Categories
редакцийн-нийтлэл

Б.Хосбаяр: МАН-ыг татан буулгаж, байрыг нь Парламентын ордон болгох хэрэгтэй

Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний
тэргүүн Б.Хосбаяртай ярилцлаа.

-Эрүүл нийгэм, ир­гэ­ний хөдөлгөөнөөр
со­нин юутай байна вэ?

-Амралтын байдал­тай байна. Зун улс
төр ч амралтын байдалтай.

-Танай хөдөлгөөнд хичнээн гишүүн
байна вэ?

-Бүртгэлтэй гэвэл 10 гаруй мянган
хүн бий. Удирдах зөвлөлд нь 11 хүн байдаг. Ажилгүй явж байгаа залуучууд ч бай­на.
2008 оны долдугаар сарын 1-нд шоронд ор­сон хүмүүсийг цагаатгах ажилд идэвхтэй оролцъё
гэж байна.  Ажилгүй яваа, шоронд орсон, бэртэж
гэмтсэн нь ч бий. УИХ-ын гишүүн, агентлагийн дар­га болсон нь ч бий. Хуу­чин Иргэний
хөдөлгөөн маань одоо тав, зургаан хөдөлгөөн, зарим на­мууд­тай нэгдсэн бай­гаа.
2012 оны сонгуулиар “Гурав дахь хүчин” эвсэл болсон шүү дээ. 

-Гурав дахь хүчин эвсэлд ямар намууд  нэгдсэн билээ?

-Бүгд найрамдах нам, Хамаг Монгол
хөдөл­мөрийн нам багтсан шүү дээ. Бид хамтарч 2012 оны УИХ-ын сонгуульд орсон. Харин
сүүлд “Эх орон” намтай нийлж, Ерөн­­хийлөгчийн сон­гуульд АН-аас нэр дэв­шигч Ц.Элбэгдоржийг
дэмж­сэн байгаа.

-Танайх чинь Иргэ­ний хөдөлгөөний
нам болоогүй бил үү?

-Үгүй. Иргэний хөдөл­гөө­нөөрөө л
байгаа.

-Иргэний хөдөлгөө­нийг өмнө нь
хүмүүс О.Маг­най, Ж.Батзан­дан­гаар төсөөлдөг байлаа. Гэтэл тэд АН руу яваад өгөх
шив дээ?

-Тэр хоёрын хувьд нэг нь гишүүн, нөгөө
нь агент­лагийн дарга болсон. Гэхдээ манай хөдөлгөө­ний залуус үлдсэн шүү дээ.

-Тэр хоёрыг АН руу орсонд дургүйцэх
ханд­лага байдаг болов уу?

-Үгүй ээ. Хаашаа явж, ямар сонголт
хийх нь  хүний эрхийн асуудал шүү дээ. Тэд
одоо ч иргэ­ний хөдөлгөөнтэй хол­боотой байдаг.

-2008 оны сонгуу­лиас хойш иргэний
хө­дөл­гөөн таг чиг болох шиг боллоо. Жагсаал цуглаан ч болохоо байж?

-Эрүүл нийгэм, иргэ­ний хөдөлгөөн
бол ба­руу­ны үзэл баримтлал­тай шүү дээ. Тиймээс одоо эрх барьж байгаа АН-ын явуулж
байгаа үйл хэргийг дэмжиж байгаа. АН сонгуульд ялж төрийн эрхийг аваад, ажлаа эх­лээд
дөнгөж жил болох гэж байхад жагсаал цуг­лаан хийж ажлыг нь үймүү­лээд хэрэггүй биз
дээ.

-Цаашид төлөвлө­сөн ажил юу  байгаа вэ?

-Олон акц, том жаг­саал цуглаан хийх
бодол байгаа.

-Жишээлбэл?

-МАН-ын тансаг байр­ны асуудлыг анхаарал­даа
авчихсан байгаа. 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүний амь золиосолж,  өөрсдөө байраа шатаачихаад ард түмний татварын
мөн­гөөр тансаг байр барьж, тухлаж суух эрх тэдэнд байхгүй. Төсвийн мөнгө­нөөс
11 тэрбум төг­рөг авч ийм том байшин барьсан биз дээ. Үнэхээр шударга бус байна.
Тий­мээс энэ асуудлаар нам­раас жаг­саал цуглаан хийж магад­гүй. Зүгээр нэг улс
төрийн нам ийм дан­хай­сан том байшинтай байх ёсгүй. Энэ бол дэл­хий нийтийн жишиг
биш. Тэгэхээр тэдний байрыг хурааж аваад улсын өмч, Парла­ментын ордон бол­гох хэрэгтэй.

-Танай хөдөлгөө­ний­хөн үүнийг
эртнээс ярьсан байх аа?

-Удахгүй бид энэ та­лаар албан ёсны
мэдэг­дэл хийнэ. АН ч үүнийг анхааралдаа авч хам­тарч ажиллах байх гэж бодож байна.

-Энэ зун улс төр нэлээд халуухан
байх шиг байна. Ажиглаж бай­на уу?

-Аргагүй шүү дээ. Сон­гууль болж өнгөрлөө.  МАН-ынхан бас л ялагд­лаа. Амь тэмцэхээс өөр яах
билээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэм­жээнд Хойд Солонгос, Хятад, Куб коммунист
намаасаа салаагүй бай­на. Гэтэл манай Монгол ч коммунист намаасаа салж чадаагүй
явна. Тий­мээс одоо манай улс Ар­дын намыг татан буулгах хэрэгтэй. Гэхдээ аль
1990 онд татан буулгачих ёс­той байсан юм. Гэтэл ардчиллынхан ардчил­лаа дутуу хийчихсэн
байхгүй юу.

-МАН-ыг шинэчлэх шаардлагагүй гэж
үү?

-МАН шинэчлэгдэх нь битгий хэл татан
буугдах ёстой. Шинэчлэгдэхээсээ өнгөрсөн нам шүү дээ.  Залуучууд нь намаа ши­нэ­чилнэ гээд намынхаа гадаа
гэр барьж байна л гэнэ.  Ингээд ямар нэмэр­тэй.
Ялгаагүй 2016 оны сонгуулиар ялагдана. Ард түмэн  Ардын намыг сон­гохоосоо өнгөрсөн шүү дээ. Сайн
нэрийг хүсээд ч олдохгүй. Муу нэрийг хусаад ч арилахгүй гэдэг үг Ардын намд тохирно.
Монгол Улсыг олон жил дампууруулж, ядууруул­сан нам шүү дээ, энэ чинь.

-Устаж үгүй болох ёстой гэж үү?

-Тэгэхгүй өөр хаачих юм. Сонгуульд
ялагд­чи­хаад амь тавиад үхэн хатаж байна. Ялж, ялаг­даж сурах хэрэгтэй.

-МАХН-ын тухайд намаасаа гарч,
орохоос эхлээд дотроо нэлээд асуудалтай байх шиг байна лээ?

-Шинэ байгуулагдсан хүчинд асуудал
их байх байлгүй дээ.

-Н.Энхбаяр саяхан өршөөлөөр суллагд­лаа.
Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Н.Энхбаяр ял аваад явахдаа ихэнх
хугацаанд эмнэлэгт байсан гэсэн. Үнэхээр л бие нь муу байсан юм байлгүй. Ерөнхийлөгчийн
сон­гуульд Ц.Элбэгдорж ялж гарч ирээд түүнийг өр­шөөлөө шүү дээ. Тиймээс МАХН-ынхан
ардчилсан Ерөнхийлөгчийн хайрыг дааж явах хэрэгтэй. Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгч
2009 оны Ерөнхий­лөгчийн сонгуульд ялж гарч ирэхдээ долдугаар сарын 1-нд хэлмэгдсэн
залуусыг өршөөх санаа­чил­гыг гаргаж, УИХ-аар шийдвэрлүүлсэн. Харин энэ удаад Н.Энхбаярыг
уучиллаа. Үнэхээр ард­чил­сан жудагтай Ерөн­хий­лөгч гэдгээ харуулж байна л даа.
Н.Энх­баярыг Ц.Элбэгдорж, Дор­лигжав хоёр шоронд хийчихсэн мэтээр ярьдаг юм. Гэтэл
Н.Энхбаяр “Ц.Нямдорж, С.Баяр, Т.Ба­дамжунай нар на­майг шоронд хийлээ” гэж өөрөө
ярьсан биз дээ.

-Ардчилсан засгийн хийх бүтээн
байгуулал­тын ажлууд удааш­рал­тай байна гэдэг шүүмж­лэл бий. Энэ талаар ямар бодолтой
байна вэ?

-Юу нь удаашралтай байгаа юм. Бат-Үүл
дарга гарч ирээд нийслэлийн өнгө төрх өөрчлөгдөж байна. Өнгөрсөн 20 жил хотын захиргаанд
салхи орж үзээгүй. Энэ хуга­цаанд нийслэл хот хөг­жөөгүй. Харин одоо Улаан­­баатар
хотын зам, талбай сайхан болж байна. Иргэд найман ху­вийн хүүтэй орон сууцны зээлд
хамрагдаж, орон байртай болж байна. Ар­дын намынхны үед хэзээ ийм байсан юм.
100 мян­ган айлын орон сууцны хөтөлбөр гэдэг зүйлээр ард түмнийг хулхидса­наас өөр
юу ч хийгээгүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Буруу хүрдтэй машиныг хориглосон нь зөв юм шиг байна

Улаанбаатар хотын замын түгжрэл хэрээс
хэтэр­лээ. Зун юм байна. Ихэнх  хүн амралт
зугаалгаар хөдөө, гадаа явж хөл хөдөлгөөн багасдаг цаг даа. Гэтэл бай­даг­гүй шүү.
Амралтын өдрөөр хотын гудамж сэлүүхэн байх болов уу  гэтэл үгүй юм байна. Энэ замын түгжрэл үнэхээр
хэцүү байна. Автомашинуу­дыг улсын дугаараар нь хяз­гаарлаад ч нэмэр алга. Бахь
байдгаараа хаа сайгүй зам болгонд машинууд гацаж, хүмүүс халуун наранд “түн­хэлцэж”
байх юм.

Уг нь өнгөрсөн өвөл Улаан­­баатар
хотын дарга Э.Бат-Үүл замын түгжрэлийг сааруулахын тулд буруу руль­­тэй машинуудыг
долоо хоногийн тодорхой өдрүүдэд хөдөлгөөнд оруулахгүй бол­гоё гэдэг санааг гаргаж
ир­сэн. Ядаж бүтэн сайн өдөр буруу рульт машинуудыг гараа­шид нь зогсооё гэдэг зүйл
ярьж байлаа. Тэр тухай­гаа их ч ярьсан. Шийдвэр гаргах гэж нэлээд үзсэн ч бараагүй.  Ардчиллаа дагаад олонхио сонссон чинь бүгд эсэргүүцсэн. 

Нийслэлчүүдийн дийлэнх нь яагаад буруу
рультэй ма­шиныг хориглохыг эсэргүү­цэв. Бүгдээрээ буруу талдаа жолоотой машин унадаг
учраас тэр. Хэрэв буруу тал­даа хүрдтэй машинуудыг явуу­лахгүй болчихвол тэд явгарах
гээд байсан хэрэг. Тиймээс өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийг бодож, тэр  саналыг хүлээж авалгүй тас таягдан хаясан юм.
Хэдхэн хүн зөв талдаа рультэй ма­шин унаж, явган бидний хажуу­гаар давхилдаад яах
юм. Тэгснээс бүгдээрээ буруу талдаа хүрдтэй төмрийн хогоо унаад  түгжрээд явж байсан нь өлзийтэй гэж бод­сон. Хэн
нь ч хэнээсээ илүү давж гарахгүй ижил зиндаанд амьдарч байвал бусад нь хамаагүй
гэсэн сэтгэлээр монголчууд бид явж байна. 
Зөвхөн энэ асуудал дээр ийм байдлаар хандсан юм биш л дээ. Үнэндээ монголчуудын
сэтгэлгээ энэ.

Нэг хэсэг нь боловсрол­той байснаас
бүгдээрээ адил­хан тэнэг явсан нь дээр гэсэн барьцамтгай хүмүүс. Цөөн хэд нь баяжиж
тансаг амьдраад дэмий. Муу явбал бүгдээрээ муу явъя. Ядуу байвал адилхан ядарцгаая
гэдэг л улс.  Өнөөдөр олон улсын жишигт хүрсэн
боловс­ролыг ирээдүй хойчдоо өгч, дэлхийд хүлээн зөвшөөрөгд­сөн боловсон хүчин бэлтгэх
сонирхолтой сургууль  ма­найд байна уу, үгүй
юу бодоод үзье. Алга байна. Төлбөр мөнгөө нэмж, 
дэлхийд алдар­тай сургуулиудын энд хүрэх боловсролын байгууллагыг хайгаад
олохгүй байх.  

Тийм учраас Монголын их, дээд сургуулиудыг
тоож сурах гадныхан олдохгүй байна. Дээрээс нь төгсөөд гарсны дараа манай сургуулиудын  диплом зүгээр л нэг цаас болон хувирч байна. Дэлхийн
хаана ч очсон Монголын их, дээд сургуулийн диплом барь­сан боловсон хүчнийг шууд
ажилд авдаг тийм нэр хүндийн баталгаа байна уу. 
Харамсалтай нь үгүй. Яагаад гэвэл өндөр төлбөртэй, чанар­­тай боловсрол эзэм­шүү­лэх
сургууль гараад ирвэл мон­гол­чууд тал талаас нь боор­лож, урагш ахиулах­гүй.

Уг нь бол аливаа чанар­тай бүхний
өртөг өндөр бай­даг. Гэтэл Монголын их, дээд сургуулиудын төлбөр дэл­хийн жишгээс
хавьгүй доогуур байдаг нь чанаргүй гэдгийг нь 
илтгээд, баталгаа нь болоод бай­на.

Саяхан Герман, Монго­лын техникийн
сургууль жи­лийн төлбөрөө долоон сая төгрөг болгож нэмлээ. Сур­гал­тын төлбөрөө
нэмж байна гэдэг нь сургалтын чанараа сайжруулж байгаагийн илэр­хий­лэл гэж ойлгож
болохоор байна. Мэдээж хэрэг өндөр төлбөр авч байгаа учраас суралцагчдадаа дэлхийд
хү­лээн зөвшөөрөгдсөн боловс­рол олгох нь дамжиггүй биз.  Тэгж ч бодож төлбөрөө нэм­сэн байх. Гэтэл тус
сур­гуу­лийн төлбөрийг долоон сая төгрөг болсныг сонссон хүн болгон эвэртэй туулай
үзсэн мэтээр уулга алдаж байлаа. “Пээ, пүү ийм их төлбөртэй сур­­гууль гэж байдаг
аа. Баячуудын хүүхдүүд сурах юм байна. Ядуусын хүүхэд мөрөөдөөд ч энэ сургуульд
сурч чадахгүй юм байна. Ингэж баян хоосны ялгаа гаргаж, монголчуудыг зиндаа зиндаагаар
нь хуваах хэрэг юу байна” хэмээн  шаагилд­лаа. 

Үнэхээр долоон сая төг­рөг­төө таарсан
чанар­тай боловсрол эзэм­шүүл­нэ гэвэл энэ зэргийн төлбөртэй хич­нээн ч сургууль
байгуулсан яадаг юм.  Монгол хүн дэл­хийд
хүлээн зөвшөө­рөгд­сөн эрдэм боловсролтой болж байвал тэр төлбөр мөн­гө­ний их,
бага хамаа юу байна. Гэвч, монголчуудын нөгөө л хэн хэнээсээ илүү гарчих вий гэсэн
сэтгэлгээ ийм сургуулиу­дын хувь заяаг боож байна. Ийм сэтгэлтэй учраас бид өнөөдөр
буруу рультэй машинаа хязгаарлаад түгж­рэ­лээс гарчихаж чадахгүй байгаа юм.

Буруу рультэй машинаар  долоо хоногийн сондгой өдрүү­дэд явахыг хориг­ло­чих­сон
бол өдийд энэ түгжрэлд түгжирч уур ундууцал, ажил албаа алдаж суухгүй байсан биз.
Олон өдрөө байг гэхэд ядаж амралтын өдрөөр буруу рультэй машин явдаггүй бол­чих­сон
бол сайхан байх бай­лаа. Улаанбаатар хотод 
замын хөдөлгөөнд өдөрт 200 машин шинээр орж байгаа гэсэн тоо бий. Өөрөөр
хэл­бэл, өдөрт 200 хүн хөл дүүж­лэх машинтай болж, замын хөдөлгөөнд оролцохоор гэрээ­сээ
гарч байна гэсэн үг. Ингээд бодохоор замын түгж­рэл өдөр ирэх тусам нэмэг­дэ­нэ
үү гэхээс саарахгүй гэдэг нь эндээс тодорхой болж байна. Нэгэнт иргэдийн худал­дах,
худалдан авах эрхийг нь хааж боож болох­гүй­гээс цааш замаар явж бай­гаа машиныг
буруу, зөв руль­тэй­гээр нь ялгаж, зааглаж хөдөлгөөнд оруулах нь одоо бодоход хамгийн
зөв байжээ. Хяналтад орохоосоо өнгөр­сөн энэ замын түгжрэлээс гарах гарц манайд
үүнээс өөр алга.

