Categories
редакцийн-нийтлэл

Талийгаачдыг лоом, хутга, утсаар хөнөөжээ

-АМЬД ҮЛДСЭН ГЭРИЙН ЭЗЭГТЭЙГ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЭД БАЙНА-

Манай сонины тус­гай сурвалжлагч М.Мөнх­цэцэг ДарханУул аймагт гарсан хүнд ноцтой хэргийн та­лаар газар дээрээс нь мэдээлж байна.

Дархан-Уул аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар өчигд­рийн дугаартаа мэ­дээлсэн билээ. Гэмт эт­гээд ямар зорилгоор, хич­нээн хүний амь хөнөөв, хэрэг тогтоох явц ямар байгаа гээд болсон явдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Дархан-Уул аймагт ирээд байна.

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө буюу өнгөр­сөн амралтын өдөр гарсан уг хэрэг орон нут­гийн иргэдийг нэлээд айдаст автуулжээ. Хүн амины ноцтой хэргийн талаар сонсч мэдсэн хүмүүс ихэд цочирдож, гадуур явахдаа ч сэтгэл амар байж чадахгүй бай­гаа бололтой.

Анхны эх сурвалж бо­лох Цагдаагийн ерөнхий газраас уг хэргийн талаар бидэнд мэдээлэхдээ “Нэг гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан” гэж байв. Харин дээрх хэрэгт гур­ван хүний амь хохирчээ. Тодруулбал, 25 настай  нэг залуу, дунд сургуу­лийн хоёр сурагч харам­салтайгаар бусдын гарт амиа алдсан байна. Бол­сон явдлын талаар эх сурвалжуудаас авсан  мэ­дээллийг хүргэе.

Гэмт халдлагад өртсөн айл иргэн Б-гийнх ажээ. Тэднийх Сэ­лэн­гэ аймгийн Хушаат сумын харьяат гэнэ. Сургуулийн хүүх­дүү­дээ харахаар хоёр хөгшин төв суурин газар бараадан амьдраад жил гаран болжээ. Тэд хоёр ач охин болон өөрийн хүүгийнхээ хамт Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт амьдарч байж. Охидын хувьд нэг айлын хүүхдүүд байжээ. Аав ээж нь хөдөө малаа маллан амьдардаг гэсэн. Хэрэг гарах үед гэрийн эзэн Б хөдөө явсан байжээ. Харин эзэгтэй О ач охид болон хүүгийнхээ хамт байсан гэнэ.

Уржигдар буюу ням гаригийн 09.10 цагт “Дархан-Уул аймгийн Нэгдүгээр багт байдаг Б-гийн гэрт дөрвөн хүний цогцос байна” гэсэн  дуудлагын дагуу цагдаа нар  очтол гэр хорооллын нэгэн хашаанд хүн амины ноцтой хэрэг гарсан байжээ. Хашаанд нэг гэр, жижиг амбаар байсан бөгөөд гэрт гурван, хүн  амбаарт нэг эрэгтэй хүний цогцос байжээ. Анхны үзлэг шинжил­гээ­гээр тэд бусдын гарт амиа алдсан болохыг тогтоо­сон байна.

Шинжээчдийг гэрт ороход О нь хоёр ач охины хамт цусанд будагд­сан байхыг харж, бүгд нас барсан гэж бодсон бололтой. Тиймээс дөрвөн хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан гэх анхны мэдээлэл гарчээ. Хэргийн газрын үзлэг шин­жил­гээг хийж байх зуур гэрийн эзэгтэй О хөдөлсөн байна.  Түүнд яаралтай эмнэлгийн түргэн тус­ламж үзүүлснээр амьд үлдэж чад­сан гэх таатай мэдээлэл байна. О-гийн хувьд 58 настай. Эмнэлэгт хүргэгдэнгүүтээ мэс засалд орж, өчигдөр ухаан орсон байна. 

Гэмт этгээд ямар сэдэлтэйгээр дээрх хүмүүсийн аминд халдса­ныг цагдаагийн байгууллага шал­гаж байгаа юм. Дархан-Уул айм­гийн Цагдаагийн газрын дарга хуран­даа Ц.Намсрайжаваас хэр­гийн явцын талаар тодруулахад “Хэд хэдэн ажлын хэсэг гарсан. Одоогоор энэ хэргийг шалгаж байна. Хэрэг га­раад 48  цаг ч болоогүй байхад мэдээлэл өгөхөд эрт байна. Энэ хэрэгт хол­бог­дуулан хэд хэдэн хүнийг сэжиглэн шал­гаж байгаа” гэв. Мөн тэрээр уг хэргийг архи­дал­таас үүдэлтэй байж болзошгүй гэсэн юм.

Талийгаач залуугийн найз нө­хөд болон танил тал, уулзсан хүн гээд олон хүнийг шалгаж байгаа аж. Хэрэг гарахын урьд өдөр  та­лий­­гаач хэн нэгэнтэй архи уусан гэх мэдээлэл ч байгаа аж. Тиймээс хамт архи уусан хүмүүсийг ч давхар шалгаж байгаа гэнэ. Хэргийн газ­раас архины шил олд­сон нь эл балмад хэрэг сархаднаас үүдэлтэй байж болзошгүй гэх эхний сэжүүр болж байна. Мөн хэргийн газраас нэг метр гаруй урттай лоом олдсон байна. Гэмт этгээд үүгээр хохи­рогч­дыг цохиж аминд нь халджээ. О-гийн духыг цөмлөсөн бол охидын толгой руу цохисон байж. Мөн талийгаач охидын томынх толгой болон хоолой руу хутгалсан бай­жээ. Харин зургаан настай охины хоо­лойг нарийхан утсаар тасартал нь боомилж хөнөөсөн байна. Тэг­вэл амбаараас олдсон 25 настай Х-гийн цогцсыг хутгаар нэлээд сийчсэн байжээ. Гэмт этгээд түү­нийг 10 гаруй удаа хутгалж, нэг нүдийг нь ухсан байсан гэнэ.

Дээрх ноцтой хэрэг гарсны дараа Дархан-Уул аймагт  хоолой­гоо боомилж амиа егүүт­гэ­сэн хү­ний цогцос олдсон байна. Түүнийг цагдаа нар уг хэргийн анхны сэ­жиг­тэн байж болзошгүй хэмээн таамаг­лаж бай­гаа юм бай­на.

Үргэлжлэл бий. М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Амьдралд нийцэхгүй хууль чинь ард түмнээ хохироож байна

Хууль хэлэлцэж байхад хажуугаас  нь зарчмын зөрүү­тэй санал гээч орж ирдэг.   Угаас хуулиндаа ч бий. Зарч­маар зөрөөд байгаа гэх сана­лууд өмнө нь олонтаа хэлэл­цэж, чуулганы хуралд оруу­лах болсон хуулийн төсөлд чамгүй гай тарьдаг. Батлаад гарахаараа уршиг нь бүр их.  Ингэж ороод ирсэн санал нарийн судалгаагүй, санал оруулсан гишүүний тайл­бараар шахам батлагдах тохиолдол бий. Уралдааны замд морьд хөлс хүчээ шав­хан давхиж явахад замын дундаас  өөрийнхийгөө дав­хиул­чихдаг будлианы эзэд байдаг даа. Тэгж давхиад ирсэн морьдыг байлдаггүйтэй адил олон удаа ярьж, су­далгаа явуулж, иргэдээс санал асууж, хэлэлцүүлэг хийж, ажлын хэсэг  хуралдаж, хэд хэдэн байнгын хороогоор ороход нь зарчмын зөрүүтэй санал гээд нэг нөхөр тэс хөндлөн юм яриад замын дундаас оруулаад ирэхээр нөгөөдүүл нь ч дэмжээд ба­талчих юм. Угтаа бол дахин авч хэлэлцээд ултай суурьтай хандах ёстой. 

Ингэж хөндлөнгөөс гэнэт оруулж хэлэлцэгдэхгүй ша­хам батлагдсан заалтууд нь маш хортой. Амьдралд  хэзээ ч нийцэхгүй, эсвэл улс орон, хэсэг бүлгийг заавал хохи­роодог байх юм.

Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээчийг гэнэт л оруулаад ирсэн. Үр дүнд нь Монгол банкинд  жилд 12 тонн алт тушаадаг  байснаа больчихсон. Өөрсдөө авахгүй гээд больчихсон хэрэг биш.  Гэнэтийн энэ хатуурхсан хууль л лай авчирсан нь тэр. Одоо бол гурван тонн хү­рэхгүй шахам алт л тушаадаг болсон. Алт олборлох нь ба­га­саад байгаа юм биш. Хатуурхсан хуульд хариу барьсан хэрэг. Тэр алт   хаа­шаа яваад, алга болоод  бай­гааг хэлдэг газар огт байдаг­гүй. Мэдэгдэж байгаа нь гааль дээр гадныхан дандаа алт хураалгаж байдаг. Манайхан өөрсдөө гаргах гэж байгаад баригдсан дуулддаг. Бариг­даагүй хичнээн ихээрээ гарч байгаа юм бүү мэд. Олбор­лосон алтаа Монголдоо бор­луулж, бүгдийг нь хүүхнүү­дийнхээ чих, хүзүүнд зүүлгээд байна гэвэл худлаа. Гарч л байгаа. Ямар ч татвар төлөх­гүйгээр гараад байна. Энэ их хэмжээний алтнаас татвар төлөхгүй байна гэдэг нь эдийн засагт ямар их алдаг­далтай байгаа нь тодорхой.  Энэ хууль гарснаар ашиг олохоосоо илүү алдсан нь их байх.  Энэ нь гадаадын хө­рөн­гө оруулагчдыг ч үргээхэд их нэмэр болсон байх даа.

Тамхины хяналтын тухай хууль байна.  Зарим талаар сайн үр дүн үзүүлж байгаа ч нөгөө талаар тамхи худал­даалагчдыг хохироож байна. Цөөн хэдэн хүн тамхинаас гарч, эсвэл тоог нь багасгасан байх. Эсрэгээрээ нууцаар зарах нь элбэгшиж. Тамхины бизнес эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүмүүс өөрсдийн эрх ашгаа хамгаалах гээд “500 биш 100 метрт худалдаа эрхлэгчдийн бүлэг” гэж бай­гуулжээ.Үүнд нь 3000 иргэн нэгдсэн байна. УИХ-ын бүс­гүйчүүдийн сэтгэлийн хөөр­лөөр, ДЭМБ-ын томоохон лоббигоор л хийгдсэн хууль гэж  ярьдаг. Дунд сургууль, дотуур байрнаас 500 метр зайд тамхи худалдаалахгүй гэсэн заалтыг хэн гаргасныг нь санахгүй байгаа гэж хариу өгөх атлаа байнгын хорооны хурлын үеэр хэн нэгэн гишүүн санал гаргаад л тэр нь шууд автоматаар шахам дэмжиг­дээд явчихсан байгаа юм.  Тамхины хяналтын тухай хуу­лийг буруутгах  гээд байгаа юм биш. Энэ мэтээр зүгээр л нэг нь санал оруулахаар үр да­гаврыг нь бодохгүй баталж байгаа нь аймаар. Эцэстээ хөрсөн дээр буухгүй хууль баталсан ч ард түмэн дага­хаас өөр аргагүй болж байгаа юм. Гол аюул үүнд л байна. Манайд олон хүний эрх аш­гийг хоморголон хөндсөн хуу­лиуд энэ мэт зөндөө. УИХ-ын дарга сануулсаар байхад танхимаараа нэг инээд наа­дам болж байгаад л кноп дараад байсан.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ч бас тэр замаар батлагдах шахсан. Хэвлэ­лийн эрх чөлөөг бараг л боо­милсон доо. Эзэн, санхүү­жүүлэгч, үүсгэн байгуулагч  нийтлэлийн бодлогодоо орол­цохгүй мөртлөө сэтгүүлч алдаа гаргаж, хүн гүтгэвэл  эзэн нь хариуцлага хүлээж торгуулна гэсэн заалт оруу­лах жишээний. Тэгэхээр хувь хүн өмчөө мэдэх эрхгүй мөрт­лөө хариуцлага үүрэх болж байгаа юм. Ардчилсан ний­гэмд хүн хувийн өмчтэй байж болно. Хэвлэлийн эрх чөлөө­гөөр дамжуулан хувийн өм­чид халдах нь утгагүй юм. Одоо л мөн л Хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн тухай хууль­даа эзэд нь 30 хувиас илүү хувь эзэмшиж болохгүй гэсэн заалт оруулаад явж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд намууд телеви­зүүдтэй гэрээ хийж болох атлаа сонинтой болохгүй гэж байгаа. Энэ нь сонгуулийн зардлыг багасгах зорилготой гэнэ. Гэвч үнэндээ ийм заалт явсныг мэдэх ги­шүүд ч цөөн байгаа. Тэгсгээд л явчихаж. Ингэж л хуулийг баталдаг. Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 1.20-д зааснаар  Мон­гол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд бай­гууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэжээ. Хууль тогтоох эрх мэдэлтнүүд ха­рамсалтай нь нийтээрээ да­гаж мөрдөх хуулийг батлах­даа эрхээ буруу эдэлж,  хөн­гөн гоомой ханддаг.   

Хөдөлмөрийн тухай хуу­линд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тог­тоогдсон тохиолдолд буруу­тай шийдвэр гаргасан албан тушаалтан нөхөн олговрыг барагдуулна гэсэн заалт бий. Тэр нөхөн олговрыг буруутай шийдвэр гаргасан албан ту­шаалтан хэзээ ч олгодоггүй бөгөөд  улсаас төсвийн мөн­гөнөөс л хохирсон иргэний цалинг нь олгочихдог. Тэгэ­хээр энэ заалт огт хэрэгж­дэггүй гэсэн үг. Буруутай этгээд хохироосон хүнийхээ цаг, нервийг бараад л өөрөө ямар ч гэмгүй үлддэг. Энэ хуулийн заалтын үр дүнд төр хүртэл өөрийгөө хохироож байгаа биз дээ.

Урт нэртэй хууль ч амьд­ралд нийцээгүй хуулийн заал­туудтай. Хэдийгээр бай­галиа хамгаалах зөв санаа агуулсан ч маш олон ком­панид хор хохирлыг хоморго­лон  учруулсан. Тэр компа­ниуд маш их алдагдал хү­лээсэн гэж хэлж болно. Тэдэнд нөхөн олговор өгөх ёстой ч тийм их мөнгийг өгөх боломж хомс.  

Нэмүү өртгийн албан тат­варын хууль ч мөн л олон иргэнийг хохироосон хууль. Хоёр мянган аж ахуйн нэг­жийн таван мянга орчим хү­ний хувь заяаг хөндөж бай­гаа. Ийм олноор нь шоронд явуулчих уу, хуулиа өөрчлөх үү гэдэг дээр гацаад байж байна. Амьдралд нийцэхгүй, олон хүний эрх ашгийг хөнд­сөн ийм хуулийг бусад улсад цуцлах жишээ олон. 

Тэгэхээр УИХ-ын дэгийн тухай хуулиа эргэж хармаар, гаргасан хууль тогтоом­жууд­даа нэмэлт, өөрчлөлт оруу­лах их ажил өмнө чинь байна эрхэм гишүүд ээ.

Ингэж нарийн хэлэл­цэх­гүй, ардчиллын амин сүнс болсон олонхиороо асуудалд хандах энэ тэр нь байхгүй, шууд л нэг хүн зарчмын зө­рүүтэй санал  гээчийг гаргаад л тэр нь мааз маягаар ший­дэгдээд өнгөрдөг. Тэр нь араасаа нэхэлтэй, ард түмнээ хохироодог байж болох уу.  Ийм хуулиудыг чинь дагахгүй байж болдоггүй, дагахаар заримынх нь эрх зөрчигдөөд байдаг.

Хуульд өөрчлөлт оруулах шаардлагууд их бий. Үндсэн хуулийн зарим заалт ч бодит байдалд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн 5.5-д мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаа­лалтанд байна гэж заасан. Нэгэнт хувийн өмч болчихсон  малыг төр хамгаалах хэцүү. Хамгаалж чадахгүй болохоор нь Үндсэн хууль зөрчигдөөд байдаг. Зуданд малаа тавиад туучихсан  заргач малчин “Төр мал сүргийг минь хамгаална гэчихээд хамгаалсангүй” гээд явбал яваад л байх юм байна. Ингэхээр амьдралын хөр­сөнд буухгүй  хуулийг  зөрчиж болох юм байна гэсэн ойл­голт бий болоод байгаа юм.  Үндсэн хуулиараа монгол хүн аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй, иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх заалтууд ч байнга л зөрчигдөж байдаг.

    Хууль батлахдаа ултай суурьтай хандахгүй бол  хур­лаа таслаад улс төржиж байх зуур чинь улс орон, ард түмэн хохирч байна.  Дээр нь зарч­мын зөрүүтэй санал гээч за­мын дундаас гарч ирдэг заал­тууддаа цаг хугацаа гар­гаж, нягталж байж кнопоо дарахгүй бол батлах гэсэн хуулиуд чинь эхний зорил­гоосоо өөрчлөгдөөд байна.

Categories
редакцийн-нийтлэл

Бөхөн шарын тэмдэглэл

Бөхөн шарын нуруун дээр Улсын начин Л.Нямсүрэн,
аймгийн арслан Д.Батжаргал нар зодоглосон юм

Түрүүч нь ¹130 (4457) дугаарт

Тэрхийн
цагаан нуурын элгэн тушаа олон машины цуваа шил шилээ даран зогс­лоо. 
Өглөөний
тунгалагт
нуурыг хөвөөлөн ангир нур­гиж, эргэн тойрон дахь хүрэн тэрмэн уулсын бэлээр ногоо­ны униар пансан хөшиг шиг тунараад, хаашаа л харна сарлагийн сүрэг налайна. Зуны тэргүүн сарын шинэ­дээр гэхэд далай цагаан нуур минь мөсөн баринтгаа бүрэн за­далж гүйцээгүй л байна. Гэхдээ зах хаяагаараа хөх усан торго адил гүйлмэгнэн шувуудын чуулбар үүсгэн байв шүү. Унаа машинаас хөхин баясалтайгаар салхи хага­лан бууцгаасан утгын их мэргэд Урианхай, Цоо­долоороо ахлуулж нуурын хөвөөнөө өглөөний сэр­гүүнд баахан чуулалдлаа. Зураг хөргөө ч татууллаа. Авар­гуудын хэн нэгнээ явуулсан яриа хөөрөө, инээд баясалд автаж түүнээ анги­рын ганга­наагаар даруулсхийгээд хөд­лөх гэтэл нэгэн сайхан ая аялгуу давалгаалан, Тэрхийн нуурыг тэр чигт нь бүрхээд авах шиг боллоо. Юув гэтэл, Төрөө захирлын маши­ны урдхан Түвшинтөгс гавьяат, Сэр-Од хөгжмийн зохиолч хоёр мөр мөрөө түшин зог­соод буурал найрагч Уриан­хайн шүлгэнд асга­руулсан “Сэтгэл л мэддэг хорвоо” хэ­мээх шинэхэн бүтээлээ уул усанд дуулгаж буй ажээ. Үгүй ээ, мөн сайхан аа. Сэрээ хөгжмийн зо­хиолч уг дуу­ныхаа ноотыг “халуу­наар” нь аваад хотоос гарчээ. Тэгээд л Тэрхийн нуурын хөвөөнөө дуучинтайгаа хамтдаа дуулж, Уриан­хай найрагчид болоод аяны бүрэлдэхүүнд сонсгосон нь тэр.

Буурал найрагч дугариг хар шилнийхээ цаанаас унд­рах нулим­саа нууж хааж энээ тэрээ болсон­гүй. Болдог юм болдгоороо гэдэг шиг шууд л урсгаж, “Юу юм аа, хүүхдүүд ээ. Их сайхан юм аа. Сэр-Оддоо, Түвшээдээ баяр­ла­лаа. Ямар сайхан дуу болоо вэ. Эхлээд би мэдэхгүй, энэ чинь хэний бүтээл билээ 
гэж гайхширхлаа ш дээ” хэмээн нулимстай өгүүллээ. Уриан­­хай найрагчийн баяр бахдал үүгээр ч зогссонгүй. Дуурийн теат­рын гоцлол дуучин Баа­сан­жавын Баатархүү гэж мант­­гар цагаан залуу манай багт яваа юм. Тэрээр “Идэрийн гол”-оо дуулах 
л гэж ийн зорьж яваа. Сэрээ багш нь тэр даруйд, үндсэн­дээ “Сэтгэл л мэддэг хорвоо”-гийн араас “Идэр гол”-ынхоо шуугианыг мандаахыг хү­сэм­жиллээ. Дуучин хархүү ту­шаал авсан цэрэг адил хан­гайн нуруу­наас эх аван урсах Идэрийн голоо халиалаа даа. Тэрхүү бүтээлийг Тэр­хийн цагаан нуур, Хоргын то­гоо, Тариатын хүрэн тэрмэн уулс, дээшээ өгсүүлээд Цахи­рын хөх уулс, цаахна нь дүн­хийх Солон­готын даваа, тэ­гээд Идэр их мөрөн адуу малтайгаа, зон олонтойгоо, сарлаг савагтайгаа, ангир шувууд­тайгаа сонсох шиг болсон доо. Дэргэд минь хүлэг морин адил эргэцэх Золоо ах, түүний хажууд аядуу намуухнаараа нам­байж, сэтгэл нь болбоос Дэл­гэрийн тал шигээ сунайлдсан Хайдавын Чи­лаа­жав ах тэр­гүүтнүүд “Ийм юм байдаг аа” хэмээн дуун алдана. Чилаа найрагчийн зүрх энэхэн аг­шинд гарт баригдсан хараа­цай шиг цовхчиж хавирга сэлт хийгээд энгэр цээжээ дэлсэж байгаа нь мэдээж. “Дулаацуулж харгилдаг Идэр гол, дуугүй суухад минь ч ярьж шуугина” гэж яасан гоё хэлээ вэ гээд барагтайд хөл алд­даггүй хүн чинь нэг л тогтож ядан харагдсан. 

Бавуу найрагч ч тийм л уясал­тай­гаар дотогшоо мэл­мэрсэн бай­далтай гэзэг үсээ баруун гарынхаа парвагар хэдэн хуруугаар самнаж зог­соно. Уг дууны шүлгийг өнөө л буурал үст Урианхай най­рагч бичсэн бөлгөө. Ардын зохиолч Цоодолын томъёолс­­ноор “мэлин хой­лог” тэрээр өдгөөгөөс дөрөв, таван жилийн өмнө Идэрт ирж Сэвжидбалбар хайрхан, Ногоон нуурыг үзэж хаврын тэлэмгэр өдөр хангайн ну­руунд сэтгэл бахдан 
үүл адил хөвж явахдаа буянт дүү, но­мын садан Лхамсүрэнгийн Төр­баяртаа зориулж “Идэр гол” шүлгээ бичсэн түүхтэй ажгуу.

