Categories
редакцийн-нийтлэл

Худалдан авалт ихэсч, модны үнэ нэмэгджээ

Модны үнэ өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэмэгдээд байгаа юм бай­на. Метр куб банзны үнэ 15-23 мянган төг­рө­гөөр өсчээ. Энэ шалт­гаан нь ба­рилгын ажил эхэлж, мод­ны хэрэгцээ эрс нэ­мэгд­сэнтэй хол­боо­той гэнэ. Уг нь бол Байгаль орчин, ногоон хөгж­лийн яам, Мэргэж­лийн хянал­тын ерөнхий газрын удирд­лагууд “Мод­­ны үнэ нэмэг­дэхгүй. Хулгайн мод нийс­лэл рүү оруулж ирэх явдал ч байх­гүй болно. Учир нь энэ жил ойгоос 1.5 сая шоо метр мод бэлтгэхээр бол­сон. Өмнөх жилүү­дэд ердөө 750 мян­ган шоо метр мод бэлтгэх зөвшөө­рөл өгдөг бай­сан” хэмээн онцолж байсан юм.

 Модны үнэ хэрхэн нэмэгдсэнийг  “Цайз” мод­ны зах дээр очиж сур­вал­жиллаа. Бидний
эхний орсон газар бол “Ойн бүргэд” гэх том хаягтай хашаа байв. Энд тэндгүй л хөрөө
раамны мод зүсэх дуу сон­сог­дох аж. Хэн болох нь таниг­дахгүй болтлоо модны үртэс
бол­­сон залуус шалмаг гэгч нь мод зүсч харагд­сан. Тэдний хажууд нь хэсэг хүмүүс
түлээний мод хө­рөөдөж, хагалаад шуудайлах аж.

Шавар шавхай болсон замаар мод ачсан машинууд сүлжилдэн давхина. Цааш явж байтал нүүрээ хар алчуураар битүү ороосон эмэг­тэй хүрч ирээд “Мод авах уу. Хямд­хан өгч байна шүү” хэмээв. Түүнээс ямар учраас модны үнэ гэнэт нэмэг­дэх болсон талаар асуухад “Барил­гын ажил эхэлж, хүмүүс мод худал­дан авч бай­гаагаас шалтгаалж модны үнэ нэмэгдэж байна. Мөн энэ жил цөөхөн хэдэн компани модны зөвшөөрөл авч мод худал­даалж буй бусад компаниудад нийлүүлдэг болсонтой холбоотой” хэмээн ярив.

Модны үнэ хэр нэмэгдсэн та­лаар тусгайлан хүснэгт гарган харуулж байна.  Энэ жил хэрэг­лээний модыг нийслэлийн ойр орчмоос бэлтгэхгүй байх шийд­вэрийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргажээ. Төв аймгийн Жаргалант, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын наад хэсэг, Улиастайн эцэс зэрэг газруудаас мод  бэлтгэхгүй байгаа юм байна. Ихэвчлэн Сэлэнгэ айм­гийн Мандал, Ерөө сум, Төв айм­гийн Мөнгөнморьт сумаас хэрэг­лээ­ний мод бэлтгэх зөв­шөөрөл олгожээ.

Модны үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан хөрөө раамчид, мод хагалагчид ч гэсэн өдрийнхөө орлогыг нэмчихсэн гэдгийг тус газарт ажиллаж байгаа залуус хэлж байна лээ. Уг нь нэг куб банзыг гурван мянган төгрөгөөр хөрөөддөг байсан бол өнгөрсөн сараас эхлэн таван мянган төгрөгөөр хөрөөдөж байгаа гэнэ. Харин мод хагалагч нар шуудай модыг 100 төгрө¬өөр хагалж байгаа юм билээ. Өмнө нь 70 төгрөгөөр хагалж, шуудайлдаг байж.

Тус газарт өдрийн цагт  том машинаар бараг мод буухгүй юм билээ. Ихэвчлэн Портер маркийн машин болон бүхээгтэй машинаар модоо зөөж ирэн буулгаж байгаа харагдсан. Бүхээгтэй машинтай ирж буй модыг тэр хавиар явж байсан залуус бөөнөөрөө очоод л хураалттай мод руу яралзтал нь зөөчих юм. Тэднээс ямар учраас модыг ингэж яаруу хурдан зөөж байгаа талаар асуухад бүгд л “Эзэн нь гуйсан юм аа. Бидэнд энэ маши­наар ирсэн модыг буулгаад, зөөж өгвөл гурав гурван мянган төгрөг өгнө гэсэн. Иймхэн модыг зөөж, хураахад юу байх вэ” гэцгээж бай­лаа. Мөн тэдгээр залуус нэг машин мод бэлтгэх зөвшөөрлөөр гур­ван машин мод оруулж ирж байгаа талаар ярьж байв. Барилгын компа­ниуд шургааг мод тулгууртаа ашиг­ла­хаар худалдан авч байлаа. Уг нь барилгын тулгуурт нарийн шургааг мод ашиглахгүй байх тогтоол шийд­вэр гарсан юм. Гэвч барилгын компаниуд “Цайз” зах дээрээс тулгуур мод худалдан авсаар бай­гаа гэнэ. Тэдний хэлж буйгаар барилгын давхрын бетон цут­гал­тын тулгуур хийх төмөр өндөр үнэтэй байдаг аж. Ширхэг нь 25 мянган төгрөгийн  үнэтэй. Иймд барилгын компаниуд мөнгөө хэмнэх үүднээс цөөн хэдэн тулгуур төмөр худалдаж аваад хүний нү­дэнд ил хэсэгт тулгуурт ашиглаад дотор хэсэгт нь шургааг мод ашиг­лаж байгаа гэсэн. Ийм шалт­гаа­наар “Цайз” модны зах дээр хам­гийн гүйлгээ ихтэй мод  нь шургааг  байсан юм. Нэг ширхэг шургаагийг арван мянган төгрөгөөр худал­даалж байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Охидод “Чи бол Монгол хүн” гэж өдөр бүр сануулж бай

Манайд барилга, зам, уул
уурхай гээд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Эдгээр ажилд гадныхан тэр
дундаа хятадууд их ажиллаж байгаа. 30 гаруй мянган хятад ажилчин Монголд орж
ирчихээд байгаа нь манай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнийх. Уг нь
ямарваа нэгэн салбарт гадныхан байна гэдэг нь өрсөлдөөнийг бий болгож, ажлыг
чанаржуулдаг ач тустай.

Сингапурчууд томоохон
бүтээн байгуулалтаа дандаа гадныхнаар хийлгэсэн байдаг. Гаднаас ажлын хүчийг
олон мянгаар нь оруулж ирж барилгаа бариулж, замаа тавиулчихаад л буцаагаад
гаргачихдаг. Ингэхдээ гаднын ажиллах хүчийг барилгын мастер, замын инженерээс
илүү албан тушаалд суулгаддаггүй. Хар бор ажлаа гадныхнаар хийлгээд өөрсдөө
дээр нь хянаж, удирдаж, зохион байгуулалтын ажлаа хийдэг.

Өөрөөр хэлбэл
харийнхныг дээш гаргахгүй байх бодлоготой. Яагаад гэвэл Сингапурын эзэд бол
сингапурчууд өөрсдөө шүү дээ.

Манайхан ч ингэж байх
хэрэгтэй. Нэгэнт ороод ирчихсан хятад ажилчдыг үзэн ядах биш тэдний хөлс хүчийг
ашиглаад ажлаа хийлгэчихээд л нутаг руу нь буцаачихдаг байя. Үүнд хяналт
шалгалтынхныг идэвхитэй оролцуулж хавар нь ирсэн тэдгээр ажилчдыг намар нэгийг
нь ч үлдээлгүй гаргаж байх ёстой юм.

Хятад ажилчдын Монголд шингэдэг
нэг том шалтгаан бий. Тэр нь монгол авгайтай болох. Ядуу бөглүү тосгонд хорь,
гучин жил өлмөн зөлмөн амьдарч, ээж, эмээгээсээ өөр
эмэгтэй хүний бараа хараагүй тэдэнд тал нутаг, хөгжиж буй оронд ирж ажиллаад
гайгүй мөнгөтэй болоод буцна гэдэг том завшаан. Тэгээд монгол эхнэртэй
болчихвол тэдний хувьд тэнгэрт нислээ л гэсэн үг. Зарим нь эхнэртэй л болох гэж
ирдэг.

Төр засгийн зүгээс дээр
дурдсан Сингапурын арга барилыг судлаад эх орондоо хэрэгжүүлье гэвэл болох.
Гэтэл монгол бүсгүйтэй дэр нэгтгээд гэрийн хойморт шаахайтайгаа завилаад
суучихсан хүнийг хөөнө гэдэг асуудалтай. Тэд хэдийнэ иргэншлээ солиод монголынх
болгочихсон байдаг.

Уул уурхай олборлолт хийгдэж,
байгаль айхавтар сүйдээд байгаа говийн аймгуудад монгол эхнэртэй болчихсон
хятадууд олон байгаа. Говьд төөрсөн жолооч зам мэдэхгүй хээр зогсч байтал монгол
дээл өмсчихсөн, мотоциклтой хятад ирээд зам зааж өгч, манайхаар орж цай уу гээд
зогсч байна гэсэн шүү.

Тийм болохоор Монголын
үндэсний аюулгүй байдал, монгол хүний удмыг хадгалж үлдэх асуудал охид
бүсгүйчүүдээс минь хамааралтай цаг үе ирчихээд байна.

Охид бүсгүйчүүдэд
үндэсний аюулгүй байдал гэж юу вэ, түүнийг хэн яаж хамгаалдаг, монгол ген гэж юу
вэ, харийн эзэрхийллийн далд бодлого гэж юу байдаг талаар сургалт явуулж,
үндэсний хэмжээнд бүсгүйчүүдэд хандсан уриалга, санамж гаргаж, өөрсдийг нь
зоригт монголын хатан ухаант хатдын үр удам гэдгийг нь ухааруулж, ойлгуулсан
бодлогын чанартай олон ажил зохиох хэрэгтэй байгаа юм.

Еврейчүүдийн хүчирхэг
болсон шалтгаан нь ер дөө л “Чи бол еврей хүн” гэсэн үг гэдэг. Эцэг нь хүүхдээ
төрсөн цагаас нь эхлэн чихэнд нь ингэж шивнэсээр өсгөдөг. Үүнтэй адил хэл, хөлд
орж байгаа балчир охидоос эхлүүлээд хорь, гучин хэдтэй бүсгүйчүүдэд “Чи бол
Монгол хүн” гэдгийг нь өдөр бүр ухааруулж “Охид ариун бол төр ариун” байдгийн
утга учрыг дандаа тайлж өгч байх хэрэгтэй юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Дарханд болсон хүн амины ноцтой хэргийн эргэн тойронд

Дархан-Уул аймагт гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөө­сөн хэр­­гийн талаарх сур­валж­­лагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Талий­гаа­чид 7, 13, 25 настай байв. Дархан-Уул аймагт очин­гуутаа хэрэг гарсан газ­рыг зорилоо. Та­лий­гаа­чид тус аймгийн нэг­дү­гээр багийн нутаг дэвс­гэр буюу орон нутгийнх­ны хэлж заншсанаар “Тос­гон”-д амьдардаг байжээ. Ол­ныг сэртхийлгэсэн айм­шигт хэрэг гарсан газрыг орон нутгийнхан андах­гүй аж. Замд таа­ралд­сан хүмүүсээс гэрийн хая­гийг асуутал “Нөгөө айхавтар хэрэг гарсан газар уу. Сүмийн ойролцоо бай­даг” гэж зааж өгөв.

ТАЛИЙГААЧ ЗАЛУУ АЙЛЫН БАГА ХҮҮ БАЙЖЭЭ

“Тосгон”
дундуур урс­даг нарий­хан голын дэр­гэд хохирогчийнх байдаг юм байна. Саруулхан том хашаанд гурван гэр, нэг зуны ам­баар хараг­дав. Хашааны хаалга нь дэлгээстэй дотор нь хот, хөдөөний номертой ма­ши­нууд эгнэн зогсчээ. Харамсалтай байдлаар олон хүнээ алдсан Б гуайнд талийгаач нарын ажил явдалд  ирсэн хүмүү­сийн хөл хөдөлгөөн их байлаа. Хот суурин газар, хөдөө орон нутгаас ах дүү, хамаатан садангууд нь бүгд цуг­лар­чээ. Б гуайнх тэр хашаанд амьд­раад олон жил болсон байна. Тэднийх ганц гэ­рээ­­рээ л амьдардаг бай­жээ. Харин ажил явдал болоход нэмж хоёр гэр барьсан аж. Эхнэр нь эмнэлэгт хүнд бай­дал­тай эмчлүүлж, гурван сайхан хүүх­дээ хүний гарт алд­сан Б хөгшигний сэтгэл санаа тогтворгүй, уймарч сандарсан байхыг хара­хаар өрөвд­мөөр. Тэрээр хүүхдүүдийнхээ хийж бай­­гаа юм болгонд орол­цон тайван ч тогтож сууж чадахгүй, холхино. Б гуай зургаан сайхан хүү­хэд­тэй байж. Одоо тэд­нээс тав нь л үлджээ. Талийгаач Х дороосоо хоёр дахь нь байсан бө­гөөд айлын бага хүү. Орон нутагтаа ажил төрөл хий­дэг нэгэн байжээ. Өрх тус­гаар­лаж, амьдрал зо­хиож амжаа­гүй цэл залуу­хан насан­даа бусдын гарт өртөж хор­воог орхи­сон Х аав ээж­дээ балчир л байсан байж таараа. Тиймдээ ч эцэг эхтэйгээ хамт амь­дар­­даг байсан гэнэ. Тэ­рээр зуны цагт амбаар­таа байрладаг бөгөөд тэндээ унтаж бай­гаад амиа алдсан. Түү­нийг хүйтэн мэсээр арав гаруй удаа хутгалж, хэрц­гий­гээр хөнөөсөн тухай өмнө мэ­дээл­сэн. Талий­гаач Х нас барахынхаа урьд өдөр танилтайгаа архи ууж маргалдан барь­цалдсан гэх. Ха­рин шөнө дунд бусдын гарт амиа алдсан энэ хэрэгт хамт архи уусан нөхдүү­дийг нь бай­цаан шалгаж байгаа юм.

Энэ хэргийн талаар олон янзын мэдээлэл явж буй. Зарим нь таамаг
төдий бол зарим нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг хохирогчдын ар гэрийнхэн харуу­сан
ярьж байлаа. Тухайлбал, “Б-гийнд архичид ихээр цуг­лар­даг байсан, нийгмийг хамарсан
архи­далт өнөө­дөр ийм аймшигт хэрэг гарахад хүрлээ” гэсэн мэ­дээ­лэлд тэд тун эмзэглэж
байв. Улмаар олон хоног архидалт болж, зодоон цохион хийсэн гэх асуу­дал ч худлаа
гэнэ. Б-гийн том хүүгээс хэргийн та­лаар зарим зүйлийг тод­руулсан юм.

 Ээжийнх нь биеийн байдал ямар байна?

 -Хүнд байна. Сэхээнээс гарсан байгаа. Ухаан орсон ч гэсэн ярьж байгаа юм нь жирийн хүнийх шиг биш, шокноосоо гараагүй байна. Эмч хэлэхдээ ухаан санаа хадгал­даг бага тархи нь гэмтсэн гэсэн. Ой санамж нь байхгүй юм уу даа.

Энэ хэрэг юунаас болсон гэж бодож байна?

-Яг
тэрнээс, энэнээс болсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар­таа ч гадуур яригдаад байгаа мэдээллүүдэд тун харамсах юм. Олон хүнээ алдаж, уй гашууд автсан бидэнд тийм мэдээлэл сонсоход хүнд байна. Хэрэг юу­наас гарсан нь тодорхой бус. Шүүх эмнэлгийн дүгнэлт, хэргийн шин­жил­гээний хариу зэргээс дүг­нэлт нь гарах байх.

Та нарт сэжиглэж байгаа хүн бий юу. Өс хонзон санасан хэн нэгэн байсан юм биш биз дээ?

-Хэлж
мэдэхгүй юм даа.

Амиа хорлосон залууг энэ хэргийн сэжигтэн байж бол­зош­гүй юм дуулдаж байна лээ?

-Анхны
таамаг байгаа ч мөн бишийг нь хэлж мэдэхгүй. Талий­гаач дүүтэй маань хамт ажилладаг хүн байсан. Хэн нэгэн сэжигтэн бол­гох гээд түүний хоо­лойг боомилоод  хэргийн эзэн амьд сэрүүн ч байгаа юм билүү, хэн мэдэх вэ дээ.

Хажуу айлынхаа хүмүүстэй уулзсан уу. Хэрэг болохыг сонсч мэдсэн гэнэ үү?

 -Хажуу айлынхан мэдээгүй юм билээ. Архи ууж, зодолдсон энэ тэр гэж ярихгүй байсан.

 Танайд хүргэн болох гэж байсан залуу эртний өс санаж, ийм хэрэг үйлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна лээ

 -Тийм зүйл огт байхгүй. Анх удаа сонсч байна. Би хоёр эмэгтэй дүүтэй. Тэд бүгд хүнтэй сууж гэр бүл болсон.

ОХИДОО САНАГАЛЗАН УЙЛАХ ЭЭЖИЙГ ХАРАХАД СЭТГЭЛ ӨВДӨЖ БАЙЛАА

Хэргийн газрын үзлэг шин­жил­гээ дуусч, цагдаа нарын хам­гаа­лалт буунгуут ар гэрийнхэн нь дотогш оржээ. Гэтэл нүд  халтирам дүр зураг тэднийг угтсан байна. Энд тэндгүй улаан нэлий болсон байхыг харсан тэд “Ямар харгис хэрцгий хүн гэхээрээ гэм зэмгүй хүмүүсийг ингэж хөнөөдөг байна аа. Монголчууд мал муулахдаа ч тэгдэгүй шүү дээ. Бойны газар шиг л болгож орхисон байсан” хэмээн хоолой зангируулан ярив. Охидын ээж цухиран уйлна. Цөхрөнгөө барсан хөөрхий эмэгтэйг харахад сэтгэл өвдөж байлаа. Хорвоотой бүрэн гүйцэд танилцаж амжаагүй балчир охид юунд буруутай юм бэ. Яагаад заавал тэдний амийг хө­нөөх болов. Цэцэг цэврүү шиг, дэлгэрч яваа насан дээрээ хорвоог орхисон охидын хойноос харам­сан гашуудах хүн олон байгаа. Тэд өвөө эмээгийндээ амьдардаг бай­сан юм. Аав ээж нь мал дээр байдаг болохоор охид сургуулийнхаа ойролцоо өвөөгийндөө суудаг байв. Уг нь тэднийх хотын айл байсан бөгөөд мал дээр гараад гурван жил болсон байна. Хөгш­чүү­лийн хувьд Дархан-Уул аймгийн төв дээр суурьшаад зургаан жил болсон гэнэ. Зээ охидынхоо сур­гуультай ойролцоо гэж хамаат­ныхаа хоосон хашаанд буусан байна. 

Охид хичээл номондоо мундаг, онц сурлагатнууд байжээ. Тэдний сурч байсан Дархан-Уул аймгийн IV сургууль дээр очлоо. Сургуу­лийн захиргаанаас  охидод эмгэнэл илэрхийлэн хөрөг зургийг нь сур­гуульдаа залсан байв. Хүүхэд бүхэн тэдний өмнө очин зогсож, харамсан гашуудаж байлаа. Айм­шигт хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Шинэ долоо хоног эхэлж, сурагчид хичээлдээ ирэхэд талийгаач охидын ангиуд эль хуль болж, тэдний орон зай үгүйлэгдэж байгаа нь гарцаагүй. Тиймээс талийгаач охидод хүндэтгэл үзүүлж, өнгөрсөн даваа гаригт тэдний сууж байсан хичээлийн ширээн дээр цэцэг тавьж өнжжээ.

Талийгаач охидын том нь найм­дугаар ангийн сурагч байж. Хү­мүүстэй эвтэй найртай харьцаатай, тун эелдэг охин байжээ. Сур­гуу­лийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн бөгөөд нийгмийн идэвхтэй хүүхэд байсныг багш нар нь онцолж бай­лаа. Орон нутгийн болон улсын чанартай шалгалтуудад дандаа тэргүүлж, олон медалиар энгэрээ мялааж, аав ээж, эмээ өвөөгөө баярлуулдаг охин байж. Хэрэг гарахын урьд өдөр улсын шал­галт­даа бэлдэн хичээлээ давтан сууж байсан охин гэнэтэн энэ хор­воо­гоос явсантай найз нөхөд, ойр дотныхон нь эвлэрч өгөхгүй хэцүү­хэн байсан. Түүний төрсөн дүү болох талийгаач охин өнөө жил нэгдүгээр ангиа төгсөх байлаа. Тэр жаахан охин айлын бага байж. Адтай гэж жигтэйхэн, биедээ байм­гүй эрдэм номтой хүүхэд байсан тухай аав нь дурсан ярив. Саяхан үсэглэлийн баяраа тэмдэглэж, “Цэвэр бичигтэн” өргөмжлөл хүрт­жээ. Минутад уншихдаа үеийнх­ний­гээ дагуулдаггүй байсан гэнэ. Ангийнхан нь минутад арав, хо­риод­хон үг уншиж байхад талий­гаач охин 100 хол давдаг байсан аж. Цэцэрлэгт байхын өвөө эмээ­гийн хүүхэд байжээ. Сургуульд орохоосоо өмнө үсэг мэддэг, тоо бодоод сурчихсан байж. Багший­гаа хичээл зааж байхад нь “Багшаа би мэднэ ш дээ” гэдэг байсан сүрхий сурлагатай охин байжээ. Ийм л мундаг авьяастай хоёр охинд тохиолдсон явдалд сургуу­лийн захиргаа, сурагчдын зүгээс харамсан гашуудаж, мөнгө цуглуу­лах ажил өрнүүлж байлаа. Сураг­чид боломжийнхоо хэрээр мөнгө цуглуулан буяны ажилд нь нэмэр­лэ­жээ. Талийгаачдыг маргааш хөдөөлүүлэх юм байна. 

Цэцэг цэврүү шиг балчир охид гэмт хэргийн золиос болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон хүн уй гашууд автлаа. Тэдний ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

М.Энхсайхан: Засгийн газар бүтээн байгуулалтын олон ажил сэдэж байгаа нь манай ардчиллын түүхэнд тохиож байгаа цаг үе юм

МҮАНын дарга М.Энхсайхантай ярилцлаа.

Таван толгойд цахилгаан станц барих асуудлыг та хариуцаж байгаа. Энэ ажил ямар шатандаа хэр ахицтай байгаа вэ?

-Засгийн газар Та­ван­толгойд цахилгаан станц барих шийдвэр гаргаад
гурван сар орчим болж байна. Энэ хугацаанд цахилгаан станц барих төслийн Удирдах
Хороо байгуулагдаж, үндсэн ажил нь төслийн нэгж дээр хийгдэж байна. Станц барих
зарим тех­ни­кийн нөхцөлүүдтэй га­зар дээр нь танилцсан. Станцаа хаана барих, усны
асуудлыг хэрхэн шийдэх, барилгын ажлыг яаж зохион байгуулах, үйлдвэрлэсэн цахил­гаа­наа
хэрхэн түгээх, цахил­гаан хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажил­лагааг яаж
зохион байгуулах гээд олон том том асуудлууд бий бол­сон. Үүнийг шийдвэрлэх стратеги
боловсруулж хэрэгжүүлэх эхний алх­мууд хийж байна. Уг станц барихад чамгүй их хөрөнгө
зарцуулагдана. Ихэнхийг нь банк, сан­хүүгийн байгууллагаас зээлээр авахаар тооцож
байгаа. Тийм учраас хаа­на ч үзүүлж харуулах банкны чадвартай ТЭЗҮ хийх ажилд шуурхайлан
орж байна. Ингэхдээ урьд өмнө хийж ирсэн ажлуу­дад тулгуурлаж цаг хожи­хыг эрмэлзэж
бай­гаа. Сайн төсөл хийхийн тулд олон улсад нэр хүндтэй сайн компани, мэргэ­жилт­нүүдийг
төсөлд татан орол­цуулах шаардлага­тай байгаа. Урил­га явуулж санал авч бяцхан сонголт
хийхээр ажиллаж байна. Дараа нь стра­тегийн хөрөнгө оруулагч нартай хэлэл­цээ хийж
дундаасаа хамтарсан ком­пани байгуу­лах юм. Төсөл эхний шатанд явж байна гэж хэлж
болох юм.

Бондоор санхүүжиж бай­гаа хэдхэн төслийн нэг нь энэ байх. Тэгэхээр ямар хүчин чадалтай станц бари­хаар тооцоо төлөвлөгөө нь гарчихаад байна вэ?

-Засгийн
газраас станцын хүчин чадлыг 450 мегаватт байхаар заагаад өгчихсөн байгаа. Ямар технологи сон­гох, ямар хүчин чадлын гене­ратор суурилуулах зэрэг нь ТЭЗҮ эцэслэхэд шийдэгдэнэ.

Тулгарч байгаа хүнд­рэл бэрхшээл гэвэл

-Бэрхшээл
зөндөө бай­гаа. Бондоос томоохон төс­лийг санхүүжүүлэх арга зүй монголчууд бидний хувьд цоо шинэ зүйл учир энд тэнд гацаа үүсэх явдал байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банкны хооронд хамтарч шийдэх асуудлууд их. Дотоод дэг журмаа янзлах гээд цаг алдах аюул үргэлж байгаа. Төрийн байгууллагын шийд­вэр гацвал төсөл удааширч төслийн өртөг нэмэгдэх аюул­тай. Одоохондоо хаа хаанаа ойлголцож ажиллахыг эрмэлзэж байна.

Гадны хөрөнгө оруулагч нартай хийж байгаа уулзалт болгон дээр яригдаж байдаг нэг л том асуулт бий. Тэр нь Монголын улс төр тогтвортой байж чадах уу гэж. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруу­лалт хийх хэнбугай ч асууд­лыг наад зах нь 10-15 жилээр урдчилан харахыг эрмэл­зэнэ. Яагаад гэвэл цахилгаан станц барина гэдэг нь урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Ер нь мега төслийн амьд­ралын цикл наад зах нь зур­гаан жил байдаг бол манай улс төрийн амьдралын цикл дөрвөн жилээр хэмжигддэг. Мега төслийн цикл, улс төрийн амьдралын циклийн зөрүү хөрөнгө оруулагч нарт толгойны өвчин болдог. Тийм ч учраас тогтвортой байдлын гэрээ, Засгийн газрын батал­гаа шаардах зэрэг  олон бэрхшээл бий болсон юм.

Мега төслийг үргэлж сэт­гэлийн хөөрөл дагалддаг. Анх тамхи татаж байгаа хүн хэзээ ч уушгины хавдар тусахгүй гэж боддог. Түүнтэй нэгэн адил бид том төсөл анх хийж байгаа учир амжилтад хүрэх нь гарцаагүй гэж боддог. Үнэндээ амьдрал үүнээс тэс өөр. Том төсөл буруу стра­теги, буруу менежментээс болоод унах явдал зөндөө. Тийм учраас ийм алдаа гар­гахгүйн тулд нягт нямбай ажил­­лах шаардлагатай. Ингэж ажиллахыг оролдож байна.

Энэ  станц хэзээ ашиг­лал­тад орох юм бэ?

-Бид
2013-2014 онд олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө босгож, ирэх жилийн өдийд барилгын аж­лыг эхлүүлж 2016 онд баг­тааж эхний турбиныг ажилд оруулах бодолтой байгаа.

Улс төрийн шинжтэй хэ­дэн асуулт байна. Ерөн­хийлөгчийн сонгуулийн сур­талчилгаа ид өрнөж байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг та яаж үнэлж, дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигч бүрт би гүнээ хүндэтгэл илэрхийлж байна. Сонгуульд өрсөлдөнө гэдэг өөрөө хүндэтгэл. Нэр дэвшигчдийн ухаалаг, соёл­той өрсөлдөөн Монголын нийгмийг өөд нь татах том үйл явдал байдаг. Ардчиллын давуу тал нь үүнд л байдаг болов уу гэж бодож байна. Энэ удаагийн сонгуульд миний бие Ц.Элбэгдоржид саналаа өгнө. Учир нь Элбэгдорж улс төрийн болон төрийн ажлын туршлагаараа бусад нэр дэвшигчдээсээ хавьгүй илүү. Энэ нь Монгол төрд хэрэгтэй. Ц.Элбэгдор­жийн олон улсын нэр хүнд Монголд бас хэрэг­тэй. Мон­гол Улс ардчи­лагд­сан, зах зээлд шилжсэн улс орон гэдэг нэр хүндээрээ Чингэс бондыг босгосон гэвэл хэтрүүлэг бо­лох­гүй байх. Монголын ард­чил­лыг гадаа­дад Элбэгдор­жоор төлөөлүү­лэх нь энүү­хэнд. Түүний нэр хүндийг Монгол ашиглах ёстой гэж бодож байна. Элбэгдоржид саналаа өгөх нь Монголд хэрэгтэй гэж бодож байна.

Уг нь та энэ сонгуульд нэр дэвшинэ гэж байсан ч гэнэт АНыг дэмжих болсон шалтгаан нь юу юм бэ?

-Цаг
үеэ зөв үнэлэх явдал чухал байх аа. Шинэчлэлийн Засгийн газар бүтээн бай­гуу­лалтын олон ажлыг сэдэж, хөдөлгөөнд оруулах гэж орол­дож байгаа нь манай ардчиллын түүхэнд тохиож байгаа ховорхон цаг үе юм. Монгол орон хөгжлийн шинэ эрэмбэ рүү гарах мөчид бай­на. Мега төслүүдээр дамжиж улс орон үйлдвэржих цаг мөчид тулж ирээд байна. Энэ цаг үед монголчуудад илүү нэгдэл, нягтрал шаардла­га­тай. Иймээс манай нам АН-аас нэр дэвшигчийг дэмжих нь үндэсний эрх ашигт нийц­нэ хэмээн үзсэн. 

МАХН манай нэр дэв­шиг­чийг дэмжээч гэсэн бич­гийг танай намд ирүүлсэн гэсэн. Гэвч яагаад тоо­гоо­гүй юм бэ. Энэ нь танай хоёр намыг хагаралдсаныг илэр­хийлэх шиг болсон

-МҮАН
Элбэгдоржийг дэм­жинэ гэсэн шийдвэр гар­гаснаас хойш хоёр хоногийн дараа бидэнтэй нэг эвсэлд байгаа МАХН хурлаа хийж Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр шийдсэн юм билээ. Тэгээд “бид Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвших хүнээ тодруулчихлаа. Дэмжээч” гэсэн албан бичиг манай намд ирүүлж. МАХН-ын хүсэл­тээр манай нам дахин хуралдана гэж байхгүй шүү дээ. Өмнө гаргасан шийдээ хэн нэгний хүсэлтээр засна гэж юу байх вэ дээ. Ойлгомж­той юмыг гуйвуулсан л байна.

МАХНдШударга ёсэвслийг эвдрэлцүүлж бай­гаа хүн нь таныг гэж үзэх хүмүүс байх шиг байна лээ

-Дэл
сул яриа байгаа л биз. Анхаарал хандуулж яах нь вэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Дунд сургуулийн атаманууд нь охид болжээ

Атаман. Энэ үг уг нь хуучирсан л даа. Бараг хэрэглэхээ больчихсон. Гэтэл саяхнаас энэ үг эргэн моодонд орж, охид энэ “гуншин”-г өөртөө зүүх гэж зодолдох болж. Дээхнэ үед сумын сур­гууль ч юм уу, хотын аль нэг сургуульд атаман гэгд­дэг ганц нэг хөвгүүн л байдаг байлаа. Тэднийг одоогийн зодоон хийгээд байгаа охидтой харьцуу­ла­хад юу ч биш байж шүү.

Өчигдөр нийслэлийн 54, 13, 28, 113, 40 гээд хэд хэдэн сургуулиар орж атаман гэгддэг охид бай­гаа эсэхийг нь сурвал­жил­сан юм. Сургууль, сурагч­дын нэр хүндийг хүн­дэт­гээд нэрийг нууцаллаа.

А сургуулийн гадна хэсэг охид сууж байлаа. Тэд гартаа хуйлсан цагаан цаас, шалгалтад бэлтгэх ном энэ тэр барь­чихаж. Давтлага, хичээл ярьж байлаа. Охидтой мэндлээд “Саяхан 54 дү­гээр сургуулийн охидын зодолдож байгаа бичлэг фэйсбүүкээр тарж бөөн юм болж байгаа. Үзсэн үү. Танай сургуульд тиймэр­хүү охид байдаг уу” гэж асуув. Тэд “Аан, тийм. Тийм бичлэг үзсэн. Аймаар зодолдож байна лээ. Ма­най сургуульд тийм охид ганц ч байхгүй. Хэрвээ хэн нэгэн сурагч эвгүй үйлдэл гаргавал манай нийгмийн ажилтан дуудаж уулздаг байхгүй юу. Ер нь манай сур­гуульд тийм юм болж байсныг мэдэхгүй. Бид нар их эвтэй. Манай дээд ангийн эгч нар маань хамт сагс тоглох уу гээд л асуу­даг ш дээ” хэмээцгээлээ.

Нэг нь “Юун зодолдох вэ, шалгалт, шүүлэг эхэлж бай­хад” гэв. Тэгснээ “Та бидний үгэнд итгэхгүй байвал манай захирал, нийгмийн ажилтан, менежертэй уулзаад үз” гээд хаана, хэдэн давхарт, ямар тоот өрөөнд суудгийг нь урал­дан тайлбарлана.

Охидод шалгалтаа ам­жилт­тай өгөхийг ерөөхөд “Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа” хэмээн инээмсэг­лэн үлдсэн юм.

Дараагийн сургууль дээр очлоо. Охид ваартай цэцэг, тасалгааны ургамал барь­саар сургууль руугаа орж байна. Найз бололтой хоёр охин гар гараасаа барилцан гангар гунгар гэнэ. “Найз нь гэртээ очоод ярья. Мартахгүйг хичээнэ ээ”, “Тэгээрэй. Тэр даруулга чинь ёстой гоё. Ми­ний бэлтгэлийн ягаан цамц­тай их сайхан зохино, тийм үү”, “Харин нөгөөдөр найз нь юу өмсөх үү”, “Би л лав шар алаг пүүзээ өмсөнө өө” гэцгээнэ.