Дэлхийн мөнгөтэй, хөгжил­тэй орнуудыг
дуурайж замуу­даа өргөтгөе, нэмж олон зам тавья гээд ч  чадал алга. Тэр байтугай замын компаниуд шинээр
тавьсан замдаа дөн­гөж жилийн баталгаа өгдөг гэж байгаа. Түүнээс олон жилийн настай
зам тавья гэвэл төсвөөс их хэмжээний мөнгө нэмж авах шаард­ла­гатай. Үүнийг нь өгөх
чадал манай төсөвт байхгүй учраас ч яалт ч үгүй нэг жилийн баталгаатай зам барьдаг
гэнэ лээ. Тиймээс бид  нөхцөл байдалдаа тааруулж,
байгаа замаа тордож, дээр нь явж байгаа машины тоонд зохис­той хязгаарлалт хийж,
дотроо зохицож амьдрах нь чухал болчихоод байна. Тэгээд ч  манайх зөв гарын жолооны дүрэмтэй улс. Энэ дүрэм
жур­маа баримтлаад зөв талдаа рультэй машин барьцгаавал яасан юм. Ер нь манайд гарч
байгаа авто ослын шалтгаа­ны дийлэнх нь буруу талдаа жолоотой машин барьснаас болдог
гэж  мэргэжлийнхэн ярьдаг юм билээ. Энэ мэтчи­лэн
аль аль талаа бодоод буруу талдаа рультэй машин­тай хөдөлгөөнд оролцохоо цөөлж,
хязгаарлавал хэрэг­тэй юм шиг ээ.

Ингээд нийтийн тээврээ хөгжүүлье.
Нэгдүгээр эгнээ­гээ­рээ нийтийн тээвэр нь саадгүй явж, иргэд зогсоол дээр автобусыг
таван минут л хүлээдэг болох хэрэгтэй. Харин замаар түргэний машин, түймэр унтраах
маши­нууд л гацаагүй давхиж байвал болох нь тэр.  Өнөөд­рийн энэ зах замбараагүй түгжрэлээс болж
эрүүл мэнд нь муудсан энэлж шаналсан хүмүүс яст мэлхийний хур­даар ирж яваа түргэний
маши­ныг хүлээсээр өөд болох үзэгдлүүд энүүхэнд байна.  Ах, дүү, аав, ээжийнх нь бие муудаж,  цус харваж, зүрх нь зогсох гэж сандаргаж байхад
түргэний машин түгж­рэлд саатаж хичнээн уддаг билээ. Үүнийг өвчинд шанал­сан хүмүүсийн
ар гэрийнхэн сайн мэдэж байгаа. Энэ хүнд­рэлээс гарах ганц арга нь буруу рультэй
машиныг хөдөл­гөөнд оролцуулахыг хязгаарлах явдал юм. Ингэж байж л бид жинхэнээсээ
хот шиг хот болж хөгжих болол­той. Нийтийн язгуур эрх аш­гаа бодож, хотын дарга
зориг­той шийдвэр гаргах хэрэг­тэй. Олонхи эсэргүүцэж байна гэж дахиад тоох хэрэг­гүй.
Олонхийн шийд­вэр дан­даа зөв байдаг­гүйг санах хэрэгтэй. Олонхи бол ямагт үнэний
дунджаас доогуур байдал руу тэмүүлдэг гэсэн онолын гаргалгаа ч байдаг юм билээ.
Тиймээс олонхиор түрүү барьж, аливаа шийдвэр гаргах нь онодоггүй гэдгийг сүүлийн
үеийн жишээнүүд харуулаад өглөө

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Түвшинтөгс: Долларын ханшийг сулруулах гол аргын нэг нь хөрөнгө оруулалтыг дэмжих

МУИС-ийн Эдийн зас­гийн сургуулийн
Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор
Б.Түвшинтөгстэй сүүлийн үед чангараад байгаа ам.долларын ханш тойрсон асууд­лаар
ярилцлаа.

-Төгрөг үнэгүйдэж халаасан дахь
мөнгөнд нь нөлөөлж байгаа бо­лохоор ам.долларын ханшийн чангарал бүх хүний анхааралд
байна. Ам.доллар яагаад чан­гарав гэж бүгд л сонир­хоод эхэллээ?

-Төгрөгийн ханшийн сулрал нэлээд хүчтэй
явагдаж байна. Сүүлийн 12 сарыг аваад үзэхээр бараг 11 орчим хувиар нэмэгдчихлээ.
Хүмүүсийн халаасан дахь төгрөгийн үнэ цэнэ 11 хувиар ал­дагдлаа гэсэн үг. Ам.дол­лар
чангарсан нь хоёр талтай. Мөнгөний бодло­го сүүлийн жил хагаст хэтэрхий суларсан
нь голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөнгөний сул бодлого  явуулсан гэдэг нь  эдийн засагт эргэлдэж буй төг­рөгийг ихэсгэсэн
явдлыг хэлээд байгаа юм. Эдийн засагт  төгрөг
их хэмжээ­гээр нэмэгдэж эргэлтэд орвол байгаа нэг ам.дол­ларт оногдох төгрөг өснө
гэсэн үг. Төгрөгийн ханш сулрах болсон нэг шалт­гаан нь энэ. Нөгөө талаас нь аваад
үзвэл ам.доллар их хэмжээгээр ороод ир­сэн бол төгрөг хэвлэсэн ч ханш нь ингэж огцом
унах­гүй байсан. Ингээд бо­до­хоор эдийн засагт ам.дол­лар орж ирсэн үү гэсэн асуулт
гарч ирж таарна.
Манай эдийн засагт ам.доллар орж ирэх
хоёр гол суваг бий. Эхний суваг нь экспорт, дараагийнх нь гадаадын хөрөнгө оруулалт.
Экс­порт импортоосоо даваад байвал ам.долларын орж ирэх урсгал нэмэгдээд л байна.
Харин эсрэгээ­рээ импорт нь экспортоосоо даваад явчихвал ам.доллар тэр хэрээр гадагшилна.
Өнөөдрийн байдлаар гадаад худалдааны алдагдал тэрбум ам.доллар байна. Өөрөөр хэлбэл
эхний зургаан сарын байд­лаар тэрбум ам.доллартай тэнцэх валют гадаадад бараа бүтээг­дэхүүн,
үйлчилгээ болоод гадагшаа гарсан гэсэн үг. Доллар орж ирдэг хоёр дахь суваг болох
гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх жилийн өдий үеийнхээс  нэг тэрбум ам.доллараар татарсан. Дахиад хэлэхэд
ам.доллар орж ирэх урсгал багасч, гадагшилж байгаа урсгал нь ихэсчихсэн гэж ойлгож
болно. Валют хангалттай хэмжээгээр ний­лүү­лэгдээгүй үед төгрөгийн ний­лүү­лэлт
өссөн учраас төг­рөгийн ханш суларч, ам.долларынх чангарсан хэрэг. 

-Монголын түүхэнд дол­ларын ханш
хэчнээн удаа, ямар шалтгаанаар огцом чангарч бай­сан бэ?

-Манай улс валютын ханш зах зээл дээр
ямар нэгэн оролцоо­гүйгээр тогтоогддог тогтолцоог бий болгох гэж сүүлийн 10 жилийн
хугацаанд нэлээд оролдлого хий­сэн. Чөлөөтэй хөрвөж байгаа ханш гэж ярьдаг л даа.
Энэ утгаар нь сүүлийн 10 жилийг аваад үзвэл ханш огцом суларсан ганцхан үзэгдэл
бий. Тэр нь 2008, 2009 оны хямрал. 2009 оны дөрөвдүгээр сард ам.дол­ларын ханш  тодорхой шалтгаанаар 1700 гарсан. Одоо­гийн энэ
сулралт яах аргагүй 2008, 2009 оны хямралын үеийг эргэж харахыг сануулж байна. Тэр
үед юу болсныг санацгаая. Тухайн үед манай гадаад худалдааны нөхцөл байдал хэцүүдсэн
байсан. Экспор­тын гол бүтээгдэхүүний үнэ унасан үе шүү дээ. Зэс, алтны үнэ унасан.
Тэгэнгүүт гадаад худалдааны алдаг­дал өссөн. Яг өнөөдрийнхтэй адилхан. Тухайн үед
эдийн засаг харьцангуй жижиг байсан. Тийм учраас тэрбум ам.доллар гэдэг  тэр үедээ маш том алдагдал байсан. Өөрөөр  хэлбэл валют орж ирэхээ больсон. 2008, 2009 онд
гадаадын хөрөнгө оруулалт өнөөдрийнх шиг ийм өндөр байгаагүй. Тухайн үед эргэлдэж
байсан төгрөгтэй  харьцуулахад ам.доллар  багассан хэрэг.  Ийм шалтгаанаар төгрөгийн ханш огцом суларсан. 

-Төв  банк тэр үед валю­тын зах дээр ам.доллар их хэмжээ­гээр
гаргасан байх аа?

-Төгрөгийн ханш огцом сулраад эхлэнгүүт
Төв банк валютын интер­венц хийсэн. Валютын зах дээр ам.доллараа зарж эхэлсэн. Тухайн
үед албан нөөц нь тэрбум ам.дол­лар байсан юм. Эдийн засагт нөөцөөсөө 500 сая гаруй
ам.дол­ларыг нийлүүлээд ч ханшаа тогт­воржуулж чадаагүй. Өөрөөр хэл­бэл ам.долларын
ханш 1700 гараад явчихсан. Нэгэнт валютын нөөц маш бага болсон учраас Монгол банк  өөр юу ч хийж чадаа­гүй, ханшаа сул тавихаас аргагүй
болсон. Үүний оронд бодлогын хүүгээ огцом өсгөсөн гэдгийг санаж байгаа байх. Валютын
зах зээлд оролцохоо болиод төгрөгийн ний­лүүлэлтээ хянаж эхэлсэн гэсэн үг. Гэтэл
тун удалгүй зэсийн үнэ ааж­маар өсч гадаад худалдааны нөх­цөл арай сайжраад ирсэн
л дээ. Ийм шалтгаанаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1700-гаас 1400 болтлоо
чангарсан.

-Өнөөдөр Монгол банкийг валютын
зах зээлд оролцож интервенц хийх ёстой, яагаад таг дуугүй суугаад байна аа гэсэн
шүүмжлэл гараад байгаа. Орол­цоод ам.доллараа гаргасан чинь өмнөх тохиолдол шиг
буухгүй бол хэцүү л юм байна?

-2008, 2009 оны хямрал бидэнд саяын
ярьсан сургамжийг өгсөн. Ам.долларын ханш чангарч байгаа болохоор гадуур Монгол
банк оролцож ханшийг тогтворжуулах ёстой гэсэн яриа гараад байна л даа. Ингэж бодохынхоо
өмнө бид Монгол банкны гүйцэтгэх үүргийг харах ёстой. Монгол банкны орол­цох асуудал
мөн үү, биш үү гэдгийг эргэж бодох учиртай. Тэртэй тэргүй ялагдаж байгаа дайнд оролцох
хэрэг байна уу. Түрүүчийн хям­ралын сургамж байгаа шүү дээ. 500 сая ам.доллар цацаад
цацаад эцсийн үр дүн нь гараагүй. Ханшаа тавихаас өөр аргагүй болсон. Тийм байдалд
орчих вий гэсэн болгоомжлол байна.

-Тэгэхээр бид одоо яах ёстой вэ?

-Валютын ханшийн талаар баримталж
байгаа бодлогыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Шинэ сэдэв биш л дээ. Сүүлийн арван
жил аль аль талдаа ярьж байгаа асуудал. Гэхдээ хөгжиж буй орнуу­дад ханшийг хамаагүй
сул тавьж болдоггүй нэг хэцүү тал  бий. Жишээ
нь манайтай адилхан хөг­жиж байгаа улсын нэгд ордог Чили гэхэд л ханшаа сул тавьдаг
гэдэг ч зах зээл нь айхтар савлагаатай үед Төв банк нь оролцдог жишиг бий. Үүнийг
нь бид 2008, 2009 оны хямралаас харсан. Чили валютын нөөцийнхөө 20 орчим хувийг
тэр үед гаргаж зарсан. Чилийн хувьд 20 орчим хувь гэдэг бол маш их хэмжээний ам.доллар.
Гэхдээ манай улс эдгээр орнуудаас ч илүүгээр валютынхаа зах зээлд оролцоод байх
шиг санагддаг. Эдийн засаг амгалан тайван үед ч Монгол банк валютын зах зээлдээ
хэт оролцож, валютын ханшин дээр зохицуулалт хийж байсан. Тийм шаардлага байсан
эсэх талаар өөртөө дүгнэлт хийгээд явах ёстой байх.

-Таныхаар бол тайван амга­лан үед
Монгол банк валютын­хаа зах зээлд оролцох шаард­лагагүй гэж бодож байна уу?

-Миний бодлоор тайван үед ингэж хэт
оролцох шаардлага байхгүй. Зөвхөн мөнгөнийхөө бод­лого дээр анхаарлаа хандуулаад,
мөнгөнийхөө бодлогын арга хэрэгс­лээр дамжуулаад инфляцаа онилоод явж болно. Мэдээж
өнөөд­рийнх шиг ийм савлагаатай үед оролцож болно. Өөрөөр хэлбэл валютаа нөөцөлж
байгаад хэт савласан үед нь шокийг өөртөө шингээх замаар л оролцож болох юм. Түүнээс
биш Монгол банк валютын зах дээр жилийн турш оролцож ирсэн нь зөв жишиг биш. Энэ
асуудлыг Монгол банкны сүүлийн хэд хэдэн ерөнхийлөгчийн үед ярьж байгаа ч практикаасаа
салж чадахгүй байсаар өдий хүрсэн. 

-Зарим судлаач Засгийн газар бонд
гаргаж интервенц хийж байж ам.долларын хан­шийг барина гэсэн гарцыг санал болгож
байна. Өмнөх хямрал шиг эрдсийн үнэ гэнэт нэмэгдэж аз дайрахгүй нь тодорхой байгаа.
Тэгэхээр одоогийн нөхцөлд интервенц хамгийн зөв гарц юм биш үү?

– Хоёр талтай асуудал байна. Нэгдүгээрт
тогтолцооны хувьд ямар байх ёстой юм  бэ гэсэн
өнцгөөс хариулах ёстой байх. Тогтол­цоо­ны­хоо хувьд бол Монгол банк оролцох шаардлагагүй.
Валютын ханшийн өөрчлөлт бодит сектор  дээр
байгаа тэнцвэрт бус байдлыг харуулдаг. Төв банк албан нөөцөө­сөө зарлаа ч гэсэн
ханшийг тогтоож дийлэхгүй байдал үүсчих вий гэсэн болгоомжлол байгаа гэж дээр хэлсэн.

-Интервенц хийхгүй байсны давуу
талыг нэрлээч гэвэл юуг онцлох вэ?

-Нэг том давуу тал бий. Төв банк валютын
ханшийн савлагаанд дандаа оролцдог нь өдий хүртэл явж ирсэн алдаатай талын нэг.  Дандаа оролцдог учраас Төв бан­кийг аргагүй байдалд
оруулдаг тал бий. Өөрөөр хэлбэл Төв банкийг хүчээр валютын захын зохицуу­лал­тад
оролцуулдаг. Төв банк валютын захад ингэж оролцоод хүч нь мөхөстөөд ирэхээрээ ханшийг
сул тавихаас аргагүй болно. Үүнийг ашиг хонжооны шинжтэй үйл явц ч гэдэг. Өөрөөр
хэлбэл ам.долларын зээлтэй байсан хүн төгрөгийн зээлтэй болгож  төгрөгөө авангуутаа буцаагаад ам.доллар болгодог.
Ам.долларыг ингээд  худалдаад авчихаар эрэлт
нь  хиймлээр өсөөд байдаг. Үр дүнд нь  Монгол банк зарсаар байгаад нөөцөө дуусна. Тэгээд
энэ асууд­лууд хуримтлагдсаар байгаад тэс­рэхдээ огцом тэсэрнэ. Ингэвэл ханш
1800 байтугай болох эрсдэл­тэй. Дэлхийн улс орнуудад маш олон удаа ажиглагдаж байсан
жишиг. Монгол банкийг валютын захад дандаа оролцдог гэсэн хүлээлт хүмүүст бий болсон
гэх гээд байна л даа. Тэгэхээр орол­цохгүй байсны нэг давуу тал нь манай улс валютынхаа
нөөцийг үргүй цацахгүйд байгаа.

Дахиад хэлэхэд өнөөгийн үйл явц бол
бодит эдийн засагт тэнц­вэрт бус байдал бий болсны илрэл. Энэхүү суурь тэнцвэрийг
хангаж байж, өөрөөр хэлбэл гадаад худалдааны алдагдал багасч байж, гадаад хөрөнгө
оруулалт сэргэж байж ханш тогтворжино.

-Гэхдээ ам.доллар чангарах хэрээр
хүмүүс хадгаламжаа ам.доллар болгоод хувиргаад эхлэх вий гэсэн болгоомжлол бий.
Тэгвэл эрсдэл нь илүү  томроод явчих юм биш
үү?

-Эдийн засаг өөрөө амьд орга­низм
шиг болохоор хувь хүн бүр тийм үйл хөдлөл гаргахаар нийт дүн нь өсөөд эдийн засагтаа
маш том давалгаа үүсгэдэг тохиолдол байдаг. Улс орнуудын ханшаа тавьж байсан, ханшаа
хамгаалах гэж байгаад чадаагүй бүх тохиол­дол ерөөсөө л ийм  шалтгаантай. 
Тэгэхээр ханшийг бүх нөөцөө сэгс­рэн байж хамгаалах шаардлага байхгүй.

-Таныхаар сул тавьсан нь дээр гэж
бодож байна уу?

-Ер нь бол тийм. Учир нь  бид ийм тогтолцоог сонгож авсан. Мөнгөний бодлогоор
дамжуулж үнийн өсөлтөд хязгаарлалт тавина уу гэхээс валютын ханшинд айхтар оролцох
шаардлага байхгүй. Яг өнөөдрийн хувьд Монгол банк оролцъё гэж бодъё. Тэгвэл нөөц
нь байна уу гэдэг асуудал гарч ирнэ.

-Энэ асуултыг асууя гэж бо­дож
байлаа. Интервенц хийхээр мөнгө Монгол банкинд 
байгаа юу?

-Миний бодлоор бол байхгүй. Тэгэхээр
бид сайн бодох хэрэгтэй. Өмнөх хямралын үеэр 500 сая ам.доллар цацдаг шиг нөөцөө
үр дүнгүй цацаад дуусчих вий гэсэн болгоомжлол байх учиртай.

-Доллар галзуурч эхэлсэн бас нэг
шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт. Доллараа бариад орж ирдэг байсан хүмүүс бараг
байхгүй болчихсон. Гадаа­дын хөрөнгө оруулалт буураагүй бол доллар чангарахгүй байсан
гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулалт буураагүй
бол тэрбум илүү ам.дол­лар орж ирэхээр байсан. Тэгсэн бол ханшийн дарамт үүсэхгүй
байсан. Орж ирэх гэж байгаа, орж ирсэн гадаад хөрөнгө оруулалтаа хэрхэн хамгаалж
байгаа билээ гэдгээ бодох цаг болсон. Шинэ хөрөнгө оруулалт дээр нааштай хандлага
бий болоогүй. Хууль зүйн орчин ч хангалттай биш байгаа. Ер нь бид хөрөнгө оруулагчдад
ээлтэй байв уу гэдэг асуудал яриг­даж байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бизнесийн
орчин тэгж айхтар сайжирсан юм алга. Зарим тохиолдолд бүр муудаж байна. Орж ирсэн
хөрөнгө оруулалтад янз бүрээр хандаж болно. Гэхдээ тэр хандлагыг мөнгөө оруулах
гэж байгаа хөрөнгө оруулагч ч ажиглаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Нэгэнт орж
ирсэн хөрөнгө оруу­лаг­чийг янз бүрээр дарамталж, хавчаад эхлэхээр тухайн улсад
хөрөнгө оруулах гэж байсан хүн зайгаа барих тохиолдол цөөнгүй байдаг. Монголд тийм
үйл явц болчихсон юм биш үү гэсэн болгоомжлол төрөхөөр үйл явц өрнөөд байх шиг харагдаж
байна.

АНУ мөнгөний тэлэх бодлого явуулж
байгаагаар дамжин дэл­хийд санхүүгийн нөөц их байна.  Хөрөнгө оруулагчид хаана хөрөн­гөө оруулах вэ
гэсэн шийдлийн өмнө оччихоод байгаа. Гадаадын томоохон орнуудын  үнэт цаасанд хөрөнгөө оруулъя гэхээр өгөөж нь
маш бага байдаг учраас тийм сонирхол бараг байдаггүй. Хэрэв Монголын хууль эрх зүй,
биз­несийг хамгаалах орчин, төрийн хяналт нь сайн байсан бол тэр хүмүүс  Монголд мөнгөө оруулах магадлал өндөр байсан.
Гэтэл сүүлийн хоёр жилд авч буй арга хэмжээ дандаа сөрөг байдалтай байгаа учраас
хөрөнгөө оруулах хүн Монголоос дайжих дүр зураг харагдаж байна. Тэгэхээр хөрөнгө
оруулалтыг дэмжиж байгаа, дэмжих болно гэдгээ нэгдсэн байдлаар гадны­ханд ойлгуулах
хэрэгтэй.

-Засгийн газар бонд гаргаж валютын
ханшид нөлөөлөх гарцын хувьд та ямар саналтай байна?

-Засгийн газар бонд гаргаж ам. доллар
босгоод дараа нь яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Засгийн газарт  ханшийн хэлбэлзлийг хязгаарлах үүрэг байхгүй.
Энэ бол Засгийн газрын хийх ажил биш. Хэрвээ ханшийн хэлбэлзлийг багасгая гэвэл
Монгол банкны л хийх ажил. Ийм том ялгаа байгааг анхаарах хэрэгтэй.

-Гэхдээ нэг удаа гал унтраах маягийн
арга хэмжээ авах хэрэгтэй юм биш үү?

-Галаа унтрааж чадах эсэхээ бодох
хэрэгтэй. 2008, 2009 онд бид харсан шүү дээ. Өчнөөн мөнгө цацаад унтрааж чадаагүй.
Чадах­гүй байх вий гэсэн болгоомжлол байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Гадаадын хортой сүү уухаар дотоодын шивтэртэй сүүгээ уувал яасан юм

Саяхан ҮХААЯ-ны мэргэ­жилт­нүүд  балчир үрсээ хүүх­дийн тэжээлээр хооллодог аав,
ээжүүдийг айлгаж орхив.  Шинэ Зеландын “Фронтерра”
гэдэг компанийн хатаасан хуурай сүүнээс хүнийг ердөө 18-36 -хан цагийн дотор нөгөө
ертөнц рүү илгээх хөнөөл­тэй ботулизм гэгч бак­тери илэрсэн нь яамныхныг түргэн
авахуулж, хэвлэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл цаца­хад хүргэсэн хэрэг. Учир нь энэ компанийн
хуурай сүү­гээр хийсэн хүүхдийн тэжээл болоод бас бус сүү, сүүн бүтээгдэхүүн манай
улсад орж ирдэг гэнэ.

Дараахан нь мэргэжлийн хяналтаас манайд
тэр хортой хуурай сүүгээр нь хийсэн бүтээгдэхүүн орж ирээгүй байна гэж тайвшруулснаа
“Гэхдээ хувиараа гаднаас авчирсан хүн байж магадгүй. Тэрийг бол мэдэхгүй байна”
гэж мэдэгдээд хэрэглэгчдийг мөн л айдастай үлдээв. Импор­тоор авч байгаа хуурай
сүүний 92 хувь нь Шинэ Зеланд, Орос, Солон­гос улсууд эзэлдэг гэх статис­тик бий.
Тэр дундаа Шинэ Зеландаас орж ирж буй сүү жин дардаг гэсэн.  Ганц манайх ч биш, дэлхий даяа­раа “Фронтерра”-г
хэрэглэдэг. Хөгжил өндөр улсын сайн гэж байгаа компани нь ийм алдаа гаргачихаар
импортоор орж ирж буй өнгөлөг чамин сав баглаатай сүү, сүүн бүтээг­дэ­хүүнд итгэхэд
хэцүү болчихож байгаа юм.

“Фронтерра”-г хэрэгт уна­га­сан нөгөө
айхтар ботулизм нь хүнсний ус дамжуулах хоолойд нь илэрсэн гэж бай­гаа. Аль 12 дугаар
сард ийм бактеритай   хуурай сүү гарга­чихаад
дөнгөж саяхан долду­гаар сард мэдсэн гэсэн мэдээ­лэл олон хэрэглэгчийг толгой сэгсрэхэд
хүргэсэн. Уг нь дэлхийд нэр хүндтэй том компани ийм алдаа гаргаж болохгүй. Дээхэн
үед дэлхий нийтээрээ Хятадын меламин­тай сүү хэрэглээд бөөн юм болсон. Ингээд яриад
байвал олон юм бий. Гэхдээ бэлчээ­рийн мал аж ахуйтай, тал дүүрэн үхэр, хонь, ямаан
сүрэгтэй монголчууд импор­тын сүү сүүн бүтээгдэхүүний талаар ийм мэдээ сонсоод айгаад
сууж байх шаардлага­гүй л байгаа юм. Шуудхан хэлэхэд ганц хуурай сүү ч биш  сүүгээр хийсэн юуг ч гаднаас  авахаа байчихад асуудал шийдэгдчихнэ. 

Учир нь бид нийт сүүний­хээ ердөө
аравхан хувийг л боловсруулж хэрэглэдэг улс. Өмнөх нийгмийн үед хорь гаруй  хувийг нь боловсруулж хэрэглээд орос сүү, хятад
иогурт, герман бяслаг  хэрэг­лэх­гүй болоод
л байсан. Ойрын хугацаандаа 20, урт хугацаандаа сүүнийхээ 40 хувийг боловсруулах
бо­ломж­той гэсэн судалгаа  бай­даг юм билээ.
Уг нь сүү манай улсын стратегийн дөрвөн хүнсний нэг. Тэр утгаар нь жаахан анхаарчихад
л босоод ирэх салбар. Төр мөнгө өгөх албагүй, зүгээр л бага хүүтэй, урт хугацаатай
зээлээр хангачихад нэгэнт хөл дээрээ тогтсон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
компаниуд  энэ салбарыг цаашаагаа өлхөн аваад
явчихна.

Манай улс жилд  403 сая литр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг.
Хотынхон 163 сая литрийг нь хэрэглэдэг. Жил­дээ 600 сая литр сүүний нөөц­тэй улсын
хувьд энэ дайны хэрэглээ бол тэгтлээ дааж давшгүй хэмжээ биш. Боловсруулдаг хэмжээгээ
нэмэхэд л шийдэгдэх асуу­дал. Дэмжээд өгвөл 
сүүгээр бүтээгдэхүүн хийдэг 90 гаруй 
үйлдвэр, цех, 20 орчим жижиг дунд үйлдвэр “хийе, бүтээе” гээд л зогсч байна,
цаана чинь.

Дахиад статистик сөхье. Бид өнөөдөр
шингэн сүүгээ гэхэд зуун хувь Оросоос авч байна. Мал аж ахуйтай Мон­гол Улс хойд
хөршөөсөө жилд 6000 тн шингэн сүү, 400 тн тараг, 100 тн цөцгийн тос авдаг гэхээр
ямар сонсогдож байна. Сүүний бараг 80 хувь нь зун л гардаг болохоор  бусдаас авахаас аргагүй гэсэн тайлбар байдаг л
даа. Гэхдээ бид технологийн эрин зуунд амьдарч байгаа. Саа­лийн зэлэн дээрээс гарсан
сүүг боловсруулж хатаагаад хуурай сүү болгож жилийн турш хэрэглэх боломж бэлээ­хэн
байж байна. Хуурай сүү­ний үйлдвэр манайд байдаг гэж дуулдсан. БНХАУ-ын Зас­гийн
газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хоногт 30 тонн сүү хүлээн авч хуурай сүү боловсруулах
үйлдвэр бай­гуу­лах ажил эхэлсэн гэж сон­согд­сон. Ажил болсон байж ч магадгүй.
Бас Оросоос ирдэг сүү шиг тетрапак савлагаатай болгоод хадгалчихаж болно. Тетрапак
савлагаатай сүүг хагас жил хүртэл хадгалж болдог. Сааль сүү татраагүй есдүгээр сард
сүүгээ ингээд савлачихад дараа хавартай­гаа өлхөн залгачихна. Тэгээд л хаврын ногоо
цухуйж, нялх төлийн дуу цангинах дөхчих­нө. Хийсэн хуурай сүүгээ шингэлээд тетрапак
савла­гаанд хийгээд хэрэглэсэн ч болно. Ингээд яриад байвал түмэн боломж байна.

Тэгээд зуны саруудад ориг сүүгээ хэрэглэчихнэ.
Зун саалийн зэлнээс шинэ сүүг хэрэглэгчдэд хүргэхэд үйлд­вэр­лэгчдэд газар дээр
нь хөргөх, хадгалах боломж бай­даг­гүй гэсэн зовлон сон­согд­дог байсан. Гэхдээ
одоо үйлдвэрүүд энэ асуудлаа шийддэг болсон байна лээ. “Сүү”, “Гум” зэрэг томчууд
бол аль хэдийнэ энэ асуудлаа шийдсэн. Саяхан л 
гэхэд “Монфрэш” Төв аймгийн нэг суманд сүү хөргөх цех бай­гуулсан гэж дуулдсан.
Цааш­даа ч жижиг, дунд олон үйлд­вэр энэ дайны асуудлаа шийд­­чих бололцооны болох
байх. Тэгэхээр зундаа бол импортын сүүг таг мартах боломж яг одоо бүрдчихсэн байна. 

Бас нэг таатай мэдээ бай­на. Сүүлийн
үед манайхан сүүний чиглэлийн үхрүүдийг нэлээд оруулж ирдэг болж.  Лав л 2006 оноос хойш тас­ралт­гүй огцом өссөн
график­тай яваа юм билээ. Манайх нэг үнээнээсээ жилд 3000 орчим литр сүү авдаг нь
саа­лийн ферм хөгжсөн орнуу­даас дөрөв дахин бага тоо гэж ярьдаг. Гэтэл  жилд 10 гаруй мянган литр сүү өгдөг тэр мундаг
амьтдыг “Гачуурт”-аас  эхлээд оруулаад ирчихсэн
байна лээ. Хот тойроод фер­ме­рийн ийм аж ахуйнууд хөгжчихвөл шинэ сүү, элгэн тараг
энэ тэр бол наад захын хэрэглээ болох боломж хараг­даад байгаа юм. 

Тэгэхээр ботулизмтай хуурай сүү, меламинтай
сүү уучих вий гэсэн айдастайгаар хүний нутагт үйлдвэрлэсэн ямар нь мэдэгдэхгүй бүтээгдэ­хүүнд
мөнгөө үрэх  ямар  хэрэг байна. Ерөөсөө өнөөдрөөс л импортын элдэв
чамин шош­го­той сүү, сүүн бүтээгдэхүү­нийг худалдаж авахаа бай­чихъя. Хагас сарын
дараа­наас импортын сүүний урсгал татраад ирнэ. Дотоодын үйлд­вэ­рүүдээ дэмжээд
бүтээг­дэхүүнийг нь аваад ирэхээр тэд маань ч томорно.

Монголыг зорьж ирдэг жуулчдын нэлээд
хэсэг нь таана амтагдсан мах идэхийг хүсдэг гэсэн. Байгальд идээ­шилж, бэлчээрлэдэг
малын мах хашаанд хорьж, элдэв бэлдмэл, тэжээлээр бордуул­сан махнаас огт өөр амттай
байх нь аргагүй. Эрүүл ахуй талаа жаахан анхаарч, үйлд­вэр­лэлээ хөгжүүлчихвэл мон­гол
малын мах дэлхийд брэнд болно гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрдөг. Яг үүнтэй адил задгай
талд дураараа бэлчээрлэж өссөн малын сүүг дэлхийн улс орнууд  булаал­даад л авна. Хамгийн гол нь тэдний стандартад
хүрсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажил л бидэнд байгаа. Өөрс­дөө хэрэглээд илүүг нь
экс­порт­лох боломж ч  сүүнд байна.

Саалийн зэлэн дээр хар өглөөгүүр өөвлөн
зогсоо хэдэн бор хүүхнүүдээ дэмжих сайхан боломж юм  биш үү энэ хортой сүү гэх дуулиан. Цагаан идээг
хүнээс хэрэг­лээд байх, царай алдаад байх зүйл харин ч нэг биш билээ. Үүнд ердөө
бидний сэтгэлгээ л дутаад байгаа юм. Хэдэн түмэн үеэрээ хэрэглээд хийгээд сурчихсан
сүү цагаагаа борлуулах нь  монголчуудын харин
ч нэг мэдэх ажлын нэг. Харин тэр талаар нэг тарчих­сан сүүг бөөгнүүлж  цуглуулах ажлыг л  зохион байгуулах хэрэгтэй.

Бидний малаас биднийг устгачих ямар
ч өвчин гарч байгаагүй. Яахав сүүлийн үед гаднаас ирсэн хонь гэх зэрэг малаас бруцеллёз
өвчин гар­даг л даа. Гэхдээ үүнийг буцал­гаад 
хэрэглэчихэд  л болчихдог зүйл шүү
дээ. Цагаан идээг монголчууд хэзээнээс ариун цэвэр хэрэг­лээд сурчихсан байдаг.
Үүний тод илрэл нь “цагаан идээнд бузар оруулбал нүгэл болно” хэмээн үеэс үед сургасаар
ирсэн. Сүүгээ саахаар гарч байгаа, ааруул тараг бүрж байгаа  ямар ч эзэгтэй гараа угааж байдгийг бид бүгд мэднэ.

 Ийм байхад гадаадаас  хуурай сүү авч ирэн сүү тараг үйлдвэрлэж байгаа
нь үнэн­дээ бидэнд “гялгардаад” бай­на. Энэ бол зүгээр л ашиг хонжоо хайсан  хүмүүсийн л үйлдвэрлэл болчихсон. Өөрс­дөө хийж
болох юмыг амар ашиг хоёрыг харсан хүмүүс гаднаас зөөж ирдэгийг болиу­лах хэрэгтэй.
Ингэхдээ захир­гаа­ны аргаар биш татвар түрээсийг нь өндөрсгөх зэрэг зах зээлийн
аргаар нь зохи­цуул­бал болох мэт. Харин малчдаасаа сүүг нь цуглуулан авч ирж байгаа
түүнийгээ борлуулж  тараг сүү хийж байгаа
байгууллагуудыг мөн зах зээлээр нь урамшуулж дэмжих хэрэгтэй юм.

Дотоодын сүү үнэтэй болж  зарагдаж эхэлбэл  ард түм­ний тэрэн дундаа малчдын амжиргаанд шийдвэрлэх
нөлөө болно. Дээр нь  малчид ажил хийдэг болно.
Өглөө эрт босож сүү цагаандаа гарч, тугал үнээгээ хариулахаас эхлээд ажил мундахгүй.  Өдөр болгон архи ууж ногоо­роод байх нь багасна.
Ажил­тай орлоготой болоод эхэл­сэн ард түмэн хариуцлагатай болж эхлэх юм. Яахав
манай сүү шивтэртэй л байгаа биз. Тэр нь яваандаа арилчихна. Шивтэртэй сүү  уугаад үхсэн хүн л лав гарахгүй байх.

Хэдэн малчид маань энэ боломжийг ашиглаад
“туу­лаар гараагүй, гүүрээр гар­сан” гээд л сүүгээ зөөгөөд шогшоод байдаг хэрэг
ээ. Ямар сураагүй юм биш. Төв аймгийнхны нэг хэллэг байдаг даа. “Шанага нь тав шавхруу
нь гурав аа ” гэж.  Энэ юу гэсэн үг вэ гэдгийг
та мэдэх үү. Жин­хэнэ ориг сүү нь таван цаас, хулхи сүү нь гурван цаас гэсэн үг
шүү дээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Тунгалагшин мэлтрэх Өгий нуурын хөвөөнд

Түрүүч нь (¹193, 4520) дугаарт

Бидний буудалласан эргийн ойролцоох
нуурын ус цааш 200 гаруй метр явж байж сая том хүн давах чинээнд хүрч гүнзгийрэх
тул эрэг хавийн гүехэн хэсэгт сэлж чаддаг ч бай үгүй ч бай хэд л бол хэдэн хүн тоглож
наадаж, боло­хоор юм. Аль хэдийн нар буцсан боловч зуны дунд сарын аагим халуун
өдрүүдийн алилаар нар эгц дээрээс төөнөнө. Гүү малаа саах, хурга ишгээ эргүүлэх,
хонь ямаагаа хариулах гээд хөдөөний нөр их ажлын хажуугаар хүүхдүүд нуурын усанд
шумбахаа мартдаггүй бо­лол­той. Зүүн урд дэнж дээрх саа­халт айлаас дэрсхэн хэдэн
хөвгүүд тарган алаг морин дээр сундалдан нуурын хөвөөнд ирлээ. Хамгийн ард нь мордсон
сөөсгөр бор жаал мориныхоо сүүлнээс чангаасаар доош гулсаад буучихав. Нөгөө хоёр
нь ч ёс мэт түүнийг дуурайн бууц­гаав. Дэл сүүл, цав засаагаар нь оролдон, доогуур
нь шургаж гүйл­дэх багачуудыг юман чинээ тоосон шинжгүй тачирхан ургасан эргийн
өвсийг хазлах тэр алаг морь, ээ мөн номхон буян юм. Хонины цүдгэр алгаараа хэсэг
“наадсаны” эцэст жаалууд ус руу хар эрчээрээ гүйн орлоо. Аргагүй л их усаа тойрон
буурь сэлгэн нүүдэг малчны хүүх­дүүд гэсэндээ усанд сурмаг гэгч нь сэлэх юм. Тэдний
нүдэнд аврах хантааз цээжиндээ өмсч, бэл­хүүсээ хийлдэг цагирагаар ороож, усны шил,
малгайг хосоор нь өмс­сөн би  их л содон харагдсан
бололтой өөр хоорондоо “Тэр ахыг хар даа. Аминдаа ямар хайртай юм бэ” гэж ярилцах
нь бүдэгхэн ч гэсэн сонстов. Тэднээс ичсэндээ ч юм уу яагаад ч юм “Нээрээ аврах
хантааз байхад хийлдаг цаги­рагаар яах билээ” гэсэн бодол толгойд зурс­хийж бушуухан
хийл­дэг цагирагаа тайллаа. Нуурын бүлээн ус руу бэлхүүсээр татах хэсэгт нь очуутаа
“сэлж ” гарлаа. Аврах хантаазтай учраас ус зал­гиж, живэх аюулгүй санаа амар. Гэсэн
ч байн байн хантаазныхаа  түгжээнүүдийг нэг
нэгээр нь сайтар шалгана. Эргээс алгуур ходох тусам нуурын ус хүйтэн болж буй нь
аяндаа мэдрэгдэнэ. Энэ нь эргээс хол­дохгүйг хичээн гараараа даллахдаа даллаж, сарвал­зуу­лахдаа
сар­валзуулан хөвөх хан­таа­зандаа бүхнээ даатган яваа надад бол “Үүнээс цааш холдож
болохгүй”-н дохио байлаа. “Бэлхүү­сээр татсан усанд живдэг эр гэж хаа байхав. Бүр
найз нөхөдтэйгөө явж байж шүү. Гэхдээ усыг басч болох­гүй. Эрэг дээр гарсан хойноо
л хантаазаа тайл” гэсэн өөрөө өөр­төө аман тушаал өгсөн хүн шүү дээ би.   

 Өнөөх шөнөжингөө найрлаж, биднийг унтуулаагүй нөхдүүдийн
майхнаас ганц нэг хүн орж гарч байгаа харагдав. Заримынх нь нойр нь аргагүй ханасан
байх. Гэхдээ ихэнх нь халуун наранд бие нь нозоорч, унтаж чадахгүйдээ дурамжхан,
бас ууртай нь аргагүй саравчлан зогсоно. Эр эмгүй гар­таа пиво барьсаар нуурын ус
руу ганц нэгээрээ уван цуван орж эхлэв. Тэдний эхэнд дөрөв таван залуу “газарчлан”
нуурын гүн рүү алхана. Тэд цээжээр татсан гүн усанд хүрснээ бусдыгаа даллав. Хүүх­нүүд
нь эрчүүдээсээ тас зуурсаар араас нь оров. Гүнзгийрэх тусам орилж, чарлах хүүхнүүдийн
чимээ чихэнд чийртэй гэдэг нь. Гэсэн ч нэг гартаа атгасан пивоо алдах нь бүү хэл
улам ч чанга атгасаар байсанд “Пивоноос хямдхан амь аа” гэсэн шиг бодогдон инээд
ч хүрэх шиг. Усанд тойрч зогсосноо, эрчүүд нь хүүхнүүдээ толгой дээр нь дарж, ус
руу шидэлж гарлаа. Тэгснээ ус залгин хахаж цацаж, чарлалдах хүүхнүүдээ харан эрчүүд
нь арга­гүй бах тав нь ханасан янзтай элгээ хөштөл хөхрөлдөнө. Үс гэзэг нь норж
сэгсийсэн, хэдэн хүүхнүүд ум хумгүй эрэг бараадав. Тэдний эргэн тойрон дахь нуурын
усанд бөөн пивоны лааз хөвнө. Барьсан лааз, базсан цаасаа хаа таа­ралдсан газраа
шидчихдэг тэдэнд энэ бол эмзэглэхээр зүйл биш гэдэг нь тодорхой. Бид өөр хоорондоо
“Лаазнуудаа уснаас гаргаад хая­чих­даг ч болоосой” гэхээс өөрийг хийж чадсангүй.
Эелдгээр гуйсан ч, эгдүүцэн тушаасан ч өмнөхтэй адилаар өөрсдийн “дархлагдсан эрхээ”
тулгах байсныг сайтар мэдэж байсан учраас тоогоогүй юм. Харин үдээс хойш тэднийг
уснаас гарсных нь дараа бид тарьсан хогийг нь цэвэрлэсэн юм шүү. 

Бидний хажууханд зангуу нь эрэгт  шаасан жижиг шонгоос уяатай дөрвөөс таван хүний
баг­таамжтай цагаан төмрөн завь нуурын түрлэгээр өргүүлэн нааш цааш хөдөлнө. Зангууны
уяанд үл ялиг замаг наалдаснаас харвал байнга ашигладаг бололтой. Зави­ны ёроолд
тунарах хөлийн шагай­гаар татах усан дээр хоёр гурван ишгүй шанага, дундуур нь огтолсон
ундааны хуванцар сав харагдав. Бодвол түүгээр ёроолын усаа шавдаг бололтой. Төд
удалгүй сэлүүрээ хөндөлдүүлж барьсан мотоцикльтой залуу биднийг чиг­лэн ирж яваа
харагдав. Дунд зэр­гийн нуруутай, 30 эргэм насны хөрслөг бор залуу мотоциклоосоо
бууснаа бидэнтэй мэнд мэдэлцээд зангуугаа тайлангаа “За, завиар “гулиалах” уу” гэв.
Тэрээр эрэг дагуу завиар хөвөхийг “гулиалах” гэж нэршээд дадчихсан аж. Бид ч уухайн
тас зөвшөөрч, нэгнээсээ өрсөн завиа хөмрүүлчих шахан байж дээр нь гарав. Тэгтэл
завины эзэн “Та нарыг бүгдийг нь даахгүй. Хоёр хуваагдаж л “гулиалах” нь дээ. Эсвэл
энүүхэн хадтай цохионы цаахна мотортой онгоцоор “гулиалуулдаг” найз маань бий. Түүнийг
дуудчихвал та нар дөрөв дөрвөөрөө хуваагдаад суучихаж болно ш дээ” гэсэнд хоёр дахь
саналыг бүгд дэмжив. Моторт онгоцоор цаг аялбал 80 мянга, сэлүүрт завиар бол 50
мянган төгрөгийн ханштай юм байна. Наймуул бүгд л моторт завинд суучих санаатай
байсан нь илт байсан тул 100 мянга төгрөг тө­лөөд моторт завиараа сэлүүрт завиа
чирч нуураар аялахаар тохиролцсон юм. Гэхдээ дундаа хэд хэдэн зогсолт хийнэ. Ийнхүү
сэлүүрт болон мотор завины ялгаа үгүй болсон юм. Нуурын тогтуун усыг үл мэдэг давалгаалуулан
эргээс хөдөллөө. Бидэнд сэлүү­рийн ч хэрэг гарсангүй. Эргээс холдох тусам шаргалтан
тунарах нуурын ус гүн хөх өнгөөр солигдон, энд тэндгүй жижиг загас усны мандал дээр
үсчин гарч ирнэ. Хаа нэг тогоруу, нугас, ангирын сүрэг харагдахаас өөр нүдэнд торох
зүйлгүй ус үнэртсэн сувдан цэнхэр дэвсгэр…

Эргээс барагцаагаар хагас км холдоод
тэр хэсэгтээ түр амс­хийхээр зогсов. Хэрэв зогсолтгүй нэг цаг явбал бидний төлсөн
хөл­сөөс илүү шатахуун зарцуулдаг тухайгаа завины эзэн учирласан учраас бид үүнд
нэг их цаар­галсангүй. Сэлүүрт завины эзэн залуу хааяа доороо тунарах усыг нуур
луу шавхарч асгахаас өөр чимээ аниргүй хэсэг зогсов. Нэг найз маань “Ваннтай уснаас
их усанд орж үзээгүй надад хөлгүй их нуурын нэгээхэн хэсэг дээр хөвж явна гэдэгтээ
итгэж өгөхгүй л байна шүү” гээд бусдыгаа хөгжөөв. Зави­ны эзэн залуу “Өгий нуур
шиг гадагшаа урсгалгүй, гол мөрнөөс эх авдаггүй цэнгэг нуур гэдэг бай­галийн бас
нэгэн гайхалтай өвөр­мөц тогтоц юм шүү. Дээр нь загас жараахайгаар элбэг. Энэ жил
хур элбэгтэй болоод ойр хавийн булаг шанд устай байна. Тийм болохоор нуурын эрэг
дагуу мал сүүгээ бор­луулж, амрагчдад хоол унд хийж өгөх гэсэн цөөн хэдэн малчид
л зусч байна. Гантай зун эрэг дагуу битүү айл шавж, мал сүрэг ч багширна шүү дээ.
Уул тал хосолж, ургамал ногоо жигдэрсэн сайхан нутгийн цохилох зүрх нь энэ л нуур
юм шүү дээ” гэсээр нэг захаас нөгөө хүртэл бахтай нь аргагүй хараа гүйлгэв. Нэг
найз маань хөлнийхөө чилээг гаргахаар огцом дээш бостол зав сүрхий дайвалзсанд бид
багагүй сандарцгаав. “Жижиг завь тогтворгүй байдаг юм. Бусад нь сандарч ямар нэгэн
хөдөлгөөн битгий хийгээрэй. Харин босоогоороо байгаа нь алгуур доош суу” гэж завины
эзний “тушаалыг” бид дагасан учраас завь хөмөрчихсөнгүй. Тэрхэн үед толгойд аврах
хантааз зурсхийн орж ирж завин дээр ганц ч аврах хантааз байхгүй байгаагийн учрыг
асуув. “Хантааз асууж байгаа анхны хүн нь та нар боллоо. Монгол хүн амны бэлгээрээ.
Бид живнэ, живүүлнэ гэж боддоггүй. Дандаа л эсэн мэнд эрэг дээр буцаж хүргэж өгнө
гэж боддог, тэгсээр ч ирсэн. Яагаад ч юм аврах хантаазанд бэгнүүлсэн хүн нуурын
мандалд үргэлж айдастай явдаг. Завь гүехэн давалгаанд л үл мэдэг дайвалзахад л сандарч,
зав хөмрүүлчих гээд байдаг зовлонтой. Чөлөөтэй эргэж тойрч ч болохгүй. Гэхдээ удахгүй
хэдэн хантаазтай болно оо. Хот руу захичихсан” гээд мотороо асаан нуурын усан мандал
дээр хоёр тийш шугамдсан мэт ташуу давалгаа үүсгэн хөдөллөө. Түүний хэлдгээр Монгол
хүн амны бэлгээрээ. Магадгүй бид аврах хантаазтай эсэхийг нь лавлалгүй, элдэв муу
зүйл болж магадгүй гэсэн айдасгүй завин дээр суусан учраас эсэн мэнд бүгд эрэг дээр
гишгэсэн болов уу.

Майхны дэргэд мотоцикльтой хоёр залуу
ирчихэж. Бид ч мэндийн зөрөөгүй майхан сав доторх болон гаднахаа нүдээрээ бүртгэж
гарлаа. Бидний хандлагыг ойлгосон өнөөх нутгийн хоёр залуус “Тухтай юм хунараа бүртгэчих.
Дараа нь мэнд­лээрэй” гээд доогтой нь аргагүй инээлээ. Бид ч түгдчин байж тэр даруй
мэнд мэдвэл “Тулам авах уу” гэж асуув. Ойлгосонгүй. “Тарва­ганы боодог авах уу.
Өглөө уна­гаад, саяхан боосон. Тарган шүү” гэдэг юм байна. Миний араас “Тахалтай
байвал яана” гээд найз маань ёвров. Түүнээс аль хэдийн урьтаж би ч энэ тухай бодож
бай­сан учраас сэтгэлд цөвтэй идээ­нээс татгалзсан юм. Тахал тусдаггүй юм аа гэхэд
гэдэс өвдөж юуны магад.

Үргэлжлэл бий>>

  М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Ө.Ганзориг: Засгийн газар дахин бонд гаргаж байж л долларын ханшийг сулруулж чадна

“Мандал даатгал” компанийн ерөнхий за­хи­рал, эдийн засагч
Ө.Ган­зоригтой эдийн засгийн өнөөгийн байд­лын талаар ярилцлаа.

-Долларын ханш өдөр ирэх бүр чангарч
байна. Инфляци өсөх нь бараг л тодорхой бол­чих­лоо. Ер нь инфляци хэчнээн хувиар
өсөх бол, таамаглал байна уу?

-Миний хувьд мини­мум хэмжээгээр ярихад
л 15-16 хувьтай гарах нь ойлгомжтой болчихлоо гэж бодож байна.

-Инфляци өсөх бол­сон гол шалтгаанууд
гэвэл та юуг онцлох вэ?

-Хэд хэдэн шалтгаан байгаа л даа.
Нэг талаас гадаад худалдааны ба­ланс алдагдалтай байна. Зургаа, долдугаар сарын
байдлаар гэхэд тэрбум 500, 600 сая ам.дол­ла­рын алдагдалтай явж бай­на.  Бас нэг шалтгаан нь маш их төгрөг хэвлэж гаргасан
явдал. Нийт мөн­гөний нийлүүлэлт 30 ху­виар нэмэгдсэн. Мөнгө­ний нийлүүлэлт ихэссэн
нь цаанаа тодорхой шалт­гаантай. Засгийн газар 
тэрбум 500 сая ам. долларын бонд гаргаад төсвийн тэлэх бодлого явуулсан.
Дэд бүтцийн маш том төслүүд хэрэг­жүүлж эхэллээ. Үүнийг шийдэхийн тулд мөнгө­ний
нийлүүлэлтийг нэмж таарсан. Эдийн засагчид бол мөнгө хэвлэж зах зээлд гаргана гэж
ярьдаг. Эдийн засгийн номон дээр “Мөнгөний нийлүү­лэлт өсөхийг инфляци гэнэ”  гээд хэлчихсэн бай­гаа. Дотоодын инфля­циас гадна
импортлогд­сон инфляци гэдэг зүйл долларын ханшны өсөл­төөс болж орж ирдэг. Хэ­рэг­лээнийхээ
70 орчим хувийг гаднаас импор­тол­дог манай улсын хувьд бүр онцгойлж ярих асуу­дал.
Энгийнээр хэлбэл импортолж байгаа ба­раанууд долларын хан­шаар өсөөд орж ирнэ гэсэн
үг.

-Ам.доллар оны эх­нээс хэчнээн
хувиар өсөөд байна?

-13 орчим хувиар өсөөд байна. Тэгэхээр
импортоор орж ирж бай­гаа бараа тэр хэрээр өссөн гэсэн үг. Долларын ханш цаашаа
өсөөд 1600 төгрөг болвол бид худал­даж авдаг бараагаа 13 биш, бүр 16 хувийн өсөлт­тэй
үнээр авна гэж ойл­гож болно.

-Эдийн засгийн байдал хэцүүхэн
болчихлоо, УИХ-ын ээлжит бус чуулган зарлах хэ­рэг­тэй гэсэн мессэж явж байгаа.
Одоогийн үүсээд буй байдал ээлжит бус чуулган зарлахаар байдалд хүрсэн үү?

-Өнөөдөр хуралдаж асуудлаа ярихгүй
бол болохгүй нөхцөл үүс­сэн. Түрүү намар хямарчих байсан эдийн засгийг өнөөдөр хүртэл
торгоосон зүйл бол гадаадын хөрөнгө оруулагчдын худалдаж авсан бондын мөнгө шүү
дээ. УИХ-ын чуулган аравдугаар сар гаргаад хуралдана гэж хүлээж болохгүй. Хэрэв
ямар нэг компани дампуур­лаа гэхэд  захирал
нь “Би  амарчих­сан” гээд ирэхгүй суугаад
байхгүй шүү дээ. Эдийн засаг жилийн өмнө л хэцүү­хэн болчихсон байсан. Засгийн газар
бонд гаргаж байж л байдал нааштайгаар эргэсэн. Хятадын эдийн засаг наашилсан учраас
нүүрсний экспорт сэргэнэ гэсэн хүлээлт үүссэн нь бас нөлөөлсөн.

-Гэхдээ дан ганц бондоор эдийн
засаг өснө гэдэг өрөөсгөл ойлголт байх. Ер нь эдийн засаг сэргэхэд нөлөөлдөг гол
хүчин зүйлүүд нь юу байдаг вэ?

-Хэд хэдэн  хүчин зүйл байдаг. Үндсэн хүчин зүйл бол эрүүл
өрсөлдөх чадвартай зах зээл өөрөө босч  ирэх.  Хааяа зах зээл хямардаг л даа. Түүнийг нь бид
эдийн засгийн хямрал гэж нэрлэдэг. Ингэж хааяа хямрах үед нь төр оролцоод төсвийн
тэлэх бод­логоор эдийн засгийг дэмждэг. Эмнэлэг, сургууль, зам барьж, компаниудад
бага хүүтэй зээл өгөх зэргээр бодлого явуулдаг. Мэдээж энэ бодлого түр зуурын шинж
чанартай байдаг учраас үүрд үргэлж­лүүлээд байж болдоггүй.  Цааш нь үргэлжүүлээд байвал  Монголын өр талийгаад алга болно. Төр хамгийн
муу менежер учраас төрийн зарцуулж байгаа мөнгийг дагаад авлига зэрэг буруу зарцуулалтууд
бас явж байдаг.  Тиймээс төрийн оролцоо үүлэн
чөлөөний  нар шиг орж ирээд гарах ёстой.

-Засгийн газрын  1,5 тэрбум ам.долларын зарцуулалтыг ха­ра­хад
төр эдийн засгийг дэмжих үүргээ гүйцэтгэ­жээ. Тэгээд ч сэргэхгүй байна гэхээр…?

-Уг нь бол жамаараа яваа эрүүл эдийн
засгийн хувьд сэргэх болол­цоотой байсан. Гэвч өнөөдөр эдийн засаг сэргэсэнгүй.

-Гол шалтгаан нь юу вэ?

-Нүүрсний экспорт сэргэсэнгүй. Төмрийн
хүдэр гэж гараад байгаа юм алга байна. Нефтэн дээр том нээлт хийгдсэнгүй. Алтны
олбор­лолт өссөн дүн алга. Зэс хэвэндээ л байна. Гэтэл импорт нөгөө талд тасралтгүй
нэмэгдээд байна шүү дээ. Гадаад худалдааны алдагдал  хэмжээгээ алдаад байна. Монголд доллар  орж   ирэх
биш, гарах явц л өрнөөд байна. Төсөв тэлэхийг эдийн засаг өсөх нь, мундаг болох
нь гэж бодож болохгүй л дээ.  Тэлэх явцдаа
суурь зах зээлээ сэргэх эсэхийг байнга ажиглаад байх ёстой байсан юм.

-Нүүрсний зах зээл Чал­когийн гэрээний
асуудлаас хойш өөдтэй сэргэсэнгүй. Одоогоор жаахан ч гэсэн сэргэх төлөв алга уу?

-Яг хэвэндээ байгаа.

-Хятадын эдийн засаг сайнгүй байна
уу?

-Экспортын орлогын хувьд ямар байгаа
талаар манай байгууллага судалгаа хийж байна. Яг эцсийн дүн, тоо гараагүй байна.
Хятадын эдийн засгийн хувьд өсч байгаа. Бид хоёр л  замаар мөнгө олдог байсан. Нэгдүгээрт нь  экспортоос мөнгө олдог байлаа. Одоо тэр мөнгөний
урсгал маань эрс багас­лаа. Хоёрдугаарт гадаадаас хө­рөн­гө оруулагчид  мөнгөө барьж орж ирдэг байсан. Тэр алга бол­чихоод
байна.

-Хятадын эдийн засаг өсч байгаа
хэрнээ яагаад манайхаас нүүрс авахгүй байгаа юм бол?

-Үнэнийг хэлэхэд авахгүй байна. Тэгэхээр
одоо нэг л зам бий.  Манай төрийн тэргүүнүүд
Хятадад  очиж тэдэнтэй тохироо хийх ёстой.
Монгол Улс нүүрс зардаг, Хятад Улс худалдаж авдаг. Худалдан авагч нь гомдсон байж
магадгүй юм. Манайхан хятадын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй. Уг нь бол дипломат
ёсоор ямар ч улстай харилцан хүндэтгэлтэй хандах ёстой. Ингэж байж улс хөгждөг.
Хятад коммунист улс. Монголоос Хятадын төрийн ком­па­ниуд л нүүрс худалдаж авдаг.
Тэгэхээр тэр түв­шинд нь тохи­ро­хоос өөр ямар ч арга байхгүй. Үүнийг л чөлөөт зах
зээлийг дэм­жих төрийн дэмжлэг гээд байгаа юм. Түүнээс биш гадаа­дын хөрөнгө оруулагчдыг
үргээх, Хятадуудыг үргээх тал дээр төр засаг их сайн ажиллачихаад зах зээл эргээд
босох болохоор чөлөөт зах зээл өөрөө босно ш дээ, төр огт орол­цож болохгүй гэж
бо­лох­гүй л дээ. Хүний босгож ирсэн юмыг нурааж сүйтгэх болохоороо төр маш сайн
ажилладаг. Тат­варын албаа явуул­на. Янз бүрийн бодлого журам, хууль гаргана. Уг
нь чөлөөт зах зээл дэх төрийн орол­цоо гэдэг зохицуу­лалт дарамт биш, дэмжлэг юм.

-Тэгэхээр таны бодлоор Хятадтай
дээд хэмжээнд уулзах ёстой гэх  гээд  байна уу?

-Төрийн дээд хэмжээний уулзалтыг Хятадтай
хийх ёстой. Манайхаас нүүрс худалдан авах тухай асуудлыг ярилцахаас өөр аргагүй
байдал үүссэн. Бид тэднээс их юм худалдаж авдаг. Тэрийгээ ярьдаг ч юм уу, ямар ч
байсан ингэж байж л нүүрсний салбараа сэргээ­мээр байна. Тэгэхгүй бол нүүрсний  зах зээл мөд сэргэх янзгүй тал руугаа эргэчихлээ.

-Гадаадын хөрөнгө оруулаг­чид Монголын
эрсдлийг юу гэж харж байгаа бол?

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын
улс төрийн эрсдлийг өндөр байна гэж үзэж байгаа. Энэ асуудал ардчилсан улс  гэдэгтээ 
ч юм уу, эсвэл хөгжил дорой гэдэг үүднээс үүдсэн хэрэг биш л дээ. Жишээ нь,
Казахстан Ерөнхийлөг­чийн засаглалтай. Ерөнхийлөгч нь  Үндсэн хуулиндаа өөрийгөө дар­хал­чихсан. Бараг
ардчилсан гэж хэлэхэд хэцүү ч юм шиг улс.  
Гэтэл тэнд төрөөс гаргасан хууль  журам
бодлогыг урт хугацаанд мөрдөөд явж чаддаг. Монголд болохоор ардчиллын сул талыг
ашиглаад байна. Ардчиллын сул тал бол хүмүүст богино хугацаатай амлалт өгдөг нь.
Уг нь Монголын ард түмэнд эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжих нь чухал.
Түүнээс биш өнөөдөөр халамжаар өгч байгаа цөөхөн хэдэн төгрөг тийм ч чухал биш.

-Гадаадын хөрөнгө оруу­лал­тад
хандах сөрөг хандлага сүүл­дээ ийм  байдалд
хүргэчихэв үү дээ гэж бодох хүмүүс олон байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой
явдаг вэ?

-Гадаадын хөрөнгө оруулаг­чийг хамгийн
энгийнээр хэлбэл мөнгөө Монголд авчирч байгаа 
л хүн. Монголд гадаадын хөрөнгө оруулагчид л доллар авчирч бай­сан. Нээлттэй,
чөлөөт зах зээл, гадаад хөрөнгө оруулалт, зөв бүх юмыг дэмждэг байхыг л ардчилал
гээд байгаа юм. Гэтэл сүүлийн жилүү­дэд улстөрд сонгогдохын тулд л дайсныг зохиомлоор
бий болгож, компанийн захирал, хэн нэг гадаа­дын хөрөнгө оруулагчтай тэмцэх гэж
байгаа баатар мэт өөрийгөө харагдуулах гэж ярьж явсаар бай­гаад Монгол өнөөдөр хорт
хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж, дэлхийн хамгийн стресстэй ард түмнээр тодорч
байна. Уг нь жам зүйгээрээ бол сайжраад явах учир­тай. Тэгж сайжрах нөхцөлийг эдийн
засаг, зах зээл хангах ёстой юм. Түүнийг нь төр засаг дэмжиж орол­цох хэрэгтэй.
Чөлөөт зах зээлийг дэм­жих хамгийн том гарц нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих.
Улс­төрчид дипломат соёлд суралцаж, үг хэлээ цэнэх учиртай. Бидний ярьж байгааг
дэлхий сонсч байгаа. Өнөөдөр хэн нэг улстөрч нэг юм хэлэхэд л гадны хөрөнгө оруулаг­чид
маргааш нь сонсчихож байна. Тэд 2011 оноос хойш дандаа сөрөг мэдээлэл авсан. Дахиад
хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт буураагүй бол долларын ханш өсөхгүй байсан.  

-Гадаадын хөрөнгө оруулаг­чид болон
эдийн засагт оролцох төрийн оролцоог бүр шинээр харах нөхцөл үүсчихсэн юм биш үү?

-Тийм ээ, санал нийлж байна. Чөлөөт
зах зээлийн эдийн засгийн төрийн оролцоо гэж юу болох, гадаадын хөрөнгө оруулагч
гэж хэн бэ гэдгийг шинээр томъёолж ойлгох цаг нь болсон гэж бодож байна.

-Ам.долларын ханш цаашилж өслөө
гэхэд хэд хүрэх эрсдэл байна?

-Ойрын хугацаанд 1600 хүрэх эрсдэл
байна. Хүмүүс хадгалам­жаа хувиргаад эхэлбэл яах вэ гэдэг том асуудал бас бий.  

-Монголын түүхэнд доллар дээд тал
нь хэд болж өсөж байсан бэ, 1800 гэдэг билүү?

-Албан бусаар бол 1800 гэж ярьдаг.
Яг Монгол банкны албан ханшаар 1670 билүү тиймэрхүү тоо сонсогддог. Гэхдээ Монгол
банкны албан ханш бол зарласан ханш шүү дээ. Зах зээл дээр байгаа ханш нь бол
1800 гэж ярьдаг юм.

-Монгол банкнаас интервенц хийх
ч юм уу өөр ямар нэг арга байгаа болов уу?

-Монгол банк гэж асуудлыг салгах боломжгүй.
Асуудлын буруутан нь Монгол банк биш. Буруутан нь Монголын төр. Гэхдээ төр гэхээр
яг  одоогийн засгийн эрх барьж байгаа хүмүүс
гэж буруу ойлгож болохгүй. Сая хорь гаруй жил буруу ойлгосон ойлголтоо залруулах
хэрэгтэй гэж  ярьсан шүү дээ. Үе үеийн Засгийн
газрууд чөлөөт зах зээл дэх төрийн оролцоог буруугаар ойлгодог, чөлөөт зах зээлийг
хөгжих гэхэд нь хааж боодог, дарамтлахаа төрийн оролцоо гэж ойлгодогоос болсон.
Би улстөрч хүн биш л дээ. Цэвэр эдийн засаг талаас ярихад ийм байна.

-Тэгэхээр долларын ханшийг яаж
барих вэ?

-Засгийн газар бонд гаргах ёстой.
Тэгээд тэр мөнгөөр нь Мон­гол банк интервенц хийх хэрэгтэй. Ингэж байж л долларын
ханшийг барина.

-Хөрөнгө оруулалтын орчин муу байгаа
болохоор дэлхийн хөрөнгийн зах зээлийн орчноос бондоор мөнгө босгож чадах уу?

-Дэлхийн хөрөнгө оруулагчдын хандлагыг
эерэг болтол, хөрөнгө оруулалтын орчноо сайжиртал гэж хүлээх цаг алга л даа. Ноднингийн
өдийд байдал бишдсэнийг мэдээд баталъя гэж санаачилсан хөрөнгө оруулалтыг дэмжих
хуулиа хүртэл бат­лаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр Хятад, Оростой ч юм уу аль нэг
улсын Засгийн газартай тохироо хийж бонд гаргаж болно. Түүнээс биш олон улсын чөлөөт
зах зээл дээрээс мөнгө босгох боломж байх­гүй. Манай бондын хүү долоон хувь болсон.
Найман хувиар бонд гаргаж байж хүн авна. Гэтэл найман хувийн хүүтэй бонд гэж юу
байхав. Засгийн газар хооронд ч юм уу, Олон улсын валютын сан энэ тэр гээд мундаг
аврагчдад хандах л зам үлдсэн. Тэдэнтэй тохиролцож мөнгө гуйхаас өөр арга байхгүй. 

-Сүүлийн үед эдийн засагт  өрнөөд байгаа нэг том сэдэв  бол Оюу толгой. Эдийн засаг талаас нь харвал Оюу
толгой дээр бид яах ёстой юм бол?

-Оюу толгой гэж байнга ярихаа болимоор
байна. Энэ чинь нэг л төсөл. Ганц­хан уурхайн асуудлыг Монгол Улсын Засгийн газар
үе дамжуу­лаад найм, есөн жил ярьж болохгүй. Нэг шийдээд жижиг агент­­лаг юм уу
“Эрдэнэс Оюу­толгой”-д нь даатгаад л орхих хэрэгтэй байгаа юм. Өнөө­дөр Мон­голын
ард түмэнд ярих асуудал их байна. Хөрөнгийн захаа яаж хөг­жүү­лэхээс эхлээд, шинэ
уурхайнуу­даа хаана хаана барих гээд би­дэнд ярих асуудал зөндөө бий. Оюу толгой
дээр зардал хэтэрсэн гэж байна. Анхнаасаа хувь авснаас л үүдсэн хэрэг. Хувь аваагүй
бол зардлаа хэтрүүлсэн хүн өөрөө хохирлоо хүлээх зах зээлийн хууль бий. Үндсэн хуульд
газрын доорх баялаг Монголын төрийн, ард түмний өмч гэсэн байгаа. Гэтэл өөрийн өмчөө
бус­даас худалдаад авчихсан. Дэлхийн эдийн засгийн түүхэнд байхааргүй зүйл болсон.
Анхнаасаа хувь худалдаж авах буруу байсан юм. “Рио” ард түмний өмчийг ашиглаж байгаа.
Ашигт малтмалын хуулиар ашиглалтын лиценз аваад ажил­лаж байгаа компани. Тухайн
хүний өмч болоо­гүй. Зүгээр л ашиглал­тын лиценз эзэмшиж байгаа ком­паниасаа буцааж
хувь худалдаж авсан. Уг нь бол татвар, хураам­жаа­раа ший­дээд явж  болох асуудал байсан юм.

-Засгийн газар  эзэмшиж байгаа хувиа буцаавал дээр гэж хэлэх гээд
байна уу?

-Боломжтой бол энэ хувиа буцаагаад
татвараа нэмчихмээр байгаа юм. Тэгээд лаагаа иднэ үү,  луувангаа иднэ үү, гадаад ажилч­дын цалиндаа хэчнээн
доллар өгнө үү тэдний л асуудал гээд орхичихмоор санагддаг. Бүх сайд дарга нар нь
оюунаа чилээх ямар ч хэрэг байхгүй. Оюу толгой төс­лөөс гадна Монголын эдийн засагт
шийдэх олон асуудал байна. Мон­голын олон улсад өрсөлд­дөг корпорациудыг дэмждэг
хуу­лийг гаргамаар байна. Хөрөнгө оруу­лал­тыг дэмжих хууль хэрэгтэй байна. Хөрөнгийн
зах зээлээ хөг­жүүлмээр байна. 

Ц.БААСАНСҮРЭН

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Тунгалагшин мэлтрэх Өгий нуурын хөвөөнд

Хэсэг нөхдийн хамт хангай нутгийн
үзэсгэлэнт байгалийн өвөрмөц тогт­цыг нүдээр үзэж бая­сангаа Архангай аймгийн Өгий
нуурт хэд хоноод урагш Түрэгийн хөшөө дурсгалаар дайран Өвөр­хангай аймгийн Эрдэнэ
зуу хийд орох төлөв­лө­гөөтэй Улаанбаатараас хөдөллөө. Хаа сайгүй бороо хур элбэг
үед аялал­даа жижиг тэргээр гарч байгаа бидний хувьд сонгосон маршрут маань зам
сайтай нь завшаан­тай хэрэг болсон юм. Учир нь аял­лын 800 гаруй км замын 40 гаруй
км-ийг нь л шо­роон замаар явах юм.

Баруун тийш Мянганы замаар 400-гаад
км яваад урагш буюу зүүн тийш эргэж шороон замаар 20 гаруй км яваад Өгий нуур хүрэхээр
автозамын газ­рын зураг дээр тэмдэг­лэгджээ. Үдээс хойш хо­тоос хөдлөхөд энд тэнд
хонин цагаан үүлс зүүн хойноосоо ташуулдан нүүж байлаа. Баруун тийш довтлох тусам
хо­нин цагаан үүлс бөөн хар үүл болон бөөгнөрч энд тэнд хааяа нэг цахил­гаан цахиж
харагдав. Хон­хор болгонд нуур тогтон цай­валзаж, уулын хор­мой, тал газраар цагаан
утас татсан мэт суваг шуу­дуу бүхнээр ус урсана. Зам дагуу хонь ямаанаас гадна өвсний
соргог, ус­ны тунгалаг тийш идээш­лэн бэлчдэг үхэр, адуу зэрэг урт хөлийн мал гэ­рийнхээ
хаяанд шахуу идээшлэх нь аргагүй л газрын гарц ханаж бороо хур тэгширсний гэрч гэлтэй.
Төв аймгийн Лүн сум хүртэлх зам гурав дөрвөн хэсэгт багагүй эвдэрчээ.

Тэр хэсгээр аль аль талаасаа яваа
машинууд замын бартааг гаргах гэж эсрэг урсгалдаа орж гаран сүлжилдэнэ. Лүнгээс
дөнгөж өнгөртөл аадар бороо асгаж эхлэв. Эргэн тойрон бор саарал өнгөөр будагдан
өмнөх зам харагдахаа болив. Гэрлээ асаасан ч нэмэр болсонгүй тул замын хажууд ос­лын
гэрлээ асаан зогслоо. Төд удалгүй хаа нэгтэйгээс хонь ямаа­ны майлалдах, хүмүүсийн
“хаая, хүүе” гэх дуун сонсогдов. Цонхон­доо жаахан завсар гарган чимээ чагнавал
хажууханд сонсогдох хэдий ч өтгөн саарал манан мэт аадар бороон дундаас торойх бараа
үзэгдсэнгүй. Чимээ нь алсар­саар эргэн тойронд аадар бороон чимээ, аянга цахил­гаанд
уусан алга болов.

Хагас цаг гаруйн дараа аадар бага
зэрэг намжин өмнөх зам саахалтын дайтай харагдаж эхлэв. Гэрлээ асаасан чигтээ алгуур
урагшилтал нэг нь морьтой, нөгөө нь явган хоёр хүн бороонд урууд­сан ус зайлуулах
хоолой руу хонио шахан, тогтоохыг хичээж байлаа. Салхины доор зогсоод элдэв чимээ
гарган биднийг ч анзаарах сөхөө­гүй хоёр тийш зогсоо зайгүй гүйж харагдав. Бороо
ч алгуур намжин, үүлс ч шингэрэх­тэй зэрэгцэн май­лалдан салхи уруудан тэмүүлэх
бог ч тогтов. Тэгтэл бор тэрлэгэн дээлтэй ахимаг насны эр бэлт­гэлийн өмд цамцтай
залууд “Хони­ныхоо хошууг ойр дээр нь эргүүл­чих ээ гээд байхад цаадах бартаа хадгүй
энгэр дээр нь гарангуут мотоцикльтой яваад ирье гээд байсан чинь хаана байна. Уяан
дээр номхон морь байсаар байтал. Мориноосоо айж төмөр сандайл­даг монгол эр байдаг
юм уу. Ядаж хоёулаа морьтой байсан бол энэ хэдийгээ тогтоож дөнгөлгүй яах вэ дээ”
гээд зэмлэж гарлаа. Ганцхан тэдний ч биш, тэр хавийн олон мал хуй урууджээ. Хот
айл болгоноос морьтой, мотоцикльтой хүмүүс уруудсан малаа ойр дээр нь эргүү­лэхээр
яаравчлан хөдөлж байлаа. 

Энд тэндээ энхэл донхолтой, зарим
хэсэгтээ явахын аргагүй болсон замаас бүв бүтэн, толь шиг замтай нийлсэн нь нэгэнт
хүрэх гэсэн газраа очсон мэт сэтгэл тайвширна. Төв аймгийн Лүн су­маас баруун хязгаар
тийш шугамд­сан мэт тэгш “Мянганы зам” эхэлж байгаа нь энэ. Хааяа нэг үхэр сүрэг,
хонь ямаан цуваа, ганц нэг адуу зам хөндлөн гарахад л хурдаа хаса­хаас бусад үед
хөл хурд сааруу­лагчид хүрсэнгүй. Замын турш өнгө өнгийн цэцэгс алаглаж, өвс найга­сан
тал, модоор бүр­хэгдсэн уулс… Аргагүй л өнгөтэй сайхан намрын эхлэл дээ.

Бид цааш явсаар нар жар­гахын алдад
Мянганы замын 360 дугаар шонгийн ойролцоох нутгийн нэгэн айлаас зам асуухаар буугаад
мордсон юм. Гэрийн эзнийг Л.Бат­сүх гэдэг бөгөөд түүнээс бид Ар­хан­гай аймгийн
Хашаат суманд явж байгаа гэдгээ мэдсэн юм. Тэрээр “Цааш арав гаруйхан км яваад замынхаа
зүүн талд нь Майхан уул бий. Майхан хэлбэртэй болохоор нь ингэж нэрлэсэн юм. Зүүн
тийш салаад тэр уулын баруун хормойгоор цааш давсан замаар явбал бартаа бага­тайгаас
гадна тэр зам чинь та нарыг Өгий нуурын урд эрэгт хөтлөөд л аваач­чихна. Хэрэв цааш
хэтрээд Мян­ганы замын төгсгөлөөс урагш салвал нуурынхаа хойд эргээр ордог юм. Нуурын
хойд эрэг нь намгархаг учраас хур ихтэй жил машин тэрэг явах нь бүү хэл хүмүүс ч
нэг их очдоггүй юм. Тэгээд ч урд эрэг нь гүехэн, дороо элстэй” хэмээн бидэнд замчилсан
юм. Үнэхээр ч түүний хэлснээр арав гаруйхан км яваад л Майхан хэл­бэрийн томоо гэгчийн
уулын баруун хормойгоор давсан зам зурайж байв. Мянганы замын 371 дүгээр шон буюу
371 дэх км-ээс зүүн тийш эргэдэг юм билээ. Тэгш өнцөгт хэлбэрийн суурьтай, хоёр
хажуу нь тэг дөр­вөл­жин, нөгөө хоёр хажуу нь гур­валжин ёстой л майхан хэлбэрийн
бусдаас содон уулын бараа үд­шийн гэгээнд бараантан сүүдэртэх нь үнэхээр сүр бараа
ихтэй аж. Багагүй ачаа­тайгаас гадна дөрөв тавуулаа дотор нь чихэж, доош суусан
жижиг тэрэг торолгүй явсаар нэгэн жижиг гүвээн дээр гартал уулсын цэлгэр бэл тэр
чигтээ сүү асгачихав уу гэлтэй цагаан өнгөөр мэлтрэн тунарна. Түүн дээр ганц нэг
гэрэл тусан эргэж ойх нь далай их сүүнд ганц нэг гэрэлт цох уна­чихсан мэт ер бусын
үзэсгэлэнтэй харагдана.

Замаараа хөтлүүлэн нуурын­хаа зүүн  урдах хөвөөгөөр дамжин, урд эрэгт нь хүрсэн юм.
Хавирган сартай шөнө эргэн тойрон дахь уул толгод бараантан, нуурын ус цэлэл­зэн
цайрч үзэгдэнэ. Нуурын эргээр бидний хоёр талд нилээд олон майхан сав, машин тэрэг
сүүдэртэн харагдана. Зарим нь шуугилдан инээлдэж байхад зарим нь машиныхаа хөгжмийг
эцэст нь тултал чангалчихаад бүжиг­лэж байлаа. Бид ч машины­хаа гэрэлд майхнаа дорхноо
босго­чихов. Аян замдаа алжаахаасаа илүүтэйгээр өглөө эртлэн босч нуураа харах хүсэл
бүгдэд нь буцалж байсан учраас оройн хоолоо идчихээд унтацгаахаар хэвтэв. Тэгтэл
нэг талаас хөгжмийн, нөгөө талаас инээлдэн шуугих чимээ бидний нойрыг шөнө дунд
болтол хулжаав. Инээж хөхрөхийг нь хорьдоггүй юм аа гэхэд хөгжмөө унтраахыг аминчлан
гуйхаар гур­вуул тэдэн дээр очив. Арваад майханг тойрог хэлбэрээр засч, дундаа өсгөгч
тавьчихаад хэсэг хүмүүс дуулж, бүжиглэж байна аа. Тэдний нэг нь бид гурвыг харс­наа
бусдыгаа ёврон бидэн лүү гараа­раа заав. Махлагдуу нуруулаг залууд “Хөгжмөө жаахан
сулла­чих” гэж орилох шахам хэлсэн ч огт дуулсангүй. Аргагүйн эрхэнд тэд­ний өсгөгч
рүү зааж, хоёр чихээ дартал сая нэг юм өсгөгчийнхөө дууг намсга гэж байгааг ойлгов
бололтой дууг нь суллав. Тэрээр биднээс “Та нарт юу хэрэг болов” гэж дээ­рэн­гүй
маягаар асуухад нь бид ч хөгжмийнхөө дууг намсгаж өгөхийг хүслээ. Тэгтэл тэрээр
“Энэ газрыг та нарт өмчлөөд өгсөн биш. Хаяанд майхнаа зоочихоод олон юм яриад байлгүй
эндээс холд” гээд агсамнаж гарав. Тэгтэл майх­наас хоёр гурван залуу гарч ирэн биднийг
хэрүүл өдөж явна гэж ташаа ойлгосон бололтой гар зөрүүлэхийг завдав. Бид ч согтуу,
дээрэлхэнгүй тэдгээр хү­мүүс­тэй хэл амаараа учраа олол­цож чадах­гүйгээ мэдээд
бушуухан холдсон юм.

 Өглөө эргэн тойрон манан бүрхсэн мэт ногооны униар
тат­жээ. Гадаа тогтуун хэдий ч нуурын зүгээс ер бусын чийглэг салхи зөөлөн үлээх
нь нэн таатай. Нуурын ус гол хэсгээрээ тогтуун, эрэг хавиараа бидэртэн давалгаал­на.
Эргэн тойрон манан бүрхэж чийглэг агаар хамар цоргин, хаа нэгтээ адуу янцгааж, хонь,
ямаа майлна. Өнөөх шөнөжингөө “цам­на­сан” нөхдүүд гадаа майхан гэлтгүй энд тэндгүй
хоёр гурваараа унтсан харагдана. Эргэн тойронд нь шил, лааз, элдэв гялгар уут хөглөрнө.
Нуурын эргэн тойронд амралт, сувиллын цагаан гэр, дүн­зэн байшингууд торойн харагдана.

Бидэн дээр арван литрийн төмөр бидон
дүүрсэн өвгөн ирснээ “Өглөөний шинэ сүүгээр хийсэн тараг авах уу. Литр нь 800 төгрөг”
гэж байна. Бид ч таргийг нь олзуур­хан авч айраг, сүү зардаг эсэхийг нь асуухад
“Бүгд бий. Хэрэв хүсвэл хоол унд ч хийж өгч болно. Манай охин сумынхаа сургуульд
тогооч хийдэг юм. Зуны амралтаа­раа гэрээрээ энүүхэн довцог дээр бууж айраг цагаагаа
борлуулж, хоол унд хийж зардаг юм. Хөдөө гарч ирсэн хүмүүс байна даа айраг цагаа
амталж, хорхог боодог идсэн шиг амарвал өвөл ядаж л хамрын ханиад хүрэх­гүй дээ”
гэв. Өвгөний хэлснээр тэр хавийн нутгийн айлууд амралт зугаалгаар яваа хүмүүсийн
хоол ундыг хийж өгч, айраг цагаанаас авахуулаад ямаа­ны хорхог боодог хүртэл хийж
борлуулдаг гэнэ. Ийнхүү тэдний­хээс өглөөний цайн­даа банштай шөл, цуйван, будаа­тай
хуурга “захиалж” идэхээр бол­лоо. Тэр хавьд нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол ч бай
ялгаагүй нэг хүний хоол 5000 төгрөг байдаг гэнэ. Өвгөн ч өврөөсөө нямбайлан эвхсэн
жижиг цаас гаргаж ирснээ “Хоёр цуйван” гэснээ хоёр Ц, “Гур­ван банштай шөл” гэснээ
гурван Б үсэг дараал­луулан бичиж, “Гурван хуурга” гэснээ гурван Х үсэг бичив. Түүнд
хоолны нэрүүдийг бүтнээр бичихээс эхнийх нь үсгийг захиал­сан хүнийх нь тоотой бичих
нь амар байдаг гэнэ. Тэрээр ингэж “захиалгаа” аваад бүр дадчихсан аж. Тэрээр “Аан,
та нар олон хоол захиалж байгаа юм чинь өвөө нь халуун сав цай үнэгүй өгчихье” гэв.
Хүү нь сумын төв орохоор маши­наа унаад явчихсан учраас бид­нийг хагас цагийн дараа
гэрт нь очоод захиалсан хоолоо идэхийг санал болго­сон юм. Бид ч настай хүнээр халуун
савтай цай, өчнөөн хоол зөөл­гөхийн оронд очоод идэх саналыг нь уриалгахан зөвшөөрөв.

Нуурын эргээр элдвийг сонир­хож яваад
хагас цаг өнгөрснийг ч сөхөөрсөнгүй. Тэгтэл нэгэн жаахан хүү бидэн дээр гүйж ирснээ
“Өвөө та нарыг хоолоо ирж ид гэнэ ээ” гээд буцаад гүйгээд явчихав. Бид ч өөр хоорондоо
“Ийм хурдан хийчи­х­эж байгаа юм байх даа” гэсээр гэрийнх нь зүг гэлдэрцгээв. Өвгөн
гэрийнхээ гадаа гаансаа нэрж зогссоноо “Хүүхдүүд орцгоо” гээд уриалгахан хаалганы
зүг баруун гараа сарвайв. Бид ч гэрийн хоёр талд орон дээр суутал “Ёс мэдэхгүй хүнд
ёр халдахгүй гэдэг болохоор та нар наанаа сууцгаа даа. Уг нь монгол гэрт орсон гийчин
баруун талаар суухдаа ахмадаа дээд талдаа гар­гаж суулгадаг юм” гэсээр хултай айрагнаас
вааранд тасдав. Бидэнд айраг аягалангаа “Бид та нарт хагас цагийн дараа яваад очоорой
гэж байхад бараг цаг хүлээлээ. Хөдөөд би сүрхий цаг барьдаг амьтан болж жүжиглээд
яах вэ. Хотын та нар уг нь надаас илүү  минут
секундээр нь ягштал барим­талдаг байх ёстой санагдах юм. Өвөө нь цэргийн хүн болохоор
цаг ягштал баримталдаг. Тэгээд ч хоёрхон хоолны халуун савтай болохоор хоолыг нь
халуун дээр хүмүүст нь өгчихөөд дараа­гийнхаа хоолыг хийдэг юм. Тэд ч бас халуу­наар
идэхийг хүсч байгаа нь мэдээж” гэвэл “Та ч мундаг өвгөн байна шүү” гэхээс өөрийг
хэлж чадсангүй. Бүгд айраг амсангуут өвгөн улаан өнгөтэй халуун сав­наас цуйван
аягалснаа ногооноос нь банштай шөл хийж өгөв. Харин будаатай хуургаа хөргөхгүйн
тулд зөөлөн гал дээр болгож байжээ. Хагас цаг гал дээр идэхэд бэлэн бол­чих­сон
хоолыг хуурч зогсоно гэдэг амаргүй л дээ.

Өмнөх өдрүүдэд нь үргэлжил­сэн бороо
орж, эрэг хөвөө, уулс толгод нь үл харагдаж асан нуур маань тэр өглөө усан хөшгөө
цэ­лий­­тэл ярж, өөрийн төрхөө бидэнд тольдуулсан учраас өвгөн биднийг аргагүй
“морьтой явна” гэж магтсан юм.

Нуурын эрэг дагуу жорлонгийн ойролцоо
энд тэндгүй хогийн цэг үүсчээ. Гадуур нь хашаа хороо барьсан зүйлгүй болохоор жаахан
салхи дэгдэх төдийд л гялгар уут чихрийн цаас энд тэндгүй хөг­лөрнө. Бас ил гал
түлсэн гурван чулуу, үнс хаа сайгүй. Тарьсан хогоо уутанд хийгээд хогийн цэг дээр
хаядаг нэгэн байхад цэвэрлэх нь бүү хэл хаяад явчихдаг нь ч байх юм.

Өдөр тийш нуурын ус бүлээ­цэж, бүгд
л усанд оров. Хүүхдүүд нь эрэг хавьцаа тоглох бол томчууд нь эргээс холгүйхэн сэлж,
шум­бана. Зарим нь хийлдэг завь, гудас, хантааз сэлттэйгээ ирсэн байсан юм. Нуурын
эргээр шанаган хор­хой, жижиг загас жараахай сүрэг­лэн сүлжил­дэнэ. Доороо элстэй
учраас эрэг дагуу алхахад тун таатай юм билээ.

Үргэлжлэл бий

  М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Монгол дампуурах эсэх нь УИХ, Засгийн газрын хандлагаас хамаарах гээд байна

Ердөө жилийн өмнө “Financial
times” манай улсыг эдийн засаг нь хоёр оронтой 
тооноос буухгүй, асар хурд­тай хөгжих орон гэж онцолж байв. Бүр М-3 гэсэн
томъёо­лол гаргаж Монгол, Мозам­бек, Мьянмарыг хоёр дахь БРИКС  хэмээн зарлаж бай­лаа. БРИКС гэдэг нэр томъёог
“Голдман Сакс” банкны эдийн засагч 1990-ээд оны эхээр гаргасан байдаг.  Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад улсуудыг эдийн засгаараа
толгой цохих нь гээд гаргаж ирсэн томъёолол. 
Эдгээр орны эдийн засаг 1990-ээд оноос хойш үнэхээр өссөн. Харин Монголын
эдийн засагт сүү­лийн үед өрнөж буй үйл явдлууд “Financial times”-ийн  М-3 гэсэн томъёоллыг M-2 болгож магадгүй байна.
Сүү­лийн үед өрнөсөн үйл явдал  гэдэг нь ердөө
л Монгол Улсын Засгийн газар ба Оюу­тол­­гойн хооронд үүсээд буй нөхцөл. Өнгөц харахад
нэг компанийн хувь нийлүүлэгч­дийн асуудал мэт боловч үнэн хэрэгтээ тэдний дунд
бүхэл бүтэн улсын эдийн засгийг тэр чигт нь хөдөлгө­хөөр үйл явдал өрнөж байна.
Оюу толгой бол Монголд төдийгүй дэлхийд томд орох төсөл. Гадаадын хамгийн том хөрөнгө
оруулалт өмнийн говьд хийгдэж байгаа. Дэл­хийн уул уурхайн гигантуу­дын нэг “Рио”
энэ төслийн гол оролцогч. Гадаадын хөрөнгө оруулалттай энэ төсөлд Мон­гол Улсын
Засгийн газар тогт­вортой байдал амлаад Хөрөн­гө оруулалтын гэрээнд гурван ч сай­даа­раа
гарын үсэг зуруулчихсан. УИХ нь хүртэл “Эдийн засгийн хөдөл­гөгч хүч болсон төслөө
үргэлж­­лүүлэхийн тулд тогт­вор­той байдал амлалгүй яа­хав” гээд зөвшөөрөөд алхаа
тогшчихсон. Энэ бүхний эцэст Засгийн газар ааш нь олдох­гүй эхнэр шиг ааш­лаад бараг
хагас жил болж байна. Эцэс­тээ “Өө ерөөсөө бид мэдэхээ байчихлаа, УИХ-аар л ший­дүүлье”
гээд таг чиг болчи­хоод байна. Өөрсдөө шийд­вэр гаргаж тогт­вортой байдал амласан
Оюу тол­гой­доо ингэж хандаж байгаа юм чинь бидэнд яах нь тодорхой гээд хөрөнгө
оруулалт зогсчихоод бай­гаа юм. Шалтгаан нь ердөө л энэ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ХЭН СААД БОЛООД
БАЙНА ВЭ?

Хөрөнгө оруулалт бүхэл­дээ таг зогсчихоод
байгаа­гийн  гол шалт­гаан нь ердөө  л  шийдвэр
гаргадаг эрхмүү­дийн хандлага. МАН өнгөр­сөн сонгуулиар ялагдахаа мэдрээд эхлүүтээ
эрхээ дуу­са­хын өмнөхөн стратегийн салбарын хөрөнгө оруулал­тыг зохицуулна гэсэн
нэрээр хөрөнгө оруулалтыг үргээх хууль баталчихсан. Тэр үеэс урсгал нь саарсан гадны
хөрөнгө оруу­лалт хэцүүхэн байдалд орсон нь гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэ­сэн
таагүй хандлага  өнөө хүртэл УИХ, Засгийн
газарт хүчтэй байгаатай холбоотой. Өмнөх УИХ-д байхдаа л Оюу толгойн эсрэг дуугардаг
бай­сан гишүүд энэ Засгийн гол­лох салбарыг удирдаж бай­на. Хамгийн том жишээ нь
гэхэд л Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар. Гадаадын
хөрөнгө оруу­лал­тыг зогсоосон Занданша­тартай агаар нэг бодол, үзэл­тэй эрхмүүд
ч УИХ-д олон бий. Эдний амнаас гарч буй үг бүрийг гадаа­дын хөрөнгө оруулагчид анхаа­рал­тай
сонсч халаасан дахь  мөн­гөө гаргахгүй, тас
атгасаар байгаа.

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЮУ БОЛООД ӨНГӨРСӨН
БЭ?

Оюу толгойн зэсийн баяж­малын экспорт
эхлэхгүй нэг хэсэг удсаны гол шалтгаан нь мөн л Засгийн газрын ханд­ла­гаас үүдсэн.
Хил гааль нь харчих боломжтой экспортын гэрээг “заавал би өөрөө хар­на” гэж Уул
уурхайн сайд нь зөрүүдэлж экспортыг хэсэг гацаа­сан. Оюу толгойн зүгээс нууц зад­руулахгүй
гэвэл гэрээ­гээ харуулъя гээд нууц­ла­лын гэрээнд гарын үсэг зурахыг хүссэн ч хөдөлж
өгөх­гүй баахан удсан. Тэр хооронд гаднаас орж ирэх мөнгөн урсгал хумигд­саар байсан.
Тэгж тэгж нэг юм экспортын гэрээг ТУЗ-ын гишүүд үзэж, Засгийн газар нууц зад­руулахгүй
гэж аман тангараг өгч байж тохирол­цоонд хүрч байлаа. Засгийн газар Эрдэнэт, Оюу
тол­гойн  аль алинд нь хувь эзэмшдэг. Оюу
толгой Эрдэнэт хоёр бол өрсөлдөгчид. Нэгнийхээ зэсийн баяжмал зарж байгаа үнийг
нөгөө нь мэдээд байж болохгүй гэдгийг зах зээл гадарладаг хэн ч төвөггүй ойлгоно.
Уул уурхайн сайд харин ойлгохгүй нэлээд удсан.

Экспорт гацсан нөгөө шалт­­гаан нь
зэсийн баяжмал зарсан мөнгөө заавал Монго­лын банкаар дамжуул гэсэн эрхэм сайдын
шахаа байлаа. Засаг эцэстээ Оюу толгой компанийг гадаадад данстай байж болохыг хүлээн
зөв­шөөр­сөн л дөө.  Гадаадад  нээсэн данс бүрээ энд бүрт­гүүлж, тэр дансаараа
л гүйл­гээ хийж, дансны бүх хуулгаа Засгийн газарт  өгөх тохи­роонд  хоёр тал хүрч чадсан. Одоо хувь нийлүүлэгчдийн
хурлаар эцсийн шийдэлд хүрээгүй арваад асуудал үлд­сэн. Тэр асууд­луудыг явцын дунд
шийдээд явна гэсэн байр суурийг Засаг, компани хоёрын аль аль нь барьж буй.

ТЭГВЭЛ ОДОО  ЮУН ДЭЭР ГАЦААД БАЙНА ВЭ?

Засгийн газар дахиад л буруу хараад
суучихлаа. Оюу толгойн хувьд нөөцийнх нь 80 хувь газрын гүнд бий. Гүнд  байгаа зэсээ олборлохын тулд гүний уурхайгаа даруй­хан
барих шаардлагатай. Тэгж байж их мөнгө олно. Одоогоор “Рио” гүний уурхай­гаа барих
санхүүжилтээ бос­го­хоор ажиллаж байна. Дэл­хийн дөрвөн тивийн банк, санхүүгийн
байгууллагууд  Монголд хэрэгжиж байгаа зэсийн
төсөлд дөрвөн тэрбум ам.дол­ларын зээл өгөхөө 
мэдэгдээд байгаа. “Рио”-гийн хувьд ч эрсдлээ үүрээд санал болгосон зээлүүдийг
авах бодолтой байна. Хэрвээ энэ зээл бүтвэл дэлхийн уул уур­хайн салбарын хамгийн
том төслийн санхүүжилт болох юм. Төслийн санхүүжилтэд Оюу толгойн нөгөө хувь ний­лүү­лэгч
болох Засгийн газ­рын зөвшөөрөл дутуу байгаа. Засгийн газар хэдэн сарын турш  таг чиг байсны эцэст УИХ асуудлыг шийднэ гэсэн
мэдэгдлийг хөрөнгө оруу­лагч­дад  хүргүүлсэн
нь “Рио”-гийн мэдэгдэл дээр тодорхой бай­гаа. Асуудал УИХ-аар орж байж тодорхой
болно  гэж Засгийн газрын төлөөлөл болсон
хүн нь захиа явуул­чи­хаар хөрөнгөө оруулсан хүмүү­­сийн хувьд асуудал тодор­хойгүй
болж байна гэсэн үг. Ийм нөхцөлд “Рио”, “TRQ”-ийн хувьд хувьцаа эзэм­шигчдэдээ байдлыг
ил тод мэдээлэх үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу мэдэгдэл гаргасан нь тодорхой.

Ийм учраас Засгийн газ­рын мэдэгдлийн
дараа “Рио”, “Туркойз хилл” хоёр Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын
ажлыг зогсоох шийд гаргасан  хэрэг. Өнөөдрийг
хүртэл хүлээцтэй ажиглаж ирсэн “Рио”-гийн хувьд анхны гэж хэлж боло­хоор анхаа­рал
татахаар, эрс шийдэмгий алхам болсон. 

 Энд бас нэг хачирхалтай өнцөг бий. Ерөнхий сайд
өнгөрсөн долоо хоногт сэт­гүүл­чид­тэй уулзахдаа асуу­дал УИХ-аар орох шаардла­гагүй
гэсэн агуулгатай  үг унагасан. Үүний дараа
19 хувиар унаад байсан TRQ-гийн хувьцаа эргээд арван хувиар өссөн. Гэхдээ хөрөнгө
оруулагчид өнөөдрийг хүртэл эргэлзээнээсээ гараагүй бай­на. “Рио”-гийн мэдэгдэлд
итгэх үү, Ерөнхий сайдын үг үнэн үү. Тэгээд төслийн сан­хүү­жилтийг  УИХ-аар шийдэх юм уу, эсвэл хувь нийлүү­лэг­чид
ярилцаад л болчих асуу­дал уу? Одоогоор яг тэр гэхэд хэцүү, тодорхойгүй байдал үүсчихээд
байна.

ЭДИЙН ЗАСГАА УНАГАХГҮЙН ТУЛД ЯАХ
ЁСТОЙ ВЭ?

Төв банкны хувьд хөрөнгө оруулалтын
орчноо сайж­руулж урсгал нь татарсан хөрөнгө оруулалтаа эргээж сэргээхгүй  бол байдал хэцүүд­нэ гэж удаа дараа мэдэгдсэн.
Сүүлийн хэдэн өдөр 1530-аас буугаагүй дол­ла­рын ханш үүнийг нотолно. Хөрөнгө оруулалт
сайжирч гаднаас  доллар орж ирэхгүй энэ хэвээрээ
хугацаа алдаад байвал өмнөх шигээ 1700 хүрэх эрсдэл ч гарч мэдэхээр байгаа.  Хамгийн эхэнд хийх алхам бол мэдээж Оюу тол­гойн
далд уурхайн бүтээн байгуулалтыг үр­гэлж­лүүлэх. Өөрөөр хэлбэл эдийн засаг шалдаа
бууж, гадаадын хөрөн­гө оруулагчид нүүрээ буруулж, Монгол дампуурах эсэх нь УИХ,
Засгийн газрын хандлагаас шалтгаалах гээд байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Б.Солонго: Зээ охиныг маань хууль бусаар өөр улсын иргэн болгосон

Хамтран амьдрагчдаа хүүхдээ алдаж,
өөрөө интерполын хар дансанд бүртгэгдсэн Т.Аятунгаа бүсгүйн ярилцлагыг ма­най сонин
нийтэлж бай­сан билээ. Түүний охин Ч.Тэргэлсар бол Монгол Улсын иргэн. Бяцхан охи­ныг
ээжээс нь салгасан хүн бол Чарльз Эргэн гэгч гадаад залуу. Т.Аятун­гаагийн хувьд
түүнтэй гэр бүл болохоор шийдэн охиноо Монголд төрүүл­чихээд ээжийгээ аван Филиппинд
амьдрахаар очсон гэдэг. Төд удалгүй Чарльз Эргэний үнэн дүр төрх танигдаж, Т.Аятун­гааг
ээж Б.Солонгынх нь хамт гэрээсээ хөөж, тэд­нийг гэмт хэрэгтэн бол­гоод Ч.Тэргэлсар
охиныг хулгайлан зугтсан тухай ярьж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Интерпол
Т.Аятунгаа бо­лон түүний ээж Б.Солонго нарыг хар тамхи, хүний наймаа, хүүхдийн эсрэг
өдүүлсэн гэмт хэрэгт хол­бон эрэн сурвалжилж буй юм. Гэтэл тэд Филиппинд байхдаа
нялх хүүхдэдээ мах идүүлж, архи уулгаж байсан нь хүүхдийн эр­хийг ноцтой зөрчсөн
гэх мэдээлэл хэдхэн хоно­гийн өмнөөс цацагдах боллоо.

Энэ талаар Б.Со­лон­готой ярилцлаа.

-Зээ охиноос нь сураг байна уу?

-Охиноос маань сураг алгаa.

-Чарльз Эргэн охи­ныг өөрөө асран
ха­ламж­лах гэрээг батал­гаажуулахаар Швей­царь дахь манай ЭСЯ-нд очсон тухай мэдээ­лэл
байсан?

-Чарльз Эргэн зээ охи­ныг маань асран
хам­гаа­лах хуурамч гэрээ хийж, тэрийгээ Филип­пинд наториатаар бат­луулсан байгаа
юм. Хуу­рамч гэрээгээ Т.Аятун­гаа­тай харилцан тохиролц­соны үндсэн дээр бай­гуулсан
мэтээр үйлдсэн байсан. Тэрээр энэ хуу­рамч гэрээгээ Швей­царь дахь манай ЭСЯ-нд
очиж баталгаажуулахыг оролд­сон тухай мэ­дээл­лийг бид ГХЯ-наас авсан. Швейцарь
дахь манай ЭСЯ-ныхан түүнээс хүүх­дийн ээжийг хаана бай­гааг асууж, улмаар ма­най
ГХЯ руу нот бичиг ирүүл­сэн. ГХЯ-наас Чарльзийн тэр үйлдлийг хууль бус гэсэн хариу
өгсөн. Харин Швейцарь дахь манай ЭСЯ-ныхан Чарльзаас зээ охиныг харyyлна уу гэсэн
хүсэлт тавьсан. Гэтэл тэрээр Швейцариас охиныг аваад зугтсан байгаа юм. Дараа нь Саint Невiс хотын шүү­хийн өмнөөс өөрөө мэдэгдэл
үйл­дээд охиныг гарын үсэг зурахыг шаардсан бичиг ирүүл­сэн байгаа. Чарльзийн хүс­лээр
тулгалт мая­гийн юм ирсэн. Тэрэн дээр Т.Аятун­гаа охиныг минь гарын үсэг зурахыг
шаардсан байсан нь үнэхээр инээд­тэй санагдсан.

-Шүүхийн нэрийн өмнөөс ирсэн гээд
байгаа бичиг нь ямар учиртай зүйл байсан юм бол?

-Чарльзад байгаа мэдээлэл нь үнэн
зөв гэдгийг баталж байна гэсэн байгаа юм. Тухайлбал, “Тэр­гэл­сар охиныг нялх байхад
Филип­пинд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн” гэсэн байсан. Охин маань цоо эрүүл
саруул хүүхэд төрүүлсэн. Бид ямар ч эрүүл мэндийн шинжилгээ хийлгээгүй. Мөн “Заал­дагч
ганцаараа Тэргэлсар охиныг хүмүүжүүлэхийг эсэргүүцэхгүйгээр шийдсэн”, “Тухайн шийдвэр
миний эрх чөлөө, хүслийн дагуу гарсан,би өөрийнхөө шийдвэрт хууль ёсны зөвлөгөө
авсан гэдгийг баталж байна” гэх зэрэгт Т.Аятунгааг гарын үсэг зурахыг шаардсан бичиг
ирсэн.

-Тэргэлсар охиныг эцэг нь Саинт
Невис хотын иргэн болго­сон тухай ГХЯ-наас өнгөрсөн хавар хариулсан. Хүүхдийг эхийнх
нь зөвшөөрөлгүй ингэж өөр улсын иргэн болгох нь хууль бус шүү дээ. Чарльз Эргэн
гэгч Т.Аятунгаатай ярьж тохирсон юм байгаа юу?

-Чарльз охинтой минь ярьж тохирох
нь битгий хэл одоо болтол ямар ч холбоогүй байна. Миний нялх охиныг Саинт Невис
хотын иргэн болгосныг бид ГХЯ-наас дуулсан. Охины минь нэрээр тухайн улсын хуурамч
паспорт гаргуулсан байгаа юм. Тэр паспорт өнгөрсөн 2012 оны аравдугаар сарын
31-нд буюу биднийг охиноо алдахаас зургаа хоногийн өмнө гарсан байна лээ. Паспорт
дээрх зургийг харахад миний охин биш байсан. Бас энэ мөчид бид бүгд Филиппинд байсан.
Тийм тохиол­долд яагаад гадаад паспорт бий болчихов. Монголд төрсөн Монго­лын иргэн
өөрийн орондоо байгаа хэрнээ аль нэг улсын иргэн болох боломжтой болж таарах нь
ээ. Гэтэл Монгол Улсын хуулинд наа­на­даж ээжийнх нь зөвшөөрөл, цаанадаж Ерөнхийлөгчийн
зөв­шөө­рөл байх ёстой юм билээ.

-Ч.Тэргэлсар охин Монгол Улсын
иргэн биз дээ?

-Тиймээ. Охин маань Монголд төрсөн,
Монгол Улсын иргэн.

-Таны зээ охин ойндоо хүрсэн үү.
Ээжийнх нь сэтгэл санаа сайнгүй л байгаа байх даа?

-Өдөр бүр охиноо ярьж уйлдаг. Би ч
бас зээдээ маш их санаа зовж, одоо ямар байгаа бол доо гэж өрөвдөх юм. Охин маань
удахгүй ой гурван сар хүрнэ. Энэ асууд­лаар бид бүтэн есөн сар хөөцөл­дөж байна.
Ямар ч үр дүн алга.

-Хүний эрхийн үндэсний комисс хэрхэн
ажиллаж байна?

-Би Хүний эрхийн үндэсний комисст
өргөдөл өгсөн. Одоо бол­тол албан ёсоор хариу нь ирээгүй байна. Хүнийхээ төлөө ажиллаж
чадахгүй ийм байгууллага Монголд байхын хэрэг байна уу даа гэж бодох юм.

-Гадаад харилцааны яамтай холбоотой
байгаа биз дээ?

-Хүүхдийн минь асуудалд ГХЯ нэлээд
хөдөлсөн шүү. Маш их баярлаж байгаа. Гэхдээ явц муутай байна. Филиппинийг хараад
таг болчихдог юм. Учир нь Филиппи­ний өргөмжит консулыг Монголоос сонгодог. Түүнийг
одоо судалж байгаа гэсэн. Тэгээд Филиппинд ямар нэг үйл ажиллагаа явуулахад хэцүү
байна. Сингапураар дамж­даг.

-Таныг нялх хүүхдэд мах, архи өгч,
хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж Чарльз шүүхэд гом­дол гаргасан гээд сүүлийн үед
зарим хэвлэл мэдээлж байна. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Хэрэв хүмүүс санаж байгаа бол Чарльзийн
дэлгэсэн баримт бай­гаа. Тэрийг харсан ямар ч хүнд худлаа гэдэг нь ойлгомжтой. Энэ
байдал эхлээд тодорхой нэр бүхий сайтуудаар хэдэн минутын зайтай гарсан. Эхэндээ
хар, тамхи, хүний наймааны хэрэгтэн болж, интерпо­лоор эрэн сурвалжлагдаж байгаа
мэт цацагдсан. Дараа хүүхдээ алах шахсан болсон. Одоо бөө болж, хүүхдэд мах идүүлж,
архи уулгасан болж байх шиг байна. Энэ гурван өөр мэдээллийг харахад худлаа гэдэг
нь ойлгомжтой. Үнэн хаана нь байна вэ. Үнэн нь төлөвлөсөн зохион байгуулалттай хүүхдийн
хулгайг нуух гэж оролдож, биднийг буруутгаж буйд байгаа юм. Сингапурт суугаа манай
Элчин сайд Дэлгэрмаа Филиппиний талаас авсан мэдээллээр охинд минь архи уулгаж,
мах идүүлсэн гэх мэдээллийг авсан бололтой. Тэрээр баттай бус худал мэдээл­лийг
олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсанд харамсаж байна. Тэрээр өөрийн бодлоор
ард түмнийг юунд төөрөгдүүлнэ вэ. Монгол түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй бол дамжуулж
байгаа баримтуудаа харж  судлах хэрэг­тэй.
Тэр баримтуудыг харахад бүх зүйл тодорхой байсан шүү дээ.

-Чарльзийг МАН-ын залуу­чууд­тай
дотно харилцаатай, тэдний улстөрийн санхүүжил­тийг хийсэн гэх зэрэг мэдээлэл цацагдаж
байсан санагдаж бай­на. Та болон таны охины тухай мэдээллийг Чарль­­­зийн гар хөл
болсон хүмүүс цацсан гэх гээд байна уу?

-Тиймээ. Монголын тодорхой хэдэн хүн
Чарльзийн гар хөл болон энэ хэргийг бидний буруу болгон харуулах гэж байдгаараа
бархи­ран ард түмнийг хэсэг төөрөгдүү­лээд авсан. Одоо монгол түмнээрээ барахгүй
хүмүүн төрөлх­төн төөрөлдөхөөсөө өнгөр­сөн. Мөн­гө­ний төлөө нүдээ ухаад өгөхөөс
буцахгүй болсон эдгээр хүмүүс өнчирсөн хоёр охины минь нулим­сан дээр амиа зогоох
гэж оролдох­доо ичих булчирхай, энэрэх сэтгэл­гүй нь танигдлаа. Энд миний хоёр охины
хагацлын тухай яригдаж байгаа боловч цаанаа нийгмийн ухамсрын түвшин, хүний сэтгэхүй
ямар байгааг харуулж байгаа юм.

-Чарльз Эргэний гар хөл бол­сон
гээд байгаа хүмүүсийг та нэрлээч?

-Энэ удаад би тэдний нэрийг зарламааргүй
байна.

-Т.Аятунгааг манай сонинд ярилцлага
өгч, хэвлэлийнхэн Чарльз Эргэнд охиноо алдсан талаар мэдээлсний дараа таны зээ Ч.Тэргэлсард
тархины бич­лэг хийж байгаа зураг цахим хуудсаар тархсан. Охины тэр зургийг харсан
хүмүүс Т.Аятун­гааг хүүхдээ ийм болтол нь зодчихож гэсэн ойлголт авсан?

-Чарльз өөрийнхөө фэйсбүүк хуудсанд
тийм зураг тавьсан бай­сан. Тэнд хүүхдийн царай тод харагдахгүй байсан. Энэ бол
нөгөөх Чарльзийн гар хөл болсон хүмүүсийн хийж байгаа ажил шүү дээ. Хүүхдээ алдсан
хүнд гудам­жаар явж байгаа хүүхэд болгон өөрийнх нь үртэй адилхан харагддаг. Тэрэн
шиг энэ зургийг манай цахим сайтууд нийтлэхэд нь Т.Аятунгаа бид хоёр анх хараад
маш их айсан. Учир нь эрүүл саруул байсан охиныг маань Чарьлз бэртээчихлээ гэж бодсон
юм. Мэргэжлийн хүнээс асуухад тархины шинжилгээ, бичлэг хийхэд ингэж хийгддэг, санаа
зоволтгүй гэж тайвшруулсан. Ямартай ч тэр зурган дээрх хүүхэд миний зээ байлаа гэхэд
эмчийн хэлснээр заавал бэртэж гэмтсэн хүнд хийдэг шинжилгээ биш гэдгийг сонсоод
тайвширсан. Тэгээд ч тэр хүүхэд  миний охин
мөн эсэх нь эргэлзээ­тэй. Т.Аятунгаа охиныг маань өөрөө ч мэдээгүй байхад нь нэрийг
нь ашиглан хуурамч цахим хаяг нээж чадсан хүмүүс тийм зураг эвлүүлээд тавихад юухан
байхав дээ. Мөнгөний төлөө монгол хүний­хээ эсрэг ажиллаж байгаа хүмүүст үнэхээр
харамсаж байна.

-Одоо Ч.Тэргэлсар охиныг авчирахын
тулд хаана хандъя гэж бодож байна?

-Бүх зүйлд ГХЯ-ыг харж байна. Бид
гадаадад гарах эрхгүй. Филип­пиний хууль засаглал хахуульд өртөхдөө амархан гэж
тэнд хуучин ажиллаж байсан консул ярьж бай­сан. Тэгэхээр хахуульд өртсөн гэж бодож
байгаа. Миний нялх охиныг өнчин өсөхөд нь дэм болж, Чарль­зийн хээль хахуульд хууртагдан
толгой нь эргэж, гар хөл нь болоод яваа хэдэн тооны хүн тэднээр дамжин оролцсон
сайтууд, уулга алдан худал үнэнийг мэдэхгүй хуулбарлан тараасан зарим хэв­лэл мэдээллийн
байгууллагуудаас алдаагаа засаж, нялх охиныг минь Монголдоо ирж, ээжийнхээ хай­ранд
өсөхөд нь хүн болж төрсөний­хөө хувьд тус болоосой гэж хүсч байна.

-Хэрэв Чарльз охиныг аваад ирвэл
та уучлах уу?

-Чарльзаа өөрийгөө ямар бай­далд орчихсон
явааг ойлгох ухаан байна уу гэж асуумаар байна. Түүнд энэ бие удам судар нь хамаагүй
бол харин бид энэ бүх­ний­гээ хамгийн ихээр хайрлаж хамгаалдаг. Миний нялх охиныг
мөнгө гэж бүү бод, мөнгөнөөс эрхэм зүйл энэ хорвоод байдаг юм гэж хэлмээр байна.
Чарльзаас худал хуурмагаа зогсоож муу муухай бод­лоо орхиочээ гэж хүсэх байна. Бүгдийг
ярилцаж зөвөөр шийдэж болно. Охиноо болон зээг минь аваад ирвэл түүнийг сайхан сэтгэ­лээр
уучлахад бэлэн байна. Харин бидний эсрэг худал хуурмаг мэдээ­лэл цацагдсан хэвлэлүүдийг
бид худалдагдсан гэж ойлгож байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Тэрэлжийн зам жуулчдыг хашрааж байна

Тэрэлжийн зам
улаан шороон дунд байна. Замыг нь засч байгаа гэнэ. Хуучин байсан засмалыг нь
хуулаад хаячихсан болохоор тэр үү шороо босч байгаа гэж жигтэйхэн. Зам засварын
ажил эрчтэй өрнөсөн юм анзаарагдсангүй. Энд тэнд зам засварын машин, киоск
өмссөн хүмүүс мэр сэр харагдана. Уг нь эхэлсэн л бол нийслэлд өрнөөд байгаа
замын ажил шиг хурдхан хийчихмээр.

 Жуулчдын том автобуснууд тэр тоосон дунд л
манаргаж явна. Зарим нь бүр битүү шороон дунд зогсчихсон, жуулчид нь гарч орж,
гайхацгаагаад  л… Хагас, бүтэн сайнаар
хүмүүс Тэрэлж рүү хошуурдаг болохоор амралтын өдрүүдэд бол шороо тоос нь бүр дийлдэхээргүй
босч байна лээ. Ямар сайндаа жуулчдыг авч яваа 
нэг хөтөч залуу “Манай автобусанд яваа хоёр франц өвгөний харшил хөдлөөд
хэцүүдэж байна. Нэг нь бүр битүү хар масктай л явж байна. Яг ид жуулчны цагаар
зам аа засна гээд ингээд бужигнуулчихаар жуулчдад яаж нөлөөлөх нь тодорхой. Анх
ирсэн хүмүүст бол сайхан сэтгэгдэл төрөхгүй шүү дээ, ийм улаан тоосон дунд
давхиад байхаар” гэж толгой сэгсэрэхэв.  

Жуулчдын байнгын
маршрутад багтдаг газар бол Тэрэлж. Монголд ирсэн жуулчин бүр Тэрэлжийг зорьдог
гэж хэлж болно. Жуулчдын багагүй хэсгийг эзэлдэг япон жуулчдын хувьд гэхэд л
байнга явдаг газар нь Тэрэлж. Тэд барууныхан шиг адал явдалтай аялалд
дурладаггүй.  Ихэвчлэн ахимаг насныхан
ирдэг болохоор тохитой, тухтай аяллыг илүүд үздэг. Улаанбаатарын замын үл ялиг
донсолгоонд л нүүрээ хачин болгож, гайхаад бөөн юм  болдог япончуудын хувьд Тэрэлжийн зам там шиг
л санагдаж байгаа.

Улаанбаатараас
Тэрэлж рүү явах зам уг нь бол тийм олон километр биш. Жуулчны оргил цагаас өмнө
дөрөв, тавдугаар сардаа амжуулаад янзалчихад болохгүй юмгүй газар. Заавал
жуулчны ид цагаар шороо манаргаж, Монгол гэж аймаар  хэцүү замтай, зам нь гэж бөөн шороо гэсэн сэтгэгдлийг
төрүүлэх хэрэг байсан юм болов уу.

Уг нь
хөндөгдөөгүй байгаль, задгай салхи, нүд алдам тал, нүүдэлчин ахуй соёл гээд
аялал жуулчлалын салбарт  дэлхийд брэнд
болгохоор зүйл  манайд олон бий. Байгаа
үнэт зүйлээ төлөвлөгөө, тооцоогүй эхэлсэн замын ажил энэ тэрхнээр
үнэгүйдүүлмээргүй л байгаа юм.