Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны
807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн
Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяртай ярилцлаа. Тэрбээр үндэсний их баяр
наадмаас хойш анх удаа манай сонинд ярилцлага өглөө.
-Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол
хүртсэнд баяр хүргэе. Таны хувьд хоёр жилийн өмнө дөрвөн тэгш ой тохиосон наадамд
үзүүрлэн арслан цол хүртэж байсан. Өнөө жил Тулгар төрийн 2222 жилийн ойгоор аварга
цол хүртлээ. Бэлгэшээлийг бодсон ч сайхан санагдаж байна?
-Юуны өмнө энэ сайхан ойн баярын мэндийг Монголын
ард түмэндээ хүргэе. Миний хувьд түүхт ойн хоёр жил улсын өндөр цолонд хүрлээ.
Тийм болохоор үнэхээр сэтгэл өндөр байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, уул усандаа
баярлаж, сүсэглэн залбирч байна даа.
Жил жилийн баяр наадам ард түмний сэтгэлд ямар нэгэн сайхан дурсамж
үлдээсэн байдаг. Өнөө жилийн баяр наадамд өөрөө түрүүлсэн болохоор надад тохиолдох
ховорхон наадмуудын нэг энэ байлаа гэж бодож байна. Энэ жил үндэсний баяр наадамдаа
зодоглож буй бөхчүүдийн өнгө сайхан байсан. Бэлтгэл сургуулилт нь жигд байсан тул
хэн нь ч түрүүлж мэдэх наадам байлаа гэхэд болно. Монголын үндэсний бөхөд нэгэн
шинэ үе төрөн гарч ирж байгаа нь илт мэдрэгдэж, олон сайхан залуучууд улсын өндөр
цолонд хүрлээ. Дараагийн үе өсч өндийсөн гэдгээ энэ жилийн наадмаар ард түмэндээ
тэд харуулж чадсан. -Түрүүлэх бөхийн өнгө нэг л өөр байдаг гэдэг. Та наадмаар
түрүүлчихнэ гэж бодож байв уу?
-Олон жил төрийн наадамд барилдчихсан болохоор
би түрүүлж, тэд давна гэж ам гарахыг хүсээгүй. Ямар ч бөх би түрүүлнэ гэж хэр барагтай
хэлээд байдаггүй байх. Наадмын бэлтгэл дээр хэн хэнтэй таарах магадлалтай вэ гэдгийг
бодож бэлтгэлээ хийнэ гэхээс биш. Би түрүүлнэ, заан, харцага болно гэж тэр бүр сонсогдоод
байдаггүй.
-Таныг цагаан сарын барилдаанд түрүүлсний дараа ярилцлага авч байхад
цаашид сайхан барилдаж цолоо ахиулна гэж байсан. Арслан цолны цаад цол мэдээж аварга
байдаг. Хэдхэн сарын дараа аварга болоод уулзаж байна…
-Тэгж хэлж байснаа хэдэн сарын дараа наадмаараа
баталж чадлаа. Аварга цол гэдэг сайхан ч цаанаа хүнд ачаа тээж ирдэг юм байна. Өмнөх
жилүүдэд цол аваад үүнийгээ бататгах юмсан гэж хичээн бэлтгэл сургуулилтаа хийгээд
явж байхад болдог л юм байна гэдгийг мэдэрлээ. Одоо бол харин урд урд жилүүдээсээ
илүү хичээж энэ сайхан цолыг дааж явахын төлөө зүтгэх болно.
-Таны хувьд 35 насандаа Монгол Улсын аварга боллоо. Өмнө нь 30 гарсан
хойноо аварга болсон түүх хэр олон байдаг юм бэ?
-Монгол үндэсний бөхөд 30 гарсан хойноо аварга
цолонд хүрсэн бөх харьцангуй цөөн байдаг. Хамгийн гол нь би бөхийн спортоор уйгагүй
хичээллэж, цаг хугацаагаа, хөлс хүчээ зориулсны үр дүн аварга цол болон ирлээ гэж
бодож байна. Гэхдээ би ганцаараа хичээллээд өндөр амжилт гаргасан зүйл биш л дээ.
Амжилт гаргаж байгаа минь олон жил намайг дэмжиж байгаа Г.Буяндорж захиралтай “Ноёд”
группын хамт олон, “Сүлд” спорт хороо, Түмэндэлгэр захиралтай “Мон Дэ” группын
хамт олон, бөхийн спортоос өөр зүйлд сэтгэл хоёрдож болохгүйг захидаг нутгийн ах
нарын хүч хөдөлмөр байгаа юм. Түүнээс гадна мэдээж миний арыг найдвартай дааж яваа
эхнэр, хүүхдүүдийн маань ач гавьяа их бий.
-Аварга цолны болзол хангачихаад туг тойрч явахад юу бодогдож байсан
бэ?
-Миний хувьд 2011 онд 9 давж арслан цол хүртэж
байсан. Тэр үед уулзсан хүмүүс “Чи тэвчээртэйхэн барилдсан бол аварга болчих байсан
юм биш үү” гэцгээж билээ. Гэсэн ч тухайн үед харамсах сэтгэл төрдөггүй байсан юм
аа. Сэлэнгэ аймгийн маань нутгийн удирдлагууд “Аваргатай аймаг болчихвол зүгээр
юм биш үү” гээд захиас даалгавар ч өгч л байсан шүү. Тэднийхээ хэлсэн үгийг сэтгэлдээ
тээж, “Нутгийн зон олноо баярлуулъя, Сэлэнгэ аймаг аваргатай нутаг шүү” гэж ярилцаг
гэж бодон хоёр жил наадамд зориулан бэлтгэлээ хийсэн. Тиймдээ ч өнөөдөр нутгийн
зон олныхоо итгэлийг алдалгүй аварга цолонд хүрсэндээ баяртай байна.
-Хоёр жилийн өмнө арслан цолныхаа найрыг Зүүнхараад хийж байсан.
Удахгүй аварга цолны найраа хийх сураг гараад байсан хэзээ, хаана хийхээр болсон
бэ?
-Сэлэнгэ аймгийн удирдлагууд маань ярилцаад наймдугаар
сарын хоёрны өдөр аймгийнхаа төвд хийхээр болсон. Аймгийнхан найр хийнэ гээд гараа
хумхиад зүгээр суулгүй тэдэнтэйгээ хамт бэлтгэл ажлаа хийж байна.
-Энэ жил хаана бэлтгэл сургуулилтаа базаасан бэ?
-“Сүлд” спорт хороо, Сэлэнгэ аймгийнхаа бөхчүүдтэй
Төр хурахын аманд бэлтгэлээ базаасан. Төр хурахын аманд “Сүлд” спорт хорооныхоо
тамирчидтай бэлтгэлд гарахад надад ээлтэй байдаг юм. Тэнд гурван жил бэлтгэлд гарахад
нэг түрүүлж, нэг үзүүрлэж, нэг удаа их шөвөгт үлдсэн. Ингээд бодохоор аргагүй л
уул, ус нь таарч, өгөөж буянаа хайрлаж дээ гэж бодох болсон.
-Өнөө жилийн баяр наадмын хоёрын даваанаас л гал гарсан барилдаанууд
гарч байсан. Таны хувьд дөрвийн даваанд гэхэд энэ жил баараггүй улсын цолонд хүрнэ
гэж байсан аймгийн арслан Б.Эрдэнэхүүтэй барилдсан…
-Энэ жил өмнөх жилүүдээсээ олон аймаг, улсын
цолтон барилдсан болов уу гэж бодогдоод байгаа. Яагаад гэхээр ам авах гээд очиход
л залуу бөхчүүдийн нэр ерөөсөө харагдаагүй. Улсын цолонд хүрчих болов уу гэж бодож
байсан аймгийн цолтнууд дөрвийн давааны нугалаагаар өндөр цолтой бөхчүүдтэй оноолт
таарч өвдөг шороодож байх жишээтэй. Б.Эрдэнэхүүгийн хувьд заал, танхимын барилдаанд
түрүүлж, үзүүрлэж байсан шилдэг аймгийн арслангуудын нэг. Б.Эрдэнэхүү бид хоёр
хоёулаа “Сүлд” спорт хороонд харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэсэн ч найз,
нөхөд, ах дүү гээд танил тал харж барилдсангүй.
-Энэ жилийн наадмаар хэний ч тааварлаагүй амыг та авсан. Тавын даваанд
гэхэд уран барилдаант, хүчит заан Б.Соронзонболдыг амлахад Эрхэмбаяр ч хүчтэй
л байгаа юм байна гэсэн яриа хүртэл гарсан?
-Би бяртай чадалтайдаа тэгж ам авсан юм биш л
дээ. Миний хувьд аймгийн цолтой байхдаа улсын цолонд хүрчих юмсан гэж барилдаж
байсан үе бий. Аймгийн цолтой бөхийн зовлонг би мэддэг болохоор тэднээс хэн нэгнийг
нь амлаж гай болоод яахав гэж бодсон. Тэдний зовлонг мэднэ. Тийм болохоор би улсын
цолтой бөх амалъя гэж шийдсэн. Заавал Соронзонболд гэлтгүй өөр нэгэн улсын цолтой
бөхтэй тавын даваанд давсан ч, унасан ч горгүй юм даа гэж бодоод ам авсан. Түүнээс
Б.Соронзонболдод хонзон санаж ам аваагүй.
-Гэхдээ Соронзонболд заан та хоёрын барилдаан олны анхаарлыг татсан.
Таныг тахимаа авах гэж байхад Соронзонболд заан таны нүүр рүү дэлсээд авч байгаа
харагдсан…
-Б.Соронзонболд залуу хүний хувьд ааг омгондоо
шатаж явсан юм байлгүй дээ. Үүнийгээ ухаарах байлгүй. Төрийн их баяр наадам болж
байхад ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй. Түүнээс биш гудамжинд байгаа бол өөр хэрэг.
Түмэн олныхоо өмнө барилдах гэж ирчихээд, ямар зодолдолтой нь биш. Үндэсний бөхөд
эрэмбэ дараа гэж бий. Тэр үед би Соронзонболдтой савсаганаад зодолдсон бол цолтой
бөхчүүдийн дэг жаяг алдагдаж хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан биз. Тэгэхэд хүлээцтэй
хандсан минь буруу болоогүй байх аа.
-Зургаагийн даваанд Б.Сайнбаяр заантай барилдсан. Таны зүүн хөлд тун
эвгүй хонгодоход нэг гэдийгээд тогтож байгаа харагдсан. Эрхэмбаяр тулдаа л энэ
хонгодоонд тэсч үлдлээ гэцгээж байсан…
-Б.Сайнбаяр заантай олон таарч барилдсан даа.
Бид үе тэнгийн бөхчүүд болохоор давах, унах нь хамаагүй сайхан барилдчихъя л гэж
бодож ам авсан. Харин долоогийн даваанд шинэ харцага Э.Оюунболдыг амлаж барилдсан.
Түүнтэй заал, танхимын барилдаанд олон таарч барилдсан.
-Шинээр заан цол хүртсэн Б.Батмөнхтэй өмнө нь барилдаж байсан уу.
Батмөнхийн хувьд шуурхай барилдчихъя гэсэн бодолтой байсан болов уу?
-Батмөнхтэй өмнө нь барилдаж байлгүй яахав. Наймын
даваанд бид хоёр тунаж барилдсан юм. Миний хувьд Б.Батмөнхтэй золгоод барилдчихъя
гэж бодож байсан. Харин Б.Батмөнх золгооноос өмнө л барилдаанаа дуусгая гэж бодсон
уу, эсхүл заан цолондоо ханаж барилдсан уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Батмөнхийн
бэлтгэл өнөө жил гойд сайн байсан. Өмнөх барилдаануудаасаа илүү тамиртай байна
лээ.
-Үзүүр түрүүний барилдааны тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Шинэхэн
гарьд Б.Гончигдамбатай хэрхэн барилдъя гэж бодсон бэ. Хоёр жилийн өмнө та төрийн
наадмын үзүүр, түрүүнд шалгарч байсан тул сэтгэл санааны хувьд давуу байгаа нь
анзаарагдаж байлаа…
-Энэ жил багш, дасгалжуулагчид маань олон зүйлийг
надтай зөвлөсөн. Миний хувьд самбо, жүдогийн олон улсын хэмжээний мастер Нарангэрэл,
улсын харцага Г.Элбэг гээд хоёр багштайгаа бэлтгэлд гарсан. Хоёр багштайгаа зөвлөж
хүн болгонд нь тааруулж наадмын бэлтгэлээ хийсэн юм. Үүний ач гавьяа наадмаар л
яг гарлаа даа. Хоёр багшдаа үнэхээр баярлаж явдгаа мянга мянган уншигчтай “Өдрийн
сонин”-оор дамжуулъя.
-Таныг арслан цол хүртдэг жил таны найз Лхагвасүрэн “9999” гэсэн
дугаартай шинэ жийп машинтай ирж, та 9 даван үзүүрлэж байсан сонин түүх байдаг.
Өнөө жилийн хувьд тийм зүйл болсон уу?
-Наадмын өдөр найзууд маань өмнөх уламжлалаараа
манай гэрт ирцгээж наадмын тухай хуучилж, цай унд ууцгаан наадмын талбай руу хамт
явсан. “Хоёр жилийн өмнө би хэрэв 1010 гэсэн дугаартай машинтай ирсэн бол найз маань
түрүүлэх байсан юм” гэж Лхагвасүрэн маань ярьж байсан юм. Тэр жил нь би 9 давж үзүүрлэсэн.
Харин наадам тараад манайд ирчихээд 9999 гэдгийн хоёр есийг нь бий болгочихлоо.
Одоо хоёр ес дутуу гэж байсан.
Энэ бол гэхдээ аархал, омгорхол огт биш. Монгол
хүний амны бэлгэ гэж бодож байгаа шүү. Тийм болохоор өнөөдрөөс (өчигдөр) бэлтгэлээ
хийж эхэлсэн.
-Монголчууд цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх наадамд дээгүүр
барилддаг гэж ярилцдаг. Үүний нэг баталгаа нь та боллоо?
-Би цагаан сарын барилдаанд түрүүлсний дараа
сар шинээр Ж.Мөнхбат багштайгаа очиж золгосон. Тэгэхэд багш маань “Цагаан сараар
түрүүлсэн бөх энэ жил төрийнхөө наадмаар түрүүлчих байх аа” гэж байсан юм. Багшийн
ерөөл биелэлээ олсонд сэтгэл хангалуун явна. Өнөөдөр (өчигдөр) Мөөеө багш дээрээ
оччихоод ирлээ.
-Энэ жилийн баяр наадмын барилдаануудаас хамгийн хэцүү учраа нь хэн
байсан бэ?
-Үндэсний бөхийн спортын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн
юм байна. Амалж, амлуулж байгаа аль аль нь нугалаагаар таарч байгаа бөхчүүдийг харж
байхад улсын аварга, арслангууд дээр аймгийн шилдэг арслангууд очиж байгаа харагддаг.
Үүнээс үндэсний бөхийн хөгжил ямар шатанд явааг харж болохоор байгаа юм. Энэ жилийн
наадмын бүх бөхчүүд хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Учраа бөхийн маань бэлтгэл сайн
байна гээд ямар барилдахгүй байлтай биш. Адилхан бэлтгэл хийсэн болохоор тачигнатал
үзээд өнгөрсөн.
-Таны хувьд аварга цолонд хүрснээр С.Мөнхбат, Д.Сумъяабазар, О.Балжинням
аваргуудын дээр эрэмбэлэгдэх болсон уу?
-Тэрийг ёстой мэдэхгүй. Монголын үндэсний бөхийн
холбоо мэдэх байх. Энэ тухай бодсон ч юм алга.
-Наадам өнгөрөөд ихэнх бөхчүүд нутаг ус руугаа амрахаар явчихаж. Таны
хувьд хаагуур амрах вэ?
-Амарч амжихгүй юм шиг байна. Наймдугаар сарын
2-нд аварга цолны найр наадам болно. Долдугаар сарын 26-28-нд аав, ээжийн минь
төрсөн нутаг Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болох гэж байна. Аав, ээжийнхээ
нутагт хүндэтгэл үзүүлж, төрсөн буйрыг нь эргэж идээ цагааны дээж өргөе гэсэн бодолтой
байна. Тийм болохоор амрах цаг гарахгүй шинжтэй шүү.
-Өнөө жил “Сүлд” спорт хороо үнэхээр одтой сайхан наадаж аварга, харцага
цолтонтой боллоо. Нэг спорт хорооны тамирчин болох Н.Батсуурийн тухай ярихгүй
юу. Та хоёрыг ШШГЕГ-аас хүлээж авсан уу?
-“Сүлд” спорт хороо Хууль зүйн яамны харьяа байгууллага.
Х.Тэмүүжин сайд гадаадад томилолтоор яваа юм билээ. Сайдыг ирэхээр нэг мөсөн хүлээж
авъя гэсэн.
Н.Батсуурь харцага бөхийн удамтай гэдгийг Монголын
ард түмэн мэднэ. Аав нь улсын харцага Г.Намсрайжав гуай шүү дээ. Намсрайжав гуайн
ах улсын начин Даваасамбуу агсан байна. Батсуурийн өвөө Гэлэг начин гэдгийг бөх
сонирхогчид мэдэх байх. Залуу харцага аавынхаа цолонд хүрсэнд баяртай байна. “Сүлд”
спорт хорооны тамирчид бага хугацаанд асар их амжилт үзүүлж байна. Энэ нь манай
спорт хорооны дарга Ц.Баярсайхан зааны ач гавьяа юм. Олон сайхан шинэлэг зүйлс хийхэд
байнга дэмжиж тусалдаг удирдлагуудын буян ч бий.
-Сэлэнгэ аймгийн удирдлагууд хэрхэн хүндэтгэл үзүүлсэн бэ?
-Аймгийн удирдлагууд намайг хүлээж авч хүндэтгэлээ
илэрхийлсэн. Нийт Сэлэнгэ нутаг, Мандал сумынхандаа сайн сайхныг хүсье.
-Та уяачдын наадамд очоод цаашаа Мандал сум руугаа шууд явсан. Нутгийн
зон олон тань үнэхээр сайхан угтаж авсан байна лээ?
-Хүй долоон худагт болсон уяачдын наадамд очоод
нутаг руугаа явсан. Мандал суманд очиход үнэхээр халуун дотноор хүлээж авсан. Тэр
мөчид нутгийнхаа зон олонд баярлаж, бахархаж байлаа.
-Олон мянга гаруй хүн цуглаж таныг хүлээн авна гэж бодсон уу?
-Хоёр жилийн өмнө намайг арслан цол хүртээд нутагтаа
очиход мөн л халуун дулаанаар угтаж байсан юм. Энэ удаа аварга болоод очиход бүр
илүү санагдсан. Ийм сайхан нутаг ус, энэ сайхан хүмүүсийн дунд төрж өсөж, энэ сайхан
нутгийн нэгэн тасархай нь би шүү дээ гэж бодоход огшмоор л санагддаг юм билээ.
Ээж маань “Түмэн олныхоо хайр хүндлэлийг зөв
сэтгэл, зөв ухаанаар авч яваарай” гэж захьсан. Ээжийнхээ тэр сайхан сургаалийг
цаашид биелүүлэхийн төлөө хичээх болно.
-Таны гэргий өнөө жилийн наадмын бөхийн барилдааныг хаана үзсэн бэ.
Зарим бөхчүүд эхнэрээ дагуулаад очсон харагдаж байна лээ?
-Эхнэр цэнгэлдэхэд бөх үзээд суучихвал хоол, цайнаас
эхлээд арын ажил хэцүүднэ. Миний арыг найдвартай дааж яваа хүн гэргий маань шүү
дээ. Эхнэр маань жил жилийн наадмаар тогоо, шанагатай зууралдаж өнгөрөөдөг. Ер
нь бүх бөхчүүдийн эхнэр наадмын барилдааныг телевизээр харж, гал тогоондоо өнгөрүүлдэг
байх.
-Таныг аварга болоход гэргий тань хэрхэн баярласан гэж байна. Таньд
ярив уу?
-Мэдээж хамгийн их баярласан хүмүүсийн нэг нь
гэргий минь байгаа юм. Бид олон жил барилдаад ирэхээр эхнэрүүд нь их нервтэй болчихдог
юм биш үү. Хазайхад нь дагаж хазайж, баярлаж, гунихаас эхлээд сэтгэл санаа нь тогтворгүй
байдаг юм шиг байна лээ.
-Аварга маань бөхийн спорттой хэрхэн амьдралаа холбож байсан юм бэ?
-Аав маань бөхөд дуртай хүн байсан юм. Тийм болохоор
эрэгтэй хүүхдүүдээ бөх болгоно л гэдэг байлаа. Тэгээд ч манай удмаас даншгийн
босоо Шагдар, Монгол Улсын заан Ц.Баярсайхан гээд мундаг барилддаг хүмүүс төрөн
гарсан. Би гуравдугаар ангийн сурагч байхдаа Монгол Улсын арслан Уламбаярын Мижиддоржийн
шавь болж байлаа. Тэгэхэд У.Мижиддорж арслан Зүүнхараа хотод чөлөөтийн секц хичээллүүлдэг
байсан. Харамсалтай нь төд удалгүй Мижигээ арслан Улаанбаатар хот руу нүүхээр болж
хагас жил хичээллэсэн чөлөөт бөхийн секц маань хаагдсан. Түүнээс хойш үеийн нөхөдтэйгээ
гудамжинд дээл хувцсаа уран барилдаж байснаас бөхийн спортоор тууштай хичээллээгүй.
Харин 10 дугаар ангиа төгсөөд нэг жил аав, ээждээ
туслан сургуульд суралгүй өнжсөн. Тэр жилийн зун Мандал хайрханы тахилга болсон
юм. Би ч өөрийгөө барилдана ч гэж бодоогүй байтал хөгшчүүл барилдуулахаар нэрийг
нь маань аль хэдийнэ бичүүлчихэж. Хөгшчүүдийн урмыг хугалаад яахав гээд барилдтал
гурав давдаг юм. Овооны наадамд тэгэхэд даага уяж хурдлуулсан. Даага маань түрүүлж
би гэртээ бөөн баяр ороод гурав давснаа хэлж, даага түрүүлгэсэнээ аавд хэлсэн.
Аав түрүүлсэн даагыг нэг их тоолгүй овооны наадамд гурав давсанд нь үнэхээр их
баярласан. Тэгээд намар нь буюу 1997 онд Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их
шавийн дээд сургуульд улсын харцага Г.Элбэгийн шавь болгож өгсөн. Түүнээс хойш бөхийн
спортоос хөндийрсөнгүй дээ.
-Анхны цол мэдээж сумын заан байсан байх?
-Тийм ээ. 1999 онд Мандал сумын Түнхэл тосгоны
баяр наадамд түрүүлэн сумын заан цол хүртсэн. Анхны болоод ч тэр үү сумын заан
цолондоо хайртай байдаг юм. 2001 онд Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн баяр наадмаар
улсын начин Б.Бадралаар зургаа давж аймгийн начин цол хүртсэн. Аймгийн начин цолтой
хоёр жил төрийнхөө наадамд зодоглон дээгүүр даваанд өвдөглөсөн юм. Тухайн үед заал
танхимын барилдаанд аймгийн начин цолтойгоо сайн барилдчихдаг байсан болохоор улсын
цолонд хүрэх амархан гээд бодчихсон явсан. 2002 оны наадмын хоёрын даваанд Ч.Даваадорж
харцагад өвдөг шороодон их уйлж байсан юм. Тэр одоо болтол санаанаас ердөө гардаггүй.
Тэгж л төрийн наадмын торгон дэвжээ ямар хатуу вэ гэдгийг мэдэрсэн. Тухайн үед аавын
бие тааруухан байсан болохоор тэр жил начин болчих юмсан гэж зүтгэсэн. Бөх болсных
улсын начин болж аавыгаа баярлуулъя гэж дотроо шатаж явсан юм болохоор шарандаа
уйлсан байх. Тэгэхэд үнэхээр нас бага байжээ. Улсын цол хүртэж чадаагүйдээ гоморхон
“Ахиж би үндэсний бөхөөр барилдахгүй” гэж Г.Элбэг багшдаа хэлээд загнуулж байсан.
Гэтэл хоёр хоногийн дараа уяачдын наадамд Г.Элбэг багштай хамт очиж багш түрүүлж
би үзүүрлэсэн юм. Тэгэхэд би учиргүй их баярлан гарч ирэхэд “За, Эрхэмээ одоо барилдмаар
байна уу” гэж багш амыг минь асууж билээ. Багш хүн гэдэг тийм л айхтар юм билээ.
Уяачдын наадмаас хойш найм хоногийн дараа Зүүнхараа хот байгуулагдсаны 50 жилийн
ойн наадам болоход түрүүлж аавыгаа баярлуулсан. Аавыгаа сэрүүн тунгалаг ахуйд нь
улсын цол авч баярлуулж чадаагүй ч начин, арслан, аварга цол авахыг минь аав минь
тэнгэрээс харж байгаа даа гэж боддог. Би чинь аавыгаа л бодож бэлтгэл сургуулилтаа
эрчимтэй хийдэг байсан. Бөх хүн олон жил барилдах тусмаа хашир суудаг юм байна.
Түүнээс хойш 2003 онд Дархан-Уул аймгийн баяр
наадамд найм даван түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн дээ. Аймгийн арслан хэмээх
цолыг зургаан хоног зүүгээд төрийн их баяр наадамдаа зодоглон Ж.Мөнхбат аваргаар
тав даван улсын начны босго алхсан юм.
-Та ер нь багадаа хэрхэн нааддаг байсан бэ?
-Аав бөхөөс гадна моринд хорхойтой байсан. Намайг
багад хурдан морь унуулдаг байсан. Гэхдээ айраг түрүүнд хурдалж байгаагүй.
-Танай хоёр ах, дүү барилддаг уу?
-Үгүй ээ. Багад нь аав барилдуулна гээд дийлээгүй.
Би л барилдаж байна. Би дээрээ хоёр эгч, хоёр ах, дороо нэг эрэгтэй дүүтэй. Сонин
гэвэл би чинь одонгийн хүүхэд шүү дээ базарваань. Төрөхдөө л энгэрээ цоолуулж
төрсөн байгаа биз дээ.
-Та гэр бүлээ
танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Ц.Дэлгэрмаа гэдэг. Би чинь хоёр
охинтой хүн байгаа юм. Том охиныг Ариунзаяа гэдэг.
Ноднин бага охин наадмын өмнө төрж Саруулзаяа
гэдэг нэр хайрласан. Ноднингийн наадмаар би их шөвөгт үлдэж “саруул сайжрах”
чимэг хүртсэн нь цаанаа л нэг учир жанцантай юм шиг санагддаг. 2003 онд улсын начин
цол хүртэхэд аймгийн нутгийн зөвлөлөөс УАЗ 469 машин бэлэглэсэн юм. Тэр машиныг нь тухайн үеийн ханшаар буюу зургаан
сая төгрөгөөр худалдан Зурагтад хашаа байшин авч голомтоо бадрааж байлаа.
Э.ЭНХБОЛД
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН