Categories
редакцийн-нийтлэл

Сэтгүүлчид мухар сүсгээс ангид байж, шинжлэх ухаанчаар нийгмийг гэгээрүүлнэ

“Төр
нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж Үндсэн хуулинд бий. Төрийн бай­гууллага шашин, сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болох­гүй гэж бас заасан байгаа. Зарим үед энэ алдагдаад байдаг. Томоо­хон албан тушаалтнууд шашны үйл ажиллагаанд оролцож, үг хэлж, сурталчилж  харагдах юм. Шар дээл намируулаад гандан хийдээр явдаг нь ч байлаа. Дэргэдээ үзмэрч, төлөгчтэй нь ч байлаа. Ер нь бол манай төр шашны үйл ажиллагаа эрхлэхтэй адил үйл зөндөө хийсэн дээ.

Төр, шашин хоёр тусдаа.  Угтаа бол төр шинжлэх ухааныг хөгжүү­лэхэд анхаарч байх ёстой атал урсгалаар нь хаячихсан. Шинжлэх ухаанаа биш, шашнаа хөгжүүлээд улам дэврээгээд  байгаа. Эрдэмтэн судлаачид нь ч энэ тухай дуу­гарахаа больсон. Дээр нь сэтгүүл­чид ч хэт шашинжих, мухар сүсгээс ангид баймаар байна. Шашны дагнасан телевиз, хэвлэл нь үндсэн ажлаа хийгээд сурталчилдаг юм байгаа биз. Тэрэнд сэтгүүлчийн ч хэрэг угаас байхгүй. Сайн номлогч, менежмент хийдэг хүмүүс байхад л болох байх. Харин бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ингэж шинжлэх ухаанч биш мэдээллийг олон нийтэд хүргэснээрээ нийгмийг төөрөгдөлд оруулж, илүү муу үр дагавар бий болгоод байгаа.  Хэрэв дэлхий сөнөх тухай яриаг телеви­зээр гаргаагүй бол хэн нэгэн нь нүх  ухаад ганцаар амьд гарах гээд тэмүүлэх үү. Зүв зүгээр ажлаа хийж явсан хүмүүс  зуслангийн байшин руугаа юм уу, хөдөө хээр гэр ба­риад гарцгаах уу. Угаас хүн тө­рөлхтөн сүйрчихсэн байхад амьд үлдээд хаа холдох билээ. Янз янзын л арга хэмжээ авсан дуул­дана лээ. Энэ зэрэгтэй өнгөрсөн нь болж. Нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн бол яахав. Ийм үед үймээн самуун их гардаг гэлцдэг. Үр дүн яах ч байсан билээ.

Хэрэг хүлээх чадваргүй гэх нэгэн бурхнаар бөөлжөөд, хэн ч харсан хүний биенээс гарамгүй том чулуу гаргалаа гэхээр нь сэт­гүүлч гүйж очоод, үнэмшээд, олон нийтэд цацаад байх нь эмгэнэл юм. Хэвлэлээр гарсан юм худлаа бай­вал дахиж хэвлэл мэдээлэлд итгэх итгэл алдарна. Тухайн үед шар хэмээх олон хэвлэл гарч байсан ч иймэрхүү баримтгүй, үнэмшил муутай мэдээ, мэдээлэл, сүнс,  босоо ороолон, хий үзэгдэл, чөт­гөр, шулмын тухай борлуулалтаа өсгөх гэж мөн ч их бичдэг байсан даа. Аяндаа  зах зээлээс шахагдаж тоотой хэд нь үлдсэн.

Хувь хүний шашин шүтэх эрх нь нээлттэй ч, бид  шинжлэх ухааны эрин зуунд амьдарч байгаа гэдгээ санах ёстой. Шинжлэх ухаан  гай­хам­шигтай нээлтүүдийг хийсээр байна. Тиймээс цэгцтэй ойлгол­тоор асуудалд ул суурьтай хандаж,   элдэв шашин, бөө мөргөл, хараал чатга, хий үзэгдэл, сүнс сүүдэр бичиж ярьж үзүүлж, олон нийтийг гэгээрлийн замд биш, мунхралын замаар явуулах хэрэггүй юм. Үүн­дээ өөрсдөө үнэмшээд явчихдаг сэтгүүлчид ч байна. Энэ байдал маань нийгэмд нөлөөлөөд байна л даа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нийгмийг гэгээ­рүү­лэгч байхыг  хэвлэлийнхэнд уриал­сан. Олон нийтийг гэгээрүүлэхийн тулд, мэдлэг мэдээлэл өгөхийн тулд ажилладаг болохоос сэтгүүлч бид харанхуй бүдүүлэг рүү чирдэг нь биш. Энэ талаар саяхан нэг  нийтлэлч бичсэн байна лээ. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч шүүгчдийг мухар сүсгээр асуудалд хандахгүй байхыг анхааруулж хуулийн заалт хүртэл оруулж бай­гаа гэсэн. “Ийм шашинтай учраас энэ хэргийг ингэж болохгүй байнаа” гээд сууж болохгүй гэсэн үг. Хоёр залуу сайдын санал санаачилга, хэлсэн үгс чихэнд наалдацтай зөв байлаа.

Нэг хэсэг айл бүр ламтай бай­сан бол одоо айл болгонд  бөө байдаг болжээ. Үзүүлж харуулна гээд хэдэн төгрөгөө авч очоод эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон хүн олон байна. Өвдсөн хүн эмнэлэг бараадахын оронд шууд л илбэ шидийн хүчээр босч ирнэ гээд ийм л хүмүүсийг бараад­даг болж. Илбэ хүртэл хуурдаг гэдгийг мэдсээр байж шүү. Ид шид байсан бол ажиллаж хөдөлмөр­лөөд яах билээ.

Ингэж хэллээ гээд хүний шашин шүтэхийг боомилоод байгаа юм биш л дээ. Шашин шүтэх эсэх нь  тухайн хүний л хэрэг. Хувьдаа би огт шашингүй хүн биш. Гэхдээ шинжлэх уааанчаар хандахыг илүүд үздэг. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаях хэрэгтэй. Хүнийг хүмүүжүүлдэг сайхан сургаал, номлол бишгүй л бий. Буддын шашны тэргүүн Далай лам ч  ша­шинд XXI зууны хүн шиг хандахыг уриалаад байгаа. Шашин бол ёс суртахуун тогтоогч,  уламжлал, хүн төрөлхтөний соёлын маш том өвийг хадгалан үлдсэн байдаг. Шашны олон урсгал дэлхийгээр л нэг байна. Авах юм олон бий. Хаях юм ч олон. Буян нүглийг ялгахаас эхлээд муу үйл хийвэл болохгүй гэдгийг бүх шашин номлодог. Гэлээ гээд шашны асуудалд бид шинж­лэх ухаанчаар хандах ёстой. Өдөрт хичнээнээрээ нээлт хийгдэж байгаа шинжлэх ухаанд, бодит байдалд илүү итгэх нь дээр.  Ялан­гуяа олон нийтэд мэдээллийг хүр­гэх­дээ шинжлэх ухаанчаар хан­даач ээ гэж л хэлэх гээд байгаа юм.   

Тухайлбал Христийн шашны олон сайхан сургаал үгс байдаг ч зарим зүйл нь эргэлзээтэй санагд­даг. Ертөнцийн эзэн дэлхийг бий болгосон гэдэгт би л хувьдаа итгэх­гүй. Тэр эзнийг тэгвэл хэн бий болгосон юм гээд асуух зүйл бай­даг. Тийм агуу эзэн юм бол өөрийнх нь бүтээсэн Адам, Ева хоёр яагаад  диваажингийн цэцэрлэгийн жим­сийг үгэнд нь орохгүйгээр идчихдэг юм.  Бүтээл нь төгс болж чадаагүй юм биш үү гэх мэтээр олон зүйл эргэлзээ төрүүлж, асуулт хэвээр үлддэг. 

Нөгөө талаар зарим улс орны хамгийн хэцүү асуудал нь шашин болчихсон. Шашин хоорондын мөргөлдөөнөөс болж байнгын дайн дажинтай нь ч бий. Гэхдээ  шашныг үндэслэгч нар ч адилхан хүн байсан гэдгийг санаж байхад илүүдэхгүй. Зарим нь миний сур­гаа­лыг дагаагүй нь тамд унана гэх мэтээр ярьдаг бол өөр нэг нь шимтэн судалж, зөв гэж үзсэний үндсэн дээр дагаарай гэдэг. Нэг хэсэг шашин нь бусдыгаа огт хүлээн зөвшөөрдөггүй байхад өөр нэг нь бусдыгаа хүлээн зөвшөөр­дөг. Гэхдээ  аль ч шашны тэргүү­нүүд хүртэл шинжлэх ухааныг үгүйсгэж чаддаггүй.  

Бид шинжлэх ухаан нээсэн, баталсан зүйлд л итгэх хэрэгтэй үе ирчихээд байна. Сэтгүүлчдэд ун­шигчид итгэхээ байлаа. Улс төрч­дийн дараа ортлоо шүүмжлүүлдэг хүмүүс сэтгүүлчид болоод байна. Ёс суртахуунгүй л гэнэ,  мөнгө нэхдэг гэнэ. Дээр нь  нэмээд мунхаг харанхуйг сурталчлаад эхэллээ. Яг л “Хуучин хүү”-гийн хөмөрсөн то­гоонд буцаад оруулах мэт. Ямар сайндаа хэн нэгнийг шүүмжлэх, тэр хүний алдаа гаргасан талаар баримт­тай материал нийтлэхээр  “захиалгаар бичиж” гэж л ярина. Хэн нэгний тухай сайн үйл хийж байгаа, эсвэл сайхан амьдралын замналтай хүний тухай магтаал сайшаал бичвэл “мөнгө аваад бичиж байна” гэнэ. Энэ мэтээр сайнаар ч саараар ч бичсэн итгэхээ байж. Тэд зөвхөн баримтыг л хүсч байна. Тийм уншигч, үзэгчийн өөдөөс мухар сүсгийн ичгэвтэр юм  бичээд, үзүүлээд  байхаар юу болохов.

Нэгэн үе зах зээлийн ид ороо бусгаа цагт баахан ид шидтэн, харь гаригийнхантай уулзсан нөхөд гарч ирсэн. Хэвлэлийнхэн түүнийг нь мөн ч их дөгөөсөн дөө. Эцэстээ бүгд л худлаа болох нь батлагдсан. Тэр хачирхалтай “шидтэнүүдийн” үе өнгөрсөн дөө гэж бодож байтал сэтгүүлч хүн хээвнэг “Үнэмшихгүй байхын арга алга” гээд олон нийтэд цацдаг байгаа.

      Ямар ч үед ийм хүмүүс байж л байх юм шиг байгаа юм. Хялбар аргаар ашиг хонжоо хайх, алдар хүнд олох элдвийн зорилготнууд дуусах биш дээ. Манай сонин дээр ч бурхны элч, Чингэс хаан гэсэн нөхдүүд ороод ирдэг юм. Өөрийн­хөө даашинзыг ураад “хуулийнхан ингэлээ” гээд ирдэг нь ч бий. Итгэ­сэнгүй, үгээ хэлэх эрх олгосонгүй гээд загнана гээч. За тэгээд чөтгөр , шулам, сүнс сүүдэртэй уулзсан гэх нь ч бий. Гэхдээ бид өөгшүүлэхгүй аргалаад л явуулдаг. Ялангуяа хаврын цагт олширдог юм, ийм хүмүүс. Үүнийг ялгаж салгадаг, ухаан сэтгүүлчид хэрэгтэй л дээ.

Саяхан бас л нэг бөө  лекц уншина гэсэн зар яваад байна лээ. Мэдээллийн ивээн тэтгэгчээр нь зарим телевиз ажиллаж байгаа юм байх. Ингэх ямар хэрэг байна даа гэж бодогдож байлаа.

Мөн байгаль хамгаалах талаар хүмүүсийн идэвх ид сэргэж байгаа энэ үед мод, чулуу, могой хүртэл шүтээн болчих юм. Хамаагүй халд­вал чөтгөр,  шулам болдог юм байх. Бидний багад бол усанд сүү, цус усанд дусааж болохгүй гэдэг байв. Энэ бол байгалиа хайрлах өвгө­дийн сургаал байж. Өвгөдийн ийм уламжлалт сургаалыг одоо хэт мухар сүсгээр өөрөөр тайлбарлах болж. 

Сэтгүүлч бид нийгмийг гэгээрүү­лэхэд гартаа үзэг гэсэн зэвсэг­тэйгээр мордож болох ч олон нийтийн сэтгэл зүйгээр даажигнах эрх байхгүй билээ. Агуу их Данзан­равжаа ч ” Там там гэвч там хаанаас байхав, тамтаггүй явбал там чинь тэр буй за” гэж хэлсэн байдаг. Диваажин, там  гэдэг хаа нэг газар оршихоосоо илүүтэй та бидний дотор л байдаг. Нийтийг гэгээ­рүү­лэх замдаа мунхаг харанхуйг бит­гий санал болгооч, сэтгүүлчид ээ. Аль эртний хүн Данзанравжаа үүнийг  гэтэлчихсэн байж шүү дээ. 

 

Categories
редакцийн-нийтлэл

Зэс баяжуулах гурван үйлдвэртэй болох нь, одоо хайлуулах үйлдвэрээ баривал ямар вэ?

Оюу толгой энэ
баасан гаригаас урд хөрш рүү зэсийн баяжмалаа экспортолж  эхэлнэ. Өмнөговьд байгаа энэ баяжуулах
үйлдвэрийг канадууд барьсан. Оюу толгой энэ жил 600 мянган тонн зэсийн баямжал
экспортлохоор төлөвлөөд буй. Урд хөршийн гурван ч компани худалдан авах санал
ирүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Төслийн зүгээс одоогоор худалдан
авагчидтайгаа гэрээ хийсэн гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Нэг тонн
хүдрээс 500 килограмм орчим зэс ялгаж авна гэсэн тооцоо бий.  Баяжуулах үйлдвэр  өдөртөө 100 мянган тонн хүдэр боловсруулж
жилд 450 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Зэс баяжуулах
дараагийн үйлдвэр бол монголчуудыг хэдэн арван 
жилээр  тэжээсэн Эрдэнэтийн уулын
баяжуулах үйлдвэр. Зэсээ баяжуулж экспортлоод удаж байгаа энэ үйлдвэрийг
оросууд барьсан. Дахиад цөөнгүй жил ажиллах нөөцтэй гэж ярьдаг.

Зэс баяжуулах бас
нэг үйлдвэрийг  Дорноговьд бариад  эхэлчихсэн. Цагаан суваргын орд гэдгээр нь
монголчууд андахгүй. Энэ үйлдвэр монголчуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай
баригдаж буй  гэдгээрээ анхны том бүтээн
байгуулалт  болж байгаа юм. МАК компанийн
зүгээс баяжуулах үйлдвэрээ хурдан хугацаанд барихын тулд урд хөршөөс мэргэжлийн
4000 гаруй ажилчин авчрах хүсэлт гаргасан, хэрвээ энэ хэмжээний ажилчид ороод
ирвэл   үйлдвэрээ 2015 оны эхний улиралд ашиглалтад
оруулна гэж байна. Өмнө нь зэс баяжуулах үйлдвэр барьсан туршлагагүй учраас
гаднаас мэддэг, чаддагийг нь авчирч Оюу толгой шиг хурдан бариулах бодлого
барьж байгаа юм билээ. Тэдний санаснаар болвол  хоёр жилийн дараагаас зэсээ баяжуулаад эхэлнэ.
Одоо ил уурхайн ажил ид явагдаж байна. Зэсээ баяжуулахаас өмнө дор хаяж сая
тонн хүдэр бэлэн байлгахын тулд ил уурхай үйлдвэрээсээ хор жилийн өмнөөс
ажиллаж эхлэх ёстой юм билээ. Тэгэхээр тун удахгүй Дорноговийн Цагаан суваргын
ордын хүдэр олборлолт эхэлнэ гэсэн үг.

