Categories
редакцийн-нийтлэл

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хаалгаа барих уу

Саяхнаас хотын да­хин төлөв­лөлт, шүүх цог­цолбор барих тухай асууд­лууд хөндөгдөж эх­лэ­хэд Бо­та­никийн цэцэр­лэгт хүрээлэнгийн газрын тухай яригдаж эхэлсэн. Тус хүрээлэнгийн ажилт­нууд “газраа бусдад бу­лаал­гахгүйн тулд” хэмээн чиглэлийн яамдад мэ­дэгдэл хүргүүлж эцэстээ жагсаал зохион байгуу­лаад байгаа. Хэрвээ Бота­ни­кийн цэцэрлэгт хүрээ­лэнд шүүхийн цогцолбор баривал 20 тэрбум төг­рөгийн оюуны өмч, мод бут сөөг устана гэх. Бай­дал ямар байгааг очиж сурвалжиллаа.

Ботаникийн
цэцэрлэгт хүрээлэн бараг хагас зуу­ны түүхтэй ажээ.
Анх 1964 онд Сайд нарын
Зөвлө­лийн шийдвэрээр тус
хү­рээлэнг байгуу­ла­хаар болж байсан
ч эрдэм шин­­жил­гээний ажлаа
1974 онд эх­лүүл­сэн
бай­на. Энэ хугацаанд
Бота­ни­кийн цэцэрлэгт
хүрээ­лэнгийн ажил өнөөд­рийнх шиг үр
дүнтэй, шу­луун дардан
байгаагүй гэнэ.

Зах зээ­лийн нийгэмд шилжих үед энд ажиллах ажилтан олдохгүйгээс гадна эрдэм шинжилгээний ажил хийж мод бут ховор, ургамал тарьж үржүүлэхэд ч хүнд байжээ. Бараг арваад жил энэ газар орхигдож хэсэг эрдэмтэд л хашаа хайсыг нь эргэж засч янзлан, буурьших гэсэн нэгнийг хөөж туусаар байдал дээрд­сэн гэж байгаа. Тиймдээ ч хүн бүр хүрээлэнгийн тухай төдийлөн мэдээлэл авч чаддаггүй, анхаарал хандуулдаггүй байжээ. Харин 1990 оны сүүлчээр хүрээлэнгийн үйл ажиллагаа дахин сэргэж улсаас төсөв орон тоог нь баталснаар жинхэнэ утгаараа эрдэм шинжил­гээ­ний хүрээлэн, ургамал үржүүлэг, хамгааллын газар болж чаджээ. Одоо гоёл, хүнс тэжээл, эм бэлд­мэлийн болон ховор, нэн ховор ургамлуудыг судалгаа шинжил­гээ­ний үндсэн дээр сэргээн нутаг­шуу­лах, хамгаалж үлдэх бүхий л ажлыг хийж байгаа юм байна. Энд улсын арслан М.Мөнгөний 1974 онд тарьсан Алтайн эрлийз улиасаас эхлээд 50 мянган мод, бут сөөг ургажээ. Тухайлбал сэрээнэ, өргөст харгана, шилүүс, улиас, улиангар, гацуур, нарс, хуш, хус гээд.

Ботаникийн цэцэрлэгт хүрээ­лэнг дотор нь хоёр ангилжээ. Ертөнцийн зүгээр баруун хойд хаалгаар ороод тухайн хэсгийг үзүүлбэрийн хэмээн нэрийдэж нийтийн эзэмшлийн болгон тохи­жуул­сан байгаа юм.  Энд хэн дур­тай нь орж амарч зугаалж болно. Бараг 20 га шахам газарт хусан төгөл, нарсан төгөл тарьж зай завсраар нь өөр мод бут тарьж тохижуулсан учраас хэн ч очсон сайхан амраад эрүүл хөрс, зүлэг ногоон дээр алжаалаа тайлаад буцаж болохоор. Баянзүрх дүүр­гийн найм, арав, арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэртэй хиллэдэг, тойроод найман сургууль байдаг учраас зуны улиралд л гэхэд өдөр­төө хоёр мянга гаруй хүн орж гардаг байна. Дээхнэ үед, үе үеийн удирдлагуудын хайхрамжгүйгээс үүдэн энэ хэсгийн мод, бут сөөг, ургамал ихээхэн сүйдэж байсан бөгөөд иргэд ч хайхарч хамгаал­даг­гүй байсан гэнэ. Харин өнгөр­сөн жил томилогдсон удирдлагууд, албан хаагчид боломжит бүх ар­гаар ажиллаж эхэлсэн учраас байдал илүү дээрдсэн гэж байгаа. Бүр хэсэг газарт гал алдаж цөөнгүй мод шатсан харамсалтай хэрэг ч гарч байжээ. Өнөөдрийн хувьд энэ газрын эрлэг нь ойролцоо үйл ажиллагаа явуулдаг албан газрууд болон гудамжны архичид бо­лол­той. Гудамжны архичид нь архи ууж мод хугалж, хаа таарсан газартаа бохироо гаргадаг бол ойролцоо албан байгууллагууд хог хаяж, бохир усаа асгахаас эхлээд хэрүүл хийх асуудал мунддаггүй гэнэ. Арав хүрэхгүй орон тоотой ажил­ла­даг, өдөрт ээлжээр жижүүрлэдэг ч хүн хүч дутдаг тухай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дендро­логич Ж.Жавхлантөгс ярьж байлаа. Гэхдээ иргэдийн сэтгэлзүй эрүүл экологийн бүс рүү тэмүүлэх болсон учраас хуучин цаг шиг хог шидэж, хаа таарсан газраа өтгөн, шингэ­нээ гаргаад байхаа больсон байна. Мод бут хугалж гэмтээх асуудал ч багасчээ.

Зүүн хэсгийг нь эрдэм шин­жил­гээ­ний бүс болгож олон хүний хөлөөс тусгаарласан байна. Энд л жинхэнэ Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил явагддаг гэж хэлж болно. Устаж үгүй болж бай­гаа ховор, нэн ховор ургамлуудыг сэргээн нутагшуулах, хаанахын аль хөрсөнд илүү ургах боломж­тойг тогтоох ажлыг хийж байна гэсэн үг.  Манай орон 3100 орчим зүйлийн гуурст дээд төрлийн урга­мал байдгаас бараг тал нь тус хүрээлэнгийн энэ хэсэгт соёолжээ. Үүн дотроо мянга гаруй төрлийн эмийн ургамал байдгаас 70 гаруй зүйлийн ховор, устаж үгүй болж байгаа эмийн ургамлыг энд нутаг­шуул­сан байна. Ботаникийн цэцэр­лэгт хүрээлэнгийн энэ хэсэгт хүрэ­хэд зэрлэг байгаль, хүний хөл хүрээгүй ойн төгөл рүү орж буй мэт. Энд өргөст харгана алтран байхад цаахна нь усны цагаан хус туяа­ран, хажууд нь тавилганы жижиг төгөл зэрэгцээд шилүүс, улиас, улиангар, гацуур, нарс, хуш, хус гээд бүх төрлийн мод хүглийн байна. Хамгийн сүүлд арав хоно­гийн өмнө дагуур шинэс, жодоо модыг үржүүлж, шинжилж, суд­ла­хаар авчирчээ. Харин хөрсөнд нь гурван зүйлийн вансэмбэрүү бай­хаас гадна их шүүдэргэнэ, шидүүн цэцэг гээд байгаль дэлхий дээр байдаг цэцэг бүхэн ургаж байна. Улаан номонд орж зэрлэг бай­гальд ургахаа байсан нэн ховор ургамлууд ч энд л соёолжээ.

Уран хатгамалчийн гараа гаргаж хийсэн хивстэй зүйрлэмээр энэ хэсэг газрыг Х.Тэмүүжин сайд авч шүүхийн цогцолбор барих хүсэлтээ гаргаад байгаа гэсэн. Хэрвээ шүү­хийн цогцолбор барихаар болбол энэ бүхэн устаж үгүй болохоос гадна Монголын ургамлан бүр­хэв­чийн сүүлийн 50 жилийн судалгаа түүний үр дүн салхинд хийсэх юм гэнэ. Олон улсын жишгээр Бота­никийн цэцэрлэгт хүрээлэнг үнэл­бэл зөвхөн 15 настай нэг улиасыг 119 мянган ам.доллараар тооцдог ажээ. Энэ нь ногоон орчинг сэргээх, унаган төрхөөр нь хадгалж үлдэх зорилгоор гаргасан тариф аж. Ийм маягаар бүхнийг үнэлбэл 100 зүй­лийн 50 мянган мод, бут сөөг, төдий чинээ нэн ховор, ховор эмийн ургамлын төлбөрийг хийх шаард­ла­га тулгарах бололтой.

Нийслэлийн 300 мянган хүний нэг өдөрт амьсгалсан агаарыг сэргээн төлжүүлж байдаг тус хүрээ­лэн­гийн газраас авах сонирхолтой хүмүүс Х.Тэмүүжин сайдаас гадна хоёр ч бий. Түүний нэг “Гранд лайн” компани бөгөөд тус хүрээлэнгийн урд хэсгийн 30 мянган шилүүс, улиасны тарьц суулгасан үржүүл­гийн талбайгаас хоёр га-г нь авах хүсэлтэй байгаа юм гэсэн. Харин өдөрт хоёр мянга гаруй хүн орж гарч, зугаалаад буцдаг хэсэг буюу 17 га газрыг нийслэлийн Засаг даргын орлогч Энхцэнгэл авах хүсэлтэй байгаа аж.

Монголдоо төдийгүй дэлхийд ховордсон мод, ургамлуудыг агуул­сан нэг төрлийн хүчилтөрөгчийн үйлдвэр хаалгаа барих уу гэдэг асуултын өмнө байна.

Л.МӨНХТӨР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Иргэд төрийн цахим үйлчилгээний машиныг АТМ-тай андуурч байна

Засгийн газар иргэд­дээ төрийн сүлжээг ойр­туулж, элдэв чирэгдлийг багасгахын тулд Төрийн үйлчилгээний цахим ма­ши­ныг ашиглалтад оруул­сан. Одоогоор нийс­лэлийн хэмжээнд ийм 17 машиныг суури­луу­лаад байгааг албаны­хан нь зарласан.

Энэ сарын 19-нд эд­гээр машинууд албан ёсоор ажиллаж эхэлсэн юм. Баянзүрх дүүрэгт “Сан­дэй плаза”-гийн эс­рэг талд “Хос” худал­даа­ны төв, Офицеруудын ордон, Хужирбулангийн үйлчилгээний төв гэсэн гурван газарт энэ ма­шиныг байрлуулжээ. Ха­рин Баянгол дүүрэгт ганц байрлуулсан нь Төмөр замын вокзалын тасал­бар түгээх төв дотор бай­на.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойрог дахь “Номин” ху­дал­дааны төв, Мэдээлэл технологийн үндэсний парк, Төв шуудан, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв, “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Яар­ма­гийн дэнжийн үйл­чилгээ­ний газар, Чингэлтэй дүүр­­гийн 17-ын дэлгүүр, “Тэнгис” кино театрт уг машиныг тус тус суу­ри­луул­жээ.

Иргэд төрийн үйл­чил­гээ­ний цахим ма­шинаар хэр их үйлчлүүлж байгаа талаар сурвалжиллаа. Бас уг машинтай яаж харь­цаж, хэрэгтэй мэ­дээл­­­лээ олж авдгийг со­нирх­­сон юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төрийн үйл­чил­­гээний цахим ма­шиныг
“ТҮЦ” машин хэ­мээн товчилж танил­цуулж байгаа. Гэхдээ төрийн үйлчилгээг шуурхай
үзүү­лэх ийм машиныг гэр хо­роо­лол дунд эсвэл авто­бусны буудал дээр бай­даг ТҮЦ-тэй
адилтгаж арай л боломгүй аж. Яа­гаад гэвэл энэ маши­наас та иргэний үнэм­лэ­хийн
лавлагаа, оршин суугаа газрын тодор­хой­лолт гээд олон төрлийн барим­тыг төрийн
алтан соём­бо­той толгойтой ал­бан бичгээр нь гардаж авах юм.

Ерөнхийдөө ийм үйл­чил­гээ бий болсныг иргэд дуулсан ч төдийлөн үйлч­лүү­лэхгүй байгааг ма­ши­нуудыг суурилуулсан газар, үйлчилгээний төвийнхөн ярьж байлаа.

Банкнуудын бэлэн мөн­­гөний машинтай зэ­рэгцүүлээд тавьчихаар зарим хүн “Энэ юу вэ. Аль банкны АТМ бэ” гэж хүр­тэл асууж байгаа гэнэ.

Уг машины дэргэд зогсч иргэд хэрхэн үйлч­лүүлж байгааг сонирхвол тоож, анзаарч байгаа хүн бараг алга. Сонирхоод ирж үзэж байгаа хүмүүс “Иргэний үнэмлэхийг минь залгичихвал яана. Тэгэхийнхээ оронд очиж авдаг газраас нь тодор­хой­лолтоо авъя”, “Гэнэт тог, сүлжээ нь тасар­чих­вал яах юм бэ” хэмээн ойр зуураа ярилцана.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойрог дахь “Номин” ху­дал­­дааны төв дотор байр­­­­луулсан Төрийн үйл­­­чилгээний цахим ма­ши­наар бараг хүмүүс үйлч­лүүлэхгүй байгаа аж. Сүлжээ нь тасраад мэ­дээ­лэл авах боломж­гүй байлаа. “Сүлжээ нь га­цаад байгаа юм шиг бай­на лээ. Дэлгэцэн дээрх мэдээлэл нь идэвхжихгүй байна. Иргэ­ний үнэм­лэхээ бит­гий хий­гээрэй. Гацчихаж магад­гүй” гэж ойр орчмын хү­мүүс нь болгоомжлууллаа.

Нэгэн залуу “Би вок­зал дээр байгаа ийм ма­ши­наар үйлчлүүлээд гом­дол, санал бичдэг хэ­сэгт нь хүртэл орж юм бичсэн ш дээ. Болж байна лээ” гэлээ.

Та энэ машинаас ир­гэ­ний үнэмлэхийн лав­ла­гааг 1000, оршин суугаа газрын тодорхой­лолтыг 500, төрийн бүртгэ­лийн лавлагааг 1000, гэрлэл­тийн бүртгэл, гэрлэлт бүрт­гэлгүй,  гэрлэлт цуц­луулалтын бүртгэлийг тус бүр 1000 төгрөгөөр тус тус авч болох юм байна. Бас санал хүсэлт, өргө­дөл, гомдол өгөх хэсэгт хандаж, яам, агентлаг, төрийн байгууллагын хэнд ч өөрийн үгээ хүргэж болох юм байна. Мөн удахгүй энэ машинаар цахилгааны төлбөрөө төлж, хэвлэлээ захиалах боломжтой болох аж.

Та уг машинаар яаж үйлчлүүлэхээ мэдэхгүй сандарч, айх зүйл огт үгүй. Бүхнийг яаж хийхийг нэг бүрчлэн үйл хөд­лө­лөөр нь автомат хариу­лагч зааж өгдөг юм байна. Бас үйлдэл тус бүрийг дугаарлачихсан байна лээ.

32-ын
тойргийн “Номин” худалдааны төв доторх Төрийн үйлчил­гээ­ний цахим машин сүлжээгүй байсан учир бид Төмөр замын вок­залыг зорилоо.

Түм түжигнэж, бус бужиг­насан газар боло­хоор тэнд л хүмүүс уг машинаар үйлчлүүлж байгаа байх гээд очсон юм. Гэтэл тэр машиныг анзаарч байгаа хүн бас алга. Хажууд нь байх банкны бэлэн мөнгөний машинд дугаар­лац­гаац­на. Төрийн үйлчил­гээний машинаар хүмүүс хэр үйлчлүүлэхийг хүлээж нэлээд зогслоо. Ганц ч хүн тийш зүглэсэнгүй. Арга буюу бид өөрсдөө тэр машинаар үйлчлүүл­лээ. Эхлээд санал хүсэлт, өргөдөл гомдол өгөх хэсэг рүү орж Ерөнхий сайдад хандан 32-ын тойргийн “Номин” худалдааны төв дэх цахим машины сүл­жээ тасраад байгаа тухай гомдол бичээд илгээчих­лээ. 

Оршин суугаа газрын тодорхойлолт авах хэсэгт дарлаа. Автомат хариу­лагч “Та хоёр дугаартай хэсэгт иргэний үнэмлэхээ хийнэ үү” гэлээ. Хоёр дугаартай хэсэгт нь үнэмлэхээ шургуулбал “Та тав дугаартай хэсэгт зааврын дагуу хурууны хээгээ шалгуулна уу” гэ­лээ. Баруун гарын долоо­вор хуруугаа заасан хэ­сэгт хүргэвэл улаан ла­зерын гэрэл гялс хий­лээ. Тэгтэл иргэний үнэм­лэ­хийг минь буцаа­гаад гаргачихав.

Ингээд төлбөрөө бэ­лэн эсвэл картаар төлөх эсэхийг лавлаж байна. Төгрөг хийх есдүгээр хэ­сэгт 1000 төгрөг хийчих­сэн чинь буцаагаад гар­гачихлаа. 500 төгрөг өгөх ёстой юм байна. Ингээд 500 төгрөг шур­гуулсан чинь татаад ав­чихав. Автомат машин “Та 10 дугаартай хэсгээс тодорхойлолтоо авна уу” гэж хэдэнтээ хэлээд гар­гаад ирлээ. Тодор­хой­лолт гараад ирэв. Зу­раг­чин бид хоёр өнөө тодорхойлолтоо үзээд “Яасан сайхан юм бэ. Соёмбо нь алтадчихсан юм шиг, ёстой хүндэт­гэлтэй байна шүү” гэж ярилцаад зогсч байтал хажуух АТМ-д дугаарлаж байсан хүмүүс бид хоёрыг тойрч зогсоод тал талаас “Энэ юу юм бэ. Яаж наад тодорхой­лолтоо гаргаад ирэв” гээд тал талаас асууцгааж гарлаа. Чадах чинээгээр л тайлбарлаж “Бид ч анх удаа энэ машинаар үйлчлүүлж байгаа юм” гэж үнэнээ хэллээ. Тэгтэл хүмүүс цүнх, халаасаа уудлаад түрийвчээсээ цахим үнэмлэхээ гаргаж ирээд Төрийн үйлчил­гээний цахим машинд дугаарлав.

Настай хүмүүс “Яасан гоё юм. Ёстой аятайхан юм гээч” гэцгээнэ.

Нэгэн бүсгүй иргэний үнэмлэхийн лавлагаагаа авахаар машинд иргэний үнэмлэ­хээ хийлээ. Бид­нээр зааварч­лууллаа, үйлдэл нэг бү­рийг. Машинаас өөрийнх нь цээж зурагтай мэдээ­лэл цаасан дээр гараад иртэл өнөө бүсгүй сэтгэл нь догдолж “Юун хөөрхөн юм бэ. Ийм амар­хан гэж үү” гэж уулга алдана. Тэгтэл ойр хавьд байсан хүмүүс бид хоё­рыг уг машиныг ажи­ллуул­даг, эсвэл хариуцсан хү­мүүс нь гэж ойлгов болол­той дөхөж ирээд элдвийг асууцгаана.

Хэрвээ та энэ маши­наас мэдээлэл авахад бэлэн мөнгөгүй бол кар­таа уншуулаад тооцоо хийж болох юм шүү. Төл­бөрийн баримтад нь ямар төрлийн үйлчилгээ авсныг тэмдэглэчихсэн байдаг юм байна.

“Иргэдэд
үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ” төс­лийн хүрээнд нийтдээ 120 ийм машиныг улс даяар суурилуулахаас эхний ээлжинд 74-ийг нь байр­луулах бөгөөд 36-г нь нийслэлд, үлдсэнийг нь аймгуудын төвд байр­луулахаар төлөвлөөд байгаа аж.

Та уг машинаас дээр өгүүлсэн лавлагаа, тодор­хойлолтоос гадна Тат­варын ерөнхий газрын дөрвөн төрлийн лавла­гаа үйлчилгээг авах бо­ломж­той. Төрийн үйл­чилгээ иргэдэд түргэн шуурхай хүргэх цахим машин ийнхүү ажиллаж байна. Харин ард иргэд энэ үйлчилгээний талаар төдийлөн сайн мэдээ­лэлгүй байгаа нь анзаа­рагд­лаа.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

“Гуталгүй”

Хөдөө гадаа явж байхад сум орондоо дарга, даамлаасаа илүүтэй танигдсан хүн байдаг
даа. Саяхны нэг өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд томилолтоор явахдаа тийм
нэгэн хүнтэй таарсан юм. Түүнийг Сангидоржийн Мишигдорж гэдэг. Мишигдорж гуайг
нутгийнхан нь “Хүннү хүн” гэнэ. 70 шахаж яваа энэ буурлыг яагаад “Хүннү хүн”
гээд байгаагийн учрыг нь асуухад “Мань эр насаараа гутал өмсөөгүй хүн байгаа
юм” хэмээн нутгийнхан нь хэлж байлаа. Хааяа нэг хөдөөгүүр явж байхад хот хүрээ
орж үзээгүй ээ гэсэн хүмүүс таардаг. Мишигдорж гуай мөн л тэдний нэг ажээ.
Телевизээр хааяахан нэг нийслэлийнхээ тухай нэвтрүүлэг хардаг бол хот хүрээ
бараадъя гэсэн бодол төлийлөн төрдөггүй гэнэ. Салхи савир үнэртүүлсэн энэ л
буурал замын машин унаанд сууна гэж харин ч нэг үгүй юм аа. Тэгээд л хөл нүцгэн
таваргах дуртай гэж байгаа. Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн
Хайрхандулаан сумд руу бол зүгээр л эртхэн гараад алхчихна. Явах замдаа айлаар
орсон шигээ аажуу тайвуу алхахад маргааш нь сумын төвд хүрчихнэ. Замдаа таарсан
айлаас ааруул, хуруудхан цуглуулж цагаан шуудайгаа дүүртэл нь хийчихээд ирнэ. Цагаан
шуудай үүрсэн, өндөр бор, хөл нүцгэн өвгөнийг хүүхдүүд андахгүй. Дагаад л гүйнэ
дээ. Амин чухал хэрэгтэй мэт сум дамдан явж цуглуулсан ааруулаа хүүхдүүдэд
бүгдийг нь тарааж өгчихөөд одоо л нэг хэрэг бүтлээ дээ гэсэн нар салхинд
гандсан хүрэн дээлхийнхээ нударгаар хөлсөө шуударчихаад инээж суух нь түүний
жаргал гэсэн. Түүний хувьд насаараа ганц бие явсан юм билээ. Өөрийн гэсэн
зулайг нь үнэрлэх үргүй болохоор хүүхдүүдэд ингэж буян үйлддэг юмсан уу даа.

Хаврын дунд сар гаруут памбагар цагаан эсгийн гутлаа эгчийндээ үлдээчихээд
намрын адаг сар хүртэл “гуталгүй” аянаа эхлүүлнэ. Нутаг усных нь түүнийг мэдлэгтэй
гэдэг. Учир нь тэрээр Монголын болон сум орны түүхийг хэнээр ч заалгахгүй
ярьчихна. Зарим нэг нөхөд түүнийг шалгах гэж түүхийн ном барьж байгаад дундаас
нь асуухад шууд хэлээд өгчихдөг байна. Залуу зандан цагтаа түүнийг бяртай
байсан гэлцэнэ. 70 кг-ын тааран шуудайтай гурилыг үүрч аваад эгчийнх рүүгээ 15
км газар төвөггүй алхсаар хүргээд өгчихдөг байсан тухай нутгийн буурлууд ам
уралдан ярих. Мишигдорж гуайтай яриа дэлгэн суухуйд “Гутал өмсөнө гэдэг хэцүү.
Ядаж л байгаль дэлхийгээсээ холдож буй мэт санагдана. Түүний оронд хөл нүцгэн
өвс, чулуудаас байгалийн дулааныг мэдэрч явах нь сайхан. Гутал гэдэг эд чинь
шивэртэхээс эхлээд зовлон ихтэй золиг байна лээ дээ” гээд алсын барааг
саравчлан суух нь одоо хаашаа явах вэ гэсэн шиг санагдах ажгуу.

Насаараа хөл нүцгэн явсан болоод ч тэр үү хөлийн тавхай нь ширнээс дутуугүй
болсон байсан. Гэвчиг “гуталгүй”-н буянаар насаараа өвдөж үзээгүй юм билээ.
“Надад хууч өвчин гэж алга. Хамрын ханиад ч хүрч үзээгүй өвөө нь” хэмээн
инээмсэглэн явах. Түүний хувьд архи, тамхийг айхтар цээрлэнэ. Нарийнтээлийнхэн
энэ буурлыг залуу зандан цагаасаа эхлээд өнөөг хүртэл согтуу бүү хэл
үнэртүүлсэн явахтай нь таараагүй гэдэг. Халуун зунаар ноосон малгай, зузаан
цамцны гадуур дээл өмсөн яваа түүнийг танихгүй хүн харвал өвчтэй солиотой нэгэн
гэж ойлгож болох. Гэтэл зуны халуун өдрүүдэд дээлээ зузаалчихвал сэрүүхэн байдаг
юм хэмээн мушилзах өндөр хөх өвгөн Нарийнтээлийнхээ намхан шаргал толгодынхоо
дунд хүүхдүүдэд ааруул, ээзгий тараасан шигээ “гуталгүй” амьдарч явна.

Categories
редакцийн-нийтлэл

Стратегийн ордод оруулах нэрээр хийх луйврын тухай

Төр засаг стратегийн орд газар нэрээр долоон ордыг хурааж авах гэж байна. Хуулийн дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд  ашигт малтмалын томоохон ордуу­дыг судалж үзээд, ашиг орлого ихтэй, нөөц арвинтайг нь сонгоод ийм шийдэлд хүрч байгаа юм байх. Энэ тухайгаа тусгасан  тогтоолын төслөө УИХ-д өргөн барьчихсан, удахгүй хэлэлцэж батлах нь. Тэдний булааж авах гэж байгаа ордуудыг нэрлэе.   Эртнээс хэл аманд өртөөд байсан Ховд аймгийн Хөшөөтийн уурхай мэдээж энэ долоогийн эгнээнд багтана.   Цагтаа Байгаль орчны сайдаар ажиллаж явсан У.Барсболдын эзэмшилд байдаг хэмээн яригддаг уг нүүрсний уурхай нөөцөөрөө Таван толгойн дараа ордог гэж байгаа. Асар их нөөцтэй ийм ордыг ганцаараа эзэмшиж, олигархи боллоо гэж У.Барсболдыг  намын­хан нь ад үзэж, хөөгөөд явуулсан талтай. Ямар ч байсан албан ёсоор бол “Мон Эн Ко” гэдэг ком­панийн хөрөнгө оруулалт хийсэн энэ ордыг улс эзэмшихээр болж байх шиг байна.  

Стратегийн гэдэг харьяалалд авах  дараагийн орд  бол  Цайдам нуур.  Төв аймгийн Баян суманд оршдог уг ордоос хүрэн нүүрс олборлодог. Энэ орд өнөөдрийн байдлаар цөөнгүй эзэмшигчтэй. Тэдний  нэг нь лав УИХ-ын гишүүн асан  Ш.Сайхансамбуугийн дүү байгаа гэцгээдэг. Тэгэхээр “Наран­туул” компанийн багагүй хөрөнгө Цайдам нуурын ордод шингэсэн байж таарах нь.  Стратегийн ач холбогдолтойд тооцогдох гэж байгаа Гацууртын алтны орд бол “Бороо гоулд” компанийнх.  Харин ховор элементийн  Лугийн голын ордын ард Солонгосын компани байдаг гэнэ.  Халзанбүргэдэй, Мушгиа худаг, Хотгор гээд ховор элементийн хэд хэдэн ийм ордыг гадна дотны хөрөнгө оруулалттай  компани эзэмшдэг юм байна. Өнөөдрийг хүртэл дээрх ордуудыг тэд өөрсдийн хөрөнгөөр хайгуул­даж,  овоо мөнгө зарчихаад байгаа аж. Гэвч  төр эдгээр ордыг нэг хэсгийнх нь мэдлээс салгаж,   нийт олны өмч болгох юм гэнэ.  

Өнгөц харахад энэ шийдэл гоё харагдаж байна. Үнэхээр эх оронч шийдвэр юм шиг санагдаж байгаа юм. Монголынхоо баялгийг ард түмэнд эрх тэгш, ижил тэнцүү хувааж өгөх гэсэн төрийн зөв бодлого мэтээр харагдаж байна.   Манай дарга нар ч яг ийм өнцгөөс тайлбарлаж, ард түмэнд таалагдах гэж хичээж байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн ч үргэлж ингэж ярьдаг, үүнийг шаарддаг.  Үр дүнд нь үе үеийн   дарга нар  ашигт малтмалын ордуудынхаа 51 хувийг иргэддээ аваад өгчихлөө шүү гэж цээжээ дэлддэг. Ийм үг үйлдлээрээ олноо танигдаж, од  болчихсон яваа улстөрчид  бий.   Гэвч үнэн хэрэгтээ  баялаг хэзээ ч ард түмний өмч болдоггүйг  өнгөрсөн 90 жи­лийн түүх, туршлага хоёр монгол­чуудад харуулаад өгчихсөн.  Үүнийг манай өвөг дээдэс яс махаараа мэдэрчихсэн юм.

Харин дунд үеийн залуус энэ тухай сайн мэдэхгүй байж магадгүй. Тийм ч учраас тэдэнд зориулж улстөрчид ингэж ярьдаг биз.  Үнэхээр залуус “эрдэс баялаг тэр чигээрээ бидэнд ирнэ” гэж гэнэн тэнэгээр итгэдэг. Нэг хэсэг хүмүүс газар ухаж,  уудалсан алт, эрдэнэ­сээсээ өчнөөн мөнгө олоод байна. Тэр нөхдүүдийг баяжуулаад бай­гаа газруудыг төр засаг маань хурааж, стратегийн орд болгох юм байна.  Дараа нь ард түмэн бидэндээ эзэмшүүлэх нь. Монгол хүн бүр хагартлаа баяжина хэмээн алгаа ташин баярлан хүлээж авдаг. 

Чин үнэндээ тийм байсан бол  юм бүхэн, өмч болгон төрд данстай  явсан  өнгөрсөн  90 жилд монгол­чууд яагаад баяжаагүй хэрэг вэ.  Хоосон хонодог ядуучууд нь хэвээрээ, хот улс нь  дэлхийн хөгжлөөс хол хаягдсан чигээрээ одоотой золгосны учир тэгвэл юунд байгаа юм.  Ердөө л  тухайн үеийн дарга нар зөвхөн өөрсдөө өмчтэй  байсаар ирсэнд нууц нь оршиж байна.  Төр өмчтэй байна гэдэг нь дарга өмчтэй байхыг л хэлдэг ажээ. Тийм учраас бүх зүйл улсын мэдэлд байх тэр үед ард түмэнд өмч падлий байгаагүй. Харин дарга нар олны нүдэн дээр гарахаараа “Өмч бүхэн улсынх. Төр өмчтэй байна гэдэг бол түмэн олон өмчтэй байна гэсэн үг” хэмээн лоозондож итгүүлсээр иржээ.   Харамсалтай нь түүн шиг худлаа зүйл байгаагүй нь одоо  илчлэгдэж байна. Тэгвэл энэ үнэнийг өнөөдрийн дарга нар мэдэхгүй байгаа гэж үү. Бүгд  мэдэхийн дээдээр мэдэж, ойлгож байгаа.   Тэгсэн мөртөө яагаад нэмж долоон уурхайг стратегийн орд болгох гээд байна гэж үү.   Ердөө дахин хуваа­рилалт хийхээр улайрч байгаа юм.  Тэр нүцгэн үнэнийг нь Уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Д.Дамба хэлчихсэн байна лээ. “Эрдэс баял­гийн хуваарилалтаас хоосон хо­цор­сон улстөрчид  төрийн нэрийг барьж, хувийн хэвшилд очсон ордуудыг салган авч дээрэмдэх оролдлого хийж байна.  Ордуудыг хурааж авсныхаа дараа  “Төрд очихоороо бурууддаг юм байна” гэж хэлээд буцаагаад хувьчилна. Тэр дундаас өөрсдөө хувь олж авна”  гэж ярьсан байна. 

Энэ үг үнэн. Улстөрчид өнгөр­сөн хугацаанд яаж улс төр хийвэл төрийн толгойд гараад ирэх бол. Яавал хүнд танигддаг болох уу хэмээн албан тушаал, авгай хүү­хэн, амбиц хөөцөлдөөд ухаангүй явж. Тэр  хойгуур нь овсгоотой хэд нь аль хэдийнэ алт эрдэнэсийн авдруудаа хуваагаад авчихсныг мэдэлгүй өнгөрсөн хэрэг. Ингэж хоосон үлдсэн хүмүүс одоо амсч чадаагүй бялуунаасаа хүртэж, хувиа авах гэж байна. Эх орон толгойлж яваагийн хэрэг юу билээ эрдэс баялгийн хишиг хүртэхийн тулд “шархаа” нөхөхөөр шаргуу  үзэж эхлэв бололтой. Стратегийн орд газрыг хурааж авах гээд бай­гаа­гийн жинхэнэ үнэн нь энэ юм.

 
Үнэн сэтгэлээсээ улсаа боддог байсан юм бол  тэд сая МИАТ-ийг  хувьчилчих байлаа. Гэвч тэгж чадаагүйг нь бодоход цаанаа далд санаатай нь илт байна.  Учир нь   МИАТ одоохондоо “туранхай” байгаа болохоор  хувааж идэхэд хүртээмжгүй санагдаж таараа. Тиймээс “Төрийн мэдэлд байсан нь дээр. Энэ бол ард түмний өмч” хэмээн уран үгээр уярааж байна. Ойрын хэдэн жилдээ  харзнаж, МИАТ-ийг  таргалуулныхаа дараа  хувьчилж, хувааж авах төлөвлөөг толгойдоо боловсруулчихсан суугаа нь ойлгомжтой.

Аливаа өмч төрд очиж байж ард түмнийх болдог гэсэн гоё нэрийн дор  өөрсдөө хувь авдаг улстөрч­дийн  увайгүй аргыг  ард түмэн одоо нэвт мэддэг болсон. Хамгийн сүүлд энэ аргаараа  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өөрч­лөлт оруулах нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг завдсан.  Бус­дын хөлсөө урсган байж бүтээсэн  өмч дээр хэн дуртай нь тоглож байх үүдийг нээж өгөхийг оролдсон юм.  Ийм байдлаар тэд  хувийн өмчийг нийтийн өмч болгочихоод дараа нь өөрсдийн  болгох оролдлогыг төрийн бодлого байлгахаар тооцоолж байна.    

Тэднийг ингэж улайрч байх хооронд улсын эдийн засаг,  ард түмний амьдрал золиосонд нь  хохирохоос өөр хэн ч хожихгүй.  Нэгэнт ийм эмзэг үе ирчихсэн бол  хувийн өмчитнүүд  яах  ёстой юм бэ.  Эв нэгдэлтэй байж,  хаанаас хэзээ ямар эрсдэл ирэх гэж байгааг мэдэж,  сонор соргог болох хэрэгтэй байна.  Эрх чөлөө гэдэг бол өмчтэй байхыг хэлдэг учраас түүнийгээ  хамгаалахын тулд сэрэмжтэй байх нь юу юунаас чухал болжээ.   Өнөөдөр Монголын ДНБ-ий 80-аад хувийг хувийн хэвшлийн компаниуд бүрдүүлж байна. Эрсдэл бүхнийг үүрч,  хамаг хүч чадлаа дайчлан  хөл дээрээ боссон хувийн  хэвшлийнхэн том ажил нугалж өгдөг. Тэгвэл улс тэдний өгч байгаа үр шимийнх нь хариуг барих л ёстой. УИХ-ын гишүүдийн  80 хувь нь бизнесийн­хэн байвал гараас гарах ажлын үр дүн их байх нь мэдээж. Энэ тухай чөлөөт хэвлэлийнхэн  өдөр болгон сануулж, бичдэг. Яагаад гэвэл мөнгөтэй хүн улстөрч байхын давуу чанарууд олон учраас тэр.  

 Мөнгөтэй, өмчтэй байхын зах зухаас мэддэг хүн төрд байж гэмээ­нэ хувийн өмчитнүүдийн төлөө дуугарч чадна. Эмх замбараатай эрх чөлөө бий болгож байгаа нь энэ гээд ядуу өрхийн амьжиргаа залгуулж, хөл дүүжлэх ганц унааг нь  солгой рультэй гэдэг шалтгаа­наар хураагаад байхгүй л байх хувийн өмчийн үнэ цэнийг мэддэг түшээд УИХ-д олон байна.  Өмчтэй байхыгаа эрх чөлөө гэж ойлгож, мэдэрч чадсан хүн л  тэдний төлөө тэмцэж чадна. Өмчид их, багын ялгаа байхгүй. Стратегийн орд нэрээр хувийн өмчийг хурааж авах асуудал дээр ч өмчтэй улстөрчид л энэ буруу гэж хэлж чадна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Үнэтэй Улаанбаатар, хямдхан Лондон

Улаанбаатарчуудын
үйлчлүүлдэг их дэлгүүрүүдэд тогтсон зэрэглэл байдаггүй

-“ЦЕНТРАЛ ТАУЭР”-Т БАЙРЛАДАГ БРЭНДИЙН ДЭЛГҮҮРЭЭС НЭГ ТОМ ДАРГЫН ХҮҮ САЯ
АМ.ДОЛЛАРЫН ХУДАЛДАА ХИЙГЭЭД ГАРЧ БАЙЖЭЭ-

Монгол Улс анх удаа олон улсын жижиглэнгийн худал­дааны “AT Kearney”-ийн жаг­саал­тад дээгүүр бичигджээ.  Өнгөрсөн жил аравт бичигд­сэн бол энэ удаа долоод жагсч рекорд тогтоов. Дэл­хийн хөгжиж буй жижиглэн­гийн томоохон зах зээл бүхий 30 орны жагсаалтад нэлээд дээгүүрт давхиж явна гэсэн мэдээ сонсохоор аятайхан ч юм шиг. Цаашлуулаад хара­хаар хөөрцөглөхөөр  шалт­гаан байхгүй  юм билээ.  “AT Kearney” 
хөгжиж буй Хятад, Бразил, Орос руу хараагаа чиглүүлсэн өрнөдийн томоо­хон компаниудад  жижиглэн­гийн худалдааны өсөлтөөрөө анхаарал татаж эхэлсэн Мон­голыг онил гэж зөвлөжээ. Энэ өсөлтөд нь дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний  жижиг­лэнгийн худалдаа нөлөөл­сөн гэсэн тайлбарыг “A.T.
Kearney” менежментийн зөв­лөх пүүсийнхэн онцолсон байна лээ.  Манайх шиг жижиг зах зээлтэй улсын хувьд брэн­­­дүүдийн борлуулалт л дээгүүрт жагсахад нөлөөлсөн гэдгийг энэ зах зээлийг танд­даг “A.T. Kearney” -гаас гадна эдийн засгийн нарийн байту­гай наад захын ойлголтгүй хэн ч хөнгөхөн нотолчихно. Тэгэхээр дэлхийд тэргүүлээд байгаа энэ үзүүлэлтийн цаад ашиг нь Монголд биш, ал­дартай брэндүүдтэй дэл­хийн орнуудад ногдож байгаа гэ­сэн үг. Энгийнээр тайл­бар­лавал манай мөнгө гадаг­шаа урсч байна.

Эдийн засаг нь хөгжиж, тэлж  байгаа улсын нэг гэсэн ярианы завсар дэлхийн ал­дартай брэндүүд аль хэдийнэ ороод ирчихсэн гэх тайлбар дагадаг. Үнэхээр ч Louis Vuitton, Hugo Boss, Cartier, L\’Occitane,
Dunhill  гээд
яри­вал олон брэнд Улаан­баа­тарт үүдээ нээсэн. Захын брэндийн дэлгүүрт ороход л нэг бал 60 мянган төгрөг, нэг цүнх арав гаруй сая төгрөг болохоор жижиглэнгийн ба­раа­ны үнийн өсөлт өндөр гарахаас  аргагүй.  Брэндийн дэлгүүрүүдийн өндөр үнийг монголчуудын өнөөдрийн дундаж орлоготой харьцуу­лахад тэр бүр хүн аваад байхааргүй зах зээл. Гэхдээ л эдгээр дэлгүүр ашигтай учраас хаалгаа бариад га­раад явчихгүй байгаа. Тэгвэл тэр үнэтэй барааг нь хэн аваад байна вэ. Энэ асуултад хариулахын өмнө манайхны брэндийг чанар талаас нь харж сонголтоо хийдэг хэсэг аль дэлгүүрээр үйлчлүүл­д­гийг сонирхъё.

 ЛОНДОНГИЙН

“Marks & spenser”-ИЙН БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НЬ МОНГОЛЧУУД

Манайхны давгүй алба хашдаг хүмүүс  Лондон хотын “Marks &
spenser” дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид. Гол үйлчлүүлэгчдийнх нь тоонд яамдын мэргэжилтэн, газрын дарга, сайд нар бас багтдаг гэсэн. Мэдээж дээр нь биз­нес­мэнүүд орно.  Тэд “Хан бүргэдэй”, “Скай”, “Централ таур”-аар барагтай л бол үйлчлүүлээд байдаггүй. Лон­дон яваад шоппингдсон нь хавьгүй хямдхан, бас дажгүй брэндийн чанартай хувцсыг янз бүрийн сонголтоор  ав­чих­даг учраас тэр. Дизайны шоу болдог, дизайныг тодор­хойлдог гэгддэг францчуу­даас тансаглал, дэгжирх­лээрээ илүүрхдэг Лондон манайхан шиг гоёх дуртай хүмүүсийн хувьд яг тохирох зах зээл гэдэг юм билээ. Тэгээд ч хувцасны чанарыг мэдэрсэн  хүмүүс Францыг биш Английг сонголт сайтай, хамаагүй сайн хувцастай  гэж онцолдог гэсэн.  Сонголт сайтай, манайхны вкуст таар­сан юм байгаад байдаг нь Лондонд олон үндэстэн амь­дардагтай холбоотой гэх нь ч бий. Манайхны голчилж үйлч­лүүлдэг “Marks
&  spenser” Лондондоо бол  зэрэг­лэлээ­рээ дөрөвт жагсдаг. Дээд зэрэглэл буюу хатан хааны үйлчлүүлдэг дэлгүүр нь “Har­rods”. Тэгээд Selfridges, Debenhams, дөрөв
дэх нь  “Marks & spenser”.

“Marks & spenser”-ийн байнгын үйлчлүүлэгч, манай­даа давгүй алба хашдаг хү­мүү­сийн нэгд ордог эрхмийн худалдаж авдаг хувцасны үнийг “Хан бүргэдэй”-тэй харьцуулъя. Хувцсаа Лон­дон­гоос авдаг энэ эрхэм  20-30 фунт буюу 40-60 мянгад гоёлын, чанартай, брэндийн цамц авчихдаг. Яг ийм цамцыг “Хан бүргэдэй”-гээс дор хаяж 200 мянган төгрөгөөр авна. Өмдөө 80-100 ам.долларт буюу 112-140 мянган  төг­рөгөөр авдаг.  “Хан бүргэдэй”-д яг ийм өмд 200-250 мянган төгрөгийн үнэтэй.  “Marks spen­ser”-ээс тун дажгүй костю­мыг дунджаар 560 мян­ган төг­рөгөөр авах боломж­той. Ха­рин эндээс яг иймийг 800 мянгаас нэг сая 500 мян­ган төгрөгөөр авна. Барууны ор­нуудад ид хямдралын үе гэж бий. Арваннэгдүгээр са­раас нэг­дүгээр сарын хоо­ронд очвол саяын хэлсэн үнэ 50-80 ху­виар хямдарна. Га­даа­даас худалдаа хийгээд сурчихсан хүмүүс яг энэ үеэр нь бөө­нөөрөө очиж шоппинг хийдэг.

МОНГОЛЧУУД ХҮНСЭНДЭЭ ОРЛОГЫНХОО 40 ХУВИЙГ ЗАРЦУУЛДАГ БОЛ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД

Хүнсний хувьд ч  Улаан­баа­тарын үнэ Лондонтой эн зэрэгцэх юм уу, эсвэл давна. Амьжиргааны түвшингээрээ хамаагүй дор хэр нь бид Лондончуудаас дутахгүй үнэ­тэй хүнс хэрэглэдэг. Лондонд амьдарч байгаа хүн захаас үхрийн мах авлаа гэж бодо­ход нэг килограмм тутамд нь 6-8 ам.доллар төлнө. 8400-11200 төгрөг гэсэн үг. Манай зах дээр  нэг килограмм үх­рийн махыг 11800 төгрөгөөр зарж байгаа.  Манайх  дотоо­доосоо, малчдаасаа шууд авчирсан үхрийн мах хэрэг­лэдэг бол англичууд Авст­ралиас авчирсан үхрийн ма­хыг ийм үнээр худалдан ав­даг. “Скай” их дэлгүүрт  нэг килограмм чили усан үзмийг 18 мянган төгрөгөөр зардаг. Харин хамгийн сайн чанарын жимсийг Лондонгоос 10 ам.дол­­ларт буюу 14 мянган төгрөгт багтаагаад авчих бо­лол­цоотой. Нэг
судалгаа со­нир­хуулъя. Монголын дун­даж нэг айл орлогын­хоо 40 хувийг өдөр тутмын хоол хүнсэндээ зарцуулдаг гэсэн судалгааг Mercy corps Mongolia төвийн­хөн гарга­жээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын нэг өр­хийн хүнсэнд зарцуул­даг тоо сарын нийт орлогынх нь 8-9 хувийг л эзэлдэг гэнэ.

Одоо англи, монгол хүний орлогыг харьцуулъя. Дундаж амьжиргаатай англи хүний сарын орлого нь 20-40 мян­ган ам.доллар. Харин манай жирийн ардын  дундаж ор­лого 300 ам.доллар. Бүр дээ­шил­лээ гэхэд 500-700 ам.дол­лар. Английн бүр то­пуудын цалин бол сая дол­лар гэж ярина. Манай топууд хэд авдгийг мэдэхгүй. “Оюу толгой”-н ТУЗ-ийн гурван гишүүнийг сардаа 30 мянган ам.доллар  авдаг гэж хэсэг хардсан, хамгийн дээд тоо гэвэл тэр л байх. Гэхдээ  тэр нь батлагдаагүй. Нэг тэг нэ­мээд биччихэж, 3000 шүү дээ гэх нь бий. Гэхдээ л 3000, 30000 аль аль нь манайдаа хол тоо.

Англи, Монголын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээг­дэхүүний орлогыг нь харь­цуулъя. Манай улсын нэг хүн амд ногдох орлого 3600 ам.доллар.  Гэтэл Англид энэ үзүүлэлт 60 мянган ам.дол­лар буюу 20 дахин их байдаг.

ҮНЭТЭЙ БРЭНДИЙГ ТЭГЭЭД ХЭН АВДАГ БАЙЖ ТААРАХАВ?

Брэндийг эрхэмлэдэг хэ­сэг нь ингээд гадаадаас ху­дал­­даагаа хийчихдэг юм байж. Тэгвэл “Централ тауэр”-т байгаа тэр үнэтэй брэндүүдийг хэн сонгоод бай­­на вэ. Брэндүүдийг ор­лого­той байлгаж, Монголоос гараад явчихааргүй дайны ашигтай ажиллуулаад бай­даг хэдхэн худалдан авагч байдаг гэнэ. Гарын арван хуруунд багтахаар дайны гэр бүл үнэтэй брэндүүдийн байн­­гын үйлчлүүлэгчид. Тэд болон тэдний хүүхэд л үе үе орж  худалдан авалт хийдэг юм байна. Нэг том брэндийн худалдагч “Манайхаар хү­мүүс ер нь үйлчлүүлдэггүй ш дээ. Үйлчлүүлдэг нь тоотой доо. Голдуу л том дарга нар үйлчлүүлдэг. Нэг удаа манай нэг үйлчлүүлэгчийн хүү бүр сая ам.долларын  худалдаа хийгээд гарч байсан” гэж ярив. Нэг удаагийн худалдан авалт­­даа тэрбум гаруй төгрөг зарцуулчих дайны хүн бай­гаад байхаар ашиггүй ажил­лана гэж юу байхав. Худал­дагчтай нь үг солилцсон тэр дэлгүүрт гэхэд л нэг удаадаа 100 сая, 500 сая төгрөгөөр үйлчлүүлээд гардаг үйлч­лүүлэгч хэд хэд байгаа гэсэн. Энэ дэлгүүрт нэг ээл­жийн боломжийн костюм 2-4 сая төгрөгөөр зарагддаг юм би­лээ. Нэг том брэнд манайд орж ирж нээл­тээ хийхдээ то­моохон компа­ниудын за­хирлууд, төрийн өндөр албан тушаалтнуудыг урьж л дээ.  Тэнд очсон нэг эрхэм 1000 ам.доллараар зангиа авсан гэж ярьж бай­сан. Хэрэг­цээ­ний хувцсаа Англиас авчих­даг учраас бэлгэдэл болгож авснаа сонирхуулж байв. Учир нь нээлтэд очсон хүн бүр юм худал­даж авах ёстой байж. Хам­гийн хямд нь 1000 ам.дол­ларын зангиа, тэгээд цаа­шил­сан үнэтэй бараа­нуудтай брэндийн дэлгүү­рийн нээл­тэд уригдсан том­чууд дажгүй худалдан авалт хийгээд гар­сан гэсэн. Нэрэлх­сэндээ, нэг удаа юм даа гэж авсан хэсэг байсан байх. Гэхдээ энэ дай­ны үнэтэй юм авахаар мөнгө манай дээд­чүүлд бэлээхэн явж байдгийг  энэ мэтийн худалдан авал­таас харчихаж болохоор. Сүүлийн үед тэр­бум, тэр­бумаар нь мөнгө хураагаад баригдсан төрийн албан ту­шаалтнуудын хэрэг олноо­роо илэрч байгаа. Ма­гад­гүй мөнгийг хөдөлмөрлөж биш, зүгээр л олчихдог ийм хэсэг бүлэг хүн нийгэмд үүс­сэн нь брэндийн дэлгүүрүү­дийн ашиг­­тай ажилладаг гол шалт­гааны нэг байж мэднэ.  Хэдэн зуун саяар худалдан авалт хийдэг брэндийн дэл­гүүрийн хүндэт худалдан авагчдын дунд энэ хэс­гийн­хэн жин дар­даг болов уу гэж хардахаар бодитой жишээ­нүүд хангалт­тай сонсогддог.

Монголчууд соёлын тал­даа Оросын нөлөө ихтэй. Тийм болохоор ч тэр үү гоёх дуртай. Нэр төр, байр суурь, моодны төлөө ямар ч үнэ төлөхөд бэлэн гэдгийг нь байраа зараад 9911-тэй ду­гаар авчихсан залуугийн жи­шээгээр тайл­бар­лачихаж бол­но.  Ийм онцлогтой оронд орж ирвэл амжилт олно гэд­гийг брэн­дүүд өчнөөн жилийн турш­лагаараа олоод мэдчих­сэн байгаа.  Тэгээд л жижиг зах зээлтэй ч талын Мон­голыг онилдог  хэрэг.

МОНГОЛД ОРЖ ИРСЭН БАРАА ЯАГААД ҮНЭТЭЙ БАЙДАГ ВЭ?

Олон шалтгаан бий. Саяын ярьсан сэдэвтэйгээ уяж яривал онцлохоор гурван шалтгаан байна.  Анг­лид гэхэд дэлгүүрүүд нь зэ­рэглэлтэй, тэр зэрэглэлийн дэлгүүрт ийм брэндийн юм төчнөөн долларын хавьцаа байна гэдгийг тооцоод гарга­чихаж болно. Манайд бол тиймгүй. “Хан бүргэдэй”, “Скай”, “Макс молл”, “Улаан­баатар” -ын аль нь нэг, хоёр, гуравдугаар зэрэглэлд орох нь тодорхойгүй. Ямар ч бай­сан гайгүй брэндүүд байгаа гэсэн там тум ойлголт­тойгоор л ийшээ зүглэдэг. Нөгөө дэл­гүүрүүдэд нь  юмаа зарж байгаа хүмүү­сийн үзэм­жээр тогтоо­сон үнэлгээтэй бараанууд өрөө­тэй байдаг. 

Дараагийн шалтгаан нь манайх чанарын стандартгүй улс. Юу ч оруулж ирээд, ямар ч үнээр зарахад асуудалгүй. Гадны улсын хамгийн чанар­гүй барааг нь хямд үнээр дарж ирээд эндээ үнэ хүргээд бор­луулах боломжтой зах зээл. Гадаадын ихэнх брэнд бүтээг­дэхүүнээ сайн, дунд, муу гэж ангилаад үйлдвэр­лэчихдэг. Наад зах нь  сни­кер­сийг гэхэд л цаад компа­ниас нь гурван зэрэг­лэлээр хий­дэг.  Харин ма­найд сни­керс л бол сникерс. Брэндүүд тухайн улсын онц­логт нь тохируулаад бүтээг­дэхүүнээ үйлдвэрлэх нь бий.  Жишээ нь “Ланд крузер”-ийг эрс тэс цаг ууртай орнуудад нэг өөр, халуун орнуудад бас өөрөөр үйлдвэрлэдэг. Мэ­дээж халуун орон руу гаргаж байгаа нь өртгийн хувьд хямд хийгдсэн гэдэг утгаараа арай бага үнэ­тэй гарч таарна. Ма­найд чана­рын стандарт энэ тэр гэж зо­воохгүй болохоор машин зар­даг нөхдүүд ха­луун орон руу гаргадагийг нь хямдхан оруулж ирээд үнэтэй зар­чихдаг гэж учир мэдэх хүн ярьж байсан. Брэн­дийн үнэ өсөөд, өгсөөд байд­гийн өөр нэг шалтгаан нь энэ.

Дараагийн шалтгаан нь гаднаас бараа оруулж ирэх гэж 20 гаруй шат дамжиж, өчнөөн юм болдог хил, гаа­лийн орчин. Нэг бараа оруулж ирэхийн тулд ийм олон шат дамжчихаар цаг хугацаа алдаж таарна. Ямар ч бизнесмэн “хэрвээ би энэ мөнгийг банкинд хадгалсан бол” гэж бодож байгаад үнээ оруулж ирснээсээ эрс өндөр тоогоор тогтоох нь тодорхой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилал гарч амины сууцтай болгосон шиг…

Сүүлийн үед хүмүүсийн ам дамжин ярьж, нэг нэгнээсээ асууж сураглаж байгаа гол зүйл бол орон сууцны найман хувийн зээлд хэрхэн хамрагдах вэ гэсэн яриа. Орон сууцтай болмоор байна, агаарын бохирдлыг бууруулахад тустай энгийн боловч ашигтай арга иргэдээ орон сууцаар хангах явдал гэж байнга сонссоор ирсэн ч орон сууцны эрэлт дэндүү амин чухал асуудал байсаар ирсэн нь яг энэ өдрүүдэд тод харагдаж байна.

Үнэхээр аав ээжийн гэрээс тусдаа гарах сан, хадмын хаяанаас холдох сон, түрээсийн бус өөрийн гэртээ өглөөд сэрж байх юм сан гэсэн бодол олон залуу, идэр гэр бүлийнхний өдрийн бодол байжээ. Бас нийтийн дулаантай, дотроо жорлонтой байранд амьдрах сан гэсэн мөрөөдөл мянга мянган хүмүүсийн сэтгэлд байсныг энэ шийдвэр тод болгож өглөө. 2012 оны байдлаар Монголын хүн амын 23.8 хувь, нийслэлчүүдийн 40 хувь нь л орон сууцанд амьдардаг гэсэн тооцоо байдаг.

Орон сууцтай болохын тулд жилд найман хувийн зээлийн хүү төлөөд байвал бас ч гэж болж байна шүү гэсэн бодол хэн бүрийн толгойд ороод ирж байна. Төрөөс айл бүрт орон сууц бэлэглээд байхгүйгээс хойш ийм бодитой зээл л чухал. Америк хүний мөрөө­дөл тансаг хувийн сууц байдаг гэлцдэг. Тэр ч утгаараа АНУ-ын Засгийн газраас америк мөрөөд­лийг биелүүлнэ гээд байрны зээлийг хамаа замбараагүйгээр олгосноос ипотекийн хямрал үүсч, эдийн засгийн хямралыг дагуулс­ныг хүмүүс санаж буй биз ээ. Ажил хийж зээлээ төлөх боломжгүй хүмүүст байшин бэлэглээд байвал улс нь дампуурах эрсдэл байгаа учраас иргэнээ сайхан амьдруулна гэсэн утоп, үнэгүй саналаас татгал­захаас аргагүй. Харин иргэдээ дэмжсэн, бизнесийн байгуулла­гууд­даа дарамт үзүүлэхгүй бас төр засагт эрсдэл дагуулахгүй яг ийм шийдвэр л бидэнд хэрэгтэй байсан юм.

Засгийн газрын гаргасан “Орон сууцны ипотекийн ерөнхий нөхцө­лийг тогтоох журмаас харахад бодитой боломжийг иргэддээ олго­сон харагдаж байна аа. Мэдээж, урьд өмнөх зээлүүдэд хамрагдаж байгаагүйг шаардах нь зүйн хэрэг. Бас 10-30 хувийн урьдчилгаа нэхэх нь ч зүйн хэрэг. Тэгэхгүй бол АНУ шиг баахан айл шинэ бай­ранд нүүгээд орчихдог, төлбөрөө төлөх зүтгэл ч, сонирхол ч байхгүй бол босч яваа эдийн засгаа татаад унагачих нь ойлгомжтой юм. Засгийн газраас 10-30 хувийн урьдчилгааг шаардана гэж журамдаа заасан бол Монгол Банк хийгээд арилжааны банкууд нийлж ярилцаад бүгд 30 хувийн урьдчил­гааг авахаар болсон юм билээ. Энэ нь ч одоохондоо эрэлт нийлүүлэл­тээ барьж байх эрүүл шаардлага байхыг үгүйсгэхгүй юм. Тэгэхгүй бол хүн бүр 10 хувиа төлөөд байранд орох гээд байдаг, баригдсан барилгуудын үнэ тэнгэрт хадаад явчихвал эргээд асуудал үүснэ. Харин цаашлаад монголчууд маань эсгий гэрээ тохь тухтай сууцаар солиод, шат шатаар энэ хүрээ нь нэмэгдээд ирвэл Засгийн газар урьдчилгаа хувь дээрээ ч уян хатан хандаж эхлэх биз. Зөвхөн шинэ байр гэлтгүй, хуучны байруу­даас ч сонголтоо хийх боломжийг олгож байгаа нь хүмүүсийн са­наанд яв цав нийлж байгаа юм. Хэрэв 60 сая төгрөгөөр байр ава­хаар сонирхож байгаа бол урьдчилгааны 18 саяыг төлчих хэмжээний хуримтлалыг цуглуул­сан байх шаардлагатай. Энэ нь нэг ёсондоо тухайн хүн орон сууцтай болохоор зорилго тавиад ажил­лаж байсныг баталж байгаа хэрэг. 20 жил буюу 240 сарын хугацаанд үлдэх 42 сая төгрөгтөө зээл авна гэвэл сард 351 мянган төгрөгийг зээлдэгч төлөх ёстой. Сар бүр нэг өрөө байранд түрээсийн 300-400 мянган төгрөг төлөөд явж байсан хүмүүст өөрийн гэсэн орон байрныхаа төлбөрөөс хугаслаад явж байх шиг сайхан нь хаана байх билээ. Хорин жил айлын байр хэсүүчлээд юу ч үгүй үлдэхийн оронд өөрийн гэсэн голомтоо цэцэглүүлчихнэ гэдэг сайхан хэрэг. Харин дээрх хэмжээний зээлийг авах хүмүүсийн өрхийн орлого багадаа 700 мянга, баталгаатай гэвэл 800 мянган төгрөг байвал банкныхан ямар ч асуудалгүй зээлээ өгч орхих ажээ. Өнөөдрийн байдлаар энэ шаардлага тийм ч хэтийдсэн шалгуур биш билээ. Хэн хэнээ хонжиж монжихгүй, нэгнээ дэмнээд хамтдаа урагшлах бод­логыг төр засаг гаргадаг байх нь чухал. Өнөөдрийн ипотекийн найман хувийн зээлийг бүхий л арилжааны банкууд байж болох хувилбар гээд хүлээн зөвшөөрсөн байгаа. Үүнээс бага бол ашиггүй учраас энэ төсөл зогсох аюултай. Харин яг боломжит хувийн цэг нь энэ найман хувь бололтой юм.

Нэг талдаа жилийн 18 хувийн хүүтэй зээлийг олгож байсан банкуудын ашгийг хаасан мэт боловч нөгөө талдаа баталгаатай, баталгаагүй бүх зээлүүдээ Орон сууцны корпорацид арилжиж байгаа хэрэг. Хамгийн чухал нь ард түмэнд тэр ашиг нь ирж байгаа нь хамгийн чухал юм. Өмнө нь банкнаас жилийн 16.2 хувийн хүүтэй 44 сая төгрөгийн зээл аваад сар бүр байрны төлбөр, зээлийн хүүдээ 653 мянган төгрөг тушааж байсан танилд маань зээлийн хүүгээ бууруулах хүсэлтийг банкнаас нь тавьсан гэж байгаа юм. Гэрээгээ өөрчилснөөр сард 438 төгрөг тушаах болсон гэнэ. Засгийн газраас гаргасан жилийн найман хувийн орон сууцны зээл шинээр зээл авах хүмүүст ч биш бас энэ төрлийн зээлийг аваад явж байсан олон мянган хүмүүст бодитоор мэдэгдэж эхлээд байна.  Хамгийн сүүлд зээлийн төлөлт зургаан сар байх ёстой гэсэн хатуу болзлыг ч зөөлрүүлж байх шиг байна. Мөн 30 хувийг төлж чадахгүй гэвэл аав, ээжийнхээ хэн нэгний байрыг нэмж барьцаалаад бага хувийн урьд­чилгаа өгч болох боломж ч бий аж. Бас энэхүү зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах боломж­гүй иргэдээ ч орхилгүй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловс­руулан баталсан юм билээ. Тэгэхээр тэр хүмүүс ч бодлогын гадна үлдэхгүй нь.

Манайхан юм бүрийг хардаж сэрдэж, харлуулж бүдгэрүүлж хү­лээж
авах дуртай улсууд. Ашигтай санал, сайн санаачилгыг сайнаар нь хүлээж авахгүй гээд
яах юм. Найман хувийн зээлийг сонгуулийн шоу гэж тайлбарлах хүмүүс ч мэр сэр байна.
Хуучны нэг намын засаглалтай үе биш болохоор арилжааны банкууд өөрсдөд нь ашиггүй
бол юу гэж хүлээж авахав дээ. Гэхдээ олон нийт бүгдийг ялгаж, салгаж ойлгодог нь
сайхан юм даа. Улсын мэдлийн сууцанд амьдардаг гэж өөрсдийгөө бодож явсан олон мянган
өрхөд орон сууцыг нь үнэгүй хувьчилж өмчтэй хөрөнгөтэй болгосон АН-ынхан энэ асуудлыг
гаргаж тавьж байгаа учраас тэд илүү итгэлтэй ч байх шиг. Өнгөрсөн он жилүүдэд тэр
л орон сууц нь тэдний хувьд бодит өмч хөрөнгө нь болж ирсэн шиг дараагийн он жилүүдэд
найман хувийн хүүтэй зээлээр авсан байрнууд нь ч дэм болно гэдэгт эргэлзэхгүй байгаа
юм билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Он гарсаар 30 гаруй автомашин хулгайд алдагджээ

-ХЭДХЭН ХОНОГТ АРАВ ГАРУЙ АВТОМАШИН ХУЛГАЙЧИЙН ОЛЗ БОЛОВ-

Автомашины хулгайн хэрэг ихэссэн байна. Гадаа зогсоол дээр байгаа автомашинууд хулгайчид олзлогдох нь энүүхэнд болжээ. Бүр цоожтой гараашид нэвтэрч, дотор нь байгаа машиныг хулгайлсан гэх хэрэг цагдаагийн газарт бүртгэгдэх болсон гэнэ. Хулгайд алдагдсан автомашин эргэж бүрэн бүтэн олдох нь ховор аж. Учир нь хулгайч нар олзолсон машинаа задалж, сэлбэг болгон дамладаг байна. Ийм төрлийн бизнес хийдэг бүлэг хулгайчдыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ил­рүүл­жээ. Гэмт этгээдүүд өөрийн гэсэн засварын газартай байсан аж. Хулгайлсан тээврийн хэрэгслүүдээ засварчдад аваачиж өгөөд будганд оруулан өнгө зүсийг нь өөрчлөөд худалддаг байсан гэх. Үнэд хүрэх тээврийн хэрэгслүүдийг ингэж төрөл арилжтал хувиргаж зардаг гэсэн. Дан ганц өнгө зүсийг нь өөрчлөөд зогсохгүй, ижил төстэй автомашины арлын дугаарыг нь авч, мэдэгдэхээргүй янзалж зах зээлд гаргадаг байсан байх юм. Харин арай хямд үнэтэй, манайд  элбэг байдаг автомашинуудыг задаргаанд  оруулж, сэлбэг болгон худалддаг гэх мэдээлэл байна.

НЭГ ӨДРИЙН ДОТОР ДӨРВӨН МАШИН ХУЛГАЙД АЛДАГДЖЭЭ

“Автомашинаа хулгайд алдчих­лаа” гэх дуудлага цагдаагийн бай­гуул­лагад бараг өдөр болгон ирэх болжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд гурван автомашин хулгайд алдагдсан дуудлагаар цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажил­­лагааг үргэлжлүүлж байгаа юм байна.  Тэдгээр нь голдуу япон автомашин аж. Тухайлбал, Баян­гол дүүргийн IV хороо,  5а байрны гадаа гэгээн цагаан өд­рөөр 50-81 УБИ улсын дугаартай “Тоёота Раум” маркийн автомашин алга болжээ. Уг машиныг эзэн нь энэ сарын 12-ны 14 цагт байрныхаа гадаа орхиод гэртээ орсон гэнэ. Хэдэн цагийн дараа гараад иртэл машин нь ор сураггүй болсон байж.  Мөн тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн V хороонд “Зангад” дэл­гүү­рийн гадаа байсан 21-72 УНЛ улсын дугаартай “Sonata-5” мар­кийн машин алга болсон дуудлага цагдаад иржээ.  Жолооч нь дэл­гүүрт орохдоо машинаа асаалттай чигээр нь орхисноос ийн бусдын олз болсон байна. Мөн цоожтой гараашид байсан автомашин ал­дагд­сан хэрэг Баянгол дүүрэгт гарч. Машины эзэн өглөө ажил­даа ява­хаар гарааш руугаа очтол цоожийг нь эвдчихсэн, онгорхой байжээ. Харин дотор нь байсан “Гранд марк 2” маркийн суудлын авто­машин нь алга болсон байж. Жо­лооч урд өдөр нь машин­даа түл­хүү­рээ зоогоод орхисноос хул­гайч нар түвэггүйхэн авч одсон аж. Цагдаагийнхан хэргийн мөрөөр алдагдсан автомашиныг эрэн сур­валж­санаар хотоос зайдуу газраас олжээ. Гэхдээ бүрэн бүтэн биш, нэлээд тоногдсон байжээ.

Энэ сарын эхний долоо хоногт нийслэлд автомашины хулгайн хэрэг дөрөв бүртгэгджээ. Нэг өдөрт дөрвөн өөр дүүрэгт гарсан уг хулгайн хэрэг хэдхэн цагийн зө­рүүтэй болсон гэнэ. Баянзүрх дүүр­гийн XV хорооны VI байрны гадаа зогсоол дээр байсан  “Toyota
camry” 26-09 БӨТ улсын дугаартай ма­шин энэ сарын 6-ны 14 цагийн үед алга болжээ. Энэ нь ШУТИС-ийн оюутан Ө-гийн машин байж.  Мөн тэр өдөр албан байгууллагын хашаан доторх зог­соол дээрээс “Тоёота Корса” мар­кийн машин алга болсон байна. Иргэн Ж-гийн эзэмшлийн машин “Санкт­петр­бург” төвийн  хашаан доторх зог­соол дээр байжээ. Алга болсон уг япон тэрэг саарал өнгө­тэй бөгөөд 85-06 УБВ улсын ду­гаар­тай аж. Энэ өдөр мөн хоёр иргэн байр­ныхаа гаднаас автомашинаа алджээ.

Бас Баянзүрх дүүргийн XVI хорооноос иргэн Ц нь 76-17 УНГ улсын дугаартай “Toyoto
corolla” маркийн автомашинаа хулгайд алдсан байна. Уг хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө болсон. Алга болсон машины хувьд шаргал өнгийнх аж.  Энэ хэргийн өмнөхөн “Этүгэн” зочид буудлын гаднаас өглөөний 07.30 цагт  хар саарал өнгийн “Тoyota Grand Mark II” автомашин
хулгайчийн олз бол­жээ. Уржигдар гэхэд Баянгол дүүр­гийн XII хорооны XXI байрны нэг­дү­гээр орцны гадна ил зог­соолоос ир­гэн Д-ийн эзэмшлийн мөнгөлөг “Toyota prime” авто машин алга болжээ.

Дээрх хэргүүд бол зургадугаар сар гарснаас хойш бүртгэгдсэн байдал. Өнгөрсөн  тавдугаар 31-ний  03 цагт Улиастайн аравдугаар байрны гадна байсан мөнгөлөг саарал өнгийн “Hyundai Sonata-6” 
маркийн 32-93 УНӨ улсын ду­гаар­тай автомашин хулгайд алдагджээ. Уг машины жолооч машиндаа түлхүүрээ зоолттой орхисноос бусдад эд хөрөнгөө алдсан байна. Тээврийн хэрэгслүүд алга болсон эдгээр хэргүүдийн мөрөөр цаг­даа­гийн байгууллага ажиллаж байгаа аж.

АЛГА БОЛСОН 30 ГАРУЙ АВТОМАШИНААС 17 НЬ ТОНОГДСОН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

Урин цаг ирсэнтэй холбог­дуу­лан жолооч нар тэр болгон авто­ма­ши­наа дулаан гараашид оруу­лах шаардлагагүй болж бай­гаа. Энэ байдлыг далимдуулан урт гарт­нуу­дын ажил ундардаг болол­той. Олон цагаар эзгүй орхисон эсвэл асаалттай байгаа авто­ма­шинууд хулгайд өртөх нь элбэг гэж албаны эх сурвалж онцоллоо. Автомашин хулгайлж бизнес хий­дэг бүлэг хулгайчдын хулгайн арга нь тун нарийн байдаг гэх. Хэн нэгэнд автомашинаа худал­дахдаа түл­хүү­рээ олшруулаад авчихдаг юм байх. Ингээд машиныг нь ху­дал­даж авсан хүнийг судалдаг гэнэ. Зарсан машинаа дараа нь буцаж очоод  хулгайлчихдаг гэх мэдээлэл ч бий. Машиных нь түл­хүүр түүнд байгаа болохоор ямар ч асуудалгүй, эзэн нь юм шиг л унаад явчихдаг бо­лол­той. Тээв­рийн хэрэгслүүдийн түл­хүүр өөр хоорондоо таарахгүй. Тиймээс автомашинууд дөрвөн дугуйгаараа өнхрөөд хул­гайлагдсан байдлаас дүгнэхэд голдуу түлхүүр таа­руул­сан байдаг нь хэрэг мөрдөлтийн явцад тогтоогддог байна. Эсвэл олны хөл хөдөлгөөн багатай, бай­шин­гийн булан тохойд тавьсан тээврийн хэрэгслүүд хулгайд өрт­дөг аж. Зарим хулгайч тээврийн хэрэгслүүдийг өргөгчтэй ачааны машинд ачаад аваад явчихсан тохиолдол ч байдаг гэнэ. Хулгай­лагд­­сан тээврийн хэрэгслүүд дотор дохиоллын системтэй машин ч байсан аж. Хулгайч нарын хувьд дохиоллын систем тийм ч асуудал биш бололтой. Машинд хүрэхэд дохиолол дуугарвал аккумляторыг нь салгачихдаг байна.

Хулгайлагдсан автомашинууд олдохын хувьд олддог аж. Удаан хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсаны үр дүнд танигдахын аргагүй бол­чих­сон байдалтай олддог байна. Аль өн­гө­тэй, өөдтэй гэсэн бүхэн нь тоногд­сон байдаг аж. Эсвэл улсын дугаар нь өөрчлөгдөж, хэн нэгний өмч болчихсон байх нь ч бий. Нэгэн эмэгтэй “Ланд 80” мар­кийн авто­ма­ши­наа алджээ. Цаг­даад тэмдэг­лүүлж, удтал хай­сан боловч олдоо­гүй гэнэ. Жил гаруйн хугацааны дараа алдсан  маши­ныг нь өөр хүн жолоодож явахыг хараад таньжээ. Хөдөөний нэгэн иргэн уначихсан явж байж. Тэрээр уг машиныг ху­дал­даж авсан гэж үнэнээ өчжээ. Энэ мэт хулгай­лагд­сан тээврийн хэрэгслүүд хөдөө орон нутагт зарагддаг байхыг цагдаагийнхан үгүйсгэсэнгүй.

“Автомашины наймаа хийсэн хүмүүс хоорондоо мөнгө төгрөгийн  тооцоо дутуу хийгдснээс, эхнэр нөхрүүдийн эд хөрөнгийн мар­гаан­тай байдал, мөн иргэд өөрсдөө анхаарал болгоомжгүй байд­лаа­саа болж автомашинаа алдан эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд жолооч нар харуул хамгаалалттай газар машинаа тавих, машиндаа дохиолол хийлгэх, орон сууцны иргэд СӨХ-той хамтран авто­ма­ши­наа гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлага гарган жижүүрлэн манаж хонох шаардлагатай. Гэмт хэргийн та­лаар цагдаагийн байгууллагатай хамтарч аюулгүй орчныг бүрдүүлэх  хэрэгтэй. Тий­мээс хот­хон байраа­раа хамгаалалтын систем, камер дохиолол тавих, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүр­дүү­лэх нь чухал. Үүний тул төсөв мөнгө, санхүүжилт бас хэрэг­тэй” гэж Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэс­лэгч Б.Эрдэнэмөнх яри­лаа. Хэрэв таны машины дохиолол дуугарвал залхууралгүй шалгаж байхыг ч тэрбээр санууллаа. Хо­ром­хон зуур ч гэсэн автомашинаа асаалттай орхиж болохгүйг дээрх хэргүүд танд анхааруулга болсон биз ээ.

Автомашины хулгайн хэрэг нийслэлийн ихэнх дүүрэгт бүрт­гэгд­жээ. Өнгөрсөн онд 38  автомашин алга болсноос зарим нь олдсон гэнэ. Харин 2013 гарснаас 31 жолооч автомашинаа хулгайд алджээ. Хэргийн илрүүлэлт 60.7 хувьтай байгаа аж.

М.МӨНХ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Хулан: Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт,
Болор цом“-ын хо­шой тэргүүн шагналт Ц.Хулан­тай ярилцлаа.

Хэдхэн хоногийн өмнө таАлтан зэгсний ангирномынхоо баярыг Явуухулангийн цэцэр­лэгт нижгэрхэн тэмдэглэлээ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Тэгье.
Манай үе, үеийн яруу найрагчид олуулаа тэгшхэн оролц­сон миний номын баярыг сэтгүүл­чид маань гярхай бөгөөд дотно сайхнаар хүлээн авч олон нийтэд хүргэсэнд би их баяртай байна. Уг нь миний санаа бол шинэ номоо рекламдахдаа чухал нь биш, Явуу­хулан найрагчийн цэцэрлэгийг жинхэнэ зориулалтаар нь ашиглаж эргэлтэд оруулах явдал, генара­торыг анх түлхэх явдал байсан.  Юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийн том хотуудын төв талбайд, найрагчдын цэцэрлэгт, онгоцны буудлуудад, вокзал дээр… найрагчид шүлгээ чөлөөтэй уншиж, зураач нар бичил үзэсгэлэнгээ дэлгэдэг ийм нэг дуурайгууштай уламжлалыг Мон­голдоо бий болгох санаа байгаад тэр маань анх удаа амжилттай туршигдлаа. Яруу найраг өөрөө “ашгийн төлөө бус байгууллага” гэдэг шиг эд. Гэхдээ энэ үеэр шинэ номынхоо гарын үсэгтэй худалдаа явуулж чамгүй орлого ч бас амрал­тын өдрөөрөө олчихсон. (инээв)

Яруу найрагчид үнэхээр олуу­лаа ирсэн. Тэдний дундаас тантай ямагтшөргөө­цөлдөжявдаг Б.Галсансүх ч том ягаан сарнайн баглаа танд өгч харагд­сан. Та хоёр эвлэрчихээ юу?

-Шинэ
номоо гаргахаас өмнө­хөн би үеийнхээ нөхдөд хандаж “Та нарт миний тухай хэлэх ярих сайн, муу үг байдаг бол бичээд өг, хэзээ хойно худлаа магтаж, эсвэл худлаа матаж гоншигнохгүй, хэн хэндээ амар гэсэн юм. Тэгээд нэлээд хэдэн хүний буюу дээш, доош, дэргэдэх  үеийнхний үг овоо цугларчихаар нь хэвлэчихсэн. Сайхан л байна, үеийн нөхөд л хүнийг хамгийн ойр, хамгийн сайн мэддэг болохоор гомдлын үг над дээр нэг их дусаг­наад байдаггүйг мэдэж авсан. Б.Галсансүх хүртэл “Миний Хулан бол жинхэнэ найрагч” гэж бичсэ­нээс харахад, бид муудалцдаггүй л байгаа биз дээ. Ерөөс яруу найрагч гэдэг бол авьяасын зардас юм. Хэн нэг улстөрчид шиг, хэн нэг баячууд шиг эрх мэдэл, эд хөрөнгө булаалдах юмгүй. Алдрын шалдан титэмний үнэ цэнийг ойлгодог болоод ч тэр үү, яруу найрагчид нэг нэгнээ хайрладаг, өршөөдөг гэдгийн л өчүүхэн жишээ юм даа.

Улстөрчид нэгнээхайр­лах­гүйбайх ид үе буюу, Ерөнхий­лөгчийн сонгуулийн тухай та ямар бодолтой явна вэ. Учир нь та дөрвөн жилийн өмнөх сонгуу­лиар ч тэр, ерөөс улс төрийн хүчнүүдийн томоохон сэлгээ, өөрчлөлтүүдийн үеэр ямагт бо­дол санаагаа илэрхийлж дуугар­даг байсан. Харин энэ удаа яагаад нам гүм байна вэ?

-Юуных
нь нам гүм байх вэ. Хуулиар хориглоогүй газраа дуу­гарч л явна. Гэхдээ нэг ийм юм байна. Төрийн албан хаагч нө­лөөл­лийнхөө хүрээнд буюу ажил олгогчийнхоо зүгээс хамт олондоо нөлөөлөөгүй бусад бүх тохиолдолд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэдэг ч юм уу заалт, нэг ийм утга бүхий заалт сонгуулийн хуулинд нэмж оруул­бал зүгээр юм уу гэж харагдаад байх юм. Дуугүй хүн бүтэж үхдэггүй гэдэг үг байдаг ч эргэн тойронд худлаа яриад байх үед дуугармаар л болдог. Би ч тийм байна. УИХ-ын 2008 оны сонгуу­лийн үеэр нам намын нэлээд хэдэн улстөрчөөс “За харж байна уу. Хэдэн дуучин, хэдхэн яруу найрагч, хэдхэн сэхээ­тэншүү юмыг хуулиараа заазлаад хаячихаар энэ  нийгэм чиг барим­жаа­гүй болж, савлагаа ихдээд байна гэж харж байна уу гэж би амыг нь асууж байсан. Хот хөдөө­гийн хүмүүсийн холбогч гүүр бол­дог, худлаа ярихгүй, ярих ч эрхгүй мань мэтийн улс ингээд сонгуулиар дуугарах ч эрхгүй таг дуугүй болчи­хоор нийгмийн сэтгэл зүй тогтвор­гүйжээд, харин худлаа бурдаг өнөө хэд нь оодроод байгаа юм уу гэж харагдаад байна. Жишээлбэл, саявтархан манай нагац ах хөдөө­нөөс ирлээ. Нагац ах маань Бүрэн­гийнх. Хотоос үсрээд л 200 гаруй кило­метрт байдаг. Тэгтэл “Бүрэн нүү­чих­гүй л бол бүгдээрээ аваргадаа сонгуулиа өгнө өө” гэж байна. За, хүний сонголтыг улайм цайм заавар­даад байлтай нь биш гээд тэсээд л байлаа. Тэгсэн чинь, нагац ахын сонссоноор бол Элбэг­дорж  монгол хүн биш гэнэ. Тэгээд өгөхгүйгээр шийдсэн гэнэ. Хамаат­нууд нь хүртэл хятад гэдгийг нь илчилсэн гэж авч байна. Ийм хоц­рогдсон яриаг МАН-ынхан дахиад л хөдөөгүүр тарааж түгээж яваа юм байна л даа. Бүрэн сум бол хязгаар нутаг биш хотын хаяанд шахуу. Тэгвэл бүр алслагдсан орон нутагт сонгуулийн худал дэгс яриа гаарч байгаа юм байна л даа гэж бодлоо. Дээрх золбин яриаг нуудаг ор тас үгүйсгэх баримт хаа холын надад хүртэл байгаа. Манай нөхөр Д.Бат­баатар УБТЗ-д ажилладаг. Жолооч нь амралтаа аваад өөр жолооч түр ажиллахаар боллоо. Дэчинчулуун гэж өндөр бор залуу халгаж халгаж байснаа надад нэг юм ярьсан. Ховдын, тэр тусмаа Ерөнхийлөг­чийн маань нэг сум, нэг довны, бүр нэг удам угсааны залуу юм гэнэ ээ. Аав нь олон жил МАХН, одоогийн МАН-ын гишүүн явсан нөхөр,  нэрийг нь би мартчихаж, 2008 оны сонгуулиар “Цахиа гэдэг айлынх хилийн цаанаас, урдаас “нүүж ирсэн” ухааны юм ярьж балайрдаг өвгөн байдаггүй юу. Дэчинчулуун энэ өвгөний төрсөн хүү юм гэнэ. “Аав юу гэж балайраад шал худлаа юм яриад унав аа” гэж тэр уурлаад Ховд руу утасдаж, аймаар маргаан тэгэхэд гарсан байгаа юм. “Нэг нутаг усныхан төдийгүй найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс хүртэл зайгаа барьчихаад байгаа юм шиг санагдаад…” гэж Дэчин­чулуун жолооч ярьсан. “Аав чинь юунаас болоод ийм юм ярьсан юм бол” гэж намайг асуухад  “Хоёр зуун мянган төгрөг өгье” гэж МАН-ынхан нь хэлэхээр нь намын архаг гишүүн аав маань зохиогоод ярь­чих­сан гэсэн” хэмээн надад хэлсэн. Бүхэл бүтэн улс орон даяар ийм хөсрий яриа тарааж, намынхаа төлөө, хэдхэн халтар төгрөгийн төлөө төрсөн хүүгээ хүртэл хүний нүүр харах аргагүй болгож орхисон байдаг юм даа. Энэ мэтийн яриа байсан ч, эс байсан ч  Элбэгдорж  бол монгол шиг монгол, өөрийнх нь хэлснээр “Өндөр ууланд өссөн, эгэл малчны хүү”. Монголчуудын заяа хаячихаагүй л юм бол Элбэгээ Ерөнхийлөгч дахиад гарч л таарна.

Та дөрвөн жилийн өмнө Элбэгээ Ерөнхийлөгчийг дэм­жиж бүр шүлгээ хүртэл нийт­лүүлж байсан. Одоо энэ байр суурь тань хэвээрээ байгаа юу

-Мэдээж,
би Элбэгдорж Ерөн­хийлөгчөө дэмжинэ. Энэ хүнийг төрийн тэргүүн болсноос хойш миний, ер нь л олон хүний сэтгэл уужирсан. Төрийн жолоо эзэнтэй боллоо. Төрийг сульдааж, авлига, хулгай нүүрлэчихээд байсан тогтол­цоо дээрээсээ нурж эхэллээ. Ямар бузар муухай юм хийдэг байгаа вэ, МАН-ынхан. Харамс­маар, жигшмээр юм. Хүн шударга байж болдог, цалингаараа амьдарч болдгийг эх орондоо үзээд үхэх найдлага мань мэтийн хүмүүст төрдөг боллоо. Энэ маш чухал. Ерөнхийлөгчийн хэлсэн үг үзэл санаа болж, үзэл санаа нь үйл хэрэг болсоор байгааг бид дэргэ­дээс нь харж, дэмжиж, хэрэгтэй үед шүүмжилж ч чадаж байна. Ард­чилсан нийгэм гэж үүнийг л хэлдэг. УИХ-ын чуулганы нээлтүүдэд түүний хэлсэн үг цаг үеийнхээ хөтөч, луужин болдог. Зуун хувь өөгүй хүн, өөгүй улстөрч гэж мэ­дээж байхгүй. Элбэгээ Ерөнхий­лөгч хүнийхээ хувьд хар хорын санаа­гүй, хүнд их итгэнэ. Тийм болохоор шадар улс нь их л зөв, түүнд тэнцэж тохирсон өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай улс байгаасай гэж хүсдэг. Ерөнхий­лөг­чийнх болж ойлгогддог төрийн институциуд, ялангуяа шүүх, АТГ, хууль хянал­тынхан чадварлаг, шударга бай­гаа­сай гэж санагддаг. Ачиж байгаа улсынхаа араас ачиг­дахгүй байх тийм баталгаа бол өөрсдөө ч гар цэвэр, шударга байх явдал юм. Хоёрдугаарт, хэлмэг­дүү­лэлт гэж ярих, өөлөх өнцгийг хүмүүс өөрс­дөө бий болгохгүй байх ёстой юм байна л даа. Төрийн албан тушаалтан гар хөлийн үсгээ хаана юун дээр тавихаа мэддэг болох, хашир байх энэ тэрийг цаг үе бидэнд хэн хэнд маань сургамж болгож байна.

Улс төржиж талцах, хувь хүмүү­сийн захиалгаар хөдлөхгүй байх гээд шүүхийн шинэтгэлийн асар олон эерэг өөрчлөлтийг Элбэгээ Ерөнхийлөгч л цаашдаа хийж чадна. Галт тэрэг хөдөлчихлөө шүү дээ. Ерөнхийлөгчийн маань өнгө­рөгч дөрвөн жилд хийсэн, эхлүүл­сэн бүхэн зөвөөс зөв. Гагцхүү түүнийг доод улс нь хэрэгжүүлэх­дээ өндөр ур чадвартай, арга тактиктай байгаасай. Тэгж эс чад­ваас алдаа бүхэн Ерөнхийлөг­чийнх болж харагдана. Ерөнхий­лөг­­чөө дэмжье, цаана нь улс орноо хөг­жүүлье гэж бодож л байгаа юм бол хүн бүр дор бүрээ хичээх ёстой.

Таны шинэ номонд улс төрийн өнгө аястай шүлгүүд хэр олон орсон бэ. Заримаас нь уншигчдадаа хүргэж болох уу?

-Монголчууд аль юм болгон дээр эх орон, эх орон гэж цээжээ дэлдэх вэ. Найман зуун жил дар­лагдаж, хор­логдож, хийрхэж, тал­цаж ханалаа. Одоо больё. Эх орноос Төр орноо байгуулах цаг ирсэн. Оросоор бол Родина-гаас Отчизна руу явъя. Англиар бол Motherland төдийгүй Fatherland болгоё. Эх орон бол өвс ногоо, төрсөн гэрийн бууц, мал сүрэг, уул уурхай…Харин Төр орон бол энэ бүгдийг эзэгнэн хөдөлгөгч, хадга­лан хөгжүүлэгч. Эх орныхоо иргэ­дэд тэгш үйлчилдэг, тэгш өм­гөөл­дөг тийм хуулийн тогтолцоот, төрийн хүсэмжит дарангуйллыг Төр орон гэж хэлбэл болох болов уу. Ийм Төр орныг байгуулах хү­мүүстээ зориулж нэгэн шүлэг бич­сэн минь “Алтан зэгсний ангир” номд минь бас орсон байгаа. Түүнээсээ хэлье.

Голын нойтон хөвөөнд эртний хирэгсүүр…

Гоё хүрэн морь чинь тэнд, ногтоо чирээд идээшилнэ

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу?

Энэ хүрэн морь юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Шархайн шар талд дэрсэн толгой бөхөлзөнө

Шархадсан баатрын эцсийн бодол- ганц муу ижий нь л байсан байх…

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу?

Эртний баатар юу ч мэдээгүй, би бас мэдэхгүй ээ

Хаашаа л харна вэ хирэгсүүр… Эзэнт гүрний хирэгсүүр…

Халил хаданд орог бүргэд хо­шуу­гаа билүүдээд алсыг хараачлана

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юмуу?

Энэ бүргэд юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Монголоо гэсэн нь үрэгдэж дуусдагийг л мэднэ

Морь, бүргэд, хирэгсүүр болсон биз ээ!

Эх орон л гэж байсан Төр орон гэж байх юм уу

Эцэстээ Монгол минь хаана хүрнэ

Би мэдэхгүй, Та бас мэдэхгүй ээ…

Энэ шүлгийн төгсгөл хэдийгээр жаахан гутрангуй аястай ч, цаг үе маань тийм юм. Ер нь хэзээ эх орончдын түүх өөдрөг, дарданхан байлаа даа. Ц.Элбэгдорж шиг улстөрч, хожмын нэгэн цагт түүхэн эх оронч болж дуудагдах цаг заа­вал ирнэ. Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй. Үүнийг монгол­чууд бид өөрсдөө өнөөхөндөө зуун хувь хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй, ухааралгүй, цаг алдаж талцаад байгаа нь л гунигтай юм. Гэвч юм бүхэн аажуухан ч гэсэн урагшил­саар байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй бууд”

-КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЗУРГААН ТУЛ БАРЬСАН БАЙВ-

Гоёмсог цэцэгс битүү ургасан ой хөвч дундуур “Хөвчийн хар” бид хоёр дөрөө харшуулан яв­саар. Гүн ногоон өнгийг эмжин ургасан цэ­цэгс турьхан ишин дээрээ най­­ган ганхана. Тийм гэхийн аргагүй тан­саг үнэр хамар цоргих нь таатай мэдрэмж төрүүлэх ажээ. Өглөө нар ургахтай зэрэгцэн замдаа гарсан болоод тэр үү нарны гол­тойд шовх үзүүртэй ян сарьдаг уулсыг ардаа хийгээд авдаг байна шүү. Унаж яваа хонгор мори­ны ховилтсон зоон дээ­гүүр сувдарсан хөлс бөм­бөрч аяны уртад унаа­ширч байгаа бололтой толгой хаялан алхална. Одоо хоёр өндөр хадан байц бүхий уулын хэцээр давчихвал газрын уруу туушиндуулж өгнө. Гэхдээ модны захаас гарах болоогүй.

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр гээд Хэнтийн нурууны баруун
хормой, зүүн талаараа Мөнгөнморьт, Дадал, Бин­дэр зэрэг сумын нут­гаар дамжин үргэлжил­сээр
хойд хилтэй залгаж байгаа энэ л хөвчид Мон­голын ан амьтдын ихэнх бий. Бас онгон
төрхөө хад­галж үлдсэн байгаль бий. Монго­лын цэвэр усны нөөц хүртэл Хэн­тийн нурууны
аль нэг сугаас ундарч байгаа юм. Амьдралынхаа 20 гаруй жилийг энэ хөвчид өнгө­рүүл­сэн
“Хөвчийн хар” буюу Д.Мяг­мар­сү­рэн ах­тай Хан Хэнтийн торгон ногоон хөвч дундуур
явсан нь Монголын ан амьтад устаж үгүй болж байгаа эсэхийг шалгах зорил­го­той.
Бас ийм тан­саг, байгалийн гоо үзэмж бүрэлдэж диваажин бол­сон нууцлаг газар Мон­голд
байдаг гэдгийг хүн бүр мэдэж аваасай хэ­мээх чин хүслийн дор нийслэлээс гарсан билээ.
Монго­лын ан амьтад устаж үгүй болоогүй юм байна. Харин эсрэгээрээ өсч үржиж эхэлжээ.
Таа­ралдсан амьтан болгон үр төлөө дагуулан явж байгаа нь ингэж хэлэхэд хүргэв.

Гэхдээ амьтдын тархац нь ху­миг­­даж, зарим нь Хэнтийн ну­рууны уул ус тэгширсэн их  хээлэнд  идээ­шин, нутаглаж байгаа нь энэ аж. Хэрэв буруу гартнууд Хан Хэнтийн нуруу руу буугаа үүрээд гарах юм бол дэлхийд ховордоод байгаа Мон­го­лын ан амьтад устаж үгүй болоход ойрхон, эгзэгтэй үе дээрээ байна. Үүнд төр засаг анхаарлаа хан­дуу­лахгүй бол сарын 200 мян­ган төгрөгийн цалинтай байгаль хам­гаа­лаг­чид бүгдийг нь даатгаж бо­лох­гүй санагдана.

Энд хүний буруутай үйл ажил­л­а­гаанаас болж 1996 онд их хэм­жээ­ний газар нутгийг хамарсан түймэр гарч байв. Бар чулууны голын хажуугаас эхлээд Бэрхийн даваа, Хонин нугын доод хормойн ногоон ойг цоргисон түймэр үгүй хийж байсан. Тэр түймрийн туурь шатсан модод ёрдойн хоцорчээ. Гэхдээ байгаль өөрийгөө нөхөн сэргээж зулзаган цагаан хус, Бар чулуу, Бэрхийн даваа, Хонин нуга орчимд сэвшээ салхинд туялзан байна. Мөн 2007 онд онцгой байдлын гал сөнөөгч нарын амийг авч одсон түймэр Хэнтийн нурууны ширэнгэн ойн дунд хэсгийг өм цөм болгосон. Эдгээр зүйлс хүний буруутай үйлд­лээс болсон. Хэнтийн нурууны шатсан модыг хуу цэвэрлэх цаг болжээ. Түймэрт автсан газраар хаа сайгүй шатсан мод тааралдах юм. Эдгээр унасан модыг цэвэрлэж нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд тарааж өгмөөр санагдав. Тэд өвлийн цагт тор модыг 1500 төгрөгөөр худалдан авч нэг л удаа гал түлж байгаа. Тэгвэл Хэнтийн нурууны зүүн доод хормой битүү унасан модоор дүүрэн. Түүнийг нь хэн ч авахгүй байж байна.

Чингээд үд хэвийхийн алдад “Хөвчийн хар” бид хоёр уулнаас буулаа. Ерөө голын эх хар цай шиг хүрэн өнгөтэй, гүүн зэлэндээ номх­роо­гүй, махалчихсан унага шиг их усан мэлмэрэн цовхчих ажээ. Тэр­тээ доор хэдэн жийптэй хүмүүс ирчихсэн голын захад дэгээ шидэн  загас барьж байгаа харагдлаа. “Хөвчийн хар” “Өө алдаг гарууд. Яг одоо хамаг тул шүүрчихсэн сууж байгаа” хэмээн ганцаараа яриад мориндоо ташуур өгөн давхив. Би ч түүний араас давхилаа. Нөгөө загас барьж байгаа хүмүүс бид хоёрыг очиход метр гаруй урттай зургаан тул аргамжчихсан сууж байв. Тэд загас сонир­хог­чид, аж­лаа­лаа тайлах зорил­гоор загас барьж байгаа хэмээн тайлбар тавих аж. Бүр компанийн захирал хэмээн нэрийн хуудсаа хүртэл үзүүллээ. Бид хоёр энд хог тарьж болохгүйг сануулаад “аргам­жаа­тай” байсан зургаан тулыг нь усанд та­ви­у­лаад гэрийн зүг хөдөлсөн юм.

Тэд хэдэн загас бариад, шинэ шөл уугаад хөдлөх зөвшөөрлийг “Хөвчийн хар”-аас авав.  “Хөвчийн хар” холоос зориод ирсэн соёлтой хүмүүсийг шөл уух загас барихыг нь зөвшөөрөхгүй бол болохгүй. Хууль яриад байвал амьдралд нийцэхгүй” гэж тайлбарлав. “Хөв­чийн хар”-ын гэр Хонин нугын дээд хавтгайд бий. Арав гаруй жилийн өмнө барьсан байшин нь  суулт өгөөд хүн амьдрах аргагүй болжээ. Тиймээс хураалттай байсан гэрээ  бариад байгаа аж. Түүний эхнэр Эрдэнэчулуун гэж инээд алдсан хижээл насны эмэгтэй цай хоол болоод л их зочломтгой ажээ. “Ма­най энд хүн амьтан ирэхгүй хэцүү. Хүү бид гурав өвөлд гадны хүний бараа огт харахгүй. Таван сард л сумын төв орно. Намар арван сар гээд хоол хүнсээ бэлдээд эндээ байдаг юм” хэмээн ярих.  “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэнгийнх таван хүүхэдтэй. Том хүү нь Гер­маны том эрдэмтний хүргэн болоод явчихсан байна. Түүний дараахь хүү мөн л энд судалгаагаар ирсэн Германд сурдаг монгол охинтой айл гэр болоод Германд амьдар­даг болжээ.  Харин бага хүү М.Хи­шиг­бат Хүмүүнлэгийн их сургуульд сурч байгаа оюутан. Аавыгаа дагаж олон жил хөвч тайгаар явчихсан. Хаана ямар газар байдгийг ан­дах­гүй. “Хөвчийн хар”-ынх зундаа энд ирсэн улсуудад газарчилж мөнгө олдог байна. Харин өвөлдөө бай­галь хамгаалагчийн 200 мянган төгрөгөөр гурил будаагаа худал­даж аваад сумаас хэдэн бор гө­рөөс агнах зөвшөөрөл аваад хүн­сээ хангадаг байна. Тэднийхээс хамгийн ойрхон айл нь 60 кило­метрийн зайтай гэсэн. Буйд газрын буйд амьрал иймэрхүү. Тэд байгаль дэлхийгээ үнэн голоосоо шүтэж хамгаалдаг  юм билээ. Тэр чанар нь ан амьтад хийгээд Хэнтийн нурууны байгалийг хамгаалж бай­даг. Хүн бүр “Хөвчийн хар” буюу Д.Мягмарсүрэнгийнх шиг байгалиа хамгаалах сэтгэлтэй байдаг бол Монгол дэлхий дахинд онгон төр­хөт байгальтайгаараа алдарших байх гэдгийг жолооч ах ярьж явав.

Тэр оройдоо нийслэл рүү хө­дөл­лөө. Ерөө гол савнаасаа халин шуугих ажээ. Тэртээ модоор бүрх­сэн хөхөмдөг уулын орой манан­тан үзэгдэнэ. Нүдний үзүүрт бүр­тэл­зэх уулын цаад ониор давахад л байгалийн диваажин газарт хүрнэ. Тэнд маажиг борхон баавгай уулын энгэрт халиар идэж, бугын их сүрэг наранд биеэ ээн зогсч, хэрэм, булга зэрэг амьтад модноос мод дамжин гүйлдээд сүрлэг ханд­гай шүд хага ташим хүйтэн, тув тунгалаг булаг руу явж, хөвчийн улаан буурал сортой чоно салхи сөрөн яваа. Хан хэнтийн нурууны савдаг “Хөвчийн хар” биднийг “Аян­даа сайн яваарай. Хөвч хангай­даа дахин уулзъя” гэх бэлэгшээлтэй ерөөл тавин үдсэн юм. Гэрийн эзэгтэй араас сүүний дээж өргөж, ууланд унаж явсан ухаа хонгор морь гэдсээ нум болтлоо жав­хаа­тал нь татаж, үзэмж гоо толгойгоо гудайл­ган уяан дээрээ зүүрмэглэх ажээ. Энд бүх зүйлс үзэсгэлэн төгөлдөр.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Ботаникийн эрдэмтэд ЖАГСАВ

ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ботани­кийн цэцэрлэгийн хэсэг газарт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Шүүхийн цог­­цолбор” барихаар тө­лөвлөж буйгаас үүдэлтэй маргаан үргэлжилсээр байна. Энэ цэцэрлэг нь манай улсын ботаникийн шинжлэх ухааны су­дал­гаа, туршилтын цорын ганц түшиц газар юм. Ботаникийн хүрээ­лэн­гийнхэн цэцэрлэгээ авч үлдэхийн төлөө өнгөрсөн хоёрдугаар сараас эхэл­сэн эсэргүүцлээ үргэлж­лүүлсээр байна. Тэд Нийс­лэлийн засаг захир­гааг гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж Сүхбаатарын талбай дээр өчигдөр жаг­саал хийлээ. Тус хүрээ­лэнгийн Ботаникийн сек­торын эрхлэгч, доктор С.Жамьяан­сүрэнгийн мэ­дээлж байгаагаар, Бота­никийн цэцэрлэг 34,7 га газартай, үүний 24,5 га газрыг Хууль зүйн яам тэргүүтэй хоёр гурван газар ава­хаар Нийс­лэлийн засаг захир­гаанд хандан зөв­шөөрүүлээд байгаа юм байна.

Хэрэв дээрх 24,5 га газарт Шүүхийн цогцол­бор зэрэг барилга бари­лаа гэхэд нийс­лэлийн оршин суугч 5000 хүний нэг хоногт амьс­галах цэвэр агаарыг уст­га­хад хүрнэ гэсэн тооцоог жаг­сагчид хэлж байна.  Бота­никийн цэцэрлэг нь төрийн тусгай хамгаа­лалттай газар. Тиймээс Ботаникийн хүрээ­лэн­гийн Ботаникийн сек­то­рын эрхлэгч, доктор С.Жамьянсүрэн “Энэ газар дээр барилга барих эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараа нь УИХ-аар оруулж хуульд өөрчлөлт оруулж байж шийдэх учир­тай. Засгийн газар арай ч ийм шийдвэр гаргачихгүй байлгүй дээ гэж эрдэмтэд маань итгэж байна.

Өмнөх он жилүүдийн турш­лагаас үзэхэд, эрх бариг­чид зун болгоны долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд хамгийн болохгүй шийд­вэрүү­дийг сэмхэн гарга­чи­хаад тараад алга болчихдог. Ши­нэч­лэлийн Засгийн газар хуучны тийм бүдүүлэг луйвар, алдааг арай ч давтахгүй байх аа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуягт найдаж байна” гэж­ жагсаалын үеэр хэллээ. Тэр­бээр олонх сайдууд Ботаникийн цэцэрлэгийн газар дээр барилга барьж болохгүй гэсэн байр суурьтай байгааг онцолж байна. ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Ч.Сайханбилэг, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, БОНХ-ийн сайд С.Оюун, Зам тээврийн сайд А.Гансүх нар ийм байр суурийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захи­рагч, Улсын баатар  Э.Бат-Үүлд хүргүүлжээ. Жагсагчдын эсэр­гүү­цэл зөвхөн Х.Тэмүүжин сайдын төлөвлөгөөнд чиг­лээд зогссонгүй. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж буйн хүрээнд Баян­зүрх дүүргийн арванхоёр­дугаар хороо­ны нутаг дэвсгэр дээр хийх дахин төлөв­лөлтийн зураг дээр Ботани­кийн цэцэрлэгийн урд хэсгийн хоёр га газрыг зам талбай болгохоор зурчихсан байгааг мөн хэлж байна. Энэчлэн хоёр гурван талын хүсэл сонирхолд дээрх 24,7 га газраа эрдэмтэд алдахад ойрхон болжээ. 

Ургамал судлалын эрдэм шин­жил­гээ туршилтын энэ түшиц газар дээр Шүүхийн цогцолбор барих гэж байгаа тухай бичгийг Хууль зүйн яам өнгөрсөн хоёрдугаар сард ШУА-д ирүүлс­нээс хойшхи таван сар гаруйн хугацаанд эрдэмтэд сайдыг ба­рил­га барих сонирхлоосоо татгал­зах болов уу гэж горьдсоор ирсэн гэнэ. Гэвч ХЗЯ тус хү­рээлэнтэй нэг ч удаа харьцаа­гүй чимээгүй байгаа­гаас үзвэл Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газрынхаа барилгыг барих гэсэн сэтгэл нь хэвээрээ байгаа юм байна гэж ойлгон “дол­ду­гаар сар”-аас өмнө амжиж Цэ­цэр­лэгээ авч үлдэхээр ийнхүү эсэргүүцлээ эр­чим­жүүлж буй юм байна. Эрдэмтэд маш их санаа зовж байгаа нь илт. Газраас нь  аваад эхэлбэл үлдсэнийг нь бүгдийг нь авна гэсэн үг. Нэг л орчих юм бол бүгдийг авах нь тодорхой гэж ярьцгааж байв.

Ботаникийн цэцэрлэгийг өөр газарт нүүлгэн шилжүүлж шинээр байгуулах боломж хэр вэ? Уудам Монгол нутагтаа алга дарам газар булаалдаж байхаар өөр газар цэцэрлэгээ нүүлгэн шилжүүлчихэж болдоггүй юм уу гэж С.Жамьян­сүрэн эрдэмтнээс асуу­лаа. Тэр­бээр хариуд нь болдоггүй юм. Яагаад Бота­ни­кийн цэцэрлэг хот дотор байх ёстой вэ гэвэл, хотын уур амьсгал, дуу чимээ стресс дотор мод ургамал дасан зохицож байж дараа нь шилжиж нутагшдаг. Түүнээс биш Дорноговь ч юм уу, хаа хамаагүй Хэнтийн нурууны орой дээр байгуулж болдоггүй учраас хотын дотор байх ёстой юм. Өнөөдрийг хүртэл Хотын нэг хүнд 4-5 метр квадрат ногоон байгууламжийн талбай ногдож байгаа юм. Энийг 16-20 хувь хүртэл нэмж 20-25 мкв талбай болгоно гэж Шинэлэлийн Засгийн газар зорилт тавьчихсан. Энэ зорилтоо эргээд үгүйсгээд Хууль зүйн сайд нь устгана гээд явж байна гэлээ.

Хотынхны мэдэж байгаа­гаар Ботаникийн хүрээлэнтэй хамтран олон улсын эрдэмтдийн баг жил болгон судалгаа, туршилт хийдэг. Ботаникийн цэцэрлэг нь энэ бүх судалгаа, туршилтын гол газар нь гэж жирийн оршин суугчдад хараг­даж л байдаг. Энэ олон улсын баг одоо хэрхэн хамтарч ажиллаж байгаа, Ботаникийн цэцэрлэгийн газрыг өөр зорилгод эзэмшүүллээ гэхэд хотын ногоон байгууламж ч дүүрч гэхэд шинжлэх ухааны та­лаа­саа ямар үр дагавар гарах бол гэж сонирхсон юм. “Манайд ногоон байгуулам­жийг эрхэлж байгаа олон газар бий. Соёолж гэх мэтийн болон хувь хүмүүс компаниуд нэлээд байна. Манайх бол энэ ургамлуудыг судалж ховор, хо­ворд­сон, нэн ховор, эмийн ашигт ургамлуудыг үржүүлэх ажлыг су­далж гүйцэтгэж байгаа юм. Мөн хотын ногоон байгууламжид тарьж болох ургамлуудыг судлаад сонгон шалгаруу­лаад, үүндээ үндэслэн тэрийгээ тарих агротехник стан­дар­тыг боловсруулж хотын захир­гаанд шилжүүлж өгдөг. Одоогоор бид хотын ногоон байгууламжид ургаж болох 50 зүйлийг судал­гаа­гаа­раа нотолж 16 стандартыг боловсруулж нийслэлийн Ногоон байгууламжийн газарт шилжүүлж өгсөн байгаа. Энд зөвхөн манай орны ургамал ургаад байгаа юм биш. Манайх Олон улсын ботани­кийн цэцэрлэгийн холбооны ги­шүүн орон учраас ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск, Улаан-Үд, Москва, Унгарын Ботаник цэ­цэр­лэг, Чехийн Ботаник цэцэрлэг, Тайванийн Ботаник цэцэрлэг, Фран­цын Парисын төв ботаник цэцэр­лэг, Канадын Оттава хотын ботаник цэцэрлэ­гүүдээс манайтай хамтран ажиллаж харилцан үр солилцдог. Солилцсон үрээ тарьж ургуулаад судалгаа туршил­тын мэдээллээ харилцан солилцдог олон улсын хэмжээний байгуул­лага учраас энэ цэцэрлэгийг авч үлдэ­хийн төлөө нийслэлийн оршин суугчид төдийгүй монгол хүн бүр саналаа Засгийн газарт хүргүү­лэ­хийг уриалж байна” гэлээ. Дэлхий нийтэд ботаникийн цэцэрлэг нь асар үнэ цэнтэй газар байдаг гэнэ. Олон улсын эрдэмтэд манай Бота­ни­кийн цэцэрлэгтэй хамтарч ажил­лах нийтлэг сонирхолтой байдаг юм байна. Учир нь Монгол орны ургамлыг судлах нь дэлхийг цөл­жил­төөс аврах гол үндэслэл гэж үздэг юм байна. Тиймээс БНХАУ-ын Өвөр Монголын нутаг, Төв Азийн төвд, олон экосистемүүдийн дунд оршиж байгаа манай орны ургам­лыг судлах, Монголын ботаник цэцэрлэгтэй хамтарч ажиллахыг дэлхий нийт тун өндөр түвшинд авч үздэг байна. Гагцхүү үүнд манай Засгийн газруудын өнөөд­рийг хүртэлх бодлого өөрийн үндэсний ч, дэлхий нийтийн ч тэр нийтлэг сонирхлын эсрэг яваад байна гэж Ботаникийн хүрээлэнгийн эрдэм­тэд гайхширч байна лээ. Жил ирэх тусам эрдэм шинжилгээнийх нь ажлын төсвийг таначихдаг гэнэ. Өнгөрсөн жил 8,5 сая төгрөгийн төсөв өгсөн бол энэ жил 4,9 сая төгрөгийн төсөв өгчээ. Ингэж ха­саад байгаа нь өмнөх Засгийн газруудын явуулсан бодлогын үргэлж­лэл бол энэ Засгийн газар Ботаникийн цэцэрлэ­гийг бүр устгая гэсэн төлөвлөгөө арай өвөрлөөгүй байгаа даа гэж жагсагч эрдэмтэд эмзэглэж яваа ажээ.

Н.ПАГМА
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН