Categories
редакцийн-нийтлэл

Хятад лооль, өргөст хэмхийг Монголынх хэмээн зарж байна

Нийслэлийн гудамж, зам дагуу өргөст хэмх, улаан лооль зардаг бол­лоо. Цаасан хайрцаг, ачаа­ны тэрэгний тэвш, машины багаажаа өргөст хэмх, улаан лоолиор дүүр­гэсэн наймаачид “Эх орны хөрсөнд ургуулсан шинэ ургацын ногоо” гэж бараагаа сурталчилж байна.

III, IV хороолол, Урт цагаан, Дашчойлин хийд гээд олны хөл хөдөл­гөөн­тэй газрууд болон томоо­хон захууд, худалдааны төвийн гадна ийм най­маа­чид үзэгдээд арав гаруй хоног боллоо. Эд­гээр наймаачид машины­хаа дээр “Үндэсний үйлд­вэрлэлээ дэмжицгээе” гэсэн уриа хадчихаж.

Иргэд “Монголын хөр­сөнд ургуулсан, шинэ но­гоо­гоо иднэ ээ. Хүүхдүүд­дээ авч очно. Помидор цус төлжүүл­дэг, сайн гэсэн” гээд килог­рамм килограммаар нь лооль, өргөст хэмх худалдан авч байлаа.

Ийм наймаа хийж байсан эмэг­тэйтэй уулзлаа. Иштэй, давжаа болон том лооль байна. Ямар үйлдвэрийн, хаанахын ногоонууд вэ гэвэл амандаа ямар нэг үйлд­вэрийн нэр хэлэв бололтой А үсгээр эхэлсэн үг бувтнаад лооль 3500, 5000 төгрөгийн үнэтэй. Харин өргөст хэмх 3500 төгрөг гэв. Түүнээс яагаад лооль хоёр өөр үнэтэй байгааг лавлавал “Жижиг, мөчиртэй лооль бол орос сортынх. Их сайхан амттай” гэлээ. Наймаа нь их гүйлгээтэй, хүмүүс ирж сонир­хож үнийг нь асуунгаа хармаагаа тэмтрэх аж.

Манайдаа өргөст хэмх, улаан лооль тариалалтаараа тэргүүлдэг компаниудын нэг бол “Дэвшил трейд”. 1958 оноос үйл ажиллагаа­гаа явуулж ирсэн эдний хамт олон жилийн жилд монголчуудад шинэ өргөст хэмх, лооль тарьж өгдөг.

Тус компанийг зорилоо. Ком­панийн тариалалтын үйл явц ид өрнөж буй учир дотогшоо, үйлд­вэр­лэлийн орчин руу гадны хүн оруу­лахгүй байгаа аж. Компа­нийн хашааны хаалганы наана цаанаас тус компанийн нярав Ж.Оюунтуяатай ярилцлаа.

“Дэвшил
трейд” компани тариа­­лалтаа саяхнаас эхлүүлсэн бөгөөд ургацынхаа дээжээс хэрэг­лэгчдэдээ хүргээд удаагүй байгаа гэнэ. Өргөст хэмхийн тариа­лалт сайн байгаа бол улаан лоолийн гарц нэмэгдээгүй байгаа юм байна.

Тэрээр “Өдийд хүнсний зах, дэлгүүрүүдээр монгол ногоо очоо­гүй байгаа. Цаг нь арай болоогүй” гэлээ. Түүнд гадуур эх орны хөр­сөнд ургуулсан гэх ногоонууд зараад байгааг дуулгавал “Жилийн жилд л тэгдэг юм. Хятадын ногоог үндэсний үйлдвэрийнх гэж худал хэлж зардаг. Тэгээд өглөө бүр тэгж хэлээд зараад байна уу. Тэгтлээ их хэмжээгээр лооль, өргөст хэмх тариалж байгаа үндэсний үйлдвэр ганц ч байхгүй. Жижиг хүлэмжүүд ч тийм их хэмжээгээр ургац авахгүй байгаа шүү дээ. Манайх хамгийн томдоо ордог. Гэтэл манайх өдөрт жаахан хэмжээний л лоолийг хэрэглэгчдийн хэрэгцээнд хүргэж байгаа.

Манай компани тийм наймаа­чидтай тэмцсээр ирсэн ч ямар ч үр дүнд хүрдэггүй. Одоо яамаар ч юм бэ дээ. Цагдаа, хүчнийхэнтэй хамт­раад тийм хүмүүсийг болиулах хэрэгтэй” гэж хэллээ. “Дэвшил трейд” компани шинэ ногоонуудаа “Барс”, “Бөмбөгөр”, “Нарантуул”, “Миний дэлгүүр” сүлжээ, “ТБД андуу­д” төвд байдаг “Старс” дэлгүүр болон хорооллын хүнсний захуу­даар борлуулж байгаа юм байна. Ж.Оюунтуяа “Гадуур гар дээрээс лооль, өргөст хэмх зарж байгаа хүмүүс Хятадын ногоо зардаг. Манайх хэзээ ч тэгж гар дээрээс бүтээгдэхүүнээ борлуул­даг­гүй” гэв. Түүнтэй ийн ярилцах зуур ком­панийн нэрийн барааны дэлгүүр онгойж байлаа. Түрүүнээс хойш дэлгүүр онгойхыг хүлээж зогссон иргэд яаран дотогш орж харагдав. Энд өргөст хэмх килограмм нь 5000 төгрөг, улаан лооль сортоосоо хамаарч 5500, 3000 төгрөгөөр  зарагдаж байлаа.

“Барс”
худалдааны төвийн хүнсний ногооны тасгаар орлоо. Эхний лангуун дээр очоод “Лооль хэд вэ. Хаанахынх вэ” гэвэл худал­дагч бүсгүй нь “Хужаагийнх. Одоо чинь монгол помидор байдаггүй юм. Бүгд л Хятадынх” гэлээ. Бас нэг худалдагчид давжаа хэрнээ иштэй улаан лоолийг гадуур Оросынх гэж зарж байна лээ гээд хэлтэл тэрээр инээснээ “Манайд Оросын поми­дор орж ирдэггүй. Одоо дандаа Хятадын помидор л байгаа. Угаа­саа гадуур худлаа хэлээд Мон­голынх гээд үнэ нэмж зараад л байдаг ш дээ” гэсэн юм. Хэд хэдэн худалдагчаас монгол улаан лооль, өргөст хэмх асуувал бүгд л “Эндээс Монголыг нь хайгаад олохгүй ээ. Цаана чинь харин “Дэвшил”-ийн лангуу байгаа. Тэндээс л авч болно” гэлээ.

“Барс”
зах дахь “Дэвшил”-ийн лангуу өргөст хэмхээр дүүрэн байна. Үнэ нь нэрийн барааны дэлгүүрийнхээс ялгаагүй. Харин улаан лооль харагдсангүй. “Өглөөгүүр ирсэн жаахан улаан лооль тэр дороо дуусчихдаг юм” гэж худалдагч нь сонирхууллаа.

“Барс”-ын худалдагчид зарж байгаа өргөст хэмх, улаан лоолио шууд л “Хятадынх”, “Хужаагийнх” гэж хэлж байлаа. Хятад улаан лооль, өргөст хэмх Монголынхоос  хямд, үнэ нь 1000-3000 төгрөгийн зөрүүтэй байна.

“Барс”-аас гарч явахдаа нэг лангуун дээр машиныхаа багаа­жийг сөхөөд наймаа хийж байсан өнөө наймаачин бүсгүйн “Орос сортын Монголын хөрсөнд ургуул­сан” гэж танилцуулсан иштэй, давжаа лооль дүрээр байлаа. “Энэ чинь Хятадаас орж ирдэг помидор ш дээ” гэж худалдагч нь хэлсэн билээ.

Д.САРУУЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Жирэмсэн эхчүүд хэт стресст орсноос хүүхэд өвчлөмтгий төрдөг

-МЭДРЭЛИЙН ТАСАГ ХҮҮХДЭЭР ДҮҮРЭН БАЙНА-

Бидний
хойч ирээдүй бол­сон
хүүхдүүд мэд­рэлийн өвч­нөөр өвдөх нь
эхэсчээ. Дөнгөж төрсөн нярайгаас
эхлүүлээд ар­ван жилийн
ахлах ангийн хүүхдүүд мэдрэлийн
ямар нэгэн өвчний шинж
тэмдэгтэй болсон гэнэ. Сүүлийн
үед Эх хүүхдийн эрүүл
мэндийн үн­дэс­ний
төвийн Хүүхдийн мэд­рэлийн тасгийн
ачаалал нэ­мэг­дээд
байгаа аж.

Өчигдөр тус эмнэлэгт оч­лоо. Мэдрэлийн тас­гийн эмч нартай дотуур утсаар холбог­доход “Би­дэнд та нартай ярих ч зав алга. Маш их ачаалалтай байна” гэлээ. Амбулато­рийн эмч нараас хүүхэд багачуул чухам юу­наас болоод мэдрэлийн өвч­лөлд өртөмхий болоод бай­гаа талаар лав­ла­хаар өрөө­нийх нь үүдэнд очлоо. Ганц, хоёрхон сартай нярай, хоёр, гурван настай хүүхэд, өсвөр насны хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд ду­гаарлана. Нярай хүүхдүүд уйлагнаж, зарим нь чанга дуу хадааж эцэг эхээ сандаргана. Хүүхдээ үзүү­лэхээр ирсэн эцэг эхчүүд “Манай хүүхэд шөнө унтахгүй байгаа”, “Чих нь хатгуулж байгаа юм шиг гэнэт чанга уйлж, юм руу гөлөрдөг”, “Хүү минь дандаа уйлагнаад бай­на” гэцгээнэ хоорондоо ярил­цаж, зов­лонгоо хуваал­цах аж. Тэдний яриагаар хүүхдүүд нь тар­хины даралттай, толгой нь байнга өвдөж, нүд нь улайдаг болсон гэнэ. 

Найман настай хүүгээ дагуулсан нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Хүү нь хөлбөмбөг тоглож байгаад хөлөндөө бэртэл аваад тэр нь хүндэр­сэн бололтой. Хавдсан хө­лийг нь эмчид үзүүлэхээр дагуулж иржээ. Тэрээр хүүдээ хандан “Чи сонсч байна уу. Хүүхдүүд мэдрэлийн өвчин тусдаг болсон гэнэ. Чи яадаг билээ” гээд “Сурвалжлагч аа манай хүүд хэлээд өгөөрэй. Наадах чинь компьютер тог­лоом их тоглоод миний үгэнд ордоггүй юм” гэлээ. Тэгтэл хүү нь “Тийм ээ, би PC тоглодог. Одоо тоглохгүй ээ” гэсэн юм.

Эмчийн өрөө хүүхдээр дүүрэн. Дугаараараа орох гээд тэнд багагүй дараалал үүс­чээ. Эмчтэй ороод уулзах гэхээр уйлж байгаа хүүх­дүүдийн өмнүүр дайрч чад­сангүй. Хүүхдээ тэвэрсэн хүмүүс эмчийн үз­лэгийн өрөөний гадна цуварч зог­соц­­гооно. Эмч ч одоогоор мэдээлэл өгөх завгүй, ачаа­лалтай байгаа тухайгаа учир­лаад хүүхдүүдэд үзлэг хийж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч байлаа.

Ингээд Хүүхдийн мэд­рэлийн тасагт очлоо. Уг тасаг нэг сараас 18 насны хүүхдийг эмчилдэг бөгөөд Монгол Ул­сын хэмжээнд ганцхан бай­даг гэдгээрээ байнгын ачаа­лалтай байдаг.

Тасгийн эмч, сувилагч нар хөл хөдөлгөөнтэй байв. Өвч­ний түүх, бичиг цаасан дээр юм тэмдэглэнгээ “Ачаалал их байна” гэхээс өөрийг хэл­сэнгүй. Тэд сэхээнээс гарч байгаа өвчтөнийг хүлээж авах гээд ярих ч завгүй бай­гаагаа тайлбарлав.

Тасгуудаар нь шагайвал ихэвчлэн тав зургаан настай болов уу гэмээр балчир хүүх­дүүдээс гадна өсвөр нас­ныхан ч харагдлаа. Тасгийн өрөөнүүд хүүхдээр дүүрч, бүх ор эзэнтэй. Сахиурууд нь эвхдэг цагаан ор оруул­чихсан харагдана.

Хүүхдээ сахиж байсан нэгэн эцэг “Манай хүүхдийн толгой өвддөг. Тархины да­ралт­тай төрсөн. Таталт өгөх гээд байсан болохоор эмнэл­гээр баахан явсан” гэлээ.

Тус эмнэлэгт хандаж бай­гаа хүүхдүүдийн тал хувь нь мэдрэлийн эмч нарт үзүүлдэг гэнэ. Гэвч энэ нь хоёр талтай. Уйлж, уйлагнасан хүүхэд бү­рийг л мэдрэлийн эмч нар руу явуулдаг, эцэг эх нь тэврээд ороод ирдэг гэнэ. Тиймээс үргэлж л ачаалалтай байдаг байна. Үүнийг нөгөө талаас нь харвал эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө багаас нь анхаардаг болсны жишээ гэж тайлбарлаж болох юм.

Хүү нь зурагт их үзэж, үүрээр шахуу унтдаг зур­шилтай болсон Ц.Нацаг-Юм гэх бүсгүй “Мэдрэлийн эмч гэдэг чинь дотроо олон янз юм. Том хүнийг үздэг мэд­рэлийн эмч хүүхэд үзэхээс дургүйцдэг юм байна. Яагаад гэвэл хүүхдийн мэдрэл их нарийн байдаг гэсэн. Уг нь оношийг нь зөв олчихвол амархан эдгэдэг гэсэн. Хүү маань зурагт үзэхгүй бол унтдаггүй. Нойргүй бол­чих­сон” гэж яриад “Бидний анхны хүүхэд. Зурагт үзүүлэхгүй болохоор уурлаад юм авч шиддэг” гэсэн юм.

Улаанбаатар хотын агаа­рын бохирдол, нийгмийн стресс, хоол ундны асуудал зэргээс болоод стресстэй эхчүүдээс стресстэй хүүхдүүд төрдөг болсон гэнэ. Насаа­раа эх нялхаст сувилагч хий­сэн хүн “Одооны нярайнууд бүр л илүү арчилгаа шаард­даг болоод байгаа. Амархан даарч хөрөхөөс эхлүүлээд ханиад салдаггүй, нусгай болсон. Хүүхдийн дархлаа их муудсан” гэж ярьсан нь үүнийг нотлох мэт.

Манайхан хүүхдийн тол­гой, мэдрэлийн өвчинг зөвхөн тархины даралт гэсэн нэрийн дор ойлгодог нь буруу аж. Агаарын бохирдлоос үүдэж хүчилтөрөгч, цусан хан­гам­жийн дутмагшил, уналт та­талт, захын мэдрэл, нүүрний мэдрэлийн саажилт, өвчинд хүүхдүүд их өртдөг болсон байна.

Эх нь жирэмсэн байхдаа эмчийн хяналтад орж тө­рөл­төө зөв удирдах ёстой гэнэ. Төрсний дараахь гамд ма­найхан гол анхаарлаа хан­дуулаад жирэмсэн байх хуга­цааг нь тоодоггүй учраас дөнгөж төрсөн нярайнууд тархины цусан хангамжийн дутмагшил, саажилттай төр­дөг болжээ. Мэдрэлийн га­рал­тай өвчлөл олдмол гэхээ­сээ төрмөл шинжтэй байгаа нь жирэмсэн эмэгтэйчүүдийн орчин стресстэй байдаг, мөн тухайн эмэгтэй жирэмсэн байх хугацаандаа ураг болон өөртөө хоол унд, цэвэр агаар, сэтгэлзүйн талд анхаарал бага хандуулдгаас болдог аж.

Харин сургуулийн өмнөх насныхан зурагт их үзэх, аав ээжийнхээ гар утсаар тоглох зэргээс болж мэдрэлийн ядар­гаанд орж, нүдний хараа нь мууддаг болсон байна. Эмч “Хүүхдүүд зурагт руу хөдөл­гөөнгүй хараад удаан суудаг. Зарим хүүхэд зурагтын удирд­­лага бариад нэг сувгийг тогтвортой үзэхгүй солиод байдаг нь нүдийг нь цочроо­дог. Иймээс эцэг эхчүүд хүүх­дүүдээ зурагт, компьютерийн өмнө удаан суулгахаас зайлс­хий” гэж зөвлөсөн юм.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

МИАТ-ийн идээ бээрийг шахвал…

ДАЙНЫ ЭРСДЛИЙН САНГИЙН ГЭХ ХЭРЭГ НЭГ Л ХЭСЭГ НЬ

Аливаа улс үндэстний хувьд иргэний агаарын тээвэр нэрийн хуудас
нь болж бас тэр хэмжээ­гээ­рээ тодорхой хэмжээний орло­гыг оруулж байдаг билээ.
Монгол­чуудын хувьд МИАТ тийм байж чадсан болов уу. Сүүлийн үед ил болох болсон
олон ноцтой хэр­гүү­дийн зах зухаас сонсо­ход үе, үеийн сэтгэл зүрх­гүй дарга даамлуудын
халаасыг зузаатгах хэрэг­сэл болж ирснээс үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа­гүй мэт
санагдана. Идээ бээрэндээ баригдсан МИАТ хэмээх энэ бай­гуул­лагатай холбоотой дэгдээд
байгаа дайны эрсдлийн сангийн мөн­гийг завшсан хэрэг бол нэгээхэн хэсэг нь юм. Үүний
цаана өчнөөн олон хэрэг, үй олон тэр­бум төгрөгийн асуу­дал байсан нь эх­нээсээ
ил болж байна. Хэрэв шинэ Засаг бай­гуулагдаж, улсын өмчийг өөрийн юм шиг зарцуу­лахаасаа
тат­гал­заж чадах удирд­лага гараагүй бол энэ хэрэг урьд өмнийн адил дараг­даад
л өн­гө­рөх байжээ. МИАТ гэх төрийн өмчит бай­гуул­лага өнөөдрийг хүртэл ажил­лах­даа
байн­га алдагдал хүлээсээр ирсэн байдаг. Яг өнөөд­рийн байд­лаар 108,1 тэр­бум төгрөгийн
алдаг­дал хүлээгээд байгаа бөгөөд сүүлийн арав гаруй жи­лийн хуга­цаанд Засгийн
газрыг ийм хэмжээ­ний өрөнд унагасан гэсэн үг.

Тод­руулбал, 1999-2012 онд Европын чиглэлийн нислэгээс 73.35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол энэ тоо 2013 онд 11.75 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоотой байгаа. Мөн 1993-2009 оны орон нутгийн нислэгийн үнийг тогтоон баригч болж ажиллахдаа 23,1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээ­жээ. Үе, үеийн Засгийн газ­рын шийдвэрээр МИАТ компани ийн алдагдалтай ажиллаж байхад ээлж дараалан томилогдсон дарга нар нь элдэв арга сүвэгчлэн ихээ­хэн хэмжээний хөрөнгө хувьдаа зав­шиж байсан баримт эхнээсээ дэл­гэг­дэж, үүнийг нь сонссон иргэд итгэж ч чадахгүй гайхширч суугаа нь үнэн. МИАТ компанийн үйл ажиллагааны зардал төрөөс гарч, үйл ажиллагаа явуулж олсон ор­лого нь хувь хүмүүсийн халаасанд ордог байсан гэхэд итгэж ч чадахгүй байгаа юм. Гэтэл байдал тийм л байж.

Сүүлийн үеийн гол дуулиан болоод буй “Дайны эрсдэлийн даатгал” гэдгийг 2004 оноос са­наач­лан өнөөг хүртэл 700 сая ам.доллар хуримтлуулж үүнийгээ төрд өгөх бус тойрон хүрээлэгс­дээрээ хуваан идэж байсан нь илэрч Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нарын хүмүүсийг хэрэгт холбог­дуу­лан шалгаж эхэлсэн. Гэхдээ “Дайны эрсдэлийн даатгал” гэх энэ хууль бус бизнес нь  эрх мэдэлт­нүүдийн МИАТ-ээс мөнгө гаргуу­лан завшдаг явдлыг хэргийн зөв­хөн нэг хэсэг нь байжээ. Үүний хажуугаар “Катеринг”-ийн үйлчил­гээ, “Карго”, шатахуун, баяр ёслол, амралт зугаалга, бусад үйлчилгээ гээд олон өөр хэлбэрээр их хэм­жээ­ний мөнгийг үргүй зардаг бай­сан нь илэрлээ. Ер нь яаж ийгээд үргүй зардал гаргаж, тэр бүхэн нь МИАТ хэмээх байгууллагын үе, үеийн дарга нарын халаас руу урсдаг ийм байдлыг өмнөх эрх баригчид уламжлал мэт тогтоож иржээ.

Төрийн томчууд болон тус байгууллагын удирдлагууд МИАТ-ийн хөрөнгө рүү гар дүрж эхэлсэн түүх 2001 оноос эхтэй. Тухайн үед УИХ-ын дарга асан Л.Энэбиш МИАТ-ийг хувьчлах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн баталж Н.Энх­баярын Засгийн газарт чиглэл өгч байжээ. Энэ үйл явцаас хойш дөрвөн жилийн дараа буюу хуучин МАХН өнөөгийн МАН-ын ээлжит засаглал дахин бүрдсэн. Тэгэхэд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж Ц.Нямдорж УИХ-ыг удирдаж байв. Энэ үед мөн л МИАТ-ийг хувьчлах асуудлыг дахин хөндөж 2005 онд 48 тоот тогтоолыг гаргаж байжээ. Тогтоолд тусгаснаар “бизнес анги­лал болон нийтийн нислэгийг сал­гах замаар орон нутгийн нислэгийг гадаадын компанид хувьчлах шаард­лага тулгарлаа” гэсэн заал­тыг оруулсан байна. Энэ заалтын үрээр ямар нэгэн асуудалгүй амжилт­тай явж байсан орон нут­гийн нислэг уналтад орж, өнөөд­рийнх шигээ ийм байдалд хүрсэн нь үнэн билээ. Ер нь яагаад голд­рилоороо явж байсан орон нутгийн нислэгийн асуудал хям­ралд орж, харин “Аэро Монголиа” гэх хувийн компани үүссэн нь анхаарал татдаг. Энэ бүхэн дарга нарын ашиг сонирх­лын хүрээнд өрнөсөн явдал гэдгийг учир мэдэх хүмүүс нуудаг­гүй. Орон нутгийн нислэг, бизнес ангиллын нислэгийг салгаснаар хэдэн авиа компани, хувийн ком­пани байгуулагдаж дарга нар нь ямар хэмжээний ашиг олсон нь тодорхой. Энэ бол зөвхөн эхлэл байлаа.

Энэ эхлэлийг нэгэн цагт МИАТ-ийг удирдаж байсан Б.Эрдэнэ­билэг, Ерөнхий сайд, Ерөнхий­лөгчийн албыг хашиж асан Н.Энх­баяр нар тавьсан хэмээдэг. Тод­руул­бал, Б.Эрдэнэбилэг  өөрийн эзэмшиж байсан “Blue Sky” буюу сэлмэн барилгаа Н.Энхбаярт өгч оронд нь МИАТ-ийн захирлын суудлыг авснаар тэдний хооронд ашиг сонирхол, албан тушаалын холбоо үүссэн гэх. МИАТ-ийг ээлж дараалан удирдаж байсан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, “Mon­golian
Аirlines” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн нар бүгд гэр бүлийн найзууд гэж хэвлэлээр багагүй бичигдсэн. Энэ холбоо явсаар Н.Энхбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар гээд төрийн өндөр дээд албан тушаалт­нуудтай ч холбогдоно гэдэг нь сүүлийн үед олон нийтэд ил бол­сон мэдээллээс тодорхой болсон билээ. Дайны эрсдлийн сангийн мөнгийг идсэн хэрэг буглаж бугш­сан МИАТ-ийн хувьд нэг л хэсэг нь байлаа. Харин МИАТ-ийн идээ бээрийг шахвал үнэхээр ноцтой хэргүүд олон гарч ирнэ.

КАТЕРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МИАТЭЭС САЛГАЖ ХУВЬД ШИЛЖҮҮЛСЭН НЬ

МИАТ-ийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолын дагуу хийгдсэн  хувьч­лалуудын нэг нь “Катеринг”-ийн үйлчилгээ буюу хоол нийлүү­лэх үйлчилгээг хувьд шилжүүлэх явдал байв. Анх 1998 онд МИАТ өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулснаар компа­нийн­хаа ажилчдын болон зорчигч­дын хоолыг бэлтгэн нийлүүлдэг болжээ. Тухайн байгууллага нь жилд 100 гаруй мянган ам.дол­ларын гүйлгээ хийж 30 гаруй мян­ган ам.долларын ашигтай ажилла­саар ирсэн бөгөөд 2008 онд 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүр ч орчин үеийн шаард­ла­гад нийцүүлэн өөрчилсөн байна. Энэ бүх үйл ажиллагааны мөнгө татвар төлөгчдөөс гарч, бас ч хөрөнгө оруулсных ашигтай ажил­лаж байсныг сануулах хэрэг юун. Гэвч удаа дараа хөрөнгө оруулалт хийж амжилттай ажиллаж байсан энэхүү Катерингийн төвийг 2009 оны долдугаар сарын 23, 24-ний өдөр “Нүхт Тур” компанид шилжүү­лэх гэрээг баталжээ. Ингэхдээ Катерингийн удирдлагыг хоёр жилийн хугацаанд хувьд шилжүү­лэн авах бөгөөд хоёр удаа хоёр жилээр сунгах заалтыг оруулсан байна. Тус гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийг сонирхвол МИАТ-ийг төлөөлж Нислэг үйлд­вэр­лэл эрхэлсэн дэд захирал Г.Жар­галсайхан, “Нүхт тур” компа­нийг төлөөлж захирал Д.Хоржав нар байжээ.

Гэхдээ гэрээг үзэглэхээс сарын өмнө буюу тухайн жилийн зурга­дугаар сарын 30-нд Катерингийн төвийг “Нүхт тур” компанид шил­жүүлсэн байсан нь хар дагуулахаас аргагүй байдаг. Уг төвийг “Нүхт тур” компанид шилжүүлэх гэрээ хийг­дээгүй байхад нэг тэрбум 926 сая төгрөгийн барилга байгууламж, бүтээгдэхүүн бэлдэх, хадгалах технологийг Д.Хоржав нарын хү­мүүст өгсөн баримт одоо ил болж байна. Үүнээс гадна гэрээг МИАТ компанийн ТУЗ-ийн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлээгүй нь ямар­хан ашиг сонирхол байсныг илтгэх мэт. ТУЗ нь ийм гэрээ байгуу­лагд­саныг 10 хоногийн дараа мэдэж хурлаараа хэлэлцэн тооцоо судал­гаа муу байна хэмээн буцаасан ч гэрээ аль хэдийнэ үзэглэгдсэн учраас буцаах боломжгүй болж харин ч эсрэгээрээ хэрэгжиж эхэлс­эн түүхтэй ажээ. Ийн Катерингийн үйлчилгээг хувьчлах асуудлыг хөндөж ТУЗ-өөрөө хэлэлцэхээс өмнө хувьд шилжүүлэх гэрээ хийж, гэрээ хийхээсээ өмнө хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг Д.Хор­жав нарт өгснийг хуулийнхан шалгахаар болж, цаад эздийг нь тодруулахаар ажиллаж байгаа сурагтай.

Мэргэжлийн хяналтын байгуул­лагынхан энэ гэрээг хууль зөрчиж хийсэн нь одоо тодорхой болж байгаа аж. Бас Катерингийн үйл­чил­гээ төрөөс хувьд шилжсэнээрээ алдагдалтай ажиллаж эхэлжээ гэсэн дүгнэлтийг жил бүр гаргаж, хуулийн байгууллагуудад шил­жүүлж байсан ч дарагдсаар өнөөд­рийг хүрчээ. Мэргэжлийн хянал­тынх­ны илрүүлсэн бас нэг асуудал нь даатгалын асуудал. “Нүхт тур”-д удирдлагын эрхийг өгөх тухай гэрээнд тусгаснаар “Төвийн үл хөдлөх хөрөнгийг өмнө нь байгуул­сан нөхцөлөөс дордуулалгүй даат­гуулсан байх ёстой” гэжээ. Гэтэл “Нүхт тур” компани төвийнхөө лифт зэргийг 22 тэрбум 843 сая төгрөгөөр даатгуулах гэрээг “Монгол даатгал” компанитай хийж өмнө нь даатгалд өгч байсан мөнгөнөөс даруй хэд дахин ихийг шилжүүлсэн байдаг аж. Энэ нь бас л ээдрээтэй хэрэг бөгөөд учрыг нь олохоор хуулийн­хан хөөцөлдөж эхэлсэн гэнэ. Төрийн мэдэлд байхдаа эрүүл ахуйн хувьд мэргэжлийн ажилтан­тай байсан уг газар хувьд очоод зорчигчдын эрүүл мэндэд батал­гаатай бүтээгдэхүүн нийлүүлэхээ байж байгаа талаар олон жилийн өмнө хэвлэлээр бичигдэж байсан удаатай. Гэвч үүнээс ч том асууд­лыг гарын алга урвуулахын адил шийдэж байсан улсууд мэргэжлийн хүний үгийг нохой хуцахын чинээ тоож сонсоогүй билээ.

ТАТВАРЫНХНЫ МӨНГӨӨР ТАНСАГ БАЯР ТЭМДЭГЛЭНЭ

МИАТ-ийн удирдлагууд энэ мэтээр хуулиас гадуур хийсэн үйлдлээ нуухын тулд ажилчдынхаа шагнал урамшууллыг нь нэмж, их хэмжээний мөнгө амладаг байжээ. МИАТ-ийн үе, үеийн захирлууд буюу Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нар ажилчдынхаа амыг барихын тулд хөрөнгө мөнгийг ёстой цацдаг байжээ. Гэхдээ энэ нь тэдний хувийн хөрөнгө бус харин улсын хөрөнгөөс л гарч байгаа хэрэг шүү дээ. Тэд төрийн хөрөнгийг яаж үргүй зарцуулж байсан нь дараахь баримтаас тодорхой харагдаж байгаа. Одоогоос зургаан жилийн тэртээх шинэ жилийг МИАТ-ийнхэн тэмдэглэхдээ Хятадын “Huawen shishang tuwen” компанийн 2008 оны 21 мянган ширхэг календарийг 52.9 сая төгрөгөөр, Сөүлийн төлөө­лөгчийн газраас 400 ширхэг цаг, 180 гүц, 597 бал, 199 флаш дискийг 109 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Тэдний шинэ жилийн бэлэг нь дээр дурдагдсан 152 сая төг­рөгөөр тогтсонгүй. “Гранд компас” компаниас хөргөгчний наалт дөр­вөн мянгыг болон дөрвөн мянган түлхүүрийн оосрыг 10 сая төгрө­гөөр, “Хомо спресс” компаниас үзгэн бал, тэмдэглэлийн дэвтэр, дурсгалын цаг, энгэрийн тэмдэг зэргийг 14 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Тэд шинэ жилийнхээ бэлгэнд л гэхэд даруй 200 орчим сая төгрөг зарцуулдаг байсан нь эндээс харагдаж байна. Тодруул­бал, шинэ жилийн бэлгийг ийн 200 сая төгрөгөөр бэлдэхийн сацуу хүлээн авалтад 47 сая төгрөг зарцуулж, 300 сая төгрөгөөр 100 хүнийг урамшуулж байсан баримт байна. Эндээс харахад МИАТ гэх компанийн ажилчид шинэ жилээ тэмдэглэхдээ төрийн хөрөнгөөс даруй 500-600 сая төгрөг гарган авдаг байсан аж. Мөн 2007 онд ОХУ-ын “Аэрофлот”-ын ерөнхий захирлыг ирэхэд 13.3 сая төгрөгийн хэт хутга, буцахад нь 17 сая төг­рөгийн алтадсан аяга бэлэглэж байх жишээтэй. 2007 оны арван­хоёр­дугаар сарын сүүлийн хэдхэн өдөрт МИАТ-ийнхэн ингэж тансаг­ласан байна. Түүнчлэн “IOSA”-гийн гэнэтийн шалгалтад тэнцсэн гэдэг үндэслэлээр 250 орчим сая төгрөг гарган 30 гаруй ажилтнаа урам­шуулж байсан байсныг ч гэрч өгүүлж байгаа. МИАТ-ийн урам­шуул­лыг ийн бичээд байвал дуу­сах­гүй. Үр дүнгийн гэрээг сайн байгуулсан гэдэг нэрийдлээр Гүй­цэтгэх захирлаа 27 сая төгрөгөөр шагнаж байсан улсууд шүү дээ. Хуруу хумсаа зулгааж байж олсон хувийн компанийнхан хүмүүсээ ингэж шагнаж байсан бол гомдол­лоод байх зүйлгүй. Гэтэл энэ бол төрийн мөнгө өөрөөр хэлбэл, идэж буй талх, утсаар ярьсан нэгжийн­хээ секунд бүрт татвар хураалгаж байдаг олон түмний мөнгө шүү дээ. Гэхдээ энэ бүхэн шалгагдаж яригдаж байгаагүй биш яригдаж, бас шалгахыг хүссэн олон бичиг баримтыг нэг нэгэндээ илгээж байсан байдаг.

Бүр хэд хэдэн удаа цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ч төд удалгүй дарагддаг байжээ. Үүнийг хөрөнгө мөнгөний сонирхол нэг, эрх мэдэлтнүүд зогсоож байсан нь мэдээж. Ямартаа ч ардчилсан засаглал гарснаар олон жил дарагд­сан эдийн засгийн гэмт хэргийн үзүүр атгагдлаа. Идээ бээр одоо л хагарч, шахагдаж эхэлж байна.

Үргэлжлэл бий
Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Зузаан тоосгон хана айлын гэр дээр нуржээ

Хуучин цэргийн ангийн зориулалтаар ашиглаж байсан зузаан тоосгон хана айлын гэр дээр нурж, нэг хүн хүнд бэртжээ. Сонги­но­хайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвс­гэрт бол­сон уг үйл явд­лыг сурвалжиллаа.

Энэхүү гэнэтийн осол уржиг­дар 16 ца­гийн орчимд болсон
бай­на. Нурангид өртсөн айл иргэн Ч.Дамбынх аж. Өчигдөр тэднийд очиход гэр нь юу
ч үгүй хэмхэрч, зузаан тоос­гон хана­ны хэлтэр­хий­нүүд хашаагаар нь нэг хөглөрчээ.
Гэрийн яс мод байтугай тавил­гаас нь шир­хэг ч бүтэн юм үзэгдсэнгүй. Гэрийн эзэн
нурсан тоосгоноос даах хэмжээгээрээ өргөн зай­луулж байв.

Түүнээс болсон явд­лын талаар лавлахад ингэж ярив.

Энэ тоосгон хана нурах үед танайд хичнээн хүн байв?

-Би
зургаахан сартай зээ охи­ноо хардаг юм. Хүүхдүүд маань ажилтай болохоор гэрт бид хоёр л үлддэг. Надтай хамт нэг дор ажил­ладаг байсан гурван хүн  манайд ирсэн юм. Тэгээд гэрийн зүүн талд манайд ирсэн нэг гэр бүлийн хоёрын нөхөр нь сууж байсан. Харин бусад нь гэрийн баруун талд сууцгааж байлаа. Зээ охин бид хоёр ч бас тэдэнтэй ойролцоо сууж байсан. Гэтэл гэрийн зүүн талыг нэг хүчтэй юм нураад ороод ирэх шиг болсон. Энэ хэсэг тэр чигтээ дарагдсан. Харин гэрийн баруун талын унинууд унаж, чагтлагдсан юм. Азаар охин маань нураагүй. Би ч бушуухан охиноо тэврээд гэрийн хаалгаар арайхийн гүйж гарсан.

Танайд ирсэн зочид яасан бэ?

-Гэрийн
баруун талд сууж бай­сан хоёр араас гүйгээд гараад ирсэн. Харин зүүн талд сууж бай­сан хүн дарагдсан. Тоосгон хана нурахад доошоо болж зуух ор хоёрын хоорондох жижигхэн зайнд орчихсон байсан юм.

Түүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Эмнэлгийн
түргэн тусламж ирээд аваад явсан. Одоогоор холбоо барьж чадаагүй л байна.

Энэ тоосгон ханыг танайх ямар зориулалтаар ашигладаг юм бэ. Ингэж нурж унахаас нь өм­нө буулгачихаж болоогүй юм уу?

-Дээхнэ
үед манай энэ хавь цэргийн анги байсан юм билээ. Тэгээд зах зээлийн нийгэмд шилж­сэ­нээр айлууд буух болсон. Гэвч цэргийн ангийн хашаа байсан иймэрхүү зузаан тоосгон ханануу­дыг зарим хүмүүс нурааж чадаа­гүй юм билээ. Манайх энэ хашааг худалдаж авахад тоосгон хана байж л байсан. 64-ийн зузаан тоосгон хана болохоор нураах гэсэн боловч хүчрэгдэхээргүй юм байсан л даа. Гэвч олон жил болсон энэ хана муудаж гэнэт нурж, хүний амь эрсдэх шахлаа.

Та хэн хэнтэйгээ амьдардаг вэ. Хаана хонов?

-Хүүхдүүдтэйгээ амьдардаг. Манай энэ хашаа эгчийнх минь юм байгаа. Урьд шөнө бид тэднийд хоносон.

НУРАНГИД ДАРУУЛСАН ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ДЭЭРДЖЭЭ

Ч.Дамбын гэр дээр  тоосгон хана нурахад хамгийн түрүүнд зэргэлдээх айлынх нь залуучууд мэджээ. Хашаандаа машинаа засч байсан Булгантамир, Билгүүн гэх хорь гаруй насны тэд пирр, парр хийх чимээнээр ухасхийн Ч.Дам­бынх руу гүйж очсон гэнэ. Хэдхэн минутын өмнө дүнхийн харагдах дөрвөн ханатын ихэнх нь тоосгон хананд дарагдсан байжээ. “Яав ийв, хүн бэртэв үү?” гэж тэд санд­ралдаж. Азаар дотроос нь хүүхдээ тэвэрсэн Ч.Дамба гарч ирсэн байна. Түүний араас хоёр хүн гарч иржээ. Гэтэл нэг эмэгтэй нь “Миний нөхөр байгаа ш дээ. Авар л даа” гэж орилоход нь нуранги руу хартал нэг эрэгтэй хүн харагджээ. Тэрээр жижигхэн зайд байдгаараа навтайчихсан “Ахыгаа авраарай. Амь авар” гэх нь сонсогдож. Бул­ган­тамир, Билгүүн нар тоосгон ханыг өргөх гэсэн боловч өчүүхэн төдий ч хөдөлгөж чадаагүй аж. Нэг нь гэр рүүгээ гүйж ахыгаа дууджээ. Тэдний ах Б.Эрдэнэбилэг яаравч­лан ирж, бүгдээрээ тоосгон ханыг өргөх гээд бас л дийлээгүй гэнэ. Энэ үед тэрээр Онцгой байдлын 105-д дуудлага өгчээ. Хотын төвөөс хөдөлсөн аврагчид Хангай захын орчимд болсон ослын газар руу очих гэсээр байтал хагас цаг шахам болсон байна.

Нурангин доороос аврал эрсэн хүний дуу улам намсч, яахаа мэдэх­гүй сандарсан хүмүүст 105-ынхан хэдэн зуун км-ийн цаанаас ирж байгаа юм шиг санагджээ. Тэднийг ирэхээс өмнө дарагдсан хүнийг аварчих санаатай дээрх гурван залуу машины данхраа­даар тоосгон ханыг өргөсөн боловч бас л бүтэлгүйтжээ. Бүхэл бүтэн машин өргөж дийлдэг данхраад ч тэрхүү  тоосгон хананы хагархайг өргөж дийлээгүй байна.

Тоосгон хананы хувьд ойрол­цоогоор таван метрийн урттай, гурван метрийн өндөртэй, 64-ийн өргөнтэй байсан гэнэ. Олон жилийн өмнө баригдсан болохоор цаг хугацааны аясаар бат бөх чанар нь алдагдан хэврэгшжээ. Ойрын өдрүүдэд дулаарч байгаа­тай холбогдуулан газар гэсч зөө­лөрснөөр уг тоосгон хана хөрснөөс ховхрон унасон байна.

Шуурхай бүлэг 105-ынхан ослын газарт ирсэн даруйдаа дарагдсан хүнийг шуудхан аварч чадаагүй аж. Багаж хэрэгсэл дутмаг байсан тэд гар нүцгэн биднээс ялгагдахааргүй, тусламж хүссэн иргэнийг аврах гэж хугацаа алдсан гэж ойр орчмын оршин суугчид ярьж байлаа. 20 гаруй минут нуран­гитай ноцолдсон боловч дор нь дарагдсан хүнийг гаргаж хүчрэхгүй байж. “Уг нь иймэрхү ослын дууд­лагаар ирж байгаа тэд ямар багаж хэрэгсэлтэй ирэхээ мэдэх ёстой. Гэвч тэдэнд тавьж өгдөг техник хэрэгсэл нь хангалтгүй юм билээ. Дүүрэг болгонд аврах бүлэг байдаг бол ядаж дуудлагаар ирэхдээ хугацаа алдахгүй шүү дээ. Мөн газрын байршлаа ч түвэггүйхэн олоод ирнэ. Гэтэл тэд ослын газар ирэх гэж төөрч будилаад хаягаа тодорхойлоод ирж ч чадахгүй юм. Осол гарсан газар төв замаас холгүйхэн, шулуун замаар явахад хүрнэ. Зааж өгсөөр байтал “Одоо хаана вэ” гээд гацчихсан” хэмээн иргэд 105-ынхныг шүүмжилж байлаа. Багаж хэрэгсэл муутай аврагчид адаг сүүлдээ “Хангай” зах руу явж бага оврын кран дайчлан авчирсан байна. Ингээд кранаар тоосгон ханыг өргөх гээд болоогүй учраас бутлахаар шийджээ. Тоос­гон ханыг хэдэн хэсэг болгон жи­жиг­лээд кранаар өргөж зайлуулсан байна. Харин цаг гаруйн хуга­цаанд тусламж гуйсан залуу сүүлдээ ухаан алдаж унасан гэнэ. Аврагчид түүнийг гаргаж ирэхэд хөл нь нугалраад бүсэлхийнээс доош мэдээгүй болчихсон байж. Түүнийг харсан хүмүүсийн хэлж байгаагаар нүд хальтрам болсон байсан гэлээ. Азаар тэрээр яарал­тай түргэн тусламж авч, эмнэлэгт хүргэгдсэнээр амьд гарсан байна. Эхэндээ ухаан орохгүй ар гэрийнх­нийгээ сандаргаж байсан бол өчигдрөөс биеийн байдал нь дээрджээ.

Харин гэр нь  нурсан Ч.Дам­бынд төслийн журмаар шинэ гэр олгох болсон тухай СХД-ийн XXIII хорооны Засаг дарга П.Одончимэд дугаар шилжих мөчид хэллээ. Энэ золгүй байдал өнөөдөр Ч.Дам­бынд тохиолдлоо. Харин маргааш хичнээн айлыг ийм аюулд учруулах нь асуулт болон үлдлээ. Учир нь хуучин орос цэргийн анги байсан тиймэрхүү тоосгон хананууд тэр орчмын айлуудын хашаанд цөөнгүй харагдсан юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хонгорзул охин 13 жилийн дараа Монгол Улсын иргэнд тооцогдлоо

Монголд төрж, өссөн хэрнээ улсад ямар ч бүртгэлгүй Хонгорзул охины талаар манай сонин  мэдээлж байсан билээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих бригадын уулын мухарт гэртээ төрсөн энэ хүүхэд өнөөдрийг хүр­тэл албан ёсны бичиг баримтгүй байсан юм.

Эцэг нь өөд болж уулын мухарт хэдэн малтайгаа үлдсэн И.Отгон­цэцэг бүсгүй хатуу бэрх амьдралыг туулж ирсэн нэгэн. Ганц бие амь­дарч байсан энэ бүсгүй 1999 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гэртээ амаржсан гэдэг. Ийн Хонгор­зул охиныг төрөхөд зэргэлдээх айлынх нь өндөр настан эх барьж авсан тухай  И.Отгонцэцэг бүсгүй манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн билээ. Тэрээр сум орон нутгаас зайдуу хөдөө зэлүүд газарт гав ганцаархнаа нялх үрээ өсгөн бойжуулахын зэрэгцээ хэдэн малаа маллаж олон жилийг ардаа орхисон юм. Сумынхаа төв рүү ч орж үзээгүй энэ бүсгүй хүүхдийнхээ төрсний гэрчилгээг яагаад хөөцөлдөж аваагүй нь ойлгомжтой. Ингээд Хонгорзулыг хэдхэн ойтой болонгуут И.Отгонцэцэгийн төрсөн эгч тэднийг Дархан-Уул аймаг руу өөрийнхөө дэргэд татан авчирсан гэдэг. Тухайн үеэс охиндоо төрсний гэрчилгээ авахаар сум орон нутгийнхаа холбогдох газруудад хандсан боловч бүтээгүй байна. Тэрээр өөрийнхөө туулж ирсэн амьдралын талаар бидэнд илэн далангүй ярихдаа зөвхөн өөрий­гөө л буруутгаж байлаа. Өдгөө наймдугаар ангид суралцаж байх ёстой Хонгорзул бичиг баримтгүйн балгаар хичээлээс завсардсан. Цүнх үүрэн хөгжилдөн гүйлдэх хүүхдүүдийг хараад битүүхэндээ атаархаж байсан Хонгорзул охины мөрөөдөл нь биелэх боломжтой боллоо. Тэрээр өчигдөрхөн төрс­нийхөө гэрчилгээг гардаж, Монгол Улсын иргэний бүртгэлд орлоо.

ДарханУул аймагт амьдарч байгаа И.Отгонцэцэг бүсгүйтэй холбогдож, баяр хөөрийг нь хуваалцсан юм.

Хонгорзул бичиг баримттай болсон гэж дууллаа. Баяр хүргэе.

-Баярлалаа.
“Өдрийн сонин”-д маш их баярлаж байна. Охиноо төрсний гэрчилгээтэй болгох юмсан гэж туйлын их хүсч байсан мөрөөдөл минь биелэлээ оллоо. Дотор онгойх шиг л болж байна даа. Би Хонгорзулынхаа төрсний гэрчилгээг авах гэж олон жил хөөцөлдсөн. Гэвч намайг огт авч хэлэлцдэггүй байлаа. Харин танай сонинд охины минь тухай мэдээлэл гарснаар амархан бүтлээ.

Хонгорзулыг хэнээр овогло­сон бэ?

-Би
өөрөөрөө овоглосон. Би Дарханд ирээд хүнтэй сууж, хоёр хүүхэд төрүүлсэн. Тэд маань ч надаар овоглодог юм. Яагаад гэвэл нөхөр бид хоёр гэрлэлтийн баталгаа аваагүй болохоор тэр.

Охиныхоо төрсний гэрчил­гээг гар дээрээ тавихад ямар сэтгэгдэл төрөв?

-Баахан
л уйллаа. Өнөө өглөө (өчигдөр 11.00 цагт) охиныхоо гэрчилгээг очиж бичүүлж авсан. Отгонцэцэгийн Хонгорзул гэсэн бичигтэй охиныхоо төрсний гэрчил­гээг авангуут аяндаа нүднээс минь нулимс унасан. Баярласандаа хэлэх ч үг олдохгүй байна.

Охиныхоо гэрчилгээг яаж авсан бэ?

-Хонгорзулын маань гэрчилгээг хөөцөлдөхөд Дархан-Уул аймгийн Халам үйлчилгээний хэлтсийн Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цэцэгээ гэдэг эгч тусалсан. Энэ хүн 2012  оны арванхоёрдугаар сарын 20-ноос хойш Завхан аймгаас лавлагаа, Улсын иргэний бүртгэл, Төв архивын лавлагаа зэргийг хөөцөлдөж өгсөн юм. Бичиг үсэгт маруухан, очсон газар болгондоо төрийн албан хаагчид загнуулан хөөгдөж байсан миний өмнөө Г.Цэцэгээ эгч их гүйсэн дээ. Тэгээд “Өдрийн сонин”-д охиныхоо тухай ярилцлага өгсний дараа энэ асуудал хурдан шийдэгдсэн шүү. Хоёр ч удаа шүүх хурал боллоо. Тэгээд шүүхийн тогтоол гарч охины­хоо төрсний гэрчилгээг бичүүлж авсан юм. Г.Цэцэгээ эгчтэй хамт очиж туслаагүй бол бас л төрсний гэрчилгээ өгөхгүй янзтай байна лээ. Улсын бүртгэлийн ажилтан “Төрөлт бүртгэлгүй гэсэн лавлагаа хэрэгтэй” гэдэг юм байна. Харин Г.Цэцэгээ эгч “Тэр тогтоолыг шүүх авсан. Нэгэнт гэрчилгээ олгох шүүхийн тогтоол гарсан байна шүү дээ” гэж байж арайхийн охиныхоо төрсний гэрчилгээг авлаа.

Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хугацаанд нь аваагүй таныг торгууль төл гэж байна уу?

-Зохих
ёсны торгууль гардаг юм билээ. Гэхдээ нэн ядуу, хөдөл­мөрийн чадваргүй гэдэг үндэс­лэлээр ямар нэгэн торгууль төлөөгүй.

Хонгорзул төрсний гэрчил­гээтэй болсондоо ямар байна?

-Охин
маань баярлаад сүйд. “Ээждээ хайртай шүү. Миний ээж хамгийн сайхан нь. Охин нь сур­гуульд сурч, том болоод ээжийгээ жаргаана аа” гэсэн.

Одоо хүүхэд чинь төрсний гэрчилгээтэй болчихлоо. Сур­гуульд оруулна биз дээ?

-Хонгорзул
одоо Булган аймагт байгаа. Г.Цэцэгээ эгч хөөцөлдөж байгаад тийш нь явуулж, Сур­гуулийн өмнөх албан бус бүлэгт оруулсан юм. Охин маань одоо уншиж, нэмэх хасах үйлдлийн бодлогууд бодож байгаа. Утсаар ярьж, “Гэрчилгээг нь авчихсан шүү” гэж хэлэхэд бөөн баяр болж байна лээ.

Хонгорзул бичиг баримтгүй байсан болохоор төрөөс хүүх­дүүдэд өгдөг мөнгөн тэтгэмжийг хүртэж чадаагүй гэсэн байх. Харин одоо нөхөж авах боломж­той боллоо?

-Тиймээ.
Охиныхоо гэрчилгээг авангуутаа банкинд очиж хүүхдийн 20 мянгад нь бүртгүүллээ. Өнгөрсөн саруудынхыг нөхөж олгохгүй гэж байна. Харин хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг нөхөж олгоно гэсэн. Бас охиндоо эрүүл мэндийнх нь дэвтрийг авна. Охин маань 13 жилийн дараа Монгол Улсын иргэнд бүртгэгдлээ шүү дээ. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсч, насан туршдаа баярлаж явах болно.  

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн төлөө ажилладаг компанийн ТУЗ-үүд

“Эрдэнэс
Таван тол­гой” тойрсон шуугиан тас­рахгүй, харин ч эрчээ авах янзтай. Хэнд ч хэрэг­гүй дугуйг зургаан тэрбум төгрөгөөр  авсан “но”  нь хуучраагүй байхад ТУЗ-ийн даргынх нь эхнэр нүүрс тээвэрлэх 17 тэр­бумын тендерт ялсан гэ­сэн мэдээлэл олны ан­хаа­ралд орчихлоо. “Чал­ко”-той хийсэн ашиггүй гэрээнээс эхлээд компа­нитай холбоотой буруу шийдвэрүүд эхнээсээ ил болсоор байна. Алдаа бүр дээр “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд, тухайн үеийн Засгийн газрын тэргүүнийх нь нэрийг цохолж дууддаг. Уг нь хуулиараа бол ха­риуцлага хүлээх өөр хү­мүүс бий. Тэр нь компа­нийн ТУЗ.

ТУЗИЙН ГИШҮҮД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Энгийнээр хэлбэл ком­панид хяналт тавьдаг, компанийг  удирддаг хэсэг бүлэг нөхдийг ТУЗ гээд байгаа юм. Ирээдүйд хаа­шаа явахыг нь тогтоож, чиглүүлдэг байгууллага гээд дүгнэчихэж болно. Компанийн тухай хуульд ТУЗ-ийн бүрэн эрх гэсэн бүхэл бүтэн зүйл бий. Тэнд ТУЗ-ийн бүрэн эрхийг компанийн үйл ажиллагааны үндсэн чиг­лэлийг тогтоох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бо­лон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, ком­панийн гүйцэтгэх удирд­лагыг сонгох, өөрч­лөх, бүрэн эрхийг нь  тог­тоох, компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урам­шуу­лал, хариуцлагын хэм­жээг тогтоох,  компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тай­лангийн талаар дүгнэлт гаргах, их хэмжээний хэл­цэл хийх зөвшөөрөл ол­гох гэх мэтээр тодорхойл­сон байгаа. Гаргасан хууль нь хэрэгждэг бол мундаг эрхтэй газар. Тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ланжгар амьтад л ийм айхтар ажил хийж таарна.  ТӨРИЙН КОМПАНИУДЫН ТУЗ ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?

ТУЗ-д төрийн голдуу хүмүүс дээрээс ирсэн зөвлөмжийн дагуу ажил­ладаг. Өөрөөр хэлбэл,  төр юу гэнэ, түүнийг нь дагадаг. Ийм асуудлаар ингэж саналаа өгнө шүү гэсэн командаар ажил­ладаг учраас ТУЗ-ийн гишүүний бие даасан шийд­вэр гаргах, итгэл үнэмшлээрээ байх эрх нь байнга зөрчигддөг. Ин­гээд бодохоор нэг хүн ажилласан ч болохоор юм шиг. Төрийн өмчийн оролцоотой компаниу­дын нэрс төрийн албан тушаалтнуудын идэж уусан хэрэгтэй холбоо үг шиг ижилсэх болсон шалт­гаан эндээс эхтэй. ТУЗ-д хараат бус гишүүн гэж бий. Нэрнээс нь ха­рахад хэнээс  ч хамаа­рал­­гүй, компанийг буруу явах гээд байвал зөв зам руу ороход нь ТУЗ-ийн ги­шүүдэд нөлөөлж чаддаг нөхрийн хийх ажил. Ха­раат бус гишүүн хуулиа­раа бол ТУЗ-ийн гишүү­дийн гуравны нэгийг эз­лэх ёстой. Шийдвэрт нө­лөөлөхөөр тоо  биш учир  саналаа хэлсэн ч болно, хэлээгүй ч болно гэсэн үг.  Хараат бус гишүүний хуульд заасан эрхийг нь харахаар саналд нө­лөөл­­­дөгггүй юмаа гэхэд эвгүй юм хийгээд байвал хэлж шүүмжилж болох юм билээ.

Гэхдээ “Эрдэнэс Таван толгой”-н өчнөө “но” илэрлээ. Асуудал бо­со­хоос өмнө одоо ажил­лаж буй ТУЗ-ийн хараат бус гишүүний хэн нь ч  хэл ам татлаагүй. Тэгэхээр хараат бус гишүүдийг “компанид нэмэр болох хүн” гэхээс илүү “яавал хэлсэн үгнээс гарахгүй хүн тавих вэ” гэдэг шал­гуураар сонгодог нь тодорхой байгаа юм.

ХЭНИЙГ ТУЗИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛДОГ ВЭ?

“Эрдэнэс
Таван тол­гой”, Хөгжлийн банкны ТУЗ-д ямар эрхмүүд ажил­ладгийг сонирхуу­лъя. Ихэнх төрийн өмчит компанийн ТУЗ -ийн бү­рэл­дэхүүн ерөнхийдөө  нэг загвартай байдаг уч­раас ТУЗ-үүдийг иймэр­хүү гээд  багцаалдчихаж болно. Гол төлөв яамдын газрын дарга нар л тө­рийн өмчийн компанийн ТУЗ-ийн гишүүдэд багт­сан харагддаг. “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн. Таван толгойн тендерт нөлөөл­сөн гэж хардагдаад бай­гаа эрхэм. Гишүүдээр нь  ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэ­баатар, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, УУЯ-ны Уул уурхайн газрын захирал Д.Батболд, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд ажил­лаж байна. Хараат бус гишүүдээс бусад нь тө­рийнхөн. Хараат бус гишүүнээр “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн ажил­ладаг. Компанийнх нь нэрнээс харахад л нүүрс, эрчим хүчинд ойр хамаа­ралтай хүн гэдэг нь илэр­хий. Цааш нь ухвал  түү­ний талаар ашиг сонирх­лын зөрчилтэй гэхээр баримтууд сонсогддог. Хараат бус нөгөө гишүүн нь Д.Түмэнжаргал. “Эрдэ­нэс Таван толгой”-н сайт­наас харахад хаана, юу хийдэг нь тодорхойгүй, зөвхөн овог, нэрийг нь л бичжээ. “Эрдэнэс Таван­тол­гой”-н өмнөх хараат бус гишүүнээр Марк­шей­дерийн холбооны тэр­гүүн доктор Д.Дондов, АНУ-ын санхүүгийн үйл­чилгээний “Морган Стэн­ли” банкны Питт Бакус, Ж.Батзандан нар ажил­лаж байсан. Одоогийн бүрэлдэхүүнээ бодвол арай өөр. Ж.Батзандан нөгөөдүүлтэйгээ хэл амаа ололцохгүй байж байгаад удалгүй хүсэлтээрээ гарч байсан юм. Д.Дондовын хувьд уул уурхайн чиглэ­лийн эрдэмтэн, салбар­таа олон жил ажилласан туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.  Жил гаруйн  өмнө Таван толгой хэцүүхэн байдалд орсоныг хэвлэлээр мэ­дэгд­сэн удаатай. Дараа­хан нь дээрээс “хамаагүй юм ярьж болохгүй” гэсэн сануулга ирсэн дуулдсан. Өмнөх ТУЗ-ийн үндсэн зургаан гишүүн  нь мөн л төрийн төлөөллүүд бай­сан. “Эрдэнэс таван тол­гой”-н ТУЗ-ийн өмнөх даргаар ажиллаж байсан ТӨХ-ны дарга Д.Сугар гэхэд л тухайн үедээ хоёр компанийн ТУЗ-ыг удир­даж байсан юм. Түүнийг даргалж байх үед Таван толгойн ТУЗ-д байсан О.Эрдэнэбулган, А.Эр­дэнэпүрэв нар ч тухайн үедээ  хоёр дахь компа­нийнхаа ТУЗ-ийн гишүү­дээр ажиллаж байв.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ЭЗХЯ-ны төрийн нарийн бич­гийн дарга Б.Шинэбаатар ажиллаж байна.  ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга  Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Эдийн засгийн хам­тын ажиллагаа, зээл тус­ламжийн бодлогын газ­рын дарга Д.Болд­баа­тар, УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отго­чулуу, ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баян­мөнх нар гишүүд нь.  Хараат бус гишүүдээр нь Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захи­рал Б.Лхагвасүрэн, Мон­голын банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа,  МҮХАҮТ-ын Нэгдсэн бод­лого, төлөвлөлт зохицуу­лалтын газрын дарга Ч. Нэргүй нарыг томилжээ. Эндээс Б.Шинэбаатар, Б.Батзаяа нар  “Эрдэнэс Таван толгой”, “Хөгжлийн банк” аль алиных нь ТУЗ-д ажиллаж байна.

ТӨХ төрийн өмчийн компаниудад төлөөлөх хүмүүсийн нэрийг яам­даас хүсдэг, нөгөөдүүл нь  урдаа барьдаг цөөн хэ­дэн хүнээ санал болгодог учраас нэг хүн олон ТУЗ-д багтдаг.  “Яамны сайд нь  мэдээд хүнийхээ нэ­рийг өгчихсөн тохиол­долд бидэнд сайн муу гэж хэлэх боломж байдаггүй” гэж ТӨХ-ны ажилтны ярианаас харахад хэр чанартай ТУЗ бүрддэг нь тодорхой.

ТУЗИЙН ГИШҮҮН ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ВЭ?

“Рио
тинто”-гийн ТУЗ-д Монголыг төлөөлсөн гишүүд сарын 40 мянга, 4000 ам.долларын аль нэгийг нь авдаг. 40 мянга гэж нэг хэсэг ярьсан. Нэг тэг нэмээд биччихэж гэсэн тайлбар бас сонсогддог. Аль нь ч бай манайдаа бол их мөнгө. Саяхан Монголд  ирээд буцсан “Financial times”-ийн
тоймч 4000 ам.доллар гэдэг  гадаадад ч их мөнгө гэж байна лээ. Ямартай ч  гадаадын томоохон ком­паниуд зөв, буруугаа хя­нуулж, алдааг нь засахад тусалдаг ТУЗ-ийнхөө гишүүдэд багагүй мөнгө амладаг.  Мэргэшсэн, хү­лээн зөвшөөрөгдсөн, ком­панийг удирдаж чиг­лүүлэхээр хүмүүс  хөдөл­мөрөө хямдаар үнэлүү­лэхгүй нь тодорхой. Сүү­лийн үед хувийн компа­ниуд салбартаа олон ул­сад хүлээн зөвшөө­рөгд­сөн хүмүүсийг ТУЗ-дөө ажиллуулах болсон. Тэд­нийг урьж ажиллуулвал бүр ч их мөнгө хэрэг болж таарна. Харин төрийн өмчийн компаниуд  урам­шууллын тогтолцоогүй. Хэн нэг албан тушаалт­ныг ТУЗ-ийн гишүүнээр томилсон хэрнээ мөнгө төгрөг өгнө гэсэн ойлголт байхгүй. Сүүлд шинэч­лэгд­сэн хуулинд  хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх мөнгө л урамшуулал бол­гож авч болно гэсэн заалт орсон санагдаж байна. Тийм хэр нь  төрийн өмчийн компанийн ТУЗ сонирхол татсан алба хэвээр байгааг  “Эрдэнэс Таван толгой”, “МИАТ”-ийн жишээгээр тайлбар­лахаас өөр аргагүй.  Ца­лингүй хэрнээ дурлаж ажилладаг ТУЗ төрийн өмчийн компаниудад л байна.

ТӨРИЙН КОМПАНИЙН ХЭРЭГ БАЙНА УУ?

Өнгөрсөн сарын дун­дуур ТӨХ-ноос төрийн өмчийн оролцоотой 24 компани алдагдалтай ажиллаж байна гэж мэ­дээлсэн. Багануур, Ши­вээ-Овоо, Дулааны ца­хилгаан станц-I, II, III, Геологийн судалгааны төв, Аялал жуулчлалын үндэсний төв гээд жаг­саалт үргэлжилж байна лээ. Уг нь ашиггүй алдаг­далтай гэгдээд байгаа аялал жуулчлал, геологи, уул  уурхайг бизнес ут­гаар нь явуулбал  төртэй төргүй  хөгжчихөөр онцлогтой салбарууд.

Ингээд бодохоор төр бизнес хоёрыг тусад нь байлгамаар. Гэхдээ уул уурхайн хөгжлөө дагаад төрийн өмчийн том ком­паниуд байгуулагдаж бай­на.  Хүссэн ч эс  хүс­сэн ч төрийн өмчийн ком­паниуд томорсоор бай­гаа. МИАТ-аас эхлээд хувьчилж болохоорыг нь хувьчлаад үлдсэн зари­мыг нь чадалтай, чад­вартай, асуудалд боди­той хандаж чаддаг, ха­раат бус ажиллах болол­цоотой ТУЗ-үүдэд даат­ гахаас өөр аргагүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Туул голын, нийслэлчүүдийн ундны усыг нэмэгдүүлэх минжүүд “ажилдаа” оржээ

Туул голын эргээ бариад шороон замаар машинаа “гэлдрүүллээ”. Хар усан тохой өнгөрөөд Өлийн давааны наад ар дээрээс цааш машин буух боломжгүй болжээ. Бүдгэрсэн зам тэр чигтээ хайлах цасны усанд идэг­дээд ховилтчихож. Тэгэ­хээр нь уулын хойд арыг бариад явлаа мөн л ма­шин явах боломжгүй хайр­гатай юм. Ингээд машинаа үлдээчихээд явган алхав. Голынхоо эх рүү орох тусам Туул гол цөнгөө түрээд мэлмэрсэн хөх усан зэлэндээ номх­роогүй унага шиг цовхчин байв. Зүүн хойд уулнаас бүгээн морьтой, хүрэн дээлтэй  хүн биднийг чиг­лээд ирэв. Түүнтэй мэнд мэдэлцлээ. Туул гол хоёр өдрийн наранд эрчимтэй хайлаад их цөн түржээ. Бидэнтэй ирж уулзсан залуу Туул голыг явган, машинтай хүмүүс гатла­хад хүнд болсон гэдгийг дуулгав. Үнэхээр явган хүн гаталж болохооргүй их ус мэлмэрч байв. Арай гэж бүрэн гүйцэд  хайлаа­гүй мөсөн дээгүүр хөнгөн гишгэж явсаар голынхоо цаад эрэг дээр гарлаа. Ийн Өлийн давааны хор­мой Хүүш хэмээх газрыг зорьсон нь сүүлийн үед усаа татан буй Туул голын түвшинг нэмэгдүүлэхийн тулд нутагшуулсан минж­нүүдийг “ажлаа” хэрхэн хийж байгааг харах гэж зорьсон хэрэг.  Германы Бавари мужаас үржүү­лэ­хээр Улаанбаатарт авч­раад буй 14 минж нэг жилийн ойтойгоо золгох гэж байна. Харин ОХУ-аас авчирсан найман бүл минжийг Туул голын эх, Заан голд тавиад найман сарын нүүр үзэж байна. Заан голын эхэнд тавьсан бүл минжүүд энэ өвлийг өнтэй давсан гэх сайн мэдээг минж маллагчид бидэнд дуулгасан юм. Харин үр­жүүл­­гийн төвийн минжүүд ямар байгааг сурвалжлахаар явж байгаа минь энэ. Биднийг минж маллагч зургаан хүн тосч ирж уулзлаа. Анх энд минж байр­шуу­лах түр байр, ажилчдын нэг гэр барьсан байсныг бодоход минж үржүүлгийн зориулалтын байр­наас гадна ажилчид амьдрах, сургалт явуулж, лаборатори ажил­луулах хоёр ч байшинтай болжээ.

Нийт долоон га газрыг төмөр хашаагаар хүрээлжээ. Явган хүний замыг байгалийн чулуугаар өнгөл­сөн харагдав. Мөн байгалийн өнгө­тэй чулууг бетон зуурмаг бүхий нүхэнд суулгаад усан оргилуур хийж байв. Ганбаатар, Бямба­баатар, Түмэндэмбэрэл, Отгон­цэцэг, Батжаргал, малын эмч Эрдэ­нэ­далай нар энд минжүүдийг ха­риу­цан өвөлжсөн байна. Тэд өг­лөө­нөөс орой хүртэл “эрх” минж­нүүдийг асарч тойлно. Мөн ажлын­хаа завсраар явган хүний зам, усан оргилуур, модны мөчирт шувууны үүр засах зэрэг ажлыг амжуулсан байна.

 Минж маллагч Түмэндэмбэрэл, Отгонцэцэг “Манай хэд өдийд нам унтаж байгаа. Шөнийн амьдралтай болохоор өдөр унтчихдаг юм. Өг­лөө усанд дэвтээсэн лууван өгсөн. Орой сэрэхээр нь модны холтос, алим өгнө дөө” хэмээн ярив. Ингээд нийслэлчүүдийн ундны усыг хам­гаалах, усны түвшинг дээшлүүлэх “ажил”-тай минжүүдийн байрлаж байгаа байр руу орлоо.  Минж үржүүлэх төвд Германы Бавари мужаас авчирсан 14 минжнээс гадна өнгөрсөн зун Монголд мэн­дэл­сэн хоёр зулзага, ОХУ-аас авсан 11 бүл буюу 22 минж амь­дарч байна. Дэлхийн анхны минж үржүүлгийн төвд тооцогддог хойд хөршийн Воронежийн туршлагыг үлгэрлэсэн тул минжнүүдийн хувьд байр нь тохитой харагдав. Гэхдээ барилгын ажил нь бүрэн дуусаагүй ч өвөлтэй золгосон учраас өнгөр­сөн арваннэгдүгээр сард минж­нүүдээ байранд нь оруулсан гэнэ. Бүл бүр өөрийн гэсэн “гэртэй”.  Бетонон шалыг өвсөөр, модны холтсоор хучиж, орж гарахад нь зориулан жижиг нүхэн хаалга гаргажээ. Нүхээрээ гараад тусгай­лан бэлдсэн тэжээл, луувангаа идчихнэ. Хоол тавьсан хэсгээс шалыг налуу байдлаар цутгасан нь ус дүүргэхэд зориулжээ. Тиймээс минжнүүд хүссэн үедээ усанд орно. Шөнө идэвхтэй “ажилладаг” энэ амьтны ид унтдаг цагаар нь бид очсон тул нойрмог минжнүүд дур­тай дургүй гарч ирж бараагаа харуулаад, үүрэндээ эргэн оров. Тэд шөнөжингөө усанд шумбаж, хоол тэжээл идэж, бүл болсон минжтэйгээ тоглоод өглөө нар гарахаас өмнө унтчихдаг юм бай­на. “Минж их дөлгөөхөн амьтан. Айлгаж цочоохгүй бол давгүй  да­сах шинжтэй юм билээ” хэмээн маллагч Батжаргал ярив. 

Минж нь амьдарч буй газрын­хаа төрх байдлыг өөрчлөн хувир­гадаг, газар нутгийнхаа биоцено­зын бүтэц, бүрэлдэхүүнийг бая­жуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын өндөр ач холбогдолтой, хөдөлмөрч амьтан аж.

Минж нүхэн байр, овоохой барихад тохиромжтой голын булан тохой, элсэрхэг зөөлөн хөрстэй, өндөр эрэг бүхий газрыг сонгохоос гадна бор, цагаан бургас, харгана, чацаргана, улиас зэрэг шугуй, ойн төгөл, олон наст ургамалтай зөө­лөн урсгалтай, гүнзгий гол бүхий газрыг сонгон байршдаг ажээ. Хуурай газар болон ус хоёрыг холбосон олон салбар нүх гаргах бөгөөд тэр хэлхээ нүхэндээ унтаж амрах, хоол тэжээлээ нөөцлөх, идэх, үр зулзагаа төрүүлэх, тоглох зэрэг амьдрал нь үргэлжилдэг байна.

Ам бүлийн олон цөөнөөс ха­маа­­ран овоохойнууд харилцан адил­гүй аж. Том овоохойд олон минж амьдардаг гэнэ. Зарим том овоо­хойн суурийн диаметр 18 метр, өн­дөр нь 2.5-3 метр, өргөн нь зур­гаан метр хүрдэг ба 10-15 тэ­мээнд ачих хэмжээний модыг овоо­­хой­доо овоолсон байдаг гэнэ. Хаалт, боолт хийх, овоохой барих, модыг мэрж зөөхөд түүний үүдэн шүд нь чухал үүргийг гүйцэтгэдэг ажээ.

Асар том модыг холтосноос нь голыг нь хүртэл мэрж, үзүүрлэсэн харандаа шиг болгоход нэг өдөр л хангалттай байдаг аж. Огтолсон модоо зөөж хураахдаа хойд хоёр хөл дээрээ зогсоод урд хоёр хө­лийн­хөө суганд хавчуулан хуурай газар болон усаар чирч явдаг байна. Ингэж хоёр сугандаа мод хавчиж зөөсөн минжний хоёр суганы үс зулгарсан байдаг аж. Түүний энэ нөр их хөдөлмөрийн дүнд амьдрах гэр буюу овоохой нь дулаахан, тохилог байдаг байна.

Минж ургамал идэштэй, сүүгээр бойжигч амьтан. Хоол тэжээлийн тухайд бутлаг ургамлын навч, мөчир, холтос, газар доорхи үндэс­лэг иш, хулс, зэгс зэргээр хоол­лодог бөгөөд хоол тэжээлийнхээ хатуу зүйлийг дээд доод эрүү­нийхээ хос үүдэн шүдээр мэрж хооллодог гэнэ. Өдрийн ихэнх цагийг овоохойдоо өнгөрүүлэх бөгөөд сэрүүн байх үедээ 30 мину­тын зайтай хооллодог аж.

20:00, 21:00 цагийн үед усанд шумбаж, сэлж, бие биенээ хөөж, тоглож зугаацдаг бөгөөд энэ нь тэдний хамгийн зугаатай мөч нь бололтой гэнэ. Хооллох, нарлах, тоглох, биеэ маажих, тослох зэрэг нь тэдний өдөр тутам давтагддаг амьдралын хэлбэр нь бөгөөд энэ бүх үйл ажиллагаа нь цагийн ху­ваа­рийн дагуу явагддаг гэнэ.

Минж хавар, зуны цагт шинэхэн ургаж байгаа өвс ногоо, модны холтос, навчаар хооллодог бол намар болоод модны навч шарлаж, тэжээлээ алдаагүй байгаа дээр нь өвлийн идэш тэжээлээ бэлтгэх ажилд ордог аж. Ам бүлээ­рээ амьдардаг минжүүд усны за­хад мэрж унагаасан модныхоо мөчрийг зөөж хураагаад, жижиглэн бэлтгэх үйл явцыг “хөеө хураах” гэдэг байна. Ямар ч зудтай өвөл минж зутарч, хүнд байдалд ордог­гүй, хэвийн амьдралаар амьдарч чаддаг ажээ.

Минжний эрийг нь борхин, эмийг нь минжүүхэй, төлийг нь дүдэр хэмээнэ. Борхин нь өөр минжүүхэйг эрж хайхгүй, сольж сонгохгүй, хайр дурлалдаа үнэнч амьтан гэнэ. Минжний үржил хавар эрт явагддаг бөгөөд залуу эм минж гурван нас хүрээд үржилд ордог байна. Минжүүхэй хээлээ гурван cap буюу 105-107 хоног тээсний эцэст төрүүлдэг. Төллөхдөө хуурай газар буюу овоохойдоо тусгайлан зассан нүхэндээ төллөдөг байна.

Дүдэр нь эхээс төрөхдөө ихэвч­лэн 700 грамм орчим жинтэй бай­даг бөгөөд эх нь гурван долоо хоногийн турш сүүгээрээ хоол­лодог ажээ. Минжүүхэй жилд нэг удаа төллөхдөө гурваас таван дүдэр гаргах бөгөөд дүдрээ өвсөн хоолонд ортол нь овоохойгоос гаргадаггүй “даалгавартай” байдаг гэсэн. Төрөөд гурван долоо хонож буй бяцхан дүдрээ нас биед хүрсэн минжнүүд гүехэн устай суваг да­лан­гаар дундаа оруулан, усанд дасгаж зугаацуулна. Тэдний амьд­ралын зохилдлого нь усанд зохиц­сон байдаг учраас дүдрүүд усанд амархан шумбаж, сэлж сурдаг байна. Усан дотор 15-20 минут орчим амьсгал авалгүй гүнд нь сэлж чаддаг “авьяаслаг\’\’ амьтад гэнэ. Хаврын цагт намгийн ургамал эрт ургадаг учир минж үр төлөө сүүнээс гарахад нь намгийн зөөлөн ургамлаар тэжээж “бор” хоолонд оруулдаг байна. Ингэж нэг эхээс гарсан үр төл нь нэг өрх бий болгодог бөгөөд тэндээ 5-6 минж амьдардаг.

Түүний сонсох чадвар онцгой хөгжсөн байдаг байна. Минж нь хөлний ул, тавхай, сүүлнээс бусад хэсгээрээ элгэн хүрэн өнгийн маш нягт ноолуурхаг cop үсээр бүрхэгд­сэн арьстай байдаг. Түүний арьс тослог ихтэй, маш зузаан бат бэх чанартайгаас гадна хамгийн их үнэд хүрдэг билээ.

Хамгийн ахмад минжний жин 25 кг-д хүрчээ. Монголд ирээд төрсөн хоёр минж ч овоо том болсон байна. Тэд удахгүй нэг нас хүрнэ гэнэ. Эр, эм хэмээн таамаг­лаж байгаа ч одоогоор хүйсийг нь хараахан тогтоож чадаагүй аж. Учир нь минжийг гаднаас нь ха­раад хүйсийг ялгах боломжгүй тул лаборатори ашиглалтад ороход үүнийг хялбархан тодорхойлох боломж бүрдэх гэнэ.

ОХУ-аас ганц бие ирсэн хар сортой нэг минж “Гитлер” хочтой герман минжтэй нэр бүл болсон мэдээ дуулав. Германаас ирсэн минжийг ОХУ-аас авчирсан минж­тэй бүл болгоод адуугаар бол шинэ цагийн монгол адуу гэдэг шиг эрлийз минжтэй болох гэж байгаа юм байна. Бүлээр нь л нийлүүл­чихгүй бол зодолдож, муудал­цахгүй. Амар амгалан амьтад аж. “Гитлер” хэмээх нэртэй болсон минж их сахилгагүй, бусдыгаа бодоход нэлээд сэргэлэн гэнэ. Өнөө жил таван минж дүдэрлэх байх хэмээн маллагчид таамаглаж байна.

Ер нь төр засгаас ч гэсэн минж үржүүлгэд их дэмжлэг үзүүлж бай­гаа юм байна. Бид Туул голынхоо урсацыг нэмэгдүүлэх гэж олон ажил санаачилж байсан.  Гэвч олигтой үр дүнд хүрсэн ажил үнэн­дээ байхгүй. Гэтэл Туул өдрөөс өдөрт усаа татан байна. Хуурай сайр нь гарсан хэд хэдэн газар бий. Гэхдээ минжний тусламжтайгаар Туул гол аврагдах магадлал өндөр гэнэ.

Зааны голын эхэнд тавьсан найман бүл минжийг одоогоор бүрэн тоолж чадаагүй байна. Заан голын эх минж тавьсан газарт машин очих боломжгүй юм байна. “ЗИЛ” 131 машин зун очдог гэнэ. Намар орой хүйт орсон үед ирсэн гэхэд минжнүүд үүрээ барьж төвх­нө­чихсөн гэдгийг минж маллагчид хэлж байна лээ. Ууланд тавьсан минжнүүд одоо бүгд ажилдаа орсон гэнэ. Удахгүй үр дүн нь харагдах юм байх. Минж  хүний хийж чадахгүй бүтээн байгуулалт, инженерийн шийдлийг хамгийн хямд өртгөөр хийдэг байгальд ээлтэй амьтан гэдгийг тэд дахин дахин учирласаар байв. Тэдний мод унагаж, далан барьж усны түвшин нэмэгдүүлдгийг ч ярьсаар байв.

Түүний идсэн модны үлдсэн хожуулаас олон салаа мөчир ургадаг байна. Минжний амьдарч далан, овоохойгоо барьсан газрын усанд загасны тоо толгой, төрөл зүйл нэмэгддэгийг олон улсын туршлага харуулжээ. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зо­хи­цож, гол усаа аврах гэж байгаа биднийг хөдөлмөрч энэ амьтан хийгээд өгчихдөг аж. Канадад минж­нүүд хоёр км урт далан барь­сан түүхээс энэ амьтны юу бүтээж чад­да­гийг хялбархан ойлгоно. Манай улсад  минжийн тоо толгойг судлах ажил 2005 онд явагдаж  Ховд болон Тэсийн голд 200 гаруй минж амь­дарч буй нь тогтоогджээ. Түүнээс гадна Булган голд минж бий. 

Байгаль эко системийн аврагч гэж нэрлэгддэг минж одоогоос 15 сая жилийн өмнө үүссэн эртний амьтан.  Дэлхий дээр хоёр зүйлийн минж байдгийн евро азид тархсан нь манай улсын Булган, Тэс, Ховд голд бийг эрдэмтэд баталдаг бай­на. Модлог ургамал ихтэй,  муш­гирсан тохой булан үүсгэсэн зөө­лөн урсгалтай голын татуурга дээр амьдардаг ашиг тустай амьтныг “зожиг” гэж бас тодорхойлж болно.  Аль болох эзэнгүй нам тайван орчин амьдрах газар нь болдог байна. Минж нутагшуулах, үржүү­лэх төслийнхөн удахгүй энэ хавьд минжний парк байгуулах хүсэлтэй байгаа гэсэн. Цаг агаар дулаа­рахаар хурдан ургадаг улиас, бургас хашаандаа тарьж минж­нийхээ хоолыг өөрсдөө бэлтгэх гэнэ. Лууванг ч мөн ялгаагүй. Хэрэв таамагласнаар нь таван бүл төллө­вөл дүдэрүүдийг сүүгээр угжих гэнэ. Тиймээс ойрхон байдаг мал­тай айлаас үнээний сүү авахаар ярилцаж байгаа юм байна. Туул голыг амь тавихаас нь өмнө аврах гол гарц болоод буй харийн минж­нүүд Туул голын эхэнд нутагшиж, Монголын  байгаль орчин, цаг агаарт дассан байна. Одоо тэдэнд зөвхөн “ажлаа” хийх л үлдээд байгааг маллагчид ярьж байв. Үүнийг сонссон шиг нойрмог минж­нүүд ямар нэг модыг мэрэх шиг болсноо, хүүхэд шиг нялх хонгор дуугаар “санаа алдан” хурхирц­гааж байлаа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улс ардчиллын загвар орон гэдгээ нотоллоо

Дэлхийн ардчилсан орнууд Монголд гурван өдөр чууллаа. Энэ өдрүүдэд дэлхий нийт Азийн цээ­жинд орших Монгол Улсыг толь­дож, хүн төрөлхтөн биднийг ард­чилсан улс хэмээн хүлээн зөв­шөөрөв. Монгол Улс ч ардчилсан орон гэдгээ тэдэнд харуулж өгч чадлаа. Үнэндээ саяхныг хүртэл дэлхийн хүмүүсийн нэлээд нь Монголын тухай мэддэггүй байлаа. Мэддэг хэсэг нь биднийг дайнч, түрэмгий­лэгч Чингэсийн Монгол гэсэн ойлголтоос цаашгүй байв. Ком­мунист улс ч гэдэг байдлаар нэг хэсэг ойлгож, хандаж ирсэн. Гэхдээ 1990 оноос Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, ардчиллын салхи энэ улсад сэ­вэлз­сэнээс хойших өнөөд­рийн Монголыг дэлхий ертөнц ардчил­сан улс орнуудын тоонд эргэлт буцалтгүйгээр оруулсны нэг баталгаа нь манайд гурван өдөр зохиогдсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хурал байлаа. Энэ хуралд оролцохоор дэлхийн ардчилсан улс орнуудаас төлөөлөгчид ирлээ.  Ардчилал эрх чөлөөний төлөө  зоригтой, цогтой тэмцэгч баатрууд Монголд хөл тавилаа. Амьдралынхаа 15 жилд гэрийн хорионд сууж, эх орондоо ардчиллыг авч ирэхээр зүтгэж яваа Нобелийн энх тайвны шагналт, Мьянмарын парламентын доод танхимын Ардчиллын төлөөх үндэсний лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Аун Сан Сун Чи тэдний нэг байв. АНУ-ын Төрийн департаментын Туслах нарийн бичгийн дарга Сара Менделсон ч ирсэн юм.

Мөн Тайландын вант улсын 28 дахь Ерөнхий сайд, “Пхыа Тхаи” намын тэргүүн, хатагтай Йинглак Чинават ч энэ өдрүүдэд манайд  саатлаа. Анх удаа Арабын орнуу­даас 32-хон насандаа Нобелийн энх тайвны шагнал хүртэж бай­сан Таваккол Карман хэмээх ардчилагч бүсгүй Монголд ирлээ. Йемен эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө зоригтой тэмцэгч гэдгээр нь дэлхий өнөөдөр түүнийг андахгүй. АНУ-ын Коста Рикагийн тэргүүн дэд Ерөн­хийлөгч, Нигерийн дэд Ерөнхий­лөгч, Европын комиссын дэд Ерөн­хийлөгч, НҮБ-ын ерөн­хий нарийн бичгийн даргын орлогч,  АОХН-ийн ерөнхий нарийн бич­гийн дарга гээд энэ дэлхийн улс төрийн удир­дагчид манай эх оронд чууллаа.

Өнөөдөр ардчилал дэлхийн бүх улсад биеллээ олоогүй нь хөдөлшгүй үнэн. Үг хэлэх нь хяз­гаартай, үзэл бодлоо илэрхийлэх нь хяналттай, үйл хөдлөл нь ха­заартай улс орон дэлхийд байсаар л байна. Гэхдээ ардчилал бодит утгаараа биеллээ олсон улс ч олон. Тэдний дийлэнх нь энэ эрх чөлөө, ардчиллыг олж авахын тулд зуун дамжин тэмцэж, эрин дамжин зовсон. Үг хэлж, үзэл бодлоо илэр­хийлэх эрх чөлөөний төлөө дэлхий нийт ингэж тэмцсэн байхад Төв Азийн цээжинд хоёр том хөршийн дунд орших жижигхэн Монгол Улс ердөө 20-хон жилийн дотор ард­чиллыг монгол хүний үнэт зүйл болгож чадсан юм. Хэдийгээр Монголын ардчилал 20-иодхон жилийн түүхтэй ч манай амжилтыг  Монголд чуулсан ардчилагчид гайхан шагшиж байна. Үүний баталгаа нь хурлын индэр дээрээс тэдний хэлсэн үг.

Тайландын Ерөнхий сайд Ийнг­лак Чинават эх орондоо ард­чиллыг авчрахын тулд Монголоос туршлага судлахаар ирснээ зар­лаж байлаа. Харин алдарт Аун Сан Сун Чи дэлхийн ардчилагчид ху­ран чуулсан танхимын индэр дээ­рээс Монгол бол ертөнц дахины ардчиллын зүрх нь болсон улс хэмээн  тунхагласан юм. Монголын ардчиллын түүх, туршлага түүний сонирхлыг татаж, нааш нь хө­төлсөн гэдгийг тэр хэлсэн. Тэр тусмаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын ард түмэнд ард­чиллын төлөө зүтгэх тэмүүллийг төрүүлснийг онцолсон юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч Монголд чуулж буй ард­чилагчдад хандаж илгээсэн үгэн­дээ Монгол Улсын эдийн засаг, улс төрийн шилжилт, ардчиллын ололт амжилтыг сайшаан тэмдэглэлээ.  НҮБ-ын зэвсэг үл дэлгэрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг дэм­жих, энх тайвныг хамгаалах үйл хэрэгт Монгол Улс уриалан орол­цож байгааг тэр онцгойлон магт­саныг сонордуулав. Нигерийн дэд Ерөнхийлөгч Намади Самбоч Ни­гер, Монгол Улсыг холбож байгаа гүүр нь ардчилал гэдгийг тодот­госон.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ардчилсан орнуудын чуулга уулзалтад мэндчилгээ илгээхдээ Монгол Улсын ардчиллын турш­лагыг дурдалгүй орхисонгүй. Ардчиллын төлөө явуулж байгаа үйл хэргийнх нь төлөө тэр Монгол Улсад талархал дэвшүүллээ.

Монгол Улс ардчиллын загвар орон болсны нотолгоо нь энэ хү­мүүсийн хэлсэн үгнээс тодорхой харагдаж байна. Бид ч эх орондоо богино хугацаанд ардчиллыг бий болгосноороо, ардчилсан улс болс­­ноороо бахархлаа. АОХН-ийн бага хурлын үндсэн илтгэлийг тавьсан Ерөнхийлөгчийн үгэнд ч энэ бүхэн дурдагдаж байлаа. Ард­чилал эрх чөлөөний тухай бусдад заах биш туршлага солилцох бодол мон­голчуудад бий гэдгийг тэрээр зар­лан тунхагласан.  Мэ­дээж хэрэг Монгол Улс ардчилсан тогтол­цоонд шилжихэд амар хял­бар байгаагүйг Ерөнхийлөгч он­цолж байв.  “Монголчууд ардчилал, эрх чөлөөнийхөө ололтоор ба­харх­даг. Хүний эрх, эрх чөлөө бол өндөр хөгжилтэй орнуудын иргэдэд заяасан тусгай эрх биш, хүн нэг бүрийн эдлэх ёстой эрх” хэмээн тэр хурлын индэр дээрээс хэлсэн юм. Нэгэн цагт малчид шөлний хонь гаргахдаа нэгдлийн даргаасаа зөвшөөрөл авдаг байсан үе ард хоцорч, малдаа эзэн болж чадсан нь монголчуудын эрх чөлөө гэдгийг Ерөнхийлөгч туршлага судлахаар ирсэн дэлхийн ардчилсан орны төлөөлөгчдөд хэлж өглөө. Мон­голчууд ардчилалд  нэг ч цонхны шил хагалалгүйгээр, нэг хүний хамраас цус гаргалгүйгээр тайван замаар шилжсэнийг сайны жишээ болгон тайлбарлалаа. Энэ сургамж олон олон улсад туршлага болж, ардчиллын салхийг эх орондоо сэвэлзүүлэх ташуур нь болж өгөх биз ээ. Иргэдээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хавчин гадуурхаж,  дарамталж, эрх чөлөө, ардчиллын талаар сонсо­хыг ч хүсэхгүй яваа улс гүрнүүдэд энэ үг нэгийг бодуулж, хоёрыг тунгаах санамж болох нь дамжиг­гүй юм.

Хүн төрөлхтөн өнөөдөр дэл­хийд данстай 200 гаруй улсад хуваагдан харьяалагдаж байгаа. Эндээс НҮБ-д албан ёсоор бүрт­гэлтэй 198 орон бий. Үүнээс 104 орных нь төлөөлөгч өнгөрсөн гурван өдөр Монголд цуглаж, ийн ярилцсан нь энэ. Зах хязгааргүй уудам тал нутгийн малчин, нүү­дэлчин монголчуудыг  барууны, зүүний үзлийн аль алиныг эрхэм­лэж,  шашны олон урсгалыг хүлээн зөвшөөрч ардчиллыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж байгааг энэ улс орнууд нүдээрээ үзээд буцлаа. Монгол Улсад иргэд нь үгээ хэлж, эрх чөлөөгөө эдэлж байдгийг МАХН-ынхны жагсаал ч харуулаад авлаа.  Энэ зөвлөгөөнийг сайн, муу зо­хион байгуулсан уу гэдэг нь өөр асуудал. Монголчууд бид олон улсын хэмжээний том хурал чуул­ган хийж байгаа нь өөрөө амжилт юм.

Ямартай ч тэртээ 1990 онд Монгол Улс социализмаас салж, ардчиллын замыг сонгосон нь буруу биш байжээ. Монгол Улс ардчиллын загвар улс болсон гэдгээ дэлхий нийтэд харуулс­наараа энэ хурал ач холбогдолтой боллоо.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Өнөө жил нийслэлд 14.4 км авто зам ашиглалтад орно

Ойрын таван жилийн дотор Улаанбаатар хотын 350 км авто­замыг өргөтгөж, 212 км зам шинээр барьж, долоон газарт гүүрэн гарц, огтлолцлыг барихаар төлөвлөжээ. Ингэснээр нийслэл хот 2017 онд 925 км замтай болж, хотын хөдөл­гөөний түгжрэл ихтэй гол гудамж, замуудын уулзварт олон түвшний огтлолцол, төмөр зам дээгүүр гүүрэн гарцуудтай болно гэж Зам тээврийн сайд А.Гансүх Эдийн засгийн байн­гын хорооны хурал­даан дээр мэ­дээлжээ. Харин өнөө жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох нийт 1400 км автозамын ажил эхлээд байгааг тэрээр дуулгасан байна.

Энэ жил зургаан дүүрэгт явган хүний гүүрэн гарц, “Баян монгол” хороололд автомашины нүхэн гарцыг шинээр барьж, Сөүлийн гудамжны “Гранд Плаза”-гийн уулз­­вар, Олимпийн гудамжны Гэндэнгийн уулзвар зэрэг хэд хэдэн уулзварыг өргөтгөх юм байна. 

Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огт­лолцлууд, Замын Цагдаагийн газ­рын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц, Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг хурдны замтай уялдуулах үүднээс түр хугацаагаар зогсоогоод байгаа гэнэ.

Өнөө жил нийслэлд шинээр 38 км зам барих ажил эхэлж, 14.4 км авто зам ашиглалтад орох аж. Харин өргөтгөл шинэчлэлийн аж­лын хүрээнд Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэл, Цайзын уулзвараас Эскадрилын хөшөө хүртэл, Энхтайвны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн шинэчлэ­лийн ажлыг гүйцэтгэх юм байна.

Мөн Улаанхуарангийн зам, Эскадрилийн хөшөөнөөс Цэргийн Их Сургууль, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэл, 39 дүгээр сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит Шонхор зах, эцсийн буудал хүртэл, “Нарантуул” захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэл, Офицеруудын ордон-Чулуун-Овоо-Тролейбусны эцсийн буудал хүртэл, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-Таван шар хүртэлх гээд нийт 87 км замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Харамсалтай нь эдгээр ажлыг эхлүүлэхэд зарим байгууллага, хувь хүний зүгээс газар чөлөө­лөхгүй байгаа нь асуудал үүсгээд байгаа аж.

-Нарны
замын зүүн хэсэг “Нарантуул” захын зүүн хэсгээс Чулуун-Овооны урд уулзвар хүртэлх 4.5 км авто замд дутуу баригдсан таван давхар барилга, автобусны буудалд орсон сенд­вичин барилга

-Яармагийн
гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх авто замын трасст орсон “Тэс петролиум”, “Петровис”, “Жаст Ойл” шатахуун түгээх станцууд

-Доржийн
гудамж, “Туул жин пан”-гаас Цайз зах хүртэлх замын трасст орсон 126 объект

-“Хүчит
шонхор” захаас Ху­вьсгалчдын гудамж хүртэлх замын трасст орсон 28 объект

-Хасбаатарын гудамжны автобусны зогсоолд орсон дэлгүүр

-Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн авто замын трассын эхлэл дэх хоёр давхар тоосгон байшин

-Олимп-Гэндэнгийн гудамжны дөрвөн замын уулзвар дээрх “Эм Си Эс” ХХК-ийн захиалгаар баригдаж буй “Шангри-Ла Хотел” ХХК-ийн баригдаж байгаа барил­гын суурийн ухсан нүх замын ажилд тус тус саад учруулаад байгаа аж.

Замын өргөтгөлийн ажил хийх компаниуд бэлтгэлээ базааж бай­гаа бөгөөд дээр дурдсан газруудыг чөлөөлүүлэх захирамж гаргуула­хаар холбогдох газрынхан нь хөөцөлдөж байгаа аж.

Эдгээр обьектуудаас Яарма­гийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яар­магийн товчоо хүртлэх авто замын трасст орсон “Тэс петролиум”, “Петровис”, “Жаст Ойл” шатахуун түгээх станцууд олны анхаарлыг татаад буй. Эдгээр станц газар чөлөөлөх хүсэлгүй байгаа, “Той­руулж замаа тавь” гэсэн байр суурьтай байгаа гэх яриа гараад буй. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзад­доржоос тодруулахад “Эдгээр станцууд газраа чөлөөлөхөөр болсон. Эхнээсээ чөлөөлж байна” гэсэн хариулт өгсөн юм.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

“Ээжээ намайг битгий орхиоч, муу хүмүүс авч явах гээд байна” гэжээ

-ОЛОН ХОНОГ СУРАГГҮЙ БАЙСАН ГЭХ Э.ЗОЛЗАЯА УХААН ОРОНГУУТАА ЭЭЖДЭЭ ИНГЭЖ ХЭЛСЭН БАЙНА-

БНСУ-д сурч, амь­дарч байгаа Э.Золзаяа гэдэг монгол бүсгүй су­раггүй алга болоод олон хонолоо гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр өн­гөр­сөн хугацаанд ухаан­гүй эмнэлэгт хэвтэн эмч­лүүлж байсан гэнэ.

Э.ЗОЛЗАЯАГИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН БОЛОЛТОЙ

Түүний талаар Со­лон­госын сайтуудад “Биеэ үнэлэгч” байсан мэтээр бичжээ. Мөн Мон­голын зарим вэб хууд­суу­даар ч уг мэдээллийг хуу­лан олон нийтэд тарааж эхэллээ. Тухайлбал, “Э.Зол­заяа бүсгүй 2008 онд тус улсад дээд сур­гуулийн оюутан болж оч­сон жилээсээ биеэ үнэлж байгаад цагдаад бариг­дан шалгагдсан. Улмаар тор­гуулаад өнгөрч байсан удаатай. Хичээлдээ ява­хаа бай­сан түүнийг дө­рөвдүгээр сарын 11-ний өдөр гэрээ­сээ гараад одоо болтол ирсэнгүй, гар утас нь унтраалттай бай­на хэмээн долоо хоно­гийн дараа буюу 17-ны өдөр Инчон хотын дээд сур­гуулийн гадаад оюу­тан хариуцсан ажилтан цаг­даагийн газар анх мэ­дүүлж байсан байна. Дууд­­лагын дагуу шалгаж үзсэнээр монгол оюутан Э.Золзаяа хотын нэгэн шөнийн караокед 21.00 -03.00 цаг хүртэл ажил­ла­даг байсан нь тогтоогд­жээ. Тэрээр өнгөрсөн дө­рөвдүгээр сарын 11-ний орой 21.00 цагийн үед ажилдаа ирж. Ажлынхаа нэгэн солонгос бүсгүйн хамт тус улсын хоёр за­лууд үйлчилсэн ажээ. Тэд дор бүрдээ 200 мянган вон бэлнээр авч биеэ үнэ­лэн буудалд хамт хоно­хоор болсон. Монгол, солонгос хоёр бүсгүй, буудалд орохоосоо өмнө тэдэнтэй хамт дахин баа­­ранд нэлээд сууж наргиж цэнгэсэн байна. Тэд хамт­даа ойролцоох буудалд амарч байх үед солонгос бүсгүйтэй нэг өрөөнд орсон залуу түүнд гар хүрч эхэлсний улмаас цагдаад дууд­лага өгсөн.

Дуудлагаар ирсэн Ансан хотын цагдаагийн ажилтнууд, буудлын өрөө­­нүүдэд өөр бусад биеэ үнэлэгчид байгаа эсэхийг шалгахаар хаал­гуу­дыг тогшиж шалгалт явуулжээ. Гэвч энэ үед биеэ үнэлж байсан оюу­тан бүсгүй Э.Золзаяа өөрийг нь барихаар ир­лээ хэмээн ойлгож бууд­лын дөрвөн давхраас үсрэн унаж, улмаар ойрол­цоох эмнэлэгт яа­рал­тай хүргэгдсэн байна. Монгол оюутан бүсгүй ихээхэн бэртэж юм ярьж чадаагүй удсан тул түүний тухай мэдээллийг цаг тухайд нь өгч чадаа­гүйгээс, Солонгос улсад ор сураггүй алга боллоо гэсэн мэдээлэл ихээхэн цацагдсан бай­на” гэж Инчон хотын цагдаагийн газраас мэдээлсэн юм байх.

Энэхүү мэдээлэл үнэ­ний ортой нь эргэлзээтэй. Учир нь бидний авсан мэдээллээр БНСУ-ын аль ч цагдаагийн газраас дээрх мэдээллийг хий­гээ­гүй болохыг эх сурвалж өгүүлсэн юм. Тэгвэл Э.Зол­­заяа бүсгүйд юу то­хиолдов. Түүний биеийн байдал ямар байгааг сур­валжиллаа.

Э.ЗОЛЗАЯА ГЭЖ ХЭН БЭ?

БНСУ-д байдаг Монгол Солонгосын хамтарсан сай­тад “Маш хүнд бэртэл авсан Э.Золзаяа бүсгүйд сайн са­наат хүмүүс минь туслаач” гэсэн мэдээлэл тавигдсан байлаа. Тус улсад сурч бай­гаа монгол оюутан залуус санаагаа нэгтгэн нутаг нэгт нөхөртөө туслахаар ийм уриалга гаргажээ. БНСУ-д суралцаж буй монгол оюут­нуудыг хариуцсан мэргэжил­тэн С.Саранчимэгтэй утсаар холбогдсон юм. Түүнээс учир байдлыг тодруулахад да­раахь хариултыг өглөө. “Э.Зол­заяагийн хувьд Монголд аравдугаар ангиа төгсчихөөд Солонгост ирж суралцсан. Инчоны их сургуулийн Охидын коллежид  гурван жил хэлний бэлтгэлд  сурсан юм. Манай сургуулийг онц дүнтэй төгсч, Инчоны их сургуулийн онгоцны үйлч­лэгчийн ангид элссэн. Тэрнээс энд тэндхийн ин­тернэт сайтуу­даар мэдээлээд байгаа шиг муухай ажил хийх хүн биш гэдгийг би бардам хэлж чадна. Түүний талаар сөрөг мэдээл­лүүд Солонго­сын сайтуудад гарч эхлэнгүүт би цагдаагийн газарт ханд­сан юм. Тэгтэл “Бид албан ёсоор ямар ч мэдээлэл өгөө­гүй. Түүнийг яагаад ийм бай­далд орсныг шалгаж байна” гэсэн. Манай Э.Золзаяа сур­гуульдаа нэр хүндтэй, онц сурлагатай нэгэн. Найз нөхдөдөө ч хүндлэгддэг. Тий­мээс энд сурч байгаа монгол оюутнууд бид нэгдэн түүнд туслах ажил өрнүүлээд бай­на. Эмч хэлэхдээ түүнийг багаар бодоход гурван сар хэвтэн эмчлүүлнэ гэсэн. Биеийнх нь ихэнх яс хугарсан байна гэж байгаа. Аарцаг, хөл, гар гээд нэлээд хүнд бэртсэн. Ухаан орсон боловч шокийн байдлаас гарч чадах­гүй байна. Хүнд гэмтэл авсан болохоор тэр нь нөлөөлсөн бололтой. Одоо түүнийг ээж болон нагац эгч нь сахиж байна. Э.Золзаяа маань ухаан оронгуутаа ээжийгээ таниад ч байгаа юм шиг. Эсвэл танихгүй байгаа. “Ээжээ намайг битгий орхиоч, муу хүмүүс охиныг нь авах гээд байна” гэж ээжийгээ сан­даргасан. Бас “Ээжээ хоёу­лаа манайх руу очих уу” гэж ийм хүнд бэртэлтэй байгаа­гаа ч мэдэхгүй янз бүрийн юм ярьж байгаа. Ээжийнх нь хувьд охиноо ийм болсныг хараад сэтгэл нь уймарч хэцүүхэн л байна даа” гэв.

Сөүлийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Э.Зол­заяа бүсгүйн сахиур  буюу түүний нагац эгч Эрдэ­нэчимэгтэй утсаар холбогд­сон юм. Тэрээр “Дүү маань энэ сарын 11-нд хичээлээсээ тараад гэртээ ирсэн гэсэн. Гэтэл гар утас нь дуугарч гэрээсээ гарсан гэж цагдаа­гаас хэлж байна. Ингээд 11-12-нд шилжих шөнө ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирж. Тэг­тэл цагдаагийнхан эмнэлэгт очсоныг нь мэдэхгүй хайгаад байдаг. Би энд Э.Золзаяагийн ээж буюу төрсөн дүүтэйгээ ирээд цагдаад хандсан. Тэ­гээд эмнэлэгт ухаангүй хэвтэж байгааг нь оллоо. Ямартаа ч энэ хэргийг шалгаж байгаа. Дүүгийн маань талаар элдэв янзын мэдээлэл гарч байгаад гомдолтой байна. Одоо бие нь тун хүнд байгаа” гэлээ.

Э.Золзаяагийн Монголд байгаа хүргэн ахтай уулзаж ярилцлаа.

Та дүүгийнхээ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ сарын 11-ний орой дүү маань гэртээ байж байтал гар утас нь дуугарсан гэсэн. Тэгээд гадаа гарч хэн нэгэнтэй уулзчихаад удалгүй гэртээ орж ирсэн юм билээ. Дахиад утас нь дуугарч буцаад гараад явсан гэсэн. Цагдаагийн байгууллага шал­гаад ийм мэдээллийг Солон­гост байгаа манай эхнэр, Э.Золзаяагийн ээж хоёрт өгсөн юм билээ. Харин Э.Зол­заяа ухаан оронгуутаа “Муу хүмүүс байна. Намайг битгий орхиорой” гэж тэдэнд хэлсэн гэнэ лээ. Манай энэ дүүг сай­тууд дээр янз бүрээр бичсэнд гомдолтой байна. Тэрэн дээр гараад байгаа шиг баар са­ваар хэсээд байдаггүй. Сургууль дээрээ нэр хүндтэй. Найз нөхөд нь ч дүүгийн маань үнэн байдлыг мэднэ. Тэгээд тусалж дэмжихээр гүйлдээд байгаа гэсэн.

Түүнийг зарим сайтуу­даар биеэ үнэлэгч мэтээр бичсэн байна лээ. Солон­гост байгаа танай эхнэр, дүү хоёр цагдаагийн газарт нь хандсан байна уу?

-Би өдөр болгон л тэдэн рүү ярьж байгаа.  Инчоны бо­лон Анса хотын Цагдаагийн газраас тийм мэдээлэл  гар­гаагүй. Ийм мэдээлэл тараа­сан хүмүүсийн шалгана гэж албан ёсоор мэдэгдсэн бай­на лээ. Яагаад дүүг маань ингэж гүтгэж, ямар зорилго цаана нь байгаа нь сонин. Түүний хэрэглэж байсан гар утас, нөүтбүүк зэргийг нь шалгаж, гэрээс нь хэн дуудаж гаргасан болохыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн.

Э.Золзаяа хэзээ Солонгос руу явсан юм бэ?

-Тэнд очоод таван жил болж байна. Энэ жил Инчоны их сургуулийн Онгоцны үйлч­лэгчийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан.

Айлын хэд дэх хүүхэд вэ. Сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан болов уу?

-Дүү маань багаасаа л амьдралын ухаанд суралц­сан байсан. Айлын том охин бөгөөд ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Тэгээд арван жилд байхдаа зуныхаа амралтаар ажил хийж, дүү нарынхаа хичээлийн хэрэгс­лийн мөнгийг олдог байлаа. Ээж нь өвчтэй болохоор ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм. Тэнд сурч байгаа оюутнуудыг ажил хийхийг зөвшөөрдөггүй гэнэ лээ. Зөвхөн хичээл номондоо л шамддаг.

Найз залуутай байсан уу?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Энэ хүүхэд хэр бар­гийн юманд бэртэж гэмтэхээр хүүхэд биш. Арван жилд байхдаа бөхийн спортоор хичээллэдэг тамирчин охин байсан. Муухан эр хүнд дээ­рэл­хүүлэхээргүй хүүхэд. Яа­гаад ийм байдалтай болсонд гайхаж байна. Цаана нь нэг юм байгаа гэж бодож байна.

Тэр нь юу байх гэж бодож байна?

-Солонгосын цагдаагаас түүний гар утасны болон нөүт бүүкний, гаднах камерын бичлэг дуудлага зэргийг шал­гасан гэсэн. Тэгээд гэртээ хичээлээ хийгээд сууж бай­сан хүүхэд гэнэт гараад явсан нь сэжигтэй.

Хэнтэй амьдардаг байсан юм бэ?

-Ямартаа ч байр хөлсөлж амьдардаг байсан.

Э.Золзаяа зан араншин­гийн хувьд ямар вэ. Түүнийг сураггүй болсныг ар гэрийнхэн нь хэзээ мэдэв?

-Элдэв янзын зангүй, мэриймтгий, идэвхтэй хүүхэд. Ангийнх нь хүүхдүүд болон багш нь түүнийг ямар сурла­гатай, хичээнгүй оюутан боло­хыг сайн мэднэ. Тиймээс туслах гэж гэрэл зургийг нь нийтэлж, тусламж хүссэн. Ер нь Э.Золзаяад сул тал гэж байхгүй. Хичээлээ таслах нь битгий хэл хоцордоггүй дүү маань нэг өдөр хичээлдээ ирээгүйд ангийнхан нь гайх­сан юм билээ. Тэгээд гар утас нь салгаастай, ямар ч хол­боогүй, хоёр гурав хоноход сандралдаж бидэн рүү ханд­сан. Уг нь маргааш нь тэм­цээнд орох ёстой байсан гэсэн. Тэгээд “Маргааш хувц­саа авчирна” гээд ангийнх­наасаа салсан хүүхэд таг болчихоор тэд гайхна шүү дээ. Дүү маань эмнэлэгт ирэхдээ ямар ч бичиг баримт, цүнх сав, гар утасгүй ирсэн гэсэн. Тэгээд хэн болохыг нь мэдэхгүй цагдаа нар хугацаа алдсан бололтой. Тэрнээс олон хоног сураггүй байж байгаад гэнэт ухаангүй эмнэ­лэгт ирсэн юм байхгүй. Тийм байдалтай болонгуутаа эм­нэ­лэгт хүргэгдсэн юм билээ.

Эмнэлгийн зардал мөн­гө хэд орчим болж байна?

-Хоёр удаа хагалгаанд орсон гэсэн. Дахин тавду­гаар сарын 7-нд хагалгаанд орох юм гэнэ. Манай эхнэр, хадам дүү хоёрыг тэнд очи­ход эмнэлгийн зардал 13 сая вон болсон гэж эмч хэлсэн байна лээ. Одоо дахиад хагалгаад орохоор мөнгө их хэрэгтэй. Манайхны хувьд эрүүл саруул хүнээ гадны улс руу сургахаар илгээчихээд ийм байдалтай болсонд гом­долтой байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал ч хүнд байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