Тэгэхээр зэс
баяжуулах гурван том үйлдвэр зэрэг ажиллаад эхлэх нь. Ийм үед яригдах ёстой нэг
өнцөг бол зэс хайлуулах үйлдвэр. Уг нь шинэ сэдэв биш л дээ. Эртнээс ярьсаар
ирсэн ч өнөөдрийг хүртэл ажил болоогүй. Шалтгааныг нь ганцхан үйлдвэрийг
түшиглээд тийм том үйлдвэр барьчихаар үйлдвэр босгосон зардлаа нөхөж чадахгүй
гэж тайлбарладаг. Гэтэл одоо гурвын гурван үйлдвэр зэрэг ажиллах нь тодорхой
болчихлоо.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хакухо М.Даваажаргал: Тайхо аваргын ачийг хариулж 32 түрүүлсэн амжилтад нь хүрнэ ээ

Мэргэжлийн сумо­гийн тав­дугаар сарын Нацү башёд Мон­гол Ул­сын
гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал 15 давж түрүүлсэн. Ингэснээр Хакухо 25
түрүүнийхээ аравт нь нэг ч унал­гүй түрүүл­сэн цорын ганц сумоч болсон юм. Мөн
Аса­шёорюү Д.Дагвадорж аваргатай адил 25 тү­рүү­тэй болсон. Хакухо­гийн хувьд
2007 оны тавдугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Мон­голын хоёр дахь, гадаадын
дө­рөв дэх ёкозуна болсон
түүхтэй. Тэрээр өнгөрөгч долоо хоногт эх орондоо ирсэн.

Түүнийг Япон руу буцахаас нь өмнө уулзаж ярилц­санаа хүргэж байна.  

Тавдугаар сарын Нацү ба­шёд нэг ч уналгүй түрүүлээд эх орондоо ирлээ. Сэтгэл тун хан­галуун байгаа нь мэ­дээж дээ?

-Нацү
башё өндөр­лүү­лээд сумо бөхийн холбоо­ноос тав хоногийн чөлөө авч эх орондоо ирэх учиртай байлаа. Гэтэл цаг агаарын улмаас нэг хоногоор нислэг саатсан. Нис­лэг саатсан тэр ганцхан хоног надад үнэхээр их хэрэгтэй байсан. Миний хувьд нэг хоног, магадгүй нэг цаг ч гэсэн эх орныхоо бүлээн шороон дээр гишгэж, цэнгэг агаа­рыг амьсгалах нь юу юунаас илүү эрхэм. Мэдээж эх орондоо ирээд аав ээж, Монголын ард түмэнтэйгээ уулзсандаа сэтгэл өндөр байлгүй яахав. Манай орны зун цаг гэдэг үнэхээр сайхан. Би нутагтаа яар­сан хүлэг шиг нутаг орон руугаа цаг ямагт тэмүүлж байдаг. Сэтгэлдээ эх нутаг, элгэн түмнээ тээж ява­хад их энерги шингэдэг болов уу гэж санадаг. Болдогсон бол өшөө ч хэд хоно­чихмоор л байна шүү.

Таныг бейсболын та­мирч­дыг Япон руу авч явахаар эх орондоо ирсэн гэж дууллаа?

-Миний
бие Монголын бейс­болын холбооны хүндэт ерөнхий­лөгчөөр ажилладаг. Эх орондоо уг спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд сумо­гийн бэлтгэлийн хажуу­гаар цаг зав гарган ажиллаж байна. Долдугаар сард Токио хотноо өсвөрийн бейсболын аварга шал­гаруулах олон улсын тэмцээн бол­но. Уг тэм­цээнд өөрийнхөө нэрэм­жит “Хакухо” багийн 24 тамирчин хүүхдийг авч явна. Монголд ирээд өсвөрийн тамирчид­тай­гаа хамт бэлтгэл хийж Монголын бейсболын ирээ­дүй болсон бяцхан тамир­чидтай өөрийн санал бодлоо ху­ваалцлаа. Нөгөө талаас гэвэл би хэдэн жилийн өмнө Хакухо будаа тариална гэж ярьж байсан даа. Тэгвэл Хакухо будаа тариалах ажил биелэлээ олох гэж байна. Японы Хоккайдо арал гэдэг чинь Монгол оронтой цаг агаарын хувьд ер нь төстэй. Сэрүүв­тэр газар байдаг юм. Дээр үед Хоккайдо аралд юун будаа ургахтай манатай бай­сан юм билээ. Ургасан ч гэсэн хүн идэхийн аргагүй тийм л будаа ургадаг байж. Харин сүүлийн жилүүдэд цаг агаар дулаарч байгаа тул Хоккай­догийн будаа маш чанартай ургах болсон. Тийм болохоор Өвөрхангай айм­гийн тариа­ланч бүсгүйчүүд хэдэн жилийн өмнө Хоккайдо аралд очиж будаа болон бусад жимс жимсгэнэ хэрхэн тариалах тухай судалсан. Тэгвэл бүс­гүйчүүд маань юу сурч мэд­сэнээ эх орондоо амжилттай хэрэгжүүлж ноднин Өвөр­хангай аймагт хүлэмжинд цагаан будаа тариалсан нь сайхан ургасан. Энэ жилийн хувьд Төв аймгийн Зуунмод хотод өөрийн гараар цагаан бу­даагаа суулгасан.

Цагаан будаа тариа­лахад ус ихтэй талбай шаарддаг гэсэн. Таны хувьд будаа тарьж байхад ямар санагдсан бэ?

-Тэгэхэд
бүх ажлыг нь би өөрөө гардан хийсэн. Цагаан будаа суулгана гэдэг үнэхээр хэцүү юм аа. Барилддаг хү­ний булчин шөрмөс барил­дахад л зориулагдсан бай­даг тул ус ихтэй шаварлаг газар ажиллахад амар байсангүй. Одоо болтол биеийн хөндүүр гараагүй байна шүү.

Төв аймгийнДүнжин­гаравдэвжээнд хандив өргөсөн. Тэ­гээд ч зог­сохгүй та нутгийн бөх­чүүдтэйгээ барилдсан?

-Миний
хувьд Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөх­чүүд­тэйгээ уулзлаа. Нутгийн маань бөхчүүд энэ сарын 15-наас наад­мын бэлтгэлдээ гарах юм байна. Тийм боло­хоор өмнө нь дэвжээ­нийхээ бөхчүүдийн дунд сорилго барилдаан зохион байгуул­лаа. Бөхчүүдээ харахад сай­хан байлаа. Өөрөө ч мөн үндэсний бөхөөрөө барил­даж хөлсөө гаргалаа.

Таны хувьд улсын хар­цага Ө.Даваабаатар, на­чин А.Бат­мөнх, аймгийн хурц арслан Ч.Бат­чу­луун гуравтай барилд­лаа. Бөхчүүд хэр хүчтэй байна?

-Манай
бөхчүүд чинь мун­даг шүү дээ. Таны хэлсэнчлэн дээрх гурван бөхтэй барил­даж сайхан энерги авлаа гэж бодож байна. Харцага, начин хоёрт өвдөг шо­роодсон ч аймгийн хурц арслан Ч.Бат­чулууныг давсан. Үндэсний бөх гэдэг үнэхээр өөр юм аа.

Энэ жил нутгийнхаа бөх­чүү­дийг хэрхэн ба­рилдах бол гэж бодож байна вэ?

-Бэлтгэлээ
сайн хийхэд болох­гүй зүйл гэж хаа байхав. Өнөө жил нутгийн бөхчүүд сайхан барилдана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд наадмын хоёр өдөр унахгүйг хичээн шүд зуун барилддаг.

Таныг аавынхаа төрсөн ну­таг болох Төв аймгийн Эрдэнэ­сант сумандаа их элэгтэй гэж дуулсан. Багадаа Эрдэнэсан­таар их очдог байв уу?

-Эхээс
мэндлээд дөнгөж гурван сартай улаан нялзрай амьтан байхдаа аав ээж хоёртойгоо Эр­дэнэсант су­манд анх очиж байсан гэдэг. Түүнээс хойш их очсон. Гэх­дээ зургаан настайгаасаа хойш аавын нутагт очиж байс­наа сайн санадаг. Өмнө нь нас бага байсан тул сайн санадаггүй юм аа. Би чинь хотод төрж, өссөн болохоор зуны амралтынхаа хоёр са­рыг Эрдэнэ­сантад өнгөрөө­дөг байлаа. Бага­даа морь унаж, тугал, ишиг ха­риулсан шиг амралтаа өнгөрөөдөг байсан. Хөдөөний хүүхдүүд ямар ажилтай байдаг билээ. Ус зөөж, аргал зөөхөөс эх­лээд бүхий л ажлыг хийнэ шүү дээ. Батхаан гэж сайхан хайрхандаа гарч мөргөнө. Аавын нутгийн уул ус намайг түшиж явдаг байх аа. Тийм ч болохоор өнөөдрийн энэ амжилтын эзэн болсон болов уу.

Эрдэнэсантад хамгийн сүүлд хэзээ очсон бэ?

-Уржнан
жил хамгийн сүүлд ус нутагтаа очсон. Нод­нин Дундговь орчихоод буцах­даа нутгаараа дайраад гарсан. Өнгөрөгч жил хур бороо элбэг байсан боло­хоор зуншлага сайтай бай­сан. Энэ жил ч мөн сайхан байна гэдэгт эр­гэлзэхгүй байна. Би нэг сонир­холтой юм ярьж өгөх үү.

Бололгүй яахав

-Нэлээд
хэдэн жилийн өмнө Эрдэнэсант сумын сургуулийн 70 жилийн ой тохиосон юм. Тэр үед янз бүрийн тэмцээн уралдаан болж байсан. Тэгэхэд хүүх­дийн барил­даан болдог юм аа. Гэтэл намайг хүүхдийн тоо гүйцээхийн тулд барил­дуулсан. Тэгэхэд 32 хүүхдээс шөвгийн дөрөвт үлдэж бай­сан. Шагналд нь 70 жилийн ойн дурсгалын үг бичсэн аяга, үзэг балаар шагнуулсан. Хүүхэд гэхэд давгүй сайн барилдсан байгаа биз.

Тийм байна. Тухайн үед таньтай барилдаж бай­сан хүүхдүү­дээс аймаг, улсын цолонд хүрсэн бөх байна уу?

-Тэгэхэд
найман настай жаахан хүүхэд байсан боло­хоор ямар хүүхдүүдтэй ба­рилдаж байснаа сайн санах­гүй байна. Тэгээд ч багаасаа арлын орныг зорьсон боло­хоор тэр хүүхдүүдтэй ахин уулзаж чадаагүй. Энэ жил сумын маань 90 жилийн ой долдугаар сарын башётой давхцаж болох юм билээ. Уг нь башё дуусгаад цаг зав гарган ойдоо хүрэлцэн ирж нутгийн зон олонтойгоо бая­рыг нь ху­ваалцъя гэсэн  ам­жихааргүй болж таарлаа. Тийм болохоор нутгийн­хандаа 90 жилийн ой болон бүх монголчууддаа төрийн их баяр наадмын баярын мэн­дийг урьд­чилан хүргэе.

Та хамгийн сүүлд хэзээ тө­рийн их баяр наадмаа эх орондоо үзсэн бэ?

-Үнэнийг
хэлэхэд 10 гаруй жил төрийнхөө их баяр наад­мыг үзэж чадсангүй. Багадаа бол аавыгаа дагаад л наа­дамладаг байлаа. Аав Тэ­рэлж, Сонгинын амралтад наад­мын бэлтгэлд гардаг байсан. Тэгэ­хэд аавыг дагаад бэлтгэлд нь гарна шүү дээ. Одоо бол наадмын үеэр башё давхцдаг тул багынхаа тэр сайхан дурсамжийг эргэн санахад сайхан байдаг. Нод­нин эх орондоо ирээд Сүх­баатар аймгийн наадмыг үзсэн. Монгол наадам гэдэг хаана ч байхгүй сайхан зүйл. Үнэхээр л баяр цэнгэлийн манлай гэж боддог. Жилдээ ганц болдог наадмаараа уяа­чид, бөхчүүд, харваачид маань өмнөх жилийн­хээ ал­дааг засах учиртай. Тэдний хувьд ганцхан алдаа гаргахад л дараа жил болтол төрийн­хөө наадмыг хүлээх болдог. Бөхчүүд маань уран хурц барилдааныг үзүүлж, хийе гэж бодсон мэхээ хийж урам­тай сайхан барилдаарай гэж ерөөмөөр байна.

Ж.Мөнхбат авар­гын хур­дан буянуудыг хө­дөл­мөрийн баатар, тод манлай уяач Д.Даваа­хүү гуай уядаг байсан. Таны хувьд хурдан морь унаж байв уу?

-Би
морь унах дуртай хүүхэд байсан. Ялангуяа хурдан морьдыг харж, дагах дуртай байв шүү. Хурдан морьны уяа сойлгыг ал­дуул­чихна гээд тэр бүр хурдан морь унуулдаггүй байсан юм. Хаа­яа бол мэдээж хурдан морины нуруун дээр салхи татуулан дарцаглана шүү дээ. Намайг багад ах нар хүүхдүүдийг хооронд нь их барилдуулна. Тэр дунд нь би ч гэсэн тууж явалгүй яахав. Хүмүүс аваргын хүү гээд хүүхэд бүртэй барилдуу­ла­хад нь унаж, давж явсан бо­лохоор багаасаа л өөрийгөө сэтгэлийн хат суусан байх гэж боддог. 

Аваргын хүү гээд танд хүн­дэтгэлтэй ханддаг байсан биз?

-Яалаа
гэж тийм юм бай­хав. Хөдөө ямар ч аваргын хүү байх нь хамаагүй. Гэрийн ажил сайн хийхгүй бол бага хоол иднэ гээд бүх хүүх­дүүдтэй яг л ижил байсан.

Эх орондоо жилдээ хэдэн удаа ирдэг вэ. Өвөл хоёрдугаар сарын эхээр ирчихээд явсан байх аа?

-Сүүлд
цагаан сарын өмнө хоёрдугаар сард ирсэн. Аавын бие тааруухан байсан тул уулзаж, хажууд нь байж байгаад буцсан. Харин энэ удаа Хөдөлмөрийн баатар, их аварга Д.Дагвадорж ахын­хаа 25 түрүүлсэн амжилттай эн зэрэгцсэн түрүүг хүртээд ирлээ. Дагваа ахын энэ том амжилтыг давтана гэдэг гайхалтай юм.

Нацү башёгийнхоо ту­хай ярих­гүй юу. Эхнээ­сээ л өрсөл­дөөнтэй, ширүүхэн болсон доо?

-Намайг
дэмждэг Монго­лын ард  түмэндээ маш их баярлалаа. Миний хувьд тав­дугаар сарын башёгийн 14 дэх өдөр озэки Кисеноса­тотой барилдсан. Бид хоёр нэг ч унаагүй башёг тэргүүлж байсан. Кисеносато мундаг бөх л дөө. Аваргын энтэй барилддаг юм. Башёг нэг ч уналгүй 14 даваатай хоёр бөх үргэлжлүүлсэн түүх 32 жи­лийн өмнө байсан юм билээ. Миний хувьд ч гэсэн анхны удаа ийм барилдаан хийсэн. Үнэхээр шийдвэрлэх барил­даан тэр байсан болохоор бүхий л хүчээ шавхан барилдаж давсан.

Таны хувьд хоёр башё да­раа­лан нэг ч уналгүй түрүүллээ. Сүүлийн хоёр башёд ямар так­тикаар барилдсан бэ?

-Миний
хувьд энэ бөхтэй сэр­вүүгээс барилдана. Харин тэр бөхтэй золгож барилдана гэсэн тактиктай бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ тактик үр дүнгээ өгч сүүлийн хоёр башёд түрүүлсэн юм болов уу даа. Би өнгөрөгч оны аравдугаар сараас шинж­лэх ухааны про­фес­сортой найзууд болсон. Тэр найз маань надад бие фи­зиологи талаас зөвлөгөө өгч эрүүл байх тал дээр анхаарч эхэл­сэн.

Таныг их уян хатан бөх гэж дуулсан. Энэ нь та­ны давуу тал гэх юм?

