Зүүн гар талаас эхнийх нь Бахуур Шах Зафарын зээ хүү, гурав дахь нь Налим Мирза Чангези, хажуу талынх нь түүний эхнэр. Баруун гар талаас (сууж буй нь) судлаач О.Нямдаваа
Чингэс хааны
байгуулсан Их Монгол Улс дэлхийн талыг эзэлсэн тухай түүхэнд тэмдэглэгдсэн нь
бий. Тиймээс хөх толбот Монгол гарал угсаатнууд бөмбөрцгийн өнцөг булан бүрт одоо
ч амьдарсаар байгаа билээ. Чингэс хааны удмынхан, Их Монголын эзэнт гүрний үе залгамжлагчдын
үр хүүхдүүд Энэтхэг улсад амьдардаг аж. Тэдэнтэй Дэлхийн монгол гарал үүстэнгүүд
төвийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан, Энэтхэгтэй өөрийнхөө амьдралыг 40 орчим жил холбосон, доктор О.Нямдаваа очиж
уулзаад сонирхолтой баримтуудтай иржээ. Түүнтэй ярилцлаа.
-Чингэс хааны удмын
хүний талаар хоёулаа яриагаа эхэлье. Та тэднийг яаж олж уулзсан юм бэ?
-Би Энэтхэгт суугаа
Монгол Улсын Элчин сайдын яаманд 15 орчим жил ажиллахдаа атташегаас эхлээд Элчин
сайдаар ажиллаж байсан юм. Тиймээс Энэтхэгийн олон салбарын хүмүүстэй найз нөхөд.
Намайг Төрийн албаны
зөвлөлөөс зохиосон олон улсын хурлыг зохион байгуулж байх үеэр Делид ирэхийг хүссэн.
Тэд “Таны сонирхоод байсан хүнийг бид олчихлоо, хүрээд ирэх үү” гэсний дагуу Энэтхэгт очиж хоёр долоо хоног судалгаа хийсэн. Энэ удаагийн миний Делид очсон ажил их бүтэмжтэй
байж олон сонин хүнтэй уулзсан. Танилтай бол талын чинээ гэдэг ардын маань сургаал
яасан үнэн юм бэ гэж би бодсон шүү. Чингэс хааны удмын хүнээс гадна Их Монголын
(Могулын) эзэнт улсын сүүлчийн хаан Бахадур Шах Зафарын зээтэй уулзсан шүү. Мөн
Акбар хааны үед Сангийн сайдаар ажиллаж байсан хүний үр удамтай бас танилцсан. Тэд
бие биеэ мэддэг холбоотой амьдардаг юм билээ.
Чингэс хааны удмын
хүнийг Насим Мирза Чангези гэдэг. Тэрээр 104 настай. Эхнэр нь 96 настай. Тэд зургаан
хүүхэдтэй юм билээ. Хоёр хүүтэй. Нэг хүү нь Пакистанд, нөгөө нь түүнтэй хамт амьдарч
байна. Насим Мирза Чангезийн тухай Энэтхэгийн
томоохон хэвлэлүүд онцолж “Чингэс хааны удмын цорын ганц хүн”, “Чингэс хааны удмын
9000 ховор номтой хүн” зэрэг нийтлэлүүд хэвлэгдсэнийг тэд надад үзүүлж байсан.
-Тэрээр Чингэс
хааны хэд дэх үеийн хүн гэнэ. Хэнээс гаралтай вэ?
-Чингэс хааны 23 дахь үеийн хүн. Чингэс хааны хүү Толуй хаан,
түүний хүү Хүлэгү хааны удам угсааны хүн гэсэн үг юм. Түүний хүү Сикандра Чангези
нь 24 дэх үе нь болж байгаа юм.
-Чингэс хааны цэргүүд
дэлхийн талыг дайлаар мордож байхдаа Төв Азид голдуу суурьшсан гэдэг. Харин Насим Мирза Чангезийн дээд үеүд яаж
яваад Энэтхэгт нутаглах болсон юм бол?
-Хүлэгү хааны удам
угсааныхан Монголоос гараад Төв Азиар дамжин Афганистан, Иранд очиж хаанчилсан
түүхтэй. Энэтхэг, Пакистан нэгэн улс байхад
Акбар хааны үед Энэтхэгийн Агра хотод түүний албанд өндөр алба хашиж байсан бөгөөд
хожим нь Оарангзэб хааны үед Делид ирж суурьшсан.
Өнөөг хүртэл тэр л байшиндаа амьдарч байгаа.
-Түүнийг Чингэс
хааны удмын хүн гэх ямар нотолгоо баримт байв?
-Би Насим Мирза Чангезитэй
уулзахдаа “Та надад өөрийгөө Чингэс хааны удам гэдгээ батлан үзүүлэх зүйл байгаа бол түүнийгээ үзүүлнэ үү” гэхэд жаахан
тулгамдаж бодсоноо эхлээд ургийнхаа бичгийг үзүүлсэн.
Тэр ургийн бичиг нь
хүн төрөлхтөн үүсэн бий болсноос хойш хөтлөгдсөн байгаа юм. Уг ургийн бичиг Перс
хэлээр бичигдсэн бөгөөд баталгаажуулсан байсан. Түүнийг латинаар галиглан үзүүлэхийг
хүсэхэд Чингэс хааны дараахь 24 үеийг харж байгаад орчуулан бичиж өгсөн юм. Би жаахан
давраад Чингэс хаанаас өмнөх 24 үеийг бичээд өгөхийг хүсээд бичүүлж авсан. Надад
дүрс бичлэг нь байгаа. Мөн гэртээ олон зураг
байрлуулж удмаа танилцуулсан л даа.
Чингэс хааны удам
угсааны хүн Энэтхэг, Төв Азийн оронд байгаа. Тэд ургийн бичгээ устгаагүй хадгалж
байгаа гэдэг бодол миний сэтгэлд үргэлж байсан. Ганцхан цаг хугацаа боломжийг хүлээж
байсан. Өнөөдөр түүнийг сонирхох, чөлөөтэй
тавих цаг нь ирлээ. Тэгээд хүсэлтээ гаргасан маань тэр л дээ.
-Тэр тухайгаа сонирхуулахгүй
юу?
-Намайг эхлээд Могулын
эзэнт гүрний хааны удмын хүнтэй танилцуулсан. Тэр хүн Энэтхэгийн Уттар Прадеш
мужид амьдардаг. Түүгээр дамжуулан Чингэс хааны удмын ургийн хүн, Акбар хааны үед
Сангийн сайд байсан хүний удамтай танилцуулсан. Түүнийг Навааб Шах Мохаммад Шуайб
Хаан гэдэг өрдийн нэгэн Энэтхэг улсын иргэний амьдралаар амьдардаг хүн юм билээ.
Ирээдүйдээ их итгэлтэй байж Бахадур Шах Зафарын нэрэмжит дээд сургууль байгуулан
ажиллана гэсэн.
-Ургийн бичиг таны
судалсан түүхтэй хэр зэрэг таарч байна вэ. Тухайлбал, Чингэс хааны удам угсааг тэмдэглэсэн
Нууц товчоотой харьцуулж үзвэл…
-Чингэс хаанаас эхлээд
Абагу хаан хүртэл таарч байгаа юм. Чингэс хааны удмын тухай Казахстаны нэгэн түүхчийн
бичсэн ном байдаг. Тэрээр Чингэс, Толуй, Хүлэгү, Абагу хааны тухай бичсэн нь энэ
ургийн бичигтэй яв цав таарч байсан боловч түүнээс хойших хүмүүсийг тэр хүн бичээгүй
байсан. Тэр ургийн бичгийн номыг Нууц товчоотой
харьцуулахад түүхэн он цагууд болон хаадын нэлээд нэр таарч байсан. Монголын түүхчид
үүнийг судалж үзэх хэрэгтэй болов уу.
-Насим Мирза Чангезид эрт дээр үеэс өв уламжилж ирсэн Монголын
гээд тодотгочих зүйл байсан уу?
-Тэр талаар сонирхож
асуусан л даа. Гэтэл хашир тулгамдаад юугаа үзүүлэх вэ гэдгээ бодоогүй байсан. Дараа
тухтай ярилцахад юм гарах байх гэж бодож байгаа. Авдраа нэлээд ухаж, ухаж байгаад бүр ёроолоос
нь эртний эдлэл гээд хоёр гуравхан зүйл гаргаж
ирсэн. Надад хэт хутга чинжаал үзүүлсэн л дээ. Хэт хутгыг эрт дээр үеэс монгол эрчүүд
бүсэндээ зүүсээр ирсэн. Тэр хэт хутга дээр монгол маягийн хээ хуар сийлсэн байсан. Мөн эртний ваар савнууд бас үзүүлсэн. Бурханы ном, кораны ховор судрууд ч түүнд
байна лээ.
-Шашин шүтлэг,
зан заншлын хувьд ямархуу хүмүүс байна вэ. Тэднээс Монгол угсаатан гэх таних тэмдэг
байна уу?
-Монголоос гараад
олон зуун жил болсон болохоор гаднах төрх, хэл иргэншил, шашин шүтлэг, зан заншлаас
нь монгол гэх юу ч үнэртэхгүй байсан. Харин түүний зүрх сэтгэлд Чингэс хаан байсан.
Миний биеэр монгол цус гүйж байгаа. Цусаа шалгуулахаар Англи явуулсан гэсэн шүү.
Одоо бол ерөнхийдөө лалын шашинтай болсон юм билээ.
-Чингэс хааны удмын
хүн гэдгээрээ хэр зэрэг бахархаж байх юм?
-Маш их бахархаж байсан.
Нэлээд буйд газарт амьдардаг болохоор “Би Чингэс хааны удам угсааны хүн” гээд цээжээ
дэлдээд байдаггүй. Тэгээд ч нас дээр гарсан хүмүүс шүү дээ.
-Тэд Монгол орны
тухай хэрхэн төсөөлдөг гэнэ. Манайд ирэх хүсэл эрмэлзэл байдаг юм уу?
-Тэд Монголыг Могулстан
гэдэг. Монголд ирэх маш их хүсэлтэй, сонин
хэвлэлд гарсан зүйлүүдийг амтархан уншдаг талаараа ярьсан.
-Та Энэтхэгт очоод
Могулын эзэнт гүрний өв залгамжлагч Бахадур Шах Зафарын удмын хүнтэй уулзсан гэж
түрүүнд хэллээ. Одоо түүний тухай ярилцъя.
-Их Монголын эзэнт улсын хаадын тухай дэлхий дахинд
андахгүй. Бабур хаан, Хумаюн хаан, Акбар хаан, Жахангир хаан, Шахжахан хаан,
Оурангзеб хаан гээд түүхэнд нэрээ мөнхөлсөн хаад бий. Оурангзеб хаанаас хойших хаадын
хүч суларсан. Бүх Энэтхэгийн хэмжээний том хаан байсан нь задраад муж болгонд
хаадтай болсон. Тэр үед хаан ширээнд суусан 17 хааны 14 дэх нь Бахадур шах Зафар
хаан. Тэрээр англичуудтай байлдсан. Англичууд 1857 онд Энэтхэгийг эзлэхээр ороод
ирэхэд нь мань хүн бүх хаадыг цуглуулаад Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцсэн
Их Монголын эзэнт гүрний сүүлчийн хаан. Тэгтэл дайснууддаа ялагдаж, Бирми улс руу
цөлөгдсөн байгаа юм. Тэрээр 31 охин 16 хүүтэй байсан гэдэг. Тэднээс ганц хүү нь
л үлдсэн. Бахадур Шах Зафар хаан Бирми рүү цөлөгдөхөөсөө өмнө ганц хүүдээ өөрийнхөө
хаан ширээг залгамжлуулчихсан байсан юм. Тэд хамтдаа цөлөгдсөн ч хожим хүүгээ зугтаалгаж
чадсан. Харин өөрөө 85 насандаа өөд болсон. Одоо Энэтхэгт Бахадур Шах Зафарын нэртэй
гудамж талбай бий. Түүний хаан ширээг залгамжилж байсан хүүгийнх нь хатдаас нь
дандаа охин төрсөн гэдэг. Тэр охиных нь хүүтэй би сая Энэтхэгт уулзсан юм. Навааб
Шах Мохаммад Шуайб монгол хүнтэй төстэй зүйлгүй. Мөн түүнээс гадна Их Монголын эзэнт
гүрний үед сайд, дарга хийж байсан хүмүүсийн хүүхэдтэй ч уулзсан дээр дурдсан.
Тэд Монгол гарал угсаатай гэдгээрээ тун их бахархдаг бөгөөд манай улсад айлчлан
ирэх хүсэлтэй юм билээ.
-Бахадур Шах Зафар
хаан маш олон хатантай байж. Тэгэхээр Навааб Шах Мохаммад Шуайбыг түүний удам угсааных
гэж яаж батлах юм бэ?
-Бахадур Шах Зафар
хааны өв залгамжлагч хүү нь түүнийг өөрийнхөө зээ болохыг нотолсон гэрээслэл нь
байдаг. Навааб Шах Мохаммад Шуайб энэ тухайгаа ном болгосон байна лээ. Түүний Монголын
эзэнт гүрний удмын хүн гэдэг нэртэй номд удам угсааных нь талаар дэлгэрэнгүй бичсэн
байсан л даа. Мөн алдарт Таж Махалыг миний аав улсын мөнгөөр бариагүй, өөрийнхөө
хөрөнгөөр босгосон. Тэгэхээр энэ миний өмч байх ёстой гэсэн нь анхаарал татсан.
Тэгээд Исламын хуулиар Таж Махалыг өөрийнхөө өмч болгуулчихсан байгаа юм. Лалын
хуульд бол Оросын Туркменстанаас Энэтхэг хооронд байгуулсан бүх юм чиний хөрөнгө
гэсэн байдаг. Тэр утгаараа Таж Махалыг өөрийн болгосон юм билээ. Гэхдээ Энэтхэгийн
хуулиар энэ асуудал нь шүүх дээр байгаа гэсэн. Одоо Бахадур Шах Заферын нэрээр дээд
сургууль байгуулах гээд Боловсролын яаманд хүсэлт тавьсан байна лээ.
-Монголчууд эрт
дээр үеэс буддын шашин шүтэж ирсэн. Гэтэл дээрх хүмүүс яагаад энэ шашнаа уламжлан
хадгалж чадаагүй юм бол?
-Цагаадай хааны удам
Төв Азид очоод лалын шашинтнуудтай холилдсон байдаг. Тэгээд Зарим нь лалын шашин
хүлээгээд авчихсан байгаа юм. Тухайн үед
лалын шашинтай монгол хаад ч байсан. Иранд Өлзийт хаан исламын шашинд орсон
түүхтэй.
-Та өнгөрсөн баасан
гаригт “Балбын монголчууд” гэдэг номынхоо нээлтийг хийлээ. Балба улсад монгол
угсааны хичнээн хүн амьдарч байна вэ?
-Балба улс 25 сая
хүн амтай. Монгол угсаатнууд тэдний 40 гаруй хувийг эзэлдэг. 61 ястан үндэстэнтэй.
Үүний 50-иад үндэстэн нь Монгол гаралтай хүмүүс юм. Тэр дунд Магарчууд, Таручууд
гэсэн хоёр үндэстэн байгаа. Магарчуудын хувьд Хүннүгээс гарал үүсэлтэй. Тэд манай
тооллын 450-иад оны үед Ази тивд тэр дундаа Энэтхэг рүү орсон байгаа юм. Энэтхэгийг
эзэлж аваад Балба руу орсон. Түүнээс 3000 жилийн өмнө Монголын Хэрэйд аймгийнхан
Балбад ирсэн. Тэд Балбын эзэн хаанаар 500 гаруй жил хаанчилсан. Хоёрдугаарт нь
Таручууд гэж байгаа. Таручуудаас бурхан багшийн гарал үүсэл бий болдог талаар эрдэмтэд
бичсэн байдаг. Монголын Таручуудаас бурхан
багш гаралтай гэснээрээ онцлогтой.
-Ингэхэд та яагаад
Балбын монголчууд гэж онцлоод байдаг юм бэ?
-Балбын монгол гарал
угсаатнууд өөрсдийгөө монгол гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд “Монголын дуу хоолой”
гэдэг сэтгүүлтэй. “Монголын зүрх сэтгэл” гэсэн хамтлаг бий. Мөн жил болгон “Мисс
монгол” гэдэг тэмцээн зохион байгуулдаг. Тийм хүмүүсийг чи цаашаа бай гэж хөөж болохгүй
биз дээ.
-Зан заншил, хоол
хүнсний хувьд монголчуудтай хэр ойр вэ?
-Тэр тал дээр яг л
бидэнтэй адилхан. Хурдан морь уралдаж, бөх барилдаж, сур харван эрийн гурван наадмаа
хийдэг. Тэнгэр бурханаа шүтэж, уул овоогоо тахина. Цайныхаа дээжийг хүртэл өргөдөг
гээч. Балбын монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй, хөдөө аж ахуй эрхэлдэг. Сарлагийн
сүүгээрээ бяслаг шахаж, шимийн архи нэрж, идэшнийхээ махыг борцолдог нь хүртэл адилхан.
Гэрийн эд хогшил нь цоохорлосон хээтэй. Хөгжмийн зэмсэг нь ч ижил. Хүмүүсийнх нь
нүүр царайны хувьд ч монгол хүн гэсэн үг. Тэд Монгол болж төрсөндөө бахархдаг.
Би “Балбын монголчууд” номондоо банхар нохойны тухай онцолсон байгаа. Учир нь
Балбын монголчууд банхар тэжээдэг. Банхар
бол монголчуудад маш их үүрэг гүйцэтгэсэн. VII зууны үед манай лам нар Энэтхэгийн
Гималай руу шавилан суралцахаар зорихдоо банхраа дагуулж явсан гэдэг. Агуйд хоноглохдоо
нохойгоороо үүдэндээ мануулахад ямар ч араатан
ойртож чаддаггүй байсан гэдэг.
-Балбын монголчуудын
нийгэмд эзлэх байр суурь нь ямар вэ?
-Тус улсын сайд дарга
нар гээд удирдах албан тушаалтнууд нь энэтхэг гаралтай хүмүүс байдаг. Монгол угсаатнууд
хүн амын 40 гаруй хувийг эзэлж байгаа болохоор өөрсдөө удирдах албан тушаалыг
тэнцүү барих бодлоготой байгаа.
-Тэдний ярианд
монгол хэлтэй ойролцоо дуудлагатай үг бий юу?
-Энэ хүмүүс өвөр монголчууд
биш, халимаг, буриадууд биш. Тэд маш олон жилийн өмнө Монголоос гарсан болохоор
хэлээ мартчихсан. Харин ёс заншил нь байж байна. Ер нь тэд монгол гэдгээрээ гарч
ирэх тун сонирхолтой.
-Амьдралын түвшин
нь ямархуу вэ?
-Тийм ч сайн биш.
Тааруухан амьдралтай. Тэдэн дунд ухаантай, боловсролтой хүмүүс олон бий. Зарим нь
АНУ. Англид байгаа.
-Балбын монгол
угсаатнуудын нэрийн хувьд?
-Бурханы шашин шүтдэг
болохоор нэрнүүдийн хувьд яг ижилхэн. Лхам, Дорж, Даваа, Сүрэн гээд л манайхантай
адил. Мөн хөх толботой, судсаар нь монгол цус гүйж байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