Савтай цэцэг тэвэрч яваа охинтой уулзлаа. Энэ сургуу­лийн есдүгээр ангийн сурагч аж. Тэрээр “Би тэр зодоон модооноос чинь ёстой хол. Яагаад гэвэл манай сургууль дээр тийм юм гардаггүй юм. Миний бодлоор охид яагаад зодолдоод байна вэ гэхээр тэр хүний өөрийнх нь л хүмүү­жил­тэй холбоотой байх. Аав, ээжийнхээ үгэнд ордоггүй охид л зодоонч болдог гэж боддог шүү” гэсээр сургууль руугаа гүйгээд орчихов.

В сургуулийн гадна хэдэн хөвгүүд байна. Хичээл тар­чих­сан. Сагс тоглох санаатай бусад найзыгаа хүлээж бай­гаа гэнэ. Тэд “Охид зодолддог болсон гээд л их ярих болж. Охид зодолдоно гэдэг чинь хамгийн муухай. Хэрвээ ми­ний таньдаг охин зодолд­вол би үзэн ядна аа. Ээжийнхээ үгийг тоодоггүй муу хүүхдүүд л зодолддог. Атаман охид гэж хэлэхээс л аймаар байгаа биз дээ. Тийм хүүхэдтэй л би лав нийлэхгүй” гэж ярьцгаагаад сургуулийнхаа охидыг даруу гэж тодотголоо.

Харин Г сургуулийн гадна хичээл нь тарчихсан хүүхдүүд тоглоцгооно. Савлуур, гулсуу­раар наадаж, сагсан бөмбөг тоглоно. Нэгэн сурагч хөвгүү­нээс атаман охид сургуульд нь байдаг эсэхийг сонирхвол “Эмэгтэй хүүхдийг зодолдо­хыг буруу гэж үзэж байна. Яагаад гэвэл эмэгтэй хүмүүс зодолдож болохгүй. Манай сургуулийн наймын К-ын охид харин зодоонч шүү. Хоорон­доо ч гэл үү, бусдыг ч гэлүү аймаар зоддог” гэлээ.

Ингээд сургууль руу нь орж холбогдох хүмүүстэй нь уулзаж атаман гэгдэх охид байдаг эсэхийг лавлах гэсэн боловч хариулт өгөх хүн бай­сан­гүй. Бүгд семинарт явсан гэнэ. Харин жижүүр эмэгтэй “Өнгөрсөн өвөл тийм юм бол­сон. Ангийн багш нь жирэмс­ний амралтаа аваад явчих­сан тэр үеэр болсон юм. Тэд­ний ангийн охид хоорондоо зодолдсон гэсэн. Эцэг, эх­чүүд нь ирээд хэл амаа олол­цоод, тэгэсхийгээд л намж­сан. Түүнээс биш манай сур­гуульд сахилгагүй, хэрэг төвөг хийдэг охин ганц ч байхгүй. Манай нийгмийн ажилтан сурагчидтайгаа тулж ажил­ладаг” гэлээ.

Сагсны талбайд тоглож байсан дунд ангийн сурагч­дад явдал учраа хэлбэл бүгд тоглохоо болиод гүйж ирэн “Ямар ч л байсан манай сур­гуульд тийм зодоонч хүүхэд байдаггүй юм. Ер нь охид зодолдох чинь муухай. Гэхдээ зодоон хийх гээд байдаг охид бий гэсэн” гээд өөр өөрс­дийн­хөө бодол саналыг ярьц­гаав. Тэдний бодлоор зодол­до­но гэдэг хүмүүжилгүй хүүх­дийн шинж гэнэ.

“Эрдмийн ундраа” цог­цол­бо­рын 54 дүгээр сур­гуульд очлоо. Энэ сургуулийн долдугаар ангийн сурагч охид зодолдож, нэг охин нөгөө ангийнхаа охиныг үсдээд чирч, гулдарч зодож байгаа бичлэг цахим ертөнцөөр тарх­сан. Эл үйл явдал олон түмний анхаарлыг татаж, холбогдох байгууллагууд нь ч арга хэмжээ аваад буй.

Сургуулийн жижүүр нь захирал, менежер гээд мэ­дээ­лэл өгчихөөр хүмүүс семи­нарт явсныг дуулгалаа.

Гэтэл сургуулийнх нь нийг­мийн ажилтантай таарлаа. Тэрээр “Сурагчдын зодоон­той холбоотойгоор манай сургуулийн удирдлагууд дуу­даг­дах газар нь дуудагдаад явж байгаа” гэсэн юм.

Зодоон болж байхад бич­лэг хийсэн, хашгирч турхир­сан, инээлдсэн, харж зогссон гээд бүхий л сурагчийг цагдаа­гийн газраас шалгаж байгаа гэнэ.

Жижүүрээс “Долдугаар ангийн сурагчидтай уулзаж болох уу” гэвэл “Хичээл нь тарчихсан. Дотогш орж болох­гүй. Бага ангийнхан шалгалт шүүлэгтэй. Гаднын хүн оруу­лах­гүй” гэж хэллээ. Зодоонд оролцсон охидыг эцэг эхчүүд нь хичээлийг нь тарангуут л хүрч ирж авч байгаа гэнэ. Тийм болохоор тэдэнтэй уул­зах боломжгүй аж.

Сургуулийн гадна бага ангийн сурагчид шарсан төмс, жигнэмэг, пирошки идэн­гээ хөөцөлдөн тоглоно. Зарим нь гар утсаараа гэ­рийн­­хэнтэйгээ ярина. “Тарах болж байна уу гэж үү. Тарах болоогүй байна аа, ээжээ. Одоо нэг цаг дутуу” гэвэл хажууд нь зогссон найз нь хоёр хуруугаа гозойлгов. Тэг­тэл өнөө охин “Ээж ээ, хоёр цаг дутуу юм байна” гэж үр­гэлж­лүүлэн ярив.

Дунд ангид суралцдаг болов уу гэмээр нэгэн охин утсаар “Хичээл тарчихсан. Ирж ав. Утасны цэнэг дуусч байна” гэж ярина. Тэр охин энэ сургуулийн наймдугаар ангийн сурагч юм байна. Мэнд ус мэдэлцээд ярилцах санаатай дөхвөл хойш ухар­чихлаа. Тэгснээ “Би юу ч мэ­дэх­гүй” гээд толгойгоо сэгс­рээд уурсангуй хэлэв.

Гурван охин тойрч зогсо­но. Долдугаар ангийн сураг­чид гэнэ. Тэдэнд сонины газ­раас явж байгаа тухайгаа хэлтэл бүгдийнх нь царай хувьсхийлээ. Нэг нь ам нээх гэтэл дэргэд нь зогссон охин түүнийг ёворно. Тэгснээ зэрэг зэрэг л “Бид мэдэхгүй ээ” гэснээ “Алив явцгаая, багш дуудаад байна” гээд гүйгээд явчихлаа. Тэдний нэгийг нь арай гэж үлдээчихлээ. Тэр охин “Тэр зодоон чинь хөвгүү­дээс болсон юм шиг байна лээ ш дээ. Тэгээд л охид нь зо­долд­сон гэсэн” гээд ярих гэтэл нэгэн охин гүйж ирээд өнөө охиныг чирлээ. Хүнтэй ярьж байхад нь яагаад энэ хүүх­дийг чирээд байгааг нь асуу­вал “Бид нарыг хүн хүлээгээд байна ш дээ гээд байхад, яагаад байгаа юм” гэсээр сургуулийн цаагуур орчих­лоо.

Гаднах сандал дээр хэсэг суув. Гэтэл сургуулийн цаа­гуур орсон өнөө охид ес ар­вуу­лаа болчихсон бөөнөө­рөө гарч ирлээ. Сургуулийн­хаа үүдэнд зогсоцгооно. Тэг­тэл жижүүр залуу гарч ирээд “Охид оо, тарсан бол харьц­гаа, явцгаа” гэж тэднийг та­раах гэж үзлээ. Тоосон шинж­гүй хэсэг хэсгээрээ бутарс­наа буцаад л нийлчихнэ. Тэдэнтэй ярих гээд дөхтөл ам амандаа “За, явъя даа. Харья даа” гээд холдоцгоов.

Сургуулийн хашаанаас гарах гээд булан тойртол өнөө гэр рүүгээ харихаар болоод салсан охид бөөнөө­рөө зогсч байна. Биднийг харчихаад дахиад л “За за харьцгаая” гэсээр холдох гэхээр нь хэддүгээр ангийн сурагчид болохыг нь лавла­вал “Дөрөв, гурав, хоёр, нэг” гээд инээлдлээ.

Сургуулийн дэргэдэх ма­ши­ны зогсоол, дэлгүүрийн ойр орчимд тус сургуулийн долоо, найм, есдүгээр ангийн охид хоёр, гурав, дөрвөөрөө зогсоно. Зарим нь хармаан­даа гараа хийчихсэн, цамц­ны­хаа юүдэнг өмсчихсөн, хүмүүс харвал сурагч гэхээр­гүй. Машинуудын дэргэд зогсч байсан, өөрсдийгөө есдүгээр ангийн сурагчид гэж танилцуулсан охид “Юун зо­доон ерөөсөө сонсоогүй юм байна. Манай сургууль дээр тийм юм болсон юм уу. Гай­хал­тай л юм”, “Фэйсбүүк ий?. Би фэйсбүүк хаяггүй юм чинь тийм бичлэг яаж үзэх вэ дээ. Фэйсбүүк байтугай зурагт үздэггүй. Мэдээллээс хол амьдардаг ш дээ” гэлээ.

Охидын зодоон ойрд ол­ны анхаарлын төвд байж, хэвлэл мэдээллийнхэн энэ үйл явдлыг хөндөж, тус сур­гуу­лиар олон ирж очиж бай­гаа болохоор сурагчид нь ийм хашир болчихсон юм уу, эс­вэл угаас ийм хүмүүжил, ийм  ор­чинд хүмүүжээд байгаа юм болов уу гэсэн эргэлзээтэй бодол төрж, юу тэднийг эв­дээд байгаа юм бол гэсэн асуулт толгойд эргэлдсэн юм.

Нийслэлийн III, IV хороол­лын зарим сургуулиар ява­хад л ийм эрс тэс, янз бүрийн дүр ажиглагдлаа. “Эрдмийн ундраа” цогцолборын сурагч охидын бичлэг интернэтэд тавигдахад олон эцэг эхчүүд “Солонгосын “Нархан бүлэг” гэдэг киног телевизүүд бараг бүгд гаргаад байгаа. Энэ кино охидод их буруу үлгэр дуу­рай­лал үзүүлээд байх шиг байна” гэсэн сэтгэгдэл бичсэн байсныг энд нэмье.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Талийгаачдыг лоом, хутга, утсаар хөнөөжээ

Түрүүч нь ¹ 135 (4462) дугаарт

Дархан-Уул аймагт гурван хүний амийг хэрц­гийгээр хөнөөсөн хэргийн талаар газар дээрээс нь сурвалжлаад ирлээ. Хү­ний санаанд багтамгүй аймшигт хэрэг тус аймагт гарч, олон хүнийг уй гашууд автуулав. Хэргийн учиг одоогоор тайлаг­даа­гүй байна. Хэн, яах гэж, ямар зорилгоор ийм олон хүний аминд халдав гэдэг асуултын хариулт таамаг төдийхөн байгаа болол­той. Ямартай ч цаг­даа­гийн байгууллагынхан хэргийн гогцооноос нь атгачихсан, хэд хоногийн дараагаас сэжигтний талаар мэдээлнэ гэдгээ дуулгав.