-Хүмүүс
уян хатан бөхчүү­дийг бяр муутай гэж ярьдаг. Миний хувьд өөрийгөө бяр­тай гэж хэлэхгүй ч барил­дааны үед тэсэрсэн бяр гаргадаг. Ер нь төмөр өргөөд хүч­ний бэлтгэл хийж байгаа үед бие хатуурах талтай. Тийм болохоор уян хатан байх нь амжилт гаргах нэг түлхүүр юм болов уу гэж боддог.

Сүүлийн үед монгол бөхчүү­дийг сумогоос шахах болсон гэх яриа цахим ертөнцөөр газар авах болсон. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол
бөхчүүдийг сумо­гоос шахах болсон гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм билээ. Ма­най бөхчүүдийг сумогоос шахсан ямар нэгэн зүйл байхгүй. Үүнийг худал мэдээлэл гэж хэлмээр байна.

Сумод барилдаж буй монгол залуус сүүлийн жилүүдэд өндөр ам­жилт гаргах болсон. Өөрийн орны бөхчүүдээ хэрхэн үнэлдэг вэ?

-Манай
залуучууд сүү­лийн үед өндөр амжилт гаргаж байна. Д.Ам­гаа зааны хүү Сэйро Өнөболдын ам­жилт эрс дээшилж байгаа. Мон­гол хүүхдүүдийн идэж өссөн хоол, өвөг дээдсийн эрэмгий хүчирхэг чанар өдгөө ч амжилт гаргахад нь түлхүүр болж байгаа юм болов уу гэж хувьдаа боддог.

Сумогийн түүхэнд нэг ч унал­гүй 69 давсан Фүтү­баяма аварга байдаг. Таны хувьд 63 давж түү­хэн амжилтын хоёрду­гаарт эрэмбэлэгддэг. Энэ амжилтаа ахиулах боломж бий юу. Одоо­гоор та 30 дараалан даваад байгаа шүү дээ?

-Миний
хувьд шүтэж хайр­ладаг хоёр аварга байдаг. 1930-аад онд барилдаж байсан Фүтүбаяма авар­га 69 дараалан давсан. Нөгөөх нь 1960-аад онд сумо бөхийн дэв­жээнээ барилдаж домог болон мөнхөрсөн Тайхо аварга байсан. Тайхо аварга 32 түрүүлсэн амжил­таараа сумогийн түүхэнд өөрийн нэрийг мөнхөлсөн. Фүтү­баямаа аваргын 69 дараалан давсан түүхэн амжилтад би 63 дараалсан даваагаар тун дөхөж очсон.

Хичээгээд барилдахад болохгүй зүйл байхгүй биз дээ. Энэ томоохон түүхэн амжилтыг мон­гол бөх эвдээсэй гэсэн хүлээлт тан дээр л тогтоод байна шүү дээ?

-Бэлтгэлээ
сайн хийгээд хи­чээгээд барилдахад болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ ганцхан удаа дэвжээн дээр гар хүрэхэд л миний дараалсан ялалтууд байхгүй болно. Хуучин сумо бөх жилд хоёр башё зохион байгуул­даг байсан. Тийм болохоор Фүтүбаяма аварга гурван жил гаруй сумо бөхөд босоо байсан байгаа биз. Нэг зүйлд ихээхэн бэлгэшээж явдаг. Миний хүндэлдэг Фүтүбаяма аварга 69 дараалан давж байсан бол би 69 дэх их аварга болсоныгоо ярих дуртай. 69 гэдэг тоо чинь өөрөө хааш нь ч харуулсан 69-өөрөө байдаг их учиртай, бэлгэдлийн тоо байдаг болов уу хэмээн боддог.

Сумо бөх барилдаж авар­га цолонд хүрсэн бүх бөх­чүүдийн ганц мөрөөдөл Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдэх байдаг. Энэ 32 түрүү бол 1960-аад оны сүүл 1970-аад оны эхэнд бий болсон рекорд юм. Энэ ам­жилт руу нэг ч юм уу хоёр түрүүгээр ойртох юмсан гэсэн хүсэл аварга болгонд бий. Уг рекордыг хагас зуун жилийн турш ямар ч аварга эвдээгүй. Тайхо аварга энэ оны нэг­дүгээр сард бурханы оронд одсон. Их аваргыг сэрүүн тунгалаг байхад бид байнга уулзаж байсан. Миний хувьд их зөвлөгөө авдаг байсан тул их ойр байлаа.

Танд 32 түрүүлэх нөөц хангалттай байх шиг санагддаг?

-Сумогийнхны дунд бэлт­гэл хийлгэж өгсөн болон ба­рилдааны тухай зааж зөвлөж байсан хүнийхээ амжилтад хүрч цаашлаад тэрхүү ам­жилтыг эвдсэн үед ачийг нь хариулж байгаа юм гэсэн яриа байдаг. Тэр утгаараа миний хувьд Тайхо аваргын амжилттай эн зэ­рэгцэхэд долоон түрүү дутуу байна. Тийм болохоор Тайхо авар­гынхаа ачийг хариулах болно. 

Монгол Улсын заан Р.Даваа­ням агсны хүү сумогийн отгон аварга Харумафүжи аваргын тухай ямар бодолтой байдаг вэ. Сүүлийн үед түүнд шахалт үзүүлэх боллоо гээд байгаа?

-Хүнд
од гэж байдаг юм. Харумафүжи аварга хоёр башё дараалан одтой сайхан барилдаж дараалан түрүүлс­нээр аварга цол хүртсэн. Аварга цол хүртсэн бөх хариуцлага өндөр байдаг. Тэр утгаараа ёкозуна гэдэг тэс өөр даваа юм. Озэки буюу арслан цолтой байхад найм даван 50 хувийн амжилтаа үзүүлээд байхад гайгүй бай­даг юм. Харин аварга хүн гэдэг эсрэгээрээ унах эрхгүй юм аа. Тэр утгаараа Хару­мафүжи аваргад шахалт ирсэн байж магадгүй.

Цагаан сар, наадмаар сумо­чид эх орондоо ирж амждаггүй. Япондоо уулзан золгоцгоодог уу?

-Цагаан
сарын үеэр элчин сай­дынхаа яаманд очиж сайдтайгаа золгож, бусад бөхчүүдтэйгээ амар мэндээ мэдэн золгодог. Харин наад­маар уулзаж амждаггүй юм. Японд манайхан хаврын баяр гэж хийдэг. 2006 онд Монгол Улсын гавьяат жүжиг­чин С.Жавхлан ирж ая дуугаа өргөж байсан. Түүнээс хойш “Хурд” хамтлаг тэргүүтэй олон уран бүтээлчид ая дуугаа өргөж байлаа. Японд “Монгол сумочдын сан” гэж бий. Хав­рын баярын үеэр үндэсний бөхийн барилдаан болдог. Түүнийг нь манай сангаас зохион байгуулдаг юм. Тэр баяр Японд Монголыг сур­талчилсан том баяр болдог.

Таны нэрэмжитХакухо сангэж бий. Сангийнхаа үйл ажилла­гааны та­лаар ярихгүй юу?

-Манай
сан 2008 онд анх бай­гуулагдсан. Их бага гэлт­гүй нийг­мийн сайн сайхны төлөө Монгол руугаа хандсан арга хэмжээ хийж байна. “Хакухо сан”-г ах, эгч нар маань удирддаг юм. Сангийн зүгээс сумогийн ирээдүйн их аваргыг төрүүлэх үүднээс “Хакухо кап” гэж тэмцээнийг жил бүр олон улсын хэм­жээнд зохион байгуулдаг. Сан­гийн зүгээс Монголд бейс­­болыг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа бол хүмүүнлэгийн чиглэлээр эмнэ­л­гүүдэд түрэгний тэрэг бэлэглэх зэрэг ажлууд хийг­дэж байгаа.

Э.ЭНХБОЛД
Б.ЭНХБАТ

Categories
редакцийн-нийтлэл

УИХ-ын дарга З.Энхболд: Бид хуулиндаа нийцсэн, компаниудын байшинг шахаагүй, эрүүл моргейжийн системийг хийсэн

УИХын дарга З.Энх­болдтой ярилцлаа.

УИХын хаврын чуул­­ганыг түр завсар­лууллаа. Чуулганыг зав­­­сарлуулах шаард­лага юу байв. Ер нь сүү­лийн үед УИХын гишүү­дийг идэвх муутай бай­на гэж шүүмжилж бай­гаа?

-Ерөнхийлөгчийн сон­гуулийн кампанит ажил эхлээд хоёр долоо хонож байна. Ахиад гурван до­лоо хоног үргэлжлэх байх. Энэ үеэр УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажил­лаж сонгогчид­той­гоо уулзах бололцоо­гоор хангаж байгаа юм. Одоо сонгогчдын идэвх сай­жирсан байгаа. Энэ үеийг ашиглаад УИХ дээр хэ­лэлцэгдэж буй хуулиу­дын талаар та­нил­цуулга хийж иргэ­дийн­хээ сана­лыг авах зорилгоор то­ми­лолт өгч байгаа. Мэдээж сонгууль яригдах л байх. Ийм зорил­гоор энэ сарын 24-нийг хүртэл түр завсар­луулсан. 24-нөөс хойш УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдаан үргэл­жилнэ.

Хаврын чуулганыг хэдийгээр завсарлуу­лах вэ. Дунд нь түр зав­сарлага орж байгаа боло­хоор хуулийн хуга­цаанаасаа хойшлох байх?

-Хуулиараа долду­гаар сарын 1-нд зав­сар­лах товтой байдаг.
Харин түр завсарлаж байгаа болохоор сонгуулиас хойш нэг юм уу хоёр долоо хоног
сунгана.

Сүүлийн үед УИХын гишүүдтэй хамаатай таагүй хэргүүд сөхөгдөж эхэллээ. УИХын гишүүн С.Баяр­цогт, Ё.Отгонбаяр, С.Ганбаатар гээд. УИХын даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Мөнгө угаах тухай хууль УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу үл хамааран үйлчилнэ. Сэжигтэй гүйлгээ байгаа эсэхийг компьютер хайж олдог. Сэжигтэй гүйлгээ гэдэг нь иргэн Дорж ердийн цалингаараа амь­дардаг байснаа гэнэт 100 сая төгрөг дансаар нь орж гараад цалгиад эхэл­бэл банкны компьютер олж тогтоогоод мэдээлнэ. Үүнийг авлига, терроризм­той холбоотой байж магадгүй гэж үздэг. Ийм хуулийн системд ороод манай улс зургаан жил боллоо. Гэхдээ энэ бүхнийг ил тод зарлаад мэдээлээд байдаггүй. Мөнгө угаахын эсрэг хууль хэрэгжээд 20 саяас дээш сэжиг бүхий гүйлгээг шалгаад зургаан жил болоход иргэд, банкны хэвийн ажиллагаанд саад болохгүйгээр хуу­лийн байгуул­лага шалгалтаа хийгээд л явсан. Банкин дээрээ шалгалт нь явагдаад хэвийн бус байвал цагдаад өгдөг. Сая тэр хуульд томоохон өөрчлөлтүүд орж илүү боловсронгуй болсон. Дэлхийн ихэнх орнууд ийм хуультай. Энэ төрлийн хууль нь сул, цоорхойтой улс орон ч бараг үлдсэн­гүй. Тийм хуульгүй орны бүх гүйлгээг сэжигтэй гэж үздэг учраас бизнесийнх нь хурд саарч, удааширдаг. Харин манай улс дэлхий нийтийн мөнгө угаах системийн дотор яг ижил эрх зүйн орчинтой болсон учраас одоо хардуу­лаад байхааргүй болсон.

Нууц хөрөнгө нь илэрсэн ги­шүүд, гишүүдийн гэр бүлийн тухайд. Хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-С.Баярцогтын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй данс илэрсэн нь мөнгө угаах хуулийн биш авлигатай тэмцэх хуульд заасан зөрчил. Ё.От­гон­баяр гишүүний эхнэрийн нэр дээр байдаг олон данс, сэжиг бүхий гүйл­гээнүүд бас илэрсэн. Түүнийг нь хуулийн байгууллага мөнгө угаах хуулийн дагуу сэжиглэж байгаа гэсэн. Мөн дээр нь хөрөнгө орлогын мэдүү­лэгтээ эхнэрийнхээ 15 дансыг мэдүү­лээгүй байна гэдэг нь авлигын эсрэг хуулийг давхар зөрчиж байна гэсэн үг. Авлигын эсрэг хуулийн зөрчлөөрөө бол Ё.Отгонбаяр болон С.Баярцогт гишүүдэд яг ижил арга хэмжээ авна гэсэн үг. Хөрөнгө орлогын мэдүүлэгт зөвхөн өөрийнхөө дансыг бус эхнэрийн­хээ хөрөнгө, орлого болон банкны бүх дансыг мэдүүлэх үүрэгтэй байдаг. Ар гэрийнхнийхээ дансны дугаарыг мэдүүлэгтээ дутуу бичнэ гэдэг нь С.Баярцогт дансаа мартаад хариуцлага хүлээсэн шиг байдалд хүргэнэ. С.Баярцогт нэг данс мартсан бол Ё.Отгонбаяр 15 данс мартсан байгаа юм. Өчигдөр прокурор мэдээ­лэхдээ тэдний гэр бүлийн хүрээнд 21 данс байснаас зургаан дансыг мэ­дүүлсэн гэсэн. Ингэж дутуу мэдүүлнэ гэдэг нь ажлаас халагдах зөрчил рүү шууд орж байгаа юм. Тэр дансанд нь нэг төгрөг байсан уу, нэг сая төгрөг байсан уу, 100 сая төгрөг байсан уу гэдэг нь огт хамааралгүй.

Ард түмнээс сонгогдсон УИХын гишүүн хүнийг ажлаас хална гэж байх уу?

-С.Баярцогт дэд дарга гэдэг ажлаа­саа халагдсан. Тэгэхээр Ё.Отгонбаяр гэдэг хүн гишүүн гэдэг ажлаасаа халагдах байх, бодоход.

Шинэ хууль ямар заалттай байгаа юм бол. Ийм хариуцлага хүлээлгэхээр байгаа юу?

-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэг­жинэ. Хэд хэдэн тодорхойгүй зүйлийг зассан байгаа. Жишээлбэл мөнгө угаах гэдэг нэр томъёог олон улсад хэрэг­лэгд­дэгтэй ав адилхан болгосон. Мөн Монгол банкны дэргэдэх санхүүгийн албаны үйл ажиллагааг ойлгомжтой болгож, огцом өөрчлөгдсөн, их дүнтэй, эдийн засаг хуулийн үндэслэлгүй, 20 сая төгрөгөөс дээш төлбөр тооцоог хянана. Ийм өөрчлөлтүүд орсон байгаа.

С.Баярцогтын хувьд дэд дар­гын албан тушаалаа өгч гишүүн хэвээрээ үлдсэн. Харин Ё.Отгон­баяр гишүүн гудамжинд гарах нь. Энэ шударга уу?

-Төрийн албан хаагч хэн ч байсан хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу тайлагнавал ажлаасаа халагдах хүр­тэл арга хэмжээ авахуулна. УИХ-ын гишүүний хувьд тэр заалтыг хэрэгжүү­лэх юм бол С.Баярцогт дэд дарга гэдэг ажлаасаа халагдсан. Зарим гишүүд ч С.Баярцогтыг гишүүн гэдэг ажлаа өг гэж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүл­гээ дутуу бөглөнө гэдэг бол гэмт хэрэг биш. Гэхдээ ажлаас халдаг арга хэмжээтэй. УИХ-ын гишүүнийг ажлаас халах халахгүйг Үндсэн хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр УИХ өөрийнхөө авч болох арга хэмжээ буюу дэд даргынх нь суудлыг авах байдлаар С.Баярцогтын асуудлыг шийдсэн. Ё.Отгонбаярын хувьд хэр­хэх нь ойлгомжгүй болж байгаа юм. Үндсэн хуулиар халж болохгүй. Алига­тай тэмцэх хуулиар бол ажлаас нь халах ёстой.

Сайд асан Н.Хүрэлбаатарыг баасан гаригийн шөнө баривчил­лаа. Дээр нь Ё.Отгонбаяр гишүүний асуудал гэх мэт зүйлийг МАНынхан өөр өнцгөөс тайлбарлаж байгаа?

-Баасан гаригийн Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр тийм агуулгатай зүйл ярьж байсан. Гэхдээ хуулийн байгууллагынхан хэнийг хэзээ баривч­лахаа УИХ-аас асуухгүй. Ер нь УИХ хэрэг хэлэлцэж, шүүж, мөрдөн бай­цаалт явуулж байдаг газар биш. Хуулийн байгууллага хараат бус ажиллаж байгаа. Гэтэл сонгууль болж байна гээд Н.Хүрэлбаатарыг баривч­лах­гүй л байх ёстой юм байна, тэдний хэлснээр. Мөн Ё.Отгонбаярын эхнэ­рийн дансаар хийгдсэн сэжигтэй гүйлгээн дээр нүдээ аних ёстой байсан бололтой. Ийм зүйл байж болохгүй л дээ. Хуулийнхан биднээс болон олон нийтээс хэнийг хэзээ саатуулж шал­гахаа асуухгүй. 
Бас сонгууль болж байна гээд бензиний үнийн буулгалтыг болиул гэж шаардаж байна лээ, МАН-ынхан. Манай улс түүхий нефть экспорт­логч болоод түүнийгээ Хөх хотын үйлдвэрт боловсруулан шата­хуун болгоод эргүүлэн оруулж ирж байгаа. Энэ томъёогоороо Роснефть­тэй тохироход бензиний үнэ буурч байна. Дэлхийн шатахууны үнэ өсчих­гүй л бол 50 төгрөгийн хэмнэлт байнга байна гэсэн үг. Тэгэхээр сонгуульд зориулж шатахууныхаа үнийг буу­руулж байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бас УИХын гишүүдийг нам намаар нь талцуулж буй зүйл бол Өвөрхангай болон Увсын тойргийн асуудал?

-Увсын тойрогт мөнгө тараасан нь нотлогдсон. Харин Улаангом суманд эмчийн гэрт мөнгө тарааж байгаад баригдахаараа хаалгыг нь эвдээд гарч явсан хэргийг шүүх хоёр, гурав дахь шатны хурал нь болоогүй байгаа юм билээ. Энэ шатны хурал болчихвол Увсын хоёр гишүүнийг яах вэ гэдгээ СЕХ шийдэх ёстой. СЕХ-ны түрүүчийн дарга Н.Лувсанжавын гарын үсэг­тэй “Шүүхийн шийдвэр гарсны дараа гишүүдийнх нь асуудлыг авч хэлэл­цэнэ” гэсэн тогтоол байгаа. Мөн “МАН-ынхан мөнгө тараасан” гээд 100 мянган төгрөгөө авчирч өгөөд 10-аар үржүү­лээд сая төгрөг авсан Увсын 13 иргэн байгаа. Үүнийг нь ч шүүх тогтоосон.

Харин Өвөрхангайн хоёрын тухайд их, бага санал авсан асуудлыг яриа­гүй. МАН-аас нэр дэвшигчид нь хууль зөрчиж саналын хуудсанд нэр нь байх ёсгүй байсныг Өвөрхангай аймгийн сонгуулийн хороо шийдэлгүй сон­гуульд оролцуулсан. Тэгээд сүүлд нь хуулийг хэрэгжүүлж шүүх шийдвэр гаргасан байгаа. Гончигдорж гэж Арвайхээр сумын Засаг дарга байсан, МАН-ын гишүүн хүн бий. Тэр хүний гарын үсэгтэй сонгуулийн тойргийн хорооны тогтоол байдаг. “МАН-аас нэр дэвшигчид нь сонгуулийн сурталчил­гаан­даа хүүхэд ашиглаж хууль зөрч­сөн байна. Тиймээс сануулах арга хэмжээ авъя” гэсэн. Сонгуулийн хуулиар хүүхэд ашигласан байвал саналын хуудаснаас нэрийг нь хасах заалттай. Гэтэл энэ заалтыг Гончиг­дорж хэрэгжүүлээгүй. Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал наадам боллоо, наадамчдын нүдэн дээр учраа бөхөө сайхан хаяад начин цол авсан бөхөд наадмын дараа допингийн шинжилгээ хийлээ. Гэтэл шинжилгээ­ний хариу гарч допинг хэрэглэсэн нь тогтоогдоод шударга бусаар авсан начин цолыг нь хурааж ялагдсан хүмүүст нь цолыг нь нөхөн олгодог. Наадамчин олныг харж байхад бөхийн дэвжээн дээр тэр хүн давсан уу, давсан. Гэтэл шалгаад үзэхэд допинг хэрэглэсэн болох нь тогтоогдож цолоо хураалгаж байна. Үүнтэй яг ижил. Өмнөх Сонгуулийн хуулиар гуравхан заалтаар нэр дэвшигчийг жагсаалтаас хасдаг байсан бол одоо 38 заалтаар хасч байгаа.Нэр дэвшиж байхад нь ч, сонгуулийн явцад ч, гишүүн болсон хойно нь ч гишүүн биш болгодог ийм хатуу хуультай болсон.

Хуулийг хэрэгжүүлээгүй тойр­гийн хорооны ажилтнуудад хариуц­лага хүлээлгэх заалт бий юу?

-Сонгуулийн хуульд зааснаар үндсэн ажил болох төрийн албанаас нь хална. Одоо Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн хорооны ажилт­нууд бүгд төрийн албан хаагч болсон.

Энэ мэтээр улс төр эрчтэй байгаа ч давж яригдаж байгаа зүйл бол найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Ер нь иргэдийн хүсэн хүлээж байсан шийдвэрийг гарга­лаа гэж байна. Энэ зээл өмнөхөө­сөө юугаараа ялгаатай юм?

-Америкт моргейж, Европт ипотек гэж хэлдэг.Энэ хууль түрүүчийн УИХ-ын үед гарсан. Хуулийн төсөл нь бүр 2004-2008 оны УИХ-д өргөн баригдсан байдаг. Би хоёр ч УИХ-ын хуулийн ажлын хэсэгт нь орж нэгийг нь даргалж байсан. 2008-2012 оны УИХ-ын үед үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль гарсан. Энэ хоёр чухал хууль гарснаараа моргейжийн зах зээл ажиллах боломжтой болж байгаа юм. Харамсалтай нь С.Батбол­дын Засгийн газрын үед УИХ-ын сонгуулиас таван сарын өмнө зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гэдгийг зарласан. Тэр юугаараа алдаа­тай байсан бэ гэвэл манай дээрх хуулиуд болон дэлхий даяар мөрдөгд­дөг стандартын моргейжийг зөрчсөн. Нэгдүгээрт тэд тодорхой хэмжээний 50 ч билүү тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Ийм байж улс даяар мор­гейжийн зээл авч болно гээд бүгдийг нь хөөрөгдчихсөн. Үүнийг зарлахаас өмнө сая төгрөгийн дундаж үнэтэй байсан орон сууцны метр квадратынх нь үнэ даруй хоёр сая төгрөг болтлоо өссөн. Хоёрдугаар алдаа нь Засгийн газрын тус тогтоолын ард компаниудын нэртэй арван хуудас хавсралт байс­ных. Нэг үгээр хэлбэл зөвхөн энэ компаниудын байшинг ав гэсэн ша­халт байсан юм. Харин компаниуд нь жагсаалтад оронгуутаа байрныхаа үнийг нэмээд эхэлсэн. Тэгэхээр энэ бол зургаан хувийн хүүтэй моргей­жийн зээл бус тодорхой компаниу­дынбайрыг борлуулах арга болж хувирсан юм. Бас нэг алдаа нь бодит хүү 13 хувь байхад зургаан хувьтай өгчихөөд үлдэгдлийг нь улсын төсвөөс гаргас­ных. Иргэн Доржийг байр авахад улсын төсөв буюу та бидний төлсөн татварын мөнгөнөөс гаргаж болохгүй.

Тэгвэл Н.Алтанхуягийн Зас­гийн газрын найман хувийн хүүтэй зээл ямар давуу талтай гэж?

-Н.Алтанхуягийн
Засгийн газар үүнийг бүгдийг нь өөрчилсөн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хууль
товчоор Ипотекийн хууль, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг
жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ эх үүсвэрүүд ашиглаж эхэлсэн. Тэр нь
тэтгэврийн сангийн үлдэгдэл. Үүнийгээ ашиглаад мөнгө дутвал гадаад зах зээл
байна. Ипоте­кийн гэрээнүүдийг цуглуулж хоёр дахь зах зээл рүү үнэт цаас болгож
гаргана. Тэгээд хөрөнгө оруулагчдад багцалж худалдах арга хэмжээг анх удаа хэрэгжүүлэх
гэж байгаа. Ингэхдээ нэгдүгээрт барилгын компанийн нэр заахгүй. Зах зээлд
байгаа баригдаж дууссан, өнөөдөр зээлээ аваад мар­гааш орох боломжтой байр,
худалдан авагч хоёрыг дэмжиж байна. Худалдан авах байр нь хуучин байна уу, шинэ
байна уу хамаагүй. Н.Алтанхуягийн гаргаж байгаа энэ ипотекийн зээл  С.Батболдын Засгийн газрынхыг бод­вол ямар ч
эрсдэл байхгүй гэдгийг хэ­лэх хэрэгтэй. Яагаад гэвэл найм дээр нэмэх нь нэг
хасах нь нэг буюу дээд тал нь ес, доод тал нь долоон хувийн хүүтэй зээл авах
боломж юм. Бид “Чингис” бондоор зөвхөн 1.5 тэрбум ам.доллар зээлээгүй. Бид ямар
хүүтэй зээл авах боломжоо тогтоолгосон. Таван жилд 4.5 хувь, арван жилд 5.5
хувь гэх мэтээр зээл авах боломж­тойгоо олж мэдсэн. Ингээд ипотекийн зээлийн
багцаа хөрөнгө оруулагчдад зарахад төлөх хүү нь 5.5 таваас хэтрэхгүй байна
гэсэн үг. Үүнийг төгрөгт шилжүүлээд үзэхэд дээд тал нь ес, доод тал нь долоон
хувийн хүү төлөх болно. Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан
ипотекийн зээлээр хэн ч хохирохгүй. Цэвэр зах зээлийн зарчмаараа шийдэгдээд
явчихна.

Сүүлийн
15 жилийн манай ипо­текийн зах зээлийн хэмжээ 750-760 тэрбум төгрөг байгаа. Зөвхөн өнөө жил 800 тэрбум төгрөгийг энэ зах зээл рүү гаргана гэдэг нь зах зээлийг хоёр дахин өсгөж байгаа хэрэг. Ингэж 
бид хуулин­даа нийцсэн, тал тохой татаа­гүй, барилгын компаниудын байшинг шахаа­гүй, эрүүл моргейжийн сис­темийг хийсэн.

Зээлэнд хамрагдахыг хүссэн хүмүүс их бий. Бас хязгаарлахгүй бол урьдчилгаа төлбөр төлөх чад­вартай хүн олон байр авч гар дээрээ мөнгөгүй хүн байргүй хоцрох магад­лал бий?

-Хязгаарлалт байгаа. Жишээ нь том байр авах хүсэлтэй хүнд энэ систем үйлчлэхгүй. Одоо найм дээр нэмэх нь нэг, хасах нь нэг хувийн хүүтэй байна. Ная хүртэл метр квадрат талбайтай, 100 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой. Эсвэл хуучин байр байж болох бөгөөд 20 хүртэлх жилийн хугацаатай, 10-30 хүртэл хувийн урьдчилгаа төлөх болно. Үүнд л багтана. Нөгөө талд нь барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэхэд дэмжиж хүү багатай зээл өгч байна. Хуучин авлигаар авдаг байсан газрыг нь авлигагүйгээр чөлөөтэй, илүү ил тодоор авахыг санал болгож байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж байна. Гэр хорооллынхонтой тохирол­цоод ирсэн барилгын компаниудад зөв­шөөрлийг нь өгч эхэлсэн. Нэг айлын хашаа л гэхэд дор хаяж байр болон хувирч байгаа. Энэ мэтээр барилгын салбарт байсан авлигын сүлжээг арилгаж байна. Үр дүнд нь байр их баригдана. Үүнийгээ дагаад баригдаж байгаа байрыг худалдаж авах санхүү­жилт ажилтай хүн бүрт нээгдэж байгаа. Бид шинэ зүйлийг бодож олоогүй ч зах зээлийн зарчимд нь нийцүүлсэн. Анх 2009 онд батлагдсан хууль явсаар зах зээлийн жамаараа хөгжих боломж өнгөрсөн долоо хоногт л нээгдлээ.

АНын бүлгийн дарга өнгөрсөн долоо хоногт зээлийг олгож эхэлнэ гэж мэдэгдсэн ч амжсангүй. Ер нь хэдийгээр зээл олгогдож эхлэх бол?

-Зээл авахын тулд бүрдүүлэх бичиг баримт гээд ажил их бий. Энэ долоо хоногоос эхлээд хүмүүс байр авах саналаа өглөө гэхэд шалгаж эхэлнэ. Ер нь шалгах ажил их уддаг. Үнэхээр ажилладаг уу, цалин нь ямар вэ, авах гэж байгаа байр нь бий юу, хэдэн жилээр авах юм гэх мэт ажлыг хийж дуусахад зээл олгогдоно.

Зээлэнд хамрагдах журмыг боловсруулж дууссан гэсэн. Өмнө­хөөсөө яаж өөрчлөгдсөн бол?

-Мэдээж журам өөрчлөгдсөн. Яа­гаад гэвэл шинэ найман хувийн хүүтэй зээлийн ард компаниудын нэр байх­гүй. Зах зээл дээрээс одоо ашиглалтад орчихсон байрыг сонгоно. Тэгэхээр үүнийг дагаад бүх зүйл өөрчлөгдөнө.

Байр авахыг хүсч буй иргэн хамгийн эхлээд хаашаа хөдлөх вэ?

-Эхлээд байраа олно. Үнээ тохир­но, гэрээгээ хийнэ. Тэгээд моргейжийн компанидаа хандана. Тэр нь банк эсвэл Санхүүгийн зохицуулах хороо­ноос зөвшөөрөл авсан моргейжийн компани байна.

Хэдэн хүн байр авах вэ, хэдэн төгрөг шаардагдах бол. Тооцоо нь гарсан болов уу?

-Стандартын шаардлагад нийцсэн дотроо нойль, халуун, хүйтэн устай байранд нийт хүн амын 30 хувь нь амьдарч байгаа, үлдсэн 70 хувь тохилог сууцанд суух хэрэгтэй гэхээр том тоо гарна. Хатуухан хэлэхэд хүссэн хүн бүр байртай болохгүй. Яагаад гэвэл заавал тогтмол ажилтай сар бүр төлбөрөө төлөх чадвартай байх ёстой. Мөн өрхийн орлогын 40 хувиас хэтрэхгүй хэмжээг зээлэндээ өгөх ёстой. Ажилгүй хүн байртай болох ямар ч найдлагагүй гэсэн үг.

Э.БатҮүл дарга газраа битгий зар. Үнэд хүргэнэ гэж хэлээд нийс­лэлийн удирдлагыг авсан. Гэтэл Засгийн газар нь орон сууц­жуу­лалтыг дэмжээд эхэллээ. Ямар нэг зөрчил үүсэх нь үү?

-Э.Бат-Үүл ч гэсэн орон сууцжуу­лах асуудлыг дэмжиж байгаа. Харин хувь хүмүүс компаниудад газраа зарах ажилд нь Э.Бат-Үүл оролцохгүй. Тэр процесс зах зээлийн зарчмаараа явна. Гэхдээ хашааны газрын үнэ Э.Бат-Үүлийн сонгуульд оролцож байсныг бодвол өссөн. Одоо барилга барих гэж байгаа компани газартай хүний хоорондын тохиролцоогоор бүх наймаа хийгдэнэ. Тэр нь утаа униа­раас салах, иргэд тохитой байранд орох гээд нэг л бодлогын хүрээнд явагдах юм.

Эрэлт, нийлүүлэлтийг дэмж­чих­лээ. Дэд бүтцийг нь яах вэ?

