Нарийнтээл суманд цагаан будаа тариалж буй нь
ЗАМЫН УНААНД СУУН Д.ЦЭРЭНТОГТОХ АВАРГА БОЛОН УЛСЫН ХАРЦАГА Ч.ДАВААДОРЖ НАРЫН НУТАГТ ИРЛЭЭ
Дорнод аймгийн Халх гол,
Төв аймгийн Баянчандманьд цагаан будааны тариалалт
хийж эхэлсэн тухай хэдэн
жилийн өмнө яригдаж
байсан. Гэвч төдийлөн
амжилттай болоогүй
билээ. Учир нь Японы
уур амьсгал, чийгшилт
нь Монголоос тэс
өөр юм. Харин Мэргэжлийн
сумогийн 69 дэх аварга, Монгол
Улсын гавьяат тамирчин
М.Даваажаргал
“Хакухо” брэндийн цагаан будааг эх
орондоо тариална гэж байсан нь
биелэлээ олох цаг
ойрхон болжээ. “Хакухо”
цагаан будааг Өвөрхангай аймгийн
Арвайхээр, Нарийнтээл, Хархорин,
Төгрөг сум болон Төв
аймгийн Зуунмод хотод
тариалах туршилтыг
хийж байна. Өнгөрсөн
жил тус
аймагт анх удаа цагаан
будаа тариалж 700 грамм үр авсан
бөгөөд өнөө жил уг
үрээ дээрх сумдад хуваан
тариалж байгаа аж. Энэ талаар сурвалжлахаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумыг зорилоо. “Нарантуул” захаас Баянхонгорын фургонд чихэлдэн сууж аваад Нарийнтээл рүү хөдлөв. Оюутны зуны амралт эхэлсэн тул гэрээдээ зоригсод хамт зорчигчдын дийлэнх байлаа. Бидний унаа нар жаргаж, үдшийн гялаан тохиож байх үест нийслэлийг орхилоо. Өглөөний наран Хүрэн овоон дээгүүр нэлээд өндийж байх үест Нарийнтээлийн замын уушийн газар ирэв. Замын нөхдөө аян замдаа сайн явахыг ерөөгөөд миний бие дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, улсын харцага “жижиг” Ч.Даваадорж нарын олон сайхан хүчтэнүүд төрсөн ус нутагт хоцорлоо. Эрэмгий бөхчүүдийг өлгийдөн авсан Шаргын уулс, Таацын гол холдоо цэнхэрлэж угтлаа шүү.
Замын гуанзны хүмүүсээс цагаан будааны тариалалт хаана явагдаж буйг асуун сумын төв орлоо. Өглөөний найман цаг даруй өнгөрч нар дээр хөөрсөн байсан ч буйдхан сумын төвд хондлойгоо хүртэл сүүлээ өргөсөн хэдэн ноход, дээлээ сугалдаргалсан морьтой ганц хоёр залуугаас өөр хүн, амьтан үзэгдсэнгүй. Төрийн албаны ажил өглөө есөн цагт эхэлдэг тул захиргааных нь гадаа хүмүүсийг ажилдаа ирэхийг хүлээлээ. Хэлхгэр ягаан дээл, бүрх малгай духдуулсан хүрэн бор царайтай хижээл насны эр хоёр гараа нуруундаа үүрэн захиргааны зүг исгэрэн алхаж явна. Мань эрээс цагаан будаа тариалдаг хүний тухай асуутал Сумын жижиг, дунд үйлдвэрийн ажилтан Д.Батцэнгэл гэж хүн бий гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн ажилтны өрөө нь сумын захиргааны хоёр давхарт байдгийг мэдсэн миний бие өрөөнийх нь үүдэнд хүлээхээр шийдлээ. Төд удалгүй хар цамц, хүрэн нүдний шил, шаргал цүнх барьсан дунд зэргийн нуруутэй эмэгтэй өнөө өрөөг чинь онгойлгон орлоо шүү. Би ч араас нь орж хэрэг зоригоо дуулгатал Нарийнтээл суманд цагаан будаа тарьж эхэлж буй Д.Батцэнгэл байсан юм.
Уржнан жил анх Өвөрхангай аймгаас хоёр хүн Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотод очиж цагаан будаа хэрхэн тариалах тухай сургалтад хамрагдсан бол ноднин тус аймгийн ХХААЖДҮ-ийн газрын ХАА-н мэргэжилтэн Д.Пагма, Д.Батцэнгэл нар зургаан сарын турш сургалтад хамрагдаад иржээ. Ноднин анх удаа Өвөрхангай аймаг цагаан будаа тариалсан бол өнөө жил аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Арвайхээр, Нарийнтээл, Хархорин, Төгрөг суманд цагаан будаа тариалах, туршин тарих ажил эхэлжээ. Харин өнөө жил хоёр дахь удаагаа ийнхүү тарьж байгаа аж. Ноднин жилийн тариалалт боломжийн байсан тул нутагшсан үрээрээ өмнөх жилийнхээс ахиу хэмжээний газар тарьж байгаа гэлээ. Өнөө жил анх удаа Төв аймгийн Зуунмод хотноо Хакухо аваргын талбайд цагаан будаа тариалсан гэнэ. Нарийнтээл сумын хувьд хүлэмжинд, ил талбайд гэсэн хоёр янзын тариалалт хийхээр төлөвлөжээ. Хүлэмжинд тариалсан ургацаа бүрэн авна гэдэгтээ итгэлтэй байгаа юм билээ.
Д.Батцэнгэл дөрөвдүгээр сард бэлтгэсэн 8000 ширхэг цагаан будааны үрслэгээнээс тавдугаар сарын сүүлээр 7000 ширхгийг дөрвөн сумын 210 м2 талбайд ил болон хүлэмжинд тариалжээ. Мөн цагаан будаа тариалагчдаас Төв аймагт Хакухо М.Даваажаргалын талбайд 1000 ширхэг үрсэлгээг 40 м2 талбайд суулгасан байна.
ЦАГААН БУДАА ТАРИХАД БОРДОО ХЭРЭГГҮЙ, ХАРИН УС ХЭРЭГТЭЙ АЖ
Д.Батцэнгэлийн хувьд агрономич мэргэжилтэй бөгөөд 28 жил мэргэжлийнхээ дагуу ажилласан нэгэн байв. Тэрээр 2008 онд улсын аварга тариаланч болж байсан аж. Түүний нөхөр Р.Өлзийбат мөн л агрономич мэргэжилтэй нэгэн. Мөн л 2005 онд улсын аварга тариаланч болж байсан гэнэ. Д.Батцэнгэл агрономич цагаан будааны үрсэлгээ тарьсан талбай руугаа хамт явахаар болсон юм. Тариан талбай нь сумынхаа төвөөс холгүй ажээ. Нарийнтээл сумыг дайран өнгөрөх шинэхэн засмал замын урдхан талд байлаа. Тэдний хувьд энэ жил хүлэмжийнхээ 10 сот газар цагаан будаа тарьжээ. Цагаан будааны хувьд үрийг нь нэг дор гурван ширхгийг хийж тарьдаг гэлээ. Эдгээр гурван үр ургасан нөхцөлд нэг багц болсноор нэг ширхэг үрсэлгээ болдог байна. Цагаан будааг анх удаа гадаа тарих гэж байгаа болохоор өнөө жил хуучин тариалдаг хүнсний ногоогоо тариалаагүй аж. Ганцхан цагаан будаандаа анхаарлаа хандуулахаар болжээ.
Цагаан будааны үрсэлгээ нь улаан буудайнаас ялгарах зүйлгүй ажээ. Намар хураалтын үед ч мөн адил улаан буудайнаас ялгарахгүй харагддаг гэсэн юм. 20 гаруй см ургасан үрсэлгээгээ өнөөдөр гадаа талбайд тарьж үзнэ гэж байв. Өнгөрөгч жилийн хувьд хүлэмжиндээ л ганцхан тарьсан бөгөөд энэ жилээс гадаа талбайд үрсэлгээ шилжүүлж суулгаж үзэх гэнэ. Р.Өлзийбат тармуур барин цагаан будааны үрсэлгээгээ суулгах талбайгаа тэгшилж, хайрцаг бэлтгэлээ. Хагас цаг орчим талбайгаа бэлтгэн усалгааны шуудуугаар хайрцаг руугаа ус оруулав. Цагаан будаа тариалахад ус хэрэгтэй байдаг тул тухайн газрыг нэвширтэл услах ёстой гэлээ. 30 гаруй см өндөр хашлага бүхий хайрцагны талаас дээгүүр шахуу ус хийгээтхэв. Уг усыг шингэх төдийд тариалалтаа эхлэхээр боллоо. Нарийнтээл суманд л ургачихвал Монголын хаана ч цагаан будаа ургах учиртай хэмээн гартаа барьсан хүрзээр шороо суллангаа тэд хэлцгээж байлаа. Учир нь Нарийнтээл сумын хувьд говь, хангай хосолсон хээрийн бүс тул сэрүүвтэр байдаг аж. Энэ сэрүүн нөхцөлд үрсэлгээгээ дасгаад намар үрээ гаргаад авчихбал ирэх жил шууд гадаа тариалах боломжтой. Монголд тариалж буй цагаан будааны үр нь Хоккайдо мужид гарган авсан гэнэ. Япон улсын хувьд үрийн бодлого чанга тул гадагшаа үр гаргана гэсэн ойлголт байдаггүй. Харин Японоос ноднин ирсэн сургагч багш нар ганц атга хүрэхтэй үгүйтэй үр өгцгөөжээ. Ингэж л өмнөх олон бүтэлгүй туршилтуудыг даван Монголын хөрсөнд анх удаа цагаан будаа амжилттай тариалах нөхцөл бий болсон ажгуу.
Хоккайдо муж нь цаг агаарын хувьд Монголтой төстэй бөгөөд манайхыг бодоход хур бороо элбэгтэй байдгаараа л өөр юм байна. Д.Батцэнгэл Японд байсан үеийнхээ тухай ярьж өглөө. Тэрээр наран улсад очоод Токиод нэг сар хэлний бэлтгэлд суухдаа яаж зургаан сар болно доо хэмээн шантрангуй байсан ч Хоккайдо мужийн Такикава хот нь манай оронтой төстэй тул төвөггүй дассан аж. Уг хотод цагаан будааны тариалан нь л Монголоос илүү болохоос манайд тарьдаг бүхий л хүнсний ногоог тарьдаг байсан гэв. Цаг агаарын хувьд төстэй тул технологийн хувьд тийм ч хэцүү байгаагүй тухай ярьж байх хооронд Р.Өлзийбат агрономич 600 ширхэг үрсэлгээг газрын хөрснөөс нь суллан шилжүүлэн суулгахад бэлэн болжээ. Тэдний хүлэмжинд хэд хэдэн төрлийн бордоо харагдав. Сониуч зандаа хөтлөгдсөн би “Цагаан будаанд аль бордоо нь хамгийн сайн бэ” гэхэд “Цагаан будаанд бордоо хэрэггүй ээ. Харин эмзэг үеийг нь өнгөртөл ус байнга хийж байх хэрэгтэй” гэв. Сумын хоёр агрономч гадаа үрсэлгээгээр тарьсан будаа ургахгүй бол ядаж дараа жил ахин тарих үрээ авч үлдье” хэмээн хүлэмжиндээ 2*2 хэмжээтэй хайрцаганд хэдэн ширхэг үрсэлгээ суулгаатхав. Хайрцагныхаа дотор талын ирмэгийг дагуулан газрын хөрсөн доогуур гялгар уутны үзүүрийг оруулжээ. Учир нь гадагшаа чийг алдах нь бага тул цаашид ингэж хийх хэрэгтэй хэмээн япон багш нь заагаад буцжээ.
Э.ЭНХБОЛД