Categories
редакцийн-нийтлэл

Р.Бурмаа: Сонинд төлбөртэй сурталчилгаа нийтлүүлэх тухай асуудал хуульд тусгагдаагүй

УИХын гишүүн, Өр­гөдлийн байнгын хо­роо­ны дарга Р.Бурмаатай ярилцлаа.

Таныг шат шатны сонгуулиудын хууль дээр гаршсан гишүүн гэж хэлэхэд болох байх. Энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сон­гуу­лийн хуулийн онц­логийн талаар асуух гэсэн юм?

-Сонгуулийг маргаан­гүй зохион байгуулах үүд­нээс хуульд маш олон нэмэлт заалт оруулсан байгаа. Дотоодын болон  хөндлөнгийн хяналт та­вих боломжийг бүрдүүл­сэн заалтууд их орсон. Тухайлбал, өмнө нь сон­гуульд нэр дэвшигч, нам эвслийнхний  нэрийн өмнөөс ажиглалт хийдэг байсан. Харин энэ удаа­гийн сонгуульд төрийн бус байгууллагууд хяналт тавьж, мониторинг хийх боломжтой болсон. Өм­нөх сонгуулиудад хэвлэл мэдээллийн байгуулла­гыг хянана гэж ярьдаг мөртөө  хэн хяналт тавих нь тодорхойгүй байлаа. Тэгвэл одоо энэ хяналтыг тавих эзэнтэй болсон. Хэвлэл мэдээллийн хэ­рэг­сэл сурталчилгаа явуу­лахдаа хууль зөрчиж бай­­на уу, үгүй юу гэдгийг  Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газ­раас хяналт тавина. Дээрээс нь СЕХ-ны дэргэд хэвлэлийн зөвлөл ажил­лана. Тэр зөвлөлд  хэвлэл мэдээллийн байгуулла­гын төлөөлөл орно.

Хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл Ерөн­хийлөгчийн сонгуулийн үеэр яаж ажиллабал хууль зөрчихгүй юм бэ. Хуульд энэ талаар ямар заалтууд орсон бэ?

-Хэвлэл
мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилготой ямар нэгэн шалгаруулалт зохион бай­гуулахыг хориглож байгаа. Мөн бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэ­дээ­лэл тараахыг хориг­ло­сон. Санал авах өд­рөөс долоо хоногийн хуга­цаанд нам, нэр дэвшигч­дийн талаар санал асуул­га явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиг­лан нийтэлж та­раа­хыг хориглосон байгаа. Сонгуулийн сурталчил­гаа­ны явцад бусдыг гүт­гэх, доромжлох, гутаах агуулгатай мэдээ, мэ­дээл­лийг төрөл бүрийн хэл­бэрээр тараах нь хорио­той. Сонгуулийн суртал­чил­гааг хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 22-ноос хойш эх­лүү­лэх ёстой. Сурталчил­гаа­ны явцад бусдыг гүт­гэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хо­риг­лосон. Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны мате­риал хэвлүүлж, тарааж, нийтэлж, нэвтрүүлэхийг хориглоно. Хэвлэл мэ­дээллийн байгууллага хуульд заасны дагуу за­хиалагчтай заавал гэрээ байгуулсны үндсэн дээр аливаа материалыг ний­тэлж, нэвтрүүлэх учиртай. Мөн дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сур­талчилгаа хийхийг хориг­лож байгаа.

Энэ заалтуудыг зөрч­вөл тусгай зөв­шөөр­лийг нь хураах бил үү?

-Тийм.
Энэ заалтуу­дыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөрчиж байна уу, үгүй юу гэдэг дээр Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газ­раас хяналт тавина. Ин­гээд тухайн байгууллага хууль зөрчсөнийг тогтоо­вол хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажил­ла­гаа эрхлэх тусгай зөв­шөөрлийг нь гурван сар хүртэл хугацаагаар түд­гэл­зүүлнэ.

Эзэн хаяггүй далд сурталчилгааны мате­риал нийтэлж, нэвтрүү­лэх л юм бол хууль зөрч­сөнд тооцогдох нь ээ?

-Нэр
дэвшигчийн сур­талчилгааны материалыг тэр нэр дэвшигч, энэ намын штабаас явуулж байгааг заавал дурдана. Хэрэв тэр материалд хэн нэгнийг гүтгэж, дором­жилсон байх юм бол ту­хайн сонгуулийн штаб хариуцлагаа хүлээнэ. Хэрэв нэр хаяггүйгээр хэн нэгнийг доромжилж, гүт­гэсэн эвсэл далд суртал­чилгаа хийж хэн нэгнийг магтсан байх юм бол ту­хайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээнэ.

Радио, телевизийн сонгуулийн сурталчил­гаа явуулах эрхийг хуульд тусад нь бүлэг болгон тусгасан байх аа?

-Олон
нийтийн радио телевиз СЕХ-ноос тог­тоож өгсөн хуваарийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ. Бусад радио телевиз  гэрээ бай­гуулс­ны үндсэн дээр төлбөр­тэй сурталчилгаа нэвт­рүүлж болно. Гэхдээ төл­бөр нь тухайн телеви­зийн оргил цагийн нэвт­рүүл­гийн хөлс мөнгөнөөс хэтрэхгүй үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний сурталчилгааг хямд үнээр явуулж, нөгөөхөд нь өндөр үнэ хэлж болохгүй гэсэн үг. Ийм тэгш бус байдлаар нэр дэвшигч­дэд хандаж болохгүй. Олон нийтийн радио, теле­визээс бусад радио, телевизийн сур­тал­чил­гааны төлбөртэй нэвт­рүүл­гийг хоногт нэг цагаас илүү явуулж бо­лох­гүй. Хоёр гурван су­ваг­тай телевизүүд зөвхөн үндсэн сувгаараа сур­тал­чилгааны нэвтрүүлэг явуу­лах эрхтэй. Олон ний­тийн радио, телевиз бо­лон бусад телевиз ра­дио­гоор цацах төлбөртэй төлбөргүй сурталчил­гаа­ны нэвтрүүлгийн хуваарь, цагийг СЕХ гаргана. Үүнийг сонгуулийн сур­тал­­чилгаа эхлэхээс арав хоногийн өмнө гаргасан байх ёстой. Энэ нь нэр дэвшигч бүрд ижил нөх­цөл, боломж, тэнцүү хуга­цаа ногдох боломжийг хангаж өгч байгаа юм. Тиймээс радио телеви­зүүд энд заасан хуваа­рийг дур мэдэн өөрчилж, сурталчилгааны нэвт­рүүл­гийн хуваарь, цагийг бусад нэр дэвшигчид шил­жүүлэх ёсгүй. Мөн радио, телевизээр улс­төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулж, нэр дэвшигчийн талаар даг­на­сан сонгуулийн сур­тал­чилгаа нэвтрүүлэх нь хориотой. Энэ заалтуу­дыг зөрчсөн нэр дэвшиг­чийг 420.000-700.000 төг­рө­гөөр торгоно. Харин уг заалтуудыг зөрчсөн хэв­лэл мэдээллийн байгуул­ла­гын үйл ажиллагаа эрх­­лэх тусгай зөвшөөр­лийг шударга өрсөлдөө­ний асуудал эрхэлсэн төрийн захиргааны бай­гуул­лагын дүгнэлтийг үн­дэс­лэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүл­нэ.

Энд зөвхөн радио, телевизийн тухай дурд­жээ. Тэгвэл со­нин хэв­лэлээр явуулах сонгуу­лийн суртал­чил­гааны талаар хуульд үүн шиг нарийн зааж өгсөн юм бий юу?

-Нэр
дэвшигчид өөрс­дөө л сурталчилгааны хэвлэмэл сонин гаргаж, сонгогчдод тараана уу гэхээс сонинд төлбөртэй сурталчилгаа нийтлүүлэх тухай асуудал хуульд тус­гагдаагүй.

Нэр дэвшигчид өдөр тутмын сонин хэв­лэлээр төлбөртэй ма­те­риал тавьж болохгүй гэж үү?

-Болохгүй.
Намууд радио, телевизтэй гэрээ байгуулж болно. Харин сонин хэвлэлтэй суртал­чил­гаа явуулах гэрээ бай­гуулахгүй. Сонин хэвлэл нэр дэвшигчийг гүтгэж, далд сурталчилгаа явуулж болохгүй. Харин сонин хэвлэлийнхэн сон­гуу­лийн талаар өөрсдийн анализ дүгнэлтийг хийж болно.

Яагаад ингэж бай­гаа юм бол?

-Сонгуулийн зардлыг багасгах үүднээс ингэж шийдсэн. 

Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшиж байгаа гурван хүн гур­вуулаа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа. Тэднийг ажлаа хийж байна уу, сур­тал­чил­гаагаа явуулж бай­на уу гэдгийг яаж ялгах вэ гэдэг асуудал одоо­ноос гарч байх шиг байна

-Гэхдээ
Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэвш­сэн гурван хүний нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь сайд, УИХ-ын гишүүн бай­гаа. Тэдний үндсэн ажлын талаар мэдээлсэн мэдээ, мэдээллийг сонгуу­лийн далд сурталчилгаа гэж үзэхгүй. Гурвуулаа үүрэгт ажлаа хийнэ. Гэх­дээ үндсэн ажлаа хийж байхдаа сонгуулийн ажилт­нуудад үүрэг даал­га­вар өгч, албан тушаа­лаа ашиглаж тэдэнд нөлөө­лөх гэж оролдож болохгүй. Сонгуулийн үед гурван нэр дэвшигчид гурвууланд нь төрийн хамгаалалт гаргаж өгнө. Бусад үед төрийн унаа тэрэг ашиглаж болохгүй.

Хяналтын тогтол­цоог нэлээд сайжруул­жээ

-Сонгуулийн ажиглаг­чид автомат машинаар санал тоолсны дараа сугалаа сугалж сум, хо­роо болгоны хоёр хэсэгт хянал­тын тооллого хийнэ. Санал тооллогын бич­лэгийг өмнөх сонгуулиу­дын үед нам бүрт нэгийг өгдөг байсан. Энэ удаад хүсвэл ажиглагч болгон тэр бичлэгийг авч үзэж болохоор болсон байгаа. Ийм байдлаар сонгууль зарласнаас хойших бүх үйл явц хяналттай болж байна. Түүнчлэн сон­гуульд ажиглалт хийх эрх­тэй иргэд, төрийн бус байгууллагынхан ажиг­лал­­таа одооноос ч тавьж болно. Энэ эрх нь хуулиар олгогдсон. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаа­лах газрынхан сонгуу­лийн хэсгийн хороодоор явж, хөгжлийн бэрхшээл­тэй иргэд санал өгөх бо­ломжийг бүрдүүлж байна уу гэдгийг хянаж, шалгах боломжтой.  Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хуульд иргэдийн санал өгөх боломжийг санал авах байрт бүр­дүүлнэ гэж заасан байгаа. Хараагүй иргэд ч хэн нэг­ний тусламжгүйгээр барелл үсэгтэй саналын хуудсан дээр саналаа өгөхөөр болж байна. Бичиг үсэг тайлаг­даа­гүйгээсээ болж сана­лаа өгөхөөс санаа зовдог бай­сан сонгогчдод ч энэ хууль боломж олгож бай­гаа. Өөрөөр хэлбэл,  сон­гуульд нэр дэвшигчдийн зургийг саналын хууд­санд хэвлэсэн учраас түүнийг харж сонголтоо хийнэ гэсэн үг.

Ухуулга сур­талчил­гаа хийх процессыг яаж зохицуулсан бэ?

-Сонгуулийн процес­сыг нэлээд нарийвчилж өгсөн. Ухуулга сурталчил­гаагаа яаж хийх үү, на­мын тугийг яаж ашиглах юм, сонгуулийн хэдэн ухуу­лагч, шадар туслахтай  байх вэ гэдгийг нарийн зааж өгсөн.  Өмнө нь али­ваа нам, нэр дэвшигчийн ухуулагч, шадар тус­лахууд айлын гэрт очоод “Танайх ухуулах байр шүү, дөрвөн хүнээ ухуул­на шүү” гээд мөнгө тараа­гаад явдаг байсан. Тэгвэл одоо ийм зүйл байхгүй. Ухуулагч, шадар тусла­хууд заавал тухайн дүү­рэг, сумынхаа сонгуулийн хороонд эхэлж бүртгүү­лээд ухуулагч, шадар туслахын үнэмлэх авч зүүнэ. Ухуулга, суртал­чил­гаанд ашиглаж бай­гаа машинууддаа ч аль штабынх гэдгээ мэдэгдэх таних тэмдэг наана. Ийм учраас ажлаа алдан, хавт­гайрсан суртал­чил­гааг хязгаарлаж өгнө. Энэ зүйл заалтууд бүх нэр дэвшигчийг адил тэгш гараанаас сурталчилгаа хийх эрхийг хангаж өгч байгаа юм. 

АН төр барьж бай­гаа учраас энэ сонгуу­лийг тэдний угшилтай хүмүүс зохион бай­гуул­на. Тэгэхээр сонгуу­лийн дүн АНын талд гарна гэж хардаж шүүмж­лэх тал МАНд байна л даа?

-2012 онд сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулсан. Ар­дын нам олонхи байхдаа энэ зохицуулалтыг хуульд оруулсан шүү дээ. Бодвол өөрсдөө л ингэж сонгуулийн дүнг өөрийн­хөө талд гаргадаг байсан юм байлгүй. Ми­ний бод­лоор бол төрийн албан хаагч хуулийн дагуу, хэн нэгний талд оролгүй ажил­лах ёстой. Хуулиа зөрчиж ажиллах юм бол төрийн албанд нэг жил ажиллах эрхээ хасуулж ажлаасаа  халаг­да­на шүү дээ. Дээр нь хийсэн зөрчлийнхөө хэм­жээгээр эрүүгийн болон захир­гаа­ны хариуцлага хүлээ­нэ. Тиймээс энэ сон­гуу­лийн дүнд төрийн албан хаагчид нөлөөлж, буди­луу­лах боломж байх­гүй. Хэрэв тэгнэ гэж хар­даад байгаа бол намууд болон төрийн бус бай­гуул­лагууд одооноос ажиг­лагчдаа хэсгийн хороо­дод тавих хэрэгтэй. Сонгогчдын нэрийн жаг­саалт хууль ёсны дагуу будлиангүй байна уу гэд­гийг хянах хэрэгтэй. Иргэд ч өөрсдөө нэрийн жаг­саалттайгаа өөрсдийн нэрээ тулгаж, шалгах бо­ломжтой. Сон­гуулийн хэс­гийн хороо­дын үйл ажиллагаа, хурал нь нээлттэй болох ёстой. Тэнд намуудын ажиглагч очиж суугаад бичлэг хийх эрх нь одоо нээгдчихсэн байгаа. Хуулиар олгогд­сон энэ эрхээ эдлэхгүй, элдэв хард­лага сэрд­лэгийн тухай ярих хэрэггүй болов уу.

Өмнөх УИХын сон­гуулиар нэг хаяг дээр маш олон сонгогч бүрт­гэгдсэн зөрчил гарсан. Энэ алдаа давтагдах­гүй биз дээ?

-Өмнө
нь маш олон байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг гарга­даг байсан. Иргэний бүрт­гэл, Статистикийн газар, сонгуулийн хэсгийн хороод, Засаг дарга нар гаргадаг байлаа. Тэдний жагсаалтууд хоорондоо зөрдөг байсан байхгүй юу. Тэгвэл одоо энэ ажлыг хариуцах нэг л эзэнтэй болсон. Тэр нь Иргэний бүртгэл. Хэрэв сонгогч­дын нэрийн жагсаалтад ямар нэгэн зөрчил гарч, сонгууль будлиантсан бол зөвхөн Иргэний бүрт­гэлийнхэн хариуцлага хүлээнэ. Иргэд интернэ­тэд орж,  регистрийн ду­гаа­­раа хийгээд  өөрийн­хөө хаяг дээр хэдэн сон­гогч бүртгүүлсэн болохыг шалгах боломжтой. Мөн хэсгийн хороод тухайн дүүрэг, сумын сонгогчдын нэрийн жагсаалтыг ил гаргаж тавина. Сонгогчид тэндээс хаяг дээрээ  би­чигдсэн хүмүүсийн нэрийг шалгах боломжтой. Ин­гээд санал хураах ажил эхлэхээс арав хоногийн өмнө нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах гом­дол гаргаж болно. Өөрөөр хэлбэл, зургаду­гаар сарын 16 хүртэл нэрийн жагсаалтдаа өөрч­­лөлт оруулах бо­ломж­той гэсэн үг. Иргэ­дийн гаргасан гомдлыг  шуурхай ший­дэж чадах­гүй бол УИХ-аас гаргасан сонгогчдын нэрийн жаг­саалтад хяналт тавих дэд хороонд хандаж болно.

Ийм дэд хороо гарсан юм уу?

-Ийм
тусгай дэд хороо гарсан. Дарга нь Ж.Бат­зан­дан Тэнд би гишүү­нээр орсон. Сонгогчид өмнө нь зөвхөн өөрийн­хөө өмнөөс гомдол гар­га­даг байсан бол одоо гэр бүлийн гишүүдийнхээ өм­нөөс гомдол гаргах эрхтэй болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуу­лийн нэг онцлог нь иргэд, сонгогчидтойгоо хамтран сонгуулиа шударга явуулъя гэдэгт оршиж байгаа. Иргэд сонгогчид өөрөө сонгуульд хяналт тавина гэсэн үг. Хэрэв сонгуулийн үеэр нэр дэв­шигч эд бараа, мөнгө тараасан бол цагдаагийн байгууллагад хандана. Ингээд нэр дэвшигч мөнгө тараасан нь нотлогдвол үүнийг илчилсэн сонгогч авсан мөнгөө 20 дахин нэмэгдүүлж урамшуулал авах эрхтэй болж байгаа. Дараа нь энэ мөнгийг мөнгө тараасан буруутай этгээдээс СЕХ  нөхөж авна. Сая Увсын тойрогт мөнгө тараасныг гэрчил­сэн сонгогчид  100 мянган төгрөгөө арав дахин үр­жүүлж сая болгож авсан шүү дээ. Тэгвэл Ерөн­хий­лөгчийн сонгуульд 100 мянган төгрөг авсан сон­гог­чид түүнийгээ илчил­бэл хорь дахин үржүүлж, хоёр сая болгож авах нь байна шүү дээ.

Увсын шударга сон­гогчид сонгуулийн бул­хайг илчилж урам­шуул­лаа авч, Ч.Хүрэл­баа­тар, Б.Чойжилсүрэн нарыг мөнгө тараасныг нотол­лоо. Гэтэл энэ хоёр хүн яагаад зүгээр яваад байгаа юм бол?

-Увсад
мөнгө тараас­ныг тогтоохоор хуралд­сан шүүх хуралд би суу­сан. Ингээд Дээд шүүх нэр дэвшигчид мөнгө тараа­сан нь тогтоогдсон тохиолдолд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх нь СЕХ-ын бүрэн эрхийн асуудал гэж үзсэн. Тийм учраас асуудлыг СЕХ шийднэ. Ямар ч байсан шүүхийн эцсийн шийдвэр гарч, УИХ-ын 2012 оны сонгуу­лиар Увсад мөнгө тараа­сан нь нотлогдсон. Тэр хүмүүс ч энэ булхайг ил­чил­сэн учраас сая урам­шуул­лаа авлаа. Дээд шүү­хийн хурал дээр Ч.Хү­рэл­баатар, Б.Чойжил­сүрэн хоёр 1093 айлд энэ маягаар мөнгө тараасан гэдгээ  өөрсдөө хэлж бай­на лээ. “Бид 1093 хүнд мөнгө тараасан” гэж. Тэгэ­хээр сонгуулийн үеэр мөн­гө тарааж, сонгуу­лийн дүнг өөртөө ашиг­тайгаар гаргуулж, УИХ-ын гишүүн болчихоод бан­дан тас гээд явдаг зүйл өнгөрсөн. Сонгуулийн дараа ч гэсэн буруутай этгээдийн буруутайг тог­тоо­гоод эргүүлэн татах боломж бий.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Дөрвөн жил уулзалдаагүй ээж, хүү хоёр хорих ангийн нээлттэй хаалганы өдрөөр уулзалдлаа

Н.Наранхүү ээжийгээ тэврээд камер руугаа орж байгаа нь

Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий газрын харьяа Амгалан дахь 421 дүгээр хорих анги өнгөр­сөн бямба  гаригт “Нээлттэй хаал­га”-ны өдөрлөг зохион байгууллаа. Дээрх хорих ангид 480 гаруй ялтан ял эдэлж байна. Ихэнх нь хулгай, дээрэм танхайн хэргээр хоригдож байгаа 18-40 насны залуус. Мөн хүн амины хэрэгтэй дэглэм буурч байгаа хүмүүжигч арав гаруй байгаа гэнэ. 

ЯЛТНУУД ХОРИГДОЖ БАЙХДАА АЖИЛЛАЖ, ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ

Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий газрын харьяа Амгалан дахь 421 дүгээр хорих ангийн үүдэнд өглөө 09:00 цаг болоогүй байхад л олон машин ирчихсэн тортой зүйлс барьчихсан хүмүүс дугаарлаад зогсчихсон байв. Хорих ангийн хаалга 09:30 цагт онгойж, тэнд байсан мянга гаруй хүмүүс дугаарлан орцгоосон юм.  421 дүгээр хорих ангийн дарга хурандаа Г.Тэрбиш “Хорих анги  гэдэг ойлголт хүн бүрт их хүнд сон­согддог байх. Тэр тусмаа ойр дотнын хүн нь энд ял аваад ирчи­хээр ар гэрийнхнийх нь санаа үргэлж зовдог. Дээхнэ үед хорих ангиуд хүнд цаг үед байсан. Одоо харин бүх зүйл өөр болсон шүү. Энд ирсэн хүмүүжигчид есөн төр­лийн мэргэжлээс сонгон мэр­гэжил эзэмшиж байна. Тэгээд гэрээт газруудад очиж ажил хийж байна. Ажил хийж бай­гаа хүмүүжигчид цалин авч байна. Цалингаараа нийгэмд учруулсан хохирлоо бараг­дуулж байна. Бас ар гэрийн­хэндээ цалингаасаа өгч бай­на” хэмээн нээлтийн үйл ажил­лагааны үеэр онцолж байсан.  Амгалан дахь хорих анги барилгын компаниудтай гэрээ байгуулан ажилладаг аж. Он гарсаар хүмүүжигч­дийн нийт цалин 68 сая төгрөг болоод байгаа юм байна. Мөн гэмт этгээдүүд бусдын эд зүйлсийг хулгайлсан, тан­хайрч бусдын биед хүнд гэм­тэл учруу­лаад эмчил­гээний зардлыг нь өгдөггүй. Үүнээс болж хохи­рогчид хохирлоо бараг­дуулж чадалгүй үлддэг. Тэгвэл одоо хүмүүжигч хохи­рог­чийн хохир­­лыг ялаа эдэлж байх хугацаандаа ажил хийн тө­лөх боломжтой болсныг ч дурдлаа. Амгалангийн хорих ангийн барилга дөрвөн жи­лийн өмнө ашиглалтад ор­жээ. Хоёр давхар хорих ка­мерт 600 гаруй хоригдол багтах бо­ломж­той гэнэ. “Нээлт­­тэй хаалга”-ны өдрөөр аавыгаа эргэж ирсэн бага насны хүүхдүүд олон байсан. Хүмүү­жигч Болдбаатарын эхнэр хүүхэд түүнийг эргэх гэж иржээ. Тэрбээр хүүгээ төрс­нөөс хойш огт хараагүй гэнэ. Залуу гэр бүлийнхэн бусдаас зайдуухан суух аж. Төрөөд удаагүй байгаа хүүгээ тэвэр­чихээд эхнэрээ хөтлөөд л хорих ангийн хашаан дун­дуур алхаад байх юм. Мөн Хөвсгөл аймгаас 80 гаруй насны хоёр хөгшин иржээ. Тэр хоёр хөгшин ганц хүүтэй юм байна. Найзынхаа хуриман дээр зодоон хийж танхай­раад гурван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Хадга­ламж зээлийн хоршоодын зарим захирал энэ ангид дэглэм буурч хоригдож бай­гаад өнгөрсөн өвөл магад­лан­гаар суллагдсан байна. Мөн бусдын халааснаас хул­гай хийдэг, гэр хорооллын айлуудын гэрээс хулгай хий­дэг, дээрэм хийдэг байсан гээд бүлэглэл бүхий залуус ч тэнд хоригдож байна.

ЭЭЖ ЭЭ, ТА ХААНА БАЙСАН ЮМ БЭ

Бусдад онц хэмжээний хохирол учруулж долоон жи­лийн хорих ялаар шийтгүүл­сэн 35 настай  Н.Наранхүү гэх залуу айлын ганц өргөмөл хүү гэнэ. Тэрбээр энд ирэхээ­сээ хоёр жилийн өмнөөс ээж­тэй­гээ уулзаж чадалгүй яв­саар өдгөө дөрвөн жил болж байгаа юм байна. Тэр­бээр сүүлийн үед “Ээж­тэйгээ л уулзах юмсан. Ядарч яваа юм шиг санагдаад байх юм” хэ­мээн үргэлж ярих болсныг хорих ангийн­хан ярьж байв. Тиймээс түүний ээжийг хорих ангийн албан хаагчид сар гаруй хайсны эцэст Дамба­дар­жаад дүүгийндээ амьдарч байхад нь олж, ийнхүү өргө­мөл ганц хүүтэй нь уулзуу­ла­хаар авчирч байгаа нь энэ. Бид 82 настай Н.Нина гэх хөгшнийг дагуулаад хорихын хаал­гаар орсон юм. Тэрбээр “Хүү минь ямар болсон бол. Эцэж, ядраа болов уу, миний ганц хүү. Хүүтэйгээ уулзалгүй явсаар өдий хүрлээ. Энэ хуга­цаанд гадаа хүртэл хонож байна даа. Ах, дүү гээд олон хүн байхгүй. Дүүгийн эхнэр уур нь хүрэхээрээ гэрээсээ хөөгөөд гарга­чихдаг юм. Дүү хүүхдийнхээ толгойг бариул­на гэж гэр рүүгээ авч явс­наас хойш дөрвөн жил хүүтэйгээ уулзсангүй. Энэ хугацаанд л бид төөрчихсөн хэрэг. Гэтэл энд бай­жээ, хүү минь. Шорон­гоос гарахад таван жил дутуу гэнэ. Хөгшин би яаж хүлээж чадав гэж. Батсүм­бэрийн асрамжийн газарт очих юмсан гэж бодох юм” хэмээн бидэнд ярьж явлаа. Тэгтэл 30 гаруй насны залуу биднийг чиглэн хамаг хурдаараа гүйн ирж, Н.Нина гуайг тэвэрч, нуруу нь намсаж, жижигхэн болсон ээжийнхээ энгэрт өвдөг дээрээ сөхөрч суугаад наалдан  “Ээжээ намайг ууч­лаа­рай. Та хаана байсан юм бэ. Таныг хаана байгаа бол гэж байнга боддог” гээд л цурхирч гарав. Ээж нь ч үрчийж, хорчийсон жижигхээн гараараа хүүгийнхээ толгойг илэн уйлж зогссон. Хэсэг уйлалдсаны эцэст Н.Наран­хүү ээжийгээ жаахан хүү­хэд өргөж байгаа юм шиг тэврээд өрөө рүүгээ орсон юм. Ихэнх хориг­дол ар гэрийнхэнтэйгээ гадаа уулзаж байгаа бол цөөн хэд нь дотор байв. На­ран­хүү ээжийгээ орон дээрээ суулгаад ээжийнхээ авчирсан сүүг буцалсан устай холин аягалж өгөөд, боов, чихрээ өмнө нь дэлгээд гэртээ байгаа юм шиг л дайлж харагдсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө Н.Нина гуайн хамаатан хүүхдийнхээ толгойг бариул­на гэж гэр рүүгээ авч яваад гэрт нь буцаагаагүй аж. Энэ хуга­цаанд Н.Наранхүү гэртээ байж, хамаатан садныхнаа­раа хайсан ч ээжтэйгээ уул­заж чадаагүй гэнэ. Тэгж явах­даа Наранхүү хүнтэй муудаж, зодолдоод долоон жилийн хорих ялаар шийтгүүлэн энд ирээд хоёр жил гаран болоод байгаа нь энэ юм.

Э.ХҮРЭЛБААТАР  

Categories
редакцийн-нийтлэл

Д.Зоригт: Сэргээш хэрэглэсэн бөхийн даваа бүр хүчингүй болдогтой л адил шүү дээ

УИХын гишүүн Д.Зоригттой ярилцлаа.

Та өнөөдөр (өчиг­дөр) анхныхаа чуул­га­ны хуралдаанд суу­лаа. Парламен­тын танхимд орж ирэлгүй удсан хү­ний хувьд ямар санаг­дав?

-Анхны
чуулганы ху­ралдаандаа суулаа. Өн­гөрсөн парламентын үед би Эдийн засгийн байн­гын хороонд байсан. Энэ ч утгаараа тэр үү. Өнөөд­рийн чуулганы хуралдаа­наар чухал хууль хэлэлц­лээ. Үнэт цаасны хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүү­лэгт оролцлоо.

УИХын сонгууль болс­ноос хойш нэ­лээд хугацаа өнгөр­чихөж. Өвөр­­хангай аймгийн сон­­гогчид саяхныг хүр­тэл УИХд төлөөлөлгүй яв­лаа шүү. Энэ хоо­ронд Өвөрхан­гайн тойргийг тойрсон их л маргаан өрнөлөө дөө?

-Харин
тийм. Миний хувьд 2012 оны УИХ-ын сонгууль их урт сонгууль болж өнгөрлөө. Үнэн хэ­рэгтээ УИХ-ын сонгууль миний хувьд арван сар үргэлжиллээ шүү дээ. Энэ хооронд шат шатны олон шүүхээр явсан. Өнгөрсөн хугацаанд нийт 11 шүүх хуралдсан байна шүү дээ. Үүний нэгээс бусдад нь бид хуулийн дагуу ялалт байгуулсан. УИХ-ын дарга хэлсэн шүү дээ. 2008 оны сонгууль яаж явагдсанаас үүдэж үймээн бослого гарч, та­ван хүн амиа алдсан. Тийм учраас хатуу сур­гамж авах үүднээс Сон­гуулийн тухай шинэ хууль гарга­сан гэж. Энэ бол их хатуу чанга хууль. Нэг л удаа алдаа гаргасан бол жаг­саалтаас хасагдаж, ялсан ч хасагддаг, УИХ-ын гишүүн болж орж ир­сэн ч хасагд­даг хатуу заал­тууд­тай хууль шүү дээ. Үнэн­дээ шат шатны сонгуу­лийн шударга, элдэв бул­хайгүй явуулж, төрөө цэвэр байл­гах үүднээс шинэ Сонгуу­лийн хуулийг баталсан шүү дээ. Гэтэл энэ хатуу чанга хуулийн нэг заалт зөрчигдсөн учраас нэр дэвшигчид хасагдаж бай­на л даа.

Энгийнээр зүйрлүү­лээд хэлбэл, сэргээш хэрэглэсэн бөх наадамд ороод хэд ч давсан бай хасагддагтай адил. Бүр наадамд түрүүлсэн ч бай­лаа гэсэн сэргээш хэрэг­лэсэн бол даваа бүр нь хүчингүй болж, гаргасан амжилт нь үнэ цэнэгүй болж  хувирна шүү дээ. Жишээ нь саяхан өнгөр­сөн наадмаар барилдах­даа сэргээш хэрэглэсэн Мөнхбаатар арслангийн даваанууд хүчингүй болж, Санчир гэдэг шинэ заан төрлөө. Цагаан са­рын дараа болсон  хур­дан морины уралдаанд ч ийм зүйл болсон. Монгол морьдын уралдаанд эрлийз морь уралдаад түрүүлсэн учраас  хассан шүү дээ. Энэ хууль хэн ч харсан шударга бус учраас ийм арга хэмжээ авч байгаа юм. Тэгвэл УИХ-ын сонгууль ч үүнтэй адилхан. Сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хууль зөрчсөн нь шүүхээр нотлогдоод хасагдлаа. Энэ нь Монголд хууль дүрэм, журам мөрдөгдөж байгааг харуулж байна.

Г.Батхүү гишүүн та хоёрыг мөнгөөрзо­дожУИХд хүчээр орж ирлээ гэсэн шүүмжлэл  дагаж байх шиг байна

-Д.Зоригт, Г.Батхүү хоёрыг хэвлэлээр өчнөөн л балбаж байна. Мон­голын
улс төрд олон жил явчихсан улстөрчид уч­раас үүнд эмзэглэхгүй. Энэ “зодуурыг” даагаад
гарчихаж чадна. Бид хоё­рын элдвээр хэлүүлж, балбуулах асуудал биш. Хамгийн гол
нь Г.Батхүү бид хоёр парламентад орж ирсэн яв­дал нь Сон­гуулийн хууль зөрчсөн үйлдлийг
таслан зогсоож, Мон­голын төрийг цэвэр тунгалаг байл­гах алх­мыг тавьж байна гэж
ойл­гож болно. Сонгууль буд­лиан­гүй, булхайгүй явдаг болоход бид ямар нэгэн хэмжээгээр
хувь нэмрээ оруулж байна гэж бодож байна.

2016 оны УИХ-д нэр дэвшигч­дэд Сонгуулийн хуульд тус­гасан тэр хатуу заалтуу­дыг зөрчих гээд үзээ­рэй. Хэрэв үүнийг үл ойшоон хуулиа зөрчөөд иргэдэд мөнгө тарааж, сонгогч­дын итгэл үнэмшил, са­на­лыг худалдаж авах гэж оролдох юм бол ингээд Их хурлын гишүүн байх эрхээ хасуулна шүү. Хэ­рэв тэгвэл хайран мөнгө, хайран хөдөлмөр болно шүү гэдэг сануулга ан­хаа­руул­гыг энэ явдал өглөө. Энэ утгаа­раа да­раа дараагийн сонгуу­лийг шударга болоход өөрсдийн хувь нэмрээ орууллаа гэж харж байгаа.

МАНаас нэр дэвшсэн С.Чин­зориг нэлээд гомдолтой байх шиг байна лээ. Намууд хэлсэн­дээ хүрсэнгүй, Г.Батхүү гишүүн ч тохир­сон­доо байсангүй гэх мэтийн зүйлүүдийг яриад дэл­гээд эхэл­лээ

-Би
түрүүнд хэлсэн шүү дээ. УИХ-ын сонгуу­ль болж өнгөрс­нөөс хой­ших энэ олон сарын хуга­цаанд 11 шүүх хур­лаар Өвөрхан­гайн тойр­гийн асуудал орсон бай­на. Гэтэл энэ шүүх хур­луудын нэгээс бусдад нь МАН-ынхан ялагд­сан бай­гаа. Нэгэнт ийм бай­хад одоо олон юм яриад байх шаардлага алга. Сонгуульд нэр дэвшээд өрсөл­­дөхдөө хуулиа мөр­дөж ажиллах ёстой байсан тийм үү. Хуулиа зөрчсөн үү зөрчсөн.

Тэр нь шүүхээр нот­логд­сон уу нотлогдсон шүү дээ. Ийм байхад өөрийгөө зөвт­гөөд олон юм яриад байх нь хэнд ч хэрэггүй. Анхнаасаа хууль номын дагуу яваагүй байж өнгөрсөн хойно нь араас нь олон ярих бол зо­хис­гүй. Яахав С.Чин­зоригийн хувьд харамсалтай бай­гаа байх. Тийм ч байхаас аргагүй, хүлээн зөвшөөрч байна. Гэх­дээ Өвөрхангай аймгийн тойр­гийн асуудал дээр хувь хүмүүсийн хоо­рон­­дын харил­цаа, тохиролцооны асуудал байхгүй шүү дээ. Ямар ч тийм тохироо, яриа хөөрөө байх­гүй. Тэгж яривал намуудын хоо­ронд ч яриад тохиролцох асуудал байж болохгүй. Энэ бол цэвэр Сонгуулийн хуу­лийн дагуу ший­дэгд­сэн асуу­дал. Ерөөсөө Монгол Улсын Сонгуулийн тухай хууль хэ­рэгжих үү, үгүй юу гэдэг зүйл энд яригдана. Сонгуулийн хууль зөрч­чи­хөөд байхад нүдээ тас аниад хажуугаар нь дуугүй өнгөрч, сон­гогч­дын саналыг худалдан авсан эт­гээдүүд энэ парламентад ороод байвал шинэ хууль гаргасны хэрэг байхгүй бол­но. Ийм л учраас хуулийн дагуу шүүх асуудлыг шийд­­сэн. Тиймээс энэ асуудалд цэг тавьж, улс орныхоо ирээдүйн талаар ярих нь зөв. Төр за­сагт хийх ажил их байна, улс оронд хийж бүтээх ажлууд ар араасаа ундарч байхад үүн рүү анхаарлаа хан­дуулах хэрэгтэй байна шүү дээ.

Та сонгуулиас хойш ар­ван сарын дараа парла­ментын ги­шүүн болж тан­гаргаа өргөөд орж ирлээ. Байнгын хорооддоо хуваа­­рилагдаж амжсан уу?

-Амжаагүй.
Өмнөх дөрвөн жилд Эдийн засгийн байнгын хороонд байсан шүү дээ. Тийм учраас энэ дөрвөн жил мөн энэ байнгын хороондоо орж ажиллах бодолтой бай­гаа. Бүлгийн даргадаа хүсэл­тээ илэрхийлсэн байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хо­рооны гишүүд бүрдчихсэн юм билээ. Шинээр гишүүн авах боломж одоогоор байхгүй гэсэн. Гэхдээ болох байх гэж бодож байна.

Энэ дөрвөн жил төрийн тү­шээ хүнийхээ хувьд яаж ажил­лах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Монгол
Улсаа чирч яваа бүтээн байгуулагч, бизнес­мэнүүдээ дэмжсэн бодлого манайд хэрэгтэй байна. Мон­гол Улсад үр ашгаа өгөх эдийн засгийн томоохон төс­лүүд шаардлагатай байна. Энэ тал дээр анхаарал тавьж ажиллана. Гадаад, дотоод гэлтгүй Монголд хөрөнгө оруу­лалт хийж байгаа хүмүү­сээ дэмжиж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх тал дээр анхаарлаа хандуулна гэж бодож байна.

Өнгөрсөн дөрвөн жил таныг парламентын гишүүн байхад АН, МАН хоёр хам­тарч засаг барьж байлаа. Харин энэ дөрвөн жилийн тухайд АН олонхио бүр­дүүлж, Засгийн газраа тол­гойлж бай­гаа­гаараа онцлог болж байна. Танд юу бодогдож байгаа вэ?

-АН-д маш том ачаа, их хариуц­лага ирж байна. АН-ыг ард түмэн харж байгаа. Тийм учраас сон­гуулиар өгсөн ам­лалтаа, бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэсэн үгээ­сээ ух­ралгүй шаргуу ажиллах ёстой. Ингэж хэлсэн ярьсандаа хүрч, УИХ, Засгийн газрын түв­шиндээ ч гаргасан мөрийн хөтөл­бөрөө ажил болгох хэрэгтэй байна. Энэ бүхний төлөө бид эвдрэлцэж тал тал тийш хараад суучихалгүй, гар гараасаа барилцаад явбал энэ улс орны төлөө ихийг хийж чадах болно. Энэ л бидэнд чухал байна.

Categories
редакцийн-нийтлэл

Энэ долоо хоногт ямар гэмт хэргүүд гарав?

Нийслэлийн хэмжээнд
нэлээд олон гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс хулгай, дээрэм, танхайн хэрэг зонхилсон
байна. Хаана ямар гэмт хэрэг гарсныг тоймоллоо.

Төрсөн
нь төрснийгөө хутгалжээ

Аав хүү хоёр, ахан дүүс, найз нөхдүүд хоорондоо
маргалдан нэгнийгээ хутгалсан хэргүүд энэ долоо хоногт хэд хэд гарав. Хүн рүү  хүйтэн мэс далайж байгаа хүмүүс бүгд архинд ухаанаа
удирдуулан ийм болчихмгүй алхам хийжээ. Баянгол дүүргийн V хороонд ах дүү хоёр нэгнийгээ
хутгалж, гэмтээсэн хэрэг гарлаа. Тус хороонд амьдардаг иргэн Т-г гэртээ байхад
нь төрсөн ах А нь согтуурсан үедээ 
маргалдан хүзүүн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээсэн байна. Мөн архи ууж
хөлчүүрхсэн эмэгтэйчүүд хоорондоо маргалдан нэгнийгээ хутгалсан хэрэг гарав. Баянзүрх
дүүргийн 27 дугаар хороонд оршин суудаг 40 гаруй насны Х бүсгүй найз эмэгтэйнхээ
хэвлийнд нь хутгалж гэмтээжээ. Одоогоор Х нь Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж
байгаа аж. Бас согтуу залуу аавыгаа хутгалсан хэрэг өчигдөр Сонгинохайрхан
дүүрэгт гарсан байна. Тус дүүргийн VII хорооны иргэн Т-г гэртээ байхад нь түүний
хүү Б нь согтуурсан үедээ далан тус газар нь хүйтэн мэсээр гэмтээжээ. Баянгол дүүргийн XI хорооны эзэнгүй
айлын хашаанд архи ууж байсан тодорхой ажилгүй Х нь согтуурсан үедээ иргэн
З-гийн өгзөг, хөлийн шилбэ рүү хутгалсан байна.

Хүн
зодож дээрэмдсэн бүлэг этгээдийг илрүүлэв

Ганцаараа явж байсан хүнийг бүлэг этгээд
айлган сүрдүүлж дээрэмдсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарлаа. Тус дүүргийн 19
дүгээр хороонд байрлах хүүхдийн нэгдсэн эмнэлэгийн орчимд иргэн А явж байжээ. Тэгтэл
түүнийг тодорхой ажилгүй Б бусадтай бүлэглэн зодож, 11.8 сая төгрөгийг нь дээрэмдэн
зугтсан байна. Цагдаа нар хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг илрүүлж,
саатуулсан юм. Харин Баянзүрх дүүрэг үйл ажиллагаа явуулдаг “М-Ойл” шатахуун түгээх
станцыг дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Үүрийн 05.00 цагийн үед
ажлын байран дээрээ байсан шатахуун түгээгч хоёр бүсгүйг багтай залуус зодож, айлган
сүрдүүлэн гурван сая төгрөгийг нь дээрэмдсэн юм. Хохирогчдын мэдүүлснээр  гэмт этгээд 20-25 орчим насны залуу ажээ. Уг хэргийг
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.

Нийслэлд хулгайн гэмт хэрэг зонхилж байгааг
цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлэв. Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн
Д-ын гэрээс бэлэн мөнгө 335.000 төгрөг, монетон бөгж, монетон ээмэг, дунд гарын
хаш хөөрөг  алдагдсан байна. Мөн Сонгинохайрхан
дүүргийн 22-р хорооны хороонд амьдардаг иргэн О-н гэрт түлхүүр тааруулан орж, дунд
гарын цулгүй, хээтэй, хээгүй мөнгөн аяга, арслангийн толгойн дүрстэй мөнгөн
бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг нь хулгайлжээ. Сүхбаатар дүүргийн IX
хорооны иргэн  Ү-н гэрээс үнэт эдлэлүүд алдагдсан
байна. Дээрх хэргүүдийн харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж. Мөн
тус дүүргийн XIV хорооны иргэн Г-ийн гэрт өчигдөр хулгайч орж үнэт эдлэлүүдийг
нь аваад зугтсан хэрэг өчигдөр гарсан байна. Тэднийхээс монетон бөгж, гинж
хослол, Jordan пүүз, Anycall  зургийн
аппарат, чемодантай эмэгтэй хүний хувцас зэрэг эд зүйл алдагдсан байна. Хэргийн
мөрөөр цагдаагийн ажилтанууд шуурхай ажиллаж, гэмт этгээд Дорнод аймгийн
харьяат тодорхой эрхэлсэн ажилгүй Ч болохыг тогтоожээ.

Хулгайч нар айл гэрт  халдсан дээрх хэргүүдээс гадна автомашинаас эд
зүйлс алдагдах явдал газар авчээ. Гэгээн цагаан өдрөөр хүн хөдөлгөөн ихтэй, хотын
төвд зогсоолд байсан автомашин хулгайчид өртсөн байна.  Тодруулбал, Урт цагааны урд талын зогсоол дээр
байсан “Toyota Corolla” маркийн машинаас байгууллагын бичиг баримт, тамга, эд зүйлс
болон  нэг сая 970 мянган төгрөгтэй цүнх
алдагдсан байна. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа
аж. Иймд жолооч нар автомашиндаа тохиолол хийлгэвэл хулгайчаас сэргийлэхийг цагдаагийн
байгууллагаас сэрэмжлүүлэв.

Эхнэр хүүхдээ зодсон хэрэг
дахин гарав

Тавхан настай хүүг төрсөн эцэг нь заазуураар
зүсч, хүнд гэмтээсэн хэрэг олныг сэртхийлгэсэн. Олныг сэртхийлгэсэн энэ хэрэг намжаагүй
байтал дахин ийм хэрэг гарав.  Баянзүрх дүүргийн
XI хорооны нутаг дэвсгэр, Туул зөрлөгт амьдардаг иргэн Н согтуурсан үедээ  ямар ч шалтгаангүй эхнэр Ц болон дөрвөн сартай
хүүхдээ зодсон байх юм. Согтуу эр эхнэрийнхээ шилбэ рүү сүхдсэн бол нялх  хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж
танхайрсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа
аж.

Мөн найман
настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Баянзүрх дүүргийн нэгэн орон сууцны
орцонд энэ хэрэг гарчээ.  Ийм жигшүүрт хэрэг
үйлдсэн эр 30 орчим настай Э гэгч болохыг цагдаагийн ажилтанууд шуурхай эрэн
сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж
байна.

Ажлын
байрны аюулгүй байдал алдагдсанаас хүний эрүүл мэнд, амь нас хохирчээ

Ажлын байрны аюулгүй ажиллагаа алдагдсаны
улмаас иргэн Э өөрийгөө гэмтээсэн хэрэг гарсан байна. Сүхбаатар дүүргийн VIII
хороонд байрлах “Туушин” компанийн барилга 
дээр түр ажиллаж байсан тэрээр гар хөрөөгөөр мод зүсэж байжээ. Гэтэл хөрөө
нь хальтарч, зүүн гарын эрхийн хуруу, өвдөг орчимоо хөрөөдсөн байна. Э одоогоор
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн
Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ. Тэгвэл Налайхын уурхайд нэг хүн амиа алдсан
хэрэг гарчээ. Тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн
Ардагельдийн уурхайн манаач агааргүй орчинд орж харамсалтайгаар амиа алдсан байна.

Сүхбаатар
дүүргийн I хороонд баригдаж байгаа барилга дээрээс арматур төмөр унасан осол өчигдөр
гарлаа. Тодруулбал, Төв шуудангийн урд Эко канстракшны баригдаж буй барилгын 11
давхараас  арматурын  төмөр 
унажээ.   Азаар энэ үед хүн бэртэж
гэмтээгүй байна. Харин зам дээр явж байсан “МТМ” ХХК-ны ажилчдын автобусны
дээврийг цөмлөн сэвтүүлсэн ажээ.

Орон сууцанд мөнгөн ус алдагдлаа

Баянхонгор
аймагт мөнгөн ус алдагдаж, олон хүн хордсон талаар “Өдрийн сонин” хөндсөн билээ.
Тэгвэл нийслэлд мөнгөн ус алдагдсан хэрэг пүрэв гаригт гарав. Баянзүрх дүүргийн
III хорооны хорооны орон сууцанд таван миллиграм мөнгөн ус алдагдсан юм. Онцгой
байдал, цагдаа, мэргэжлийн хяналтынхан шуурхай арга хэмжээ авч, иргэдийг аюулгүй
болгов.  Тэд мөнгөн ус асгарсан орцонд маарганцаар
саармагжуулалт хийж ажилласан юм. Энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа
ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хамгийн олон ямаатай Баацагаан сумынхны буйд амьдрал (үргэлжлэл)

Баацагаан сум

Баацагаан
суманд мян­ган хоньтой малчин байхгүй гэнэ. Харин мян­ган ямаатай малчин найм байдаг
гэнэ. Сумын хэм­жээнд дөрвөн мянга гаруй адуутай юм билээ. Сүү­лийн гурван жил аймгийн
наадамд Баацагаан су­мын уяачдын хурдан хүлгүүд түрүү, айрагт баг­тах болжээ. Нутгийн
мал­чид хурдан удмын адуу­тай болж Дорнод, Сүх­баа­тар, Хэнтий аймаг руу жилийн
дөрвөн улиралд тасралтгүй явах болсон нь олон ямаатай болсон­той холбоотой гэж уулз­сан
малчид ярих юм. Ер нь нутгийн иргэдийн яриа­ны сэдэв нь ямаа. “Тэд­нийх олон сэрхтэй
юм билээ. Оройн бууцны Жамс­рангийн ямаа их ноолууртай байна” гээд л хоорондоо ярих
ажээ. Сүүлийн үед Баацагаан сумын малчид 
цагаан ямаа өсгөх бодлоготой байгаа шалтгаан нь бү­гээн ноолуур өндөр үнэ­тэй
байгаатай холбоотой. Цагаан ямааны ноо­луу­рыг сумын төвийн чен­жүүд 59 мянгаар
авч бай­хад хар, улаан ямааны ноолуур 52 мянган төгрөг байх аж.

Хар
бараан зүсмийн ухна ямаан­даа тавьсан айл байхгүй. Бүгд л Шинэжинст сумын залаа
цагаан ухнын төлийг тавьдаг бай­на. Удахгүй Баацагаан сумын малчид  тэр чигтээ цагаан ямаатай болж магадгүй гэдгийг
сумын Засаг дарга Ж.Ганбат онцолж байв. Малчдын ихэнх нь ноолуурынхаа мөнгийг өр
зээлэндээ өгөөд үлдсэнийг банкинд хадгалдаг байна. Баацагаан су­маас хотод байртай
болсон хэд хэдэн малчин бий гэнэ.  Сумандаа
хамгийн олон мал тоолуулсан малчид гэвэл Г.Батдамба 1591, Д.Бат-Эрдэнэ 1515, М.Батмөнх
зэрэг малчид ар араасаа цуврах ажээ. Ц.Саранбаатар гэх залуу 90 адуу тоолуулж сумын
хамгийн олон адуутай малчнаар тодорчээ.

Баацагаан
сумынхны сонир­хуу­лах өөр нэг зүйл гэвэл гурван мянга гаруй хүн амын мянга гаруй
нь ямар нэгэн байдлаар улсаас тэтгэвэр, тэтгэмж авдаг юм байна.  Ихэнх нь өндөр настны  тэтгэвэр, 80 гаруй жирэмсэн эмэгтэй сар бүрийн
нэмэгдэл хоол тэжээлийн мөнгө, хүүхдийн 20 мянган төгрө­гийг 300 гаруй хүүхэд, тэгээд
хөдөл­мөрийн чадвараа алдсаны мөнгө, хэвтрийн болон түүний асран хамгаалагч нар
нийлээд 70 гаруй хүн улсаас тэтгэмж авч байгаа юм билээ. Сүүлийн үед  оюуны хомс­дол­той нь тогтоогдсон 30 гаруй хүн
бүртгэгдээд байгаа гэсэн. Энэ нь гурван мянга гаруй хүн амтай суманд өндөр үзүүлэлт
гэдгийг албаны эх сурвалж онцолж бай­лаа. Хот аймгаас ирсэн дарга нарт ховлож хэл
ам хийж байгаад ули­рал бүр хоол тэжээлийн талон авдаг, бүр өвлийнхөө түлэх тү­лээ­ний
мөнгө 150 мянган төгрөгийн дээр бусад тэтгэвэр, тэтгэмж аван хүүхдийнхээ мөнгөөр
архи авч уугаад сууж байдаг хүн ч цөөнгүй гэсэн.

Хөдөлмөрийн
насны ажилгүй  иргэн 275 бий гэнэ. Ажилгүй
за­лууст хавар ямаа самнаж мөнгөтэй болох ажил бий. Нэг ямааг 1500-2000 мянган төгрөгөөр
самнадаг гэсэн. Бусад сумыг бодвол нутгийн малчид  хямд үнээр ямаа сам­нуул­даг аж. Баацагааныг тойрсон
су­манд 5000 төгрөгөөр ямаа самнадаг гэсэн.

 

СУМАНД
АЖИЛД ОРОХ ГЭЖ БАЙГАА ХҮНИЙ АР ГЭР СОНГУУЛИЙН НАСНЫ ОЛОН ХҮНТЭЙ БАЙХ ЁСТОЙ

          Монголд 20 жилийн өмнө
эхэлсэн Ардчиллын түүчээ тус су­манд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар сая нэг юм
сэвэлзжээ. Нутгийн иргэд анх удаа Ардчил­сан намын гишүүн залууг сумынхаа Засаг
даргаар сонгоод байгаа нь энэ. Мөн долоон багийн  хоёр багт Ардчилсан намаас нэр дэвшсэн хоёр хүнийг
сонгожээ. Аймгийн ИТХ-д мөн л Ардчилсан намаас нэр дэвшсэн залуу гарчээ. Өмнө нь
гэр бүл, хамаатан садны хүмүүс Баацагаан сумыг удирдаж байсан аж. Одоо ч гэсэн түүний
улбаа үргэлжилсээр байна. Сумын ИТХ-ын дарга Л.Цэцгээ, түүний нөхөр Б.Наранбаатар
Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байна. Л.Цэцгээгийн дүү Л.Цэдэн-Иш татварын
байцаагч, Отгонбаяр нь сургуулийн нягтлан, үеэл Эрдэмбаяр нь сургуулийн сургалтын
менежер,  Б.Наран­баатар, Л.Цэцгээ нарын найз
нь  сумын цэцэрлэгийн захирал. Саяхан нэг
хамаатнаа цэцэрлэгт нягтлангаар оруулжээ. Сумын захиргаа, эмнэлэг, сургууль зэрэг
газруудад шинээр ажилд орж байгаа хүн хэд хэдэн асуудал дээр сумын удирдлагуудын
болзлыг хангаж байх хэрэгтэй байдаг гэнэ. Тэд МАН-ын гишүүн, ах дүү, хамаатан садан
олон буюу сонгогч олонтой байх ёстой аж. Сонгуульд оролцох хүний тоо цөөнтэй, өөр
намын нөхөр Баацагаан суманд ажилд орно гэж очоод хэрэггүй гэнэ. Баацагаан сумын
малчид МАН-ыг  дэмжихгүй бол болохгүй гэнэ.
Хэрэв МАН-аас өөр нам дэмжвэл төрөөс ирж байгаа тусламж үйлчилгээ болоод сумаас
иргэдэд малжуулах төсөл, бага дунд үйлдвэрийг дэмжих төсөл зэрэг аж амьдралыг нь
сайжруулах бага хүүтэй мөнгө зээлдэг төсөлд хамрагдаж чадахгүйд хүрдэг юм байх.
Оройн бууц багийнхан 2008 онд Ардчилсан намын гишүүнийг багийнхаа Засаг даргаар
сонгосон гэнэ. Тэгтэл тус багийнхан өөр багийн, нам нэгт Засаг даргад сайн ажил
хийж байгаа гээд зөөврийн компьютер, шинэ мотоцикль бэлэглэсэн байна. Харин Ардчилсан
намаас нэр дэвшсэн өөрийн багийн Засаг даргад шинэ жилээр өвлийн өвгөн бэлэг өгснөөс
өөр зүйл өгөөгүй гэх. Энэ мэт Баацагаан сумынхан хэт их улс төрждөг тухай яриаг
хэд хэдэн хүний амнаас сонсож явлаа.   

“ГОВИЙН
СУМАНД ОЙН ТӨГӨЛ БАЙГУУЛНА”

Баянхонгор
аймгийн Баацагаан сум говь нутаг. Говийн буйд сумын төв зуны эхэн сард шороогоор
шуурах ажээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Монгол даяар мод тарьсан
юм. Харин Баацагаан сумынхан модны суулгац байхгүй учир мод тарьж чадсангүй гэцгээж
байв. Гэхдээ удахгүй Сэлэнгэ аймгаас улиас модны суулгац олж ирээд тарих юм гэсэн.
Сүүлийн хэдэн жил цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор эрчимтэй усалж байж ургуулсан мод
өнөө жил эрт нахиалжээ. Сумын төвийн айлууд хашаандаа мод тарьсан байгаа харагдана.

Төвийн
бүсийн аймаг суманд өдийд тариаланчид ид ажилдаа гараад байгаа. Хүнсний ногоо, улаан
буудай гээд олон нэр төрлийн зүйлс тарьдаг үе. Баацагаан суманд хүнсний ногоо тарьдаг
дөрвөн айл бий. Тэдний нэг болох Д.Хүрэлбаатарынд очлоо. 

Хашааных
нь хаалгыг цохисон чинь 30 гаруй насны залуу угтлаа. Хашаандаа 300 гаруй чацарганын
мод тарьжээ. Энэ жил жимсээ өгөх гэнэ. Мөн гурван жилийн өмнө тарьсан үхрийн нүд
энэ жил жимсээ өгөх юм байх. Хоёр жилийн өмнөөс хашаандаа ногоо тарих болжээ. Уг
нь  хөдөө тарьдаг байсан гэнэ. Сумын төвөөс
30 гаруй километр хол учир шатахуунаас эхлээд хүнд­рэлтэй зүйл олон байжээ. Тиймээс
хоёр жилийн өмнө хашааныхаа шороог ухаж гаргаад шимтэй хар шороо Баянбүрд гэх газраас
ачиж иржээ. Ийн хашааныхаа шороог бүхэлд нь зөөж ногоо ургах бо­ломж­той хөрсөөр
солиод ха­шааныхаа ард талын худгийг гүний худаг болгон засаад ногоо тарьж эхэлжээ.
Өргөст хэмх, улаан лооль, лууван цэцэгт байцаа, төмс гэх зэргийн арав гаруй төрлийн
нарийн ногоо тарьжээ. Хашаандаа гурван ч хүлэмж барьсан байгаа харагдав. Хоёр хүлэмжийг
нь энд тэндээс урт төмөр цуглуулж бай­гаад махийлган гагнаад, гялгар уутаар бүрээд
хийчихсэн байх юм. Харин шилэн хүлэмжээ сумын төвийн хажууханд байдаг  хөх шавраар барьсан байна. Баа­цагаан сумын төвийн
хажууханд байх ширгэсэн булгийн хөх шавар ямар ч хольцгүйгээр блок хийж болдог гэнэ.
Өнгөрсөн зун блок цохиод намар нь хуучин байшин­гийн цонх ашиглаж барьжээ. Тэр шилэн
хүлэмжиндээ лууван, тарвас тарьсан нь ургасан байлаа.

Д.Хүрэлбаатар
“Хаврын тариа­лал­таа хашаандаа хийчихээд байна. Манайх сумандаа дэлгүүр ажиллуулдаг
юм. Бас мотоциклийн сэлбэг худалдаалдаг. Дэлгүүр ажиллуулахын хажуугаар гэрийнхээ
болон ах, дүү нарынхаа хэрэгцээт хүнсний ногоог хангачихдаг. Нэг талаараа ногоо
тарих миний сонирхол. Хашаан­даа машины дугуйгаар манаас хийж байгаад цэцэг тарьдаг.
Энд ургасан байгаа модноос тарьц тасдаж аваад үндэслүүлж байгаад суулгасан юм.
30 гаруй улиас модны суулгац байгаа. Тэрийгээ сумын төвөөс холгүйхэн Баян­бүр­дэд
суулгах санаатай. Манай гэр бүлийн хүн бид хоёр ойн төгөлтэй болох гээд байгаа юм.
Сумын төвөөс машинаар ус зөөж усалж байгаад ургуулна гээд  л яриад байгаа. Ойн төгөлтэй болчихвол цөлжилтийг
бага ч гэсэн багасгах хувь нэмэр юм даа” хэмээн ярив.

Гурван
хүүхэдтэй Д.Хүрэл­баа­тарынх хүнсний ногоо тарьж, дэл­гүүр ажиллуулж, хэдэн ямаа
худал­даж аваад айлд тавьчихсан гээд дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна.
Хөдөлмөрч залуу гэр бүлийг нутгийнхан нь магтах ажээ.

Баацагаан
сум иймэрхүү сонин сайхантай аж төрж байна. Хөгж­лөөс хоцрогдоод байсан үеэ бод­вол
бүтээн байгуулалтын ажл­ууд ар араасаа цувраад эхэлчихсэн. Нут­гийн иргэдийн амьжиргааны
түвшин ч сайжирч байгааг уулзсан хүн бүр хэлж байна лээ. Ямааныхаа сүүгээр хийсэн
цагаан идээг брэнд болгохоор  нутгийн малчид,
хоршоод хэд хэдэн томо­хон төсөл авчихжээ. Баацагааны цагаан ямааны ааруул, цөрмийг
брэнд бүтээгдэхүүн болгох юм гэсэн.

Нар
Аргалант уулын шилээр давж амжаагүй байхад бид аймгийн төв рүү хөдөлсөн юм. Говь,
хээр хосолсон энэ нутагт өвс, ногоо төө хэртэй ургачихсан зуншлага сай­хан болох
шинжтэй байна.

 Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Шатахуун түгээгч эмэгтэйг төмрөөр зодож, орлогыг нь дээрэмджээ

-ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ АЮУЛГҮЙ БАЙДЛАА БҮРЭН ХАНГАЖ ЧАДААГҮЙГЭЭС ХАЛДЛАГАД
ӨРТЖЭЭ-

Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэрэг өчигдөр үүрийн 05.00 цагт нийс­лэлд гарав. Баянзүрх дүүр­гийн XII хорооны ну­таг дэвс­гэрт байрладаг “М-Ойл” шатахуун түгээх станцад багтай хүн хал­даж, гурван  сая төгрөгийг нь дээ­рэмд­сэн байна. Энэ хэргийн эргэн тойрны үйл явдлыг сур­валжил­сан юм.

ТҮГЭЭГЧ ЭМЭГТЭЙГАЛНАХЭМЭЭН СҮРДҮҮЛЖ БАЙГААД ОРЛОГЫГ НЬ АВЧЭЭ

“М-Ойл”-ын халдла­гад өртсөн ШТС нь “На­ран­туул” захаас “Чулуун-Овоо” чиглэлийн замд байрлан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бол­сон явдлыг тодруулахаар тус ШТС дээр очлоо. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй ша­тахуун түгээгч жолооч нарт үйлчилж байв. Ха­рин дотор тэдний ахлах эмэгтэй сууж байсан юм. Гэмт халдлагын талаар түүнээс лавлатал “Ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн захирлын шийдвэр гарсан” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Уг ШТС-ын эргэн той­ронд хяналтын гурван камер зоосон харагдав. Харин дотор ганц нэг камер байгаа бололтой. Эх сурвалжийн хэлснээр хэрэг гарах үед ШТС-д хоёр л эмэгтэй түгээгч ажиллаж байжээ.
Үүрийн 05.00 цагийн үед хүний хөл хөдөлгөөн сийрэг нам жим байдаг. Тиймээс шатахуун түгээгч бүсгүйчүүд ажлынхаа байранд сууж байжээ. Гэтэл арын өрөөнийх нь цонхоор үл таних этгээд орж ирсэн байна. Гартаа төмөр барьсан тэрээр хар өнгийн юүдэн­тэй цамц өмсөн, нүүрээ битүүлж, нүдээ гаргасан багтай байж. Бүс­гүй­чүүд ч сандралдаж, шоконд орох шиг болсон гэнэ. Багтай залуу шуудхан хоёр бүсгүйгийн нэгийг нь гартаа барьсан төмрөөрөө зодож, нүүр, нүдгүй гөвшжээ. Харин нөгөө бүсгүйд нь гар хүрээгүй гэнэ. Тэгс­нээ зодож байсан түгээгч эмэг­тэй­гээ “Ална” хэмээн сүрдүүлжээ. Улмаар “Мөнгө өгөхгүй бол алчих­на шүү” гэж барьцаалсан аж. Ийн­хүү заналхийлэлд өртсөн бүсгүй аргагүйн эрхэнд түүний хэлсэн ёсоор сейфээ онгойлгож мөнгө гаргаж өгсөн бололтой. Сейфэнд гурван сая гаруй төгрөг байсан гэнэ. Тэгтэл гэмт этгээд задгай мөнгөнүүдийг нь тэрүүгээр нэг цацаж, бүхэл, боодолтой мөн­гө­нүүдийг нь шүүрэн авч оджээ. Азаар өдрийн орлогоо орой нь тушаагаад амжсан байж. Иймд дээрэмчин сейфэнд толгойлоод хийчихсэн байсан мөнгөнүүдийг нь авсан байна.

Энэ ШТС-ын цонхнууд нь хам­гаа­лалтын төмөр хаалтгүй юм билээ. Тиймээс олз хайсан залууд орж ирэх боломж олгосон байна. Гэхдээ ямар нэгэн цонх хагарч, бутарсан ул мөр огт байсангүй. Эх сурвалжийн ярьж буйгаар ШТС-ын цонх нь түгжээгүй байсан гэв. Хамгаалалтын төмөргүй, онгорхой цонхоор дээрэмдэгч түвэггүйхэн орж иржээ. Халдлага болох үед гэрээт хам­гаалагч байтугай эрэгтэй ажилтан ч байгаагүй нь уг ШТС зөвхөн хяналтын камертаа найдаж суусных бололтой. ШТС бүрэн камерын болон дохиолол хамгаалалттай болохоор аливаа халдлага тохиол­до­ход гэрээт хамгаалагчид хэдхэн хормын дотор ирэх учиртай аж. Харин тэдний гэрээт хамгаалагч төв байранд нь байрладаг аж. Өчигд­рийн болсон явдалд түгээгч эмэгтэй дохиоллынхоо товчлуурыг дартал хамгаалагчид хэдхэн минутад ир­сэн гэнэ. Гэвч гэмт этгээд ум хумгүй зугтаажээ. Түүнд зодуулсан түгээгч эмэгтэйн биеийн байдал гайгүй байгаа аж. Цочролд орсон боло­хоор хэсэг хугацаанд ажлаа хийх боломжгүй болжээ. Биеийн байдал нь дээрдэж, тайвширсны дараа ажлаа үргэлжлүүлэн хийх юм бай­на.

Тус ШТС-ыг аюулгүй байдлаа ханга гэж цагдаагаас удаа дараа шаардлага хүргүүлж байсан гэнэ.

МОйл“-ын халдлагад өрт­сөн ШТСаас явахтай зэрэгцээд хэргийг мөрдөн шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд  ирсэн юм. Цаг­даа­гийн байгуул­лагаас тус ШТСд албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Нийслэлийн цаг­даагийн газрын хэвлэлийн тө­лөө­лөгч, цагдаагийн ахлах тө­лөө­лөгч Б.Эрдэнэмөнхөөс тод­руулсан юм.

 -“МОйл“-ын ШТСыг дээрэмдсэн этгээдийг олсон уу?

-Одоогоор
эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Гэмт этгээд 20-25 насны эрэгтэй хүн байсан байгаа юм.

Тус ШТС хяналтын камертай юм билээ. Хэргийн талаар хэрхэн бичигдсэн байна?

-Гэмт
этгээд масктай, хар хув­цас­тай байсан болохоор царай зүс нь танигдахгүй. Уг ШТС-ын хувьд хяналтын камер нь шаардлага хангахааргүй. Стандартын бус камер. Тиймээс тухайн үйл явдлын процесс нь тод харагдахааргүй юм билээ. Эднийд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас урьд нь хэд хэдэн удаа анхааруулга, албан шаардлага хүргүүлж байсан. Хянал­тын камеруудаа сайжруулах, цонхнууддаа хамгаалалтын тор хийж, хаалганыхаа түгжээг бататган аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулсаар байтал ийм халдлагад өртлөө.

Гэрээт хамгаалагчтай юу?

-Гэрээт
хамгаалагч нь төв байран дээр нь байрладаг гэсэн. Тэд ШТС-уудаа камераар 24 цагийн турш хянадаггүй. Гэмт этгээд мөнгө дээрэмдээд явангуут нь шатахуун түгээгч бүсгүйчүүд дохиоллынхоо хонхыг дарсан юм билээ. Ингээд “Шонхор” гэрээт хамгаалалтын албаныхан 10 минутын дараа очсон байгаа юм. Ер нь тус ШТС-ын удирдлагууд нь ажилчдынхаа аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, тэдэнд сургалт хийдэггүйгээс ажилчид нь сонор сэрэмж алдаж гэмт халдлагад өртлөө. Дан ганц “М-Ойл” ч гэлтгүй хэд хэдэн ШТС урьд нь халдлагад өртөж, хүний эрүүл мэнд, амь нас хохирч байсан тохиолдол цөөнгүй удаа гарч байсан. Одоо манай ШТС-ууд камерын хяналтад найдалгүй аюулгүй байдлаа өөрсдөө бүрэн хангахыг дээрх хэргүүдээ сэрэмжлүүлж байна гэв.

 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Зам засварын ажилд шилэн кабель, утаснууд саад болж байна

Нийслэлд хэд хэдэн замыг хааж, зам засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж байна. Зам нь угаасаа ачааллаа дийл­дэг­гүй, түгжрэлтэй байдаг Улаанбаатар хотод энд тэнд зам хаачихсанд хэн хүнгүй л бухимдаж байна. Заасан хугацаандаа замаа ашиглалтад өгөх­гүй, ажлаа сунжруулаад байгаа нь иргэдийн дур­гүйц­лийг төрүүлж байгаа юм.

Энэ сарын 10-нд Энэ­бишийн өргөн чөлөөний уулзвараас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун хойд уулз­вар хүртэлх замыг хааж, хучилтын ажил хийхээр болсон. 15-нд буюу өчиг­дөр уг замыг нээх байсан.
Ажлын явцыг нь сонирхохоор тэнд очсон юм. Замыг өргөтгөж байгаа учир шугам хоолой, кабель зэргийг шинэчлэх, зайцуулах ажил хийгдэж байлаа. Хоёр тийш өргөт­гө­сөн замыг индүүдэж, замчид ажиллаж байв. Замын ажилд шу­гам хоолой солих, кабель, цахил­гааны утаснууд тээг болж бай­гаа­гаас ажил сунжраад байгаа гэнэ.

Нарны замын баруун хэсэг, Төмөр замын вокзалаас Төмөр замын Депогийн уулзвар хүртэлх нэг км замын шинэчлэлт, өргөт­гө­лийн ажил хийгдэж байгаа. Өнөө­дөр уг ажлын хүрээнд гэрэл дохио­той уулзвараас “Жаст ойл” шата­хуун түгээх станц хүртэлх замыг хаах юм.

Замын цагдаагийн уулзвараас Гадаад харилцааны яамны баруун урд уулзвар хүртэлх зам хаалттай байгаа. Хотын төвийн ачаалалтай хэсэгт зам хаасан нь хөдөлгөөнд нэлээд нөлөөлж, замын цагдаа нар зохицуулалт хийж байна. Уг хаа­сан замыг “Экспресс зам” компа­нийн­хан засч байгаа. Зуу гаруй ажилчин өглөөний долоон цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд шөнийн ээлж хүртэл гаргаад байгаа юм байна.

“Дээрээс
энэ замыг яаралтай ашиглалтад оруул гэсэн болохоор манай компанийнхан шаргуу ажил­лаж байгаа. Ойрын хоногт хучилтыг нь хийх байх” гэж тус компанийн манаач хэллээ. Тэрээр шүгэл зүү­чи­хэж. Ажлын талбайд гадны ма­ши­нуудыг оруулахаас сэргийлж, зам засахад ямар нэг саад үүсэ­хээс болгоомжилж өдрийн турш манаж байгаа аж. Түүнтэй ярилцаж байх үеэр Авто замын хяналтын албаныхан замын ажлын явцтай танилцаж, шалгалт хийж байлаа. 

Зүүн дөрвөн замаас Амгалан­гийн троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км замыг өргөтгөх, шинэчлэлтийн ажил хийгдэж бай­гаа. “Ялгуусан” компани энэ ажлыг гүйцэтгэх юм. Чулуун овооны тойр­гоос Амгалангийн троллейбусны эцсийн буудал хүртэлх зам нэлээд өргөн болох нь. Голынх нь хайс, хашааг хэдийн буулгаад тэгшилж засаад сууриа бэлэн болгочихож.

Замын ажилчид “Энэ замыг өнөө оройноос л хаах байх” гэлээ. Уг замыг хуваарь ёсоор өчигдөр хааж, ирэх сарын 1-нд нээх учир­тай.

Сэлбийн гүүрний хойд хэсгийг хааж, урд хэсгийг нь сөрөг урсгал­тай болгож, машинууд нэг эгнээгээр зорчиж байгаа. Үүнээс болж ойр орчимд нь түгжрэл үүсч, машин тэрэг мөргөлдөх, шүргэлцэх зэрэг зөрчил гарсаар байгаа юм. Ялан­гуяа өглөө, оройд энэ хэсэгт ихээхэн ачаалал үүсч байна.

Гүүрний барилгын ажлыг гүй­цэт­­гэж байгаа “Мотор сервис” компанийнхан ажлаа хийхэд зарим нэг саад бэрхшээл үүсээд байгаа тухай ярилаа. Томоохон байгуул­лага, компаниудын шилэн кабель гүүр­ний ажилд ихээхэн саад уч­руулж байгаа аж. Шилэн кабелийн эзэн байгууллагууд нь “Кабелиа холдуулсан” хэмээн мэдэгдсэн ч үнэн хэрэгтээ холдуулаагүй нь ингэж саад болж байгаа юм байна.

Гүүрний ажил ид өрнөж бай­лаа. Энд тэндгүй техник ажиллана. Хэдэн залуус харин нэг зүйлтэй ноцолдоно. Очиж харвал төмөр хоолой дундуур гүйсэн кабель, элдэв төрлийн утаснууд байна. Ажилд нь саад болж байгаа тэдгээр кабелийн учрыг олох санаатай л нааш цааш болгоно.

Энэ мэтээр саад тулгараад байвал ажил сунжирч заасан хуга­цаандаа хүлээлгэн өгч чадахгүй байж магад хэмээн тус компа­нийн­хан хэллээ.

Замын доогуур, хажуугаар буй кабель утаснууд замбараагүй бай­гаа нь ажилд саад болж буйг өчигдөр уулзсан замын ком­па­нийн­хан бүгд л ярьж байсан юм. Ихэнх замыг өргөтгөж байгаа учир эргэн тойрны шугам хоолой, кабе­лиу­дад хүрэхээс өөр аргагүй болж байгаа. Иймээс цаашид шилэн кабелийн үйлчилгээ үзүүлдэг ком­паниуд хаагуур яаж кабель гүйл­гэхээ холбогдох газруудаас нь зөвшөөрөл авч, замын зураг төсөл­тэй уялдуулж байхыг тэд хүсч байлаа.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Н.Батцэрэг: Энэ саналыг М.Энхсайхан дарга ч хүлээн авах нь зүйтэй гэсэн

УИХ дахь МАХНМҮАНынШударга ёсэвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй ярилцлаа.

Энэ удаагийн Ерөн­хий­лөгчийн сонгуульд танай нам АНыг дэм­жиж оролцох шийдвэр гаргалаа. Уг нь намын дарга М.Энхсайханыгаа нэр дэвшүүлнэ гэдэг байр суурьтай байсан байх. Энэ шийдвэр яа­гаад гэнэт өөрчлөгдсөн юм бэ?

-Гэнэт
ч юу байхав дээ.  Өөрсдөө Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэвшүүлэх үү эсвэл бус­дыг дэмжиж оролцох уу гээд байж болох бүх ху­вил­барыг тооцож үзсэн л дээ. Монгол Улсын үн­дэст­ний эрх ашгийн үүд­нээс асуудалд хандаж, аль хувилбар нь дээр вэ гэж эрэмбэлнэ шүү дээ. Ингэж эрэмбэлэхэд М.Энх­сайхан даргыг Ерөн­хийлөгчийн сон­гуульд дэвшүүлэх хувил­бар АН-ыг дэмжих хувил­бараас дээшээ гараагүй хэрэг.

АН танай намд Ерөн­хийлөгчийн сон­гуульд хамтарч оролцъё гэдэг санал тавьсан юм уу. Ийм уч­раас М.Энхсайхан дар­га өөрөө нэрээ татсан гэж ойлгож болох уу?

-АН
санал тавьсан. М.Энхсайхан дарга ч энэ саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.

М.Энхсайхан дар­гыг өрсөлдүүлсэн бол МҮАН Ерөнхийлөгчийн сонгуульд хэр өнгөтэйдавхихбайсан бол?

-Шаггүй
өнгөтэй “дав­хих” бололцоо бидэнд байсан. Гэхдээ манай намынхан энд тэндгүй дур дураараа “давхидаг” задгай соёлыг таашаа­даг­гүй. Ийм байдлыг үндэст­ний эрх ашгийн үүднээс  буруу гэж үздэг юм. Үүгээрээ л чухамдаа  МҮАН-ын бусдаас ялга­рах ялгаа, үзэл баримт­лалын амин сүнс оршдог гэж боддог.

МАХНМҮАН Ерөн­хийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрээ тус тусдаа  гаргалаа. УИХд эвсэл болсон намууд дараагийн сонгуульд заавал хамт орно гэсэн дүрэм байхгүй л дээ. Гэхдээ энэ удаагийн үйлдэл танай эвсэл до­тор хагарал үүссэнийг нотлоод байна уу?

-Хагарсан
юм бол байх­гүй. Нэгэнт УИХ-ын сонгуульд эвсч, парла­ментад нэг бүлэг болоод явж байгаа учраас ийм ярианд өртөх нь байдаг л зүйл. Магадгүй энэ нь бидний давуу тал ч байж болно шүү дээ. Ерөн­хий­лөгчийн сонгуульд яаж оролцох шийдвэрээ ма­най хоёр нам тус тусдаа гаргасан нь нэг талаас хуулийн шаардлага бай­сан. Нөгөө талаас өөрс­дөдөө байгаа бололцоо­гоо өөр өөрийнхөөрөө эдэлсэн нь л тэр.

Эвслээрээ хамт Ерөн­хийлөгчийн сон­гуульд орохыг танай нам хүсээгүй юм уу?

-Бид
МАХН-ын дараа хурлаа хийж тэдний шийд­вэрийг харзнах гэж хичээсэн ч цаг хугацааны хувьд болсонгүй. Ерөн­хий­лөгчийн сонгуульд эвслээрээ орох асуудал байсан энэ хувилбарыг түүнээс дээр гэж үзсэн.

Танай намаас нэр дэвшинэ гэж яригдаж байсан М.Энхсайхан дар­га МАХНынханд таа­лагдахгүй байсан тал бий юу. Эсвэл АНыг дэмжиж оролцъё гэ­дэг танай саналыг тэд­нийх дэмжихгүй байсан юм уу?

-Бид
эвслээрээ суу­гаад тэрийг энийг дэв­шүүлье гэж ярих болол­цоо гарсангүй. Тиймээс бие биедээ таалагдах таалагдахгүй асуудал бай­гаагүй. АН-ыг дэмжих тухайд бол энэ нь угаасаа хөндөгдөж яригдах зарч­мын асуудал байсан юм. Хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээнд ч энэ тухай заалт бий шүү дээ. Чухамдаа зарчмын асуу­дал байсан учраас бид хуралдаад АН-ыг дэм­жиж сонгуульд оролцох нь зөв гэж үзсэн.

МАХН, МҮАНыг ха­галж бутаргасан хүн нь М.Энхсайханыг  гэж ярих хүмүүс бий. Танай намынхныг зөвхөн түү­ний заавраар явж байна гэдэг шүүмжлэлийг МАХНынхан хэлж бай­гаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?   

-Хагарч
бутраагүй бай­гаа учраас “хагалсан” хүний тухай ямар ч яриа хэрэггүй. Бид салж ний­лэхдээ салж нийлж бай­гаа ч ямар ч байсан ажил­лаж чадаж байгаа нь бид­ний давуу тал.  Энэ нь тодорхой нөхцөл байд­луудын үр дагавар юм.  М.Энхсайхан намын дарга учраас зааварлах, чиглэл өгөх үүрэгтэй. Бүх намын дарга тийм бай­гаа. Харин ч намын зарим гишүүд “таны заавар чиг­лэл багадаад байна” гэж М.Энхсайхан даргыг шүүмж­лэх шинжтэй ха­рагд­даг.

Намын даргаа шо­ронд байхад Ерөнхий­лөгчийн сонгуульд орох­гүй гэх мэтээр МАХНынхан нэлээд хэдэн өдөр бужигнах шиг боллоо. Эцэст нь Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэв­шүү­лэхээр боллоо. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-МАХН
бас л хэнийг дэмжиж оролцвол ямар үр дүн гарах бол, хэнийг дэвшүүлж оролцвол зо­рилгодоо илүү хүрэх бол гэх мэтийн олон хувил­бараар бодож тооцоол­сон байх. Ийм амаргүй нөхцөл байдал дундаас  сонголт хийж шийдвэрээ гаргасан болов уу. Н.Удвал сайдтай утсаар ярьж товчхон мэдээлэл авсан. Нэр дэвшиг­чийн­хээ үнэмлэхийг албан ёсоор авсных нь дараа очиж баяр хүргэе гэсэн бодолтой байна.

МАХНын зүгээсЕрөнхийлөгчийн сон­гуульд биднийг дэм­жээчгэсэн бичгийг танай намд ирүүлсэн гэсэн. Танайх бол нэгэнт шийдвэрээ гаргаад, АНыг дэмжихээр болсон. Тэгэхээр тэдний са­налд ямар хариу өгөх вэ?

-Та
асуултаараа ми­ний хариултыг хэлчихлээ. Манай намын хурлын шийдвэр нэгэнт гарсан тул бид тэр л шийдвэрээ хэрэгжүүлж таарна. МАХН-ынхандаа харин амжилт хүсье.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Монгол эрдэмтэн Нобелийн шагналд нэр дэвшиж магадгүй

Л.Баяржаргал

Монгол эрдэмтэн Лхамсүрэнгийн Баяр­жар­галаар ах­луулсан Франкфуртын их сургуулийн эрдэмтэд очир эрдэнийн чулуу үйлдвэрлэх арга нээсэн байна. Байгалийн үнэт чулууг шохойн чулуунаас хиймэл аргаар гарган авсан талаар Германы хэвлэлийнхний гол­лох сэдэв болж байна. “Frankfurtbild.de” сайтын мэ­дээлснээр “Riedenberg ла­зерын лаборатори”-д эрдэм­тэд кальцитаас лазерын ар­гаар алмазыг гарган авчээ. Очир эрдэнэ бол хамгийн хатуу бөгөөд хамгийн үнэтэй чулуу юм. Түүнийг эрдэмтэд хиймэл аргаар гаргаж ава­хаар 60 жилийн турш идэвх­тэй судалж буй. Харин одоо уг чулууг хүссэн хэмжээгээр үйлдвэрлэж болохоор бол­лоо. Тиймээс Франкфуртын эрдэмтдийн уг бүтээл нь ирэх жилийн Нобелийн шагналыг авах нь тодорхой гэсэн” агуул­­­га бүхий мэдээ тус ул­сын хэвлэлүүдээр цацагдсан байна. Мөн доктор Л.Баяр­жаргал уг бүтээлээрэ Гер­маны нэрт эрдэмтэн, физи­кийн Нобелийн шагналт Макс Фон Лауэгийн нэрэмжит шаг­нал хүртлээ гэсэн байна. 

Франкфуртын их сургуу­лийн эрдэмтэд 3000 градусын температурт алмазыг гарган авчээ. Уг бүтээлийнхээ та­лаар доктор Л.Баяржаргал тайлбарлахдаа “Канарын арлууд болон Узбекстанд кальцитын ордоос ихэвчлэн  алмаз олддог. Бид уг ор­дуудад алмаз үнэхээр бай­даг уу эсвэл тохиолдлоор олдсон уу гэдэг талаар судал­гаа явуулахаар шийдсэн юм” гэсэн байна. Одоогоор тур­шилтаар гаргаж авсан алмаз нь хэлтэрхий төдий байгаа тул зөвхөн бичил дурангийн тусламжтайгаар харах бо­ломжтой аж. Л.Баяржаргал судалгаагаа үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдээд  да­раа­гийн төлөвлөгөөнд тусгас­наар туршилтаа 10 мянган хэмийн халуунд явуулахаар зэхэж буй гэнэ. Тэрээр олон жилийн турш хийсэн судал­гаа шинжилгээ нь амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаа аж. Алмазыг хиймэл аргаар гарган авч чадсан монгол эрдэмтний талаар зарим хэвлэлд онцлохдоо дэлхийн эмэгтэйчүүд Б.Лхам­сүрэн шиг залууг хүсэн мө­рөөдөх болсон тухай яриа ч гарчээ.

Алмаз бол байгаль дээрх хамгийн хатуу чулуу юм. Моо­сын шаталбараар (хатуул­гийн чанарыг 1-10 хэмээх үзүү­лэлтээр тодорхойлдог) уг чулуу нь 10 гэсэн ангилалд багтдаг аж. 1980-аад он хүр­тэл жинхэнэ алмазыг үйлд­вэрлэлд хэрэглэдэг байв. Энэ нь үнэ өртөг өндөр байсан аж. Тиймээс алмазан чулууг хий­мэл аргаар гаргаж ава­хаар дэлхийн олон эрдэмтэд  су­далгааг идэвхтэй явуулж ир­жээ. Одоо дэлхийн хэм­жээнд жилд 100 тонноос илүүгүй хиймэл буюу нийлэг алмаз үйлдвэрлэж, зүсэгч багаж болон өнгөлөгч зүлгүүр хий­хэд ашиглаж бай­на. Мөн хий­мэл алмазыг гоёл чимэг­лэлд өргөн ашиг­ладаг. Ал­мазын чанарыг 4C гэсэн хэмжиг­дэхүүнээр үнэл­дэг. Тухайл­бал, С-carat буюу жин, C-clarity буюу тунгалаг бай­дал, C-color буюу өнгө, C-cut буюу зүсэлт гэсэн дөрвөн үзүүлэлт байдаг байна.

АЛМАЗЫГ ХЭРЭГЛЭХ БОЛСОН ТҮҮХ

Эртний түүх сударт дурд­санаар алмазыг ялан дий­лэхийн бэлгэ тэмдэг болгон ашиглаж иржээ.  Юлий Це­зарь, Людовик IV, Наполеон Бонапарт нар алмазыг са­хиус болгон хэрэглэдэг бай­сан гэдэг. Уг чулууг Европт МЭӨV-VI зууны үеэс анх хэ­рэг­лэсэн боловч 500 жилийн өмнөөс алмазыг засч хэрэг­лэх арга нэвтэрчээ. Ингэс­нээр алмаз жинхэнэ үнэт чулуу гэдэг утгаараа олны анхаарлыг татах болсон бай­на. Алмазыг анх цэргийн жан­жид, эзэн хаад хэрэглэдэг байсан бол XV зууны үеэс эмэгтэйчүүд гоёл чимэг­лэл­дээ ашиглаж эхэлжээ. Түүхий алмазыг харахад тийм ч сай­хан биш. Тиймээс персүүд XIII зууны үед алмазыг сувд, рубин, маргадын дараагаар оруулдаг байж.

Энэтхэгийн дархчууд анх алмазыг өөрийнх нь нунт­гаар үрж өнгөлж болохыг нээсэн нь энэ чулуулгийг алдар­шуулах эхлэл тавигд­сан гэдэг. Ийнхүү өнгөлснөөр алмазыг гайхамшигтай эр­дэнэс боло­хыг хүн төрөлхтөн мэдэрсэн гэдэг. Гэхдээ эхэн­дээ алмазыг зөвхөн бай­галийнх нь хэл­бэрээр л өн­гөлдөг байв. Сүүлд талст гарган засах болсон нь ал­мазыг жинхэнэ утгаар “бүх эрдэнэсийн хаан” болгон хувиргасэн гэдэг.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
редакцийн-нийтлэл

Алтан загасны өвгөн буюу араасаа нэхэлтэй өглөг

Хөдөөний айлууд шөлний  юм гаргахаараа хажуу хавийн­хаа айлуудад хишиг  түгээж, таван цулаас нь айл айлд  хувааж тараадаг зан­шил одоо ч бий. Айлууд ч сав хоосон буцаахгүй,  ёотон, чихэр, талх, ааруул, тэр бүү хэл нэг ширхэг сонгино ч хамаагүй хийж өгдөг. Сав буцаахдаа өгдөг амттаныг авах гэж л хүүхдүүд шинэ шөлний хишгийг  хүргэж өгөх гэж булаалддагсан. Миний багад өвөөгийн хажуу айлын Чойгол гуай шөлний хишиг өгөхөөр  араас нь заавал нэг юм хэлж орж ирдэг байж билээ. “Элэг сэмж нь дутуу байна” “Бөөрнөөс жаахан огтлоод хийчих” гэх мэтээр нэмж авдаг байлаа. Хүүхдүүд бид Чойгол гуайг “Алтан загас­ны өвгөн” гэж нэрлээд томчуудад загнуулдагсан. Уг  нь Чойгол гуайгаа энэ удаа дурсах гэсэнгүй л дээ.  Харин Чойгол гуайг сануулсан нэг явдал саяхан болсон талаар өгүүлэх гэсэн юм.

“Өдрийн сонин”-д иргэд­дээ үг хэлэх боломж олгодог “Хэлэх эрхийн индэр” гэж  булан бий. Хэлэх эрхийн индэрт нэгэн иргэн саяхан оролцож үгээ хэлсэн юм. Дал гаруй жилийн өмнөх гурван ханатай навсгар гэрээ солих санаатай олон ч удаа хороо дүүрэгтээ өргөдөл бичиж. Өргөдлийн дагуу “Гэр өгнө” гэж цохчихдог байна. Өнөө гэр нь эзэндээ  ирэхгүй ямар нэг шалтгаанаар хойшлогд­дог байж. Эсвэл зөвшөөр­дөггүй байж. Ингээд манай сонинд үгээ хэлж, үүнийг нь ч олон хүн уншжээ.  Нэгэн өгөөмөр  сэтгэлтэй хүн манай сониныг уншаад “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” хэмээн цоо шинэ гэр нөгөө хүнд аваад өглөө.

Төд удалгүй  өглөгч эрээс ярилцлага авах гэтэл нэлээд цааргалж бүүр хэцүү байдалд орсноо хэллээ. Өглөгийн эзэн болсон нөгөө эр ч тэгж илүү­дээ гарсан мөнгөтэй, баруун солгойгүй цацаж явдаг хүн биш. Зүгээр л буян бодож гар сунгасан сайхан сэтгэлтэн.  Гэтэл “Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана” гэгчээр  утас нь хангинаад  амраахаа байж, өнөөх өглөгч эр маань санаашраад сууж байна.

Сайхан сэтгэлт эрийг гэр бэлэглэснээс хойш амьтан хүн амраахаа байсан нь тэр.   Тэр бүү хэл нөгөө  гэр авсан хүн нь ч залгаж. Эхлээд зал­гах­даа “Өнөө гэрийн чинь хаяавч хэрэг болоод байна. Хаяавч авч өгөөч”  гэж. “Тэгье, тэгье” л гэв. Дараа дахиад ярьж байна гэнэ. Энэ удаа  хананы дотуур унжуулдаг хөшиг нэхэж гэнэ.  “За яахав, эхнэртэйгээ ярьж үзье дээ” гэж. Ингээд буян санасан биш  ажлаа хийх аргагүй болжээ. Өөр хүмүүс бас  л илүү хар­чи­хаж, нөгөө эрийг. Баахан зовлон тоочоод “Гэр өгөөч” гэж нэхэх болж. Цаашлаад юу ч нэхэх байсан юм. Аягүй бол ор, зурагт, хөргөгч нэхэх байж. Бүр давраад хүүхдийн сургалтын төлбөр  нэхээд суухад ч сийхгүй санагдлаа. Алтан загаснаас өвгөн байн,  байн юм очиж нэхдэг үлгэр л бодит амьдрал дээр тохиолд­сон хэрэг. А.С.Пушкин зүгээр ч нэг “Алтан загасны үлгэр”-ийг зохиогоогүй санж. Хорвоо дээр ийм хүмүүс байж л байдаг. Байсаар ч байж. Дээр өгүүлсэн бодит жишээ үүнийг нотолж байна. 

Энэ мэтээс болоод өглөгч эр ярилцлага өгөхөөс татгал­заж. Үүнийг сонсоод бид ер нь хэний төлөө амьдарч бай­гаа билээ гэж бодлоо. Харь элгийн хүн  гэр өгөөд байхад хөшгөө өөрөө авчихаж бол­ноо доо. “Өгөх хүний сэтгэл мэднэ” гэж нэг үг байдаг.  “Бэлгийн морины шүдийг үздэг­гүй” ч гэцгээдэг. Сэтгэ­лээрээ өгсөн бэлгийнх нь араас Чойгол гуай шиг юм нэхээд байх ч хаашаа юм.

Бид ер нь хүний төлөө амьдарч байгаа билүү. Муу амьдарч байна гэдэг ихэнх тохиолдолд арчаагүйгээс болдог. Хүний өгсөн гэрт хөш­гөө өөрөө аваад зүүчихдэг­гүй­дээ л муухан амьдарч байгаа юм болов уу, тэр хүн гэж өөрийн эрхгүй бодлоо. Бусдаас авах ёстой юм шиг хүмүүс байна л даа. Ханаж цадахаа мэдэхгүй.

Угтаа дээрх өглөгч эр  хүүхдэдээ компьютер аваад өгөх мөнгөөрөө л харь таних­гүй хүнд өглөгийн гараа сун­га­сан. Хүнд ер нь мөнгө илүү байна гэж үгүй. Их мөнгөтэй баян байлаа гэхэд ядаж өөрт нь ажилладаг хүнд мөнгө өгөх ёстой биз дээ, хөдөлмөрийн хөлс гээд. Цаашлаад үр хүү­хэд ах дүү хамаатан садан­даа зарцуулнаа даа. Ма­найх­ны нэг зан бий. Дөн­гүүрхэн яваа нэгнийгээ олноо­роо зулгааж амьдар­даг.  Нөгөөх нь ч тэгэх ёстой мэт л ядруу хэдийгээ өөд татаж явдаг. Хэрэв харж үзэхгүй бол захаас аваад л дарамтална. Бүр болохгүй бол агсам согтуу тавина. Ийм юм сонсоод гайхахаа ч бай­сан. Тэгдэг юм, тэгэхгүй яад­гийм гээд л. Хүн хэдий хэр бусдад сайн үйл хийнэ тэр хэрээрээ амьдралаас сайн сайхныг авдаг. Өгч байгаа нь ч яахав, цаад утгаараа буян л болж байгаа хэрэг. Авч бай­гаад нь харин буян ирнэ гэж үү. Ядаж хүнээс авсныхаа төлөө түүнд буян санаж, аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг хариуг нь өгч чадахгүй гэлээ гэхэд сайн санаж, дээр нь нэмж дарамтлахгүй  явмаар байгаа юм.

Өглөгч эр  гэр гуйсан  эрийн өмнө ямар өртэй биш дээ. Өгөх алба ч байхгүй. Гэтэл цоо шинэ гэр өглөө. Юм нь дутуу бол өөрөө л гүйцээнэ биз, авсан эзэн нь. Юунд араас нь нэмж юм нэхнэ билээ. Ядуугийн л зовлон биз гэж уучлан бодож болох ч боломжтой, бололцоотой нь боломжгүй байгаагийнхаа өмнө буруутай юу. Байхгүй юмыг нь байлгасан нь буруутай юу. Өөрийн эрхгүй ингэж асуумаар санагдлаа.

Ядуу байна гэдэг гэмт хэрэг биш л дээ. Гэхдээ ядуу байна гэдэг нь өөрсдөөс нь  шалтгаалаад байгаа. Болом­жоос хэзээ ч атгахыг хүсдэггүй, хөдөлмөрлөхийг хүсдэггүй, гэсэн атлаа болж байгаа хүмүүсийг, амьдарч чадаж байгаа хүмүүсийг  өөрийнх нь өмнө буруутай мэт сэтгэж амьдрах нь өнөөдрийн Мон­голын эмгэнэл. Иймдээ л сүү шиг сэтгэлийг нь ээдүүлж, сайхан санаат нэгийгээ мохоодог болов уу.

Мөн дээрхтэй адил нэгэн жишээ татъя.  Дотоодын цэргийн хоёр харуул ажлаа хийж яваад  айлын гэрээс гал гарахыг хараад хаалгыг нь балбан сэрээж амийг нь авар­сан. Гэтэл нөгөө авруулсан хүмүүс “Эд нарын аварсан гэж юу байхав дээ” гэж муулан ярьсан байдаг. Хэрэв тэр хоёр харуул үүр цүүрээр  обьектоо эргэж  яваагүй бол, утаа гарч байгааг хараад хаалгыг нь балбаж сэрээгээгүй бол тэр гэр бүлийнхэн өнөөдөр нартад тоос хөдөлгөж явах уу.   Заавал улаан гал дундуур гарч, өөрсдөө түлэгдэж, ша­налж байж л тэднийг аварсан бол авруулсанд тооцож хүлээн зөвшөөрөх байж. Энэ мэт тусыг ачаар биш, усаар хариулдаг хүмүүс байх юм. Хариуд нь бүр уурлаж ирээд туслаагүй гээд байдаг нь юусан билээ. Ингэх юм бол хүнд туслах хэрэг байна уу.

Энэ зүгээр нэг захын жишээ. Хэвлэл дээр гарсан болохоор л жишээ болгосон хэрэг. Тэгвэл Монголын амьд­ралд ийм зүйл өдөр бүр л болж байдаг. Хэн нэгэн нь ирээд баахан зовлон тоочоод мөнгө зээлнэ. Дараа нь зээлүүлсэн нь зээлснээсээ илүү зовлон эдэлнэ. Өөрт нь мөнгө хэрэг болоод мөнгөө буцааж авъя гэхээр өөдөөс нь элдвээр хэлж дарамтална. Үүнийгээ байх ёстой мэт л боддог. Өглөг өгснөөсөө болж  ийнхүү  шаналж байгаа олон хүн бий гэдэгт итгэлтэй байна. Хүн хүнээ эвддэг гэж үг бий. Хүний сайхан сэтгэл рүү ус бүү цац. Ганцхан танд биш олон олон хүнд өглөгийн  гараа сунгах байсан юм шүү, тэр сайхан сэтгэлтнүүд. Ха­рин энэ мэтээр алтан загасны өвгөн шиг аашлаад байвал амьдрал чинь шуналаас болж бахь байдгаараа өөд­лөх­гүй өнгөрч, харин олон хүнд буяны гараа сунгах сай­хан сэтгэлтнүүдийн итгэлийн гал бөхөх болно.