“Hawk” багийн гишүүд зүүн гар талаас Б.Батжаргал, Б.Мөнхжаргал, Б.Төрбат, Э.Өлзийбуян, М.Батмөнх, А.Мөнхболд
-“Windows Vista” ҮЙЛДЛИЙН СИСТЕМТЭЙ, “Pentium Duo” КОМПЮЬТЕРЭЭР МОНГОЛЫН
ХАКЕРИУ ДЭЛХИЙД ДӨРӨВТ ОРЖЭЭ-
Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан
“Cyber olymp” хэмээх дэлхийн ёс зүйт буюу “white hat” хакерийн тэмцээнд Монголын
Үндэсний дата төвийн программист, мэдээллийн технологийн инженерүүдээс бүрдэх
“HAWK” баг амжилттай оролцон дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэд тэмцээнээ амжилттай
дуусгаад өнгөрсөн баасан гаригт эх орондоо иржээ.
Үндэсний Дата төвийн захирал Д.Энхцогтой ярилцлаа.
-Дэлхийн ёс зүйт хакеруудын тэмцээнд танай байгууллагын
баг тамирчид амжилттай оролцон дөрөвдүгээр байрт шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Бидэнд бүр дэлхийн аварга болох боломж
бүрэн байсан гэдгийг давхар хэлэх нь зүйтэй байх.
-Тэгвэл яагаад чадсангүй вэ?
-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг шалтаг
тоочих нь хаашаа юм. Гэхдээ дэлхийн хэмжээний нэр хүндтэй энэ тэмцээнд манай баг
тамирчид анх удаагаа оролцож байгаа гэх утгаараа туршлага дутсаныг би үгүйсгэхгүй.
Хамгийн гол нь компьютер, тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр хоцрогдсон байсан.
Үндэсний Дата төв 2009 онд байгуулагдахад л тусламжаар олгогдсон хэдэн зөөврийн
компьютерээ аваад “Cyber olymp”-д оролцохоор явсан. Тэдгээр компюьтер чинь
“Windows 7” гарахаас өмнөх “windows Vista” үйлдлийн системтэй, i3, i5,
i7, процессор гарахаас өмнөх “Pentium
Duo” байхгүй юу. Тэдгээрийнхээ рам, CPU зэргийг чадлынхаа хирээр нэмэгдүүлсэн л
дээ. Тэглээ гээд Голландын түрүүлсэн багийнхны хэрэглэж байсан компюьтер шиг төгс
байж чадахгүй нь мэдээж. Тэдний хэрэглэж байсан тоног, төхөөрөмж нь үнэхээр төгс. Багийн гишүүн бүр сүүлийн үеийн хүчин чадал сайтай
компьютеруудтай. Ямарваа өгөгдөл өглөө гэхэд багийн гишүүд нь биш программ нь
өмнөөс нь хийчихэж байх жишээтэй. Манай тамирчид зарим өгөгдлийг компьютертэй оруулсан
ч гэсэн хүчин чадал нь хүрэхгүй учраас давхар өөрсдөө оролцож байж гүйцэтгэж байлаа.
Хүний гар хичнээн хурдан хөдөллөө ч секундэд хэдэн мянган үйлдэл хийхээр програмчлагдсан
компьютерээс хурдан байж чадахгүй нь мэдээж. Ийнхүү манай тамирчид дэлхийн аварга
шалгаруулах сүүлийн шатанд хугацаа алдсан тал бий.
-Уг нь “HAWK” баг Ази тивээс нэгдүгээр байраар
гарч ирсэн гэл үү?
-Тийм ээ. Энэхүү тэмцээний эхний гурван шат нь
онлайнаар бүсчилсэн байдлаар явагдаж сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
орох багуудаа шалгаруулдаг. Монголоос эхний шатанд арваад баг оролцсоноос гурав
нь хоёрдугаар шатанд орох эрхээ авсан. Эхний шатанд дэлхийн хэмжээнд 667 баг оролцсоноос
Ази тивээс 167 баг оролцсон юм. Ийнхүү гуравдугаар шатнаас буюу Ази тивээс Үндэсний
Дата төвийн дэргэдэх “HAWK” баг нэгдүгээр байраар шалгарч гарч ирсэн. Өнөө мэдээллийн
технологийн хөгжлөөр шилдэгт тооцогддог Энэтхэг улсын баг чинь Ази тивдээ хоёрдугаарт
буюу манай багийн дараа гишгэсэн. Ийнхүү тив бүрээс шалгарсан шилдэг зургаан багтай
дэлхийн аваргын төлөө хүч үзэхээр АНУ-ын Атланта хотыг зорьсон юм. Хойд болон өмнөд
Америкийн тус бүр хоёр, Европ тивийг төлөөлж Голландын хоёр баг, Ази тивийг төлөөлж
Монгол, Энэтхэгийн болон Австрали тивийн төлөөлөл зэрэг нийт долоон баг оролцон
аваргаа шалгаруулсан. Голландын баг дахин аваргалсан.
-Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлын тал дээр
Монгол Улс дэлхийн тавцанд гарсан гэж хэлж болох нь ээ?
-Яг тийм. Тэмцээнд дэлхийн мундгуудтай өрсөлдөн
дөрөвдүгээр байрт шалгарсан гэдэг бол манайх дотооддоо мэдээллийн аюулгүй байдлын
талаар боловсон хүчнээ богино хугацаанд хэр үр дүнтэй бэлтгэж чадсаны илрэл. Тийм
ч учраас “HAWK” багийн зургаан гишүүний тав нь ШУТИС, МУИС-д тус тус мэдээллийн
аюулгүй байдлын чиглэлээр суралцаж төгссөн байдаг. Дээр нь өнгөрсөн зун “Мэдээллийн
аюулгүй байдлын өдөрлөг”-ийг гурав дахь жилдээ өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулсан
бөгөөд үүнд Ази номхон далайн бүсийн кибер довтолгоотой тэмцэх байгууллага оролцон
бидэнд өндөр үнэлгээ өгсөн. Дээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл биднийг дэмжин
ажилладаг зэрэг нь бид дэлхийн тавцанд амжилт гаргах үндэс нь болсон.
-Мэдээллийн аюулгүй байдлын төв байгуулах асуудал
ямар шатандаа явж байна вэ?
-Хятадад фейсбүүк, youtube байдаггүй. Оросод
бол зарим цахим сайтыг ажиллуулдаггүй. Энэ мэтчилэн улс орнууд зарим цахим сайтын
сүлжээг дотооддоо нэвтрүүлэлгүй хориглож байгаа нь тухайн улс үндэстэн мэдээллийн
аюулгүй байдлын тал дээрээ онцгой анхаарч байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл орон
болгоны онцлогийг харгалзан ямар мэдээллийг нууцлах, ямрыг нь хамгаалах, ямар мэдээллийг
нь өглөө гэхэд хэрхэн хяналт тавих зэргээ шийддэг. Энэ тухай тодорхой бодлого хүртэл
боловсруулсан. Энэ бол дэлхийн жишиг. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
шийдвэрээр мэдээллийн аюулгүй байдлын төв байгуулахаар болсон. Тус төв нь төрийн
болон хувийн хэвшлийн нийлсэн байгууллага байх юм. Тэд мэдээллийн аюулгүй байдлыг
хангах тал дээр зөвлөмж, санамж бичиг боловсруулах юм.
Энэхүү дөрвөн үе шаттай явагддаг “Cyber olymp”
дэлхийн ёсзүйт хакерийн тэмцээн хэрхэн явагдсан талаар хүргэе. Эхний шатанд банкны системийн доголдлыг шинжлэх
даалгавар өгсөн байна. Баг тус бүр өгөгдсөн хугацаанд банкны ажилтны буруутай үйл
ажиллагаанаас ямар мэдээлэл алдагдсан болон тэрхүү системийн алдааг хэрхэн засах
талаар зөвлөгөө өгсөн байна. Харин хоёрдугаар шатанд багуудын оношилсны дагуу
серверээ шинэчилсэн байна. Тэгээд тус шинэчлэгдсэн серверт хакерууд ямар “нүх сүв”-ээр
нь нэвтэрч, нууц мэдээлэл авч болохыг шинжлээд дахин хамгаалалтын системийг нь
сайжруулах даалгавар өгсөн байна. Шалгарсан багууд даалгаврыг нь ёсоор гүйцэтгэж, системийн бүрэн
байдлыг эцсийн байдлаар хангасан байна.
Ийнхүү дараагийн буюу гуравдугаар шатанд дахин
шинэчлэн, аюулгүй байдлыг нь хангасан тэрхүү системээ дахиад “хакердаж” нэвтрэн
орох даалгавар өгсөн байна. Энэ даалгаврыг Монголын баг өгөгдсөн гурван цагийн
хугацаанд нь гүйцэтгэл өндөртэй хийсэн учраас нэгдүгээр байраар буюу Азийн аваргаар
шалгарч шууд дэлхийн аваргын төлөө Европ, Америк, Австрали тивээс шалгарсан зургаан
багтай хүч үзэхээр болжээ. Дэлхийн аваргын төлөө эзэнгүй сервер рүү долоон баг
нэгэн зэрэг нэвтрэн орж, нэгнээсээ өрсөн серверүүдийг эзлэх даалгавар байсан байна.
Нэгэнт эзэлсэн тохиолдолд бусад багийнханд “хакердуулж” алдахаас хамгаалах ёстой
байж.
Дашрамд дуулгахад “Мэдээллийн аюулгүй байдал”-ын
тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэх гэнэ.
М.УУГАН-ЭРДЭНЭ