ТЭДНИЙГ УНТАЖ АМАРЧ БАЙХАД ХААЛГЫГ НЬ ЭВДЭЖ ОРООД ХӨНӨӨСНИЙ УЧИР ЮУ БАЙВ?

Энэ асуултын хариу одоогоор мөн л бүрхэг байгаа. Шөнө дөлөөр ун­таж амарч байсан хүмүү­сийг хүйс тэмтэрсэн уг хэргийн талаар янз бү­рийн таамгийг хэвлэлүүд мэдээлж буй. Өс хон­зонгийн сэдэлтэй, хар­дал­таас үүдсэн хэрэг ч гэх баттай бус мэдээллүүд нийгэмд хүрэх болов. Гэх­дээ аль нь үнэний ортой болох нь хараахан нот­логдоогүй байна. Гагцхүү олон хүний амийг хэн нэгэн санаатайгаар бү­рэл­г­эсэн нь үнэн юм.
Сэлэнгэ аймгийн харьяат Б-гийнх Дархан-Уул аймагт суурьшаад багагүй хугацаа өнгөрчээ. Өндөр настай тэрээр эхнэр О болон бага хүү Х, зээ охидынхоо хамт амь­дар­даг байсан тухай өмнө мэдээлсэн. Талийгаач охид долоо болон 13 настай бай­жээ. Гэрийн эзэгтэй О нь өөрийн төрсөн хүү Х, хоёр зээ охиныхоо хамт гэмт халдла­гад өртөж, гурван халуун амь ийнхүү харамсалтайгаар үрэгд­сэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг өнгөрсөн амралтын өдөр 23.00-03.00 цагийн  хооронд шөнө гар­сан байх магадлалтай хэ­мээж байгаа. Талийгаач­дын цогцост хийсэн үзлэг болон шинжээчдийн хэргийн газрын үзлэг шинжилгээ зэргээс хэрэг гарсан цагийг тодор­хойл­жээ. Тухайн үед хохирогч О гэртээ хоёр зээгийнхээ хамт унтаж байсан гэнэ. Харин хүү нь зуны амбаартаа амарч байжээ. Урин дулаан цаг ир­сэн болохоор талийгаач Х голдуу зуны амбаартаа байр­ла­даг байсан бололтой. Гад­наас нь харахад амбаар гэж нэрлэх боловч дотроо ойр зуурын эд хогшилтой, дан байшин гэнэ. Гэтэл гэмт этгээд Х-г олон удаа хутгалж, онц ноцтойгоор хөнөөснийхөө дараа гэр рүү нь халджээ. Гэ­рийн цоожтой хаалгыг эвдэн орж, хохирогч О-гийн толгойн тус газар руу лоомоор хүчтэй цохиж унагаан охидын аминд хүрсэн аж.

Зарим эх сурвалжийн мэ­дээлж байгаагаар талийгаач залуутай хамт архи уусан этгээд түүнтэй маргалдчи­хаад хариугаа авахын тулд шөнө оройн цагаар унтаж амарч байх хойгуур нь дайрч ийм хэрцгий хэрэг үйлдсэн гэх. Гэмт этгээд талийгаач Х-тэй таарамжгүй харилцаа үүсгэснийхээ төлөө гэмгүй хүмүүсийг хоморголсон нь хамгийн их харуусал төрүүлж байна хэмээн олон хүн харамсаж, бас бухимдалтай байв. Хэрэгтэн гэр бүлийн гишүүдийг хөнөөх болсон шалтгаан нь гэрч үлдээхгүй гэсэндээ тэр гэж өөр эх сур­вал­жууд таамаглаж байсан. Мөн уг хэргийг архидалтаас үүдсэнээс гадна гэр бүлийн маргаан, таарамжгүй харил­цаа, олон жилийн өмнөх өс хонзон, хардалтаас улбаал­сан хэмээн зарим хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл энэ бүх таамаг мэдээллүүдийг албаны эх сурвалжууд албан ёсоор няцаалаа. Одоогийн байдлаар хэрэг шалгалтын явцад байгаа учраас дээрх  мэдээллүүд батлагдаагүй гэж онцлов.

АМИА ХОРЛОГЧ ЭНЭ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭН АНХНЫ СЭЖИГТЭН ҮҮ?
Шөнө дунд гарсан дээрх хүн амины хэргийг орон нут­гийн цагдаагийн байгууллага өглөө нь мэдсэн байдаг. Б-гийнхээс юм авахаар орсон иргэнийг аймшигт дүр зураг угтжээ. Гэр бүлийн гишүүд улаан нэлий болж, амьсгал хураасан байхыг харсан ир­гэн цагдаагийн газарт дууд­ла­га өгсөн байна. Хэргийн газрыг яаралтай хамгаалал­тад авч, үзлэг шинжилгээг явуулж эхэлжээ. Б-гийн ха­шааг цагдаа нар бүхэлд нь олон цагийн турш хамгаалал­тад авч, хэргийн газрын үзлэг шинжилгээг явуулсан гэнэ. Уржигдар 14.00 цагийн орчим хамгаалалтыг буулгаж, ар гэрийнхнийг нь дотогш нэвт­рүүл­жээ. Дээрх хүн амины хэрэг гарсны дараахан ойрол­цоо газраас өөрийгөө егүүтгэсэн хүний цогцос олд­сон байна. Хоолойгоо бооми­лон амиа хорлогч залуу эр байжээ. Тэрээр олон хүний аминд хүрснийхээ дараа ийн өөрийгөө боомилж нас бар­сан байж болзошгүй гэх мэ­дээл­лийг цагдаагийн бай­гуул­лагаас өгч байсан. Энэ­хүү амиа хорлосон залуу талийгаач Х-тэй танил, нэг газар ажилладаг байжээ. Та­лий­гаач нар бие биенээ таньж мэддэг байсан боло­хоор амиа хорлогч ноцтой хэргийг үйлдсэн  сэжигтэн байх талтай гэж үзсэн болол­той.

Дээрх хэргийг ганц хүн дангаараа үйлдээгүй гэх мэ­дээ­лэл ч бий. Энэ хэрэг дээр ажлын хэсгүүд ажиллаж бай­гаа бөгөөд хэд хэдэн хүнийг сэжиглэн шалгаж байгаа гэ­сэн. Тухайлбал, талийгаач Х-тэй хамт архи уусан хүмүү­сээс ч мэдүүлэг авч эхэлсэн байна. Хэрэг гарахын өмнөх өдөр талийгаач Х үе тэнгийн нэг танил залуутай хамт сог­туу­руулах ундаа хэрэглэсэн бөгөөд хоорондоо нэлээд ам зөрж, маргалдан зодоон цо­хион хийсэн гэх. Түүнийг ч бас уг хэрэгт холбогдуулан шал­гаж байгааг цагдаагийн эх сурвалж мэдээлэв. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Хэргийн газрын болон цогцост хийсэн шинжилгээний хариу гарсны дараа уг хэргийн сэжигтэн хэн болох нь тодорхой болно гэлээ.

Гэмт халдлагад өртсөн Б-гийнх тохьтой томоотой, ямар нэгэн асуудал гардаггүй айл байсан тухай тэднийг таньж мэдэх хүмүүс ярьж байсан. Хоёр өндөр настан зээ охид­той­гоо хамт амьдардаг боло­хоор тэдний хичээл ном, сур­ла­га хүмүүжилд анхаардаг байсан юм байна.

АМЬД ҮЛДСЭН ХОХИРОГЧ УХААН ОРСОН Ч ШОКНООСОО ГАРААГҮЙ БАЙНА

Энэхүү хүн амины ноцтой хэргээс амьд үлдэж чадсан талийгаач охидын эмээ О нь 58 настай. Хэрэгтэн түүний толгой тус газарт нь лоомоор цохиж гавлын ясыг нь цөмлө­сөн байна. Үүнээс өөрөөр түүний биед ямар нэгэн гэм­тэл учруулаагүй гэнэ. Балмад этгээд гэртээ унтаж байсан О-гийн духан хэсэгт лоомоор хүчтэй цохиход ухаан алджээ. Хэргийн газарт цагдаа нарыг ирэхэд нь хөдөлж, эмнэлгийн яаралтай тусламж авч чадса­наар өнөөдөр амьд гараад байна. Одоо тэрбээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэл­гийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй. Түүний биеийн байдал ямар байгааг тодруу­ла­хаар тус эмнэлгийг зори­лоо. О-г төрсөн охин нь сахиж байлаа. Биеийн байдал нь анх ирснээ бодвол дээрдэж, ухаан орсон бөгөөд Эрчимт эмчилгээний тасгаас энгийн өрөө рүү шилжсэн хэмээн ээлжийн сувилагч эмэгтэй ярилаа.

Хохирогч О эмнэлэгт ирэ­хэд дух болон чамархайн яс нь цөмөрсөн байжээ. Эмнэл­гийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, яаралтай мэс засалд оруулж, цөмөрсөн ясыг авчээ. Хагал­гаа амжилттай болсон бөгөөд түүнийг энгийн тасаг руу шил­жүү­лэх болсон гэнэ. Гэхдээ эмчилгээний явцад ямар нэгэн хүндрэл учирч болзош­гүй гэдгийг эмнэлгийн зүгээс онцлов.

Өвчтөн О нь хүн амины ноцтой хэргийн цорын ганц гэрч. Тэрбээр одоо ухаан орсон ч шокноосоо бүрэн гараагүй байгаа аж. Унтаж байхдаа халдлагад өртөж, ийм байдалд орсон болохоор өөрт нь болон ар гэрийнхэнд нь юу тохиолдсоныг ч мэдэх­гүй байгаа хэмээн ар гэрийн­хэн нь ярилаа. Цагаан сарын дараахан энэ эмэгтэй цус харваж, ар гэрийнхнийгээ багагүй сандаргаж байжээ. Эмчилгээ асаргаа сайн байс­ны үр дүнд бие нь дээрдээд байсан гэнэ. Зээ охидоо хичээлд нь хүргэж өгч авахаас өгсүүлээд гав шав хийсэн хөнгөн шингэн хөдөлгөөн сайтай хүн байсныг ойр дотны­хон нь ярьж байсан. Харамсалтай нь хэн нэгэн хэрцгий этгээдийн харгис үйлдэлд өртөж, бусдын асар­гаанд орлоо. Цаг хугацааны аясаар О-гийн бие эдгэрч, ухаан санаа нь саруул болох үед өмөг түшиг болж байсан хүү нь, өвөртөө эрхлүүлдэг байсан зээ охид нь бусдын гарт хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг мэдээд яах бол. Ийм эмзэглэл олон хүнд байгаа юм.

Үргэлжлэл бий

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ганхуягийн Онон: “Ертөнц” зохиолд маань монголчуудын философи дуугарч байгаа

“Bro\’s
Records Mongolia”
хөгж­мийн компанийн уран бү­тээлч, хөгжмийн зохиолч Ган­хуя­г­ийн Ононтой ярилцлаа. Тэрбээр дэлхийн шинэ хөгжмийн ертөнцөд хөгжмийн сэтгэлгээ, характер, өөрийн гэсэн хэл хэллэгээрээмонголхэмээх дүр төрх, монгол хэв шинжийг босгох том зорилго өвөрлөж яваа нь гайхалтай. Тэр зорилгынх нь бодит эхлэл болохЕртөнццомог нь хэвлэгд­сэнээс хойшхи дөрвөн сарын хугацаанд борлуулалтаараа байнга тэргүүлж байгаа юм.

ТаныЕртөнцзохиол сон­согч­дын ч, мэргэжлийнхний ч сонирхлыг ихээр татаж байна. Үндэснийхээ хөгжмийн зан төр­хийг нэлээн бодож үзсэн юм уу гэж санасан. Зохиолоо хэрхэн бичсэн бэ?

-Бид өнгөрсөн 2007 онд “Introduction to nomads” нэртэй цомог гаргасан юм.  Эхэндээ нэг их хол явна гэсэн итгэл байгаагүй. Гэтэл хүмүүст нэлээн сайн хүрч, гадаад, дотоодын сонсогчид их сайн хүлээж авсан л даа. Эндээс үүдээд ер нь дэлхийн хөгжмийн зах зээл рүү оръё гэсэн санаа гаргасан. Энэ том зах зээл рүү орохын тулд ямар стандартыг хангасан байх вэ гэдэг судалгаа хийлээ. Өнөөгийн дэлхийн чиг хандлага, шинэ эриний хөгжим, урсгал чиглэ­лүү­дээр бүтээлээ хийх нь зүйтэй юм байна гэж үзсэн л дээ. Дэлхийн сая сая хүмүүс энэ чиглэлээр бүтээл хийж байна. Эд нараас бид юу­гаа­раа, яаж ялгарах вэ гэж бодсон. Бид монгол хүмүүс. Өөрийн язгуур, үндэсний хөгжмөө барих ёстой юм байна гэдгээ ч ойлгоод 2009 оноос ажлаа эхэлсэн дээ. Эхлээд тов­шуур хөгжим худалдаж аваад, судалж, хэрэглэж үзлээ. Бүр гүнд нь ороод судлах явцдаа  хобис, хэц гэхчилэн маш эртний уламжлалтай хэд хэдэн хөгжмийн зэмсгийг барьж авсан. Жишээ нь, хобис гэхэд л зан үйлийн гэхээсээ хөгж­мийн зэмсэг гэдэг утгаараа илүү хөгжчихсөн хөгжим байсан. Эртний уйгур угсаатнаас Монголд нэвтэрч орж ирсэн юм билээ. Дөрвөн чавх­дас­тай, хууртай уг сурвалж нэг. Юань улсын үеэс өргөн дэлгэр хэрэглэж байсан ч орчин үед бүр мартагдсан хөгжим. Тиймээс бид “Ертөнц”  цомгийн бүтээлдээ сэр­гээн хөгжимдөж эхэлсэн. Одоо зөвхөн туульчдын хүрээнд хэрэг­лэж байгаа товшуур хөгжмийг цомогтоо мөн л чухал үүрэгтэйгээр хэрэглэж байна. Зохиолд ритмийн үүргийг гүйцэтгэж байх жишээтэй. Энэ мэтээр “Ертөнц” цомгоо бид нэлээн их судалгааны үр дүнд хийсэн. Түүхийг нь мэдэхээс өөр аргагүй шаардлагууд тулгарч бай­сан л даа. Шинэ хөгжмийг гаргаж ирэхийн тулд бид түүхийг буруу зөрүү ойлгож болохгүй.

-“Ертөнццомгийн хөгжим нийт хэр хугацаанд тоглох бүтээл вэ. Оньсого шиг хэрнээ хүмүүст маш их таашаал тө­рүүлж байх шиг?

-Тавин минутын хөгжим. Манай “Bro\’s records”-ынхон олуулаа л даа. Хэдүүлээ ярилцаад хүн бай­галь ертөнцтэйгөө харьцаж байгаа харилцаа, шүтэлцээг дуугаръя гэж шийдсэн юм. Үүнийг хөгжмөөр яаж илэрхийлж болох вэ гэж гурван жил гаруй бодож, бичиж дуусгасан. Тиймээс энэ хөгжимд монгол­чуу­дын философи дуугарч байгаа.  Урлаг өөрөө ч хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх хамгийн том хүч юм байна. 

Шинэ хөгжим гэж чухам ямар хөгжим бэ, юунд хандаж байна гэдгийг жаахан тод­руу­лах­гүй юу?

-Хүн төрөлхтөн хөгжлийн төлөө явсаар байгаад оюуны ядаргаа, стресст орчихсон байгааг хэн бүхэн зөвшөөрдөг. Шинэ хөгжим бол энэ ядаргааг тайлахын тулд сонсдог, хүнд сэтгэл оюуны тайтгарлыг төрүүлдэг ийм чигийн хөгжим л дөө. Энэ төрөлд манай монгол үндэсний язгуур хөгжмийн сэтгэлгээ характер нь нэлээн нийцтэй са­нагд­даг юм.

Зохиол дотроо уулс, ус, тэн­гэр, нар гэхчилэн олон хэсэгтэй, байгалийн өөрийнх нь авиа чи­мээг монгол хөгжмийн зэмсэгтэй хамс­руулан хэрэглэсэн байна лээ. Ер нь их том сэдвийг барьж авчээ?  

– Ертөнц, нар, ус, салхи, тал, хавар, уулс, онгод, тэнгэр, хурай хурай хурай гэсэн хэсгүүд байгаа. Аязууд юм.  “Уулс” гэдэг аяз дээр бид “ердийн оровлого” гэдэг шу­вууны амьд дуу чимээг бичиж оруулсан. Энэ шувууны дуугарах өнгө, давтамж хөгжимд буугаад ирэхээрээ хүний сэтгэл зүйд тай­ван амгалан байдлыг авчирч бай­гаа юм л даа. Сонсоход гадаад ертөнцөөс бүрэн ангижирч зөвхөн хөгжимдөө орох боломжийг хү­мүүст нээж өгч байдаг.

Манай үндэстэн эртнээсээ амьдралыг мөнх байлгах гэсэн чин хүсэл тэмүүлэл, цаг хуга­цааг уртасгах эрмэлзлээ уртын дуундаа нэлээн гүнзгий шин­гээ­сэн харагддаг л даа. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, ханд­лага энэ үүднээсээ таны бү­тээлд нөлөөлсөн тал байна уу. Асууд­лыг асар өргөн, том хү­рээнд хардаг онцлог нь гэх юм уу?

-Нөлөөлөлгүй яахав. Бид язгуур санаагаа барьж авсан учраас нөлөөлөхөөс аргагүй. Энэ язгуур санаан дотор юу явж байна вэ гэхээр, хорвоо ертөнцийг урт удаан оршин амьдраасай гэсэн чин хүсэл л байгаа шүү дээ. Манай цомог “Эцэг тэнгэр, эх дэлхий үүрд орших болтугай” гэсэн үгээр эхэлдэг. Үүнийг л монголчууд бидний язгуур санаа гэж би боддог. Нүүдэлчид л гээд яриад байна, нүүдэлчид гэдэг үнэн чанартаа дэлхийн эмч нар юм байна гэж би боддог шүү.

Хамтран ажилласан тог­лог­чид, хөгжмийн найруулагч, продю­ссер гээд танай багийнхан аль насныхан байна?

-Бид 30-40 насныхан. Би өмнө нь “Люмино” хамтлагийн Анх­баатартай “Номадс” цомгийг хийхдээ ардын дуунаас, мөн Л.Мөрдорж зэрэг өмнөх үеийнхийхээ бүтээлээс ашигласан л даа. Мөн өөрийн бие дааж зохиосон “Бо­роо”, “Зугаалга” зэрэг хэд хэдэн аязууд нийлээд арван бүтээл орсон байгаа.  Цаашид өөрсдөө шинээр бүтээл хийе гэж бодоод шинэ цомгийн бүтээлдээ орсон. “Ертөнц” цомгийн бүтээлүүд маань бүгд шинэ зохиол.

Хөгжимд хэрхэн хөл тавив. Бусад зохиол бүтээлээсээ сонирхуулахгүй юу?  

-Би ХБК-д 1-5 дугаар анги хүрт­лээ төгөлдөр хуурын ангид сураад дараа нь жирийн сургуульд шилж­сэн. Дунд сургуульд байхдаа бүжиг их сонирхдог байлаа.  Урлагаас холдохгүй явсаар 2000 онд “Жа­кал” хамтлагт даралтат хөгжимч­нөөр хэсэг ажилласан. 2003 онд Япон улсад Кино телевизийн дуу бичлэгийн холбооны сургалтад киноны чиглэлээр суралцаж ирээд уран бүтээлээ киноны хөгжмөөр эхэлсэн л дээ. Одоогоор арав гаруй киноны хөгжим байна. Най­руу­лагч Дэлгэрбаярын “Тушаал”, “Төрийн дайсан”, Солонгосын найруулагч Кимийн “Морь минь давхи”, “Хайрлаж болох уу”, З.Бат­болдын “Сайн уу, амьдрал минь”, “Аз жаргал bad boy”, гэхчилэн. Сүүлд Ж.Сэнгэдоржийн найруул­сан “Ларьдма” киноны хөгжмийг бичлээ. Дуунууд гэвэл 30-аад дуу байна шүү. Гэхдээ голдуу киноны хөгжим бичиж байна.

Шинэ хөгжмийн дараагийн бүтээлээ бодож байгаа юу?

-“Ертөнц” цомгоо цаашид цув­рал болгож гаргах бодолтой бай­гаа. Энэ цомог том сэдвийг өгүүлж байгаа учраас.

– “Ертөнццомгийн зохиолоор тоглолт хийх мэдээлэл байсан. Бүрэлдэ­хүүнээ та­нил­цуулж болох уу?

-Арваад хөгжимчин оролцоно. “Univerve live” нэртэй. “Ертөнц” цомгоос гадна “Introduction to Nomads” цомгоос “Бороо” бүтээ­лийг тоглох юм. Манай продюссер М.Болд товшуур, “A Sound” хамт­ла­гийн хөгжимчин Ц.Алтангэрэл гитар, хобис, Ю.Батпүрэв бөмбөр, Д.Мөнхболд басс гитар, “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ ятга, Ш.Баяржаргал дарал­тат хөгжим, Л.Саруулбат лимбэ, флейт би өөрөө даралтат хөгжим, товшуур, хэц, хэл хуур хөгжмүүдээ тоглоно.

Хөгжимд уран бүтээлчид, үзэгч сонсогчдын хоорондох нэг сайхан харилцаа байдаг даа. Тэрийг л бид энэ тоглолтдоо бий болгох хүсэл зорилготой байна. Ирэх долдугаар сарын тавнаас наймдугаар сарын дунд хүртэл өдөр бүр тоглоно.

– “Ертөнццомгийн гадаад зах зээл ямархуу байгаа вэ?

-Одоохондоо бид гадаад зах зээлээ турших судлах хэмжээнд л явж байна. Япончууд нэлээн нааш­тай байгаа. Хэд хэдэн продюссер­тай нь яриа хэлцэл хийж эхэлсэн. Харин интернэт сүлжээгээр бол дэлхий тойроод явж байгаа шүү. Энийг тусдаа компани хариуцдаг. Би зөвхөн бүтээл дээрээ ажил­ла­даг болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна.

Таны эмээ яруу найрагч Ш.Дул­маа, өвөө кино жүжигчин Э.Ганболд агсан, аав дуурийн нэрт тенор Д.Ганхуяг гэдгийг хүмүүс мэдэх байх. Та гэр бүлийнх­ний­хээ бүтээлд хэрхэн ханддаг вэ

-Намайг уран бүтээлч болоход мэдээж гэр бүлийн нөлөө их байсан байх. Хар багаасаа Монголдоо тавигдсан бүх дуурийг сонсч өслөө. Гэхдээ надаас илүү бага  дүү  Тэнүүн маань аавын улаан фэн. СУИС-д дуурийн дуулаачаар хүр­тэл сурч төгссөн шүү дээ. Хүүхэд байхдаа би бараг ном уншаагүй ээ. Харин аав их уншдаг. Уншсан номоо бид нарт яриад өгчихдөг байсан юм. Жүжигчин болохоороо ном зохиолыг кино шиг ярьдаг юм. Одоо бол эмээгийнхээ номыг ер нь уншина шүү. Бүх ном нь надад байгаа. Өвөөгийн хувьд, гол дүр бүтээсэн хоёр кино, туслах дүрийн олон кино бий. “Дайсны цэр­гүү­дээ сонсоцгоо” киноны Гэлэг хошуучаар нь хүмүүс илүү мэддэг болов уу. Өвөө кинонд тоглохын хажуугаар кино группынхний хоол хийх их дуртай байж билээ. Хоолыг янзтай сайхан хийдэг байсан. Даанч би өвөөгийн хоол хийдэг авьяасаас суралцаж чадаагүй. Намайг Японд сурч байхад өөд болсон. Ер нь бид хэд зун болгон эмээ, өвөө дээрээ байдаг байсан. Би хэдэн дүү нараа ахлаад л өвөө эмээгийн зусланд бужигнаж өссөн л дөө. Миний хоёр дүү, авга эгчийн маань охин Сарнай бид дөрөв. Сарнай загвар өмсдөг. Харин дүү Одзул маань Японы компанид ажиллаж байна.

Аав тань танд хэр зөвлөдөг вэ?

-Миний бичиж байгаа хөгжим, хийж байгаа бүх юмны эхлэл нь аав гэж би боддог шүү. Ээж маань ч уран бүтээлч. Гар урлал чигийн хүн. Хэвлэл чимэглэлийн үйлдвэрийн хатгамлын тасагт зээгт наамал хийдэг байсан. Ерээд он гарснаас хойш бүх Ерөнхийлөгч нарын малгайг хийсэн юм. Улсад бүртгэл­тэй хэдхэн зээгт наамал байдгийн заримыг нь ээж хийсэн байдаг. Чингэс хааныг есөн өрлөгтэйгөө байгаагаар хийсэн нэг том бүтээл бий. Маш том хэмжээтэй. Хөөрөг­ний даалин, хавтага, дээл, малгай гэх мэт Монголын гар урлалын бүх л юмыг хийдэг. Дээд үеийнхнээсээ суралцаад дараагийн үеийн­хэн­дээ өвлүүлж байгаа хүн л дээ. Бас сайхан дуулна.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

17 бэлтрэгийг газар савж хөнөөсөн гэв

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд эхээс төрөөд удаагүй 17 бэлтрэгийг үүрнээс нь суйлж, хөнөөсөн.  Эх сурвалжийн хэлж буйгаар тус сумын багийн Засаг дарга тэргүүтэй хэсэг хүн энэ сарын 15-нд “Чоно” арга хэмжээ зохион байгуулсан бололтой. Дээрх арга хэмжээний үеэр гурван чонын үүрнээс  17 бэлтрэг суйлсан байна. Тэд суйлсан бэлтрэгнүүдийг үүрнийх нь хажууханд аваачиж газар савж, нугасыг нь тасалж хороожээ. Шалтгаан нь сүүлийн үед чоно нутгийн малчдын хот руу дайрах нь элбэгшиж, хоттой хониноос нь “зоог” барьдаг болсонтой холбоотой гэнэ. Эхээс төрөөд удаагүй байсан нялх амьтдын аминд хүрсэн гол шалтгаан нь энэ бололтой.

Хөхморьт сумын багийн Засаг дарга Баянмөнх, Дамдинбазар, Магнайбаяр нар Хэцүү эрэг гэх газраас тав, Завхан гол багийн малчин М.Магнай мөн тав, Сангийн Далай багийн малчин А.Дандар долоон бэлтрэг суйлжээ. Тэдний хууль зөрчсөн энэхүү үйлдлийг нутгийн иргэд ихэд сайшаан “Ашгүй хэдэн хөсрий чононоос салгаж өгөх юм шиг байна. Намар отолт хийж байгаад хэдэн чоно унагачихвал өдөржин хонины захад хэвтэхгүй амар болох нь” хэмээн ярьж байгаа гэнэ. Бэлтрэг үүрнээс нь суйлж, аминд нь хүрсэн дээрх нэр бүхий хүмүүс нутгийн иргэдэд “Энэ хавийн чоно одоо байхгүй болсон. Ихэнхийг нь бид үргээчихсэн. Үүрээ хөндүүлсэн чоно шөнөдөө эргэлдэж магадгүй шүү. Болгоомжтой, сонор сэрэмж­тэй хоноорой” хэмээн ярьж явсан гэнэ. Хамар амнаас нь цус гоож­оод үхчихсэн чонын бэлтрэгийг машиндаа хийчихсэн явж байсан гэх яриа Хөхморьт сумын иргэдийн дунд ид яригдаж байна. Засаг дарга Баянмөнх багийнхаа малчдыг чононоос “аврах”-ын тулд хавар бэлтрэгийг нь устгах, намар, өвлийн цагт чоно устгаж, үргээх ажлыг гардан зохион байгуула­хаар эртнээс төлөвлөжээ. Энэ талаар Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нэгэн иргэнтэй утсаар хол­бог­дож цөөн асуултад хариулт ав­лаа.

Танай нутагт 17 бэлтрэгийг үүр­нээс нь суйлж, хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ талаар танд сонссон зүйл байна уу?

-Нүдээ ч нээж амжаагүй байсан нялх амьтдыг их хэрцгийгээр хөнөөсөн байгаа юм. Юу гэсэн үг вэ, монголчууд чинь нялх амьтны аминд зэрлэгээр халдах нь битгий хэл сүүдрээ тусгахаас ч эмээж, эхээс нь салгалгүй орхидог. Өвөө минь, аав минь би өөрөө олон жил ан гөрөө хийсэн. Гэхдээ амьтны нялх үр төл рүү буу шагайж байсангүй. Гэтэл багийнхаа Засаг дарга нь иргэдтэйгээ нийлээд нялх амьтдын аминд хүрсэн байгаа юм. Настайчуудад сонсгомооргүй зүйл боллоо.

Хот руу орох нь ихэсч, хүн, мал руу ноцоод чоно дийлдэхээ байсан гэсэн яриа бас байна. Нутгийн хүний хувьд өнгөрсөн хавар хангай хэр догшин байсан бэ?

-Зөвхөн одоо ингээд байгаа юм биш. Өмнө нь ч хотонд ордог л байсан. Тэглээ гээд устгаад, суйлаад, алаад байдаггүй л байсан шүү дээ. Одоо хүмүүс хэтэрхий сүржигнэдэг болжээ. Үүний хажуугаар хулгайн ан цэцэглэх нэг шалтаг болж байгаа юм. Чонын тоо харин ч эрс цөөрөөд байна. Үлдсэн цөөхнийг нь энэ мэтээр хядаад байвал байгалийн тэнцвэрт байдал алдагдах гээд асуудал их л гарах байх.

Ер нь чонын авд хүмүүс хэр явдаг юм бол. Ийм тохиолдол танайд өмнө нь хэр гарч байсан бэ?

-Өмнө нь хэд хэд гарч байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг нялхаар нь савж алсан гэж дуулдаагүй гэв.

Чонын бэлтрэг суйлж,  хөнөө­сөн иргэдийн талаарх мэдээлэл сумын цагдаад хүрсэн ч өчигдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа талаар нутгийн иргэд ярьж байв. Харин биднийг холбогдож хэргийн талаар тодруу­лах үед аймгийн Цагдаагийн газ­рын дарга дээрх хэргийг шалгах үүрэг өгсөн гэх мэдээлэл ирсэн юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 203.1-ийг зөрчсөн хэмээн шалгаж эхэлжээ. Үүнд “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориг­ло­сон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учир­сан, ховор ан амьтанг зохих зөв­шөөрөл­гүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуул­сан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээ­вэр­лэсэн бол хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тор­гох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Мөн 203.2-т “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Өнгөрсөн жил батлагдсан ан амьтны тухай хуульд нэг чоныг 60 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг юм байна. Харин үр төл буюу бэлтрэгийг 102 мянган төгрөгөөр эдийн засгийн үнэлгээг нь гаргасан байдаг аж. Гэхдээ дээрх ан амьтны тухай хуулиар шийтгүүлж буй гэмт этгээдүүдийн ихэнх нь торны цаана суулгүй тэнсэн харгалзах ялаар шийтгүүлдэг билээ. 

Хөхморьт сумын малчид он гарсаар албан бус тоогоор зуу гаруй малаа чононд идүүлсэн тухай яриа байгаа аж. Тус сумын иргэн Мөнгөншагай гэх залуугийн Сүхбаатар аймгаас дөрвөн сая төгрөгөөр худалдаж авсан хүрэн үрээг боохой хүртчихсэн юм байх. Бас Н.Гомбожав гэх хүний 26 хонийг сүргээс нь тасдаж гэдсийг нь хүү татсан гэнэ. Хөхморьт сумын малчдын ихэнх нь хонио хашилгүй хонодог байна.  Мөн өдөр хариулах хүнгүй орхиж байгаагаас үүдэн ихэнх нь чононд хонио өгч байгаа гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.

2012 оны арванхоёрдугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Алтайн хөгжил ХХI зуун”, “Алтайн эрин” сан хамтарч 273 чоно авлаж,  аймгийнхаа төв талбай дээр цус нь гоожиж, хөлдсөн чоноор “үзэсгэлэн” гаргаж байсан билээ. Харин энэ удаад 17 бэлтрэгээр “туг тахилаа”. Монголчууд нялх амьтныг хөнөөхийг цээрлэдэг ард түмэн. Төрөөд удаагүй нялх бэлтрэгүүдийг савж алсан Засаг даргын үйлдлийг буруутгах хүн олон байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Төрсөн нутгаа голдог бөхчүүдийн тухай

Монголд бөхчүүд хэмээх сайхан хээгүй, хэнэггүй нөхдүүд байнаа. Улсын цолонд
хүрсэн бөхчүүд шиг сайхан амьдарч байгаа хүмүүс алга. Тэд “Бөхчүүд гэдэг бол
үнэхээр тэсвэр хатуужилтай хүмүүс байдаг. Олон жилийнхээ хүч хөдөлмөрийг ганцхан
бөхөд зориуллаа” гэж ирээд ярьж байгаа харагддаг. Тэд хэний төлөө ингэж
хөдөлмөрлөж зовлогоо зовоодог юм бэ. Мэдээж өөрийнхөө төлөө. Яаж ийж байгаад найраа
хийгээд ч хамаагүй улсын цолонд хүрчихсэн байхад бараг л амьдралаа шийдчихдэг
тухай бөхчүүд ч ярьцгаадаг. Тийм болохоор өнөөдөр өндөр, бүдүүн, хөдөө ноцолдож
байсан эрчүүд бүгд л улсын цолонд хүрэх гэж үйлээ үзнэ. Аз нь шовойсон нөхөр
нутгийнхаа гайгүй бизнесмэний хараанд өртчихвөл ерөнхийдөө болчихож байгаа юм. Хоёр,
гурван жилийн дараа “чичирсээр” байгаад улсын цолонд хүрчихдэг. Тэр үед нутгийн
удирдлагууд нь гээд л бөөн хөл хөөрцөг болсон нөхдүүд бие биенээсээ давах гээд
байгаа бүхнээрээ өргөл барьц барьчихна. Тэдний өргөл барьц зүгээр ч нэг
өгчихдөг эд биш. Сүүлд нь хариу авч таарна шүү дээ. Ядаж л нэг газар явахдаа
өнөө улсын цолтой бөхөөрөө бие хамгаалагчаа хийлгэж байгаа мэт дэргэдээ дагуулна.
Тэр хэрээр өнөө нөхрийн нэр хүнд ч гэж суга өснө дөө.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Би монголоороо гоёдог” гээд хамрын
самсаагаа шархируулж байгаад л уншдаг. Тэгвэл сүүлийн үед бизнесмэнүүдийн дунд
бөхөөрөө гоёх моод дэлгэрээд байгаа. Өөрийгөө олигтойхон гоёхын тулд тэд
олигтойхон мөнгө цацаж эхэлсэн.

Бөхчүүд нэг компани, спорт хорооны нэр дээр барилддаг. Нэг бөх хэд хэдэн
компанийн нэр дээр ч барилдах нь бий. Тэр бүгдээсээ цалинжина. Мөн хэн нэгнийг
өөрийнхөө биеэр гоёсныхоо төлөө хэдэн төгрөг авчихна. Улсын цолонд хүрээд л
хэдэн өрөө байраар шагнуулна. Цагдаа, цэрэг хүчний байгууллагын нэр дээр
барилддаг бол шууд цол ахина. Хэд хэдэн томоохон барилдаанд түрүүлчихсэн байхад
хурандаа цол халаасанд гэсэн үг. Тэгвэл насаараа хүчний байгууллагад ажиллаад эх
орондоо өөрийнхөө хүч хөдөлмөрийг харамгүй зориулсан хүмүүс ахлах ахлагч цолтой
гавьяаныхаа амралтад сууж
байх жишээтэй.

Хуучин бол Тэс, Галшарын адуу хурдан удмын угшилтай гэдэг байсан бол
өнөөдөр Увсын гэх угшилтай бөхчүүд ихээр төрөх болж. Учир нь сүүлийн үед
үндэсний бөхөөр барилдаж буй залуус төрсөн нутгаараа овоглохоос илүүтэйгээр
аав, ээжийнхээ нутгийн нэр дээр барилдах нь нэмэгдэв. Аав, ээжийнхээ нутгийн
нэрийн өмнөөс цоллуулах нь өнөө л өөрийнхөө эрх ашгийг төлөө ажээ. Бөх цөөтэй
аймгуудын бөхчүүдийн хувьд дэмжлэг багатай тул өөрт ашигтэй тэр л нутгийн нэр
дээр барилдах нь хаялага ихтэй гэсэн үг. Тийм маягийн жишээ хэд хэд байна аа. Тухайлбал,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн заан Б.Болдбаатар
Увс аймгийн нэр дээр цоллуулах болсон нь сэлэнгийнхний дургүйцлийг ихэд хүргэжээ. Учир нь хэн ч мэдэхгүй бөхөд дуртай горзгор залууг тус аймгийн бөхчүүд
өөд нь татаж, хоёр жилийн өмнө аймгийнхаа 80 жилийн ойгоор аймгийн начин
түүнийг цолоо ахиулахад бүгд л гүйсэн байгаа юм. Олны хүч оломгүй далай гэгчээр
долоогийн даваанд даян аварга Г.Өсөхбаяртай барилдсан тэрээр багагүй тамирдан салхинд
хийсчих шахам болчихсон байхад Г.Өсөхбаяр аварга барилдаанаа дуусгалгүй тахим
буулган аймгийнх нь ойгоор нутгийнх нь хүүд заан цол бэлэглэсэн. Түүний хувьд
авсан цол нь багадсан уу яасан хэдэн сарын дараа Увс аймгийн нэр дээр барилдаж бантан
хутгаж эхэлсэн
байна. Түүнийг аймгийн заан цолонд хүрэхэд нь унаган нутгийн
барилддаг хүүхдүүд цолгүй буцсандаа нулимстай зогсож харагдсан. Болдбаатарын
хувьд мөн л нутгийн удирдлагууд харж үзэхгүй байна гээд аавынхаа төрсөн нутгийн
нэр дээр барилдах болсон гэнэ билээ. Нутгийн удирдлагууд юун түүнийг дэмжих
манатай. Болдбаатарын цаана хэдэн зуун мянган иргэний амьдрал ахуйг шийдэх гэж
тэд толгой өндийх завгүй ажилладаг. Бусдынхаа эрх ашгийг бодохгүй өөрийгөө
тэргүүн эгнээнд тавигч энэ мэт бөхчүүд олон байх юм даа, хөөрхий. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л мөн л тус аймгийн харьяат аймгийн начин
Н.Жаргалбаяр Увс аймгийн Тэс сумын нэр дээр барилдахаар болсон тухай нутгийнхан
нь ам
дамжин ярьж байсан. Энэ тухай Сэлэнгийн улсын цолтой нэгэн бөх “Манай аймгийнхан дэмжээгүй болохоор аавынхаа нутгаар овоглож барилдахаар болсон” гэж мэдэгдсэн байна лээ. Жаргалбаярын аав нь Увс аймгийн Тэс сумын харьяат
улсын начин
Довчингийн Нэгдэл юм. Жаргалбаяр
тийнхүү аавынхаа хэлснээр төрсөн нутгаа солин барилдахаар болжээ. Аавын
сургаал алт гэдэг ч бөхийн анхны зам мөрөө гаргаж,  бөх хүний зовлон жаргалыг
мэдрүүлсэн, өөрийг нь өөрөөс нь дутуугүй хайрласан хүмүүсийн сэтгэл рүү ус цацахдаа үнэндээ
сийхгүй болсны баталгаа энэ бус уу.

Завхан аймгийнхан Г.Эрхэмбаяр арсланг манай нутгийн бөх гэж өмчирхөх гэж
үздэг. Тэгвэл арслангийн хувьд аавынхаа захиасаар төрсөн нутгаараа овоглож Сэлэнгийнхээ
нэр дээр барилддаг тухайгаа манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан
билээ.

Дээхнэ үед Д.Хадбаатар аварга л би Төв аймгийн Угтаалынх, Жаргалантынх,
Сэлэнгийн Баруунхараагийнх хэмээн ярьдаг байсан гэдэг. Яахав мань хүн амьдарч
байсан сумандаа “Би танай сумын хүн” гэдэг байж. Амьдарч буй газраа хүн тэгж хэлэхээс
ч яахав. Харин өнөөдөр аав, ээж чинь тэр энэ нутаг усных гэхээр нь очиж үзээгүй
шахам байж нэр дээр нь барилддаг болжээ. Өнөөдөр өнгө, мөнгө харсан бөх нэртэй
хүмүүс хэд хэдэн аймаг, сумдын нэр дээр барилдаж байгааг юу гэх вэ. Монголд
Долгорсүрэн зааны гэр бүл хэмээх мундаг бөхчүүд бий. Сумъяабазар, Сэржбүдээ,
Дагвадорж гээд бүгд л Улаанбаатар хотод төрсөн. Гэтэл Улаанбаатар хотын тэр
дүүргийн бөх гэж хэлүүлэхээс санаа нь зовсон уу, яасан Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат гэж цол гуншингаа дуудуулдаг.
Ноднин гэхэд улсын харцага Ц.Содномдоржийг “Хөвсгөлийн хүчтэн”
дэвжээнийхэнтэйгээ бэлтгэл хийдэггүй хэмээн улсын арслан Х.Мөнхбаатар, улсын
харцага Г.Ганхуяг нар ухамсарын шанаа өгсөн хэмээн хэвлэлээр шуугиад авсан.

Үндэсний бөхөөр далай, даян, дархан аварга болох хэнд хэрэгтэй юм. Бөхчүүд
улсын цолонд хүрчихвэл янз бүрийн ажил төрөл хийхэд амар байдаг гэсэн. Ядаж л
нэг газрын нэр дээр барилдахад тухайн компанийхаа арыг нь даадаг гэж ярьцгаадаг.
Ар даана гэдэг нь шалгалт ирлээ гэхэд өнөө улсын цолтой бөхөө урдаа барин
бамбай болгодог гэх мэтээр тоочоод барамгүй олон зүйл бий. Бөхчүүдийг төрсөн
нутгийнх нь уул ус түшдэг гэдэг. Тэгвэл түших уул усгүй болж байгаагаас өөрцгүй
хэрэг. Энэ мэтчилэн нутаг усаа гологсод олимп, тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо
алтан соёмбот далбааг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлдэг их спортынхноос
тэс өөр. Тэд дэлхийн тамирчид. Харин үндэсний бөхийнхөн бол жалга дов, аймаг хэсэн
барилдаж явдаг хүмүүс. Энүүхэндээ
хэлэхэд, өөрсдийгөө тив дэлхийн тамирчидтай зүйрлээд
байдаг нь инээдтэй л байхгүй юу.

Э.Энхболд

Categories
редакцийн-нийтлэл

Сенатын гишүүн Ж.Маккейн Сирид айлчиллаа

АНУ-ын Сенатын гишүүн Жон Маккейн Сирид гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр Тур­­кийн Газинтеп хэмээх газ­раар  дамжин тус улсад очсон аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж бай­сан тэрбээр Сирийн сөрөг хүчинд бүх талын дэмжлэг үзүүлэхийг тууштай дэмжигч улстөрчдийн нэг. Сенатын гишүүн тус улсын сөрөг хүч­нийхэнтэй уулзаж ярилцсан аж. Түүний хэвлэлийн төлөө­лөгч энэ талаар мэдээлэл хийхдээ чухам юун талаар ярьсан тухай тодорхой мэ­дээлэл өгсөнгүй. Харин “Los Angeles Times” сонинд бич­сэнээр Жон Маккейн Сирийн чөлөөлөх армийн генерал Салим Идристэй уулзжээ.  “Сенатын гишүүн Ж.Маккей­ны айлчлал бидний хувьд маш чухал.  Өдгөө манайд өрнөөд буй цэрэг дайны байдлыг өөрчлөхийн тулд Америкийн тусламж бидэнд зайлшгүй хэрэгтэй. АНУ-ын Засгийн газар Сирийн хувьс­галыг пуужин зэрэг зэвсгээр туслах шийдвэр гаргаасай гэж бид хүсч байна” хэмээн генерал С.Идрис ярьсан аж. Сирийн сөрөг хүчнийхэн А.Асадын армид  Ливан дахь “Хезболлах” бүлгийнхэн тус­ламж үзүүлж байгаа талаар мэдэгджээ.

АНУ-ын Сенатын гишүүн Сирид нэлээд хэдэн цаг бол­сон байна. Ийнхүү АНУ-ын төрийн хариуцлагатай ажилт­­­­­нуудаас Жон Маккейн хам­гийн түрүүнд Сирид оч­лоо.  Тэрбээр Ливан, Египет зэрэг Ойрхи Дорнодын ор­нуу­даар айлчлал хийж бай­гаа юм. 

Харин өчигдөр Парис хот­ноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри, ОХУ-ын ГХЯ-ны сайд С.Лавров нар мөн Сирийн асуудлаар уулзаж ярилцсан байна. Оросын тал Сирийн асууд­лаарх олон улсын чуулганд оролцох орнуудын жаг­саал­тыг гаргах санал тавьжээ. Уг саналыг ОХУ 2012 оны зун гаргасан юм. Түүнээс гадна Сирийн байдлыг хэвийн бол­гохын тулд тус улсын эрх баригчид болон сөрөг хүч­нийхнийг хэлэлцээ хийлгэх асуудлыг хөндсөн аж.