Бүүвэйлж харгилдаг Идэр гол

Бүтэн заяанд хөтөлж урсана

Бүжин зүггүй долгис хөө­цөл­дүүлж

Бүгээн саранд туяа нэм­нэ

Энхрийлж харгилдаг Идэр гол

Эртний ерөөл шивнэж цалгина

Элгэн далдуур хайр дүүр­гэж

Өндөр тэнгэрийг намс­гаж нийл­нэ

Сэвжидбалбар хайрханы цар­манд

Буга болоод урамддаг ч болоо­сой

Сэтгэлийн орь амрагаа

Согоо болгоод дагуул­даг ч болоосой

Хоёр хутагтын дагшин нутгаа

Холын хөх уулсын цаа­наас санан

Хорвоо эргэдэг үнэний буянаар

Хоног үргэлжийн зүүдэн­дээ дандаа ирнэ ээ

Дулаацуулж харгилдаг Идэр гол

Дуугүй суухад минь ч ярьж шуугина

Дурсамж халуун сэт­гэлийн минь чавхдсаар

Дуу шуранхайлуулж ну­лимс бөмбөрүүлнэ

Шуугих нь инээх шиг Идэр гол

Шувуудын мөрөөдөл Мон­голын гол

Шунх улаан тэргэл нар

Булхаж хонодог миний гол оо. Ийм л нургисан аял­гуу шиг ёстой л элгэн далдуур хайр дүүргэсэн шүлэг юм. Түүнд нь урлагийн гавь­яат зүтгэлтэн Д.Цэвээнравдан аял­гуу зохируулжээ. Бүхий л насаараа Улиастайнхаа дан хөх байшинд суун уран бү­тээлээ туурвиж буй авьяасын хүүдий тэрээр яах арга­гүй л “зэвүүн” хөгжим хийсэн нь тодорхой. Ийм л нэг амсхийлт Тэрхийн нуурыг долгилуул­чихаад, мөсөн баринтаг доо­гуур үйлийн хайч шиг нуураа эсгэн урсаж буй Суман голыг улмаа жавхалзуул­чихаад бидний цуваа Цахирын уул­саар дамжин Солонготын да­ваа өөд өгслөө.

Хангайн
нурууны
ноёлог энэ давааны энгэр бэлээр өгсөх бү­рийд өчүүхэн миний сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй мэлмэрдэг юм. Энэ удаад ч ялгаагүй дотогшоогоо мэл­мэрүүлж л явлаа. Солон­готын даваа талаасаа дээш 
их бие нь тэр чигтээ цав цагаан дуулгатайгаа байна. Долдугаар сарын эхээр ирэ­хэд ч өөдөөс сэрүү татуулаад л буурал тэргүүнээ өргөж эрхэмсэг­хэн угтдаг билээ. Хажууд ханайж яваа Гал­баатар докторын сэтгэл бүр чиг хөдөлж буй нь тодорхой. Энэ л өндрөөс өндөр давааг давж ус нутгаасаа холын хол руу, эрдэм номын их далай руу шувуу шиг одсон тэрээр бага нас, ижий аав гээд юу эсийг бодох билээ дээ. Бүгд л нандин дурсамжууд байх нь дамжигггүй. Монгол Улсын их сур­гуу­лийн хэл утга зохиолын тэнхи­мийн эрхлэгчийн албыг дөнгөж аваад ирж буй эрхэм доктор “Арван хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж муу аав минь энэ даваагаар морь­­той, явган олон давсан даа” гээд чимээгүй болов.

Тэгснээ
нэг их уртаар санаа алдаад, тэр жилийн түймэр үү, хангайн 
нурууг минь идчихсэн дээ. Солон­готын давааны оройн мод­нууд буудуулчихсан цэрэг шиг л болсон доо гээд бас л чи­мээгүй. Нээрээ чиг түймэрт идэгдээд хар хожуул нь сэ­рийлдэж үлдсэн мод­нууд буудуулчихсан цэрэг шиг л налчихсан байна. Гэхдээ ар, өвөр бэл рүү нь уулын гол шуугин шаа­гин урсч, өнгө өнгийн цэцэгс алаг­лан улаарч, ягаарч, хөхрөн шар­гал­таад сайхнаас сайхан. Солон­гот даваад Дөнгөтийн Цоодол найрагч бүр л сэр­вэлзээд эхэлсэн. Явуу баг­шийн минь нутаг ном ёсоороо эхэлж байна гээд л. Тэрээр замын турш Явуу багшаа дурсаж, Урианхайгаа идэж, Базарын Цэ­дэн­дамбааг ярьж, Бүрэнгийнхээ барин­тагласан судар шиг өвгөдийн тухай хуучилж явсан билээ. Төв аймгийн Захиргаанд ажил­лан галлагаатай ганц өрөөнд амьдарч ахуйд нь нэг л өдөр Явуу гэрийнх нь бос­гоор алхсан түүхтэй. Тэр нь жаран зургаан оны зурга­дугаар сарын арван долоон гэж байгаа. “Сүрэнжав гэж тонтгор бөгстэй нэг юм анх манайд Явууг дагуулан ирж билээ” гэнэ. Ийм л дурсамж дурдат­галыг Цоодол найрагч давааг уруудаж явахад ярь­сан. Хажууханд 
ой зөөлхөн шуугиж, хараацай нисэлдэн ойн цоорхойд модон бай­шинтай бас ганц нэг гэртэй замын буудал үзэгдэж, уул­сын шанаа түүшинг дагаад сарлагийн сүрэг сүглийлдэнэ. Их-Уул сум руу ороод ирсэн нь энэ. 
Их-Уул бол аргагүй л сарлагийн орон. Идэрийн­хээ хөвөөг хаяалаад То­сон­цэн­гэлийн наахна байдаг суу­рин. Олон сайхан бөхчүүд төрсөн нутаг. Миний мэдэхийн Сэнгэ­дов­донгийн Лхагва начин энэ нутгийнх юм. “Азарга Лхагва” гэж үеийнх нь бөхчүүд хэлдэг. Жараад оны эхээр Бадам­доригийн Түвдэндорж авар­гаар улсын цолонд хүрсэн байх шүү. Азаргалж барилд­даг аатай л бөхчүүдийн нэг байжээ. Жүжигчин Дэмид­баатарын аав гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. 
Азарга Лхагва начнаас гадна Гунгаа­самбуугийн Бат-Ам­галан гэж хөө­ний эр бий. Цагтаа бол цалгиж л явсан хүчтэнүүдийн нэг тэрээр өн­гөрсөн жил Тосонд очиход өөдөөс угтаад өнөө л бүдүүн хадуун хэрнээ наргиантайхан яриагаа дэвсэж цүл пал бай­сан. Энэ удаа харин сураг чимээ алга шүү. За тэгээд Өсөхөө аваргыг ид үед нь буюу 2007 онд тавын да­ваанд өвдөглүүлж улсын цо­лонд хүрсэн Бадамдорж, өн­гөр­сөн жил Мөнхбаатар арс­ланд тавын да­ваанд унасан ч өнөөх нь допингтой болж таараад “өсөх идэр” чимэг нэмсэн Жадамбаагийн Оргил гээд начингууд энэ л уулсын дунд өссөн байх жишээний.

Их-Уулын төвийн урдхан байх хуучин модон гүүрээр Идэр мөрнөө гаталж сумынх нь шатахуун түгээ­гүүрийн гадна ирийтэл зогслоо. Тэр­хэн зуурт нэг л мэдэх нь ээ, баахан хужаа мотоцикльтой залуу­чууд цуглачихсан, Уриан­­хай, Цоо­долыг таним­хайрч, Мэндээ захи­рал, Сэ­рээ, Бавуу нартай зургаа татуулж хоорондоо хөшил­дөц­гөөгөөд архайж дэрхийн хараг­дана. Тэндээс хөд­лө­хүйд Тосон­цэнгэлийн наах­на Хөвсгөлийнхөн хоёр фургон машиныхаа ааг амьс­гааг түр ч атугай дарж буй бололтой ногоон ширэг дээр сууцгааж байна. Идэрийн эх хэлнийхээ олимпиадыг зорьж яваа нь тэр. Хүүхдүүд нь зүл­гэн дээр наадан тоглоц­гоо­гоод жар­галтай. Нялх уна­ганууд голын зүлгэн дээр тоглодог шиг л. Хөвс­гөлийн­хөн шиг Говь-Алтайгаас, Ув­саас, Завханы бүхий л сумаас фургон, “жа­ран ес” хөлөг­лөсөн багш су­рагчид Идэрийн­хээ эх хэлний чуул­ганыг яг одоо зорьж яваа. Газар газрын шигшмэл хүл­гүүд нэг хэсэг эртний буурал Хар­хорумынхаа туурин дээр тоосоо өргөж байсан удаа­тай. Түүн шиг эх хэлний баярт оролцохоор баруун бү­сийн­хэн хаврын сүүл сард дуу шуутайхан уулзацгаадаг. Ийм л уламжлал тогтоод да­руй олон оныг үджээ. Жилээс жилд эх хэлний баяр өргөжиж, шандсаа сорьж буй “морьд”-ын тоо олшроод, Идэрийн хөвөөнд үнэндээ багтаж ядах бол­сон билээ. Хөвсгөлийнх­нийг Ойдовын Бадмаадорж бээр ах­лаад иржээ. Сүүлийн үед Ц.Оюун­гэрэл сайдтайгаа сүрхий сүжирч, Хамба гэгээ­нийхээ судар номыг авшиг­ласныхаа шидийг үзүүлэн, түүхийн дурсгалт бүтээ­лүү­дийг өвөртөө эрдэнийн хөө­рөг адил бөмбөрүүлж, 
лаа мэт гэрэлтэн буй тэрээр эх хэлний боловсрол, соё­лыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн Удирдах зөвлөлийн ги­шүүн юм.

“Сайн цагийн мянган бур­хад”-ын нэгэн түүнийг төр засаг, түмэн олон ийн хүн­дэтгэж байхуйд суу­гуул нутаг Хөвсгөлийн Жаргалан­гийн удирдлагууд жигтэйхэн хар­даж сэрдэж шүүх цагдаа бол­сон гэдэг. Яагаав дээ, өнгөр­сөн хавар Бурхан багшийн шүд буюу амил­сан шүтээн пэлдэнг манайхан ёс төртэй­хэн залав даа. Тэр нь Бад­маа­дорж гэгээнтэнд хадгалаг­даж байсан. Засгийн хар ма­шинд сайд шиг сууж, саарал ордонд уригдаж хэдэн өдөр газар гишгэлгүй хүнд­лүүлээд Жаргаландаа очиход өм­нөөс нь хадагтай сүү бус дайзтай сум, буутай угтсан нь тэр. Гэвч үнэн гэдэг үнэнээрээ л байдаг хойно. Эл бүгдийг нь үнэлж түүнд “Үлэмж эгшиглэн” сан дээд шагнал болох “Үлэмж соёрхлоо” хүртээсэн билээ.

Бөхөн шарын нурууны ардхан тушаа, Идэрийнхээ хойхно шар цагаан шаргал эсгий дэлгэчихсэн мэт дэвсэг дээр Лутын Лхагважав багш тэргүүтэй эрхмүүд угтлаа. Бид Тосонгоор дайрч, Мэргэн толгойн шил дээр түр буу­дал­лаж, Тэл­мэний Хүрэн талаар давхиулсаар ирж буй нь энэ. Жилийн жилд яг л энэ газраа ингэж л идээ будааны дээд­тэй халуун дулаан сэтгэлээ дэвсэж угтдаг даа, Идэрийн­хэн минь. Лхагважав багш маань жил ирэх бүр л улам залуужаад байх шиг. Царай зүс тунгалагхан. Өнөө л ган­ган хүрэн бүрхээ духдуулж, шар торгон дээлээ хөөргөн бүсэл­сэн тэрээр Урианхай, Цоодолоо санасан гэж жиг­тэйхэн. Үдийн наран Бөхөн шарын сунайсан шаргал ну­руун дээгүүр хадаг шиг дэлгэг­дэж, Туна, Жаргалантын амаар адуу мал дэлхэн, го­лын урдтайх хоёр гэрээс шин­­гэн цэнхэр утаа эгц дээ­шээ олгойдно. Тэртээ дээр мөнгөрөн цавцайх Сэвжид­балбарынхаа зүг харахуйд эц­гийнхээ гэрт ирсэн мэт нэг л сайхан сэтгэгдэл төрөх нь юу билээ. Хоёр хутагтын минь нутаг ингэж л хөхрөн дуниарч байдаг даа. Тэнгэрт тэв­нийн чинээ үүлгүй гэдэг шиг Идэрийн гол нэг чиг мө­сөн жин­гэлэггүй хар хөх ал­маа­заар давал­гаалан мэл­мэрч байна. Энэхэн бөмбөрц­гийн хаанаас чиг юм Идэрийн голыг зорин хоёр сугаа хол­готол нисч 
ирсэн шувууд түмэн янзын чуулбар үүсгэн, жаргалтайн дэлгэрт умбанам.

Голын чимээ дэрлэн хэсэг­хээн сууж сум орон нутгийн удирд­лагууд, ургаа уулс ши­гээ тэлмүүхэн ах нартай яриа хөөрөө дэлгэ­чихээд оройн сэрүүнд Төрөө ахын хамтаар адуун дээр нь очлоо. Төв аймгийн Баянцагаан, зүүн­тээх Дорнод, Сүхбаатараас угшилтай үрээ морьдыг нь үзлээ. Эрмэг хүлэг эзнээ хараад магнайгаа тэнийтэл эвшээдгийг мэднэ. Гэхдээ бүгд л магнай тэнийн баярлахыг харах үнэндээ бахтай юм билээ. Юм гэдэг өөр л байдаг аж. Зүлгэчихсэн зандан шиг хүрэн азарга, Сандаг­дор­жийн оонон хар шиг нарийхан хар азаргууд шууд л нүднээ тусч байгаа юм. 
Ойртож ир­сэн үрээнхэн морьдыг хасч хөөгөөд л. Үе үехэн хүзүү дэвссэнээ, суман хоёр чих солбилзуулан ийш тийшээ сэрвэл­зээд л. Зандан хүрэн азарга на­рийн хоолойгоор цангинатал үүр­сэхэд Улаан хаданд үүрлэсэн шувууд дэр­хийн нисэлдэнэ. Адуу­чин за­луу Батмөнхийн мөрөн дээр нь суучихав уу гэлтэй болж­мор босон суун жиргэнэ. Идэр мөрний хөвөө ийм л зураг хөргөөр тодорч байлаа. Адууны дэргэдээс гол уруу­дан харахуйд буурал хоёр найрагч, Лхагважав багшийн хам­таар голын зүлгэн дээгүүр алхаж явна. Бүх л зүйл ер бусын санагдаж бай­гаа юм.

Үргэлжлэл бий

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Б.Болор: Гар утасны дугаарыг хувь хүний өмч байлгах хуулийн төсөл санаачилж байгаа

УИХын гишүүн Б.Болороос дараахь тодруулгыг авлаа.

УИХын чуулганыг түр завсарлуулна гэж мэдээ­лээд байгаа. Энэ тухай ги­шүүдэд мэдэгд­сэн үү?

-Завсарлана гээд л шуу­гиад байгаа боло­хоос биш яг зав­сарлая гээд шийд­чи­хээ­гүй байна. Энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөл ший­дэх байх. 

УИХаас Засгийн газ­рын гишүүдийг бүр­дүүл­сэн учраас УИХын ажил уяг­даж байна гэх юм. Бас МАНын гишүүд бондын 1.5 тэр­бум ам.дол­ларыг судалгаа­гүйгээр зар­цуул­лаа гэж шүүмж­лээд байгаа?

-УИХ-аас Засгийн газ­рын гишүүдийг бүрдүүл­сэнд асуу­дал байгаа юм биш. Засгийн газар 1.5 тэрбум ам.дол­ларын бонд босгочихоод бай­хад нь УИХ дээр уяад байвал улс орны хөгжил яах билээ. Тэгээд ч зар­цуу­лалтыг хуульд хар­шилсан уу гэхээсээ өмнө юунд зарцуулагдаж бай­на гэдгийг нь сайн харах хэрэг­тэй. Учир нь энэ Засгийн газарт мөнгө угаах зорилго­той бус, ажил хийх зорилго­той хүмүүс ажиллаж байгаа гэж бодож байна. Ийм зорил­готой хүмүүс хуу­лиас гадуур ажиллаж, хөрөнгө хувьдаа зав­ши­на гэсэн ойлголт гарах­­гүй. Тэгээд ч ямар нэгэн хуу­лиас гадуур зарцуу­лалт яваг­даагүйг Засгийн газрын­хан баталж бай­гаа. Ер нь зар­цуулалтыг их зөв хийж байна гэж дүгнэсэн. Зам, харил­цаа дэд бүтцэд хөрөнгө оруу­лалт хийхээр болсон нь эдийн засгийн чухал ач хол­богдол­той. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг дээ. Гэтэл сөрөг хүчний­хэн бүх зүйлийг үгүйс­гэж байх ёстой юм шигээр асуу­далд хандаж өөрсдөө тооцоо судалгаагүй зүйл яриад байна.

Монголд үйл ажил­ла­гаа явуулж буй үүрэн опе­раторуудын үйл ажил­ла­гааг зохицуулах тухай хуу­лийг санаа­чилж байгаа гэл үү. Энэ хууль гарснаар үүрэн операторуудын үйл ажиллагааны чиг яаж өөрч­лөгдөх юм?

-Үүрэн
холбооны опе­ра­торууд өнөөдөр сая гаруй хэрэглэгчтэй бол­сон байна. Тиймээс хэрэг­лэгчдийн эрх ашгийн үүд­нээс хуулийн төсөл бо­ловсруулж эхэлсэн. Хуу­лийг гаргахын тулд Мон­голтой төстэй болон өн­дөр хөгжилтэй орнуудын үүрэн операторуудын үйл ажилла­гаа­ны тухай хуулийг судалж үзлээ. Үүнээс хамгийн зөв зохи­цуулалттай нь АНУ-д хэрэг­жиж байгаа хууль гэж үзсэн. Ингээд орчуу­лах, Мон­голын орчинд нийцүүлэх гэх мэт ажил, судалгаанууд яваг­даж байна. Олон улсын жиш­гээр “утасны дугаар” нь үйл­чил­гээ үзүүлэгч бай­гууллагын өмч биш, зөв­хөн иргэн хүний өмч бай­даг. Учир нь хүн барьж байгаа утасныхаа дугаа­­рыг байн байн солиод байвал худалдан авах мөнгө­нөөс эхлээд бас бус олон эрсдэл, зардал дагадаг. Тэгэ­хээр хүн нэг өмчилсөн дугаа­раа хэдэн арван жилээр хэрэг­лэдэг.

Харин манайд үйл ажил­ла­гаа явуулж буй үүрэн опе­ра­торуудын компани энэ байдлыг нь да­лим­дуулж үйлч­лүүлэгчидтэй эрх тэгш харь­цах, шу­дарга өрсөлдөх зарч­мыг алдагдуулж байна.

Яагаад шударга бу­саар өрсөлдөж, хэрэг­лэгчидтэй эрхш тэгш харьцахгүй бай­на гэж үзэж байгаа юм бэ?

-Өндөр
хөгжилтэй орнуу­дын иргэд дугаараа өөрөө өмчилж хамгийн таатай үйл­чилгээ үзүүл­сэн операторууд руу хү­сэл­тээрээ шилждэг. Ингэ­хийн тулд аль нэг опера­тор дээр очих шаардлага ч гардаггүй. Эхний нэг сард нь хамгийн таатай үйлчилгээ үзүүлсэн үүрэн операторын компанид хамрагдаж байгаад дараа сард нь нөгөө компани нь илүү боломж олговол та­най үйлчилгээг авмаар байна гэж утсаараа яриад л шийд­чихнэ. Гэтэл манай улсын утсаар ярих үйлчилгээний зах зээлд дугаарын өрсөлдөөн л явагдаж байна. Үйлчилгээ үзүүлж буй компаниуд нь ч дугаараар нь барьцаалж таа­тай үйлчилгээ үзүүлэхийн оронд иргэдийг шулж байна гээд хэлчихэж болно. Дугаа­раар нь ингэж өрсөлдүү­лэ­хээс гадна үүрэн операторуу­дын үзүүлж буй үйлчилгээ нь хэрэглэгчдээс мөнгө саахыг л зорьсон байдаг. Бас оюуны өмч, бусад патент, зохиогч­дын эрхэнд халдаж байна. Энэ бүхнээ нэр төрийн батал­гаа гэж буруу сурталчилж байгаа нь эмгэнэлтэй. Утасны дугаар, гар утас гэдэг хэрэглээ болохоос нэр төрийн батал­гаа байна гэж юу байхав. Үүнийг зохицуулах шаард­лага байгаа.

Хуульд дугаар нь хувьд шилжихээс өөр өөрч­лөл­түүд орох уу?

-Дугаар
хувьд шилж­сэ­нээр тухайн хүнийг ямар үүрэн оператор ашигладаг болохыг бусад хүмүүс мэдэх боломжгүй болно. Түүнчлэн дугаарын ялгааг арилгана. 11-тэй дугаар арван сая төг­рө­гөөс дээш үнээр зарагдаж байна. Гэтэл үйлчилгээ функц нь ижил, бусад боломжууд нь ч ижил байхад яагаад 11-тэй дугаар өндөр үнээр зарагдах ёстой гэж. Ингэж дугаараар барьцаалж иргэдийг чирэг­дүүлж болохгүй. Түүнчлэн яг өнөөдрийн нөхцөл байдлаар манай иргэдийн ихэнх нь хоёроос дөрвөн гар утас барьж байна. Ийм зүйл дэл­хийн хаана ч байдаггүй. Мөн шинээр утасны дугаар авч байгаа хүмүүст урамшуулал олгож байгаа хэрнээ 10 жил үүрэн операторуудын хэрэг­лэгч байсан хүмүүс ямар ч урамшуулал хүртдэггүй. Энэ мэтээр шударга бус бүхнийг хуулиар зохицуулах бодол­той байгаа.

Энэ хуулийн хэрэгжих орчинг нь судалж үзэв үү. Үйлчилгээ үзүүлэгч бай­гуул­лагууд ямар санал бодолтой байна?

-Бүх
судалгаанууд хийг­дэж байгаа. Судалгааныхаа дүнг хараахан гаргаагүй бай­на. Мэдээж үйлчилгээ үзүү­лэгч байгууллагууд хэрэглэгч­дийнхээ төлөө энэ хуулийг дэмжих байх. Мөн үндэсний аюулгүй байдалтай холбоо­той учраас тагнуул, цагдаа гээд олон байгууллагатай хамтрах шаардлагатай бай­на. Гэхдээ энэ хууль нийгэмд шаардлагатай, дэлхий нийт энэ чиг рүү явж байхад мон­гол­чууд эсрэгээрээ зөвхөн ашгийн төлөө байж болох­гүй. Энэ хууль гарснаар өр­сөл­дөөн л сайжирч, иргэдэд илүү их боломж ирнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хөрөнгөтнүүд энэ байдлыг тоодоггүй байж болно. Гэхдээ жирийн иргэд үүнд нь чирэг­дэх ёсгүй.

Л.ТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Хүчингийн хэрэг ихэсчээ

Энэ долоо хоногт гарсан хэргийг
тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногт хүчингийн
гурван хэрэг гарсан байна. Баянгол дүүргийн 6-р хорооны иргэн У-г гэртээ орохоор цахилгаан
шатанд ороход үл таних хүн хүчирхийлэхийг завдан зодсон хэрэг гарсан. Эмэгтэйг цахилгаан шатанд
ороход тодорхой ажилгүй Н нь согтуурсан үедээ түүнийг үсдэж унаган хоолойг нь боож
шатны хонгил руу чирэн хүчиндэхийг завдсан хэрэг гарсан. Энэ үед цагдаагийн алба хаагчид
газар дээр нь хэргийг таслан зогсоосон байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт орцны жижүүрийн таван
настай охиныг хүчиндсэн хэрэг гарсан юм. Хохирогч охин аав, ээж, ах дүү нарынхаа хамт орцонд амьдардаг бөгөөд ээж, аав дээр нь ирж архи уудаг
хүмүүс бяцхан охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан. Мөн таксины жолооч эмэгтэйг
зодож, хүчиндэж, дээрэмдсэн хэргийн талаар мэдээлсэн
билээ. Таксины жолооч эмэгтэйн машинд 120 мянгатаас Баруун салаа хүргүүлнэ хэмээн 30-32 орчим насны залуу гар өргөн суужээ. Улмаар Бумбатын рашааны орчим
хүргүүлэхдээ эмэгтэйг араас нь боож унаган, хүчиндэн автомашиныг нь авч зугтаасан хэргийг тус
дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

СОГТУУ ЖОЛООЧ АЙЛЫН ГЭР ДАЙРЧ, ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүр-гийн эцэст согтуу жолооч айлын
гэр хашаагдайрч хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. УБЧ 72-77 улсын дугаартай “Nissan Теапа” маркийн автомашин жолооч айлын гэрийн
араас дайрч гараад цаана нь байсан айлын байшинг цөмлөн орж зогсчээ. Осол гарах үед гэрт 50 орчим насны эмэгтэй гэртээ ганцаараа байсан
бөгөөд тэрбээр газар дээрээ нас баржээ. Осол гаргасан жолооч согтуу явж байсан байна. Угхэргийгдүүргийн цагдаагийн
хэлтэс шалгаж байна.

ГАЗ ҮНЭРТЭЖ, АМИА АЛДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн XII хороонд тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн
авахад газанд хордсон хүүхэд иржээ. Хүү 15 настай бөгөөд гэртээ ганцаараа байхдаа толгойдоо
гялгар уут углаж байгаад ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуурсанаж. Тэрбээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгэсэн ч
хордлогоос гарч чадалгүй нас барсан байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс
шалгаж байгаа аж.

ТӨРСӨН эцэг нь ХҮҮГИЙНХЭЭ
ХУРУУГ ЗААЗУУРААР ЗҮСЧЭЭ

Чингэлтэй дүүргийн XIII хороонд оршин суух иргэн Б нь согтуу байхдаа
гэртээ агсам тавьж эхнэрээ зоджээ. Энэүедтүүний төрсөн хүү аавынхаа гарт байсан
хутгыг булааж авч тайван суухыг гуйсан аж. Харин согтуу эр “ээжийгээ өмөөрлөө” гэдэг шалтгаанаар хүүгийнхээ хурууг хутгаар зүсч
гэмтээсэн байна. Нийслэлийн цагдаагийн газраас
ахуйн хүрээнд архидан согтуурснаас гэр бүл, үр хүүхдийнхээ хүний аминд хүрэх, гэмтээж шархдуулах хэргүүд
ихэсч байгааг сэрэмжлүүлж байв.

ЗОЛГҮЙ БАЙДЛААР НАС БАРСАН
ХЭРЭГ

Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Жи Юу” ХХК-ийн барилга дээр ажиллажбайсан
иргэн О-г гурван давхрын шатан дээр явж
байхад нь таван давхраас панер унаж хүзүү нь хугарч хүнд гэмтсэн байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Зэл” амралтын харалдаа Туул голын усанд хэн болох нь
тодорхойгүй 50 гаруй насны эрэгтэй хүн живсэн байдалтай
нас барсан байна. Налайх дүүргийн III хороонд “Ардагельдийн уурхайн аманд уурхайд манаач ажилтай
А уурхайн агааргүй орчинд орж нас барсан байна.

ТАНХАЙН ХЭРЭГ

Баянгол дүүргийн X хорооны иргэн П гэртээ согтуурсан үедээ хардалтын
улмаас нөхрийнхөө бөөрөн тус газар хүйтэн мэсээр гэмтээжээ. Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Д-г охинтойгоо уулзуулсангүй гэх шалтгаанаар хэсэг
залуучууд бүлэглэн зодож гэмтээсэн байна. Тэдгээр залуучууд согтуу байсан гэнэ. Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэн С нь гэртээ
согтуурч үл ялих зүйлээр шалтаглан эхнэр Д-гийн хэвлий тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн
байна.

ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХООР ҮСЭРЧЭЭ

Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах “Марс” зочид буудлын өрөөнд байрлаж
байсан Э нь найз залуу О-той маргалдан өрөөний цонхоор
үсэрсэн байна. Охин хүнд гэмтэл авч Гэмтэл
согог судлалын эмнэлэгт хүргэгджээ. Мөн СУИС-ийн 4 давхарт
тус сургуулийн жүжигчний “2в” ангийн оюутан Д нь шатны хаалт төмрөөс боож нас
барсан хэрэг гарсан. Охиныг амиа хорлоход сургуулийн
жижүүр согтуу байсан гэх мэдээлэл байгаа. Түүнийг юунаас болж ийнхүү амиа хорлох болсныг
дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

АРХИНЫ ХОРДЛОГООР ХОЁР ХҮН НАС
БАРЖЭЭ

  Баянгол дүүргийн 19-р хороо-ны Эрүүл мэндийн 6-р төвийн хүлээн авахад иргэн П
нь долоо хоног үргэлжлүүлэн архи ууснаас архины гүн хордлогод орж, эмнэлгийн тусламж авч байгаад
нас барсан хэрэг гарчээ. Мөн Баянзүрх дүүргийн II хороонд байрлах “Сити амбат” сэтгэц наркологийн эмнэлэгт ОХУ-ын харьяат У нь архины
хордлогод орсон гэж хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

ДЭЭРМИЙН ХЭРЭГ

Баянзүрхдүүргийн 11-р хороо-ны Бага тэнгэрийн амны Туул голын
эрэг дээр иргэн А, М нарыг автомашиндаа унтаж
байхад нь хар бараан өнгийн хувцастай 20-25 орчим
насны үл таних гурван этгээд ирж, машиных нь цонхыг хагалж айлган, зодож хүлж орхиод Талакси-s-2″ маркийн цагаан өнгийн гар утас , “Самсунг мар-кийн хүрэн өнгийн зөөврийн компьютер, 650.000 төгрөг дээ-рэмдсэн хэрэг гарчээ.

X. ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Нисэхийн Т.Батжаргал

“Өдрийн зочин” буландаа энэ удаа “Нисэхийн” хэмээх тодот­гол­той, ерөөс энэ л байгууллагаараа овоглож нэршсэн явдаг нэгэн эрх­мийг урилаа. Тэр хүн бол нисэгч, зохиолч, өнөө цагийн нэртэй мене­же­рүүдийн нэг Түдэвийн Бат­жар­гал юм. Мөнгөн ца­гаан хөлөг жо­лоо­дож халуун залуу насаа хөх тэнгэрийн уудамд үдсэн түүнийг зоч­ноор урьсан нь учиртай. Тод­руулбал, эл өдрүүдэд Монгол Ул­сад иргэний нисэхийн бай­гуул­лага үүссэний 88 жилийн ой тохиож байгаа билээ.

Т.Батжаргал Хөвсгөл айм­гийн Мөрөн сумын уугуул. “Том” Сүхбат, Хишигдорж, Мөнх-Эрдэнэ, Баяр­сайхан гээд Монголын бөхийн дэв­жээнд нэгэн зэрэг тодорсон хүчтэнүүдтэй хамт жаран дөр­вөн оны луу жилд мэндэлсэн нэгэн. Хотгойдын үр сад гэж байгаа. “Шадар ван Чин­гүн­жаваа аваад үзсэн ч, манай хотгойдууд цаанаа л шазуур­тай, судсандаа лугших цус нь буцлах нь холгүй явдаг аатай эрчүүд дээ” гэж мань хүн өөрөө хэлж байна. Тэрээр зулай зулайгаа гишгэж төр­сөн арван гурван хүүхдийн хамгийн отгон нь гэсэн. “Аав минь залуудаа багийн эмч, сум нэгдлийн зоо техникч гээд тухайн үедээ хариуц­ла­гатай ажлуудыг эрхэлж явсан юм билээ. Хөвсгөлийн Тосон­цэн­гэлээс аваад хэд хэдэн сумын нэгдлийг анх байгуулж байжээ” гэж зочин минь аавын­хаа хөдөмөр зүтгэ­лээ­рээ гайхагдаж байсан он жи­лүү­дийг нэхэн дурссан юм. Арван гурван хүүхдийнх нь үр удам өсөн үржээд өдгөө нэгэн “вант улсын” хэмжээнд очсон нь тодорхой. Батжаргал тө­рөл­хийн авьяастай, тэгэхдээ юм юманд адтай хүүхэд бай­сан нь багаасаа мэдрэгдээд ирнэ биз дээ. Ухаандаа, дө­рөв, тавхан нас­тай нялххаан ахуйдаа ижийнхээ зуурсан хоолны гурилаар өөрийнх л мэдэх ойр зуурын амьтдын дүрс хийгээд сууж байсан гэдэг. Харин зургаан настайд нь эгч нь баримлын шавар олж өгснөөр мань хүний ба­ри­малчин болох мөрөөд­лийнх нь суурь наашаа ч цаашаа ч үгүй тавигдаж ээ.

Далаад оны эхээр Бат­жар­га­лын аавынх хот ба­раад­сан байна. Арваадхан настай хотгойд хүү Мө­рөн­гийнх бус Дэнжийн мянгын атаман болж хувирах нь тэр.

“Ах нь Дэнжийн мянгын хар шороо мэрж өссөн това­ри­щуу­дын  нэг дээ” гэсэн нь тийм учиртай. Наян нэгэн онд есдүгээр ангийн сурагч бай­тал “Бүгд найрамдах Монгол Улсын иргэн Жүгдэрдэ­ми­дийн Гүррагчаа сансарт нис­лээ” гэхийг “араажав”-гаар сонсоод “Ерөөсөө би нисэгч болно оо. Барималчин, хөг­жим­ч­ин, сагсны тамирчин болохоо больё” гэж зоримог­хон шийдээд нисэхийн тухай ямар чиг мэдэгдэхүүнгүй хэр­нээ далдхан мөрөөдөж эхэл­сэн гэдэг.

Тийм л үедээ байлдааны онгоц Налайхын тэнд сур­гуу­лилт хийдгийг хэн нэгнээс дуулаад ангийнхаа хоёр най­зыг дагуулан гурвуулаа Дэн­жийн мянгаас Налайх руу унадаг дугуйтай гараад жий­чи­хэж. Хоёр хөлөө эцтэл ду­гуй хийж очоод анх удаа онгоц нисч буухыг холоос харсан байна. Ингэж л түүний нисэхийн байгууллагатай холбогдсон түүх эхэлдэг юм. Тэрээр хуучнаар ЗХУ-ын Фрун­зе хотын Цэргийн ни­сэ­хийн хүчний дунд сургуулийг наян долоон онд, ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэ­ний нисэхийн академийг 2002 онд тус тус дүүргэсэн. Наян хоёр оноос Ардын ар­мийн 282 дугаар ангид байл­дагч, наян долоон оноос Налайх дахь зэвсэгт хүчний 137 дугаар ангид МиГ-21 сөнөөгч онгоцны нисэгч, 1989 оноос МИАТ болон “Нисэх ТАС” компаниудад “Царцаа ногоон” хэмээх АН-2 онгоцны нисгэгчээр ажиллаж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн, өөрийнх нь хэлснээр шийр­тэй­хэн л аавын хүү ажгуу. Мөн тэрээр Монголын утга зохио­лын халуун ам бүлийн гишүүн юм. 1999 онд Зохиолчдын байгууллагын далан жилийн ойгоор төрийн шагналт зо­хиолч Долгорын Нямаа, Д.На­цаг­доржийн шагналт зохиолч Дамбадаржаа­гийн Намсрай на­раар батлан даал­гаад гишүүнээр элсч, үе үеийн утгын их мэргэдийн армид хөл тавьсан нь бий. “Өдрийн од­дын зүгт” хэмээх уран сайхны жинтэйхэн кино, “Тэнгэр эзэг­нэгч” тэргүүт шилмэл өгүүл­лийн түүврээ олны хүртээл болгосон билээ.

Одоо бол мань хүн мене­же­рийнхээ үүргийг гүйцэтгэж явна. Түүний менежерлэж байгаа хүн нь А.Очирболд хэмээх авьяас билэгт залуу юм. Тэр хоёр уран бүтээлийн дөрөө харшуулаад Их жан­жин Д.Сүхбаатарынхаа хө­шөөг хүрэлдчихсэн, Хөвсгөлийн Мөрөнгийн төв тал­байд Шадар ван Чингүн­жа­вынхаа хөшөөг босгочих­сон гавьяатнууд. Харин одоо бүр давраад Америкт эзэн хаа­ныхаа хөшөөг босгоно гээд явж байна. Чадна л даа. Түдэвийн Батжаргал гаргуун сайн менежер, Аюурзанын Очирболд бол манай урдаа барьдаг уран барималчдын нэг билээ. Очирболдын хий­сэн анхны бүтээл нь Буян-Ухаа дахь Чингэс хааны морьт хөшөө гэдэг шүү. Далд­хан байсан тэрхүү авьяастныг Батжаргал тийнхүү нээсэн байна.

Иргэний нисэхээрээ овог­ло­дог ийм л нэг тал бүрийн авьяастай эрхмиийг “Өдрийн зочин”-доо урьсан нь энэ ээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Н.Ариунболд: Нэгэнт хууль гарчихсан учраас энэ хэвээрээ сонгуулийг өнгөрөөхөөс өөр арга байхгүй

Хуульч Н.Ариун­болд­той ярилцлаа.

Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуульд телевиз, ра­дио­гоор сурталчилгаа явуу­лах асуудлыг тодорхой заагаад өгчихөж. Гэтэл сонины хувьд гээд ха­ра­хаар ямар ч зохи­цуу­лалт алга л даа

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хууль 2012 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр бат­лагдсан. Энэ хуульд сон­гуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг 33 дугаар зүйлээр  зохицуу­лаад өгчихсөн байгаа. 33.2-т “Нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хө­төл­бөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах хэл­бэрээр дараахь арга хэм­жээг явуулна” гэсэн бай­гаа.

Ингээд нэр дэвшиг­чид ямар байдлаар сур­талчилгаагаа явуулж бо­лохыг долоон зүйл заал­таар хэлж өгсөн. Үүнд нэгдүгээрт нэр дэвшигч сонгуулийн суртал­чил­гааны материал хэв­лүүлж, сонгогчдод хүр­гэнэ. Хоёрдугаарт гудамж талбайд сонгуулийн сур­талчилгааны зурагт сам­бар байрлуулна. Өөрийн бэлгэ­дэл болсон далбааг гудамж тал­байд байр­луулна. Сонгогчидтой уул­­­зах хурал цуглаан хийнэ. Ухуу­лах байр ажил­­­луулна. Радио, те­ле­­визийн суртал­чил­гаа­ны нэвт­рүү­лэг хийнэ. Ца­хим хуудас болон олон нийтэд зориулсан мес­сеж утсаар илгээж болно. Ерөнхий­лөгчийн сон­гуульд нэр дэвшигч ийм л сурталчилгаа хийх эрх­тэй. Үүнээс өөр арга хэл­бэрээр сонгуулийн сур­тал­чилгаа хийхийг хориг­лосон.

Тэгэхээр сонин хэв­лэлээр сурталчилгаа хийх боломжгүй юм уу. Нэр дэвшигч сон­гуу­лийн сурталчилгааны материал хэв­лүүлж, сон­гогчдод хүргэх гэдэг нь сониноор дамжуулна гэсэн үг биш юм уу?

-Энэ
бол нэр дэвшигч зөвхөн өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг сон­гуу­лийн үеэр тусгай хэв­лэмэл сонин, сэтгүүлд хэвлэж сонгогчдод үнэгүй тараахыг хэлж байгаа юм. Ийм сонин, сэтгүүлийнх нь хуудсын хэмжээг хуульд заагаад өгчихсөн байгаа. Мөн нэр дэвшигч танил­цуулга, зурагт хууд­саа хэвлэж сонгогчдод үнэгүй тараана. Энэ бол сонгууль бүрээр хийгддэг ажил л даа. Хамгийн гол нь тэр бүгдийг сонгогчдод үнэгүй тараана шүү дээ. Түүнээс биш  өөрийгөө сурталчил­сан зүйлээ олон нийтийн мөнгөөр худалдаж авдаг сони­ноор дамжуу­лан сонгогч­дод худалдаж болохгүй шүү дээ. Ийм л утгаар энэ зохицуу­лалтыг хийж өгсөн. Нөгөө талаар нэр дэвшигч нэр хаяг, нам эвслийн логотойгоор төл­бөр төлж сонин хэвлэлд нийтэлж болохгүй.

Сонины хувьд сонгуулийн үеэр нэг ч үг дуугарч болохгүй гэсэн үг үү?

-Сонин
өөрөө бод­логоо­роо нийтлэл бичиж, бусдын үзэл бод­лыг илэр­хийлсэн нийтлэл, сур­валж­лага гаргаж болно шүү дээ. Ердийн үед яаж ажиллаж, ямар мэдээлэл хүргэдэг байсан тэр байдлаараа ажил­лана гэсэн үг. Гагцхүү бусдыг гүтгэн доромжилж болохгүй. Тэгэхээр энэ хууль хэв­лэлийн эрх чө­лөөг хааж боогдуу­лаагүй. Сонины хувьд энэ сон­гуулийн үеэр төлбөртэй материал авч тавина гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Аливаа нэр дэв­шигчийн талаар төлбөр­тэй нийтлэл тавьж л бай­гаа бол захиалгатай болж таарна. Мэдээж төл­бөрөө төлсөн хүн өөрийн­хөө дуртай зүй­лийг сонинд нийтлүүлэх гэж хичээнэ шүү дээ. Тийм учраас хориотой.

Тэгвэл сонин хэв­лэлээр сон­гуулийн сур­талчилгаа явуулах­гүй гэсэн мөртөө яагаад хариуц­лага тооцох асууд­лыг хуульд тусга­чихсан юм бэ?

-Хэвлэл
мэдээллийн хэрэгсэл сонгуулийн сур­талчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зог­соо­но. Үүнийг зөрчиж болохгүй гэсэн байгаа.  Мэдээж сонин хэв­лэлүүд төлбөртэй сурталчилгаа хийхгүй учраас энэ заал­тыг зөр­чихгүй нь мэдээж шүү дээ. Дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиг­лаад сонгон шал­гаруулалт явуулж, бусдыг гүтгэн доромжилж хуу­рамч материал тарааж болох­гүй. Нэр дэвшиг­чийн талаар санал авах өдөр хүртэл долоо хоно­гийн хугацаанд санал асуулга явуулж,  нийтэлж болохгүй. Сонгуулийн сурталчилгааг хуульд заа­сан хуга­цаанаас өмнө эхлүүлж болохгүй. Эх сурвалжийг дурдаагүй сон­гуу­лийн суртал­чил­гаа­ны материал тараа­хыг хориглоно. Энэ зүйл заалтуудыг зөрчсөн то­хиолдолд тусгай зөв­шөөр­лийг нь түдгэл­зүүл­нэ гэж байгаа. Тэртэй тэргүй сонин хэвлэл элдэв төрлийн гүтгэлэг, магтаалын шинжтэй сур­талчил­гааны төлбөртэй материал гаргах­гүй учраас энэ заалтуудыг зөрчинө гэж санаа зовс­ны хэрэггүй болов уу.

Төлбөртэй мате­риал гаргаж болохгүй гэсэн болохоос сонгуу­лийн тухай бичиж бо­лохгүй гэж хуулиар хориг­лоогүй юм байна тийм үү?

-Сонгуулийн суртал­чил­гаа эхлэв үү, үгүй юу нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн бүх хэрэгс­лээр сурталчилгаагаа ца­цаж эхэлдэг. Хуулиар хо­риг­лоогүй учраас сур­талчилгаа аль ч хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр цацаж болно гэж боддог. Тийм учраас нэр дэв­шиг­чийн сурталчилгаагаа явуулж болох хэдхэн нөх­цөлийг хуулиар зөв­шөөрч өгсөн хэрэг. Нэр дэвшигч дээр дурдсан зүйлүүдээс бусад арга хэлбэрээр сурталчилгаа хийж болохгүй л гэсэн үг.

Нэр дэвшигчид бүгд иргэд сонгогчидтой уул­захаар хөдөө орон нутагт явж байна. Үүнийг сонин хэвлэлийнхэн  да­гаж яваад сурвалж­лага нийтэлж байгаа л даа. Энэ нь хууль зөрч­сөн болж таарах уу?

-Хэвлэл
мэдээллийн байгуул­лага мэдээлэл бэлтгэх эрхийнхээ хү­рээнд өөрсдөө зардал мөнгөө гаргаад, сурвалж­лагчаа томилж явуулаад олон нийтэд мэдээлэл өгч болно шүү дээ. Энэ бол хэвлэл мэдээллийн бай­гууллагын өөрийнх нь үндсэн чиг үүрэг байл­гүй дээ. Гагцхүү тэндээс төлбөр авч сурталчилгаа хийж болохгүй.

Иргэн ДоржБи тэр нэр дэвшигчийг дэм­жиж байнагээд яривал түүнийг нь сонин хэв­лэл нийтэлж болох уу?

-Тэгвэл
хэцүү л дээ. Далд сур­тал­чилгаа бол­но. Тэгэхээр болно гэж би хэлэхгүй. Яахав зүгээр эсрэг, тэсрэг байр суурь гэдэг маягаар нэр дэвшигчийн сайн, муу хоёр талыг гаргаж өгсөн нийтлэл байж болох байх. Угаасаа сэтгүүл зүйн ёс зүйгээ ч бодсон тийм л байдаг байлгүй. Хамгийн гол нь аливаа нэр дэвшигчийг гүтгэж, доромжилж, хуурамч мэ­дээ­лэл гаргаж болохгүй. Мэдээллийн тэнц­вэртэй байдлыг хадгалах нь чухал байх. Сонгуулийн явцад нэг л нэр дэвшиг­чийг  хэтэрхий магтаад юм уу эсвэл муулаад байвал ил далд сурталчил­гаа­ны хэлбэрт орно. Тийм учраас нэр дэвшигчдийн мэдээллийг ижил тэнцүү өгөх нь чухал байх.

Энэ хууль телевиз, радиод төлбөртэй сур­талчилгаа хийх эрхийг нь өгсөн мөртөө яагаад сонинд хориглочихсон юм бэ. Адилхан хэвлэл мэдээллийг байгуул­лагыг ингэж ялгах хэрэг байсан юм болов уу?

-Ялгаварлаж үзсэн юм биш байх. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ч энэ зохицуулалт бий шүү дээ. Гэвч тухайн үед нь хэвлэл мэдээллийнхэн үүнийг  олж хараад асуу­дал болгож тавиагүй. Мэ­дээж энэ хуулийг боловс­руулахын тулд судалгаа шинжилгээ хийсний үнд­сэн дээр өөрчилсөн.  Гэх­дээ нэгэнт хууль гарчих­сан. Одоо өөрчлөлт орох боломж байхгүй. Энэ хэ­вээрээ Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгө­рөөхөөс өөр аргагүй болж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийн шилдэг хорин сургуульд элсэгчид төрөөр төлбөрөө даалгаад, хүссэн мэргэжлээрээ сурна

Дэлхийн
шилдэг хорин сур­гуульд суралцагчдын хүсэлтийг үндэслэн мэргэжлийн чиглэл хар­гал­захгүйгээр
төлбөрийг нь Зас­гийн газраас зуун хувь даахаар боллоо. Харин зэрэглэлийн
21-100-д багтсан сургуульд сурал­цагч­дын төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас
зарласан мэр­гэж­лийн чиглэлийг харгалзан сан­хүү­жилт олгох юм байна. Энэ тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж энэ сарын 20-нд зарлиг гаргаж, дэлхийн шилдэг
их, дээд сургуульд суралцуулахад шаар­даг­дах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж
байхыг үүрэг болгосон. Ингэхдээ дэлхийн шилдэг их сур­гуулийн зэрэглэлийг олон улсад
хүлээн зөвшөөрөгдсөн “Томсон Ройтерс” байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцож
байхыг хол­богдох хүмүүст нь даалгажээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас өмнө манай
оюутнууд дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд суралцах ёстой гэсэн нөхцөлтэй байсан
юм. Харин хүрээг нь тэлж зуу болгочихлоо.

Дэлхийн
шилдэг сургуулиудын жагсаалтын эхний хорьд нь элссэн суралцагчдад ямар нэг мэргэжлийн
чиглэлийг шаардахгүй. Хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг олгож байгаа. Харин
21-100-д багтсан сургуульд суралцагчдад улс орондоо хэрэгтэй мэргэжлээр сур гэсэн
даалгавар өгөх юм.

Дэлхийн
шилдэг хорин сур­гуульд суралцагчдад бакалаврын тэтгэлгийг өгөхдөө “Эх орондоо эргэж
ирж ажиллах ёстой” гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрэв тухайн суралцагч сургуулиа
дүүр­гэ­чихээд буцаж ирэхгүй бол барьцааг нь хураах хүртэл арга хэмжээ авах аж.
Гэхдээ энэ талаар УИХ-аар хэлэлцүүлж, эцсийн шийд­вэрийг гаргах юм байна.

Ямартаа
ч Монголын хүүхэд залууст дэлхийн шилдэг их, дээд сургуульд шалгалтыг нь өгөөд тэнцвэл
төлбөр мөнгөнд битгий санаа зов гэдгийг төр засаг нь хэлж байна.

Дэлхийн
нэр хүндтэй сур­гуу­лиуд элсэлтээ янз бүрийн хэлбэ­рээр явуулж, элсэгч, суралцагчдаа
нарийн шалгуураар сонгодог. Нэг жишээ дурдахад, Массачусетийн технологийн их сургууль
2012 оны тавдугаар сард олныг хамарсан нээлттэй цахим сургалтыг дэлхий даяар зарлаж
хэрэгжүүлж эхэлсэн. Анхны сургалтаа электроникийн чиглэлээр зохиоход 160 орны
155 мянган залуус суралцсанаас дөн­гөж долоон мянга гаруйхан нь амжилттай дүүргэж,
үнэмлэх авсан байна. Тэднээс 340 нь л өндөр амжилт гаргаж шигшигдсэн. Шигш­мэл тэдгээр
суралцагчдын дунд “Сант” сургуулийн сурагч М.Бат­түшиг гэх 15 настай хүү байсан
нь олны анхаарлыг татсан юм.

Уг
сургалтыг зохион байгуу­лаг­чид шалгалт маш хүнд байсныг хэлээд нийт суралцагчдын
тав хүрэхгүй хувь нь амжилттай өгснийг дурджээ.

Дэлхийн
нэр хүндтэй сургуу­лиуд хичээлээ цахимаар үнэгүй зааж, дэлхийн аль ч улс орны иргэнд
насны хязгаар тавихгүй хамрагдах боломж олгож эхэлж байгаа нь Монголын залууст том
боломж өгч байгааг доктор, про­фес­сор Д.Бадарч онцолсон.

Одоогоор
М.Баттүшигээс гадна өөр олон хүүхэд дэлхийн нэр хүнд­тэй хорин сургуульд элсчихээд
бай­гаа.

Дэлхийн
шилдэг их, дээд сургуульд элсэхэд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой,
яаж элсэх талаарх арга замыг зааж өгсөн албан ёсны ямар ч зөвлөмж чиглэл алга. БСШУЯ
болон холбогдох байгууллагуудад ч энэ талаар мэдээлэл хомс, дэлхийн шилдэг сургуулиудад
элсэхийг хүсэгчдэд зориулсан тусламж, заавар гаргаагүй байна.

Массачусетийн
технологийн их сургуулиас гадна дэлхийн нэр хүндтэй бусад сургуулиуд ч ийм маягаар
чадварлаг, авьяастай, зүтгэлтэй хүүхэд, залуусыг сон­го­дог жишиг тогтоод буй. Хэрэв
та дэлхийн нэр хүндтэй сургуульд элсч, төрөөр төлбөрөө даалгахыг хүсвэл сонирхож
буй сургуулийн­хаа шалгалтад эртнээс бэлтгэж, цахим хэлбэрээр байнгын харил­цаа
үүсгэж, сургалтад нь алгал­сал­гүй идэвхтэй оролцвол боломж байгаа шүү гэдгийг мэргэжилтнүүд
зөвлөсөн юм.

Энэ оны тавдугаар сарын байдлаар “Томсон Ройтерс”-оос дэлхийн
шилдэг зуун их, дээд сургуулиудыг нэрлэжээ. Дэлхийн топ сургуулиудын жагсаалтыг
тэргүүлж буй хорин сургуулийг танилцуулъя.

 

Categories
редакцийн-нийтлэл

Хүчингийн хэрэг ихэсчээ

Энэ долоо хоногт гарсан хэр­гийг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногт хүчингийн гурван хэрэг гарсан байна. Баянгол дүүр­гийн 6-р хорооны иргэн У-г гэртээ орохоор цахилгаан шатанд ороход үл таних хүн хүчирхийлэхийг зав­дан зодсон хэрэг гарсан. Эмэгтэйг  цахилгаан шатанд ороход тодор­хой ажилгүй Н нь согтуурсан үедээ түүнийг үсдэж унаган хоолойг нь боож шатны хонгил руу чирэн хүчиндэхийг завдсан хэрэг гарсан.  Энэ үед цагдаагийн алба хаагчид газар дээр нь хэргийг таслан зог­соо­сон байна. Мөн  Сонгинохайр­хан дүүрэгт  орцны жижүүрийн  таван настай охиныг  хүчиндсэн хэрэг гарсан юм. Хохирогч охин аав, ээж, ах дүү нарынхаа хамт орцонд амьдардаг бөгөөд ээж, аав дээр нь ирж архи уудаг хүмүүс бяцхан охиныг хүчирхийлсэн жиг­шүүрт хэрэг гарсан. Мөн таксины жолооч эмэгтэйг зодож, хүчиндэж, дээрэмдсэн хэргийн талаар  мэ­дээл­сэн билээ.  Таксины жолооч эмэгтэйн машинд 120 мянгатаас Баруун салаа хүргүүлнэ хэмээн 30-32 орчим насны залуу гар өргөн суужээ.  Улмаар Бумбатын рашаа­ны орчим хүргүү­лэх­дээ эмэгтэйг араас нь боож унаган, хүчиндэн автомашиныг нь авч зугтаасан хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

СОГТУУ ЖОЛООЧ АЙЛЫН ГЭР ДАЙРЧ, ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүр­гийн эцэст согтуу жолооч айлын гэр хашааг дайрч хүний аминд  хүрсэн ноцтой хэрэг гарлаа.  УБЧ 72-77 улсын дугаартай “Nissan Teana” маркийн автомашин жолооч айлын гэрийн араас дайрч  гараад цаана нь байсан айлын байшинг цөмлөн орж зогсчээ. Осол гарах үед гэрт 50 орчим насны эмэгтэй гэртээ ганцаараа байсан бөгөөд тэрбээр газар дээрээ нас баржээ. Осол гаргасан жолооч согтуу явж байсан байна. Уг хэргийг дүүргийн цагдаа­гийн хэлтэс шалгаж байна. 

ГАЗ ҮНЭРТЭЖ, АМИА АЛДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн XII хороонд тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад газанд хордсон хүүхэд иржээ. Хүү 15 настай бөгөөд гэртээ ганцаараа байхдаа толгой­доо гялгар уут углаж байгаад ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуур­сан аж.  Тэрбээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгэ­сэн ч  хордлогоос гарч чадалгүй нас барсан байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

 ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ХҮҮГИЙНХЭЭ ХУРУУГ ЗААЗУУРААР ЗҮСЧЭЭ

 Чингэлтэй дүүргийн XIII хо­роонд оршин суух иргэн Б нь согтуу байхдаа гэртээ агсам тавьж эхнэ­рээ зоджээ. Энэ үед түүний  төрсөн хүү аавынхаа гарт байсан хутгыг булааж авч тайван суухыг гуйсан аж. Харин согтуу эр  “ээжийгээ өмөөрлөө” гэдэг шалтгаанаар хүү­гийн­хээ  хурууг хутгаар зүсч гэмтээ­сэн байна. Нийслэлийн цагдаагийн газраас  ахуйн хүрээнд архидан согтуурснаас гэр бүл, үр хүүхдийн­хээ хүний аминд хүрэх, гэмтээж шархдуулах хэргүүд ихэсч байгааг сэрэмжлүүлж байв.

ЗОЛГҮЙ БАЙДЛААР НАС БАРСАН ХЭРЭГ

Баянзүрх дүүргийн II  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Эн Жи Юу” ХХК-ийн ба­рил­га дээр  ажиллаж байсан  иргэн О-г  гурван давхрын шатан дээр явж байхад нь таван давхраас панер унаж хүзүү нь хугарч хүнд гэмтсэн байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Зэл” амралтын харалдаа Туул голын усанд хэн болох нь тодорхойгүй 50 гаруй насны эрэг­тэй хүн живсэн байдалтай нас барсан байна.  Налайх дүүргийн III хороонд  “Ардагельдийн уурхайн аманд уурхайд манаач ажилтай А уурхайн агааргүй орчинд орж нас барсан байна.

ТАНХАЙН ХЭРЭГ

Баянгол дүүргийн X  хорооны иргэн П гэртээ согтуурсан үедээ хардалтын улмаас нөхрийнхөө бөөрөн тус газар хүйтэн мэсээр гэмтээжээ. Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Д-г  охинтойгоо уулзуулсангүй гэх шалтгаанаар хэсэг залуучууд бүлэглэн зодож гэмтээсэн байна. Тэдгээр залуу­чууд согтуу байсан гэнэ. Сонгино­хайрхан дүүргийн 31-р хорооны иргэн С нь гэртээ согтуурч үл ялих зүйлээр шалтаглан  эхнэр Д-гийн хэвлий тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн байна.

ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХООР ҮСЭРЧЭЭ

Баянгол дүүргийн 17-р хо­роонд байрлах “Марс” зочид буудлын өрөөнд байрлаж байсан Э нь найз залуу О-той маргалдан өрөөний цонхоор үсэрсэн байна. Охин хүнд гэмтэл авч Гэм­тэл согог судлалын эмнэлэгт хүр­гэгд­жээ. Мөн СУИС-ийн 4 давхарт тус сургуулийн жүжигчний “2в” ангийн оюутан Д нь шатны хаалт төмрөөс боож нас барсан хэрэг гарсан. Охиныг амиа хорлоход сургуулийн жижүүр согтуу байсан гэх мэдээлэл байгаа. Түүнийг юунаас болж ийнхүү амиа хорлох болсныг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

АРХИНЫ ХОРДЛОГООР ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ

Баянгол дүүргийн 19-р хороо­ны Эрүүл мэндийн 6-р төвийн хүлээн авахад иргэн П нь долоо хоног үргэлжлүүлэн архи ууснаас архины гүн хордлогод орж, эм­нэл­гийн тусламж авч байгаад нас барсан хэрэг гарчээ. Мөн Баянзүрх дүүргийн  II хороонд байрлах “Сити амбат” сэтгэц наркологийн эмнэлэгт ОХУ-ын харьяат У нь архины хордлогод орсон гэж хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

ДЭЭРМИЙН ХЭРЭГ

Баянзүрх дүүргийн 11-р хороо­ны Бага тэнгэрийн амны Туул голын эрэг дээр иргэн А, М нарыг автомашиндаа унтаж байхад нь  хар бараан өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних гурван этгээд ирж, машиных нь цонхыг хагалж айлган, зодож хүлж орхиод “Галакси-S-2” маркийн цагаан өнгийн гар утас , “Самсунг” мар­кийн хүрэн өнгийн зөөврийн компьютер, 650.000 төгрөг дээ­рэмд­сэн хэрэг гарчээ.

Х.ЦЭНДАЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Хонхны баярын хувцсаа оюутнууд 80 мянгаас хоёр сая төгрөгөөр худалдан авч байна

-ОЮУТНУУДАД ИЙМ
ӨРГӨН СОНГОЛТ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛС ЯМАР ГАЙХАМШИГТАЙГ ХАРУУЛЖ БУЙ ЮМ-

МУИС-ийн Эдийн зас­гийн сургуулийн дө­рөв­дүгээр курсийн оюу­тан Г.Батхишиг энэ жил сур­гуулиа төгсөж байгаа. Тэрбээр хонхны баяртаа зориулж хоёр сая төгрөг аав ээжээсээ аваад хувц­саа бэлдэхээр явж байх­тай нь таарсан юм. Брэн­дийн хувцас л өмсөх гэнэ. Түүний хамгийн түрүүнд сонгох хув­цас костюм. Эхлээд хо­рооллын дэл­гүүрүүдээр орлоо. Кос­тюмын дун­даж үнэ 150 мянган төг­рөг. Хамгийн үнэтэй нь 250 төгрөг. Энэ хав­рын шинэ загвар ирээд бай­гааг худалдагч танилцуу­лах ажээ. Хоёр оноотой товч нь бу­сад  костюмаас өөр, гоё­лынх. Мөн тайл­тай нарийн загварын, эн­гэр­тээ гоёлын оёдолтой юм байх. Завсрын хар саарал өнгөтэй учир ямар ч өнгийн цамцан дээр тохиромжтой гэх. Г.Бат­хишиг өмсөж хэсэг эргэл­дэж, толь­дож байснаа ээждээ “Хан­бүргэдэй” бэ­лэн хувцасны дэлгүүр явахгүй бол хэтэрхий хямд­хан юм байна” хэ­мээв. Бид ч түүнийг да­гаад “Хан­бүр­гэдэй” бэлэн хувцасны дэлгүүр рүү явцгаалаа.

  1.5 САЯ ТӨГРӨГ Ч БАГАДНА ГЭВ

Ажил хэрэгч, завгүй атлаа дэгжин хэв маягийг эрхэмлэгч хэн бүхний төгс сонголт бай­саар ирсэн Luisa Spagnoli, Cerruti1881, Civas брэндүү­дийн эрэгтэй гоёлын костюм “Ханбүргэдэй” дэлгүүрийн лангуун дээр худалдаалаг­даж байв. Luisa Spagnoli,
Cerruti1881, Civas брэндүү­дийн эрэгтэй  гоёлын костюмын үнэ 450 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй. Худал­дагчийн хэлж буйгаар брэнд мэддэг хүний нүдэнд шууд тусах эд аж. Бас эдэлгээ сай­тай. Монголын цаг агаарын нөхцөлд таарсан, шороо тоос татахгүй. Өмд нь өвдөг гарахгүй, сайн чанарын ут­саар оёсон гээд л бусад дэл­гүүрт худалдаалагдаж байгаа костюмаас тэс өөр гэнэ. Хорооллын дэлгүүрт үзэж байсан шиг хар саарал өн­гөтэй Luisa Spagnoli брэн­дийн костюм сонирхож бай­на. Үнэ нь 600 мянган төг­рө­гийн үнэтэй. Г.Батхишиг өм­сөж үзээд толинд харж байс­наа шууд л худалдаж ава­хаар болов. Үүнийхээ дараа цагаан өнгийн сороч­кин цамц 180 мянгаар худал­даж авсан юм. Мөн л брэн­дийн цэвэр даавуун мате­риал­тай юм гэ­сэн. Ингээд гутал худалдаж авах юм болов. Г.Бат­хи­ши­гийн ярьж буйгаар МУИС-ийн Эдийн засгийн сургуульд сурч бай­гаа оюутнуудын ихэнх нь амьдралын боломж сайтай, бийлэгжүү айлын хүүхдүүд байдаг гэнэ. Брэн­дийн хувц­саар гангарахаас гадна ихэнх нь сүүлийн үеийн загварын, үнэтэй машин уна­даг гэнэ. Хамгийн багадаа найман сая төгрөгийн үнэтэй машин уна­даг талаар онцлон ярьж бай­лаа. “Ханбүргэдэй” дэлгүүрт Италийн ширэн бо­тинк өрөө­тэй байх аж. Үнэ нь 300 мян­гаас дээш. Г.Бат­хи­ши­гийн сонирхож буй гутал 535 мян­ган төгрөгийн үнэтэй шовгор хоншоортой гялалз­сан хар ботинк.  Тэрбээр таа­лагд­сан зүйлээ шууд л ху­дал­даж авах ажээ. Мөн цамцны товч бо­лон зангианы хавчаар, зан­гиа зэргийг мөн л өндөр үнээр худалдаж авч байна лээ.  Тэдний ангийнхан ангиа­раа Хайнань арал руу явж амрах гэж байгаад зөвхөн зардалд нэг хүнээс 1.5 сая төгрөг гарах учир болиод байгаа гэнэ. Харин Архангай аймгийн Цэнхэр сум руу ам­рал­тад явахаар тохирчээ. Ангийнхаа багшид мөн л бэлэг авч өгөх юм байх. Энэ мэт хонхны  баяртаа зориу­лаад 2.5 сая төг­рөгийн төсөв гаргаад байгаа юм байна. Г.Батхишиг ан­гийн­хан дундаа дундаж амьдралтайд нь ор­дог бөгөөд бидэнтэй хамт явж байгаад худалдаж авсан зүйл­с бусад оюутны хув­цасны хажууд хямд үнэтэйд орно хэмээв.

470 МЯНГААР ГОЁЛЫН ДЭЭЛ ОЁУЛАХААР БОЛОВ

Бид “Ханбүргэдэй” дэлгүү­рээс хонхны баярын хувцсаа худалдан авч буй эмэгтэй оюутны эрэлд гарлаа. Хэсэг оюутан явж байгаатай таар­лаа. “Торго” салон явж загва­рын монгол дээл хийлгүүлэх талаар хоорондоо ярилцах аж.  Тэд өөрсдийнхөө хаана ямар сургуульд сурдаг талаар хэлэхийг хүссэнгүй. Гэхдээ Олон улсын харилцааны чиглэлээр төгсөж байгаагаа нуусангүй. Эмэгтэй оюутнуу­дын хувьд  хонхны баяртаа бэлдэнэ гэдэг хэцүүхэн даал­гавар. Үсээ янзлуулах, гоё­лын будалтаар нүүрээ будах, хумсандаа гоёлын будалт  хийлгэх, өглөө хонхны баяр­таа дээл, өдөр хүлээн авалт­даа даашинз, зугаалга, чө­лөөт цагаараа биед эвтэйхэн хувцас гээд хэд хэдэн янзын хувцас өмсөнө.  Эрэгтэй оюут­­наас хэд дахин илүү хөрөнгө мөнгө цаг зав шаар­дагддагийг ярьж байв. “Торго” салон дээр  яваад очлоо. Хамгийн хямдхан дээл 360 мянган төгрөгөөр худал­даалж байна. Харин хүр хор­хойн шүлсээр нэхсэн гэх тор­гон дээл 2.5 сая төгрөгийн үнэтэй хийгдэх аж. Бидэнтэй хамт явсан охидын нэг нь 470 мянган төгрөгөөр богино дээл хийлгэх захиалга өгсөн юм. Захиалга их байгаа боло­хоор зургадугаар сарын 6-нд дээлээ авахаар болов. Тэд­ний хэлж буйгаар хоёр сая орчим төгрөгөөр хонхны бая­раа бүрэн тэмдэглэж бай­гаа гэсэн.

 89  МЯНГАН ТӨГРӨГӨӨР БҮРЭН ХУВЦАСЛАВ

Бид “Нарантуул” зах руу явлаа. Тус газарт борчуудын хүүхдүүд хонхны баярынхаа хувцсыг худалдаж авах гээд ирчихсэн, дүүрэн хүнтэй байв. “Нарантуул” зах дээр костюм, сорочкин цамцны тусгайлсан 20 гаруй лангуу бий. Тэндхийн хамгийн үнэтэй костюм 80 мянган төгрөг. Энэ жил МУБИС-ийг дүүргэж байгаа Л.Аюуш гэх залуу аав ээжийнхээ хамт явж байхтай таарлаа. Мэнд мэдэлцэж сурвалжлага хийн явж байгаагаа дуулгаад ху­далдаж авах хувцсанд нь  сонголт хийхэд туслалцахаар болж хамт явлаа. Хар өнгийн урд хөршид үйлдвэрлэсэн ганц товчтой, тайлтай  костюм худалдаж авахаар бо­лов. Үнэ нь 35 мянган төгрөг. Өмд нь бага зэрэг томдсон ч костюм нь яг таарч байв. “Нарантуул” захын оёдлын газарт өмдөө өгч 1500 төг­рөгөөр тайруулж, оёулав. Тэгээд гутлын лангуу руу орлоо. Мөнгө тааруу болол­той. Хямд гутал хараад яваад байх аж. Тэгж яваад 28 мянган төгрөгийн үнэтэй шовгор хон­шоор­той гутал худалдаж ав­лаа. Худалдагч залуугийн  хэлж буйгаар хямд үнэтэй ч гэсэн эдэлгээ сайтай гутал аж. Ингээд цамц худалдаж ава­хаар болж, 12 мянган төг­рөгийн үнэтэй цагаан цамц худалдаж авлаа. Мөн таван мянган төгрөгөөр үзмэн ягаан өнгийн зангиа худалдаж ав­сан. Түүнийхээ дараа “Наран­туул” захын хүнсний лангуун дунд байдаг үсчин рүү орлоо. 3000 төгрөгөөр үсээ засуул­сан юм. Мөн 3500 төгрөгөөр шинэ тэлээ худалдаж аваад долоон мянган төгрөгөөр хар өнгөтэй нүдний шил, 3500 төгрөгийн үнэтэй үнэртэй ус, 800 төгрөгөөр үсний гель худалдаж авлаа. Л.Аюуш 89 мянган төгрөгөөр бүрэн хув­цаслав. Маргааш хонхны баяр­таа хэнээс ч дутахааргүй ганган амьтан орох гэж бай­гаа болохоор их л баяртай яваа харагдсан. Түүний аав ээж хоёр “Цайз” модны зах дээр мод хагалж шуудайлж зардаг аж. Тэд нэг шуудай модыг 250 төгрөгөөр хагалж, шуудайлдаг гэсэн. Хүүхдийнх нь хонхны баяр болох гэж байгаа гээд хагас сар орчим мөнгө цуглуулжээ. Одоо ха­маатнуудаасаа багшид нь бэлэг авч өгөх мөнгө, өдөр ресторанд орох мөнгийг зээлж өгөх юм гэсэн. Л.Аюу­шийн ангийнхан  Тэрэлжид байдаг амралтын газар руу явах гэж байгаа юм байна. Тэрбээр ангийнхаа зугаалганд явахгүй хэмээн бидэнд хэлж байсан. “Аав ээж хоё­роороо дөрвөн жил төлбөр хийлгүүлсэн. Одоо бас шинэ хувцас авахуулж хонхны баяр­таа орж байна. Би хонх­ны баяртаа орохгүй байдаг юм билүү гэж бодож байсан юм. Тэгсэн аав ээж хоёр дур­гүйцээд. Би ч өөрөө орох сонирхолтой л байгаа. Гэхдээ хөлс хүчээ шавхан байж ол­сон мөнгөө надад зарцуу­лаад дуусч байна гээд бодо­хоор хэцүү санагдаад байх юм” хэмээн ярьж байна лээ. Түүний хувьд сургуулиа ам­жилттай төгсч байгаа.  Ирэх намар аль нэг сургуульд баг­шаар орчихвол зорьсон зо­рил­годоо хүрэх  юм билээ.

Ийнхүү  сургуулиа төгсөж буй оюутнууд хонхны баяраа тэмдэглэх гэж аав ээжийнхээ халаасыг тэмтэрч байна. Зөв­хөн нэг өдөр өмсөхийн тулд 500 орчим мянган төг­рөгөөр дээл хийлгүүлж, бас маргааш нь хэрэглэхгүй хо­гийн сав руу шидэх цэцгийг өндөр үнээр худалдаж аваад л бие бие­дээ, багшдаа бэлэг­лэхээр зэхэж байна. Уг нь хонхны баярыг эрдмийн баяр гэдэг утгаар нь даруухан тэмдэглэх уриалгыг сургууль болгоноос гаргадаг. Гэвч үүнийг хэрэг­жүүлж байгаа сургууль, оюу­тан одоохон­доо манайд алга.  

Гэхдээ оюутнууд ийнхүү наян мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр хонхны баярын хувцсаа худалдан авч байгаа нь Монгол Улс ямар өргөн сонголттой гэдгийг  илчилж буй хэрэг юм.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН