Хатанцийн эх
Манай
“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын
Хэнтийн нуруугаар явсан цуврал сурвалжлагыг нэгтгэн хүргэж
байна.
Монголын хойд хязгаар дахь битүү ой тайга руу явах томилолтыг сонины
редакциас өгөв. Өнгөрсөн сарын 31-ний өглөө
эртлэн нийслэлээс хөдөлсөн юм. Минжийн хангайн тайга,
Шарлангын нуруу, Их Хэнтийн уулсын баруун хойд хормой, Бага Хэнтийн уулсын
зулай дээгүүр хэд хоног явах гээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын зүүн
хязгаар Хонин нуга руу явлаа. Зорьж очих гэж байгаа айлын гэрийн эзнийг
нутгийн, анчид “Хөвчийн хар” гэдэг. Харин аав,
ээж нь Д.Мягмарсүрэн гэдэг нэр хайрлажээ. Гэвч түүнийг
энэ нэрээр нь тэр хавийн хүмүүс барагтай танихгүй.
“Хөвчийн хар” гэх нэрээр нь төр засгийн
дарга нар болоод гурван аймгийн долоон сумын иргэд таньдаг гэсэн. 20
гаруй жил Ханхэнтийн нурууны их ой, хөвч тайгыг улсын хил хүртэл
нь энэ хүн хамгаалж байгаа.
“Хөвчийн хар”-ынх Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагаас
зуу гаруй километрийн цаана байх. Эхнэр хүүгийнхээ хамт амьдардаг. Хоёр хүү
нь Германд амьдардаг. Охин нь хүний хүн болоод
явчихсан болохоор бага хүү М.Хишигбатын хамт амьдарч байна.
Тавдугаар сарын сүүлч бороо хур элбэгтэй байсан учир зам саад ихтэй байх
ажээ, хонин нуга ороход. Энэ зүгт 1980-аад оны үед
Бэрлэгийн шорон байх үед хоригдлуудаар зам тавиулж
байжээ. Давчуу уулын амаар бүдэг бадаг гарсан замаар явах аж.
Ус шалбааг ихтэй болохоор сууж яваа машины дугуй байсгээд л хий эргээд
зогсоно. Ингэж явсаар зорьсон айлдаа очлоо. Анх Хөвчийн хар
гэсэн нэрийг нь сонсоод том биетэй хүн байх нь хэмээн төсөөлж
явсан чинь өөдөөс 50 гаруй насны хүрэн
бор царайтай шавилхан биетэй эр тосч ирж уулзсан нь бодож, төсөөлснөөс
тэс өөр
байв. Тэрбээр бидэнтэй мэнд мэдэлцээд нохой хорьж өгөв.
Тэдний хоёр нохой ойрд машин тэрэгний бараа хараагүй бололтой.
Араа шүдээ арзалзуулаад дайрах нь сүртэй. Хонин
нуга Ерөө голын тулах эх чөлөөнд байдаг юм байна. Үүнээс
өөр
тэгш талбайтай газар энэ хавьд байдаггүй юм байна. Эргэн тойрон битүү
модтой уулс ногоорч харагдаад цэв цэлмэг хөх тэнгэрт шувууд нисч хөхөөний
донгодох дуу л сонсогдохоос өөр анир үгүй.
Гэрийн эзэгтэй цай цүй болох аж. Харин гэрийн эзэн
хоймортоо суучихаад гаансаар тамхи нэрээд суугаад байх. Бид ч ирсэн зорилгоо
хэллээ. Тэгсэн өөдөөс “Чи тэгээд хэдэн өдөр
мориор ууланд явж чадах юм уу. Баргийн аавын хүүгийн яваад байдаг газар биш. Хөвч
тайга гэдэг чинь хүний хөл хүрээгүй газар их бий. Ууланд мориор
явж чадна гэвэл одоо гараад морьдоо барилаа” хэмээн тулгаж асуулаа.
Би ч мориор ууланд явж чадна хэмээн хэлж байгаа юм. Тэгсэн босоод гараад
явчихлаа. Гэрийнхээ гадаа байгаа адуугаа бөөгнүүлж байгаад суран бугуйл шидэж
морьдоо бариад хүү нь оосорлоод уяж гарлаа. Одоо ингээд шууд уул руу
мордох юм байх даа хэмээн бодоод хувцас хунараа бэлдэх санаатай зогсож байтал
“Өнөөдөр морьдоо барьж хонох гэж байгаа
юм. Гэрт орж цай уу” хэмээн гэрийн эзэгтэй хэлэв. Д.Мягмарсүрэнг
танихгүй хүн бол нэлээд ширүүн
этгээд гэж харагдахаар юм. Үүнийг ч гэрийн эзэгтэй бидэнд хэлж
байв. Ингээд нэлээн орой боллоо. Маргааш өглөө үүр хаяараагүй
байхад хөвч рүү хөдлөхөөр болж эмээл хазаараа зэхэж
гарлаа. Олом жирэмнээс эхлээд бүгдийг нь сайтар шалгах ажээ.
Гэрийн эзэгтэй хоол хүнс бэлдэж байгаа бололтой. Дээр үеийн
бризентэн цүнхэнд давс, цай жижиг тогоо хийж харагдав.
Аялагчдад зориулсан мешок хүртэл бэлтгэв.
Энэ үеэр
“Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ахтай
бид танилцаад байгаа. Түүний уул гарал нь Дундговь
аймгийнх. Гэхдээ түүний хүүхэд нас Гандангийн дэнжид өнгөрсөн
аж. Хүүхэд
байхдаа аав, ээжийнхээ чихийг халууцуулсан сүрхий амьтан
байсан гэнэ. Говь нутгийн гаралтай хотын хүүхэд яаж яваад ой хөвчийг
хамгаалдаг болсон талаар асуулаа. Тэгсэн “Ах нь энэ их ой тайга дунд
амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрөөжээ. Цэл залуухан байхдаа анх өвчтэй
эхнэр, хүүхдүүдээ дагуулаад Ерөөгийн
халуун рашаан өвчинг нь анагаах увдистай гэж сонсоод ирж байлаа. Түүнээс
хойш Ханхэнтий уулын хүн болоод байна. Энэ сайхан уул ус
тэгширсэн ой хөвч миний эхнэрийн өвчинг ор мөргүй
эдгээж өгсөн. Хэдэн жаахан хүүхдээ
орхиод бурхны орон руу явах гэж байсан хүн чинь одоо надаас бие сайтай
болчихсон байна. Буянтай, сайхан хангай даа” хэмээн ярив. Цаг нэлээд орой
болжээ. Цэв цэлмэг тэнгэрт одод ярайтал түгжээ. Салхины үзүүрээс
чийг сэнхийн үнэртэх нь цээж дүүрэн сэрүүхэн агаар
амьсгалахад таатай байв. Улаанбаатарын тэнгэрт тэр бүр эсвэл
бараг харагддаггүй гэрэлт одод гүн цэнхэр тэнгэртээ сувд адил
гялтганах нь юутай сайхан. Маргааш эрт хөдлөх учир амарлаа.
ХУЛГАЙН АНЧДЫГ ХУУРЧ БАРИХ АРГА
03:00 цаг. Үүр хаяарах болоогүй.
Гадаа хав харанхуй сар баруун тийш хэвийчихжээ. Морио эмээллээд мордлоо. Ерөө
голын эх хоёр хоногийн өмнө орсон борооноос болоод үерлэчихжээ.
Тунарсан их ус шуугиад байв. Их Хэнтийн нуруунаас Шарлуугийн гол, Бага Хэнтийн
нуруунаас Хонгийн гол нийлж Ерөө гол бүрэлддэг юм
байна. Энд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч
Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа жил бүр
ирж загас барьдаг байсан гэнэ. Бүр хамт явж байгаа Мийгаа ахтай
суучихаад архи задалж өдөржин голын эрэг дээр өнждөг
байсан гэсэн. Түүнээс хойш уг тохойг Багабандийн тохой гэдэг болжээ. Үүр
бүрэн
хаяараагүй болохоор үерлэсэн голоор гарна гэдэг амаргүй
юм. Д.Мягмарсүрэн ах зээрд халзан морио давираад ус руу шууд
орчихдог юм байна. Араас нь хараад зогсоод байлаа. Тэгсэн зээрд морь нь хөл
алдсан уу, гол уруудан урсч гарлаа. 200 гаруй метр гол уруудан урсаад сая нэг
юм гол гарч байгаа харагдлаа. Би ч араас нь яваад орлоо. Унаж яваа тэвгэн хөхөлтэй
хонгор морь усанд “загас” бололтой. Үертэй байгаа голыг хөндлөн
зүсээд
гаталчихлаа. Эмээлийн хавтас давсан их устай байв. Ингээд уулын ам өгсөөд
мацаад байлаа. Мийгаа ах бид хоёр өмнө хойноо ороод л уул өөд
өгсөхдөө
ам хуурайгүй яваа. Ханхэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын
байгаль хамгаалагчаар ажиллаад 17 жил болж байгаа гэнэ. 1990 оны үеэс
өдийг
хүртэл
байгаль хамгаалагчаар ажиллахдаа хүнд хэцүү,
халширмаар үетэй цөөнгүй таарснаа хэлж байна.
Тэрбээр 2000 оны эхэн үед хүмүүсийн амьдрал тааруу буутай хүн
болгон ангийн эд эрхтэн худалддаг болсон цаг үед хууль бус анчидтай үзэж
тардаг байжээ. Хэнтийн нурууны уулаар хууль бус анчидтай ганц хүн
тэмцэнэ гэдэг амаргүй ажил байсан гэнэ. Ой хөвчөөр явахдаа буугаа үргэлж
авч явдаг гэнэ. Тэгээд хууль бус анчдын мөрөөр мөшгиж яваад дээрээс нь орчихдог
байна. Эзэнгүй тайгад буугаар зэвсэглэсэн анчидтай халз таарсан тохиолдолд
ганцаараа ан хийж яваа хэмээн өөрийгөө
худлаа танилцуулдаг байж. Тэгээд хамт ан хийж, буудах гэж байгаа амьтныг нь үргээж
өгөх
маягаар “найзлаад” авдаг байна. Ийн явсаар ан хийж байгаа нөхдүүдийн
итгэлийг олдог байна. Бас хаана гэр нь байдаг гэдгийг хүртэл мэдэж
аваад дараагийнхаа ажиллагаанд ордог гэнэ. Дараагийн ажиллагаа гэдэг нь бууг
нь хураах ажил. Анчид отогтоо буудаллаад орой болохоор нь мориныхоо эмээлийг
авахгүй өөр зүйл хийгээд суугаад байдаг байна.
Анчид буугаа нийлүүлээд босгож тавьчихаад морио аргамжиж байхад нь
буунуудыг нь шүүрч аваад мориндоо мордоод байгаль хамгаалагчийнхаа үнэмлэхийг
үзүүлчихээд
зугтаачихдаг гэнэ. Араас нь яаж ч хөөсөн морины сайнаар газар нутгаа
мэддэг учир тэднээс бултаж чаддагаа ярив. Ингэж олон хүнийг барьж өгчээ.
Цаг төр
ч өөр
болж хууль чангарч хулгайн ан эрс багасах үеэр модны хулгай ихээр гарах болж,
тэрбээр мөн л олон хоног ой хөвчөөр тэнэж, тэднийг хөөж,
үйлдлийг
нь зогсоохын тулд бүх аргаа хэрэглэдэг байснаа нуусангүй.
Гэхдээ одоо ч тэмцсээр, ирээдүйд үргэлжлүүлсээр
байхыгаа тэрбээр ярьж явав. Бидний яваа энэ салбар уулсыг уул уурхайн
16 компани лиценз эзэмшиж буй нэрээр ухаж эхэлсэн байна. Үүнийг
тухайн үеийн сайд, дарга нарт хэлж, лицензийг нь хүчингүй
болгосон тухайгаа ярьж явахдаа сэтгэл нь ханагар байгаа нь илт мэдрэгдэнэ.
УСАНД ОРСОН ХАНДГАЙТАЙ ТААРАЛДАВ
Өглөөний
нар тэртээд харагдах уулсын сэтэрхийгээр тургиж мандлаа. Хөвч
тайгаар явж байгаа хүн уулын орой дээгүүр
л явдаг юм байна. Эндээс л хууль бус анчид явж байгаа мөр олддог
гэнэ. Уулсын сугаар битүү манан татаад хоносон байв.
Шувууд жиргэх сонсогдоод хаа нэгтээ газраас хөхөө донгодох нь нэн таатай. Алд
хэртэй өндөр ургасан хөвдөнд
шүүдэр
унажээ. Гялтганасан усан дусал бөнжийгөөд наранд
гялбах нь болжморын нүд шиг тунгалагхан. Шүүдрийн
дуслаар ямар нэгэн амьтан явсан бололтой мөр зурайх аж. Д.Мягмарсүрэн
ах харж байснаа амандаа “За нөгөөх чинь ганцаараа усандаа орохоор
явж байна. Араас нь очих уу” гэж учир битүүлэг зүйл асуулаа.
Би нөгөөх
чинь гэж юу юм бэ гэж асуутал “Хандгай харах уу гэж байна” гээд өмнө
гараад шогшууллаа. Хоёр ч даваа даваад нэг уулын орой дээрээс дурандлаа. Тэгж
байснаа “Тэнд усанд орж байна. Тээр доор модны захад” гээд дурангаа өгөв.
Бидний дурандаж байгаа уулын зүүн дор модны захад сэрийсэн том
амьтан нүдэнд тусав. Алхаж байгаа нь хүртэл сүрлэг
харагдаж аж. “Ойртож очиж болох уу” хэмээн асуутал “Энэ хөвчид
үнэр
сонор сэрэмж л үйлчилдэг. Наад хандгай чинь чи бид хоёрыг уулнаас бууж
амжаагүй байхад үргэчихнэ. Ойроос харах боломж үнэндээ
байхгүй”
гээд халгаасангүй. Бидний дурандсан амьтан бараан хандгай гэнэ. Эндээс
эхлэн бид хоёр хандгай гэдэг амьтны талаар яриа өрнүүллээ. Монголын үндэсний
телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлгийг бэлтгэдэг Г.Бадамсамбуу
хэдэн жилийн өмнө энд ирж байжээ. Дөрвөн
жил Хэнтий, Хөвсгөлийн нутгаар яваад хандгайн
бараа хараагүй юм байх. Тэгээд аргаа барсан байдалтай энд ирж
хандгайн зураг аваад буцжээ. Ер нь сүүлийн үед Хандгайн
тоо толгой эрс багасч байгаа талаар ярив. Ингэж яваад хэд хэдэн сүрэг
бор гөрөөстэй
тааралдлаа. Энэ зун бороо хур элбэгтэй болохоор зуншлага сайхан, ногоо ч
эрт ургажээ. Бор гөрөөс ногоондоо цадаад махалчихсан
байгаа харагдана. Бидний бараанаар үргэн хаашаа ч юм сүрэглэн
одох нь гайхалтай үзэмжтэй. Туулай, могой зэрэг бол хаа сайгүй
таарах. Харалгүй өнгөрөх нь ч байсан биз. Тоншуулын
толгойгоо өвдтөл тонших чимээ, хөхөө
донгодохтой зэрэгцэн анир гүмийг эвдэх ч цаанаасаа л сэтгэл
яруусгах тунгалагхан, дутуу юмгүй байгаль дэлхий үлдэж
хоцормоор тайван бөгөөд үзэсгэлэнтэй.
-ТЭР ХУУЛЬ БУС АНЧДАД
ГУРВАН УДАА БУУДУУЛЖЭЭ-
Их үдийн алдад бид шүд хага ташим хүйтэн, тув тунгалаг устай булгийн эхэнд хүрлээ. Булгийн эх нар бараг үздэггүй шигүү ой модны нөмөрт хадан дундаас оргилон хоржигнон цовхчино. Өнгө өнгийн цэцэгс тэр хавийг улам ч үзэсгэлэнтэй харагдуулж, мориноос бууж хөл тавихаас ч хайран санагдуулна. Эрээн цэцэгсийн дундаас өнгө өнгийн дэлбээ салхинд хийсэв үү гэтэл сүлжилдэн нисэлдэж, буцан цэцгийн дэлбээнээ сууцгаах нь эрвээхэй байв. Аглаг их ойн гүнийг амьд гэдгийг мэдрүүлэх эрвээхэй хийгээд элдэв шувуудын дуун, тэднийг энэ л орчинд уях сэрүү татсан тунгалаг усан. Энэ булгаас хөвчийн амьтад л цангаагаа тайлдаг юм байна. Үүнийг гэрчлэх мэт энд тэндгүй амьтны мөр зурайх ажээ. Зурайтал үлдсэн мөрүүдийг Д.Мягмарсүрэн ах харж байснаа “За энд чинь юу вэ үнэг, чоно, туулай, гөрөөс, баавгай гээд олон амьтан чи бид хоёрыг ирэхээс өмнөхөн ус уугаад гарчээ. Энүүхэн хойд талын уулын энгэрээр дурандвал бүгдийг нь харж амжих юм биш үү. Одоо энгэрээ бараадсан байгаа байх” гээд толгойгоо шавшив. Тэгснээ энд өвөл ирвэл бүр ч сүртэй юм үзнэ. Харзалсан булгийн сүр жавхааг барагтай аавын хүү ирж чаддаггүй энэ тайгаас л мэдэрнэ шүү дээ гэв.
Энд хэсэг зуур амраад цааш явах ёстой. Унаж яваа хонгор морь булгийн хүйтэн уснаас гүд гүд хийн залгилж, Д.Мягмарсүрэн ах бид хоёр ч довон дээр тонгойн хэвтээд уруулаа цорвойлгож байгаад уснаас уулаа. Өдөржин уулын хэц дамжин явсан болоод ч тэр үү ам цангажээ. Үд хэвийх алдад дараагийн буудаллах газраа хүрчихвэл хэмээн ярилцаад цааш хөдөллөө. Нэгэн уулын орой дээр гараад усанд орсон амьтдаа дурандаж гарлаа. Тэгсэн тээр доор модны хаяагаар улаан буурал үстэй, цээж томтой дэвхийсэн том чоно сэрийсэн эвэртэй халиун буга хөөж яваа харагдлаа. Хөөж яваа чоно идшиндээ хүрч ядаад л байна шүү. Модны чөлөө тойроод л нөгөөх буга зугтах. Дурангаар тэндэх үйл явдал амьтдын тухай кино үзэж байгаа юм шиг л тодорхой харагдах аж. Тэгж байснаа мод руу хар эрчээрээ давхиад орчихлоо. Байгалийн хууль гэдэг энэ ажээ. “Хөвчийн хар” ахын хэлж буйгаар энүүхэн дор хаданд ангаа шахаж байгаад “үдийн зоог” барих нь тодорхой болжээ. Ер нь ой хөвчид байгаль дэлхийн хууль ан амьтанд үйлчилдэг нь жам. Аль эртэй бяртай нь амьд үлдэж, бяд муутай нь бусдын идэш болдог ийм л тайга. Талын чоно хөх саарал байдаг бол ой хөвчийн чоно улаан буурал сортой байдаг юм байна. Бас цээж том, сэрвээн дээрээ урт зогдортой сүрлэг амьтан. Ой хөвчийн чоныг ямар ч сайн анчин буудаж үл чаддаг гэнэ. Үнэндээ хүний бараа хараад л зугтаадаг, дов сондуулаас эхлээд байгаль нь өөрөө чоныг хамгаалах хэрэгсэл нь болчихдог учир хөвчийн улаан буурал чонын тоо толгой төдийлөн буураагүй аж. Тайгын гүн рүү лавших тусам л чоно гэгч амьтантай таарах нь олшроод байх юм. Мөн хөвч тайгын үнэг ув улаан өнгөтэй сүүл нь сэгсийсэн амьтан байх аж. Онги хэмээх уулын бэлд ув улаан үнэгтэй халз таарсан юм. Халз ч гэж дээ тэр бидний замд гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон. Үлгэр, домог, анчдын ярьдгаар сүүлээрээ өөрийгөө нэг хааж аваад л хаашаа ч юм одсон. Үнэг зэрэгтэй цөөнгүй таарахаа Хөвчийн хар ахын ярианаас олонтаа сонссон тул түүний араас нэг их нэхэл бололгүй орхив.
ХӨВЧИЙН ХҮРЭН ЦӨӨРЧ, СИБИРИЙН ЦАГААН ШИЛТ ХАР БААВГАЙ ХИЛ ДАВАН ОЛНООР ИРЖЭЭ
Ингэж явсаар Хатанцын эх гэдэг газар руу очлоо. Эндээс хөвчийн хүрэн баавгайн нутаг үргэлжилнэ. Баавгай өдийд халиарт ордог үе нь. Сүүлийн жилүүдэд хөвчийн хүрэн баавгай олноор устаж үгүй болж байгаа аж. Монгол Улс баавгайг 2002 онд тоолсон байдаг. Тэр тооллогоор 246 баавгай Ханхэнтийн нуруу, Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагийн нуруунд байна гэх албан ёсны тоо гаргаж байжээ. Гэтэл сүүлийн зургаан жилийн дотор 100 гаруй баавгайн эд эрхтэнг хууль бус анчид бусдад худалдаалах гэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлээд байгаа. Хамгийн сүүлд гэхэд 273 ширхэг баавгайн соёо урд хөршийн иргэн хилээр гаргах гэж байгаад баригдсан. Мөн гурван жилийн өмнө эхнэр нөхөр хоёр хилээр амьтдын эд эрхтэн гаргах гэж байгаад баригдсан. Тэдэнд 20 гаруй баавгайн эд эрхтэн явж байсан гэдгийг тогтоосон. Мөн өнгөрсөн жил гэхэд “Эмээлт” захын ченжүүдээс 20 гаруй баавгайн эд эрхтэн гарч ирсэн. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас урд хөршийн хоёр иргэн баавгай өвчиж буй зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Энэ мэтээс үзэхэд хөвчийн хүрэн баавгай дуусч байгаа гэхэд болно. Харин газар дээрээ ямар байгааг Д.Мягмарсүрэн ахаас асуулаа. Тэгсэн “Би чамд Монголын баавгайн тоо толгой өсч байгаа гээд сайхан мэдээ дуулгах уу” гэв. “Хөвчийн хар”-ын хэлж буйгаар сүүлийн хоёр жил хойд хөршийн Сибирт хэд хэдэн удаа томоохон түймэр дэгдсэн байдаг. Үүнээс үүдэн хамаг зэрлэг амьтад нь Минжийн хангайн хилээр Монголд ороод ирчихсэн гэнэ. Тэр тусмаа Сибирийн цагаан шилт хар баавгай тайга хөвчид олноор үзэгдэх болжээ. Бүр хоорондоо эвцэлд ороод Монголын хүрэн эвшнээс хоёр бамбарууш гарахад нэг нь хүрэн нөгөөх нь цагаан шилтэй хар бамбарууш гарч байгаатай “Хөвчийн хар” хэд хэдэн удаа таарчээ. Түүний хэлж буйгаар Монголын хүрэн баавгайн зан араншин дөлгөөн байдаг бол Сибирийн хүрэн баавгай их догшин араншинтай гэнэ. Баавгай өвөлжин ичээд хавар гарахдаа шоргоолжинд ордог. Ойн улаан шоргоолжоор арав гаруй хоног хооллоод дараа нь халиарт ордог гэнэ. Үүнийхээ дараа амьтан барьж иддэг байна. Баавгай идшээ олж идэхдээ хөөж байгаа амьтныхаа араас нэгэн жигдээр уйгагүй хөөдөг байна. Нөгөө амьтан нь уул өөд хөөгдөж байгаад сүүлдээ бахардан баавгайн идэш болдог юм байх. Сүүлийн жилүүдэд баавгайг ичээнд нь байхад буудаж эд эрхтнийг авдаг болсон талаар ч ярьж байна лээ. Ийн ярилцаж яваад Хатанцын эхийн баруун үзүүрийн хадан цохион дээр хүрэн баавгайтай саахалтын дайны таарлаа. Морины тургих чимээ, хүний бараанаар өнөөх чинь мод руу яйвганатал гүйлээ. Бид ч араас нь хэсэг хөөж үзэв. Ой модонд гүйцэгдэхгүй алга болох аж. Холоос харахад удаан болхи хөдөлгөөнтэй харагдах боловч хурдтай амьтан аж. Бидний эхний таарсан баавгай тоо толгой нь цөөрөөд байгаа Монголын хөвчийн хүрэн баавгай байв. Мөн уулын анчид сүүлийн жилүүдэд баавгайг ичээнд нь “нудрах” нь ихэсчээ. Энэ талаарх мэдээллийг дараа дэлгэрэнгүйгээр хүргэх болно. Ой хөвчийн тайга гэдэг өөрийгөө бүхэлд нь хамгаалж байдаг бололтой. Хэнтийн нуруунд өдгөө хүртэл хүссэн хүн очиж чадахгүй байгаа нэг шалтгаан нь урин дулааны улиралд ялаа шумуул явж болохооргүй их, бас намагтай байдаг учир морьтой, явганы алин ч хүрч чадалгүй замаасаа буцдаг гэнэ. Өвлийн улиралд энд цас ёстой үүлтэйгээ буучихдаг гэнэ. Цавцайсан цагаан цас хүний хэнхдэгээр татмаар байдаг. Уулын оройгоор исгэрэх салхи нь цасаа цохичихсон байдаг боловч хүн явж болохооргүй салхитай. Хавар, намрын улиралд торлог өвсийг нь гаталж чадах юм бол морьтой яваад байх боломжтой гэнэ.
Нар уулын цаагуур хүүшилж, уулын хөх шүүдэр буух үед хонох газраа очлоо. Модон дунд уулын нөмөр газарт устай газар байх ажээ. Мориноосоо буугаад тэр хавиар хуурай модны мөчир түүж эхэллээ. Унтах газар хэдэн талаасаа нөмөртэй тэгш газар. Хоол цайгаа хийх гэж байгаа болохоор бид хоёр хоёр тийшээ модонд явсан юм. Удалгүй тэвэр дүүрэн хуурай мөчир түүж ирэн жижиглээд гал түллээ. Хээрийн бор цай тогоон дотор даргитал буцлаад л гэрээсээ авч гарсан борцоо мөлгөр чулуугаар салбайтал нь нүдэж гарлаа, “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэн ах. Ийн хоол, цайгаа идэж уучихаад морьдоо аргамжаад амарлаа. Бид хоёр энэ хугацаанд ам хуурайгүй яриад л байгаа.
“ТОЛГОЙ ДЭЭГҮҮР СУМ СҮНГЭНЭЭД Л БАЙСАН“
Тэрбээр “Би гурван удаа буудуулаад амьд гарсан хүн. Энэ уул хангай намайг хамгаалж байдаг шиг байна лээ. Энэ балар ойд хэн нэгэн намайг алчихсан байхад хэн ч цогцсыг минь олохгүй шүү дээ. Тийм л хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байна” хэмээн ярив. Эндээс бид хоёрын ярианы сэдэв буудуулсан талаар хөвөрлөө. Хоёулаа тэнгэр ширтэж хэвтчихээд л яриагаа өрнүүллээ. Хөвчийн харыг дуурайгаад би бас нэг өвч амандаа зуучихсан хэвтээ. “2000 оны зун судалгааны оюутнууд дагуулаад уул руу гарсан юм. Би нөгөөдүүлийн судалгаа хийж байгааг ажиглахын зэрэгцээ замчилж, бас зарим газраа эргэж байгаа санаатай. Тэгсэн судалгааны хоёр дахь өдрийн орой нар арай жаргаагүй байхад гэнэт л буун дуу тас хийгээд л хэдэн талаас буудаад эхэллээ. Миний тооцоолж байгаагаар дөрвөн хүн зэрэг буудаад байгаа юм. Нөгөө оюутнуудаа элэг дөрвөөр мөлхүүлээд хадны цаагуур оруулаад өөдөөс нь гал нээлээ. Толгой дээгүүр л сум шун хийгээд байгаа юм. Бондгор чулууны ард байсан тулдаа амьд гарсан. Миний өмнө байгаа чулууг хэд ч оносон юм бүү мэд. Хадан дунд байгаа оюутнууд “Хүн алчихлаа ш дээ” гээд орилолдоод байгаа. Намайг хөдөлгөөнгүй нугдайгаад хэвтээд байхаар буудуулаад үхчихсэн гэж бодсон байгаа юм. Нөгөө буудаад байгаа нөхдүүд намайг буудчихлаа гэж бодсон уу, сум нь дууссан юм уу модон дундуур морио унаад зугтаачихдаг юм байна. Миний шар хөдлөөд араас нь хоёр морио унаад гарсан. Тэр үед би энэ хөвчийн хүн. Эх нутагтаа муусайн хулгайч нарт буудуулах юм уу гэж бодогдоод шөнөжин мөрөөр нь хөөгөөд өглөө гэгээ орох үед зам товчлон тоссон. Дээд талаас нь буудахад бэлэн зогсож байсан. Гэвч би тэдэн шиг алуурчин биш болохоор яаж ч чадалгүй явуулсан. Би зулай дээрээс нь буудах боломж байсан. Гэвч тэгэлгүй зүгээр явуулсан. Ингэж ууланд анх удаа багахан дайн хийж үзлээ. Тэр үед хулгайн анчдыг барьдаг ганц байгаль хамгаалагч нь би байсан. Сүүлд хэдэн жилийн дараа Мөнгөнморьтод явж байгаад над руу буудаж байсан залуутай таарсан. Түүний ахыг би ан хийж байхад нь барьж цагдаад өгсөнд өс санаж намайг буудсан юм билээ” хэмээн ярив.
МОНГОЛ ХҮН ХЯТАД РУУ ХАРЖ УНТАХГҮЙ ГЭСЭН ҮЗЭЛ АМИЙГ НЬ АВАРЧЭЭ
Дараа нь мөн л Биологийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй 2002 ууланд долоо хоног судалгаанд нь газарчилжээ. Тэгээд нэлээд газрын уруу газар майхнаа бариад амарсан байна. Хойшоогоо их уруу газар таарсан гэнэ. Хамт яваа Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн “Хоёулаа урагшаа харж унтах уу. Яаж ийм уруу унтах юм” гэжээ. Тэгээд урагшаа харж унтах гэж байснаа гэнэт л хойшоо харж унтмаар санагдаад хамт яваа хүндээ “Хэзээ Монгол хүн урагшаа харж унтаж байлаа. Үхсэн хойноо ч Хятад руу харж унтахгүй” хэмээн зөрүүдлээд хойшоо газрын уруу харж унтжээ. Тэгсэн өглөө үүр хаяарч байтал буун дуу тас хийгээд л явчихсан байна. Өндийгөөд харсан хөлийнх нь доогуурхан, майхныг нь бууны сум нэвт гарсан байжээ. Хоёулаа сандралдан хойд хэсгээрээ майхнаа хутгаар зүсч гарч зугтаасан байна. Хойшоо модонд ойрхон байсан учир мөлхөж явсаар аюулгүй газар очжээ. Буун дуу хэсэг дуугарч байгаад намжсан байна. Буудсан хүмүүсийн барааг харахад мөн л хууль бус анчид байсан аж. Эргээд майхан дээрээ очиход буудсан этгээдүүд урагшаа толгойгоо харуулж унтсан байна хэмээн тооцоолж буудсан нь тодорхой байжээ. Өмсч явсан гутлын түрийг нь гурван удаа нэвт буудаж майхныг зургаан удаа цоо буудсан байжээ. Ингэж үхлээс хоёр удаа аврагдаж байсан байна. Гурав дахь нь 2005 онд гэнэ. Ганцаараа эргүүл хийгээд явж байтал хаанаас ч юм гэнэт буудсан байна. Гэхдээ оноогүй гэнэ. Тэрбээр ийнхүү гурвантаа буудуулсан ч, заримд нь бараг шүршүүлсэн тухайгаа ярингаа нэг нүдээ анин, нөгөөхөөрөө шанага долоон одыг гярхай гэгч нь харж байгаа бололтой. Тэгснээ оддыг харах бүрт өөр байдаг юм. Байрандаа байгаад л байдаг хэрнээ харах бүрт хараад баймаар өөр гээд түрүүлгээ харав. Хөвчийн шөнийн байгалийн хөг аялгуу цаанаа л анир гүм, нууцлаг.
Хөвчийн хар “Чи бид хоёрын хажууханд, арав гаруй километрийн цаана 2008 онд Онцгой байдлын гал сөнөөгчдийн МИ-8 онгоц осолдсон газар байгаа. Би осол болсон газрыг хамгийн анх олж байлаа. Энэ талаар маргааш ярья” гээд буцаж тэнгэр өөдөө ширтэн хэвтлээ. Түүний хөдөлгөөн бүр амьдтын хөлийн чимээ хийгээд хол ойрыг сонордох мэт санагдана.
-Бидний үгэнд орсон бол хайран сайхан залуус
энэ тайгад амиа алдахгүй байсан даа-
Нар мандах болоогүй дөнгөж үүрийн цэгээн туяа
тусч байхад “Хөвчийн хар” сэрсэн юм. Бид хоёрын унтсан газраас холгүйхэн
аргамжсан морьд тургилаад төө ургасан
нялх ногоон өвсийг шир шир хийн зулгаан идээшлэх аж. Уулсын цээжээр битүү бүгээн манан буугаад хоножээ. Үүр
хаяарч байгаа болоод ч тэр үү уулын шувууд эцэж цуцахаа мэдэхгүй жиргэн шулганана. Хаашаа л харна гүн ногоон өнгө тунарсан
модот уулс дүнхийгээд, тэртээ манан татсан өндөр уулнаас хөхөө шувууны “гүүг
гүүг” хэмээн донгодох дуу сонсогдоно. Өнөөдөр уулын хэцээр явсаар Шарлангийн эх
рүү очоод эргэх юм. Шарлангийн эх гэх газар амьтдын диваажин нутаг гэсэн. Тэнд
буга, бор гөрөөс харайлдаж, уулын энгэрээр нь баавгай маажиганан гүйлдээд
дэлхийд тоо толгой нь нэн ховордоод
байгаа хөх шаазгай шагширсан тийм нугад очихоор зорьсон юм. Нарны битүүд газар
дөхөхөөр өглөөнийхөө цайг уучихаад мордлоо. Мийгаа ах бид хоёр ар араасаа
цувран уулын хэц өөд мацаж яваа. Хангай газрын морь унаад гарсан бол өдийд хөх
мах нь чичрээд нэг ч даваа давалгүй зогсчих байсан биз. Харин уулын морь өөр юм. Хавар эрт ногоо
идээд махалчихсан морь ямар ч амьсгаадалгүй явж байгаа нь энэ ууланд үрээ
байхаасаа “зүтгэсэн” болохыг илтгэх мэт.
Д.Мягмарсүрэн ахаас таныг яагаад
“Хөвчийн хар” гэж дууддаг болсон талаар асуулаа. Тэрбээр уулыг цуурайттал инээснээ “Би энэ уулын хүн шүү дээ” гэв.
Тэгснээ төд удалгүй “Хулгайн анчид л өгсөн нэр шиг байгаа юм. Хотоос ирсэн хийгээд
нутгийн зарим хүн тэгж дуудахад эхэндээ эвгүй, дургүй хүрдэг байсан. Сүүлдээ ойр хавийн хүмүүс мэддэг болчихсон. Одоо Мягмарсүрэн гэвэл таних хүн бараг байхгүй. Хөвчийн хар гэвэл энэ хавийнхан
андахгүй” гэв. Бид хоёрт ярилгүй үлдээсэн зүйл бий. Тэр нь 2008 оны зургаан
сард ууланд гарсан түймрийг унтраахаар явж байгаад онгоцтойгоо осолдсон Онцгой
байдлын гал сөнөөгчдийн тухай.
“Ми–8“ онгоцны
ослыг хүний цусны үнэрээр
олсон гэнэ
“Хөвчийн
хар” энэ талаар ингэж ярив. “2008 оны
зургаан сард миний хариуцаж байсан ойд битүү түймэр ассан. Тэр зун бороо
ороогүй хуурайшилт ихтэй байсан болохоор ууланд явж байсан хэн нэгний тавьсан
галаас болж хайран сайхан залуус амиа алдсан юм. Би гал тавьсан хүмүүсийг хууль
бус анчид гэж боддог. Тэд бугын цусан эвэр, засаа, чивэнд явж байсан хүмүүс
гэдэг нь гарцаагүй. Тэд л ууланд гарч, асаасан галаа унтраалгүй явсан нь
тодорхой. Нэг өглөө сэрсэн чинь түймэр битүү дэгдсэн байсан. Сумын Онцгой байдлын алба хаагчидтай ууланд газарчилж явлаа. Хоёр өдөр гал унтраах
гэж ноцолдоод барахгүй бүгд ядарсан амьтад.
Түймрийн өөдөөс сөргүүлж гал тавиад арай гэж намдаагаад сөргүүлсэн галаа
цааш алдахгүйн тулд унтрааж байгаа юм. Түймэр дүрэлзэж байгаа ойгоос далавч зэрэг нь шатаж байгаа шувууд нисэж, шатаагүй газарт гал тавиад хүндхэн байсан.
Ингээд ойд гарсан түймрийг цучилд оруулаад энэ талаараа Онцгой байдлын ерөнхий
газарт станцаар мэдэгдсэн. Тэгтэл өөдөөс
онгоц нисгэх гэж байгаа гэсэн. Бид онгоц нисгэх
шаардлагагүй галаа бүрэн унтраасан гэсэн боловч гал сөнөөгчдийг нисгэчихсэн байсан. Онцгой байдлын ерөнхий газартай холбогдчихоод
Ерөөгийн халуун рашаан орох гэж байтал тэнгэр муухайраад битүү манан татчихсан.
Тэгээд намирсан зөөлөн бороо шивэрч эхэлсэн.
Тэр шөнөдөө ойд гарсан түймрийг унтраагаад хоносон. Тэгтэл маргааш өглөө
нь Онцгой байдлын ерөнхий газраас станцаар холбогдоод онцгоц очсон уу гэж
асуудаг юм байна. Бид ч ирээгүй гэдгийг хэлээд холбоо тасарсан. Төд удалгүй
дахин холбогдоод уулнаас бууж, Зүүнхараа
дээр хүрээд ир гэж үүрэгдэж байгаа юм. Зүүнхараа дээр маргааш орой нь яваад
очтол бөөн хэрэг мандчихсан Онцгой байдлын аврагчдын яваа онгоц ор сураггүй алга болчихсон байсан.
Эрлийн багийн дарга нар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Минжийн хангай руу онгоц
нисгээд байгаа юм. Тэгэхээр нь яасан гэж тийшээ шувт явдаг юм бэ, наагуур хай. Гал гарсан тэр хавиар хай гэхээр
эрлийн багыг удирдаж байсан дарга Ерөө суманд аргал түүж явсан эмгэний дээгүүр
ниссэн байна гэсэн мэдээлэл ирсэн гээд тэр хавиар хайгаад байгаа. Үүнээс болж
цаг алдсан байхгүй юу. Бид маргааш нь орой нь Хонин нуга гарч замдаа хоноод нөгөөдөр нь ууландаа очсон. Өөрийнхөө
арав гаруй морийг унуулаад газраар хайж эхэлсэн. Нөгөө хүмүүс ууланд явж
чадахгүй болохоор нь чи бид хоёрын
хонодог уулын баруун хэцийг бариад явж байтал нэг сонин үнэр үнэртэх шиг
болсон. Ойд хөвчид явж байхдаа тийм үнэр огт үнэртэж байгаагүй содон үнэр
байхаар нь тэр зүг рүү явсан. Тэгсэн осол болсон газар дээр яваад орж байгаа
юм. Хүний цус тэгж эвгүй содон үнэр гаргадаг юм билээ. Ойртож очоод дурандлаа.
Амьд хүмүүс байгаа харагдсан. Мөн шүхэр дэлгэчихээд шүхэр доороо ослоос болж
амиа алдсан гал сөнөөгчдийг
эгнүүлээд тавьчихсан байсан. Нэг тэдэн дээр яваад очдог юм билүү гэж бодогдсноо
газраар явж байгаа хүмүүс осолдсон онгоцыг олбол түрүүлж очиж болохгүй. Нисдэг
тэрэг дуудах хэрэгтэй гэж хэлснийг санаад эргээд морио унаад чавхадчихсан.
Сандарсан амьтан хурдан л хэл дуулгах юм сан гэж бодогдоод морио эцтэл нь
давхисан байна лээ. Тэгээд анх би ослын
газрыг олж, хэл дуулгасан. Нисдэг тэрэгтэй хамт ослын газар очиж байгаа юм. Хүн
харах аргагүйгээр гал сөнөөгчид нар амиа
алдсан байсан, хайран залуус. Битүү өтгөн
мананд төөрөөд онгоцныхоо элгээр хад мөргөчихсөн байсан. Онгоцын сэнс их бөх
байдаг юм билээ. Бүдүүн модыг
унахдаа хяргачихсан байсан. Бидний үгэнд
орж тэднийг нааш нь нисгээгүй бол осол болохгүй байсан” хэмээн ярьж явтал унаж
яваа морь гэнэтхэн давхийн үргээд бусгадаг байгаа. Золтой л уначихсангүй. Морь
юунаас болж үргэв гэсэн бидний хажуугаар зургаан торой дагуулсан бүл зэрлэг
гахай өнгөрсөн байжээ. Ар араасаа цуварчихаад дуугаран шогших аж. Бодон нь жигтэйхэн том биетэй голийсон амьтан
сүргийн сүүлд явахыг олж харлаа. Намар болж
өвсний сөл тасраад ирэхийн цагт чихчихсэн гахай шиг л биеэ дааж чадахгүй
болтлоо таргалаад бөндийсөн өөх болох нь тодорхой.
“Онцгой байдлын ерөнхий газрынхан 30 мянган төгрөгөөр шагнасан”
Ингээд “Ми-8” нисдэг
тэрэгний ослын талаар яриагаа өрнүүллээ. Таныг анх очиход ямаршуухан байдалтай
байсан бэ. “Би анх ослын газрыг олоод дараа нь
эрлийн багийнханд мэдэгдээд явган явж байсан эмч нарын эм тариаг морин
дээрээ ганзагалсан. Бусад мориндоо Онцгой байдлын ерөнхий газрын багаж хэрэгсэл
бүгдийг нь ачиж явсан. Нэг моринд зуу гаруй килограмм ачаа ачсан байсан. Тэгээд хэсэг хүнтэй морио унаад ослын газар руу явлаа. Биднийг очиход нүд хальтрам дүр зураг угтсан. Ослоос амьд үлдсэн Цогоо гээд залуу баруун
гар нь онгоцны сэгэнд даруулчихсан амиа алдсан хүмүүс дунд хэвтэж байгаа юм.
Хажууд нь амьд үлдсэн хүмүүс гаргаж авах гээд ноцолдсон бололтой модоор хөшсөн
байсан. Бас Сүхбаатар, Ганжигүүр, Гавъяат нисгэгч Сугар, Бадамжунай нарын нүүр
ам бүхэлдээ цус болоод хатчихсан. Хөдөлж ч чадахгүй бидний бараанаар хашгираад
л байсан. Эр хүний нулимс хатуу
гэдэг дээ. Үхлээс аврагдсан тэд биднийг хараад бүгд уйлцгаасан. Эрлийн багийн
бид хэд ч уйлаад л. Нэг талийгаач залуугийн бөгс цээж дундуураа хуваагдчихсан, түрүүлгээ хараад өвс зулгаасан чигтээ өөд
болсон байсан. Түүнийг хараад үнэхээр
өр эмтэрсэн, одоо ч нүдэнд харагдаад байдаг юм.
Амьд үлдсэн залуус ам нь цангаад хэцүүхэн
байдалтай байсан. Шар шөвгөр уулын тэр хавиар ус байхгүй ян сарьдаг уултай.
Таван цаг гаруй усанд явж байж халуун рашаан дээр очно. Эмч нарын авч явсан
өвчтөнд хийдэг дуслыг уулгасан. Бас өвдөлт намдаах байх гээд тэр дор нь спирт
өгөөд онгоцонд суулгасан даа. Монгол хүний тэр тусмаа эр хүний тэсвэр
тэвчээрийг тэр ослоос харсан. Бөгсөн бие нь мэдээгүй болоод босч чадахгүй
мөртлөө өвс зулгаан явсаар байгаад осол болсон газраас зуу гаруй метр яваад
хоол хийж идсэн байгаа юм. Бүр цээжин дээрээ махны мод тавьж байгаад
хэвтээгээрээ хөшиглөөд хоол хийж идсэн байсан. Үнэхээр нуруу нугас тархиндаа
хүнд гэмтэл авсан байсан. Аргагүй шүү дээ. Онгоц тэгж осолдсон байгаа юм чинь
дотор нь сууж явсан хүмүүс яаж тэсэх юм бэ.
Тэрбээр “Ах нь
иргэний үүргээ л гүйцэтгэсэн. Гэхдээ энэ хөвч тайгыг мэддэг тулдаа осол
гарснаас дөрөв хоногийн дараа орой
болж байхад ослын газар очсон юм. Хийж бүтээсэн гавъяа байхгүй ч гэсэн иргэн
Д.Мягмарсүрэн анх ослын газрыг олж бидэнд тус боллоо гэх үг тухайн үеийн дарга
нарын нэгнийх нь ч амнаас унаагүй. Өөрсдөө олсон юм шиг л ярьж
байсан. Түүнд гомдолтой явдаг. Миний энэ зүтгэлийг Хил хамгаалах ерөнхий
газраас үнэлж “Хилийн төлөө” медаль өгсөн шүү. Ослын дараа Онцгой байдлынхан 30
мянган төгрөгөөр шагнасан даа” хэмээн ярьж
явсаар зорьж очсон Шарлангийн нуруундаа
хүрэв.
Их
үдийн алдад очиход халиун бугын сүрэг модны чөлөөнд идээшилж байгаа харагдана.
Бугын зоо сортоод, дэрийсэн эвэртэй буга, нарийхан
шилбэтэй шөмбөгөр хошуутай согоо амар тайван. Сүргийн захад залуухан, богино эвэртэй хоёр буга мөргөлдөж, холгүйхэн
бор туулай дээр дээр үсрэн хаашаа ч юм бэ дэгдэх. Энд зөвхөн уулын амьтад л оршин байдаг газар аж. Туулай, шилүүс, үнэг, чоно, баавгай, хандгай, бор
гөрөөс гээд хөвчийн ойд байдаг амьтан болгон энд бий. Шарлангийн өндөр хэц
дээрээс ан амьтдыг дурандахад алган
дээр тавьсан юм шиг л тодхон.
Тэрүүхэн дор уул сугаас булга урсан байгаа нь нарны гэрэлд мөнгөн утас
гялтганан байгаа шиг үзэгдэнэ. Байгалийн
диваажин гэдэг энэ буюу.
Үргэлжлэл бий