-ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТ ДАХИЖ АВАХГҮЙ БОЛ ХОРТ ХАВДАРТАЙ ХҮМҮҮСИЙН
ЭМЧИЛГЭЭ ТАСАРЧ МЭДЭХЭЭР БАЙДАЛ ҮҮСЧЭЭ-
ХСҮТ-ийн туяа эмчилгээний
аппарат эвдэрсэн талаар хэвлэлээр мэдээлж байгаа. Энэ талаар ХСҮТ-ийн Туяа эмчилгээний
тасгийн эрхлэгч Г.Одонтуяагаас тодрууллаа.
-Эвдэрсэн гээд байгаа туяа эмчилгээний
аппаратыг хаана үйлдвэрлэсэн юм бэ?
-“Кобер жаро” буюу зай туяаны аппарат Монголд нэг бий. 2005
онд Олон улсын цөмийн агентлаг, Засгийн
газрын хамтарсан санхүүжилтээр суурилуулсан юм. Чехийн “ЮЖП Прага” компаниас авсан. Аппарат
суурилагдаад таван жил болоод засвар үйлчилгээ, хийгдэх стандарттай. Тухайн
үед нийлүүлсэн компани засвар үйлчилгээ хийлгэх гэрээ хийгээгүй учраас цацраг
идэвхт туяа гаргадаг аппаратын идэвхжилт суларсан. Идэвхжилт сулраад ирэхээр
өвчтөний эмчилгээнд орох хугацаа өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл хуучнаар өдөрт
60 хүнийг хурдан эмчилдэг байсан бол тун нь суларч идэвхжилт нь муудахаар хүнийхээ тоог цөөлж 30 болгосон. Мөн өмнөх
шигээ хурдан байхаа больж, хугацаа нь удаашраад
явчихаж байгаа юм.
-Уг нь энэ аппаратанд өдөрт хичнээн
хүн орох стандарттай вэ?
-Дээд тал нь 35 хүн. Оношлогоо сайжирсантай
холбоотойгоор хавдартай хүмүүс нэмэгдсэн. Тэр хэрээр ачаалал их байгаа учраас бид аппаратыг хоёр ээлжтэй болгож өдөрт 60 хүнийг
сүүлийн хоёр жилийн турш эмчилж байгаа.
-Аппарат өмнө нь эвдэрч байсан
уу?
-Олон удаа эвдэрч засварт орсон. Капитал
засвар ч хийгдсэн. Жижиг гар удирдлагын системд нь эвдрэл гарсныг хоёр удаа янзалсан.
Саяын гэмтэл мөн л гар удирдлагад гарсан байсан. Бид Чехээс инженер дуудаж засвар
хийлгэсэн. Удирдлагаа шалгуултал зүгээр гэж оношилсон. Түүний дараа аппарат маань
ажилд ороод дөрөв хоноод гар нь дахиад эвдэрчихсэн. Чех рүү эвдэрсэн хоёр хуучин гараа өгч явуулаад засуулаад
хүлээж автал мөн л ажиллаад хоёр цаг болоод эвдэрсэн. Өнөөдөр нөгөө нэг гараа хийгээд
08.00 цагаас эхлээд 14 хүний эмчилгээ хийгээд байна. Энэ аппаратын хувьд онцгой
цацраг идэвхит үүсгүүртэй гэдэг утгаараа тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаарддаг.
-Нийлүүлсэн компани яагаад цаад
газартайгаа засвар үйлчилгээний гэрээ хийгээгүй
юм бэ?
-Тендерийн үнэлгээ, төсөвт нь засвар
үйлчилгээний мөнгө огт тусаагүй юм билээ. Төсөвт ер суугддаггүй учраас л аппаратанд
асуудал гараад байна. Хавдар судлалын төсөвт
барилгын засвар үйлчилгээ гэсэн санхүүжилт л орж ирдэг. Тусгай аппаратын
засвар үйлчилгээ гэсэн төсөв огт байдаггүй. Иймээс л бидэнд асуудал үүсээд байна.
Энэ аппарат эвдэрлээ гэхэд Чехээс ирж л засаж өгөхгүй бол бид чадахгүй. Тэд ямар
үнэ хэлнэ, бид тэрүүгээр нь л засвар үйлчилгээгээ авч байна.
-Нэмж аппарат авахгүй юм уу?
-Энэ онд зайн туяаны аппараттай болно.
Тэгвэл хүлээгдэл, чирэгдэл багасна. Шинэ байрны өргөтгөлөөр манайд хамгийн сүүлийн
орчин үеийн шугаман хурдасгуур гэдэг хоёр аппаратыг суурилуулах гэж байна. Австрийн
Засгийн газрын хөрөнгө оруулалтаар төсөл нь хэрэгжинэ гээд хүлээгдээд байгаа. Барилга байгууламжийнх нь асуудал удаашралтай
байна.
-Өнөөдөр гэхэд хэчнээн хүн эмчлүүлэхээр
хүлээж байна, цаана нь хэчнээн хүн хүлээж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 53 хүн эмчлүүлэх гээд байж байна. Үнэнийг хэлэхэд
хүлээгдэж байгаа 100 хүн бий. Мэдээж хэрэг аппарат хүлээгдэж байх үед хүмүүсийн амь нас эрсдэлд орсон. Умайн хүзүүний хавдрын
эмчилгээтэй явж байгаа хүнд ганц зайн туяатай
эмчилгээ гэж явдаггүй. Дотор туяаны эмчилгээ хийгдэж байгаа хүмүүсийн
эмчилгээ бол тасраагүй. Яагаад гэвэл дотор туяа эмчилгээ явагдаж байгаа. Бас химийн
эмчилгээ нь явагдаж байна. Хагалгааны дараахь эмчилгээнд орох мөн толгой хүзүүний
гэмтэлтэй хүмүүсийн эмчилгээ ерөнхийдөө тасарчихаад байсан. Аппарат маань эвдэрчих
вий гэсэн айдастай л байна даа. Бас хүнээ цөөлж байна. Аппаратынхаа
ачааллыг ихэсгээд эвдэлж байхаар хүлээгээд
л байхаас яахав.
-Хичнээн хоног хүлээхээр байна.
-14 хоног. Чехийн “ЮЖП Прага” компани
л засаж чадна. Манайхан эрэг шураг мултрах, утас салах зэрэг жижиг эвдрэлийг нь
засаад байгаа.
-Эмнэлгийн тоног төхөөрөмжийг
авах тендертээ засвар үйлчилгээг нь бодолцох л ёстой юм байна даа?
-Тийм. Оруулж ирсэн компанид нь санхүүжилтийг
нь шийдэж өгч, засвар үйлчилгээг нь хариуцуулж байхгүй бол хүндрэлтэй юм байна. Энэ аппарат гэхэд нэг жилийн баталгаатай ирсэн.
Баталгаа нь дуусангуут гэрээгээ хий, бид засвараа очоод хийчихнэ гэчихсэн юм
билээ. Анхнаасаа ийм бодлогогүй юм хийсэн.
-Одоо ачаалал бага өгвөл эвдрэл
нь арай гайгүй байж чадах болов уу?
-Ачааллыг нь багасгачихаар гайгүй
л дээ. Гэхдээ олон өдөр хүлээсэн хүмүүс, ар гэрийнхэн нь бухимдалтай хэцүү л байгаа.
Эмнэлгийн ажилчдын дарамт нэмэгдэж байна. Аль болох ая эвийг нь олох гээд ажиллаж
байна. Ямар ч байсан цус алдаад байгаа хүмүүсээ түрүүлж оруулна. Энэ мэтээр 53 хүнээ ая эвээр нь оруулах гээд л үзэж
байна. Өнөөдрөөс эхлээд 50 хүнээр хязгаарлана.
Шинэ аппаратаа энэ ондоо багтааж
оруулж ирэхгүй бол энэ аппарат эвдрэлгүй ажиллана гэдэг бараг л худлаа
болчихлоо. Шинэ аппаратын хувьд тендер зарлана, орж ирнэ, оруулж ирэх тээвэрлэлт,
суурилуулалт гээд бодохоор бараг гурван сар болно. Урьд нь зарлагдсан тендер цуцлагдсан.
Одоо яамнаас удахгүй зарлана гэсэн. Тендерийн үнэлгээний комист Эрүүл мэндийн яамнаас
л ордог. Манайхаас аж ахуй хариуцсан хүн ордог юм. Бид материалыг нь бүрдүүлээд
өгөх үүрэгтэй. Манай тендерт эмийн тендер шиг олон компани ордоггүй, тоотой хэд
нь л ордог, онцгой бүтээгдэхүүн гэдгээрээ их олон үе шат дамжиж арай зардал өртөг
өндөртэйгөөр оруулж ирдэг. Ноднингийн тендерийн
хувьд тендерт оруулж ирсэн компаниудын үнийн
санал манай санал болгож байсан үнээс их байсан учраас цуцлагдсан юм. Эмч нарын
өвчтөнүүдтэй харилцахад хүнд л байна. Сэтгэлээр унасан ар гэрийнхэн болон бухимдалтай хүмүүсийг харна гэдэг хэцүү шүү дээ.
-Аппарат засварлах төсөв байхгүй
гэсэн. Аппаратаа засуулах мөнгөө хаанаас зохицуулсан бэ?
-Эрүүл мэндийн яамны нэмэлт төсвөөр
авсан. Дөрөвдүгээр сард аппарат зогссон. Бид нэмэлт санхүүжилтийг Засгийн газраас
ЭМЯ руу шилжүүлж авсан. Нийт 25 сая төгрөгөөр энэ засварыг хийлгээд байна.
Ц.БААСАНСҮРЭН
С.АРИУНЖАРГАЛ