хамт амьдарч, хоёр хүүхдийг нь төрүүлсэн боло­хоор эхнэр нөхрөөс ялгаа юу байхав.

Тэгвэл та буцаж Нигери рүү явах уу?

-Явахгүй.

Энд ирснээс чинь хойш холбоо барьсан уу?

-Ирснээс
хойш утсаар охид­той­гоо ярьдаг.

Танд Нигерит найз нөхөд байсан уу?

-Гэрээс
хамраа ч цухуйлга­даг­гүй байсан надад ямар юмны найз нөхөд байх вэ дээ.

Та сүмийн телевизэд ярилц­лага өгөхдөө Монголд хоёр хүү маань хүлээж байгаа гэж ярьж байсан?

-Тиймээ.
Миний хоёр хүүг ээж маань хардаг байсан. Хөвгүүдийн маань аав өөд болчихсон юм. Хань ижил минь хорвоог орхиж, хоёр хүүгээ асран халамжлах бүх үүрэг хариуцлага нь миний нуруун дээр ирсэн. Тэдний сурч боловсрох, өмсч зүүх, идэж уух гээд бүхий л асуудлыг хангах үүрэг надаас өөр хэнд оногдох билээ. Ингээд байраа зараад амьдралаа сайжруулахын тулд наймаа хийж эхэлсэн. Тухайн үед охидынхоо аавтай танилцаж, амьдрал ахуйгаа сайжруулна гэж итгэж байсны үндсэн дээр хүний нутгийг зорьсон юм. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон.

Монголд ирээд цаг агаарын нөхцөл байдлаас цочирдов уу. Охид чинь дасч байна уу?

-Бид
зуны хувцастай онгоцноос буусан. Маш их даарсан. Уг нь манай оронд урин цаг ирж байгаа шүү дээ. Гэтэл халуун оронд удаан хугацаанд байсан болохоор Монголынхоо цаг агаартай дасан зохицоход эхэндээ хэцүүхэн л байлаа. Одоо ч их даарч байна. Ямар сайндаа гутал өмссөн чинь хөл холгоод ч байгаа юм шиг их эвгүй байсан. Охид маань ирээд ханиад хүрч, нэлээд сандаргалаа.

Тэд монгол хэл мэдэх үү?

-Мэдэхгүй.
Нигеричүүд англиар ярьдаг. Тиймээс охид маань англи хэлтэй. Одоо надад тулгарч байгаа гол бэрхшээл нь охидын маань хэлний асуудал байна. Том охин маань ирэх намар сургуульд орно. Гэтэл ямар сургуульд оруулах вэ. Энэ л толгойны өвчин болоод байна даа. Жирийн сургуульд оруулъя гэхээр монгол хэл мэдэхгүй. Англи хэлний сургалттай сургуульд оруулъя гэхээр төлбөр нь тэнгэрт хадчихаж. Одоохондоо эдийн засгийн эх үүсвэргүй болохоор хэцүүхэн л байна. Харин бага охин маань цэцэрлэгийн насных. Одоо хоёр ой гарантай. Нигерит бол хүүхэд хоёр настай­гаасаа сургуульд ордог. Бэлтгэл ангид гурван жил сураад таван настайгаасаа нэгдүгээр ангид элсдэг юм.

Охид чинь Монгол Улсын иргэн болсон уу?

-Том
охин маань Монголд төр­сөн болохоор Монголын иргэн. Харин бага охин маань Нигерит төрсөн ч одоо Монголын иргэн болсон.

Одоо та нар хаана амьдарч байна вэ?

-Гэртээ
байгаа. Би өрх толгойл­сон эмэгтэй гэдэг утгаар үр хүүхдүү­дээ асран хамламжлах өндөр үүрэг, хариуцлага надад бий. Эх орондоо ирсэн чинь ирээдүй маань тун гэгээлгээр харагдаж байна. Ажил хийж, хөдөлмөрлөж, ар гэрээ авч явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Би бол жирийн нэг эмэгтэй. Тиймээс миний талаар ямар нэгэн үндэс­лэлгүй, буруу ташаа мэдээлэл битгий цацаасай гэж бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсмээр байна. Миний нэр хүндэд болон гэр бүлийн маань асуудалд оролцохгүй байхыг хүсье.

Манай охид эмэгтэйчүүд гадаадын хүнтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа нэг хэсэг байхад алдах нь олонтаа. Тиймээс харийн хүнтэй хани­лахаар зэхсэн бүсгүйчүүддээ хандаж юу гэж захимаар байна?

-Гадаадын
иргэн болгон муу хүн биш. Гадаадад ч гэлтгүй, мон­гол ч гэлтгүй хүний олон сайнтай, муутай шүү дээ. Одоо бид эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Хүн ямар хүнтэйгээ гэр бүл болох нь өөрийнх нь сонголт. Өөрсдөө хүнээ сайн таних хэрэгтэй. Тиймээс хүний хувийн сонголтод оролцох эрх надад байхгүй. Харин миний хувьд гадаадад идээшихгүй юм билээ. Өөр соёл иргэншилтэй орчинд очиход надад хүндрэлтэй байсан. Ээжийгээ болоод төрсөн эх орноо санагалзаад хэцүү юм билээ. Тиймээс монгол бүсгүйчүүд­дээ хандаад хэлэхэд нутаг нэгт хүнтэйгээ л суусан нь дээр гэж бодож байна. Манай монголчууд шиг сайхан сэтгэлтэй, ноён нуруутай, хүнлэг, энэрэнгүй хүн хорвоо дээр ховор юм билээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Цаатнуудын гэх өөр амьдрал

Өглөө эртийн нар баруун уулын бэлээд ташлаа. Шилүүст, навчит ойгоор хүрээлэгдсэн их ойн жимээр өгсөх ахуйд дөнгөж бэл­чээрт гарсан арав гаруй цаа цас сөхөн хөвд, хөвх тэргүүтнийг зул­гаан байна. Цаахна талд нь Хотгой­дын цагаан адууны угшил болол­той хоёр бүгээн морь тушаатай дэвхцэн хамраа хуухчин дуугаргаж моторын дуунаас үргэнэ. Өндөр моддын дундуур мурилзан орсон нарийн жимийг сөрөн бие давжаа, чих соотон шаргал нохой ухасхийн гарч ирсэн нь хаскы үүлдрийн анчин, цасны нохой ажээ. Ийм нохойг урьд хожид үзээгүй нэг нь чоно гэж эндүүрмээр. Энэ бүхэн Дархадын хотгорын хойд зах Зүүн тайгын Хэвтэрт гэх газар тэр дундаа Монголын цаатан иргэдийн отго ойртсоныг илтгэнэ.

Төд удалгүй  моддын зай бага багаар холдож, газрын эн тэгширч ойн чөлөөнд гарлаа. Отгын баруун захад пин гээд хэлчихэд хол зөрөхөөргүй хоёр дүнзэн байшин залгаад арав гаруй шовгор урц харагдана. Гаднаас үзэгдэх байдал эль хуль. Энд тэнд цааны хэрэглэл, угаадасны хувин тэргүүтэн байх агаад гурван урц бүрийн дунд дөрвөн багана хатган тэвш засан зарим зүйлийг овоолсон байх нь цаатан иргэдийн хүнс бололтой. Нэг дор таван ч хужаа мотоцикль тавьж фургон маркийн машины хамрыг хөдсөөр хучжээ. Хамгийн зүүн захын урцны үүд шурхийн сөхөгдөж 2-5 наснаас хэтрээгүй болов уу гэмээр эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд дан өмд цамцтай гарч ирлээ. Өглөөний жавар хацар хайрч, чих часхийлгэн байхад тэд үүнийг үл ажран урцны үүднээс бага зэрэг холдон морь харснаа эргэн орсонгүй. Залгаад баруун, зүүн, дундах урц бүрийн ам ээлж дараалан сөхөгдөж шавилхан биетэй цаатан иргэд уван цуван гарсаар. Түрүүнд гарч ирсэн жаа­лууд ч урцандаа оролгүй нимгэн хувцастай тоглосоор байх нь хүй­тэнд дассаных бололтой. Хэдий дөрөвдүгээр сар дундаа орж хав­рын улирал шувтрах дөхсөн ч Монголын хойд хязгаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Дар­хадын хотгор, Зүүн тайгад дулаа­рах яагаа ч үгүй байна. Дөрөв­дүгээр сарын 16-ны байдлаар өвдгөөр татсан их цас хөрлөж, шөнөдөө -20, -25 хэм хүрч, өдөртөө -15 хэмээс буухгүй байлаа.

Хамгийн хойд захын урцнаас гарч ирсэн хууз сахалтай өтөл насны эрэгтэйг Оросбай гэдэг бол баруунтаах урцны эзнийг Д.Санжин гэнэ. Залгаад П.Хадбаа­тарынх, Пүрэвдоржийнх, П.Батаа­гийнх гэх мэтээр энэ отогт арав гаруй өрхийн 30 гаруй цаатан иргэн аж төрж байна. Эднийхэн Зүүн тайгын Хэвтэрт гэх газарт өвөлжиж, хаваржих болсоор 30 гаруй оныг үджээ. Өнөө жил ч урьдын адил өвлийг өнгөрөөж хавартай золгосон бөгөөд эдэл­гээнд хэрэглэх 10 гаруй зарь (хөн­гөлсөн цаа буга) авч үлдэн бусдыг нь 50 километр орчим нутагт оторт гаргажээ. Ийн өнгөрсөн оны арван­нэгдүгээр сараас хойш цаа бугаа оторлож эхэлснээр өдийг хүртэл цаатан иргэд ажилгүй суусан бай­на. Харин одоо төллөх дөхөж байгаа учраас хаваржаандаа авч­рахаар хэд хэдэн залууг явуулаад байгаа аж.

Ер нь цаатан иргэд цаагаа хариулж маллах бус цааныхаа бэлчээрээр, идэш хоолыг нь даган нүүж явдаг ажээ. Шууд хэлбэл цаа нь хоолоо хөөж дураараа явах бөгөөд цаатангууд нь араас нь урцаа ачаалан дагаж нүүсээр иржээ. Тиймдээ ч 1930-1940 оны үед Монголын хойд хил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Баруун, Зүүн тайгын орчимд ирж суурьшсан нь энэ ажээ. Энэ тухай Дамсан гуай хуучлахдаа “Би 1940 оны дундуур бага балчир насан­даа энэ Зүүн тайгад ирсэн байдаг юм. Тухайн үед манайхан цаа буга адгуулах сайхан бэлчээр нээлээ гэцгээж байсан. Монголын нутаг дэвсгэрт аж  төрж суугаа гэдгээ Тува угсааны цаатан иргэд бид чинь 1950 оны сүүлээр л мэдсэн юм. Биднийг чинь буга унасан гөрөөчид байна гэж манай төр засаг бодож байсан байгаа юм. Ингэж л бид тайгын амьдрал, цаатан ахуйгаа­саа өөр соёл иргэншлийг үзэж орчин үеийн хөгжлийн зах зухаас нь хүртэх эхлэл тавигдсан даа” хэмээн өгүүлж байв.

Үнэхээр цааны бэлчээрээ дагаж өндөр уулын хяр тайга, өтгөн ой моддын дунд олон зуун жил амьдарсан хийгээд орчин үеийн хөгжилтэй тун саяхан нийлсэн нь тэдний өнөөгийн амьдралаас хараг­дана. Тэд гурван метр хэрийн урттай арав гаруй шургаагны холт­сыг арилган багана хэлбэрт оруулж үзүүрийг нь нийлүүлэн боож өргөн энтэй 3-4 метр брезент нөмөргөөд л  орох оромжоо босго­чихно. Энэ нь нэг насных нь амьд­рах байр нь болох бөгөөд байнга нүүдэллэдэг цаатан иргэд ийм хөнгөн, авч явахад хялбар эд материалыг илүүд үзсээр иржээ. Залуу хосуудыг тусад нь гаргахдаа ч нэг ийм урц бэлтгэж уналга, ачлаганы 10 гаруй этэр, зарь, төллөх манжиг, ганц хоёр хугаш нийт 20 орчим цаа тасдаж өгөхөд л болдог ажээ. Урцны дотор тун давчуу байх агаад хааш хаашаа дөрөв алхахад л хаяанд тулж очно. Орой хэсгээрээ бүр ч давчуу. Урцны хаяа хэсгийг дагуулж хоёр метр хүрэхгүй хоёроос гурван наар засч гар аргаар цавчиж бэлтгэсэн богино банзаар шал хийжээ. Зүүн урд хатавчаа гал тогооны бүс болгож бүхий л сав суулгаа тавьсан харагдана. Хөнгөн цагаан түмпэн, гар аргаар хийсэн модон аяга, халбага, гурилын мод, элдүүр гээд л тэдний гал тогооны хэрэглэл бүрддэг байна. Цаатнуудын хэрэг­лэх цээж зуух хормын төдийд халж тэр чинээгээрээ хурдан хөрдөг учраас галласан даруйд урцыг халаана. Нааран дээр сууж байгаа хүний урдаас галын илч халааж байхад араас дан брезент нэвт жиндүүлсээр байх. Цаатангууд гэлтгүй Хөвсгөл аймгийн хойд сумдын иргэд унанги мод хийгээд яртай мод огт түлдэггүй бололтой юм. Учир нь унанги мод илч муутай байдаг бол яртай модыг хагалж бэлтгэхэд хэцүү байдаг аж. Тиймээс заавал ургаа модыг унагаж түлээнд хэрэглэдэг ажээ.

Монголчууд цаатан иргэдээ Хөвсгөлийн тайгад амьдардгийг мэдсэнээс хойш, цаатан иргэд Монголын иргэн харьяат болон бүртгэгдсэнээс хойш 70 гаруйхан жилийн хугацаанд тэдний амьд­ралын хэмнэл ихээхэн өөрчлөгд­сөн байдаг гэнэ. Өмсөж зүүх, эдэлж хэрэглэхээс эхлээд хэл яриа нь хүртэл орхигдсон байна. Ахимаг насны цаатнууд өөрийн ястны хэлээрээ ярихад залуус нь өөдөөс нь монгол хэлээр хариулж байх жишээтэй. Түүнчлэн цаатангууд өдгөө цааны арьсан гутал, ангийн арьсан хүрэм өмсөхөө больж мон­гол дээл эгэлдэргэлж худалдааны малгай, бүс хэрэглэх болжээ. Учир нь цааны арьс 150 мянган төгрөгт хүрдэг учраас  тэд хааяа нэг цаа хагалбал арьсыг худалдаалж гурил будаагаар солихыг илүүд үздэг байна. Тэгээд ч цаатан эмэгтэйчүүд дунд уламжлалт хувцас оёдог нэгэн байхаа больжээ. Цагаан сар уламж­лалт баяраар өмсөх цаатан ардын хувцас ч олдохоо больсон гэсэн.

 Гэхдээ амьдралынх нь хэвшил ингэж өөрчлөгдсөнөөрөө тэд алдаа­гүй. Устаж үгүй болж байсан цаа бугаа өсгөж үржүүлэн тоог нь 1600-д хүргэж өөрсдийнх нь амьд­рал ч тэр хэрээрээ сайжирч хусны холтсон урцаа халж брезентэн урцаар сольжээ. Цаатан гэгдэх 300 орчим өрхийн дунд хоёр машин, 10 гаруй мотоцикльтой айл байх болж. Мөн 20 орчим өрх монгол мал адгуулж бусдынхаа өвлийн идэш, бусад хэрэглээнд нэмэр болж байна. Дархадын цагаан адуу, дархадын илүү нугаламтай хонь, дархадын цасны монгол үхэр гээд тэд өнөөдөр юм юмны л захтай болж. Саяхан Заяа гэх нэгэн халх эмэгтэй Пүүжээ гэх цаатан залуу­тай ханилсан нь цааны түүхий эдийг эргэлтэд оруулж эхэлсэн байна. Гарын дүйтэй хэсэг нөхдөөр цааны эврэн хутга, бэлэг дурсгалын зүйлс урлуулж эхэлжээ. Тэдэнд халх бэрээс гадна Франц бэр бас бий. Магелла гэх хөрс судлаач эмэгтэй хэдэн жилийн өмнө Дар­хадын хотгор, Баруун, Зүүн тайгын хөрсийг судлахаар ирсэн нь ийм байдалд хүргэжээ. Тэрээр хөтөч хийж явсан цаатан залуутайгаа учир ургуулж хоёр ч хүүхдийг нь тээж төрүүлсэн байдаг аж. Магел­лагийн хоёр хүүхдийн эцэг болох цаатан өөрөө амьдралтай дөрвөн ч хүүхэдтэй гэж байгаа. Гэхдээ тэнд эцгийн эрх хэмжээлшгүй байдаг учраас тэр гэр бүл одоо ч оршин буй.

Цаатан эрчүүд амьдрал ахуйн­хаа бүх зүйлийг мэддэг, чаддаг, хийдэг учраас эмэгтэйчүүдэд нь оногдох ажил гэвэл хоол хийх, хүүхэд өсгөх. Гэхдээ хоол хийхдээ тун маруухан гэдгийг төвөөс очсон хүн бүхэн хэлж байна. Цуйван хийлээ гэхэд гурилыг нь түүхий­рүүлж, махыг нь түлж хиншүү хяр­вас болгож орхино. Харин гурилтай шөл хийвэл амт султай үлхэгэр болгочихно. Цаа буга хүний хөл хүрэхээргүй газарт явж шим сайтай, ховор ургамал, хөвд иддэг учраас мах нь эм гэх. Гэхдээ ямаа­ны махтай тун төстэй, сэрүүн чанарын байдаг ажээ. Ер нь хоол­ны амт чанар гэхээсээ хүртээмж, хангалтын тал дээр санаа зовдог хүмүүс аж. Харин сүүлийн үед гадна болон дотоодын жуулчид цаатнуудыг сонирхох болсноор олон төрлийн амттан мэддэг болж улмаар хоолныхоо амтыг сайж­руулах тал дээр анхаарч эхэлж байгаа гэсэн.

Цаатнууд жуулчдын сайныг нь сурахын хажуугаар муу үлгэр дуурайл авч эхэлснийг учир мэдэх хүмүүс ч ярьж байлаа. Тодруулбал гаднаас ирсэн хүмүүсээс мөнгө, тусламжийн бараа авахыг л боддог болжээ. Өнгөрсөн хугацаанд цаат­нуудад олон удаагийн тусламж очиж байсан ч тэд хэргийг нь хийсэн нь тун ховор гэнэ. Францын олон улсын байгууллагынхан ирж цаатан өрх бүрт шинэ урц, оёдлын машин бас бус зүйлийг өгөөд буцсан байгаа юм. Харин тэд бэлгэнд авсан урцны брезентээ гурван шил архи, оёдолын маши­наа хоёр шил архиар үнэлээд зарсан жишээг хүмүүс ярилаа. Заримдаа ангийн үс, цагаан, ногоон хаш зэрэг ховор барааг ОХУ-ны хил рүү гарч худалдаалан оронд нь орос архи, лаазалсан мах зэргийг авчирдаг тухай яриа ч гарч байв. Үүнийг нь нотлох баримт ч бэлхнээ байх. Урцны хаяагаар хаясан орос архины шил тэргүүтэн үүнийг гэрчилнэ. Тэдэнд хэрэгтэй зүйл гэвэл дулаан хувцас, жиндүүлдэггүй урц, хангалттай хоол. Харин бусад зүйл нь нүүж суухад дараа болох бөгөөд 80 кг-аас дээш ачаа даадаг цаа буга ч байдаггүй юм байна.

Цаатнууд гэх ийм өөр амьдрал дунд хэсэг саатахад сайн, муу олон л зүйл дуулдаж байлаа. Өөрсдийнх нь угсааны хэл устаж, цус ойртож, өмсгөл нь хүртэл өнөөдөр хараг­дахаа больжээ. Магтууштай зүйл нь архинаас татгалзаж, эхэлсэн бай­на. Хүүхдийн 20 мянган төгрөгөөс өөр орлогогүй байж цааныхаа тоо толгойг өсгөхөөр идэш бэлтгэхээ больсон байна. Хүүхдээ их дээд сургуульд явуулахын тулд ойн жимс, голын загаснаас эхлээд хориглоогүй бүхнийг бэлтгэж худалдаалж эхэлжээ, тэд.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Тамхины явуулын ТҮЦ ажилладаг болсон уу?

Тамхины тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс  хойш тамхины худалдаа далд хэлбэрээр хөгжиж, шагийн үнээр хулхи тамхи борлуулж байна гэх шүүмжлэл иргэдээс ирж байгаа. Тамхины тухай хуулийн хэрэгжилтийн та­лаар сурвалжилсан юм. Энгэ­рээ­рээ дүүрэн тамхи халаа­сал­сан залуучууд хөл хөдөл­гөөнтэй газруудаар явж явуу­лын ТҮЦ маягаар тамхины худалдааг хууль зөрчин өргө­жүүлдэг болжээ. Иргэдийн нэрлэж сурснаар Багшийн дээдийн автобусны буудал дээр ирлээ. Энд зогсох 30 гаруй насны  залуу хажуу­гаа­раа өнгөрсөн залуучуудаас тамхи авах уу гэж асуух аж. Авъя гэсэн хүмүүст энгэрээ дэлгэж харуулж байлаа.  Түүний хүрэмний дотор талын халаасанд төрөл бүрийн хайрцагтай тамхи байна. Парламент хэд вэ гэж асуухад хайрцаг нь 3500, ширхэг нь 200 төгрөг гэж хэлээд  таван ширхгийг ху­далдах аж. Таван хормын дараа түүний урдаас хоёр оюутан залуу чиглэн ирээд хоёр ширхэг тамхи аваад явав. Эндхийн оюутнууд явдаг тамхины ТҮЦ ажил­луул­даг залууг анддаггүй бололтой. Тэрбээр “Тамхины хууль гарснаас хойш тамхи­ны наймаа харин ч ашигтай болсон” гэж байв. Үсчин хий­дэг найзынх нь ажил эндээс  ойрхон байдаг учраас энгэр­тээ нуусан тамхиа бор­луулж дуусаад дахиж очоод авдаг байна. Автобусны бууд­лын булан эргээд цагдаагийн хоёр ч машин зогсож байв. Цагдаагийн машины хажуу­ханд сонин борлуулах цэгийн наана 30 гаруй насны эр хайрцан дээр ундаа, чихэр, бохь тавьчихсан ширхгээр зарж байлаа. Тэр залуугаас чихэр, ундаа худалдан авч байгаа хүмүүс харагдсангүй. Харин очсон хүн бүр л тамхи байна уу гэж асуух аж. Тэр залуу хайрцган доороос хар цүнх гарган өвөр дээрээ тавьж байгаад нууцаар тамхи ширхэглэн худалдах аж. Энэ хүний хувьд өдөрт 20 хайрцаг тамхи зар­даг гэсэн. Цаана нь ной­тон сальфетка, чихэр, бохь зарж суугаа хоёр настай эмэг­тэй ч мөн л нууцаар там­хи зарах аж. Гурван оюутан охин ширхгээр “эссэ” тамхи худалдаж аваад цаашаа явж байгаа харагдав. Олон ний­тийн газар тамхи худалдан борлуулахыг хориглосон учраас гудамжинд тамхи ил тавиад зарж байгаа хүмүүс энд байхгүй ч бүгд л нууцаар зарж байлаа. Сур­гуулийн хажууд, олон ний­тийн газар тамхи худалдан борлуулж хууль зөрчиж бай­гаа энэ хүмүүс торгуулж бай­гаа­гүй гэнэ. Цагдаа нэг удаа са­нуулж байсан гэнэ. Тэд да­хиад тамхи худалдахгүй гэж амлаад, гуйж байгаад торгуу­лаагүй хэмээн ярьж байв.   Мөн Багшийн их сур­гуу­лийн урд талд тамхи татаад явж байгаа залуучууд, охидууд харагдлаа. Цагдаад торгуу­лах болов уу гэсэн болгоом­жил­сон шинж тэдгээр залуу­чуудад байхгүй байгаа нь илт байв.

БАЯНЗҮРХ ЗАХЫН ҮҮДЭНД ТАМХИ ИЛ ТАВИАД ХУДАЛДАЖ БАЙВ

Баянзүрх захын үүдэнд гадаа нэг настай эр тамхи ил тавиад худалдаж байна. Хууль зөрчиж байгаагаа мэдэж байгаа ч ил гаргаж тавихгүй бол зарагдахгүй байгаа гэнэ. Орой болохоос өмнө хайрцагтай тамхиа бор­луулж дуусаад талх, гурилаа аваад харих ёстой гэнэ. Га­даа оймс, өмд зарж байгаа хүмүүс ч гэсэн нууцаар тамхи худалдаж байв. Явуулын тамхины худалдаа ч их. Үүр­гэвч­нээсээ тамхи гаргаж ирээд худалддаг хүмүүс захын лангууны худал­дагч­дад тамхи зөөж зарж байлаа. Энд тамхи борлуулж байгаа олон хүн байдаг учраас там­хины үнэ нь Багшийн дээдийн гадаа суух хүмүүсээс 200-300 төгрөгөөр хямд байлаа.  Харин эндхийн томоохон дэлгүүр, супермаркетад там­хи худалдахгүй гэж хариулж байлаа. Дэлгүүрийн хаалга­ны шилэн дээр тамхи худал­дахгүй гэсэн бичиг наасан байв. Учир нь лангуун дээр тамхи байхгүй байгааг иргэд харж байгаа хэрнээ тамхи байна уу гэж байнга асуудаг байна. Зарим хүмүүс лангуун доор чинь тамхи байгаа биз дээ, зарчих л даа гэж худал­дагчийг шаналгадаг гэнэ. 

Хотын төвийн хөл хөдөл­гөөнтэй газраар Тамхины тухай хуулийн хэрэгжилт ийн­хүү хэрэгжихгүй байв. Уулз­сан хүмүүсийн зарим нь Там­хины хуулийн хэрэгжилтэд талархалтай байсан бол бас шүүмжлэлтэй хандаж байсан хүмүүс байв. Иргэн Батбилэг “Тамхины хууль  амьдралаас хол хууль болсон. Хэт туйл­ширч, хүний эрхэнд халдаж байна. Тамхи худалдан бор­луулахыг хориглож болно. Гэхдээ тамхи татаж болох цэгүүдийн байршлыг гаргах хэрэгтэй байсан юм. Тамхи татах цэг байхгүйгээс иргэд хүний нүднээс далд газар цугларч байгаад тамхи татдаг болсон. Хуулийг хэрэгжүү­лэхэд торгууль чухал үүрэг­тэй. Гэвч далд хэлбэрээр тамхи шаглаж байгаа хүмүүс өнөөдөр улам л өргөжиж байна” хэмээв.

Х.ЦЭНДАЮУШ 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Батсуурь гишүүний аавын нэрэмжит уралдааны үеэр хүүхдийн амь эрсэджээ

Хурдан морины унаач хүүхдийн эрхийг хамгаа­лах асуудлаар “Өдрийн сонин”  хэлэлцүүлэг өр­нүүлж энэ асуудлыг нийг­мийн анхааралд хан­дуулж байсан билээ.  Тий­мээс ч Монголын морин спорт уяачдын холбоо­ноос хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байд­лыг хамгаалах, зөвшөө­рөл­гүй хууль бус урал­даа­ныг зогсоох зорил­гоор өнгөрсөн гуравду­гаар сарын 26-наас эхлэн шийдвэр гаргасан юм. Тодруулбал, зурга­дугаар сарын 1-нийг хүр­тэл хур­дан морины урал­даан зохион байгуулахыг хориг­лосон билээ.

Холбооны хоригло­сон шийдвэрийг зөрчиж хурдан морины урал­даан зохион байгуулсан  байгууллага, аж ахуйн нэгж, иргэд түүнд оролц­сон уяачдад хатуу ха­риуц­лага хүлээлгэх бол­но гэдгийг анхааруулаад байлаа. Гэтэл Дорноговь аймгаас УИХ-д сонгогд­сон Ж.Батсуурь гишүүн нутаг­таа ажиллах үеэрээ айм­гийн алдарт уяач Б.Жамъянсүрэнгийн буюу өөрийн аавынхаа нэрэмжит уралдааныг өнгөрөгч сарын 17-нд Улаанбадрах суманд зо­хио­сон байна. Энэ үеэр Ж.Батсуурь гишүү­ний дүү Ж.Баттулгын морийг унан уг урал­даанд уралдсан есөн настай А.Эрдэнэхүү мориноосоо унаж тар­хин­даа хүнд гэмтэл авчээ. Сайншанд сумын сур­гуулийн сурагч тэрээр Улаанбаатар хотод хүр­гэгдэн ирээд  Гэмтлийн эмнэлэгт тав хоног ухаан­гүй хэвтээд өөд болжээ. Талийгаач А.Эрдэнэ­хүү­гийн ху­вьд уралдааны үеэр зо­риу­­лал­тын хувцас хэрэг­лэл­гүй байсан аж. Энэ хэр­гийн та­лаар Монголын морин спорт уяач­дын холбооны Дор­но­говь айм­гийн салбар зөвлө­лөөс тод­руулахад, “Бидэнд Улаан­­бад­­рах суманд хурдан мо­ри­ны уралдаан зохион бай­гуулах гэж байгаа талаар мэдэг­дээгүй. Уралдаан болж дуус­саны дараа хүүхэд амиа алд­сан гэж сонссон. Манай­хаас газар дээр нь очиж ямар урал­даан болсон талаар үзээ­гүй уч­раас нарийн мэдээ­лэл алга байна. Ямар  ч бай­сан манай­хаас зөвшөөрөл аваа­гүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.  Талий­гаач А.Эрдэ­нэхүү хүү­гийн гэр Дорноговь аймгийн Сайншанд суманд  байдаг аж. Түүний ээж Мөнх­туяатай ут­саар холбог­дож зарим зүй­лийг тодруу­лахад тэрбээр “Нэгэнт өнгөр­сөн хэ­рэг уч­раас хүүгийнхээ ясыг өндөл­зүүл­мээргүй бай­на. Урал­­­дааныг зохион бай­гуул­сан хүмүүс бидэнд тусалж бай­гаа. Хүү­гийн­хээ асуудлаар бүх л га­зарт хандсан. Хүүгээ алд­сан эцэг, эхийн сэтгэл мэдээж хэ­цүү л байна. Гом­долтой бай­лаа гээд яах билээ. Золгүй осол учраас яалтай ч билээ. Тий­­мээс ярилцлага өгмөөргүй бай­на” гэсэн юм.  Энэ хэрэг дээр Ж.Батсуурь гишүүний дүү Ж.Баттулгад эрүүгийн хэ­рэг үүс­гэсэн шалгаж байгаа юм байна.

  Ж.Батсуурь гишүүний төр­сөн дүү Ж.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

Улаанбадрах суманд зо­хион байгуулсан урал­дааныг зөвшөөрөлгүй бай­сан гэсэн. Яагаад зөвшөө­рөлгүй урал­даан зохион байгуулсан юм бэ?

-Би
өөрөө Сумынхаа уяач­дын холбооны тэргүүн л дээ. Гуравдугаар сарын 17-нд суман дээр зохион бай­гуул­сан морин уралдааныг би ивээн тэтгэж зохион бай­гуул­сан юм. 40-50 морь уралдсан. Хурдан морины уралдаан зохион байгуулахдаа Засаг даргаас зөвшөөрөл авах ёс­той гэж заасан байгаа шүү дээ. Тиймээс манай холбоо­ноос сумын Засаг даргатай хамтраад хөтөлбөр гаргаж энэ уралдааныг зохион бай­гуул­сан учраас зөвшөө­рөл­тэй уралдаан.

Ж.Батсуурь гишүүн аав­даа зориулж уг урал­дааныг зохион байгуулс­наас болж  хүүхэд эндлээ гэсэн шүүмжлэл байгаа?

-Би
Ж.Батсуурь гишүүний төрсөн дүү. Бид эхээс ах, дүү 11-үүлээ. Ж.Батсуурь гишүүн энэ уралдаанд оролцоогүй. Би өөр хоёр ахтайгаа хамт­раад зохион байгуулсан юм. Манай аав Б.Жамъянсүрэн аймгийн алдарт уяач хүн бай­сан. Сумынхаа морин урал­дааныг зохион байгуулдаг байсан юм.  Харин сүүлийн арван жил Улаанбадрах су­мын хурдан морины урал­даан зохион байгуу­лаг­даа­гүй.  Тиймээс энэ жил сумын­хаа хурдан морины урал­дааныг аавынхаа нэрэмжит  болгож ивээн тэтгэж зохион байгуулсан. Харамсалтай нь уралдаанаар хүүхэд эндсэн хэрэг гарсан.  Тэр хүү миний морийг унадаг байсан юм. Би хүүгийн ээжтэй нь яриад “Хүү­гээр чинь морио унуулъя. Үнэ хөлсийг нь өгнө өө. Хүүхдийг чинь хөдөө айлд орхихгүй ээ, Морио унуулчихаад гэрт нь хүргэж өгнө” гэж хэлээд зөв­шөө­рөл авсан юм. Өмнө нь хүү хамаатан, садангийнхаа морийг унадаг байсан юм билээ. Тэгээд би ээжид нь хэлж зөвшөөрөл авсан уч­раас өнгөрсөн жил гурван удаа хүүгээр морь унуулсан. Баян айлын хүүхэд морь унаад, мөнгө авахгүй нь мэ­дээж.  Хэдийгээр хүүхдүүд өөрсдөө морь унах дуртай байдаг ч зарим талаараа амьдралын шаардлагаар хурдан морь унаж байгаа хүүхдүүд байгаа. Би хүүд морио унуу­лаад үнэ хөлсийг нь өгч бай­сан. Нэг удаа морь унуулаад 300 мянган төгрөг өгч байсан. Би өөрөө гурван хүүхэдтэй. Манай хүүхдүүд бүгд л морь унаж том болцгоосон.

Эндсэн хүү ямар гэм­тэл авсан юм бэ?

-Морь
эргээд километр ч яваагүй байхад унасан. 500 метр гаруй явж байсан байх. Унангуут нь эмнэлэгт хүр­гэж өгсөн. Толгойгоороо хүч­тэй унаад гэмтэл авсан бай­сан. Улаанбаатарт Гэмтлийн эм­нэ­лэгт тав хоног хэвтсэн дээ хөөрхий. Газар ойчсоноос болж тархиндаа цус харвасан байна гэж эмч хэлсэн. Хүүхэд эмнэлэгт байхад би цуг са­хиад, ажил явдлынх нь зард­лыг гаргасан. Дөрвөн сая төг­рөг зарцуулсан байх аа. Хүү­гийн ар гэр тийм болом­жийн амьдралтай айл биш л дээ. Дорноговьд нэг газар авч буусан юм байна лээ. Одоо байгаа газар нь таарахгүй байна гэсэн учраас шинэ ха­шаа худалдаж авч өгөхөөр судалж байна. Манай аймагт хашаа арваад сая төгрөг бо­лох байх. 

Танд эрүүгийн хэрэг үүс­гэн шалгаж байгаа гэсэн үү?

-Хэргийг
хуулийн байгуул­лага шалгаад төлбөр тор­гууль тавих байх. Тэрийг нь өгнө. Хүмүүсийн яриад бай­гаа шиг хүүхэд алчихаад зуг­таа­гаад яваагүй, би. Баян цатгалан хүн биш ч гэсэн ямар ч байсан хүүгийн ар гэрт нь тус болно. 

Ар гэрт нь нөхөн төлбөр өгөөд өнгөрөх хэрэг биш байх аа. Хурдан морины уралдаанаар олон хүүхэд эндэж байгаа тухай сонс­сон байх. Сумын уяачдын холбооны тэргүүний  хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Манай
сумын урал­даа­ныг зохион байгуулсны да­раа  тэр үеэр  бага насны хүүхдээр морь унуулж, хам­гаа­лалтын хувцас хэрэглэл байхгүйгээс эндэж байгаа тухай асуудал хүчтэй яригдаж байсан. Үнэхээр унаач хүүх­дийг хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах нь чухал байгаа. Гадаад оронд том хүмүүс морь унадаг. Монгол­чууд үндэснийхээ баяр наад­мыг хийхгүй байна гэж байх­гүй. Тиймээс унаач хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэг­лэлтэй болгох нь чухал асуу­дал. Хүүхдүүдэд каскан мал­гай өмсгөх ёстой гэж журамд заасан байгаа. Гэвч өнөөдөр хүүхдэд  зориулсан каскан малгай хаана ч байх­гүй байна. Тоглоомон малгай­гаар яах юм бэ. Тэгээд ч хүүх­дүүд уралдахдаа тэр малгайг чинь өмсөх дургүй байдаг. Уралдаж байхдаа малгайгаа авч шидээд байдаг юм. Ер нь монголчууд наадам хийхгүй, морь уралдуулахгүй байна гэж байхгүй. Тиймээс унаач хүүхдийн хамгаалалтын хув­цас хэрэглэлийг цогцоор нь бэлдэх нь чухал асуудал шүү дээ. Хувьдаа би дэмжиж бай­гаа ч хурдан хэрэгжээсэй гэж хүсч байна гэв.

 Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Г.Өсөхбаяр: Ээжийнхээ гарын цайг уух юмсан гэхээс хөл хөнгөрөөд явчих шиг санагдах юм

Энэ сарын зургааны өглөө уулын спортын мастер, Монгол Улсын гавьяат тамир­чин Готовдоржийн Өсөх­баяр Хойд туйлыг зори­хоор эх орноосоо морд­сон билээ. Тэрээр Нор­вегиор дамжин Хойд туйл руу явсан бөгөөд бусад орны зургаан аялаг­­чийн хамтаар аял­лаа эхлүүлэн ам­жилттай явж очсон. Гавьяатын хувьдМо­би­комкорпорацийн ири­­диум сансрын хол­боог ашиглаж бай­гаа аж. Тийм болохоор  тус корпорацийн Мар­­ке­тин­гийн алба­наас ду­гаа­рыг нь авч түүнтэй холбогдлоо.

Таныг Хойд туйлд хүрсэн гэсэн мэ­дээл­лийг монголчууд хү­лээн авлаа. Таны бие хаа давгүй байна уу?

-Гайгүй ээ. Аялалд га­рахдаа эмчлүүлсэн. Өв­дөг л жаахан хэцүү бай­лаа. Бэртэл буцаж сэд­рээд байсан. Одоо Ослод бага зэргийн эм­чил­гээ хийлгээд эх орон руугаа явна даа. Эх ор­ноо­соо мордохдоо Мон­гол Ул­сын­хаа төрийн дал­­бааг Хойд туйлд ман­дуулна гэсэн хүсэл тээн явсан болохоор хүс­лээ бие­лүүл­сэндээ туйлын баяртай явна.

 Одоо хаана явна вэ?

-Норвегийн нийслэл Осло хотод ирж байна аа. (Өчигдөр 16 цагт)

Дэлхийн зулайд анх удаа монгол хүний мөрийг гаргасан болохоор бахар­хах сэтгэл төрж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Миний хувьд өмнө нь дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч бай­сан бол энэ удаа Хойд туй­лаас Монголын ард түмэн­тэйгээ ингэж учран золгохын ерөөлтэй байж дээ гэж бодож байлаа. Ямартай ч аяллыг минь дэмжсэн Монголын ард түмэндээ баярласан сэтгэлээ хэлэхгүй бол болохгүй нь.

Таныг төрсөн өдрөөрөө Хойд туйлын 90 градуст хүрсэн гэж дуулсан. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Улаанбаатарын цагаар бол энэ сарын 20-ны 20 цаг 30 минут болж байхад зорь­сон газраа хүрч алтан соём­бот далбаагаа Хойд туйлын тэнгэрт мандуулж чадлаа. Энэ л миний төрсөн өдрийн хамгийн том бэлэг байв шүү. Далбаагаа дэлгээд салхи сөрөн зогсож байхдаа мон­гол­чуудын минь итгэл шингэ­сэн гэж бодохын зуур омог­ших сэтгэл төрсөн. Энэ их цас, мөсөн дунд үүнээс илүү төр­сөн өдрөө тэмдэглэнэ гэж юу байхав. Надаас хойш олон сайхан аавын хөвгүүд энэ мэтчилэн зогсох биз дээ.

Төрсөн өдрийнхөө тухай ярихаа мартчихлаа?

-Нээрээ тийм байна шүү дээ. Миний амьдралын олон гайхалтай зүйлсийн нэг нь Хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэх байлаа. Төрсөн өдрөөрөө Хойд туйлд оччих­но гэж үнэхээр бодоогүй ээ. Гэтэл манай багийн­хан ми­ний төрсөн өдрөөр зорьсон газраа хүрнэ гээд нэлээд шахуу маршрутаар явлаа. Төрсөн өдрөө­рөө Хойд туйлд ирсэн болохоор үнэ­хээр сай­хан байлгүй яахав. Энэ тэгээд ч хүн бүрт тохиол­доод байдаг завшаан биш гэж бодож бай­гаа шүү. Тэнд очсон бүх ба­гийнхан цуглаад дуу дуулж өгөөд ёстой гоё байсан. Тэд намайг Монголын азтай за­луу гээд байна лээ. Багийн­хан маань чадалтай залуус байсан тул төрсөн өдрөөрөө Хойд туйлд амжиж хүрлээ. Нэлээд шахуу явсны эцэст нэг хоногийн өмнө зорьсон газ­раа хүрсэн.

Та хэзээ эх орондоо ирэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эх орондоо оччих байх гэж бодож байна. Эх орноо ямар их санаж байна гээч. Аялал, авиралт бүрд сэт­гэлээ чилээж суудаг аав, ээж хоёр минь хүүгээ хүлээж суугаа гэж бодоход сайхан санагдах юм.

Ууланд авирах, хойд мөсөн далайд аялах хоёрын аль нь хэцүү санаг­дав?

-Аль аль нь хэцүү. Амар зүйл гэж байдаггүй гэдгийг илүүтэйгээр мэдэрлээ.

Аяллынхаа тухай ярих­гүй юу. Мэдээж 110 км мө­сөөр аялна гэдэг амаргүй байсан байх?

-Харин тийм ээ. Ямартай ч зорилгодоо хүрчихлээ. Тийм боло­хоор сэтгэл санаа өөдрөг байна. Эхэн­дээ ч Хойд туйлд яаж хүрнэ дээ гэж боддог байсан бол одоо Хойд туйлд хүрчихлээ дээ гэж бодог­дож байна шүү. Хүн хүссэн зүйлдээ хүрчихээр ямар болдог билээ. Би яг л тийм эрч хүч дүүрэн явна.

Энэ удаагийн аялал нэ­лээд­гүй хүнд болсон байх. Цаг агаарын хувьд ямархуу байсан бэ?

-Цаг агаарын хувьд тийм сайхан байгаагүй ч аялал маань ам­жилттай өндөрлөж байна. Туйлын хувьд өдөртөө -30 гаруй хэмийн хүйтэнд аяллаа үргэлжлүүлсэн. Сал­хи ихтэй байсан тул манан дундуур л таваргаад байсан. Шуурч байсан боло­хоор зам тэр бүр харагдахгүй хэцүү байв. Ер нь мөс нь ан цав хагарал ихтэй байсан боло­хоор биднээс маш их анхаа­рал хүчийг шаардсан.

Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж байгаа биз дээ?

-Холбоо барьж амжаагүй л явна. Аав, ээж хоёр өчигдөр (уржигдар) Японоос Монголд ирсэн гэсэн. Нэгмөсөн эх орондоо очиж байгаад уулзъя гэсэн бодолтой байна. Мэдээж аав, ээж минь баяр­лахаас гадна их санаа нь зовсон байх. Удахгүй харьж ээжийнхээ гарын цайг уух юмсан гэхээс хөл хөнгө­рөөд явчих шиг санагдах юм.

Та Монголд -30 гаруй хэмийн хүйтэнд бэлтгэлээ базаасан. Туйлын -30 хэм манай өвлийн хүйтнээс ялгаатай байна уу?

-Бид чинь нэг л бөм­бөрц­гийн наана цаана амьдарч яваа болохоор ялгаа гэж юу байхав. Харин туйлын -30 хэм их хуурай, хүйтэн уур амьс­галтай байдаг юм байна. Монголын минь тэсгим хүйтэн өвөл цаанаа л нэг уяруу са­нагд­лаа. За тэгээд эх орон шиг сайхан зүйл гэж хаа бай­хав дээ. Манай Монгол хүй­тэн л дээ. Гэхдээ энэ чинь хойд туйл цас мөс нь мэдэг­дэхгүй, хэ­дэн сая жил хайлаа­гүй гэж бодохоор ямар нь мэдэгдэж байгаа биз дээ.

Таны өмссөн хувцас тэр чигтээ мөс шахуу явна гэсэн. Ханиад томуу хүрээ­гүй биз дээ?

-Тэгсэн. Гэхдээ ганцхан би тийм хүнд хэцүүг туулаагүй. Манай багийнхны өмссөн хувцас, хөнжил бүгд мөсөөр бүрхэгдсэн байлаа. Үнэхээр хүнд аялал боллоо. Энэ бүг­дийг ямартай ч бид багаараа даван туулж чадсан.

Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг. Таны хувьд дараа­гийн аялал хаашаа байх бол?

-Зардал мөнгө нь олддог бол Ангараг гариг руу л нисч үзмээр байна даа.

Аяллын сонин сайх­наас хуваалцахгүй юу?

-Миний хувьд оргилд хүрэх болгондоо бас хойт туйлын эцсийн цэгт хүрэхдээ нэг бодол толгойд орж ирсэн. Монголын ард түмэн миний араас цай сүүнийхээ дээжийг өргөж харамгүй сэтгэлээр аян замыг минь ерөөж байсны хүчинд би энд эсэн мэнд ирж монгол төрийнхөө далбааг мандуулж чадлаа гэж бодсон. Би ямар нэгэн оргилд гарах­даа, ямар нэгэн амжилт гар­гах болгондоо эх орон, элгэн түмнээ сэтгэлдээ тээж явдаг. Аяллын сонин гэвэл үнэхээр их байна. Би замдаа бичлэг хийж явсан. Түүнийгээ ард түмэндээ үзүүлж тай­лан­гаа тавина гэж бодож байна.

Ан амьтан харагдаж үзэгдэв үү?

-Туйлын эцсийн цэгт амьд амьтан амьдрах ямар ч нөхцөл байхгүй л дээ.

Таныг монголчууд ард түмний баатар хэмээн ярьж байна. Удахгүй таныг Мон­голд ирэхээр уулзъя.

-Хэ хэ. Юуных нь баатар байх вэ дээ. Удахгүй Мон­голдоо очоод уулзана аа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Сэтгүүлчээ зодсон гэх Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захиралтай ярилцлаа

Б.ГАНЗОРИГ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ГЭДЭГ НИЙГЭМД
ЯМАР ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗЭВСЭГ ЮМ БЭ ГЭДГИЙГ ӨӨРӨӨРӨӨ МЭДЭРЛЭЭ-

Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захи­рал сэтгүүлч, зураглаач­даа зодож танхайрсан гэх хэрэг өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд буюу УИХ-ын сонгуулийн өмнө гарсан билээ. “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ган­зориг нарыг гурван шат­ны шүүхээр гэм бурууг нь хэлэлцэж, 3.5 жилийн хорих ял оноосон байдаг.

Б.Ганзориг нартай холбоотой тухайн үед болж өнгөрсөн үйл явцыг
ажилчид нь камераар бичлэг хийж, олон нийтэд цацсан билээ. Олон нийт дээрх бичлэгийг
үзээд Б.Ганзориг гэх залууг бүгд үзэн ядсан.Харин 30 нас­ны босгыг дөнгөж алхах
гэж яваа, хоёр хүүхдийн аав болсон энэ залуу ямар учраас ажилчдаа зодох болов гэдгийг
ту­хайн үед хэн ч хөндөж тавиагүй. Энэ талаар асууж, хэргийн цаад уч­рыг мэдэх гэж
оролдсон нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч бай­гаагүй тухай тэрбээр
ярьж байна. Сэтгүүлчид зөвхөн нэг талыг барьж захиралдаа зо­дуулсан гэх сэтгүүлчдийн
“үгээр” олон нийтэд мэдээлэл хүргэсэн гэхэд болно. Хохи­рогчид гэгдэх хүмүүс өөрс­дийгөө
“Ямар ч гэм буруугүй, зүгээр ажлаа хийж байгаад зодууллаа” хэмээн ярьсан бичлэг
интернэтээр цацагдаж байв.

Тухайн үед юу болсон талаар Хөвсгөл аймгийн жи­рийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригтой ярилцлаа.

АЖИЛЧИД НЬ ЗАХИРАЛДАА МЭДЭГДЭЛГҮЙ НУУЦ ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫ УЧИР

-“Хөвсгөл ньюсХХКийн гүйцэтгэх захирлаар хэзээ томилогдсон бэ. Үүнээс яриагаа эхлэх үү?

-Би
өнгөрсөн жилийн зур­га­дугаар сарын 28-нд болж өнгөрсөн хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр ярихаас жаахан айгаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нийгэмд ямар хүчтэй нөлөөлдөг зэвсэг юм бэ гэдгийг өөрөөрөө мэдэр­лээ. Сэтгүүлч хүн мэдээллийг тэнцвэртэй хүргээгүйн хор уршиг нийгэмд хэрхэн нө­лөөлдөг вэ гэдгийг олон ний­тэд хүргэмээр байна. Би өөрийн­хөө хийсэн хэрэгт гэм­шиж байгаа. Үүнийгээ танай сониноор дамжуулан хүргэ­мээр байна. Гэхдээ олон ний­тэд тухайн үед болсон үнэн бодит мэдээлэл хүрч чадаа­гүйд харамсалтай байна. Ажилчдаа зодсон гэх хэргийн талаар нэг талыг хэт барьсан мэдээлэл цацагдсан. Энэ талаар дараа нь ярьж болно биз дээ.

Болно.

-Өнгөрсөн  оны хоёрду­гаар сарын сүүлчээр “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх за­хи­ралд томилогдсон. “Хөвс­гөл ньюс” ХХК-ийн ерөнхий захирал миний ажлын чиг үүргийг танилцуулахдаа Хөвс­гөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй “Скай” телевизийг хариуцан ажил­лах ёстойг хэлсэн. Өөрөөр хэлбэл намайг “Скай” телеви­зийг гардан ажилла гэсэн үүрэг удирдлагын зүгээс өг­сөн гэсэн үг. Ингээд ажлаа хүлээн авсны дараа тухайн үед Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захирал байсан Ж.Эрдэнэцэцэгтэй уулзсан юм. Өмнө нь бид хоёр биенээ огт таньдаггүй байсан болохоор мэнд мэдэлцээд, цаашид хамтарч ажиллах талаараа ярилцсан. Гэтэл өөдөөс “Би “Скай” телевизийн 50 хувийг эзэмших саналтай байна. Чи цаадуулдаа хэлээрэй” гэсэн. Тухайн үед нэлээд балмагдаж байгаад ерөнхий захиралд саналыг чинь хэлнэ гэж хэлсэн. Бас та нэг ч тоног төхөөрөмж болон хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруу­лаагүй болохоор бүтэхгүй санал болов уу. Танд шаард­лагатай бүх цалин, хөлсийг өгч байсан юм байна лээ ш дээ. Хангалттай цалин өг­сөн болохоор та үүрэгт ажлаа л хийж байсан гэсэн үг гэж хэлсэн. Гэтэл жаахан дурамж­хан байдалтай байж байгаад явсан. Ингээд дөрвөн сарын үед Хөвсгөл аймгийн төв бо­лох  Мөрөн хотод очиж “Скай” телевизийн үйл ажиллагаа­тай танилц­сан. Ерөнхий за­хи­рал “Скай” телевиз гурван жил гаруй үйл ажиллагаа явуу­лах­даа нэг ч төгрөгийн орлого өгч бай­гаагүй. Бас алдагдал байхгүй, балансаа бариад л байдаг юм. Хүмүү­сийн хэлж байгаа­гаар теле­визэд орсон орлого дундаа­саа алга бо­лоод байх шиг байна. Үүнийг сайн судалж үзээрэй. Захир­лаар нь ажил­лаж байгаа Ж.Эр­дэнэцэцэг анх амьдрал жаахан тааруу хүн ирж бай­сан. Одоо жийп аваад уна­чихсан. Эд хөрөн­гө­тэй бол­сон байна лээ гэж хэлсэн юм. Үнэхээр Хөвсгөл аймагт очиж “Скай” телеви­зийнхээ үйл ажиллагаатай танилца­хад телевизийн за­хир­лаар ажил­лаж байсан Ж.Эрдэнэцэцэг нэлээд бий­лэгжүү хүн болох нь танигд­сан. “Скай” телевиз зар сур­тал­­чил­гаагаараа нэ­лээд ашиг олдог болох нь тодор­хой байсан. Тэгсэн мөрт­лөө ажилчидтайгаа хам­тарч ажил­лах нэг ч гэрээ байгуу­лаагүй. Хэдэн төгрө­гийн цалин авдаг нь тодорхой бус байсан. Орлого хэрхэн орж буйг хянаж үзчихээд Ж.Эр­­дэ­нэцэцэгт ажилчид­тайгаа гэрээ байгуул гэж үүрэг өгөөд буцсан юм. Тэр ажил­чидтай­гаа маргааш гэхэд гэрээ бай­гуулна гээд гэрээний эхийг аваад үлдсэн. Гэтэл зургаан сард ирэхэд гэрээ байгуу­лаагүй сууж байсан. Тухайн үед УИХ-ын сонгууль эхэл­чих­сэн байсан болохоор аль нэг нэр дэвшигчтэй хам­тарч ажиллах хэрэгтэй юм байна хэмээн үзээд Л.Мөнх­баатар­тай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Хэвлэл мэ­дээл­лийн бүх хэрэгсэл сон­гуу­лийн үеэр тэгж ажилладаг. Түүний жишгээр л ажилла­сан. Ин­гээд Хөвсгөл аймагт нэр дэв­шиж байсан Л.Мөнх­баа­тарын талаарх мэдээ мэдээл­лийг түлхүү гаргахаар болж оргил цагтаа буюу мэдээний цагаар оруулахаар болсон юм. Гэтэл эфиртээ хуваарийн дагуу зоож орхиод өөр ажил хөөцөлдөөд ява­хаар эсрэг талын хүмүүсийн суртчилгаа миний оруулах гэж байсан цагт орчихоод байсан. Энэ явдал гурван ч өдөр дав­тагдсан. Ажилтнууд­даа Л.Мөнх­баатартай хам­тарч ажиллаж байгаа гэдгийг хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд ямар учраас эфирт зоосон нэвтрүүлэг, мэдээг өөрчлөөд байгааг асуу­хаар янз бүрийн тайлбар хэлээд байсан. Нэг өдөр нь мартчихсан байна лээ гэхэд маргааш нь андуур­чихсан байна гэх жишээтэй. Тэгэхээр нь эфирийнхээ оргил цаг дээр хамтарч ажиллаж бай­гаа хүнийхээ мэдээг тавьчи­хаад өөрөө яс харж сууж байгаад гурав хоног гаргачих­лаа. Уг нь бол ажилчдадаа үүрэг өгөөд явах байсан. Даанч редак­цийн­хан эсрэг ажиллаад байгааг мэдэж бай­сан болохоор өөрөө ажил дээрээ суудаг болсон юм. Тэгсэн нэр дэвшигч Б.Эрдэнэ­батын бие төлөөлөгч болон хоёр ч нэр дэвшигчийн бие төлөөлөгч телевизийн бай­ранд ирж, хэрүүл маргаан хийдэг юм байна. Тэд миний сууж байсан өрөөнд орж ирээд загнаж гарсан. Гэрээ байгуул­чихаад гэрээнийхээ эсрэг ажиллалаа гээд сүйд боллоо. Юу болж байгааг ойлгодоггүй. Тэгсэн өөдөөс тавдугаар сарын 17-ны өдөр байгуул­сан хамтарч ажиллах гэрээг үзүүлсэн. Гэрээг Ж.Эр­дэнэцэцэг бидэнд огт мэдэг­дэлгүй нууц хэлбэрээр бай­гуулчихсан байсан нь ингэж илэрлээ. Үүнээс болоод үл ойлголцох байдал үүслээ. УИХ-д нэр дэвшигчидтэй хам­тарч ажиллах гэрээ байгуул­сан талаараа яагаад хэлээ­гүй юм бэ гэхээр юу ч хэлэхгүй байсан. Ингээд редакцийн зүгээс хамтарч ажиллах хү­нээсээ уучлалт гуйгаад нөгөө хүмүүсийн сурталчилгааг эфирээрээ цацсан.

АЖИЛ ХАЯСАН ШАЛТГААН НЬ

Таны өөрийн хийсэн гэрээ тэгээд талаар болсон байх нь ээ?

-Гэрээний
мөнгө ч эхнээ­сээ орж ирээд байгууллагын дансанд арав гаруй сая төг­рөг хуримтлагдсан. Гэтэл сонгуулийн сурталчилгаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу зургадугаар сарын 25-нд  ажилтнууд бүгд ажил дээрээ сууж байлаа. Тэд “Дансанд орсон мөнгөө яг тэнцүү хувааж авна. Хэрэв тэгэхгүй бол бид ажиллаж чадахгүй” гэж хэлсэн. Яг эгзэг­тэй, хүнд хэцүү цагт гурван жил цалингаа авч аж амьд­ралаа болгож ирсэн  газар руугаа ямар ч хүн чанаргүй нулимж байгаа нь харагд­сан. Тэгэхээр нь эв зүйгээ олж асуудлаа шийдэх талаар ярилцсан. Тэгээд нэг хүн сард хэдэн төгрөгийн цалин авч байгааг асуусан чинь хамгийн бага нь 800 мянган төгрөг авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь сонгуулийн дараа цалин, урамшууллын мөнгө өгнө санаа зоволтгүй гэж хэлээд түр гарсан. Тэд өмнө нь хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй байсан болохоор яах учраа олохгүй асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж бодохоор ажлаасаа түр гарсан минь тэр. Тэгээд эр­гээд ороод ирсэн чинь ажил­чид бүгд хаашаа ч юм бэ алга болчихсон байсан. Телеви­зийн Эрдэнэцэцэг, нягтлан хоёр л сууж байсан.

Ажилчид чинь бүгд дан­санд орж ирсэн мөнгөө тэн­цүү хувааж авна гэж уур­лаад ажлаа хаясан хэрэг үү?

-Тэгсэн.
Тэд өөрсдийгөө бараг л “Скай” телевизийн эзэд мэт зан гаргаж байсан. Телевиз байгуулах гэж хө­рөнгө мөнгө гаргасан хүмүүст ашиг болж орж ирж байгаа мөнгийг дур мэдэн захиран зарцуулах гэж оролдож эхэл­сэн. Ажил олгогч байгууллага буяны байгууллага биш гэд­гийг хэлж байсан. Үүнийг тэд ойлгохыг хүсэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, бидний хөрөнгө мөнгөө гарган байж босгосон телевизийн эфир, тоног төхөөрөмж хэдэн сэт­гүүлч, ажилчдын  мөнгө олдог хэрэгсэл болсон. Өөрсдөө эзэн мэт аашилж байсныг олон хүн ярьдаг. Энэ нь жин­хэнэ эзэд редакциа хариуцах найдвартай хүнгүй  орхи­сонтой холбоотой. Эзэнгүй орхисон газарт тэд дураараа аашил­даг байсан юм билээ. Тэгээд дураараа аашилсан хүмүү­сийг хазаарлаж эхлэ­хээр бидний эсрэг ажиллаж бай­гаа нь энэ. Зургадугаар сарын 25-ны өдөр ажилчид бүгд ажил хаялаа. Сонгуу­лийн сур­талчилгаа бужигна­сан өдөр манай телевиз Солон­госын олон ангит кино гаргаад суу­гаад байдаг. Намайг залга­хаар бүгд утсаа авахгүй сал­гаад байсан. Тэгээд телеви­зийн дансанд байгаа бүх мөнгийг хувааж өгөхөөр болж тэднийг ажилд нь оруулсан.

ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ЮУ БОЛСОН БЭ

Тэднийг ажил хаяхыг хэн нь зохион байгуулсан юм бол?

-Нэг
л хүн зохион байгуу­лаад байсан юм билээ. Тэр нь телевизийн захирал. Түүний зохион байгуулал­таар миний эсрэг бүх ажилтан боссон байна лээ. Ажил хаях үед юу болсныг дараа нь мэдсэн. “Скай” телевизээ өөрсдөө авах санаатай бай­сан шиг байгаа юм. Түүнээс болоод л та нар ажил хаявал энэ телевиз байхгүй болно. Тэгээд бидэнд дансанд бай­гаа мөнгөө бүгдийг нь өгнө. Бүр цаашилбал хувь эзэм­ших асуудал ч яригдана гэж Ж.Эрдэнэцэцэг ажилчдадаа ухуулж, ажил хаялт зохион байгуулсан юм билээ. Ажилч­даа сүүлдээ гуйж байгаа юм. Би залуу хүн туршлага дутуу байж магадгүй. Телевизийн удирдлага болж ирэхдээ та нартай нэг ч удаа муухай харилцаж байгаагүй гэдгээ ч хэлсэн. Ажилт хаялт, нууц гэрээ гээд л дургүй хүргэсэн олон асуудал гарч байсан ч тэдэнтэй би муухай харилцаж байгаагүй.

Тэгээд юу болсон бэ. УИХын сонгуулийн шөнө  буюу зургадугаар сарын 28-ны орой ажилчдаа яагаад зодох болов. Дээрх зүйлс нөлөөлсөн гэж үзэж болох уу?

-Би
тэдэнд тийм муухай зан гаргаж, толгой руу нь цохисондоо одоо ч гэсэн харамсч явдаг. Нөгөө ажил хаяж алга болоод байсан хүмүүс сонгуулийн үеэр эрчим­тэй ажилласан. Нэр дэв­шигчийн талаарх мэдээ­лэл цацагдахгүй болчихсон сул чөлөөтэй үед ч гэсэн ажил дээрээ бөөгнөрч суугаад л Даваасүрэн өнгөтэй байна даа, гарах байх гээд намайг орж ирж байгааг үл тоосон байдалтай яриад байсан. Би тэр үед нь сонгууль дуусгаад л хот руу явах талаараа бодоод явж байсан. Ингээд Л.Мөнхбаатарын штаб дээр нэлээн орой очлоо. Хотоос ирсэн хүмүүс архи задалчих­сан сууж байсан. Надад хий­гээд өгөхөөр нь нэг татчих­сан. Түүнээс дахиж ерөөсөө уугаа­гүй. Тэр үед хөдөө орон нутгаас мэдээ ирж Л.Мөнх­баатар нэр дэвшигч дээгүүр гарч байгааг хэлсэн. Гэтэл Мөрөн дээр их олон хүний саналаар унасан байсан. Үүнээс болоод тэнд байсан хүмүүс над руу хамтарч ажил­лана гэж хэлчихээд эсрэг ажилласан гээд асаж эхэл­сэн. Өөрийн эрхгүй уур хүрээд байсан. Би тэдний төлөө загнуулна. Бас дээрээс нь доромжлуулна. Өөрийнхөө эд хөрөнгийг ашиглаж байгаа юм шиг аашилна. Дураараа мөнгө нэхнэ гэж бодогдоод өөрийн эрхгүй л уур хүрсэн. Тэндээсээ гэр рүүгээ үеэл эгч, ах, нэг найзтайгаа гарч, харих замаараа телевизийн бай­раар орсон. Ажилчид ихэнх нь сууж байгаа харагд­сан. Тэгээд тэдэнд багтарч байсан уураа гаргачихсан юм. Би үнэхээр алдаа гаргасан. Гэх­дээ би нэг зураглаач залууг хоёр удаа цохиж нэг удаа өшиглөсөн. Бас нэг залууг заамдаж аваад цохисон. Түү­нээс хэвлэл мэдээлэл дээр гараад байсан шиг газар унагаж дэвслээд, гавлын ясыг нь цуу цохисон асуудал байхгүй.  Анх Ж.Эрдэнэцэцэ­гийн өрөө рүү орж ам муруй­хад тэр өөдөөс салаавч өгсөн юм.  Үүнээс болоод л уур дээд цэгтээ хүрчихсэн байх. Хамт явж байсан эгч маань  Ж.Эр­дэнэцэцэгийг нэг удаа алгад­сан юм. Тэр нь над руу са­лаавч өгснөөс болсон хэрэг. Мөн эгч рүү дахин дахин салаавч гаргаад хэл амаар доромжил­сон. Эгч Ж.Эрдэ­нэцэ­цэгийг алгадахад өөдөөс нь дайр­сан. Нөхөр нь эхнэрээ өмөө­рөөд сууж байсан ширээ рүү нь өшиглөчихсөн байсан. Ийм л юм тухайн үед болсон. Цаг­даа ирээд намайг аваад явсан. Аймгийн цагдаа дээр очоод драгер үлээлгээд сог­толт бага байна гээд явуул­сан. Цагдаагийн газ­раас га­раад шууд гэртээ хариад унтсан. Өглөө нь сэрэхэд бөөн сенсаацийн эзэн бол­чих­сон байсан. Зураглаач Цэдэндамбаа бусад ажилчид намайг орж ирэнгүүт гурван камер асаагаад бичлэг хийсэн юм билээ. Бичлэг хийж байгааг тухайн үед  огт мэдээгүй байсан. Намайг тэгж их уурлаж цохиж авч байхад юу ч дуугарахгүй бүгд доошоо хараад суугаад байсан нь бичлэг хийж бай­гаа­тай холбоотой байсан гэдгийг сүүлд мэдсэн. Цагдаа явсны дараа ажилчид  нэг­ний­хээ гэрт очиж бичлэгээ монтажлаад СD дээр хуулаад эх бичлэгээ устгачихсан байсан. Нэг цохисон үйлд­лийг гурав болгоод давталт өгөөд бичсэн байсан. Бас дууг нь өндөрсгөөд монтажиндаа оруулчихсан нь намайг яг араатан шиг аашилж байгаа дүр төрхтэй болгож хараг­дуулж байна лээ. Тэгээд Цэдэн­дамба гэх нөхөр Youtube.com сайтад байр­шуул­чихсан байсан. Би тухайн үед бичлэг дээр байгаа шиг тийм аймаар зүйл болоо­гүй гэдгийг хэлмээр байна.

Гэхдээ та зураглаач нарынхаа гавлын ясыг цуур­тал, жирэмсэн эмэг­тэйн хэвлий дэх хүүхдийг зулбатал зодсон юм биш үү. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр тэгж  гараад байсан?

-Тухайн
үед би ажилчдын­хаа хамраас дусал ч цус гаргаагүй. Бас эмэгтэй хүмүүс рүү нэг ч удаа дайрч, зодох битгий хэл гар далайгаагүй. Мөн хоёр зураглаачийн биеийн байдал маш  хүнд болж эмнэлэгт хэвтсэн гэх худал мэдээлэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Үнэн хэрэгтээ тэд гэмтсэн байж магадгүй хэмээн үзээд шүүх эмнэлгийн дүг­нэлт гаргуулсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд болон хөнгөн хэлбэрээр ямар ч бэртэл гэмтэл байхгүй бай­на гэсэн дүгнэлт гарсан. Дахиад л ажлын хэсэг томи­луулан шүүх эмнэлэгт ханда­хад мөн л шүүх эмнэлэг огт бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэх дүг­нэлт дахин гаргасан. Үнэхээр хүн аймаар болтол зодсон бол өөр хэрэг. Хоёр удаа цохиод өшиглөсөн асуудал байгаад байдаг. Тийм боло­хоор яалаа гэж гэмтэж бэртэх юм билээ. Ингээд байж байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөөн шуугиан болсон. Сонгуулийн дараа байсан болоод бас миний хийсэн зүйл улс төртэй холбоотой болж хувираад бөөн асуудал босч ирсэн. Ажлын байран дээрх үл ойл­гол­цол улс төр, сэтгүүлчдийн эрхийн асуудал болон өнд­рөө авч эхэлсэн. Монгол орон даяар, хүн бүр миний танхайрсан бичлэгийг үзсэн. Сонин сэтгүүл, телевиз, сайтууд бүгд энэ талаар гол сенсааци мэдээгээ болгон цацсан. Үүнээс болж бөөн дарамт ирж байгаа юм. Нэг өдрийн дотор утсанд маань мянга гаруй дуудлага ирсэн. Утсаа авахгүй болохоор ме­с­сеж бичиж дарамталсан. Гадаа­даас хүртэл миний утсыг олоод залгасан бай­сан. Тэдний буруу биш л дээ, тухайн үед бодит мэдээлэл тэдэнд хүрээгүй учраас тийм байдалтайгаар хандаж бай­гаа нь тэр. Ж.Эрдэнэцэцэг Монголын сэтгүүлчдийн эвлэл­тэй хамтарч мэдээлэл хийсэн. Хэвлэлийн бага хур­лын үеэр намайг гүтгэсэн олон худал мэдээлэл сэт­гүүлчдэд өгсөн байдаг юм. Тэр дотор хоёр зураглаачийн гавлын ясыг цуу цохисон гэх ямар ч ор үндэсгүй мэдээлэл байгаа юм. Үүнээс болоод л би гэдэг хүн  харгис хэрцгий амьтан болж хувирсан. Аймгийн цагдаад эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.

ХОХИРОГЧИД ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН НЬ

Хохирогчид цагдаад юу гэж мэдүүлсэн байдаг вэ. Цагдаа нар хоёр хүний гавлын ясыг цууртал цохи­сон гэх мэдээлэл худлаа гэдгийг мэдэж байсан биз дээ?

-Мэдэж
байсан. Би цаг­даад бичлэгийг монтажлан засвар хийгээд намайг хэрц­гий болгоод байна. Тиймээс ажил дээрх камерын бичлэ­гийг нотлох баримт болгох санал тавьсан. Бас мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байхад хэргийн талаар худал мэдээлэл санаатайгаар ца­цаад байгааг зогсоож өгөхийг хүссэн. “Скай” телевизийн байранд найман камер ажилладаг байсан. Бичлэг нэг компьютерт хадгалагдаж байсан. Тэгсэн нөгөө бичлэг хадгалагдаж байсан компью­те­рийн процессор алга бол­чих­сон байсан. Хэрэг гарах үед байсан юм. Хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй байсан. Үүнийг хэрэг мөрдөж байсан цагдаад хэд хэдэн удаа хэлж шалгаж өгөх хүсэлт гаргасан. Гэвч шалгаж өгөө­гүй. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гараад байгааг шалгаад “Жаа­хан давсалсан юм байна, гэхдээ цохиод авсан чинь үнэн биз дээ” гэж хэргийг мөрдөж байсан цагдаа хэл­сэн. “Үгүй наадах чинь цохиж авсныг бүр гэмтэл учруулж гавлын ясыг нь цууртал цохисон болгоод байна ш дээ” гэхээр “Яасан их хэл амтай юм бэ” гээд загнаад байсан. Энэ талаар хэд хэдэн удаа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй. Цагдаа нарт “Скай” телевизийн ажилтнууд аймшигт кино зохиол шиг зүйлс ярьсан байсан. Бүгд цагдаад мэдүүлэг өгөхөөсөө өмнө юу ярих вэ гэдгээ тохирсон байсан. Бүр огт байхгүй байсан хоёр ажилтан байсан болж ирээд мэдүүлэг өгсөн байв. Хоорондоо тохи­ролцсон мэдүүлэгт газар уна­гаж байгаад дэвссэн, эмэгтэй хүнийг багалзуурдаж аваад хана руу шахсан гээд л их олон худал зүйл байсан. Хохирогч гээд байгаа нөхдүүд бүгд дуу нэгтэйгээр дайраад байхаар хэрэгт сэжиглэгдэж байгаа би хүчин мөхөстдөг юм билээ. Гэхдээ тэд сүүлдээ цагдаад худлаа мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөр­сөн байдаг.

Тэгээд хэрцгий ааш авир гаргаж хүн дэвсээгүй гэдгийг нотлох бичлэгтэй компьютерийн процессор олдоогүй юу?

-Хэрэг
гарсны дараа наа­дам болж, түүнтэй залгаад хэрэг мөрдөж байсан цагдаа амралтаа аваад эргэж орж ирсээр байтал есдүгээр сар гарчихсан. Хэргийг мөрдөн байцаалт дуусах дөхөж байтал мөрдөн байцаагчийн өрөөнд нөгөө хайгаад байсан компьютерийн процессор  бай­даг байгаа. Тэр даруйд нь шалгаж үзсэн яг хэрэг гарах үеийн бичлэг устгагдсан бай­сан. Хохирогч нараас хэргийг мөрдөж байсан цагдаа ямар учраас бичлэг устсан талаар асуухаар тэр өдөр цахилгаан тасарсан гэж худал мэдүүл­сэн. Ингээд нөгөө компью­терийг надад хүлээлгэж өг­сөн. Тэр даруйд хотоос най­зыгаа дуудаж устсан файлыг нь сэргээх гэсэн боловч дахиж сэргэхгүй программаар устгачихсан байсан. Ингээд нотлох баримт миний эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн гараар ороод дууссан.

Тухайн үед Монголын сэтгүүлчдийн эвлэл Ж.Эр­дэнэцэцэг нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэт­гүүлч­дэд хууль хяналтын­хан хэргийг хурдан дуус­гахгүй байгаа нь цаанаа учиртай. Захиралдаа зо­дуулсан ажилчдын биеийн байдал хүнд хэвээрээ байгаа гэж ярьж байсан байх шүү?

-Монголын
сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн  Б.Галаарид Ж.Эрдэнэцэцэг нар хэвлэ­лийн бага хурал зарлаж, сэт­гүүлчдэд хууль хяналтынхан хэргийг хурдан дуусгахгүй байгаа нь цаанаа хээл хахуулийн асуудал байж магадгүй. Б.Ганзориг бидэнд хахууль өгөх гэж оролдсон гэж ярьсан. Хохирогч гээд байгаа нөхдүүд бүгд миний эсрэг худлаа мэдүүлэг өгч байсан. Ер нь худлаа мэдээл­лээс болж шоронд орох магадлалтай юм байна гэж үзээд тэдэнтэй уулзсан юм. Мөн 12 сая гаруй төгрөгийг шүүх хурлаас өмнө сэтгэл санааны нөхөн төлбөр болгож орон сууцаа зараад өгсөн. Тэр үед яагаад бичлэгт монтаж хийсэн юм бэ гэж асуухад бичлэгийг сүртэй болгох гэж давталт өгөөд дууг чинь өндөрсгөөд янзалчих­сан юм. Хөлбөмбөгийн алтан агшин шиг л болгох гээд тийм болгосон. Эх бичлэгийг бүгдийг нь устгачихсан гэсэн.  Хэрэг гарах үед байгаагүй хоёр болоод огт гар хүрээгүй хүмүүст, зодсон хоёр залуудаа  сэтгэл санааны хохирол гэж мөнгө өгсөн. Тэд гомдолгүй гэдгээ надад хэлсэн.  Тэд хэдийгээр худлаа мэдүүлэг өгсөн ч гэсэн шүүх хурал дээр  гомдолгүй гэдгээ хэлнэ гээд явцгаасан.

ШҮҮХ ТҮҮНИЙГ ХҮНД ЗҮЙЛ АНГИАР ШИЙТГЭХЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД НӨЛӨӨЛСӨН

Тэгээд юу болсон бэ?

-Анхан
болоод давж заал­дах шатны шүүхээр хохирог­чид бүгд гомдолгүй гэдгээ хэлсэн. Гэвч шүүх бүрэлдэ­хүүн тэднийг гомдолгүй гэдгийг авч хэлэлцэлгүй 3.5 жилийн ял оноосон. Уг нь хохирогчид бэртэл гэмтэлгүй гэдэг нь тогтоогдчихсон, бүгд гомдолгүй, худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүхээс  Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар  хүнд зүйл ангид хамааруулаад ял оноосон. Тэгээд надад 3.5 жилийн хорих ял, хүргэн ах  Д.Улам­баярт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмө­рийн хөлсний доод хэмжээг 52  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр  торгох  ял шийтгэж, үеэл эгч  Б.Лхаг­васүрэнг 3.1 жилийн хуга­цаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэ­хийг хоёр жилийн хугацаа­гаар хойшлуулан шийдвэрлэ­сэн. Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5 хүнд
зүйл анги. Гэтэл миний үйлдсэн хэрэг хөнгөн зүйл ангид хамааруулах ёстой хэрэг байдаг. Ийм хэрэг үйлдсэн хүн анх удаа хүнд зүйл ангиар шийтгүүлсэн нь би.

Яагаад хүнд зүйл ангид хамааруулсан юм бол?

-Үүнийг
би хэвлэл мэдээллийн салбар нийгмийн ямар хүчтэй зэвсэг вэ гэж ярианыхаа эхэнд хэлсэн дээ. Түүнтэй холбож бодож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал, илт гүтгэсэн, нэг талыг барьсан мэдээлэл хэт их гарснаас болсон гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр олон удаа маш хүчтэй­гээр гарснаас болж энэ хэр­гийг хэрхэн  шийдэгдэхээс шүүхийн нэр хүнд шалтгаа­лах учир  шууд ял өгөхөөс өөр ямар ч арга байгаагүй гэдгийг хууль хяналтын олон хүнээс сонссон. Сэтгүүлчид гэдэг хүний адаг байдаг юм байна даа гэж бодсон. Нэг нь гүтгээд нөгөө нь түүнийг давсалж дэвэргээд л хүний амьдра­лаар тоглож байна. Үгээр хүнийг алж болдог эсвэл амьдруулж болдог гэдгийг тэд мэддэггүй юм шиг байна лээ.

Хохирогчид гээд байгаа ажилтнууд чинь эргэж уулзсан уу. Юу гэх юм. Одоо хаана ажиллацгааж байгаа бол?

-Үгүй
дээ, тэд надтай яах гэж уулзах вэ дээ. Харин ингэж явсныхаа төлөө тэд өөрсдийн гэсэн телевизтэй болж, одоо тэндээ ажиллаж байгаа.

Ах эгчийгээ энэ хэрэгт оруулчихсан байна лээ. Одоо амьдрал нь ямар байгаа вэ?

-Би
ч нэгэнт гүтгэгдээд дуусч гэж бодоход сайхан амьдарч байсан ах, эгчийнхээ амьдралд маш том гай болчихлоо. Хэрэв би тэр өдөр ах, эгч хоёроо дагуулж ажил руугаа ороогүй бол  эгч Ж.Эр­дэнэцэцэгийг салаавч гарга­хад алгадаагүй бол ял авах­гүй байсан. Ахад   Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52  дахин нэмэгдүүл­сэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр  торгох  ял өгсөн нь манай ажлын ширээг цөм өшиглөс­нөөс болсон. Би миний эзэмшлийн ширээ. Би эзэн нь болохоор ямар ч гомдолгүй байна гээд байхад л торгох ял оноочихсон. Үүнд үнэхээр харамсалтай байгаа.

Одоо ар гэрийн чинь амьдрал ямар байна даа. Хоёр хүүхэд чинь хотод байгаа юу?

-Тэр
өдрөөс хойш миний амьдрал орвонгоороо эргэ­сэн. Хэрэгт орооцолдсоноос хойш байр машинаа бүгдийг нь зарсан. Гэргий маань хоёр хүүхэдтэйгээ хадмынд амьдарч байгаа. Би өөрийгөө энхийн цагаан тагтаа шиг буруугүй гэж байгаа юм биш шүү. Монголын ард түмэнд болсон хэргийн талаар үнэн бодит байдлыг хүргэлээ. Нэг ч худлаа зүйл, бусдыг гүтгэсэн яриа байхгүй. Тэртэй тэргүй гурван шатны шүүхээр ший­дэгд­сэн хэрэг болохоор худлаа яриад байх шаард­лага ч байхгүй. Хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр дам­жуулан миний нэр төрд халдан олон нийтэд буруу ойлголт өгсөнд харамсч бай­на. Бас том, жижиг гэлтгүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэнийг олохын тулд тэр хохирч, эмнэлэгт арай ядан хэвтэж байгаа гэгдэх хүмүү­сийг эрэн сурвалжилж, мэдээ­лэл авахыг хүссэн бол байдал өөрөөр эргэх байсан. Гэвч нэг ч сэтгүүлч тэгээгүй. Энэ хэрэг ингэтэл газар аваагүй бол би тэнсэн харгалзахаа байг гэхэд арай бага жилийн ял авах байсан. Үүнээс гадна би гурван жилийн дараа гадаа­дад байж байгаад ирлээ гэхэд нийгэм, хүмүүс намайг арай өөрөөр хүлээж авах байсан. Гэвч одоо намайг эндээс гараад очиход хэн яаж хүлээж авах вэ гэдэг нь бараг тодорхой байна шүү дээ. Шоронгоос гарахад хүн бүр зэвүүцэн хүлээн авна гэхээс айж байна. Эцэст нь, мэдээ­лэл бүрийг нягталж, үнэн мөнийг нь олдог сэтгүүлч Монголын сэтгүүл зүйд хэд байгаа юм бэ гэж асуумаар байна.

Э.ХҮРЭЛБААТАР