-Дэд бүтцийг тавих ажилд төр тодорхой хэмжээгээр тусалж байгаа. Түүнээс биш бүгдийг нь шийдэж өгнө гэж байхгүй. Мөн улс дэд бүтэц барь­сан мөнгөө орон сууцны фонд маягаар буцаан авч байгаа.

Яг энэ систем АНУд дампуурч байсан гэсэн. Харин манай тогтол­цоо АНУын дампуурлын араас орохгүй гэх баталгаа бий юу?

-Энэ хууль 2006 онд өргөн бариг­даад тухайн УИХ гаргаж чадаагүй юм. Тэгэхэд хямрал эхэлсэн. Тиймээс дэлхийн орнууд Америкийн энэ сис­темийн зөв бурууг харж эхэлсэн. Тэр үед ипотекийн хуулийн америк зөвлө­хүүд зөвлөж байсан. “Манай энэ системд алдаа гарсан” гэж зөвлөхүүд хэлсэн байдаг. Ямар алдаа вэ гэвэл тухайн нийгэмд моргейж аваад хариуц­лагатай төлж дуусгадаг хүний тоо 100 хувь биш байдаг юм байна. АНУ 300 сая хүнтэй байлаа гэхэд зээлээ баталгаатай төлөх хүн нь 200 сая ч байдаг юм уу. Харин АНУ хөгжсөөр зээлээ баталгаатай төлөх хүнээ дуусгачихсан юм байна. Нэг үгээр хэлбэл орон сууцтай болох болол­цоотой бүх хүн нь зээлд хамрагдаад тогтмол ажилгүй, архичин, бүтэл муу­тай, хар тамхичин хүмүүс нь байргүй үлдсэн. Гэтэл улстөрчид нь “Жон яагаад байргүй үлдчихэв. Та нар яагаад өгөхгүй байгаа юм” гээд моргейжийн компаниудаа шахаж эхэлсэн байдаг. “Тэд нар чинь урьд­чил­гаа төлбөрөө төлж чадахгүй ш дээ” гэдэг тайлбарыг хийсэн ч тэр хамаагүй “өг” гэсэн юм билээ. АНУ-ын моргейжийн зээл өгдөг хоёр том компани нь хоёулаа төрийн өмчийнх учраас даалгаврыг ёсоор болгосон. Энэ нь алдаа болж дампуу­рахад хүргэж байгаа юм. Харин манай улсын моргейжийн зах зээлийг АНУ-тай харьцуулбал ДНБ-ий арав хүрэхгүй хувь байгаа. Америкт дам­пуурч байхад моргейжийн зах зээл нь 100 хувь болчихсон байсан. Тийм их зээл тарааж хэмжээнээсээ хэтэрсэн ажил хийсэн байгаа юм. Хоёр дахь алдаа нь моргейж анхлан гаргагч, зээлдэгч хоёрын хооронд эрсдэлээ хуваах зүйл бай­гаагүй. Анхан шатных нь үйлдвэрлээд л зараад байснаас зээл төлөгдөх эсэхэд санаа тавиагүй. 
Харин манай хуульд энэ бүх алдааг засч оруулсан. Манай улсад байртай болохыг хүссэн, хариуц­лагатай, ажил­тай хүний тоо нийт хүн амын зөвхөн 10 хувь нь биш гэж бодож байгаа. Тиймээс манай моргейжийн зээл дам­пуурахгүй. Муугаар бодож дам­пуур­­лаа гэхэд үл хөдлөх хөрөнгө үргэлж барь­цаатай байдаг учраас энэ салбар руу хөрөнгө оруулсан хүмүүс алдахгүй.

Эдийн засгийн уналт нүүрлэхэд энэ системд яаж нөлөөлөх вэ?

-Эдийн засгийн уналт боллоо гэхэд тухайн жилдээ моргейжийн зээл авч байгаа хүний тоо л цөөрнө үү гэхээс өөр өөрчлөлт гарахгүй. 20-30 жилээр нь хатуу тохирч зээлээ авч өгдөг учраас ганц хоёр жил үргэлжилдэг хямрал нөлөөл­дөггүй.

Моргейж авсан хүмүүс зээлээ хугацаанаасаа өмнө дуусгах ч юм уу ямар нэгэн байдлаар гэрээгээ зөр­чиж болох уу?

-Манай моргейжийн онцлогийг хар­гал­зан үзэж хуулинд тодорхой заалтууд орсон. Бөөнөөр нь төлөхийг зөвшөөрсөн. Сар бүрийн төлбөрийг нааш, цааш нь болгохыг зөвшөөрсөн. Учир нь малчин хүн л гэхэд хавар ноолуур гарахаар бөөн мөнгөтэй болдог. Энэ тохиолдолд жилийн мөн­гөө төлж болно. Урьдчилж төлөөд хүүний зардлаа багасгах боломж бас бий. Харин жил алгасч төлөх тохиолдлыг банктайгаа тохирох ёстой. Тохирч ­чадвал хуулиар хориглохгүй.

Төсөв бүрдэлт муу байгаа гэсэн. Моргейжийн системд ч юм уу, ний­гэмд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?

-Нүүрс зэсийн үнийг их өөдрөгөөр авсан. Одоо экспорт хэмжээндээ байгаа боловч ордог орлого нь багасч байгаа. Дэлхий даяараа эдийн засгийн хурдац саарсантай холбоотойгоор уул уурхайн түүхий эдийн орлого төлөв­лөснөөс бага байгаа. Үүнд таарсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бүсээ чангална гэсэн үг.

Иргэдийн таатай хүлээж авч байгаа бас нэг шийдвэр бол неф­тийн бүтээгдэхүүний хараат байд­лаас гарах. Сая нүүрс, шатдаг зана­раас шатахуун гаргаж авах тухай асуудлыг хэлэлцэж шийдлээ?

-Өчигдөр хууль баталсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа шата­хууны үйлдвэрлэлийн салбарт боди­той тус болох шийдвэрийг УИХ гарга­сан. Энэ хууль зургадугаар сарын 7-ноос эхлээд 2018 оны арванхоёр­дугаар сарын 31-нийг хүртэл үйлчилнэ. Хэрэгжихдээ газрын тос, нүүрс болон шатдаг занараас газрын тос үйлд­вэрлэн гаргах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн байгаа. Одоо болтол шата­хууны үйлдвэр баригдахгүй байгаа шалтгаан нь энэ. Компаниудтай уул­заад ярихаар “Бид нар яаж үйлдвэр байгуулах юм бэ. Үйлдвэр нь өөрөө 2-4 тэрбум ам.долларын тоног төхөө­рөмж хэрэглэдэг. Үйлдвэрлэлээ эх­лээ­гүй байж дээрх мөнгөний 15 хувийг хил дээр төлчихөөр наад үйлдвэр чинь босох бололцоогүй болдог” гэсэн тайлбарыг хийдэг. Тиймээс УИХ дээр асуудлыг хэлэлцээд дэмжлэг үзүүлье гэж шийдсэн. Дэмжлэгийн эхнийх нь энэ. Дараа нь газрыг нь олгож, дэд бүтэц татах гэх мэтээр дэмжлэгүүд явагдана. Ямар ч байсан 2016 он гэхэд дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болно. Зүгээр ямар ч хамаагүй үнээр үйлдвэр бариад ямар ч хамаагүй үнээр бүтээгдэхүүнээ зарна гэдэг байж болохгүй. Учир нь дотоодын шатахуу­ны үнэ Ангарск, Хөх хотод үйлдвэр­лэгдэж байгаа шатахууны үнээс доогуур байх ёстой. Тиймээс бид зөвхөн уламжлалт түүхий газрын тосонд тулгуурласан үйлдвэрийг дэмжээгүй. Бүгдийг нь дэмжиж байна. Бид нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт, шатдаг занарын нөөцөөр эхний гуравт орж байна. Энэ болом­жуудыг ашиглаад Америкт л гэхэд занарын хувьсгал гэдгийг хийгээд байна. Байгалийн хийн үнийг хоёр дахин унагалаа. Шатахууны үнэ нь ч хямд. Тэгэхээр бид ойрын таван жилийн зорилтдоо дотоодын хэрэгцээ­гээ хангаад дараа нь экспортлох бодлого баримтлах ёстой. Яагаад гэвэл манай занарын нөөц Арабын орнуудын газрын тос шиг их юм билээ. Одоогоор судлагчдсан занарын нөөц 788 тэрбум тоннд хүрсэн. Нэг тонн шатдаг зана­раас 130 литр дизель түлш, эсвэл бензин гардаг гэж бодохоор хэлэхийн аргагүй их тоо гарч байгаа. Үүнийгээ дагаад битум, байгалийн хий гарч ирэх юм. Тэгэхээр бид ямар ч байсан шатахууны хараат байдлаас ойрын таван жилдээ гарна гэдэг шийдвэрийг гаргасан. Үүн дээр нэмж хэлэхэд энд улсын оролцоо гэж байхгүй. Сая шатахуун 50 төгрөгөөр буулаа. Зарим нь үүнийг “Яасан бага юм бэ. Бид 50 төгрөгөөр талх авахгүй ш дээ гээд байгаа юм”. Гэтэл 50 төгрөг нь литр тутамд байгаа учраас сард дөрвөн тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийж байна. Хэрэглэгчдийн халаасанд сард дөрвөн тэрбум төгрөг үлдэж жилд 50 тэрбум төгрөг болж байгаа. Энэ бол бага мөнгө биш.

Төв аймгийн Бүрэн, Эрдэнэ­сант сумын нутагт нүүрс, шатдаг занарыг боловсруулах үйлдвэрийг бай­гуулах тухай яригдаж эхэлсэн. Гэтэл зарим хүмүүсийн турхирал­таар нутгийн иргэд эсэргүүцэж эхэллээ гэж мэдээлэгдэх боллоо?

-Дорнод, Төв, Өвөрхангай, Дунд­говийн нутагт занар нь байна. Төв аймгийн иргэд эсэргүүцэж байгаа гэж тойргийнх нь гишүүн хэлж байна лээ. Занар гэдэг бусдаасаа их өөр. Амери­кийн компани бензин үйлдвэрлэх гээд байгаа юм биш. Монголын төртэй хамтарч байгаа. Тэгэхээр бид бүх судалгаа хийгдсэний дараа хэн нь хэдэн хувийг эзэмших вэ гэдгийг ярина. Засгийн газраас мөнгө гаргах­гүйгээр бензин үйлдвэрлэхэд орол­цоод эхэлнэ гэдэг болох зүйл. Харин Төв аймгийнхан эсэргүүцээд байгаа бол больё. Бусад аймгуудын удирд­лагууд нь гуйгаад аваад явах гээд байна. Тэртээ тэргүй манайд байгаа нүүрсний хэмжээнээс тав дахин их шатдаг занар байна гэж тогтоогдсон. Хаа сайгүй байдаг учраас үйлдвэрийг хаана ч босгож болно. Өвөрхангай аймгийнхан тэр “Жени ойл” гэдэг компанийг урьж судалгаа хийлгэе, бид улсдаа шатахуун үйлдвэрлэгч анхдагчид нь болмоор байна гэж ярьсан.

Үйлдвэрийнх нь технологи байгальд ээлтэй юу. Хэр суд­лагд­сан бэ, хаана хаана хэрэглэдэг юм гээд асуудал бий?

-Олон өөр технологи бий. Америкт шүүмжлүүлж буй нэг технологи байдаг. Газрын доорх усыг бохирдуулдаг гэж. Түүнийг бид авахгүй нь ойлгомжтой. Уурхай байгуулдаггүй, газар дор тень шургуулаад халаачихдаг, халааж гарсан газыг нь шингэрүүлдэг ийм хялбар үйлдвэр байгаа. Үүний онцлог нь эхний хөрөнгө оруулалт нь бага. Гол зардал нь тенийг халаадаг тогны үнэ. Бүтэн жил халааж байж шатдаг хий нь гарч ирнэ. Энэ үйлдвэр ажиллатлаа цахилгаан станцын тогоор дэмжигдэнэ. Харин дараа нь гарч ирсэн хийгээрээ тог үйлдвэрлээд өөрийгөө хангаад эхлэхээр дахиж манай цахилгааны системд дарамт үзүүлэхгүй юм билээ. Судалгааны дараа хаана байгуулах, хэн нь ямар хувь эзэмших вэ гэдгээ шийднэ. Юу ч гэсэн технологийн судалгаагаа хийгээд эдийн засгийн өндөр үр өгөөжтэй шатахуун гаргаж авна гэдгээ нотлох хэрэгтэй байна.

Дарханы газрын тосны үйлд­вэрийг энэ жилийн өдийд бариад эхэл­чихнэ гээд байсан яагаад сураггүй болов?

-Дарханы үйлдвэрт төр оролцохгүй гэж байгаа. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө үйлдвэрээ барь нөхцөлийг чинь бүрдүүлж өгье, татвараас чөлөөлье гэж байгаа. Тэгээд ч улсын мөнгөөр шатахууны үйлдвэр барихгүй гэдэг зарчмыг тохирсон. Одоо хөрөнгө оруулагчдын асуудал үлдсэн.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Улаанбаатарынхаа гоё талыг олж хардаг болъё

Хайлтын томоохон сайтууд руу ороод Улаанбаатар хоттой холбоотой
мэдээлэл хайхаар утаатай, гудамжны архичидтай, хог новшоор дүүрсэн гуу жалга, машины
түгжрэлтэй тиймэрхүү ёозгүй зурагтай мэдээлэл гарч ирэх юм.

Аливаа хот сайнтай, муутайгаа л зэрэгцэн хөгждөг. Бид хэдий
болтол улсынхаа нийслэлийг ингэж буруу талаас нь хар бараан өнцгөөс нь дэлхий нийтэд
сурталчилж, өөрсдийгөө нэг муу арчаагүй улс гэж танилцуулж байх вэ дээ.

Дэлхийд алдартай Лас Вегас, Парис, Вашингтон, Москва, Шанхай,
Нью-Йорк зэрэг хотуудад архичин, тамхичин, янханууд хаа сайгүй л хөлхөж, замын түгжрэл,
уур бухимдал хулгай зэлгий, дээрэм тонуултайгаа олон арван жилийг үдсээр л байгаа.
Тэглээ гээд эдгээр улсууд өөрсдийнхөө тэр талыг нийтэд гаргаад байдаггүй. Иймэрхүү
сэдвээ хөндөхдөө гаднынханд харуулалгүй тэрүүхэн тэндээ шийдчихдэг. Бид АНУ-д гуч,
дөчин сая ядуус байдаг. Тэд газар дор, үерийн ус зайлуулах хоолойд орогнодгийг саяхныг
болтол мэдээгүй л байсан шүү дээ.

Та Лас Вегас хотын тухай мэдээлэл хайвал гэрлэн чимэглэлээр
чимсэн байшин барилга, зугаа цэнгээнээр жаргаж байгаа аз жаргалтай хүмүүсийн инээмсэглэл,
дуулж хуурдаж бүжсэн гоо бүсгүйчүүдийн зурагтай сайхан мэдээллийг түрүүлж олж харах
болно.

Бээжин хот өвөл зунгүй агаарын бохирдолтой тэмцэж, зарим үед
амьсгалахад бэрх байдаг ч уг хотын иргэд утаан дунд зовж тарчилж байгаа дүр зургийг
төдийлөн олж харахгүй л байх.

Үүнтэй адил бид Улаанбаатар хотынхоо тухай аль болох сайн
сайхан мэдээлэл, гоё зураглалтай фото сурвалжлагыг мэдээллийн орчинд түлхүү оруулж
баймаар юм.

Үгүй ядаж гэрэл зурагчид, фото нийтлэлчдийн дунд Улаанбаатар
хотоо хамгийн сайхнаар харуулсан, өгүүлсэн гэрэл зургийн уралдааныг тогтмол явуулж,
шалгарсан бүтээлийг томоохон сайтуудад байршуулах хэрэгтэй юм. “Улаанбаатарын өвөл”,
хавар, зун, намар гээд л ямар нэг сэдэв өгөөд иймэрхүү уралдааныг нийтийн дунд ч
зарлаж болох.

Манай Улаанбаатар хотод чинь хүний нүдийг хужирлах гоё барилга,
байгууламж, түүхэн дурсгалт газрууд олон бий шүү дээ. Сүүлийн үед компаниуд сонин
сайхан шийдэл, архитектуртай барилга байгууламж барихыг чухалчилдаг болсон. Тэр
бүгдийг оруулсан ганган сайхан зургийг яаж бол яаж авч болно.

Дэлхийд ганцхан байдаг наадам манайд бий. Наадмын үеэр шинэ
дээл, хуушуур, хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваач, Төв цэнгэлдэхэд болдог
наадмын нээлтийн ажиллагаа гээд зөндөө олон сайхан, гэгээлэг зүйл бий. Тэр бүгдийгээ
бас л сайхан гаргах хэрэгтэй. Яахав наадмын үеэрх замын түгжрэл, тоос шороог ядаж
нэг удаа ч болов орхиод гоё талыг нь гаргая л даа.

Нэг зуныг Улаанбаатараа гоё талаас нь харуулж, дэлхийд сурталчилан
өнгөрүүлбэл болохгүй гэх хүн гарахгүй л болов уу.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Дарханд гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн этгээд амиа хорлосон байж

Татвар төлөгчдийн мөн­гийг тэрбум тэрбумаар хувь­даа хүүдийлсэн төрийн албан тушаалтнуудын хэрэг дуулиан тарилаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Сөрөх таг­нуу­лын тасгийн дарга Д.Цогт­баатар нарын мөнгө угаасан хэрэгт холбогдсоныг өчигд­рийн дугаартаа мэдээлсэн. Энэ долоо хоногийн гол дуулиан болсон дээрх мэ­дээл­лийн хажуугаар нийгэмд олны анхаарлыг татсан гэмт хэргүүд гарсныг тоймлон хүргэе.

УНТАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЭЗЭН ХЭН БАЙВ?

Гэртээ унтаж байсан дөр­вөн хүний аминд ноцтойгоор халдаж, гурвыг нь хөнөөсөн аймшигт хэрэг Дархан-Уул аймагт хоёр долоо хоногийн өмнө гарсан. Уг хэргийн та­лаар газар дээрээс нь манай сонин сурвалжлан хүргэсэн билээ. Хэргийн газар ажилла­сан шинжээчдийн дүгнэлт гарсан байна. Хэргийг үйлд­сэн этгээд тодорхой болсон талаар албаны эх сурвалж хэллээ. Тэрхүү аймшигт хэрэг гарсны дараахан ойролцоох газарт өөрийнхөө хоолойг боомилон нас барсан залуу­гийн цогцос олдсон байдаг. Түүнийг уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн цаг­даа нарын анхны таамаг гарч байлаа. Тэгвэл урьдчилсан байдлаар энэ таамаг зөв болох нь тогтоогдоод байгаа гэнэ. Амиа хорлосон залуу найз бүсгүйнхээ үүднээс олд­сон гэнэ. Тэрээр хамт ажил­ладаг байсан талийгаач Х-гийн гэр рүү дайрч хэрцгий хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө егүүтгэжээ.

АЛГА БОЛСОН ХҮҮХДҮҮД ЭСЭН МЭНД ОЛДЛОО

Энэ долоо хоногт цагдаа­гийн байгууллага алга болсон хэд хэдэн хүүхдүүдийг эрэн сурвалжилж, хоёрыг нь эсэн мэнд олсон байна. Улаанчу­луутын хогийн цэгийн орчим хог түүж амьдралаа залгуул­даг хүү алга болсон талаар мэдээлсэн билээ. Есөн нас­тай С хүүг ээжийнхээ хамт хог түүж байхад автомашинтай залуус ирж, “Морь унах хүү­хэд хайж байна. Хурдан морь унаад өгчих хүүхэд байна уу” гэж асууж сураглаж явсан гэдэг. Тэгтэл тэд С хүүг ар гэрийнхнийх нь зөвшөөрөл­гүй аваад явжээ. Хүүг ээж нь хайж арга ядан цагдаагийн газарт хандсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүр­гийн Цагдаагийн хэлтэс шалгаж, хүүг нь эсэн мэнд олж өгчээ. Мөн хүүхдийн баярын өмнөхөн тоглоомын талбай­гаас долоон настай Ц.Цэлмэн хүү алга болсныг манай со­нин мэдээлсэн билээ. Түү­нийг ар гэрийнхэн нь найм хоног хайж, арга тасарсан тухай ярьж байв. Тэдний ярилц­лага “Өдрийн сонин”-д гарсан өдөр хүү нь эсэн мэнд олдсон байна. Ц.Цэлмэн алга болсон тухай мэдээлэл ма­най сонин дээр гарангуут Хүүхдийн хаяг тогтоох тө­вийн­хөн өөрийнх нь байранд ирсэн хүү мөн болохыг тань­жээ. Ц.Цэлмэн хүү байрныхаа гадаа тоглож байхад нь гу­дамж­ны тэнэмэл хүүхдүүд дагуулаад явжээ. Ингээд хаа­чи­хаа мэдэхгүй явж байсан хүүг Хүүхдийн хаяг тогтоох төвийнхөн олж байрандаа авчраад байсан нь тэр аж. Ц.Цэлмэн төрсөн өдрөөсөө өмнө эсэн мэнд олдсон яв­далд түүний ар гэрийнхэн нь “Өдрийн сонин” болон хол­бог­дох байгууллагуудад баяр­лаж талархсанаа илэр­хийл­сэн юм.
 

ДАХИАД Л ХҮҮХДЭЭ ХАЯСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Хүүхэд нь төөрч, алга болоход эцэг эхчүүдийн сэт­гэл санаа хямарч тэвдэж бай­хад төрүүлсэн нялх үрээ хээв нэг хаяад явдаг эх хүн гэж бас байх юм. Нярай хүүхдээ бүр санаатайгаар алах зорилго­той хогийн бункер рүү шидсэн хэрэг ч гарсан. Одоогоор цаг­даагийнхан тэр эмэгтэйг олоо­гүй байгаа гэсэн. Орхон аймагт амьдардаг тэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй, нөхөргүй, хоёр охинтой аж. Орон нутгийн харьяат тэрээр төрөхийн тулд хотод ирж, хамаатныхаа нэг айлд байр­лаж байжээ. Ингээд отгон хүүгээ төрүүлчихээд эмнэл­гээс гарч, хогийн сав руу шидсэн байна. Үүнийхээ да­раа хотод байсан хамаатных руугаа залган “Хүү маань төрөхдөө өнгөрчихлөө” гэж худлаа хэлээд утсаа салгасан гэнэ. Тэрээр дахин тэдний­хээр ирээгүй аж. Одоо энэ эмэгтэй хаана байгаа нь тодор­хойгүй бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлт­сээс эрэн сурвалжилж буй. Харин хүүгийнх нь хувьд эрүүл саруул бойжиж байгаа гэсэн. Мөн төрүүлсэн үрээ хаясан бас нэг эхийн хэрэг цагдаагийн газарт иржээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн­дэс­ний төвд амаржиж, 1.8 кг охин төрүүлсэн Э бүсгүй хүүх­дээ хаяад зугтжээ. Хэдийгээр дутуу төрсөн ч хорвоод хүн болохоор ирсэн энэ бяцхан охин инкубаторт орж, эмчил­гээ хийлгэж байсан гэнэ. Тэр хойгуур эх нь хүүхдээ хаян эмнэлгээс оргожээ. Харин Баянгол дүүргийн цагдаа нар түүнийг илрүүлсэн гэнэ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХЯНАЛТАА ЧАНГАТГААРАЙ ГЭВ

Сургууль, цэцэрлэгүүд тарж, зуны амралт эхэллээ. Иймд эцэг эхчүүд хүүхэд бага­чууддаа тавих хяналтаа чангатгахын Нийслэлийн цаг­даа­гийн газрын Хэвлэлийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэмөнх са­нуул­сан юм. Тухайлбал, энэ долоо хоногт хүүхэдтэй хол­боотой хэд хэдэн хэрэг гарсан байна. Сонгинохайр­хан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Шинэ цэргийн хотхоны есдүгээр байрны арын гараашийн дэргэд на­санд хүрээгүй хоёр хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэр­лэн мансуурч байгаад ба­ригд­жээ. Энэ хэргийн Сонги­но­хайрхан дүүргийн Цагдаа­гийн I хэлтэс шалгаж байгаа гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын ойролцоо тоглож байсан бага насны хүүхэд усанд унаж амиа алдсан байна.

М.МӨНХ

Categories
редакцийн-нийтлэл

Г.Баярсайхан: Дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломж нээгдлээ

УИХын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

Занар боловс­руу­лах үйлдвэрт шаардла­гатай тоног төхөө­рөм­жийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ авахгүй байх хуу­лийг чуулган баталлаа. Энэ үнэхээр хэрэгтэй хууль мөн үү?

-Монгол
Улс шата­хуу­ны хувьд Оросоос бүрэн хараат хэвээрээ л байна. Тиймээс үе үеийн Зас­гийн газар, парламентын гишүүдийн нэг мөрөөдөл нь дотооддоо нефть нэрж, гадныхнаас хараат байх байдлаас гарах шүү дээ. Харин энэ мөрөөдөл биелэх боломжийг одоо­гийн парламент, Засгийн газар  бүрдүүлж өглөө гэж бодож байна.

Юу гэхээр шатдаг за­на­раас шатахуун гаргаж авах боломж нөхцөлийг
нь энэ хуулийг гаргас­наараа бүрдүүллээ. Шат­даг занарыг боловсруу­лах үйлдвэр байгуулах
тохиолдолд түүнд хэрэг­лэх техник тоног төхөө­рөм­жийг гааль болон НӨАТ-ын татвараас
чө­лөө­лөх асуудлыг УИХ шийдлээ шүү дээ. Ингэс­нээрээ бид улс орондоо хэрэгтэй маш
чухал шийд­­вэр гаргасан гэж бодож байна.

Ойрын дө­рөв, таван жилийн дараа гаднаас өндөр үнэтэй шатахуун царайчлалгүй, өөрсдөө нефтиэ нэрээд явах боломжтой болох байх. Сүүлийн үед дэлхий дахин орчин үеийн техник технологиор занарыг ашиг­лаж нефть гаргаж авдаг болсон. Энэ жишиг рүү манай улс орох гэж байгаа юм. Нэгэнт нөөц арвинтай нь тогтоогдсон учраас занарыг ашиглаж, шатахууныхаа хомсд­лоос гарах нь зөв л дөө. Үүний төлөө л занарын үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжийг гаа­лийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөхөөр боллоо. Энэ нь 2018 он хүртэл үргэлжилнэ. 

Занар ашиглахын эсрэг дуугарах гишүүд нэлээд байсан

-Ерөнхийлөгчийн сон­гуульд зориулж улстөрж­сөн байдлаар асуудалд хандаж байгаа нь тэр. Үнэхээр улс орондоо хэ­рэг­тэй хууль шийдвэр гаргая гэж бодсон бол энэ занарыг эсэргүүцэхгүй байсан л даа. Гэхдээ  зана­рын үйлдвэр барих асуудал дээр болгоомж­лох зүйлүүд байлгүй яа­хав. Байгаль орчинд нөлөөтэй юу, гүний усны асуудал нь яах бол гэдэг энд зүй ёсоор яригдана. Нөгөө талаар тухайн орон нутгийн иргэ­дийн санал ямар байхыг бас харгалзан үзэх хэрэг­тэй байх.

Занараас нефть гар­гаж авах нь бусад аргаасаа хялбар гэсэн байх аа?

-Нүүрс
ухдаг шиг том карьер ашиглана гэсэн ойлголт байхгүй юм би­лээ. Газрыг өрөмдөөд газар доогуур тодорхой хэмжээгээр боловсруу­лаад шингэн түлш юм уу хий болгон боловсруулах боломжтой гэсэн. Улаан­баатар хотын агаарын бохирдлыг ч энэ занар шийдэж болох юм билээ. Шатдаг занарын үйлд­вэрээс гарсан хийгээр утааны асуудлыг шийдэх боломжтой гэсэн. Өнөө­дөр АНУ шатдаг занарын хувьсгалын үр дүнд шата­хууны хувьд хараат бус улс болж чадсан байдаг. Мөн шатдаг занараас гаргаж авсан хийгээр дэл­хийн улс орнуудын хэрэг­цээг хангаж асар их ашиг олж байна шүү дээ. Тэгэ­хээр манайд ийм боломж байна гэсэн үг.

Төв аймгийн Бүрэн суманд занарын үйлд­вэр байгуулах гэж бай­гаа гэсэн үү?

-Төв
аймгийн Бүрэн, Эрдэнэсант суманд нөөц бий гэж үзсэн учраас тур­шилтын маягаар үйлдвэр барих асуудал яригдаж байгаа юм билээ.

Занарын үйлдвэр ашиглалтад орчихвол дотоодын шатахууны хэрэгцээгээ бүрэн хан­гах уу?

-Туршилтын
үйлдвэр нь өдөрт 100 тонн шата­хуун гаргах хүчин чадал­тай гэсэн тооцоо бий юм билээ. Ер нь бол манай занар маш сайн чанар­тай гэсэн. Нүүрс, устөрөг­чийн агуулга сайн, тий­мээс маш сайн чанарын нефть үйлдвэрлэх бо­ломж­той гэдгийг  Америк компани лабораторийн түвшинд тогтоочихсон юм билээ. Манай эрдэмт­дийн судалгаагаар Мон­гол бол 780 тэрбум тонн занарын нөөцтэй гэсэн байдаг. Америк ком­па­нийн гаргасан тооцоо­гоор нэг км квадрат газ­раас занар авч боловс­рууллаа гэхэд өдөрт 6700 тонн шатахуун гаргаж болно. Энэ нь жилдээ 2.1 сая тонн шатахуун үйлд­вэрлэх боломжтой юм билээ. Тэгэхээр нэг км квадрат газраас гарах занараас Монголынхоо шатахууны хэрэгцээг бүрэн хангана гээд бод. Тэгэхээр занарыг бо­ловс­руулах ажил манайд үнэхээр чухал байна.

Үйлдвэр барих хө­рөнгө оруулалтыг хаа­наас  гаргах юм бэ?

-Америкийн
компани хөрөнгө оруулалтаа 100 хувь гаргана гэсэн асуу­дал яригдаж байгаа гэсэн. Гэхдээ энэ удаад парламентын баталсан гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль ямар нэгэн компанийн асуудлыг шийдээгүй. За­нарын үйлдвэрийг дэм­жиж, дотооддоо шата­хуун боловсруулах ажлыг дэмжихийн тулд энэ чиг­лэлийн техник тоног тө­хөөрөмжийг гаалийн бо­лон НӨАТ-ын татваргүй болгож байгаа гэсэн үг. Энэ нь бизнесийнхэнд нэлээд том  боломж болж очиж байгаа юм. Үр дүнд нь Монгол Улс ойрын хугацаанд дотооддоо ша­тахуунаа үйлдвэр­лэ­дэг болох л хэрэгтэй бай­гаа юм.

Categories
редакцийн-нийтлэл

Жилд нэг удаа сольдог замын хашлагын ард мөнгө яваад байна уу?

Замын хажуу талын хашлага байдаг даа. Явган хүний зам,
автозамын хэсгийг заагласан энэ хашлагыг муудаагүй байхад нь солиод байдаг.
Яагаад тэгдэг юм бол гэж гайхасгээд өнгөрдөг байлаа.  Арван есдүгээр хороолол орчмын хашлагыг
саяхан хуулаад авчихсан харагдахаар нь замаа өргөсгөх гэж байгаа юм болов уу
гэж бодоод өнгөрсөн юм. Гэтэл тэгсэнгүй дахиад л сольж харагддаг байгаа. Уг нь
өнгөрсөн жилийн өдийд сольж байсан хашлага. Явган хүний замыг ч гэсэн байсгээд
л муудаагүй байхад нь сольж харагддаг.  Муудаж, энэ тэр болоогүй байхад нь солиод
байгаагийн гол шалтгааныг мөнгө гэж хардах хардахаас өөр тайлбар олдохгүй нь.
Хашлага  солих ч байна уу, иймэрхүү жижиг
хэрнээ овоо орлоготой тендерт ялаад  жил бүр
муудаагүй байсан ч шинэчлээд байдаг нь ерөөсөө л мөнгө  гэнэ. Учир мэдэх, мэдээлэлд ойр байдаг
хүмүүс  ингэж хэлдэг юм билээ. Тендерт
ялсан хүмүүс ердөө наахнаас буюу Эрээнээс хямдхаан юм олж авчраад хорь, гуч
дахин нугалж төрийн тендерийг биелүүлдэг ойрын жишээ ч байна. Лав л
гэрэлтүүлгийн нэг тендерийн барим тавим жишээг ялсан хүнээс нь сонсч
байсан. 

Хотын дарга нийслэлээ гоё болгох гэж их зүйл хийж байгаа.
Энэ жил замын ажил урьд урьдынхаасаа эрт, хурдан , сайн хийгдэж байгаа. Зарим
дүүрэг орон сууцны хорооллын гадна талыг камержуулж, орцны үүд бүрийг кодтой
болгож, гэр хорооллыг гэрэлтүүлнэ гээд бүр ажлаа эхэлсэн дуулдсан. Нийслэлийн
төв хэсэг цэцгийн мандлаар гоёж, ер нь л олзуурхмаар ажил их хийгдэж байгаа.
Гэхдээ сайхан юм хийхсэн гэсэн хүсэлтэй хүмүүсийн хажуугаар төсвийн мөнгийг
ашиглаж  мөнгөжих бодолтой амиа хичээсэн  нөхдүүд ч байгааг дээр хэлсэн жижиг, сажиг жишээнээс
төвөггүй харчихаж болно

Тэгэхээр хотоо гоё болгохын зэрэгцээгээр тендерийн
зарцуулалтад хяналт тавих цаг болсон юм шигээ.

Ц.Баасансүрэн

Categories
редакцийн-нийтлэл

Төр стратегид оруулна гэх нэрээр дээрэм хийх гэж байна

-УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДСЭН ОРДУУДЫГ
СТРАТЕГИД ОРУУЛАХ ЁСГҮЙ ГЭСЭН БАЙР СУУРИА УИХ-ЫН ГИШҮҮДЭД АЛБАН БИЧГЭЭР ХҮРГЭНЭ-

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

Засгийн газар страте­гийн ордод долоон ордыг нэмэх төслийг хүлээж аваад УИХын хэлэлцүү­лэгт шилжүүлчихлээ. Энэ долоон ордын  бүгдэд нь их, бага хэмжээгээр хувийн хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Төр хувийн хөрөнгө рүү ингэж шууд орж болох уу?

-Төрийн
мэдлийн бай­хаар л найдвартай, сайн гэж ойлгодог социализмын үеийн ойлголт хүмүүсийн толгой­ноос салахгүй байна.  Яг амьдрал дээр ямар ч эзэнгүй юмыг л төрийнх гэдэг шүү дээ. Энэ бол улстөрчдийн хийж байгаа тоглолт. Уул уурхай­гаас юм олж аваагүй үлдсэн бизнесмэн төрд олон бий. Тэд ямар нэг байдлаар төрийн нэрийг далимдуулж ху­вийн хэвшилд оччихсон томоо­­хон ордуудыг салгаж  авах гэж ийм арга хэрэглэж байна. Нэг үгээр хэлбэл төр  дээрэм хийж байна. Хувийн өмчийг хамгаална гэсэн Үнд­сэн хуулийн заалтыг зөрчиж байгаа хэрэг.

Дэлхийд стратегийн орд гэсэн ойлголт байдаг уу?

-Дэлхийн
ямар ч  улсын Ашигт малтмалын хуулийг үзэхэд  стратегийн орд гэсэн үг байдаггүй. Харин уран гэх мэт үндэсний аюулгүй бай­дал­тай холбоотой цөөн тоо­ны  ашигт малтмалыг страте­гийн түүхий эд  гэж онцолсон байдаг. Хуульд заасан стра­те­гийн ордын  тодорхойлолт нь ч утгагүй. Үндэсний аюул­гүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийг­мийн хөгжилд нөлөөлөх хэм­жээ­ний, эсвэл жилд улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлд­­­вэр­лэж байгаа буюу үйлд­вэрлэх боломжтой ордыг стратегийн гэнэ гэж  заасан байдаг. Эндээс харахад Мон­гол Улсад ДНБ-ий  таван хувиас дээш хэмжээний бү­тээг­дэ­хүүн үйлдвэрлэдэг үйлд­вэр байгуулах аргагүй болчихож байгаа юм. Хувийн хэвшилд томрох боломж олгох­гүй заалт гэх гээд байна л даа.

Стратегид  нэмэх ор­дуу­дад хүрэн нүүрсний орд хэд хэд байгаа. Хүрэн нүүрс стратегид орох ашигт малтмал мөн үү?

-Нүүрс
бол стратегийнх биш. Завханаас бусад бүх аймаг нүүрстэй учраас Мон­гол хэзээ ч нүүрсээр хомсдох­гүй. Цайдам нуурын хүрэн нүүрс  гэхэд коксждоггүй, яг л Багануурын нүүрсний үргэлж­лэл. Цахилгаан станцаа  түл­­шээр хангах ёстой гэсэн тайл­бар хэлдэг. Цахилгаан станц хувийн компаниас нүүрс авч болно шүү дээ. Тавдугаар цахилгаан станцыг нүүрсээр  ханга гээд гэрээ хийхэд л шийдэгдэх асуудал. Ийм ордыг төр заавал өөртөө авч эрсдэл хүлээх шаардлагагүй. Хөшөөтийн нүүрс ч гэсэн бохирдол ихтэй. Их мөнгө зарж байж олборлож борлуу­лах нүүрс. Уул уурхай асар эрсдэлтэй салбар гэдэг нь нүүрсний үнээс тодорхой байна. Одоогийн байдлаар нүүрс борлохоо байчихлаа. Төр, хувийн бүх компанийн олборлолт зогсчихоод бай­на. Ийм эрсдэл рүү төр орох гээд байгаад гайхаж байна. Зүгээр л татвараа аваад, хяналтаа тавиад явбал би­дэнд  илүү ашигтай. Томхон ордуудаас авах татвараа нэмэх маягийн зохицуулалт байж болно шүү дээ. Ингээд бодохоор страте­гид орд нэ­мэх нь төрийн үнд­сэн сонир­хол биш шиг бай­гаа юм. Төрд байгаа хэсэг хүн  л “Төр дам­пуурвал дам­пуу­раг, ямар ч байсан энэ ордыг авчихсан байгаа хү­мүү­сээс нь салгаж авъя. Стра­тегид авсны­­хаа дараа төрд очи­хоороо бурууд­даг юм бай­на гэж нэг сенсацлаад буцаа­гаад хувьч­лал зарлая. Тэгээд тэр үед нь хувьчлаад ав­чихъя” гэсэн далд бодлоор л ийм юм хий­гээд байна гэж  хардахаас өөр гаргалгаа хараг­дахгүй байна. Эсвэл энэ ордуудыг төрийн өмчтэй бол­гочи­хоод юмаа шахаад сууж байхад  амар гэж бодож байж мэдэх юм. Эрүүл  саруул ухаантай хү­мүүс бол ойлгож байгаа. Ойл­гож байгаа гэд­гийг нь  Ерөн­хий­лөгчийн санаа­чил­сан Ашигт малтма­лын хуу­лийн шинэчилсэн найруулгад  тус­сан байсан  стратегийн 15 орд дээр өөр орд нэмэхгүй гэсэн утгатай  заалтаас хар­чихаж болно.

Нүүрснээс гадна  газ­рын ховор элементийн хэ­дэн ордыг стратегид оруул­­­­­­­на гэж байгаа. Газрын ховор элементийг стра­те­гид оруулах нь хэр зөв бэ?

-Газрын
ховор элемен­тийг стратегийн түүхий эд гэж үзэхийг үгүйсгэхгүй. Учир нь газрын ховор элементийн нөөц дэлхийд ховор,  Хятадад л  нэлээд элбэг байдаг.  Хятад Улс газрын ховор элемент­дээ  хязгаар тавьснаас болж электроник хөгжсөн орнуу­дын үйлдвэрлэлд их хүндрэл учирч байгаа. Гэхдээ газрын ховор элементийн нөөцтэй ордуудыг стратегид авахдаа төр гаргасан зардлыг нь эзэмш­­сэн хувийнхаа хэмжээ­гээр гаргаж, нэмэлт хөрөнгө оруулаад явах учиртай.

Стратегид  нэмэхээр хэлэлцэх гэж буй ордуу­даас яг хөрөнгө оруулсан хэчнээн орд байгаа вэ?

-Дорноговь
аймгийн Лу­гийн голын ховор элемен­тийн ордод гадаадын хөрөнгө оруулалттай компани  өчнөөн жил хайгуул хийсэн. Их ч мөнгө зарсан. Хэрвээ төр эдгээр ордыг стратегид оруу­лах шийдвэр гаргавал Лугийн голын ордод хайгуул хийсэн компанид зарсан мөнгийг нь буцааж өгөх хэрэгтэй болно.

Газрын ховор элемен­тийн нөгөө хоёр орд дээр нь ч гэсэн хайгуул хийсэн бай­даг юм билээ. Бас хувийн хөрөнгө оруулалтаар хий­сэн хайгуул уу?

-Тийм
ээ, хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Газрын ховор элементийн  Мушгиа худаг, Халзан бүргэ­дэйн хай­гуулд тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Цайдам нуур гээд  Төв аймгийн Баян суманд оршдог нүүрсний орд байна. Энэ орд гэхэд  маш олон компанийн эзэмшилд байдаг. Нэлээд хайгуул хий­сэн. Хайгуулд зарсан тэр мөнгийг нь өгөхөөс эхлээд асуудал гарч ирнэ. “Мо Эн Ко” компани байна. Стратегид оруулна гээд бай­гаа ордуу­даас хамгийн их хөрөнгө зар­сан компани. Хов­­­­дод 300 гаруй км зам барихаас эхлээд бүтээн бай­гуулалтын их ажил хийсэн. Одоо нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад өгөх гэж байгаа. Хөшөөтийн нүүрс­­­­ний уурхайг түшиглэж байгуулагдсан ком­па­ни л даа. Эднийг орж ирэ­хээс өм­нө Ховдын нүүрсний уурхай хэцүүхэн байсан. Су­гын буу­дал, Луст өршөө зэрэг таван хоршоо аж ахуйн нэг­жүү­дэд салангид байсан ли­цен­зүү­дийг  нэгтгэн худал­даж авч ажлаа эхлүүлсэн байдаг. Тэр үед нэг хэсэг мон­гол­чууд ли­цен­зээ зарж мөн­гө­жиж бай­лаа. Одоо энэ ком­пани гэхэд л 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал­тыг Хөшөө­төд татсан гэсэн тоо бий. Нэг зүйлийг онцло­ход энэ мөнгө­ний талыг нь хөрөнгө оруу­лагч­даасаа зээл­­­сэн байгаа. Өөрөөр хэл­бэл эргэж төлөх өртэй гэсэн үг. Хөрөнгө оруу­лагч­дын зар­цуул­сан энэ өчнөөн тэрбум төгрө­гийн дор хаяж талыг нь төлөх үүрэг төрийн нуруун дээр ирж бай­на. Энэ мөнгийг татвар тө­лөгч­­­дийн мөнгөнөөс гаргаж таарна аа даа. Тийм их хэм­жээний мөн­гө Монголын тө­сөвт өнөөдөр лав байхгүй.

Хөшөөтөд хөрөнгө оруул­­­­­­­­сан  11 мянган хувьцаа эзэм­шигч дэлхийн өнцөг бу­лан бүрд бий. Дэлхий даяар тарх­сан ийм олон хувьцаа эзэм­шигчтэй  компанийн хө­рөн­гө рүү халдвал Монголын нэр хүндэд аймшигтай нө­лөөл­­­­нө. Шийдвэр гарлаа л бол дэл­хий нийтээр шуугиж эхэлнэ. Шуудхан хэлэхэд ма­най ул­сын нэр хүнд  Вене­суэл  шиг болно. Төр нь бүх юмыг нь булааж авч байна гэж ирээд бичнэ. Азид ардчил­лаа­раа тэргүүлж байгаа орон энэ тэр гэсэн тодотгол бүр  байхгүй болно. Хэдхэн хүний лобби, нарийн яривал ашиг сонирх­лын зөрчлөөс болж бүхэл бүтэн улсын эдийн засаг, нэр хүндэд том хохирол учрах гээд байна.

-“Гацуурт“-ын алтны төс­­­лийг хэрэгжүүлж байгааСентерра  гоулд”  страте­гийн ордод орохоо зөвшөөр­сөн гэж дуулдсан. Үнэхээр орохыг хүссэн хэрэг үү, эсвэл ямар нэг шалтгаан байна уу?

-Аргаа
барсандаа л зөв­шөөрсөн байх.  Урт нэртэй хуулинд нэг сонин  заалт бий. Ой, усны сан бүхий га­зарт ашигт малтмал олборлох нь хохиролтой гэж үзээд гар­га­сан хууль шүү дээ. Тэгсэн хэрнээ стратегийн ордод энэ заалт хамаарахгүй гэсэн заал­­­тыг оруулчихсан. Төрийн мэдэлд байгаа компани ой, усны санд ойрхон алт олбор­лоход байгаль сүйдэхгүй юм байна л даа. Хувийн компани л байгаль  сүйтгэнэ. Энэ заалтыг харахаар яах арга­гүй ингэж ойлгогдоод байгаа юм. “Гацуурт” төслийн хөрөн­гө оруулагчдын хувьд алтаа ол­­бор­лох гэхээр урт нэртэй хууль саад болоод байгаа учраас стратегид нь орж  ху­виа хуваагаад ч хамаагүй ажлаа үргэлжлүүлье гэж бод­сон байх. Төслөө хэрэгжүүлэ­хээ больё, зогсооё гэхээр өчнөөн хөрөнгө оруулсан улс чинь ингэхээс өөр аргагүй шүү дээ. Гацаанаас гарах арга нь стратегид орох. Би тэгж харж байна. Янз бүрийн аргаар хувийн хэвшлийнхнийг мо­хоож байгаагийн нэг илрэл нь энэ.

Стратегийн 15 ордоос оруулах шаардлагагүй бай­сан нэг ордыг онцлооч гэвэл та алиныг нь онцлох вэ?

-Стратегийн 15 ордоос  стратегид оруулах шаардла­га­гүй өчнөөн орд бий.  Хам­гийн тод жишээ нь Асгатын мөнгөний орд. Тийм гоё орд биш.  Далайн түвшнөөс 3000 метрийн өндөрт байдаг  жи­жиг­хэн политемаллын орд шүү дээ. Тэгээд бас байрлал нь яг хил дээр. Орд дээр очихын тулд Оросын нутаг руу хоёр, гурав орж гарч байж очдог. Тийм ордыг стратегийн болгох хэрэг байхгүй. Оро­сууд л юу юм гэхээс гадныхан угаасаа хөрөнгө оруулахгүй. Австралийн нэг компани хө­рөн­­гө орууллаа гэхэд Орос хил рүүгээ оруулахгүй бол бүтэхгүй. Ямар ч бодлогогүй хийсэн ажил гэдэг нь эндээс харагдаад байгаа юм.

Одоо яригдах гэж бай­гаа долоон ордын цаана стратегид оруулж магадгүй 30 гаруй ордын жагсаалт бий. Тэр ордуудаас онцолж хэлэх орд байна уу?

-Тэр
жагсаалтад хоёр ул­сын хамтарсан хөрөнгө оруу­лалт­тай  хэд хэдэн компани бий. Энэ талаас нь харвал гадаадын хөрөнгөд хүртэл төр халдахаар бэлдэж байна гэсэн үг.  Олон улсын гэрээ хуулийн адил хүчин төгөлдөр гэсэн заалт бий шүү дээ.

Танай ассоциацаас стра­­­­те­­гийн ордод нэмэхээр яригдаж  байгаа ордуудын талаар шийдвэр гаргах түвш­­­­­нийхэнд асуудал тавих уу?

-Уул
уурхайн үндэсний ассоциацийн зүгээс  хувийн хөрөнгө оруулалт хийгдсэн ордуудыг стратегид оруулах ёсгүй гэсэн байр сууриа ги­шүү­­­дэд албан бичгээр хүргэ­хээр болоод байна.

Ц.БААСАНСҮРЭН
Б.ТӨВШИНТӨР

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

Монголын хойд хяз­гаар дахь битүү ой тайга руу явах томилолтыг
со­ни­ны редакциас өгөв. Өнгөрсөн сарын 31-ний өглөө эртлэн нийслэлээс хөдөлсөн
юм. Минжийн хангайн тайга, Шарлан­гын нуруу, Их Хэнтийн уулсын баруун хойд хор­мой,
Бага Хэнтийн уулсын зулай дээгүүр хэд хоног явах гээд Сэлэнгэ айм­гийн Мандал сумын
зүүн хязгаар Хонин нуга руу явлаа. Зорьж очих гэж байгаа айлын гэрийн эзнийг нутгийн,
анчид “Хөвчийн хар” гэдэг. Ха­рин аав, ээж 
нь Д.Мяг­мар­­сүрэн гэдэг нэр хайр­ла­жээ. Гэвч түүнийг энэ нэ­рээр нь тэр
хавийн хү­мүүс барагтай таних­гүй. “Хөв­чийн хар” гэх нэрээр нь төр засгийн дарга
нар бо­лоод гурван аймгийн до­лоон сумын иргэд тань­даг гэсэн.  20 гаруй жил Ханхэнтийн нурууны их ой, хөвч тай­гыг
улсын хил хүртэл нь энэ хүн хамгаалж байгаа.

“Хөвчийн
хар”-ынх Сэлэн­гэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагаас зуу гаруй ки­лометрийн цаана байх. Эх­нэр хүүгийнхээ хамт амьдар­даг. Хоёр хүү нь Германд амьдардаг. Охин нь хүний хүн болоод явчихсан болохоор бага хүү М.Хишигбатын хамт амьдарч байна. Тавдугаар сарын сүүлч бороо хур эл­бэгтэй байсан учир зам саад ихтэй байх ажээ, хонин нуга ороход. Энэ зүгт 1980-аад оны үед Бэрлэгийн шорон байх үед хоригдлуудаар зам тавиулж байжээ. Давчуу уулын амаар бүдэг бадаг гарсан замаар явах аж. Ус шалбааг ихтэй болохоор сууж яваа машины дугуй байс­­гээд л хий эргээд зогсоно.  Ингэж явсаар зорьсон айл­даа очлоо. Анх Хөвчийн хар гэсэн нэрийг нь сонсоод том биетэй хүн байх нь хэмээн төсөөлж явсан чинь өөдөөс 50 гаруй насны хүрэн бор царайтай шавилхан биетэй эр тосч ирж уулзсан нь бодож, төсөөлснөөс тэс өөр байв.  Тэрбээр бидэнтэй мэнд мэ­дэлцээд нохой хорьж өгөв. Тэдний хоёр нохой ойрд ма­шин тэрэгний бараа хараагүй бололтой. Араа шүдээ арзал­зуулаад дайрах нь сүртэй. Хонин нуга  Ерөө голын тулах эх чөлөөнд байдаг юм байна. Үүнээс өөр тэгш талбайтай газар энэ хавьд байдаггүй юм байна. Эргэн тойрон битүү модтой уулс ногоорч хараг­даад цэв цэлмэг хөх тэнгэрт шувууд нисч хөхөөний дон­годох дуу л сонсогдохоос өөр анир үгүй.  

 Гэрийн эзэгтэй цай цүй болох аж. Харин гэрийн эзэн хоймортоо суучихаад гаан­саар тамхи нэрээд суугаад байх. Бид ч ирсэн зорилгоо хэллээ. Тэгсэн өөдөөс “Чи тэгээд хэдэн өдөр мориор ууланд явж чадах юм уу. Баргийн аавын хүүгийн яваад байдаг газар биш. Хөвч тайга гэдэг чинь хүний хөл хүрээгүй газар их бий. Ууланд мориор явж  чадна гэвэл одоо гараад морьдоо барилаа” хэмээн тулгаж асуулаа. Би ч мориор  ууланд явж чадна хэмээн хэлж байгаа юм. Тэгсэн бо­соод гараад явчихлаа. Гэ­рийнхээ гадаа байгаа адуу­гаа бөөгнүүлж байгаад суран бугуйл шидэж морьдоо ба­риад хүү нь оосорлоод уяж гарлаа. Одоо ингээд шууд уул руу мордох юм байх даа хэмээн бодоод хувцас хуна­раа бэлдэх санаатай зогсож байтал “Өнөөдөр морьдоо барьж хонох гэж байгаа юм. Гэрт орж цай уу” хэмээн гэ­рийн эзэгтэй хэлэв. Д.Мягмар­сүрэнг танихгүй хүн бол нэ­лээд ширүүн этгээд гэж хараг­дахаар юм. Үүнийг ч гэрийн эзэгтэй бидэнд хэлж байв. Ингээд нэлээн орой боллоо. Маргааш өглөө үүр хаяараа­гүй байхад хөвч рүү хөдлө­хөөр болж эмээл хазаараа зэхэж гарлаа. Олом жирэм­нээс эхлээд бүгдийг нь сайтар шалгах ажээ. Гэрийн эзэгтэй хоол хүнс бэлдэж байгаа бололтой. Дээр үеийн бри­зентэн цүнхэнд давс, цай жижиг тогоо хийж харагдав.  Аялагчдад зориулсан мешок хүртэл бэлтгэв.

Энэ үеэр “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ахтай бид танилцаад байгаа. Түү­ний уул гарал нь Дундговь аймгийнх. Гэхдээ түүний хүү­хэд нас Гандангийн дэнжид өнгөрсөн аж. Хүүхэд байхдаа аав, ээжийнхээ чихийг халуу­цуулсан  сүрхий амьтан бай­сан гэнэ. Говь нутгийн гарал­тай хотын хүүхэд яаж яваад ой хөвчийг хамгаалдаг бол­сон талаар асуулаа. Тэгсэн “Ах нь энэ их ой тайга дунд амьдралынхаа 20 гаруй жи­лийг өнгөрөөжээ. Цэл залуу­хан байхдаа анх өвчтэй эх­нэр, хүүхдүүдээ дагуулаад  Ерөөгийн халуун рашаан  өвчинг нь анагаах увдистай гэж сонсоод ирж байлаа. Түү­нээс хойш Ханхэнтий уулын хүн болоод байна. Энэ сай­хан уул ус тэгширсэн ой хөвч  миний эхнэрийн өвчинг ор мөргүй эдгээж өгсөн. Хэдэн жаахан хүүхдээ орхиод бурх­ны орон руу явах гэж байсан хүн чинь одоо надаас бие сайтай болчихсон байна. Буянтай, сайхан хангай даа” хэмээн ярив. Цаг нэлээд орой болжээ. Цэв цэлмэг тэнгэрт одод ярайтал түгжээ. Сал­хины үзүүрээс чийг сэнхийн үнэртэх нь цээж дүүрэн сэрүү­хэн агаар амьсгалахад таа­тай байв. Улаанбаатарын тэнгэрт тэр бүр эсвэл бараг харагддаггүй гэрэлт одод гүн цэнхэр тэнгэртээ сувд адил гялтганах нь юутай сайхан. Маргааш эрт хөдлөх учир амарлаа.

ХУЛГАЙН АНЧДЫГ ХУУРЧ БАРИХ АРГА

03:00 цаг. Үүр хаяарах болоогүй. Гадаа хав харан­хуй сар баруун тийш хэвий­чихжээ. Морио эмээллээд морд­лоо. Ерөө голын эх  хоёр хоногийн өмнө орсон бороо­ноос болоод үерлэчихжээ. Тунарсан их ус шуугиад байв. Их Хэнтийн нуруунаас Шар­луугийн гол, Бага Хэнтийн нуруунаас Хонгийн гол нийлж Ерөө гол бүрэлддэг юм байна. Энд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди  Ерөнхийлөгч байхдаа жил бүр ирж загас барьдаг бай­сан гэнэ. Бүр хамт явж байгаа Мийгаа ахтай суучихаад архи задалж өдөржин голын эрэг дээр өнждөг бай­сан гэсэн. Түүнээс хойш уг тохойг Бага­бандийн тохой гэдэг болжээ. Үүр бүрэн хаяа­раагүй боло­хоор үерлэсэн голоор гарна гэдэг амаргүй юм. Д.Мягмар­сүрэн ах  зээрд халзан морио давираад ус руу шууд орчих­дог юм байна. Араас нь ха­раад зогсоод байлаа. Тэгсэн зээрд морь нь хөл алдсан уу, гол уруудан урсч гарлаа. 200 гаруй метр гол уруудан ур­саад сая нэг юм гол гарч байгаа харагд­лаа. Би ч араас нь яваад орлоо. Унаж яваа тэвгэн хө­хөл­тэй хонгор морь усанд “загас” бололтой. Үер­тэй бай­гаа голыг хөндлөн зүсээд гаталчихлаа. Эмээ­лийн хав­тас давсан их устай байв. Ингээд уулын ам өгсөөд ма­цаад байлаа. Мийгаа ах бид хоёр өмнө хойноо ороод л уул өөд өгсөхдөө ам хуу­рай­гүй яваа. Ханхэнтийн ул­сын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалаг­чаар ажил­лаад 17 жил болж байгаа гэнэ. 1990 оны үеэс өдийг хүртэл байгаль хамгаа­лаг­чаар ажиллахдаа хүнд хэцүү, халширмаар үетэй цөөнгүй таарснаа хэлж бай­на.

Тэрбээр 2000 оны эхэн үед хүмүүсийн амьдрал таа­руу буутай хүн болгон ангийн эд эрхтэн худалддаг болсон цаг үед хууль бус анчидтай үзэж тардаг байжээ. Хэнтийн нурууны уулаар хууль бус анчидтай ганц хүн тэмцэнэ гэдэг амаргүй ажил байсан гэнэ. Ой хөвчөөр явахдаа буугаа үргэлж авч явдаг гэнэ. Тэгээд хууль бус анчдын мө­рөөр мөшгиж яваад дээрээс нь орчихдог байна. Эзэнгүй тайгад буугаар зэвсэглэсэн анчидтай халз таарсан то­хиолдолд  ганцаараа ан хийж яваа хэмээн өөрийгөө  худлаа танилцуулдаг байж. Тэгээд хамт ан хийж, буудах гэж байгаа амьтныг нь үргээж өгөх маягаар “найзлаад” авдаг байна. Ийн явсаар ан хийж байгаа нөхдүүдийн итгэлийг олдог байна. Бас хаана гэр нь байдаг гэдгийг хүртэл мэдэж аваад дараагийнхаа ажилла­гаанд ордог гэнэ. Дараагийн ажиллагаа гэдэг нь бууг нь хураах ажил. Анчид отогтоо буудаллаад орой болохоор нь мориныхоо эмээлийг авах­гүй өөр зүйл хийгээд суугаад байдаг байна. Анчид буугаа нийлүүлээд босгож тавьчи­хаад морио аргамжиж байхад нь буунуу­дыг нь шүүрч аваад морин­доо мордоод байгаль хамгаа­лагчийнхаа үнэмлэ­хийг үзүүл­чихээд зугтаачих­даг гэнэ. Араас нь яаж ч хөө­сөн морины сайнаар газар нутгаа мэддэг учир тэднээс бултаж чаддагаа ярив. Ингэж олон хүнийг барьж өгчээ. Цаг төр ч өөр болж хууль чангарч хулгайн ан эрс багасах үеэр модны хулгай ихээр гарах болж, тэрбээр мөн л олон хоног ой хөвчөөр тэнэж, тэд­нийг хөөж, үйлдлийг нь зог­соохын тулд бүх аргаа хэрэг­лэдэг байснаа нуусангүй. Гэхдээ одоо ч тэмцсээр, ирээ­дүйд үргэлжлүүлсээр байхы­гаа тэрбээр ярьж явав. Бид­ний яваа энэ салбар уулсыг  уул уурхайн 16 компани ли­ценз эзэмшиж буй нэрээр ухаж эхэлсэн байна. Үүнийг тухайн үеийн сайд, дарга нарт хэлж, лицензийг нь хү­чингүй болгосон тухайгаа ярьж явахдаа сэтгэл нь хана­гар байгаа нь илт мэдрэгдэнэ.

УСАНД ОРСОН ХАНДГАЙТАЙ ТААРАЛДАВ

Өглөөний нар тэртээд ха­рагдах уулсын сэтэрхийгээр тургиж мандлаа. Хөвч тай­гаар явж байгаа хүн уулын орой дээгүүр л явдаг юм бай­на. Эндээс л хууль бус анчид явж байгаа мөр олддог гэнэ. Уулсын сугаар битүү манан татаад хоносон байв. Шувууд жиргэх сонсогдоод хаа нэгтээ газраас хөхөө донгодох нь нэн таатай. Алд хэртэй өндөр ургасан хөвдөнд шүүдэр унажээ. Гялтганасан усан дусал бөнжийгөөд наранд гялбах нь болжморын нүд шиг тунгалагхан. Шүүдрийн дуслаар ямар нэгэн амьтан явсан бололтой мөр зурайх аж. Д.Мягмарсүрэн  ах харж байснаа амандаа “За нөгөөх чинь ганцаараа усандаа оро­хоор явж байна. Араас нь очих уу” гэж учир битүүлэг зүйл асуулаа. Би нөгөөх чинь гэж юу юм бэ гэж асуутал “Хандгай харах уу гэж байна” гээд өмнө гараад шогшуул­лаа. Хоёр ч даваа даваад нэг уулын орой дээрээс дуранд­лаа. Тэгж байснаа “Тэнд усанд орж байна. Тээр доор модны захад” гээд дурангаа өгөв. Бидний дурандаж бай­гаа уулын зүүн дор модны захад сэрийсэн том амьтан нүдэнд тусав. Алхаж байгаа нь хүртэл сүрлэг харагдаж аж. “Ойртож очиж болох уу” хэмээн асуутал “Энэ хөвчид  үнэр сонор сэрэмж л үйл­чилдэг. Наад хандгай чинь чи бид хоёрыг уулнаас бууж амжаагүй байхад үргэчихнэ. Ойроос харах боломж үнэн­дээ байхгүй” гээд халгаа­сангүй. Бидний дурандсан амьтан бараан хандгай гэнэ. Эндээс эхлэн бид хоёр ханд­гай гэдэг амьтны талаар яриа өрнүүллээ.  Монголын үндэс­ний телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлгийг бэлтгэдэг Г.Ба­дамсамбуу хэдэн жилийн өмнө энд ирж байжээ. Дөрвөн жил Хэнтий, Хөвсгөлийн нут­гаар яваад хандгайн  бараа хараагүй юм байх. Тэгээд аргаа барсан байдалтай энд ирж хандгайн зураг аваад буцжээ. Ер нь сүүлийн үед Хандгайн тоо толгой эрс ба­гасч байгаа талаар ярив.  Ингэж яваад хэд хэдэн сүрэг бор гөрөөстэй тааралдлаа. Энэ зун бороо хур элбэгтэй болохоор зуншлага сайхан,  ногоо ч эрт ургажээ. Бор гө­рөөс ногоондоо цадаад ма­халчихсан байгаа харагдана. Бидний бараанаар үргэн хаашаа ч юм сүрэглэн одох нь гайхалтай үзэмжтэй. Туу­лай, могой зэрэг бол хаа сайгүй таарах. Харалгүй өн­гөрөх нь ч байсан биз. Тон­шуулын толгойгоо өвдтөл тонших чимээ, хөхөө донго­дохтой зэрэгцэн анир гүмийг эвдэх ч цаанаасаа л сэтгэл яруусгах тунгалагхан, дутуу юмгүй байгаль дэлхий үлдэж хоцормоор тайван бөгөөд үзэсгэлэнтэй.

Э.ХҮРЭЛБААТАР