Categories
редакцийн-нийтлэл

Ж.Ломбо: Хоёр улсын уламжлалт харилцаа шинэ нөхцөл байдалд өргөжин хөгжинө

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийн
БНАСАУ-д хийж буй тө­рийн айлч­лал хийж байгаа. Айлч­лалын та­лаар Онц бө­гөөд бүрэн
эрхт Элчин сайд, Ний­гэм, улс тө­рийн шинж­лэх ухаа­ны доктор Ж.Ломбо­той ярилцлаа.

-Манай улсын Ерөн­хийлөгч БНАСАУ-д
айл­чиллаа. Манай хоёр ул­сын харилцааны түү­хэн замнал хэрхэн үр­гэлжилж ирсэн
тухай сонирхуулахгүй юу?

-Монгол Улс болон БНАСАУ эртний уламж­лалт харилцаатай орон.
Манай улс ЗХУ-ын да­раа­­гаар 1948 онд Умард Солонгостой дипломат харилцаа тогтоосон
түүх­тэй. Хоёр орон харилцан тус­гаар тогтнолоо хүлээн зөвшөөрч, дипломат ха­рилцаа
тогтоож, 1951 онд хоёр талдаа Элчин сай­дын яамдаа нээсэн юм. Өнгөрсөн хуга­цаанд
хоёр орны харилцаа улс төр, соёл урлаг, эдийн засаг, худал­дааны гээд бүхий л салбарт
хөгжиж ирсэн. Янз бүрийн түүхийн нуга­чааг даван туулсан гэхэд болно. Умард Солонго­сын
Удирдагч Ким Ир Сен манай улсад 1956, 1988 онд айл­чилж бай­сан. Түүнээс хойш
2007 онд БНАСАУ-ын төрийн тэргүүн, Ардын дээд хур­лын тэргүүлэгчдийн дар­га Ким
Ён Нам айлчилж бай­лаа. Харин манай ул­саас 1956 онд Ю.Цэдэн­бал дарга, 1986 онд
Ж.Бат­­мөнх дарга, 2004 онд Ерөн­хийлөгч Н.Бага­банди, 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
нар БНАСАУ-д айлчилсан юм. Энэ удаад Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж өндөр хэмжээний төрийн
айлч­лал хийж байна. Үүнчлэн хоёр орны төр засгийн тэргүүтнүүд, Гадаад хэр­гийн
сайд нар тогтмол айлчилж байсан. Дээр дурдсан айлчлалуу­дын үеэр хоёр орны эрх зүйн
үнд­сийг бататгасан, олон арван гэрээ хэлэлцээр байгуулсан байдаг. 1990-ээд онд
социалист систем задрахад хоёр орны эрх зүйн үндсийг өнөөгийн олон улсын харилцааны
нөхцөл байдалтай уял­дуу­лан шинэчлэх, өөрч­лөх, засварлах шаард­лага гарсан юм.
Үүний үндсэн дээр мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээ­рийг шинэчлэн байгуулсан.

-Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүнээр
хоёр дахь удаагаа сонгогдоод гадаад оронд хийж буй анхны төрийн айлчлал БНАСАУ.
Айлч­лалын зорилго, ач холбогдол нь юу байв?

-Тийм ээ, Ерөнхийлөгчийн гадаад улсад
хийж буй анхны айлчлал нь энэ юм. Умард Солон­госын хувьд ч шинэ удирдагчтай болсноор
тус улс гадаадын төрийн тэргүүнийг анх удаа хүлээн авч байгаагаараа онцлогтой.  Энэ үйл явдал бол манай хоёр улсын уламжлалт харилцаа
сайн байж ирсний нэг илрэл билээ. Энэ удаагийн айлчлалд  талууд ихээхэн  ач холбогдол өгч байгаа.

Манай Ерөнхийлөгч айлч­ла­лын­хаа
хүрээнд хоёр орны худал­даа эдийн засаг, соёл, зам тээв­рийн салбарт хамтран ажиллах
баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ мэтчилэнгээр хоёр орны харил­цаа дээр үеэс
уламжлагдаж ирсэн бөгөөд өндөр дээд хэмжээ­ний яриа хэлэлцээ  тасралтгүй 
явж ирсэн түүхтэй.

Айлчлалын гол зорилго хоёр талын харилцааг,
өнөөгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан боди­тоор өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн
гэж үзнэ. Энэ нь бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ч эерэг нөлөө үзүүлнэ.
Манай улс Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй, тогтвортой байд­лыг бэхжүүлэх талаар
санал са­наа­­чилга гаргаж байгаа юм. Тий­мээс цөмийн зэвсэггүй статус, бүс нутгийнхаа
аюулгүй байдалтай холбоотой манай зүгээс юу хийж болох талаар тайлбарлаж, Умард
Солонгосын цөмийн асууд­лаар зургаан талын гэрээ хэлэлцээг сэргээх энэ чиглэлээр
ямар хэл­бэрээр хамтран ажиллах талаар санал солилцох байх аа.

-Умард Солонгосын удирдагч нар
гаднаас ирсэн зочид, тө­лөөлөгчид хийгээд төрийн тэр­гүүнүүдийг тэр бүр биечлэн
хүлээж авч уулзаж байгаагүй. Энэ удаад манай Ерөнхий­лөг­чийг хүлээж авч уулзах
болов уу?

-Тус улсын үндсэн хуулинд Ардын дээд
хур­лын тэргүүлэгчдийн дарга нь төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэнэ гэсэн байдаг.
Тиймээс төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчдийг  Ким Ён Нам дарга хүлээн авч уулздаг. Харин Ерөнхийлөгч
Ким Ир Сенээс хойш Ким Жөн Ир, Ким Жөн Ын нар Солонгосын хөдөл­мөрийн намын дарга,
Солонгосын ардын армийн дээд командлагчаар ажиллаж ард түмний дунд удир­дагч гэж  нэрлэгддэг. 
Ким Жөн Ын дарга сонгогдоод удаагүй байна. Энэ хугацаанд гаднаас манай Ерөнхийлөгчийн
хэмжээний өндөр хэмжээний төлөөлөгчид очсонгүй. Манайх анхных нь болж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр Солонгосын
хилийн зурва­саар явлаа. Манай Ерөнхийлөг­чийг цэрэггүй бүсэд аваачсан явдалд та
ямар ач холбогдол өгч байна вэ?

-Умард,Өмнөд Солонгосын хилийн зурвас
болох Панмүнжомд  манай Ерөнхийлөгч очиж танилц­сан
байна лээ.  Хоёр улсын хилийн зааг болох цэрэггүй
бүсээр урьд өмнө нь гадаад орны төрийн тэр­гүүн тэр бүр тус улсад айлчлахдаа очиж
байгаагүй. Энэ нь Солон­госын хойгийн болон бүс нутгийн байдалтай бодитой танилцахад
тус­тай төдийгүй, маргаантай асууд­­лыг эв зүйгээр зохицуулахад зохих нэмэр болно
гэдэгт итгэж байна. Мөн Ерөнхийлөгч маань Панмүн­жомын ойролцоо байдаг Монгол хатны
булшинд очиж хүн­дэт­гэл үзүүлсэн байна лээ. Энэ  нь Монгол, Солонгосын эртний түүх­тэй холбоотой
чухал газар юм.

-Тэр хатны тухай түүхэнд юу гэж
тэмдэглэсэн байдаг юм бол?

-Солонгосын Гонмин хааны хатан нь
монгол эмэгтэй байжээ. Хатан 30 гаруй насандаа төрөхийн хүндрэлээс болж өөд болсон
аж. Хаан, хатандаа маш их хайртай байсан гэдэг. Тиймээс хатныхаа бунхны нь зургийг
өөрөө зурж, байгуулсан бөгөөд насан эцэс­лэхдээ хатныхаа бунхны хажууд ор­шуулаарай
хэ­мээн гэрээсэлсний да­гуу хүсэлтээр нь болгосон тухай түүх байдаг. Хаан, хатан
хоёрын бун­хан нэг дор байдаг бөгөөд доо­гуураа холбоо­той гэдэг. Монгол хат­­ныг
амьд сэрүүн байхад Солон­гос улс дайн дажингүй, амар амга­лан байсан тухай  тэмдэглэсэн байдаг.

-Дээр дурьдсанчлан социа­лист систем
задрахаас өмнө манай хоёр улсын харилцаа өргөн байжээ. Айлчлалын үр дүнд  уламжлалт харилцаа маань хэрхэн сэргэж, өргөжинө
гэж та харж байна вэ?

-1990 он хүртэл социалист систем задрахаас
өмнө хоёр орон улс төр, эдийн засаг, соёл, хүмүүн­лэгийн салбарт өргөн харилцаа­тай,
хамтран ажиллаж ирсэн. Түү­нээс хойш нэг хэсэг харилцаа маань зогсонги байдалд орсон
ч  сүүлийн жилүүдэд сэргэн хөгжих алхам хийгдэж
байна. Ер нь хоёр орон түүхэн уламжлалт харил­цаатай сацуу, газар нутгийн хувьд
ойр оршдог, Орос, Хятад гэсэн их гүрэнтэй хиллэдэг, хөгжиж байгаа орнууд зэрэг адил
төстэй зүйлүүд нэлээд бий. Иймэрхүү адил төстэй зүйлүүд их учраас хамтын ажил­лагааг
хөгжүүлэх боломж ирээдүй байдаг. Энэ бүх­нийг бататгах үүд­нээс бүс нутгийн харилцааны
нөхцөл байдалтай уялдуулж, хоёр талын харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан
хөгжүүлэх боломж байна. Тиймээс Солон­госын шинэ удирдлагатай яриа хэлэлцээ явуулж,
харилцааны эрх зүйн үндсийг бататгасан баримт бичиг байгуулах зэргээр хамтран ажиллаж
байна. Тухайл­бал, нэлээд олон бизнесийн төлөө­лөл Ерөнхийлөгчийн айлчлалд багт­лаа.
Өнгөрсөн есдүгээр сард Пхеньян хотноо хоёр орны Засгийн газар хооронд эдийн засаг,
шинж­лэх ухаан техникийн салбарт хамт­ран ажиллах Зөвлөлдөх комиссын ээлжит хуралдаан
Пхеньян хотноо боллоо. Манай талаас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй
албаныхан оролцож,  эдийн засгийн хамтын ажилла­гааны
асуудлаар санал солилц­сон.

-Хоёр орны улс төрийн харил­цаа
өндөр түвшинд тасралтгүй явж байна. Хамгийн гол нь эдийн засаг худалдааны харилцаагаа
яаж бататгах вэ?

-Энэ бол тун чухал асуудал болоод
байгаа. Улс төрийн яриа хэлэлцээнээс гадна бодитой хам­тын ажиллагаа хэрэгтэй. Ер
нь хоёр тал эдийн засаг худалдааны  хамтын
ажиллагааг харилцан ашигтай агуулгаар баяжуулан хөг­жүүлэх боломжтой тийм, хэрэгцээ
ирээдүй бий. Уламжлалт харил­цаа­гаар манайх Солонгосоос ца­гаан будаанаас өгсүүлээд
хүнсний бүтээгдэхүүн гээд нэлээд их бараа импортолдог байсан. Харин Солон­гос руу
ноос, ноолуур, арьс, шир түүхий эд экспортолдог байлаа. Гэтэл системийн задрал болж,
Умард Солонгост эдийн засгийн хүндрэл бий болсон нь  гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд ч нөлөөлсөн.
Одоо улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэн сэргээж хөгжүүлэх
боломж бүрэн байна. Хоёр тал энэ чиглэлээр хамтарч ажиллах тухай яригдаж байгаа.
Хэн хэнийх нь ч ашиг сонирхол байна.

Манай улс далайд гарцтай болох хамгийн
дөт зам бол Солон­госын хойг байгаа юм. Солонгосын хойгоор дамжиж  Түмэн голын сав газар, Расоны чөлөөт эдийн зас­гийн
бүсээр дамжин далайд гарц­тай болох боломж бий. Мөн  Умард Солонгосын усан боомтуудыг хөнгө­лөлттэй
нөхцөлөөр ашиглах бо­ломж ч нээгдэх юм. Харин Умард  Солонгосын талаас манайхаас уул уурхайн түүхий
эдээ импорт­лох, мал аж ахуй, газар тариа­лангийн салбарт хамтран ажиллах боломж
байгаа. Солонгост ямааны аж ахуйг хөгжүүлэх санал санаа­чилга байдаг. Энэ мэтчилэн
хоёр талын хамтын ажиллагааг хөгжүү­лэх боломжууд байна л даа. Үүнээс гадна Умард
Солонгос ажиллах хүчний нөөцөөр баялаг. Манайд зам тээвэр, барилга, хөнгөн үйлдвэрийн
салбарт тэдний хүмүүс ажиллаж байна. Солон­госчууд мэдлэг боловсрол, ур чадвар,
зохион байгуулалттай байдлаараа манай хувийн хэвш­лийнхний сонирх­лыг татаж, тэдэн­тэй
хамт­ран ажиллах боломж байдаг юм. Энэ асуудлаар ч хоёр улсын хоо­ронд нэлээд зүйлүүд
яригдаж байгаа.

-Боловсролын салбарт хоёр орон
хэрхэн хамтран ажиллах боломж байна вэ?

-Дээхнэ үед оюутан, мэргэжилт­нүүд
солилцдог байсан. Дайны үед Хойд Солонгосын 200 хүүхдийг манайх авчирч, долоон жил
сургаж, хүмүүжүүлсэн түүхтэй. Мөн 30 оюутныг хөдөө аж ахуйн салбарт сургасан. Одоо
ч гэсэн хоёр улсад харилцан суралцдаг цөөхөн оюу­тан бий. Мөн хэл соёлоо судлахад
хамтарсан судалгаа хийх, Монгол хатны домгоор кино хийх асуудал хүртэл яригдаж байсан
л даа. Ер нь соёлын салбарт өргөн харил­цаатай. Жил болгоны дөрөвдүгээр сард Ким
Ир Сений төрсөн өдөрт зориулж “Нарны баяр” гэж болдог. Манай урлагийнхан дандаа
орол­цож тэргүүн байруудыг нь авч байсан.

-Хоёр улсын зээл туслам­жийн асуудал
ямархуу түвшинд явж байна?

-Хоёр улс эдийн засгийн харил­цаатай
явж байхдаа зээл тусламжийн талаар хамтран 
ажил­лаж байсан. Жишээлбэл, дайны үед манайх Солонгост нэлээд хэмжээний тусламж,
үзүүлж, 220 гаруй мянган  толгой мал, дулаан
хувцас, хоол хүнс явуулж байсан. Солонгосын тал ч манайд цаг агаарын хүндрэл бэрхшээл
гарвал тусламж үзүүлдэг байлаа. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын сургуу­лийг иж
бүрнээр нь байгуулж өгсөн. Одоо болтол сургуулийн урсгал засварыг хийж, кабинетыг
нь  тохижуулдаг. Боломжийн хэрээр тусламж
дэмжлэг үзүүлдэг.

-Хойд Солонгос шинэ удир­дагчтай
болсноор тус улсын хөгжил дэвшил хэрхэн өөрчлөг­дөж байна вэ. Та БНАСАУ-д Элчин
сайдаар ажиллаж байсан хүний хувьд илүү сайн дүгнэх байх?

-БНАСАУ 1950-1953 оны дайнд үнсэн
товрого болтлоо сүйрсэн. Тэрнээс хойш хэтийн төлөвлөгөө­тэй хөгжсөн. Солонгосын
ард түмэн бол дайн үзсэн, колоний дарлалд орж байсан их хатуу­жилтай, хөдөлмөрч
хичээнгүй ард түмэн учраас богино хугацаанд сэргэн босч, идэвхтэй хөгжиж бай­гаа.
Энэ онд  улс тунхагласных нь болон дайны ялалтын
60 жилийн ой боллоо. Тэрнийг дагасан бүтээн байгуулалтууд хөгжиж, том том үйлдвэр,
байгуулагдсан. Хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэхэд анхаарч байна. Пхеньян
хот орчин үеийн өнгө төрхөөр хөгжиж байгаа. Солонгос биеэ дааж хөгжинө гэсэн үндсэн
бодлого дээр тулгуурлан хадааснаас өгсүүлээд уул уурхайн тоног төхөөрөмж, машин
техник, усан онгоцоо өөрсдөө үйлдвэр­лэдэг.

БНАСАУ манай коксжих нүүр­сийг хамтран
ашиглах, шөрмөсөн чулуунаас хөвөн гаргаж, монгол хонины ноостой хольж, сайн чанарын
даавуу хийх асуудлыг Ким Ир Сен дарга манай улсад айлчлах үед ажил хэрэг болгохоор
ярилцан тохирч  байлаа. Шөрмөсөн чулуу­наас
хөвөн гаргаж авах технологи нь зөвхөн Хойд Солонгост байдаг. Манай 20 оюутныг Солонгосын
химийн үйлдвэрийн дээд сургуульд сургасан. Тухайн үед системийн задрал болж энэ
асуудал ажил хэрэг болж чадаагүй. Харин одоо сэргээх талаар ярьж байгаа юм билээ.
Ер нь хоёр улс уламжлалт харилцаагаа хөгжүүлэх сонирхол аль аль талд байгаа. Хамгийн
гол нь  улс төрийн өндөр түвшний харилцааг
эдийн засгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэх нь чухал гэдгийг дахин  тэмдэглэмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Х.Болорчулуун: Яагаад нэг аймгаас сонгогдсон гишүүд тэмцэлдэгч байх ёстой юм

УИХ-ын
гишүүн Х.Бо­лорчулуунтай ярилц­лаа.

-Саяхан
Н.Номтой­баяр гишүүн мэдээлэл хийсэн. Уг мэдэгдэлдээ УИХ-ын гурван гишүүн, Засгийн
газрын нэг ги­шүүн “Мунзуй” Нямдор­жийн ард байгаа гэж байсан. Тэр гурван ги­шүүний
нэг нь таныг байх гэж ярьцгааж байна?

-Н.Номтойбаярын
мэ­дэгдэл хийж байгааг хар­сан. Уг хэргийн цаана УИХ-ын гишүүд байгаа гэдэг юу л
бол доо. Ном­тойбаяр гишүүний уг асуу­далд би холбогдол­гүй ээ. Хүмүүс Н.Номтой­баяр
гишүүн бид хоёрыг Дорнод аймагт нэг тойрогт өрсөлдөн УИХ-ын ги­шүүн болсон болохоор
тэгж санагдаж байгаа юм болов уу. Бид УИХ-ын сонгуулийн үеэр шударга, хар хоргүй
өр­сөлдсөн хүмүүс. Тиймээс ямар нэ­гэн асуудалд нэр холбог­дох шаардлага байхгүй.

-Н.Номтойбаяр
ги­шүүн та хоёр одоо ямар харьцаатай байдаг вэ?

-Бидний
хувьд УИХ-ын сонгуулийн өмнө, түү­нээс хойш ч жирийн харь­цаатай байгаа. Түүнээс
зарим нэг хүмүүсийн бо­дож байгаа шиг муу харь­цаа байхгүй ээ. Бид энгийн, зөв харьцаатай
хэвээр байгаа гэдгийг хэлмээр байна. Манайх­ны дунд нэг сонин зүйл анзаарагддаг
юм.

-Тэр
нь юу гэж?

-Нэг аймгаас
сонгогд­сон хүмүүсийг өрсөлдөгч мэтээр хардаг явдал юм. “Яагаад нэг аймгаас сон­гогдсон
хүмүүс хоорон­доо өрсөлдөгч тэмцэл­дэгч байх ёстой гэж” гэд­гийг буруу ойлголттой
яваа хүмүүсээс асуумаар санагддаг. Иргэдийнхээ сайн сайхны төлөө ажил­лана гэж амлалт
өгч гарч ирсэн хүмүүс сонгогдсон тойрогтоо ажил хийхгүй бие биенээ хэмлээд суу­на
гэдэг байж болохгүй зүйл гэж боддог юм.

-Та
бизнес эрхэлдэг байж байгаад улс төрд орж ирсэн хүн. Сүүлийн үед улс төрд бизнес­мэнүүд
ихээр орж ирс­нээр улс төр утгаа ал­даж байна гэж ярьцгаах болж. Үүн дээр та ямар
байр суурьтай байдаг вэ?

-Энэ үгийг
ямар хүмүүс хэлдэг вэ гэхээр амьд­ралдаа материаллаг баялаг бүтээж үзээгүй цагаан
гартнууд, цагаан захтнууд л хэлдэг байх. Бидний ардчиллын заг­вар болгох дуртай
Аме­рикт гэхэд сенатын ги­шүүд нь голдуу өөрийн хувийн амьдралаа цэг­цэл­чихсэн,
улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хөрөнгөтөн, бизнес­мэнүүд л байдаг. Улс төрд
шударга хөдөл­мө­рөөрөө материал баялаг бүтээж нийгэмд танигдан, ард түмнийхээ захиал­гаар
орж ирсэн бизнес­мэн байхад заль мэх луйв­раар хөрөнгөжсөн олон түмнийг хуурах,
мөн­гөөр түрэх замаар сон­гогдсон хүмүүс ч мэр сэр байна. Улстөрчид ч дот­роо мөн
хоёр янз байдаг гэж боддог юм.

-Таныхаар
улс төр­чид дотроо ямар хоёр янз байдаг юм бэ?

-Анхнаасаа
амьдра­лын зам нь төрөөр явсан шударга нэгэн байхад нам, улс төрөөр олон жил дагнан
баялаг бүтээхгүй мөртлөө буруу гараар хэмжээгүй баяжсан улс төрчид байна. Үүнийг
би хувьдаа хуурамч улс төрчид гэж боддог. Ийм хүмүүс бэртэгчин байдаг бөгөөд ард
иргэд, эх орны язгуур эрх ашгаас өмнө хувийнхаа эрх ашгийг ямагт урьтал болгодог.
Тэдний балгийг улс орон, ард иргэд маань хангалт­тай амслаа гэж бодогддог юм.

-Өнгөрөгч
оны төс­вийн тодотголыг саяхан баталсан. Төсвийн хө­рөнгө оруулалтаар хийг­дэх ажил
ихээхэн тасарсан гээд байгаа. Үүн дээр ямар бодол­той байгаа вэ?

-Татварын
орлогын төлөвлөгөө нэг их наяд гаруйгаар тасарч, хөрөн­гө оруулалтын гүйцэтгэл хүйтний
ам наашилчих­сан энэ үед тавин хувьдаа ч хүрээгүй байгаа нь шүүмж­лэлийн бай болж
байна. Мэдээж энэ нь Засгийн газрын ажлын зохион байгуулалт, цаг хугацаатай уралдаж
амжуулах ажлын хурд зэрэг зүйлүүдээс шалт­гаалж байгаа нь дамжиг­гүй. Түүнээс гадна
нэгдсэн төсвийн тухай хууль төс­вийн байгууллагын удирд­лага санхүүжил­тийн хууль
зэрэг нь зах зээлийн нөхцөлд зөв голдиролоор явах хөгж­лийн урсгалыг боогдуулж байна.
Манай улс зах зээл ардчиллын замыг сонгосон мөртлөө нийт мөнгөн урсгалын 45 ху­вийг
эзэлж байгаа төсөв нь босоо удирдлагатай, хуучин нийгмээсээ бүрэн салаагүй байна.
Өөрөөр хэлбэл төвлөрсөн төсөв­тэй төлөвлөгөөт эдийн засгийн систем үйлчил­сэн хэвээр
байгаа санагд­даг.

-Одоо
төсөв дээр юу нь буруу болоод байгаа вэ?

-Төвлөрсөн
төсөвтэй төлөвлөгөөт эдийн зас­гийн систем үйлчилсэн хэвээр байгаа тул татвар мөнгийг
дээш нь татаж аваад дахин хуваари­лалт төвдөө буюу яам дээр хийгдэж байна. Энэ нь
аймаг, дүүрэг, сумдад оновчтой хуваарилалт болж өгдөггүй. Тиймдээ сургуулийн дотуур
байр­гүй суманд их засвар гээд тавигдчихсан, Өвөрхан­гайд дуусчихсан барил­гад дахин
мөнгө хуваа­рилчихсан, нэг гол дээр баригдах хоёр гүүр нэг тэрбум гаруй төгрөгөөр
зөрүүтэй байх зэрэг зүй бус зүйлс олон гарч бай­гааг хүмүүс мэдэж байгаа байх.

-Тухайн
аймгаас сон­гогдсон гишүүд нь нутаг орондоо хөрөнгө оруу­лалт татах гэж тэгж байгаа
юм биш үү?

-Аймаг,
сум ч УИХ-ын гишүүд нь ч тойрогтоо ихээхэн хэмжээний хө­рөн­гө оруулалт оруула­хыг
хичээхээс биш дараа­гийнх нь үр ашиг, нийгэмд хүртээмжтэй байдал, түү­ний хяналт
зэрэг байхгүй болж дээ. Өөрөөр хэлбэл улсын өмч эзэн хоёр анхан шатандаа холдож
хүйтэн хөндий болсон. Иймдээ ч аймаг сумд бие даан өрсөлдөн уралдаж, цэцэглэн хөгжих
боломж муу учраас орон нутгаас нийслэл рүү чиглэх их нүүдэл үргэлжилсээр бай­на.
Үүнийг л даруй шийдэх хэрэгтэй.

-Та
газрын тосны хуу­лийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж бай­гаа. Энэ хууль ши­нэч­лэгдэн
гарснаар ямар өөрчлөлт үр дүн гарах вэ?

-Манай
орон 1991 онд баталсан Газрын тос­ны тухай хууль нэртэй 13 зүйл бүхий маш товч­хон
хуультай улс. Энэ нь улс орон болоод хөрөнгө оруулагчдын өнөөдрийн эрх зүйн харьцааг
бүрэн зохицуулж чадахгүй бай­гаа. Газрын тосны хууль шинэчлэгдэн гарснаар Монгол
Улс, хөрөнгө оруу­­лагчид харилцан ашиг­тай байх нөхцөл бүрэл­дэхээс гадна орон
нутагт газрын тосны орло­гоос үлдэх өгөөж нэмэгдэнэ. Газрын тосны үйл ажиллагаа
нь газрыг ухаж эргүүлэхгүй ч гэсэн маш их өргөн уудам нутаг эзлэн үйл ажиллагаа
явуул­даг. Энэ нь байгаль орчин болоод тэнд амь­дарч буй ард иргэд, мал амьтны амьдралын
нөх­цөл хэв байдалд сөргөөр нөлөөлдөг.

-Яг
энэ байдал Дор­нод аймагт болоод бай­сан байх аа?

-Сүүлийн
ганц жишээ хэлэхэд Дорнод аймгийн­хан Петрочайна дачин тамсаг компанийг бай­галь
орчинд бохирдол үүсгэж хор хохирол уч­руулсных нь төлөө бараг гурван жил, гурван
шатны шүүхээр заргалдан явсан. Үүний хүчинд 1.3 тэрбум төгрөгийг авч чадсан юм.
Газрын тосны тухай хууль чамбай сайн гарснаар үйл ажиллагааны эцэст хор хохирол,
маргаан гарах явдлаас сэргийлэх хууль зүйн орчин нөхцөл үүснэ. Тэрчлэн Дорнод аймгийн
нутгаас гэхэд өдөртөө 1000 гаруй тонн түүхий тос экспортод гар­гадаг мөртлөө
2012 онд ердөө 90-хэн сая төгрөг усны төлбөрөөс орон нутгийн төсөвт орсон гээд бод
доо. Үнэхээр харам­саар санаддаг юм. Харин хууль шинэчлэгдсэнээр гадныхан өрөм тосыг
нь аваад орон нутагт хусам нь үлддэг байдал арилна. 

-АН,
МАН, Шударга ёсны эвсэл гээд олон хүнтэй томоохон бүл­гүүд парламентад ажил­­­лаж
байна. Бие дааг­­чид хууль батлах, асуудлыг шийдэхэд хү­чин мөхөсдөж байна уу?

-Өмнөх
парламентыг бодвол бие даагчид ган­цаардаад байх асуудал байхгүй гэхэд болно. Парламентад
байгаа бие даагч гурван гишүүн “Бие даагчдын зөвлөл” байгуулан ажиллаж байна. УИХ-ын
даргын бодло­гын зөвлөлд, бүл­гүүдийн дарга нартай адил зөвлөлийн ахлагч албан ёсоор
орж ажил­ладаг. Бид УИХ-д намыг бус жирийн иргэдийг тө­лөөлж ажиллаж байна. Тиймээс
бие даагчдын зөвлөл “Монгол хүний төлөө” гэсэн уриатайгаар долоо хоногийн даваа
гариг бүр тухайн долоо хоногт Улсын Их Хурал, байнгын хороо, ажлын хэсэгт хэлэлцэгдэх
хуу­лийн төсөлд ямар байр суурь чиглэл баримталж ажиллахаа албан ёсоор хэвлэл мэдээллийнхнээр
дамжуулан иргэд, олон түмэндээ мэдээлж бай­гаа. Мөн цахим хэрэгс­лээр дамжуулан
батлаг­дан гарах хуулиудын тө­сөлд иргэдийн санал, бодлыг хүлээн авч тусган, оролцоог
нь нэмэгдүүлэ­хээр болсон.

-Бие
даагчдын давуу тал юу вэ. Намын харьяалалтай гишүүд бүлгийн нэгдсэн байр сууринаас
асуудалд хандахгүй бол хэцүү мэт санагддаг л даа?

-Бие даагчдын
хам­гийн гол онцлог, өвөрмөц давуу чанар бол намын хатуу хайрцганд бариг­дан амаа
үдүүлж, хэлэх гэснээ хэлж чадахгүй байх зовлон үгүй юм даа. 

-МАН-ын
Их хуал өндөрлөлөө. Уг намын хурлын талаар та ямар бодолтой байгаа бол?

-МАН-ын
Их хурал урь­дын адил олон хүн­тэй, зардал чирэгдэл их­тэй л болчих шиг. Намын даргынх
нь илтгэл ч гэсэн сонины хэдэн нүүрийг эзэлсэн өмнөх 17, 18 дугаар Их хурлын үеийг
л санагдуулж байна. Хам­гийн олон гишүүдтэй МАН шинэчлэгдвэл Мон­гол Улсад л хэрэгтэй.
Ха­рин сайн шинэчлэгдэнэ гэдэгт жаахан итгэл муу­тай байгаагаа нуугаад яахав. Аливаа
нам, ком­пани тэр бүү хэл өрх гэр ч гэсэн гэрийн эзэн, нэг номерийн хүнээсээ гол­лон
шалтгаалж амьдрал, ажил үйлс, ирээдүй нь тэгширдэг жамтай. Би энэ том намуудын дарга
нар болох хүн улс орны эрх ашгийн төлөө өөрийн хувийн эрх ашиг, амьд­ралаа зольж,
зориулж чадах хүн болоосой гэж хүсдэг. Цаашид ч ингэж бодсоор яваад дуусах биз.
Миний сэтгэлд нэг үзэл баримтлал байдаг л даа.

-Үүнийгээ
та ху­ваал­цахгүй юу

-С.Зориг
агсны хэл­сэнч­лэн эрх ашгийн эрэмбийн хувьд эхлээд улс орны дараа нь намын, бүлгийн,
хувийн гэсэн дараалалтай байх ёстой гэсэн үзэл баримт­лалыг би дотроо бодож явдаг.
С.Зориг гэдэг хүн аргагүй ухаантай, жинхэ­нэ улстөрчийн сэтгэлийн үг, сургаал гэж
бодогд­дог юм.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Холбогдох гэж удаад байвал гар утсыг чинь чагнаж байж магадгүй нь

Америкийн
тусгай албаныхан дэлхийн алдартай удирдагчдын утсыг чагнаж байсан хэрэг ердөө
саяханых. Германы канцлер  Ангела
Меркелийн утсыг Америк чагнаснаас болж Америк, Европоороо талцаж байна.  Ганцхан тусгай алба ч биш жирийн иргэд хүртэл
тандахыг хүссэн нэгнийхээ утсыг өлхөн чагнадаг болсоныг сүүлийн үед ойрхон
давтамжтай болсон мэдээллүүдээс харчихаж болно. Бидний барьдаг ухаалаг утас сэм
яриа чагнах дуртай нөхдийн хувьд тун ч ашигтай эд гэнэ. Таны ухаалаг утсанд программ
суулгаж байгаад л нууцаар чагнаад байж болдог арга өчнөөн төчнөөнөөрөө гараад
ирчихэж. Утсаа хэнд ч өгөхгүй байхад яах ч үгүй 
гэж бодвол  том эндүүрэл болно. Тийм
программыг алсаас суулгаж болдог гэж техникийн улс хэлж байна. Суулгасны дараа
утсанд чинь ирж байгаа
дуудлага, мессэж бүхнийг копидож аваад чагнах гээд байгаа нөхрийн утас руу
илгээчихдэг. Тагнуулч программын ид шид ингээд зогсохгүй. Таны утасны бүртгэлд жагсаалттай  дугааруудыг
хуулаад  явуулчихдаг гэнэ.  Таныг утсаа бариад хаана явж байгааг ч мэдчих
бололцоотой.  Бүр утсаар
яриагүй байсан ч эргэн тойронд болж буй
яриаг чагнах боломжтой гэж байгаа. Технологи
ингэтлээ хөгжжээ.    

“Утас чагнаж
болохгүй, энэ чинь хувь хүний эрх” гэсэн гомдол, шүүмжлэл технологи асар
хурдтай хөгжиж байгаа энэ үед хүчтэй сонсогдож чадахгүй. Энгийн нэг иргэнийг
байтугай Ангела Меркелийг тив алгасаж чагнаад байхад. Тэгэхээр одоо яах ёстой
вэ. Ядаж л эвгүй программ утсандаа суусан байж болзошгүй шинэ тэмдгүүдийг мэдэж
байх учиртай. Өөрөө тандаад мэдчихэж болох хэдэн  дохио байдаг гэнэ. Утасны чинь зай хэт хурдан
суугаад байвал нууц программ суулгасан байж магадгүй аж. Утасны зай байнга халуун байгаад байвал
тийм таатай шинж биш бололтой. Утаснаас чинь болж ийм шинжүүд ажиглагдаад байна
уу, эсвэл программ суулгаж уу гэдгийг мэргэжлийн хүмүүсээр шалгуулчихад гэмгүй.
Утсыг унтраахад удах, өөрөө гэнэт рестарт хийх, товчлуур дараагүй байхад
дэлгэцийн гэрэлтүүлэг гэнэт асах зэрэг нь мөн л нууц программ суулгасны шинжүүд
гэнэ. Гэмтэл үү, нөгөө гайхал программ уу гэдгийг шалгуулаад үзээрэй. Хэн нэгэн
рүү залгаад ярих гэтэл  хөндлөнгийн дуу чимээ, бүр огт өөр
хүний яриа, шуугиан орж ирж сонсогдвол мөн л сэжиглэх том үндэслэл гэнэ.  Чанга
яригч, зурагтын хажууд тавьсан утсанд гаднаас дуудлага ирэх үед содон дуу
гардаг даа. Ямар ч дуудлага ирээгүй үед ингээд байвал нууц программ мэдээлэл дамжуулдаг
нууц дугаар руугаа залгаад эхэлсний дохио байж магадгүй аж.  Өөр дугаар
рүү залгахаар холбогдох гэж уддаг,
салгахад тасрахгүй удаад байвал “хэн миний утсыг чагнаад байна аа” гэж
эргэлзэх үндэслэлтэй. Таны утсанд суулгасан программ хүний яриаг чагнаж эхлэх хүртэл
тодорхой хугацаа шаардлагатай байдаг болохоор ингэж уддаг тал бий гэнэ. Тэгэхээр
одоо яах вэ. Ийм шинж тэмдэг олон ажиглагдвал мэргэжлийн хүнд хандах л ганц
арга байгаа бололтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Мандах наран зүгт зорчсон эко аялал

“Мандах наран зүгт нутаг минь байдаг
юм. Маргах юмгүй тэнд ду­лаахан байдаг юм” хэ­мээн аяны урт замыг туул­саар  Сүхбаатар аймгийн  уугуул сэтгүүлчдийн баг нутгийн зүг хүлгийн жо­лоо
залав. Зэгсний толгой бөхөлзсөн намрын нал­гар өдрүүд тал нутагт минь иржээ. Хамаг
амь­тан ичээндээ орчихож байгаа энэ үед бэлчээрийн дай­сан оготно хөеөгөө цуг­луулчихсан
энд тэндгүй жижигхэн өвсөн бухлууд холоос бараантан хараг­дах аж. Зам зуурт юу эсийг
ярихав. Аяллынхаа төлөвлөгөөнөөс гадна элдэв онигоо ярьж, бас ч гэж дуу аялан явцгаалаа.

Тал нутгийн гайхам­шигт байгаль, үзэсгэлэнт газруудыг бид олонтаа
үзсэн ч сайхныг мэдэрч ханашгүй. Энэ нутагтаа төрж өссөн мөртөө за­рим сумдаар очиж
үзээ­гүй хүмүүс ч аяллын багт маань байсан. Бид энэ удаа зүгээр нэг аялж зу­гаалах
гэсэнгүй. Сүүлийн үед гадныхан гэхээсээ дотоодын аялагчид энэ зүг жим гартал ирэх  бол­сон. Тэд байгаль, уул усандаа бишрэл хүндэт­гэлээ
илэрхийлж, идээ цайныхаа дээжийг өргө­дөг уламжлал нэгэнт бий болсон.

Бас нэг хачин гэмээр ёс бий болсон
нь уул овоо, ус голын дэргэд очоод албатай юм шиг  заавал нэг шил юм задалдаг.  Цай,  сүү,
чихэр жимс, архиар дээж өргөөд байгаль дэлхийгээс  сайн сайхныг хүсч залбираад явахдаа хорлоод явчихдаг.
Байгальд хортой гэх болгоныг хаяад явчихаар нөгөө хүндэтгэл залбирал чинь хүчин
төгөлдөр болох уу гэж тийм хүмүү­сээс асуумаар байгаа юм. Сүүгээ өргөөд савыг нь
хаячихна. Сайхан байгальд ирээд заавал сархад хүртэж, шилийг нь хаяна. Байгаль тэр
сархдаар нь яадаг ч юм, бүү мэд. Надад бол энэ үйлдэл уул усны нэрийг барьж дээжийг
нь өргөсөн болоод өөрсдөө архидах нь  гэсэн
хар төрүүлдэг.   Тэр хогон дунд байхгүй юм
алга. Таяг, хэмхэр­сэн зурагт, архины шил, ундааны сав, ер нь юу эс байхав дээ. 

Уг нь манайхан хуучнаа бодвол эх орныхоо
үзэсгэлэнт байгалийг үзэх гэж аялж зугаалах нь их болж. Муу нь юу байхав. Аялал
жуулчлал гадаадын гэхээсээ дотоодын аялагч­даар хүрээгээ тэлж байна.      Тал нутгаар явж байхад ч  нэгэн харамсам дүр зураг бол аль л байгалийн үзэсгэлэнтэй,  олон хүн очихыг зорьдог газар нь хамгийн их хог
новшоор дүүрсэн байх юм.  Шилийн богд уул
гэхэд шилэн овоо болжээ. Байгалийн гайхамшигт зүй тогтоцтой үзэсгэлэнт энэ нутагт   ирээд дараа ирэхгүй юм шиг хүнийр­хүү загнажээ.
Нутгийн хөгш­чүүл энэ талаар өөрсдийнхөө хэмжээнд арга хэмжээ авч, байгаль хамгаалах
үйлсэд гар бие оролц­дог юм байна. Харамсалтай нь тэдний хүч хаанаа ч хүрэхгүй байх
нь их. Бас нэг харамсам зүйл бол маш их түймэр гарах болжээ. Зөв­хөн аравдугаар
сард л гэхэд Эрдэнэ­цагаан суманд таван удаа 
түймэр гарчээ. Салхи ихтэй, хуурай үед 
маш хурдтайгаар  тархдаг. Тэнд байгаа
амьтан ургамал, тэр байтугай айлын гэрийн хаяанд ирээд олон хүний ачаар унтарсан
байх жишээний. Чоно бол хэд харайгаад түймрээс гарчихаж байхад туулай хярсаар түлэгдэж
үхдэг юм билээ. Бидний аяллын замд ч түймэр гараад унтраагаад ирлээ гэсээр зарим
сумын иргэд угтаж байсан. Түймэр ихэнх тохиол­долд хүний болгоомжгүй үйлдлээс их
гардаг.

Сүхбаатар аймаг орохын тулд хотоос
очсон хүмүүс Мөнххаан сумыг эхлээд дайрдаг. Бидний  замд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Жавхлан
тааралдан өөрийн унаагаа үлдээж Мөнххаан сум хүртэл хамт аялахаар болсон юм. Түүнийг
бас хог цэвэрлэх ажил­даа уруу татлаа. Сайхан аялал хийж байгаа юм байна хэмээн
тэрээр саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэсэн сумынхаа дурсгалт газрууд,  шинээр босгосон хөшөө дурсгалуудын учир утгыг
бидэнд тайлбарлаж өгөөд Мөнххаан сумаас биднийг үдлээ.

Мөнххаанаас Баруун-Урт суманд ирж,
замын тоосноосоо салах зуураа тус аймаг өдрөөс өдөрт өнгө орж байгааг ярилцав. Хотын
төв талбайд жанжин Сүх­баа­тарын  ухаа хонгор
морьтой хөшөө байдгаараа л байна лээ. Эргэн тойронд нь байсан намхан байшингууд
цөөрч байгаа нь илт.   Ихэнхийг нь нурааж
шинээр өндөр барилгууд барьж эхэлж байгаа юм байна.

Тамхины хууль гарахаас өмнө Сүхбаатар
аймгийнхан  олон ний­тийн газар, баар ресторанд
тамхи татахыг хориглочихсон учраас нэгэнт хэвшил болжээ. Төв гудам­жинд  тамхи татаж байгаа ахмад хүнд “Энд тамхи татаж
болдоггүй юм” гэж ирээд л шүүмжилнэ.   Баруун-Уртад
жишиг  хороолол гэж ижилхэн хашаатай, цэмцийсэн
гудамжууд байх бол тод өнгөтэй цоо шинэ байшин хороолол бас баригдаад эхэлжээ.  Саятны хороо­лол гээд нэрлэчихэж.  Бүтээн байгуулалт ид өрнөж,  хууль хэрэг­жилт энд маш сайн гэдэг нь тодоос
тод мэдрэгдэнэ. Аймгийн төв цэм­ций­гээд гутал өлөн тоос ч болохгүй байгаа нь сайхан
санагдлаа.

Аяллын багийнхан   маань эрүүл мэндэд хортой, элдэв муу зуршлаас
хол байх нь зүйтэй гэж ярилцсан юм.  Тиймээс  Сүхбаата­рын талбайд өглөөний дасгалаа хийгээд,
цайгаа уун маршрутын дагуу Баруун-Уртаас Дарьганга сум руу хөдлөв.  Бидний аян замын хөтчөөр зураач Бадарч гуай явсан
бөгөөд уул,  ус,  газар нутгийн тухай гайхамшигт  түүх,  домог  ярьж  явлаа.  Аймгийн төвөөс  Мөнххаан хүртэл зам тавьж байгаа юм байна.  Багийн гишүүд маань “Багын мөрөө­дөл маань биелж
байна”  гэцгээв. Багадаа хот орох гэж хонон
өнжин явдаг байсан, Сүхбаа­тараас УАЗ-469 
машинаар хэрхэн явж ирдэг байсан, одоо энэ бүхэн өөрчлөгдөх нь хэмээн сэтгэл
өөдрөг ярьж явлаа.  Аймгийн төвөөс Мөнх­хаан
хүртэл тавигдах энэ зам дараа жил дуусчих бололтой. Намрын налгар өдрүүдийг ашиглаад
ажлаа амжуулчих санаатай хичээж байна лээ, замчид. 

За ингээд аяллын явцад сонин содон
зүйл ихтэй, амьтад нь байга­лийн өнгөндөө уусаад сайн ажиг­лан харахгүй бол зээрийн
сүрэг хаа сайгүй зам хөндлөн гараад ирнэ. 
Манай багт гэрэл зураг сонир­хогчид олон явсан учир байс­хий­гээд л жолоочийг
сандаргаж бууж, суун гайхамшигт байгалийн зургийг дурандаа буулгах  аж. Аймгийн төвөөс Дарьганга орох замд Жарын овоо
гэдэг газар бий. Төвөөс 60 км зайтай учраас тэгж нэрлэсэн байх. Аян замаа өлзийтэй
сайн байхыг бэлгэдэн энэ овоонд чулуу өргөж, тойрдог байсан бол одоо үдлээд архидаад,
хог хаяад явчихдаг болжээ. Өнгөрсөн жил  тагнуулын
байгууллагын залуус сайн дураараа цэвэрлэсэн гэж Бадарч ах хэлж байна лээ. Бид ч
хотоос хог хийх баахан уут авсныг хэлэх үү, бээлийгээ өмсөөд л хог түүх цэвэрлэгээний
ажлаа эндээс эхлэв.  Тэр хавийн орчмыг цэм­цийтэл
цэвэрлээд аймгийн захир­гаанд хаях үүргийг үлдээгээд аян замаа цааш үргэлжлүүлэв.  Эко аяллын маань анхны ажил энд байв. Бид ингэж
цэвэрлэсэн талаа­раа олон нийтэд зөв сэдэл санаа­чилга төрүүлэх үүднээс зөв зүйлийг  өөрсдөөсөө эхэлж,  үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах зорилго
өвөрлөсөн сэтгүүлчид  санаа нийлэн гарсан
бөгөөд ямар нэг байгууллага хувь хүний зөвлө­гөө, хүсэлтийн дагуу яваагүй гэдгээ
бас хэлэх хэрэгтэй болов уу. Ийн­хүү бид Дарьганга хүртэл ам хуу­рай­гүй ярьж, бас
замд тааралдсан амьтан ургамал, үзэсгэлэнт уул усны тухай хүүрнэх аяны хөтчийн­хөө
хэлсэн ярьсныг тэмдэглэн явав. Он жилүүдийн түүхийг нүүрэндээ зурчихсан мэт гүн
үрчлээ тогтсон сайхан сэтгэлт зураач ах  Бадарч
гуай алтан овоо, Ганга нуурын гайхамшигт домог хүүрнэхдээ өөрөө тэр бүхний нэг хэсэг
мэт санаа алдан алсыг ширтэн өгүүлэх аж. Үлгэрийн мэт үзэсгэлэнт Дарьгангын Алтан
овоо амьтан хүний хөл үймээн ихтэй угтлаа. Тойруулаад хашаа хатгаж, хашаа­ны үүдэнд
машины зогсоолтой болсноос хойш унаа тэрэгтэйгээ уул овоонд гардаг муу зуршил  нэгэнт халагджээ. Овооноос бууж ирэх хүмүүс халамцуухан
харагдах нь харамсам.

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчилэн
бүсгүйчүүд Алтан овоо­ны бэлд  сүү өргөн багийн
залуус маань дээш гарцгаалаа. Төрийн тахилгат энэ ууланд эртнээс эмэг­тэй хүн гардаггүй
ёсон байдаг учраас залуус л Алтан овооны оргилд гарангаа цэвэрлэх боломж байсан
юм. Залуус маань бууж ирэхдээ баахан тортой хог түүгээд ирлээ. Бас л хатуу сэтгэлт
хүмүү­сийн хаяад явсан хог бэлээр нь байтугай оройгоор нь зөндөө бай­сан нь энэ.     

Уулын энгэр бэлээр шувууд их цугларах
аж. Тиймээс бид нэгэнт эко аялал хийж байгаа учраас сүү, будаа л овоонд өргөхөөр
шийдсэн юм. Сүхбаатар аймаг эртний сөнө­сөн галт уул олонтой. Алтан овоо­ны ойр
орчимд Дагшин,  Дуут, Зэгст  гээд л олон нуурууд бий. Дарьганга тэр дундаа
Алтан Дарь овооны ойр орчим хүрмэн чулуу дүүрэн. Бид багадаа нүхтэй чулуу цуглуулж
хүзүүндээ зүүдэг байж билээ. Эндээс бид бүрий орохоос  өмнө Ганга нуурын зүг хөдөллөө. Энд тэндгүй тогтмол
нуур олонтой, нуур болгон өөрийн гэсэн домог хуучтай. Үзэсгэлэнт Ганга нууранд хун
шувууд жил бүр чуулдаг юм. Зарим жилдээ Ганга нуурын ойр орчны нууранд хуваагдан
чуулдаг. Энэ жил харин Эрдэнэ нуур, Ганга нуурт л хун шувууд  чуулжээ.  

Гэрэл
зургуудыг

Ж.ОТГОНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Р.АЛТАНСҮХ: “Одоо чи тогло” гээд Бооёод халаагаа өгсөн

“Үхлийн симфони” хэ­мээх аймш­гийн
кино нээл­тээ хийх гэж байна. Тус киноны най­руу­лагчаар “Шинэ үе” про­дакш­ны жү­жигчин,
соёлын тэргүүний ажилтан Р.Ал­тансүх ажил­лажээ. Ингээд түүн­тэй хийсэн ярилц­лагаа
хүргэе.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Таны
хийсэн дэл­гэцийн шинэ уран бүтээл бэлэн болжээ. Хэзээ нээл­тээ хийх гэж байна?

-Баярлалаа. Би “Оюунлаг” продакшнтай
хамтарч “Үх­лийн симфони” гээд адал явдалт, аймшгийн кино бү­тээлээ. Киноны маань
нээлт маргааш  “Тэнгис” кино театрт болно.
Нээлтийн ажилла­гаан­даа бэлдээд завгүй л явна. Манай “Шинэ үе” про­дакшн орой бүр
19.00 цагаас тоглолттой байгаа. Тэгэхээр өдөр нь киноныхоо нээлтэд оролцоод, шууд
л тоглол­тондоо орохоор төлөвлөөд л байж байна.

-Та хошин урлагийн жү­жигчин. Гэтэл
таныг дэл­гэцийн бүтээл, тэр дундаа аймшгийн кино хийсэнд хү­мүүс гайхаж байна?

-Харин зарим хүмүүс надаас өөрөө инээдмийн
жүжигчин байж яагаад аймш­гийн кино хийв гэж асууж байгаа.  Зөвхөн хошин урлаг гэлтгүй би өөрийгөө кино, драмын
жүжиг гээд олон тө­рөлд сорьж, өөрийн нөөц бололцоогоо гаргахыг хүсдэг. Тиймээс
аймшгийн кинонд хүч үзээд алдъя гэж бодсон. Нэг хайрцагт бариг­даад байхыг хүсдэггүй.

-Саяхан аймшгийн гэх тодотголтой
хэд хэдэн кино театруудад гарч эхэллээ. Таны уран бүтээл эдгээ­рээс ямар ялгаатай
юм бэ?

-Киноны зохиол. Энэ киног Английн
үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төлөөлөгч болох Шотландын зохиолч Роберт Луис
Стивен­соны “The Bottle Imp” зохио­лоос сэдэвлэн бүтээсэн. Уг зохиол үнэхээр гайхалтай.
Нэг орон зайд олон үйл явд­лыг гаргаж, сонирхолтой үйл явдлууд ар араасаа хөвөрдөг.
Энэ нь үзэгчдийг зохиолын турш өөрийн эрхгүй хөтөлж чаддаг. Манай уран бүтээл ч
мөн адил орооцолдсон олон үйл явдлыг тусгасан. Гэхдээ хоорондоо маш нарийн логи­коор
холбогддог. Киноны үйл явдал зуслан дээр өрнөдөг юм. Бараг 300 гаруй хүүхэд тоглосон.
Мөн МУГЖ Мэнд­баяр, Борхүү зэрэг олон сай­хан жүжигчид тоглосон. Хүн аймшгийн кино
үзэхээрээ айж байсан ч хөтлөгддөг шүү дээ. Тийм л кино болсон гэж бодож байгаа.

-Ихэвчлэн гадны зохио­лоос сэдэвлэж
кино хийх юм. Манайдаа мундаг  гэгд­дэг кино
найруулагчид Мон­голд сайн зохиол байхгүй гэдэг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг
вэ?

-Миний энэ удаа сонгосон зохиол бол
сонгодог, дэлхийн хэмжээний бүтээл. Ер нь сайн зохиол тухайн уран бүтээл­чийг задалж
өгдөг. Мэдээж сонгож авсан зохиолоо үзэгч­дэд хүргэж, чанартай уран бүтээл болгохын
тулд най­руулагч маш их зүйлийг су­далж, өөрийгөө олон талаас нь задлах шаардлагатай
болно. Зохиолтойгоо, зо­хиолч­тойгоо танилцана. Тэр хүнээс асар их ажиллагаа шаардана.
Эцсийн шатан­даа сайн зохиол найруулаг­чаа аваад явчихдаг. Мон­голын зохиолчдыг
бүр муу гэж байгаа юм биш шүү. Гэх­дээ дэлхийн хэмжээний зо­хиол­той зууралдаж байж
л нэг алхам ч гэсэн урагшилна.

-Тэгэхээр та их ном унш­даг хүн
байх нь ээ?

-Яахав уншина. Надад 4000 орчим ном
бий. Бага байхын л ном унших дуртай хүүхэд байсан. Богино өгүүл­лэг унших дуртай.
Тэр үед чинь уран уншлагын олон тэмцээн, уралдаан болно. Сургуулийнхаа урлагийн
үзлэ­­гээр өгүүллэг уншина.  Бид ном уншиж
байж л задар­на. Одоо ч гэсэн тайзан дээр ямар дүрийг, яаж гарга­вал дээр вэ гээд
номноос л судална ш дээ.

-Та чинь “Утгын чимэг” гээд уран
уншлагын наа­дамд нэлээд дээгүүрт орж байсан санагдаж байна?

-Би нэгдүгээр курсээсээ эхлээд бараг
долоо, найман жил “Утгын чимэг” болон өөр олон наадамд өгүүллэг уншиж явсан юм байна.
Анх нэгдүгээр курст байхдаа  “Ут­гын чимэг”-т
ороод өгүүллэг уншлаа. Тухайн үед хэн тоо­хов дээ. Дараа нь нэлээд олон жил дараалж
ороод овоо туршлагатай болж гуравду­гаар байрт орлоо. Удалгүй түрүүлдэг боллоо.
Тэгж байж л овоо Аранзан нарт тоогдож, энэ чинь бас сүрхий юм бай­на гэсэн бодол
төрүүлж билээ.

-Өөрөө шүлэг бичдэг байв уу?

-Шүлэг бичээд сүйд болох­гүй. Мундаг
зохиолчдын бү­тээ­­­лийг нүдэнд харагдтал уншиж үзэгчдэд хүргэнэ гэдэг надад үнэхээр
сайхан са­нагд­даг байсан. Тэгээд ч уран унш­лагын тэмцээнд бэлдэхэд ганцаараа амар
санагддаг байсан. Хаана ч ном гаргаад уншаад явсан хэн ч саад болохгүй, өөрөө л
дүрдээ орно. Тэртэй тэргүй өөр хүн­тэй хамт бэлдье гэ­хээр хотын хүүхдүүд хөдөө­ний
намайг ямар тоох биш. Ганцаараа өөрөө өөрийгөө нээнэ гэдэг хамгийн үр дүнтэй арга.

-Хотын хүүхдүүд таныг гадуурхдаг
байсан хэрэг үү?

-Гадуурхаад сүйд болох­гүй ч сүрхий
нийлдэггүй бай­сан. Би ихэвчлэн ном уншина. Тухайн үед Төв номын санд өдрийг өнгөрөө­нө.
Тийм бо­лохоор хөдөөний оюутан миний хаана, юу хийж явах нь тэдэнд ямар ч хамаа­гүй
шүү дээ. Энэ ингээд явж л байдаг юм гэнэ биз. Багаар театр­чилсан маягийн юм бэл­дэхээр
юу гэж л уриалгахан тоглож өгөв гэж.

-Та чинь Баянхонгор аймгийн хүн
байх аа. Бага нас чинь хаана, хэрхэн өн­гөр­сөн бэ. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй
юу?

-Тийм ээ. Миний аав, ээж Баянхонгор
аймгийнх. Би Галуут суманд төрсөн. Одоо аав маань хөдөө мал маллаж байна. Харин
ээж маань тэт­гэвэртээ гарчихсан. Надтай хамт амьдарч байгаа. Миний бага нас нүүдлийн
шувуу шиг л өссөн гэж хэлж болно. Ээж бага ангийн багш хүн л дээ. Тухайн үед ээжийг
нэг суманд нэг л жил болгоод өөр суманд хуваарилдаг байсан гэсэн.

-Яагаад?

-Яахав. Ээжийн ам дуугүй байдаггүй
байсан байхгүй юу. Ардчилсан үзэлтэй хүн. Тухайн үеийнхээ нийгэмд болохгүй, бүтэхгүй
байна гэсэн юмаа шууд хэлчихдэг байсан юм билээ. Тэгээд дарга нар нь наад хүн чинь
нэг газар удах юм бол хүмүү­сийн тархийг угаана гэж тэгдэг байсан юм байлгүй. Сумаас
сум дамжаад явахдаа хүүх­дүүдээ ямар хаяад явал­тай биш чирээд л явна. Ми­ний хүүхэд
нас тэгж л өнгөр­сөн дөө. Бас мал маллана.

-Одоо нутагтаа очиж байна уу?

-Ажил ихтэй болохоор сүүлийн хэдэн
жил очсонгүй. Хааяа тоглолтоор явахаараа л очдог болж дээ.

-СУИС-д хэзээ орсон юм бэ?

-1994 онд санагдаж бай­на. Аймагт
шалгалт өгч тэн­цээд СУИС-д найруулагч, жүжигчний ангид орж байсан юм. Манай ангид
анх нэлээд олон хүүхэд байсан. Тэгсэн зургаан охин, гурван банди л сургуулиа төгссөн.  Одоо ч тэр хэд маань урлагт үнэнч явна. Найруулагч
Энхбаяр манай анги. “Хайр харуусал”, “Тави­лан” гээд олон сайхан кино найруулсан.
Драмын най­руулагч Наранбаатар байна. Харин охидоос УДЭТ-ын жүжигчин МУГЖ Урнаа.
Хүү­хэлдэйн театрын Өнөрөө гээд бүсгүй байна.

-1998 онд драмын жүж­гээр шилдэг
эрэгтэй дүрийн шагнал авч байсан санаг­даж байна. Тэр ямар учир­тай наадам байсан
юм бэ?

-Аан. Тэр чинь дөнгөж сургуулиа
төгсдөг жил. Дэл­хийн сонгодог зохиолын шил­дэг дүрийн уралдаан болсон юм. Тэр тэмцээнд
драмын жүжигчид өрсөлдсөн. Би  Шил­­­лерийн
“Дээрэмчин” жүж­­­гийн Франц муурын дү­рээр шилдэг эрэгтэй дүрийн шагнал авч байсан
юм байна. Мэдээж тухайн үед үнэхээр их баярлаж, хөөрч байсан. Шил­дэг эрэгтэй дүр
авна гэдэг тухайн үед ховор­хон завшаан шүү дээ. Тэгээд би нэг хэсэг Хүүхэд, залуу­чуудын
театрт ажилласан. Дараа нь хоёр жил гаруй Радио, телеви­зийн сургуульд багшиллаа.
Тэгээд л хошин урлагт орсон доо.

-Анх хэзээ хошин урла­гийн тоглолтод
орж байв?

-Анхны шоу тоглолт “Амь амиа бодоорой”
гэдэг нэртэй шоу тоглолт байсан. Амбий, Бооёо, Хүрлээ гээд шижиг­нэсэн сайхан залуус
хамтарч шоу тоглолт хийж билээ. Тэр үеийн сайхан най­зууд маань одоо ч “Шилдэг өнгө”,
“Шинэ үе”, “Х-Түц” гээд  өрх тусгаар­лаад
хошин урлагтаа үнэнч зүтгэж, хошин урлагийг авч явж байна.

-Жүжигчид эмэгтэй хү­ний дүрийг
бүтээхэд хүнд гэдэг юм билээ. Таныг хара­хаар хадам ээж, ааштай эмэгтэй хүний дүрийг
их гаргууд бүтээдэг санагд­даг?

-Эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээхэд
үнэхээр хэцүү. Олон ч эмэгтэй хүний дүрд тоглож. Ялангуяа 2000 оны эхээр хадам ээжийн
дүрд их тоглож. Хүнд ч их хүрсэн юм шиг байгаа юм. Дүрийг нь олон удаа бүтээсэн
учраас эмэгтэй хүний занг сайн мэддэг гэж хэлэхгүй. Эмэгтэй хүн бол маш эмзэг, нарийн
мэд­рэмж­тэй, цэцэг шиг хүмүүс. Их нууцлаг. Тийм болохоор эмэг­тэй хүний дүрийг
их цэвэрхэн гаргах хэрэгтэй. Ер нь аливаа жүжигчид ээж, эхнэр, охины дүрийг  тайзан дээр сайхан гаргах ёстой. Эрэгтэй дүрийг
бол яахав дээ бүдүүн тоймын дүрсэлж болно. Гэхдээ тайз­ны соёл гээч юм байдаг. Архичин
хүнийг ч тэр.

-Хадам ээж, ааштай дүрд тоглоод
бай­хаар ээж тань эвгүйцэх үе бий юу. Хэр санагддаг бол?

-Зүгээр ээ. Анх би хадам ээжийн дүрд
тоглодог байс­наа болиод “Одоо чи тогло” гэж Бооёод халаагаа өгсөн. Дандаа нэг дүрд
тоглоод байвал үзэгчдэд ч гэсэн уйт­гартай шүү дээ. Нэгэн хэвийн. Тиймээс бид ярилцдаг.
Ямар дүрийг одоо хэн тоглох нь зүгээр вэ гэж. Харин ээж маань тэр болгон тоглолт
үзээд байж чаддаггүй. “Март-8”-ны баяраар дагуулж тог­лолт үзүүлнэ. Тэгж тоглосон
байна, ингэчихсэн байна гээд байдаггүй. Харин эхнэр, охин хоёр маань сайн ойлгоно
шүү.

-Эхнэр тань ямар ажил эрхэлдэг
хүн бэ?

-Манай эхнэрийг Тун­галаг­туул гэдэг.
Эдийн засагч хүн. Охин арван настай. Ёстой жүжигчин болохгүй гэдэг нөхөр дөө.

-“Хунгийн сүүлчийн дуу” кино таны
амьдралын тухай өгүүлдэг гэж ярьдаг.  Уг нь  А.П.Чеховын зохиол биз дээ?

-А.П.Чеховын зохиолоос сэдэвлэсэн
кино. Угаасаа л уран бүтээлч хүний ар гэрийн амьдралыг авч явна гэдэг эхнэр хүнд
хэцүү. Тиймээс уран бүтээлч хүний  амьд­ралыг
л тусгахыг хүссэн. Гол дүрийн эмэгтэй бол яг л ма­най эхнэртэй ааш, араншин төстэй,
байгаа байдал нь мөн адилхан болсон доо.

-Нэг хэсэг таныг бор дарсанд орсон
гэж хүмүүс ярьдаг. Үнэн юм уу?

-Тийм яриа байдаг л юм. Архи уудаггүй
хүн гэж байхгүй байх. Байсан ч цөөхөн гэж бодож байна. Бидний ажил үнэндээ сархадгүй
урагш явах­гүй шүү дээ. Аливаа арга хэмжээ, уран бүтээлийн нээлт, баяр ёслол дээр
тойрон хүрээлэгч уран бүтээлийн нөхөд маань ганц хоёр хун­дага авчих гэнэ. Ямар
хүний баяр дээр ирчихээд ярвай­гаад байлтай биш хааяа нэг татна. Жаахан халамцдаг
ч юм уу. Бид нар чинь олны танил ухаантай юм болохоор тийм үед харсан хүмүүс цааш
ярина. Тэрнээс айхтар живээд, амьдралаа алдсан юм бол байхгүй. Харин сүү­лийн гурван
жил би ерөөсөө архи уусангүй. Юун амсах манатай нойр булчирхай өвдөөд тостой хоол
идэж чадахгүй, явчих гээд байдаг болсон. Ер нь тэгээд сайн, муу хэлүүлсээр байгаад
тоохоо ч больсон доо.

-Та нарыг хошин урла­гаа­раа хүмүүст
танигдчи­хаад, одоо дахиад болсон болоогүй кино гэж мөнгөний төлөө явж байна гэх
шүүмжлэл бий… 

-Киноноос ашиг олно гэ­дэг маш хүнд.
Ямар ч төрөөс ивээл, тусламж дэмжлэг байх­гүй. Монголоос бусад улс, орон кинонд
их ач холбогдол өгч, төрөөс нь  анхаардаг.
Гэтэл манай төр кино бүтээ­лийг бүр тоохгүй хаячихсан. Ийм уналтад орчихсон үед
амийг нь таслахгүй авч явж байгаа уран бүтээлчдэд би баярладаг. Тайз амархан гэж
байгаа юм биш шүү. Ядаж төрөөс дэмжээд зураг авахад шаардлагатай обьектоо чө­лөөлөөд
өгчихдөг, уран бү­тээлчидтэйгээ хамтарч ажил­ладаг баймаар санагд­даг. Жүжигчин
бол миний сонирх­дог ажил. Хийх ёстой ажил бол найруулагч. Миний тархи хэр сэтгэж,
би юу хийж чада­хаа ямагт сорьж, уран бүтээ­лээр хурцалж байх болно.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Д.Шүрхүү: Монголын нөлөө өсч байгааг энэ удаагийн айлчлал харууллаа

Засгийн газрын тэр­гүүн Н.Алтанхуяг
БНХАУ руу өнгөрсөн долоо хоногт албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчла­лын
үр дүнгийн талаар ШУА-ийн Олон улс суд­лалын хүрээлэнгийн захи­рал, хятад судлаач
Д.Шүрхүүтэй ярилц­лаа.

-Ерөнхий сайдын урд хөршид хийсэн
айлч­лал ямар онцлог, ач холбогдолтой болов. Айлчлалын багт багт­сан судлаачийн
хувьд та юу гэж дүгнэх вэ?

-Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал
хэд хэдэн онцлогтой. Нэгдү­гээрт, Монгол, Хятад хоёр орон стратегийн түнш­лэлийн
харилцааны ши­нэ үе шат руу орж байгаа өнөө үед уг айлчлал бол­сон. Хоёрдугаарт,
хоёр улсад шинэ удирдлага гарч ирсэн нөхцөлд айлч­лал боллоо. Монгол, Хятад хоёр
орон хөгж­лийн шинэ шатанд шил­жиж байна. Хөгжлийн заг­вар, шинэ арга зам, шинэ
нөхцөл, шинэ зорилт дэв­шүүлж буй үед айлчлал өрнөлөө. Мөн хоёр орон өндөр дээд
хэмжээний, уламжлалт давтамжтай айлчлалыг үргэлжлүүлэх цаг үе нь болсон байх. Ийм
онцлог нөхцөлд айлч­­лал болсноороо дэл­­хий нийтийн анхаар­лыг татаж байна л даа.
Манай улс өмнөд хөр­шөөс эдийн засгийн хувьд хараат байдалд орох чиг хандлага ажиглагдаж
бай­гаа. Нэг орон, нэг зах зээлээс хараат байдал Монголд нэлээд сорилт бэрхшээл
авчирч байна. Жишээлбэл, Хятадын худалдан авалт буурах үед Монголын эдийн засаг
хүндэрч байгааг харж байна.

-Айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа
ямар шинэ шатанд  хүрэх вэ?

-Шинэчлэлийн Зас­гийн газрын нэг авууштай
тал болох  аливаа асууд­лыг шийдье, болж бүтэх
талаас нь хэрэгжүүлье гэсэн зарчим айлчлалын үеэр харагдлаа. Урьд нь бид Хятадаас
болгоом­жилж, цэрвэж байв. Мон­голын эдийн засгийн хөгж­лийн чухал боломж болсон
энэ том хөрш орноос тойрч зугтах биш, тулж ажиллах ёстой гэд­гийг ойлгож эхлэх шиг
байна. Тэглээ гээд харил­цааг хамаагүй явуулж, бүх салбараа дэлгээд өгнө гэсэн үг
биш. Юуг нь хэ­рэгжүүлж болмоор байна гэдгээс эхэлнэ гэсэн зар­чим чухал гэж бодож  байна. 

-Ерөнхий сайдын айлч­­лалын үеэр  Хята­дын талтай 10 га­руй баримт бичигт га­рын
үсэг зурлаа. Ялан­гуяа хоёр улсын хоо­ронд стратегийн түнш­лэлийн харилцааг хөг­жүү­лэх
дунд, урт ху­гацааны хөтөлбөр ямар ач хол­бог­долтой вэ?

-Айлчлалын хүрээнд нийтдээ 12 баримт
бичигт гарын үсэг зурсан. Эдгээ­рээс хамгийн чухал нь Монгол-Хятадын хоо­ронд стратегийн
түнш­лэлийн харилцааг хөг­жүү­лэх  дунд, урт
хугацаа­ны хөтөлбөр юм. Энэ хө­төлбөрт хоёр орны ха­рил­цааны бүхий л сал­бар хүрээг
тодорхойлсон, нэлээд бодитой, чухал ажлуудыг тусгасан нь ач холбогдолтой. Энэ хөтөл­бөрийг
хэрэгжүүлэх чиг­лэлээр эдийн засаг, эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн талаар арав га­руй
чухал баримт бичгүү­дийг үзэглэлээ. Үүнээс үзвэл эдийн засаг, эрдэс баялаг, зам
тээвэр  болон боловсрол шинжлэх ухаа­ны салбарт
чухал тохиролцоо хийж чадлаа. Судлаачийн хувьд Мон­гол Хятадын цаашдын харилцаанд
шинэ үндэс суурь тавихаар ач хол­богдолтой айлчлал бол­лоо гэж дүгнэж байна. Гэхдээ
бичиг баримтууд байгуулснаар харилцаа сайжрах юм биш. Энэ тохироогоо яаж ажил хэрэг
болгох нь судалгаа шинжилгээ, хоёр талын асар их хүчин чармайлт шаардсан  амаргүй зүйл 
л дээ. Дээрх хөтөлбөр болон гарын үсэг зурсан бусад баримт бичгийн дотор
хамгийн анхаарал татсан хоёр зүйл байгаа юм. Нэг нь эрдэс баялаг, эрчим хүчний хамтын
ажиллагаа юм. Нөгөөх нь зам тээврийн хамтын ажил­лагаа. Эндээс Мон­гол-Хятадын харилцаа,
хамтын ажиллагааны хоёр үндсэн чиглэл, өнгө төрх тодорч байна. Нэг­дүгээрт, эрчим
хүчний түүхий эд, түүний дотор нүүрс, газрын тос, хий олборлох, боловсруулах, экспортлох
чиглэлтэй эр­чим хүчний холбогдолтой нэг том чиглэл гарч ирж байна. Үүний дотор
ца­хилгаан эрчим хүч им­портлох, экспортлох том бүлэг асуудал харагдаж байгаа юм.
Хоёр дахь том асуудал бол зам тээв­рийн хамтын ажиллагаа байна. Энэ хоёр хоо­рон­доо
уялдаа холбоотой. Эрдэс баялаг эрчим хүч­ний хамтын ажиллагааг үр ашигтай, харилцан
ашигтай болгохын тулд зам тээврийн дэд бүтцээ хөгжүүлэх шаардлага­тай.

Тухайлбал, хамтын ажиллагааны хөтөлбөрт
Монголын шинэ төмөр замын бүтээн байгуу­лал­тад хятадын аж ахуй нэг­жүүд зах зээлийн
зарч­маар оролцох, гүйцэтгэ­хэд хөрөнгө оруулах зэр­гийг ярьж тохирсон бай­на. Жишээлбэл,
УБТЗ-д шинэчлэл хийх, хос төмөр зам барихад Хятадын тал оролцох сонирхол­той бай­гаагаа
илэрхийл­сэн байна. Одоо бол ганц­хан Замын-Үүдээр төмөр зам орж гарч байна шүү
дээ. Тэгэхээр дөрвөн боомт дээр төмөр замын тээвэр нээх асуудал яригд­лаа.

-Хятадын талаас нарийн царигтай
төмөр замаа манайх руу оруул­бал хамаг нүүрс урагшаа урсч, үндэсний аюулгүй байдалд
нө­лөөлөх талтай гэж учир мэдэх хүмүүс ярьж бай­сан. Дөрвөн боомтод ямар байдлаар
төмөр зам нээх асуудал яриг­дав?

-Эхний ээлжинд Гашуун сухайтын боомт
дээр төмөр зам барих талаар тохирлоо. Хята­дын “Шенхуа” групптэй хамтран байгуулаад
Мон­голын талд хүлээл­гэж өгөх юм. Өөрөөр хэл­бэл, манай Цагаан хад хүртэл нарийн
царигийн төмөр хүрч тэнд ачиж, буулгах байгууламж ба­ригдах төлөвтэй бай­на. Нөгөө
талаас Хята­дын “Ганц мод”-ны боомт руу манай өргөн цариг ороод тэнд очиж ачиж,
буулгах байгууламж барих ч асуу­дал гарч ирж болох юм. 

Эхний ээлжинд шинээр дөрвөн боомтоор
төмөр замын тээврийг эхэлье гэж байгаа.  Заа­вал
өөр өөрсдийнхөө ца­ригийг оруулна гэж зүт­гэхгүй, тодорхой нөхцөл болзлын дор харилцан
тэнцүү байх, харилцан ашигтай байх зарчмаар асуудлаа шийдэх болов уу.

-Хөтөлбөрийг хэ­дий­нээс хэрэгжүүлэх
вэ?

-Ирэх хавраас эхлээд 5-10 жил үргэлжлэх
тухай яригдаж байна. Сайд дар­га нарын ярьж бай­гаа­гаар их л шуурхай хэрэгжих төлөвтэй.

-Энэ удаагийн айлч­лалын хүрээнд
манай улс жилд 50 сая тн нүүрс урд хөрш рүү гар­гах болж байх шиг бай­на. Энэ гэрээ
хэлэл­цээр хэр зэрэг зөв зүй­тэй юм бэ. Өмнөх “Чалко”-гийн гэрээ шиг болчих вий
гэсэн бол­гоомжлол бий?

-Эрчим хүч, түүхий эдийн худалдааг
яаж хий­хээс хамаараад Монгол Улсын хөгжлийн хувь заяа, манай хоёр орны харилцааны
цаашдын чиг хандлага ямар бай­хаас хамаарах гээд бай­гаа юм. Нөгөө талаас су­далгаатай,
дүн шинжил­гээ хийж, өмнөх туршлага сургамжуудаа бодолцох хэрэгтэй. Манай улсад
хоёр том сургамж бий. “Таван толгой”-н нүүр­сийг “Чалко”-д худалдах 350 сая ам.долларын
гэрээ байгуулсан. Энэ бол явцуу зорилгын хүрээнд хийгдсэн муу гэрээ. Үүнийг давтаж
болохгүй. Дараагийн сургамж нь манай улс нүүрсээс хэт хараат байна. Төсвийн орлого
зэс,  нүүрсээр болгоод явж байтал нэг л өдөр
Хятадын зах зээл дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ ханш  уначих­вал яах вэ гэдэг асуу­дал­тай тулгарч байна.
Энэ хоёр маш том сануулга.

-Нүүрсний салбарт амжилттай эхлэхийн
тулд судлаач хүний хувьд та юу хэлэх вэ?

-Эхлээд Монголын нүүрс­ний салбарын
да­вуу тал, сул талуудыг нь судлах хэрэгтэй. Хятад­тай холбоотой хоёр чу­хал давуу
тал байна. Нэг­дүгээрт, урд хөрш маань асар том хэрэглэгч, том импортлогч орон.
Мөн импортоор хямд нүүрс авах эрэлт хэрэгцээ нэ­мэгдэж байгаа. Хоёр­ду­гаарт, Хятадын
нүүрс­ний нөөц, олборлолт, хэрэг­лээ­ний хувьд тэнц­вэргүй байдаг. Нүүрс ол­борло­дог
хэсэг нь нутгийн хойд хэсэгт байхад хэрэг­лэгчид нь зүүн эрэг дагуу байдаг. Тиймээс
заавал хойд бүсээ­сээ авах ёстой юм уу, өөр орнуудаас авах уу гээд дотоодын өрсөл­дөөн
нэмэгдэж бай­гаа. Харин Монголын талтай холбоотой давуу тал бол байршил юм. Бид
ойр, мөн үнэ, чанарын хувьд өрсөлдөх боломж­той. Ма­найх гол төлөв ил уур­хайгаа
ашигладаг нь зар­дал хямд тусна. Гэх­дээ нүүрсний салбарт  нэлээд сөрөг тал байна.

-Тэр нь юу вэ?

-Хамгийн том нэг зүйл бол Хятадад
нүүрсээ ний­­лүүлэх гэсэн том өрсөл­дөгч орнууд бий. Тэгэхээр манай нүүрсийг авах
талаар өрсөлдөх биш, бид нүүрсээ нийлүү­лэх талаар өрсөлдөх болж байна. Хэдийгээр
бид Хятад руу экспорт­лоход газар зүйн байрш­лын хувьд ойр ч үндсэн шууд хэрэглэгч
нар нь хол зайтай. Биднээс нүүрс авдаг хүмүүс шууд хэрэг­лээ багатай, дамжуулан
худалдаа хийх сонир­холтой байдаг. Тиймээс монголын нүүрний үнийг өсгөхгүй байх
талтай. Гурав дахь асуудал бол манай техник технологи, хөрөнгө санхүү,  ажиллах хүчний хувьд асуудалтай. Дээрээс нь геополитикийн
болон экологийн шинж­тэй асуудлууд гарч ирдэг. Монгол Улс хэт хараат байдал орох
вий, дарамт шахалтад орох вий, бай­галь орчноо бохирдуулах вий гэдэг болгоомжлол
бий. Ер нь манайх давуу талуудаа ашиглаж, сул талуудаа цэгнэж чадвал саяны 50 сая
тн байтугай 100 сая тн нүүрсээ ашиг­тай  борлуулж,
Монголын хөгжилд дорвитой хө­рөн­гө оруулах боломжтой.

-Боловсролын сал­барт ямар гэрээ
хэлэл­цээ хийв?

-Энэ салбарт чухал тохиролцоо хийлээ.
Мон­гол Хятадын хооронд стра­тегийн түншлэлийг байгуулах дунд, урт хугацааны хөтөлбөрийг
хүн л хэрэгжүүлнэ. Тэр боловсон хүчнийг бэлт­гэхэд чухал түлхэц үзүү­лэх дэмжлэгийг
өмнөд хөрш амлав. Хятадын Засгийн газрын тэтгэл­гээр жилд 1000 оюутныг суралцуулахаар
тохи­ролц­лоо.   

 

 

Мөн Шинжлэх ухаан тех­но­логийн парк
байгуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлхий дахин шинжлэх
ухаан­даа тулгуурлан хөгжиж байна. Хятад бол ШУ-даа асар их мөнгө хаяж, ДНБ-ний
хоёр хувийг зарцуулдаг. Энэ үзүүлэлтээрээ АНУ-ын дараа ордог ШУ-ны их гүрэн. Тий­мээс
бид ШУ-ны салбараа шинэ шатанд гарах хэрэгтэй. ШУ-ны паркийг байгуулах нь маш чухал
үр дүнтэй. Шинж­лэх үйлдвэрлэл, гадаад хам­тын ажиллагаа өргөжин хөг­жиж, оюуны
хөдөлмөр үнэ­лэгдэх цаг ойртож байгаад  судлаачийн
хувьд маш баяр­тай байна.

-Ерөнхий сайдын айлч­лалын бас
нэг зорилго нь “Чалко”-гийн асуудлыг шийд­вэрлэнэ гэж байсан. Энэ юу болов?

-Ер нь тодорхой түвшинд жилд 50 сая
тн нүүрс гаргах, нүүрс хийжүүлэх том том төс­лийн эхлэлийг тавьж байхад 100 гаруй
сая ам.долларын өр аяндаа шийдэгдэх асуу­дал. “Эрдэнэс таван толгой”-н захирлын
ярьснаар нүүрс нь бэлэн байна, он дуустал тээвэрлэнэ гэсэн. Энэ гэрээ хэлэлцээг
дуусгаад ерөнхий гэрээ хийх асуудал яригдаж байна. 

-БНХАУ-д Монгол, ОХУ, Энэтхэгийн
Ерөнхий сайд зэрэг айлчиллаа. Төрийн айлчлалыг ингэж давх­цуул­сан нь ямар учиртай
юм бол?

-Хятадын шинэ удирдлага гадаад бодлогын
шинэлэг байдлыг илэрхийлж байна л даа. Нэг хэсэг нээлттэй, шинэт­гэлийн бодлого
удаашралтай байсан. нь Хятад дэлхийн том зах зээл болох АНУ, Европ, Япон руу хандаж
байсан. Гэтэл Хятад тэднээс хамаа­ралтай болж, эдийн засаг нь унахад дагаад савлаж
байна. Тиймээс БНХАУ хөрш орнууд, бүс нутгийн орнууд­тайгаа хамтын ажиллагааг хөгжүүлье
гэсэн бодлогыг эрчимжүүлж байна. Энэ бод­логын хүрээнд Монгол, Орос, Энэтхэгийн
Ерөнхий сайдын айлчлал давхцлаа. Хятадын хэвлэлүүд ч бас “Бид хөр­шүүд­тэйгээ харилцаагаа
гүнзгийрүүлж байна” гээд гурван улсын далбааг хамт   нийтэлж, сурталчилж байх жишээтэй. Энэ бол Монголын
жин нөлөө өсч байгаагийн шинж. Бид Хятадын чухал хөрш болж,  жаахан 
дөвийл­гөж хэлбэл Орос, Энэтхэгийн зиндаанд дөхөж байна гэх үү дээ.

-Саяын айлчлалын хү­рээнд урд хөрштэйгээ
бай­гуулсан гэрээ хэлэлцээ­рийн мөнгөн дүн ОХУ, Энэт­хэгтэй харьцуулахад ямар байв?

-Гэрээ хэлэлцээрийн хувьд ч манайх
70 гаруй тэр­бум ам.долларын гэрээ хэлэл­цээр хийж, Энэтхэгээс давсан. Орос гэхэд
80 тэрбум ам.долларын, манайхтай дүй­цэхүйц хэмжээний хэлэл­цээр хийсэн. Хятад Энэтхэг­тэй
хил орчмын хамтын ажил­лагааг илүү чухалчилж байна. Тиймээс хил хамгаалах талаар
хамтран ажиллах гэрээ байгууллаа. Оростой бол эрчим хүчний салбар илүүд чухлаар
тавигдсан. Энэ нь Монголд чухал ач холбог­долтой. Хятад Оросоос 10 сая тн газрын
тос нэмж авахаар боллоо. Үүний тээвэрлэлтийн асуудал гарч ирэхэд Мон­голын тал Орос
Хятадыг хол­бо­сон газар зүйн давуу талаа ашиглаж чадвал транзит тээврийг хөгжүүлж,
орлогын шинэ эх үүсвэрийг болох бо­ломж нээгдэж 
байна. Геоэдийн засаг, геостратеги, геополитикийн  талаасаа энэ давхцсан айлчлалууд үнэ­хээр анхаарал
татаж байна .

-Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа
Хятад руу айлчлах санал тавихад хойш тавьсаар сая хүлээж авлаа гэх шиг хэвлэлүүд
мэдээлж байсан. Урд хөр­шийнхөн манай Ерөнхий сайдыг хэрхэн хүлээж авав. Уур амьсгал
ямар байсан бэ?

-Ерөнхий сайд анхны айлч­­лалаа Японд
хийсэн. Хятадын хувьд шинэ удирдагч гарах үйл явц 2012 оноос эхэлж, энэ оны гуравдугаар
сард дууслаа. Шинэ удирдагчийн цаг зав ч болоогүй байж мэднэ. Урд хөршийнхөн манай
Ерөнхий сайдыг хүлээж авна, авахгүй гэсэн мэдээллээс илүүтэйгээр саяын айлчлал чухал
тохи­рол­цоонд хүргэж, Монголын байр суурийг өргөсөн чухал айлчлал боллоо. БНХАУ
манай Ерөнхий сайдыг хам­гийн өндөр түвшинд хү­лээж авсан. Ёслолын бууд­лага буудаж,
хүндэт харуул жагсч, төрийн гурван өндөр­лөг маш хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа.
Ерөнхий сайд өөрөө энэ тухай мэдэгдэхдээ “Мон­голын хамгийн том хөрөнгө оруулагч,
худалдаа хийдэг, бүх салбарт өргөжиж байгаа энэ оронтой байнгын харил­цаатай байх
механизм дутаг­далтай байжээ. Тиймээс сайд нарын болон ерөнхий сайд нарын түвшинд
тогтмол уулздаг байх тохиролцоог хийлээ” гэсэн.   Нэгэнт л хоёр орон олон асуудлаар ярьж тохирох,
хэлэлцэх юм байгаа.   

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Нямдорж: Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат С.В.Паушоктой маш нарийн холбоотой

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж өчигдөр
мэ­дээлэл хийлээ. Тэрээр “Алтан дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушокийн
“ЕTV” телевизэд өгсөн ярилцлагатай холбоо­той зарим тайлбарыг хийсэн юм. С.В.Паушо­кийн
“ЕTV” телевизэд өгсөн ярилцлагыг “Зуу­ны мэдээ” сонин бү­рэн эхээр нь нийтэл­сэн
нь түүнийг ийн хэв­лэлийн бага хурал хий­хэд хүр­гэжээ. Ц.Ням­дорж ги­шүүнийг болон
МАН-ын нэр бү­хий улстөрч­дийн та­лаар С.В.Пау­шок юу гэж өгүүлснийг Ц.Ням­дорж
гишүүний мэдээл­лийн өмнө сийрүүл­лээ.

 -Манай компанийн үйл ажиллагааг догол­дуул­сан,
хааж боосон олон хүн бий. Энэ хүмүү­сийн тоонд С.Баяр, Ц.Ням­дорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил
зэрэг хү­мүүс багтах байх. Энэ дөрөв зөвхөн С.В.Паушо­кийг устгасан бус бусад олон
алт ол­бор­логчдын хувь заяа­гаар тоглосон гэж хэлж болно. Үүнийг дайн гэж дөвийлгөх
нь хаашаа юм. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрс­дийн­хөө эдийн зас­гийн, биз­несийн
ашиг сонирхлыг гүйцэлдүүл­сэн. Гол дү­рээр Сү.Бат­болд, С.Баяр тоглосон бол Ц.Нямдорж
зөвхөн тэдний тушаалыг гүйцэт­гэ­сэн.

-Та энэ хүмүүсийг ард түмний эрх
ашгийн төлөө бус зөвхөн өөрс­дийнхөө материаллаг эрх ашгийн төлөө ажил­ласан гэж
хэлж байна уу?

-С.Баяр бол улс төрд мөнгө хийх гэж
л орж ирсэн хүн. Ард түмний эрх ашиг С.Баярт огтхон ч сонин биш. Сү.Батболд бол
ард түмний эрх аш­гийг өөрийн эдийн зас­гийн эрх ашигт ашиглаж хөрөнгөө босгож амжсан
эр. Бүр маш их хэмжээ­ний шүү. Тэд эрх мэдэлд байгаа богинохон хуга­цаанд яаж ийм
хө­рөнгийг босгосон бэ гэдэг нь тодорхой. Тэдэнд зо­риулж ганц тодорхойлолт хэлье.
Тэд бол долларын тэрбумтнууд.

-Богино хугацаанд долларын тэрбумтнууд
болно гэдэг маш их хөдөлмөрч байсны илрэл биш үү?

-Төгрөгийн биш долларын тэр­бумтнууд
шүү. Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Тэд яг л зөгий шиг өглөөнөөс орой болтол
ажилла­сан. Миний бодлоор Ц.Нямдорж холын бодолгүй юм шиг. Зөвхөн тэдний гар хөл
байсан учраас тэдний өгсөн даалгаврыг гүйцэт­гэсэн байх. Тэдний гол зорилго “Алтан
дорнод монгол” компани биш. Татвар ч биш. Зөвхөн Паушок л байсан юм. Яагаад гэхээр
Пау­шок дандаа үнэнийг хэлдэг байсан. Би дургүйцлээ хэзээ ч нууж бай­гаагүй. Яагаад
гэвэл тэр хүмүүс эрх мэдлээ эрх ашгийнхаа төлөө ашиг­лаж ойр хавийнхаа бүхнийг авли­гын
сүлжээнд оруулж ард түмнийг хохироож байгаа нь надад таалаг­даагүй. Бас нэгэн том
зөрчлийн шалтгаан нь миний барихыг хүссэн нефть боловсруулах үйлдвэр. Барих үйлдвэр
маань орлогыг нь багасгах учраас тэр. Хоёр сая хүн хортой агаараар амьсгалж, хор­дож,
элдэв өвчнөөр өвчилж, дундаж наслалт богиносч байгаа нь ердөө сонин биш. Тэд намайг
гадны хүн ирээд Монголд хаан шиг авирлаж байна гэдэг байсан ч надад хааны шилтгээн
байгаагүй. Би хөдөл­мөрлөж олсон мөнгөө Монголд оруулсан. Манай найз нар ч хэлдэг
юм. Гадны би хөрөнгө оруулаад байхад ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой
төрийн өндөр албан тушаалтнууд нь хөрөнгөө гадагш нь гаргаж байгааг нь ойл­гохгүй
байна. Тухайлбал С.Баяр засгийн эрхэнд гарч мөнгө олох зорилгоо биелүүлчихээд буучих­сан.
Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Канадын иргэн болсон гэж сонссон. Яаж түүнд тийм хурдан
иргэншил олгож өртөг өндөртэй газар амь­дарч байгаа нь сонирхолтой.

-Та хэдэн жил Монголд ирсэн­гүй
вэ?

-2007 оны арванхоёрдугаар сард би
Монголоос явсан. Түүнээс хойш очсонгүй. Монголоос ирсэн хүмүү­сээс л мэдээлэл авч
байна. Үүнээс өмнө Засгийн газар надтай шүүх­дэлцэж байхад Ц.Нямдорж намайг интерполоор
эрэн сур­валж­луул­сан. Би их удаан хуга­цаанд эрэн сурвалжлагдсан. Мөн миний орлог­чийн
үхэлд буруутай Ц.Нямдоржид өнөөдөр ямар ч хариуцлага хү­лээл­гээгүй. Юу гэхээр орлогч
дарга Игошин маань зүрх­ний өвчтэй. Яаралтай эмчлүүлэх шаардлага­тай гэсэн эмнэлгийн
бичгийн дагуу манай Элчин сайд болон анхны Ерөнхийлөгч П.Очир­бат гуай гээд бүгдээрээ
“Орос руу явуулъя” гэж Ц.Нямдоржоос гуйсан ч Монголоос гаргахгүй байлгасаар орлогч
нас барсан. Тиймээс Ц.Мөнх-Оргил болон Ц.Нямдорж нар ард түмэн дээрээ туршилт хийж
дураараа дургиж байсан үйлдэлдээ хариуц­лага хүлээх цаг болсон гэж үзэж байна. Тэр
явдлыг би аллага гэж үздэгээ нуухгүй хэмээн Ц.Нямдорж гишүүн болон С.Баяр, Сү.Батболд,
Ц.Мөнх-Оргил нарын талаар хүүр­нэжээ.

С.В.Паушокийн өгсөн энэхүү ярилцлага
“ETV” телевизээр цацаг­даж “Зууны мэдээ” сонинд нийт­лэгдсэн даруй Ц.Нямдорж гишүүн
өөрийгөө өмөөрч хэвлэлийн бага хурал зарлан тайлбар хийлээ. Түүний юу гэж өчсөнийг
тайлбар­гүйгээр хүргэе. Тэрээр “МАН-ын Их хурал хийж байгаа үеэр зарим телевизээр
“Алтан дорнод монгол” компанийн захирал байсан С.В.Паушокийн ярилцлага гарч нэлээд
ойлгомжгүй байдлыг бий болгоод байна. Тийм учраас энэ асуудалтай холбоотой бүхнийг
ярья. С.В.Паушок гэдэг хүн 1997 онд Монголд орж ирээд алтны олборлолтын бизнес эрхэлсэн.
Ерөнхийдөө Монголын хуульд захирагддаггүй, Монголын газар нутгийг хувийн өмчөө гээд
тооц­чихсон ийм нэг дураараа дургисан хүн бий болсон. 1990-ээд он бол Оросын дотоод
амьдрал эгзэгтэй хүнд үе байсан. Нэг хэсэг нь до­тоод­­доо муудалцаж, нөлөө багатай
хэсэг нь гадагшаа гарч дорой буурай орныг эзэмшилдээ оруулах оролдлогыг хийж байсан.
Тэгээд Заамар гэх мэтийн нийтдээ 40 орчим лиценз авч түүгээрээ үйл ажиллагаа явуулсан.
Ингэхдээ татвараа төлдөггүй, хууль зөрчдөг, зарим улстөрчийн нөөлгөнд орж дураараа
дургиж байсан явдал бий. 2006 онд намайг УИХ-ын дарга байхад Гэнэтийн орлогын
68 хувийн албан татвар гарч байсан. Энэ хуулийн дагуу татвар төлөхөөс зайлсхийж
тэр үйл ажиллагааг нь Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат өөгшүүлж 1.5 тэрбум
ам.долларын хөрөнгийг 2007 онд Монголын Засгийн газраас нэхэм­жилж байсан юм.
2008 онд би Хууль зүйн сайдаар дахин томилогдох үед энэ маргаан ид үргэлжилж байсан.
АНУ-ын “Мил” хуулийн фирмийг хөлсөлж зургаан сая ам.доллар зарлагадаж байж Мон­голын
талд ашигтайгаар шийдвэр­лүүлж чадсан. Энэ нь Монгол­банкийг 1.5 тэрбум ам.долларын
өрөнд орохоос сэргийлж чадсан шийдвэр болсон. 2008 оноос хойш Арбитрын шүүх дээр
энэ асуудал хэлэлцэгдэж байхад “Танай тал ялагдах нь ойлгомжтой. Тийм уч­раас хэлэлцээр
хийе” гэж далдуур дарамтлах ажиллагаа хийгдсэн. Манай улсын зарим улстөрчид ч гэсэн
“Манайх ялагдах учраас маргаанаа татаж ав” гэж ятгаж байсан. Надад хоёр зам байсан.
Нэг дэх нь Монголын тусгаар тогт­нолыг, бүрэн эрхт байдлыг хангаж гадныхан орж ирээд
дураараа дургидаг байдлыг таслан зогсоох байсан. Хоёр дахь нь гадныхны аманд орж
таллаж асуудлыг ший­дэх боломж байсан. Би нэг дэхийг нь сонгосон. Ингээд 2011 онд
168 хуудастай хэрэг Арбитрын шүүхээр Монголын талд бүх асуудал шийдэгдэж байсан
юм. Ийм түүхтэй гадны этгээд МАН-ын Их хурлын үеэр ийм ярилцлага өгч улс төрийн
хоёр том хүчний нэгнийх нь дотоод хэрэгт оролцож байгааг үнэн боди­тоор нь ярих
хэрэгтэй байна. 1990 онд нийгэм задрахад Женев гэдэг Канадын луйварчин орж ирж Мон­голыг
баахан бужигнуулсан бай­даг. Тэгээд сүүлд нь С.В.Паушок гэж нэг нөхөр орж ирж бужигнуулсан.
Тэдний хагалан бутаргах, хорлон сүйтгэх ажиллагааг нь таслан зогсоосон юм. Гандирс
хорооллыг барих нэрийдлээр 250 сая ам.дол­ларын өрийн бичиг Монгол­банк­наас гаргаж
Челмерс гэдэг хүн орооцолдсон. Тэр америк хүн Индонезид хөлсний байранд суу­даг
Харвардын гэсэн хуурамч дип­ломтой, Сан-Францискогийн шүү­хээр залилангийн хэрэгт
шийт­гүүлсэн эцэг хүү Гремен гэдэг хүмүүс тэр 250 сая ам.долларыг залилахад оролцсон.
Би 2006 онд УИХ-ын дарга болоод Монгол­банкны ерөнхийлөгчийг солих ажлыг хийсэн.
Сольсны хүрээнд энэ хэрэг боссон юм. Нийт дүн­гээрээ 230 сая ам.долларын өрийн бичгийг
хүчингүй болгоод 30 сая долларын өрийн бичгийг яаж ч чадалгүй алдсан. Одоо тэр хэрэг
шүүх дээр Монгол мөнгийг нь төлөх ёстой гэсэн шийдвэр гарчихаад байж байна. Нийт
дүнгээрээ 170 тэрбум төгрөгийн татвар төлөлгүй гараад явчихсан юм, С.В.Паушок. Өөрөөр
хэлбэл Монголбанкаар дамжуулж мөнгө угаах ажил олон жил явагдсан. 2002 онд Оросын
дампуурчихсан “Транс” банкинд 10 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг нь
авангуут  тэр Оросын банк татан буугдаж шилж­сэн
мөнгө нь одоо болтол олдохгүй байгаа. Ер нь цаашдаа Монголд гадны хар мөнгө орж
ирэх, улмаар Монголын төрд нөлөөлөх нүх сүвийг бүрэн хаах ёстой гэж хэлэх байна.
Төр засаг солигдох үед нөхцөл байдал савлаж гадны хар мөнгө орж ирдэг юм. Үүн дээр
болгоомжтой байх ёстой” гэдэг мэдээллийг өгснөөр сэтгүүлчид түүнээс дараахь асуултад
хариулт авлаа.

-Дөрвөн хүний нэр холбог­доод байгаа.
Яагаад?

-С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил
бид дөрвийн нэрийг дурдсан байна билээ. С.В.Паушоктой хол­богдсон нэхэмжлэл гарч
С.Баярын Засгийн газраар эхлээд Сү.Бат­болдын Засгийн газраар дууссан юм. Ц.Мөнх-Оргилыг
Хууль зүйн сайд байхад энэ маргаан эхлээд намайг болоход дууссан юм. Ц.Ням­доржийг
С.Баяр, Сү.Батболд нарын гар хөл болсон гэж ярьсан байна билээ. Би хэний ч гар хөл
болоогүй. Намайг бас аллага зохион байгуулсан гэж байна билээ. “Алтан дорнод монгол”
компанид ажиллаж байсан 70 настай хүн машинтай явж байгаад гудамжинд нас барсан
харамсал­тай хэрэг гарсан юм. Ердийн л өвчин. Үүнийг хүртэл гүтгэлэг бол­гож байна.
Тийм юм байхгүй. Зүрх­ний шигдээс өвчнөөр хаа таарсан газраа нас бардаг л тохиолдол.

-“Алтан дорнод монгол” ком­панитай
холбоотой улстөрчид байдаг гэлээ. Энэ хүмүүсээ зарлах уу?

-Эрхшээлд нь гэх юм уу маш нарийн
холбоотой байсан хүн гэвэл одоогийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат.
68 хувийн хууль гарахад 1.5 тонн алтыг нь хадгалалтын хууль бус гэрээ хийж хадгалаад
хуулиас зайлсхийх боломжийг олгосон. Ийм байдалтай байж байгаад хилээр гараад алга
болсон. Сая Монголын хэвлэлээр захиалгатай ийм зүйл хийсэн хүн нь ч О.Чулуунбат.
Ер нь ийм зали­лангийн олон үйлдэл хийгдсэн.

-Челмерсийн тухайд. Одоо болтол
сураг гараагүй юу?

-Челмерс чинь Монголд орж ирээд залилангийн
хэрэгт шалгаг­даж хоёр жил болсон. Гадагш гарах эрхийг нь хассан ч гэнэт алга болсон.
Эрэн сурвалжилсан ч олдоогүй. Нэгэнт гараад явчихвал интерполоор дамжуулж авчрах
ганц арга байдаг.

-Монголбанкинд алтаа тушаа­чихсан
байсан гэсэн. Ямар замаар буцаж гарсан юм. Бас Монголын хилийг яаж нэвтрэв
?

-Монголбанкинд алтаа бүү тушаа гэдэг
сигналыг зохион бай­гуулалттайгаар өгсөн. Ингээд алт­ны нийлүүлэлт буурсан. П.Очирбат
Ерөнхийлөгч “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж хамаг зүйл эхэлсэн. Алтыг нь авдаг,
татвараа төлдөггүй байсан. Үүнийг л цэгцлэх үү гэдэг асуултын өмнө оччихоод байгаа
юм. Хилээр гардаг чинь намайг 2008 онд сайд болоход гараад явчихсан байсан. Хууль
хяналтынхан оролцсон гэж ярьдаг. Гэхдээ нотолгоо байхгүй. Ер нь Монголын хил бол
хамгаалахад бас их амаргүй шүү дээ. Хойд урд хөрштэйгээ арван мянган километр газраар
хиллэсэн байдаг юм. Машинаар давхиад гараад явчих боломж бас бий. Паушок, Челмерс
нараас гадна Монголын шоронд байсан хүн өмгөөлөгчийн батлан даалтаар гараад Хөх
хотод хүн алчихсан тохиолдол ч байдаг юм шүү.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийн хүн ард монголчуудыг нохойноос дор үздэг болжээ

Саяхан Монголын “Авар” гэдэг компани
Японд дууд­ла­га худалдаанд оролцож, 50 сая ам.доллараар  ямбий “амбаар” худалдаж авлаа. Япончууд эвэртэй
туулай үз­сэн аятай нүд нь орой дээрээ гарч сүйд болж байна.   Муу сайн монголчуудад ямар мөн­гө байдаг юм.
Хулгайлсан мөнгөөрөө аваагүй юм бол өөр юугаараа худалдаа хий­хэв. Эсвэл ард нь
хойд солон­госынхон нуугдаж байна уу гэх мэтээр элдвээр хардаж, бөөн юм болж байна.
Монгол­чууд л гэхээрээ гадныхны гар харсан яахаа барсан хүмүүс байдаг юм уу. “Авар”  компани 
үнэхээр Японд байшин худал­даад авах чадалтай юу гэдгийг шалгаж, нэвтрүүлэг
хийхээр төв телевизийнхэн нь Монголд ирсэн ч гэх шиг. 

“Амбаар” авсныхаа төлөө үүх түүх,
хөрөнгө дансаа шал­гуу­лаад байгаа компанийн эзэн нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын
хадам ах Ч.Эрдэнэбат юм билээ. Мэдээж хүргэнийх нь дүү сумогийн их аварга Д.Дагва­дорж.
Хэдийгээр тэд цусан төрлийнх биш ч гэлээ ураг төрлийн хэлхээ холбоотой хүмүүс. Тэгвэл  Д.Дагвадорж ахынхаа хадмын компаниар дамжуулан
байшин худал­даж авсан юм байна гээд л ойлгочих.  Ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам байхдаа Наран
улсад очиж, хөлсөө дуслуулан байж сумогийн саятан болсон Д.Дагвадор­жид 50 сая ам.доллараар
байшин худалдаад авчих дайны чадал чансаа байлгүй яахав. Сумогоос төрсөн сая­тан
Монголд байгааг япон­чууд мэдэж байх учиртай. Тиймээс гадныхантай холбож хардаж
байхаар ядаж ийм өнцгөөс нь  харж л баймаар
юм.

Гэсэн ч “монголчууд яавч 50 сая ам.долларын
байшин худалдан авч чадахгүй дээ” гэдэг хардлага, сэрдлэг тэдэнд төрсөөр байгаа
гэнэ.  Юун сүртэй юм.  Д.Дагвадор­жоор зогсохгүй Монголд бэл бэнчинтэй  хүн олон болсон шүү дээ. Азийн 100 тэрбумт­ны
35 нь монгол хүн байгааг харахгүй байна уу. Байга­лийн баялаг ихтэй манайх шиг улсад
банкны эзэн тэр­бумтнууд ч бий. Тэд 50 сая доллар битгий хэл мөнгө хөрөнгөөр дэлхийн
хаана ч худалдаа хийчих чадалтай. Дээрээс нь муу ч сайн ч Мон­гол Улс банктай орон.
Хаа нэг газар обьект худалдан авч, бизнес хийх шаардлага хэн нэгэнд тулгарвал улсынхаа
банкнаас зээл авчихаж бол­дог. Захын банк 50 сая ам.дол­ларын зээл гаргаад өгчих
байлгүй. Шинэ цагийн Монгол Улс ийм л болсон. Гэвч дэлхийн хүн ард мэдээ­гүй юм
шиг байна. Бүр мон­гол­чуудыг нохойноосоо дор үзэх болж. 

Урд хөршийн  дэлгүүрүүд үүдэндээ монгол хүн, нохой хоёр орохыг
хориглоно гэсэн бичиг хадсан байсныг манай консулынхан хөөцөлдөж байж авахуулсан.
Хятадууд “Монголчууд дэлгүүрт орж хулгай хийгээд байдаг юм даа. Танай хулгайч нар
манай дэлгүүрийг дампууруулж бай­на” гээд үүдэндээ хадсан бичгээ дурамжхан буулгаж
байна гэсэн. Энэ нь урд хөр­шийн­хөн бидэнд яаж ханддаг болсны тод илрэл. Тэгвэл
хойд хөршийнхөн бас  Мон­го­лыг тоохоо байсан.
Тусгаар улс ч гэж үзэхээ больсон нь олон зүйлээс харагддаг. Хоёр хөрш маань дэлхийн
улс орнуудын цаг агаарын мэдээ явуулахдаа Монголынхыг л орхино. Зочид буудалд нь
буугаад олон улс хоорондын яриа хийе гэхээр зөвхөн Мон­го­лынх байдаггүй. Тэд бидэнд
ингэж л ханддаг болжээ. Найрсаг дотно харилцаатай гэж саймширдаг хоёр хөрш маань
ингэж байхад бусад нь тоохгүй байх нь тодорхой. 

Ази дотроо Япон, Солон­гос л Монголд
элэгтэй гэгддэг. Хамгийн гайгүй нь гээд байгаа Япон улс биднийг яаж басам­жилж байгааг
“Авар” компа­нийн жишээнээс харж байна уу. Солонгос ч ялгаагүй. Онгоц­ны буудал
дээрээ зөв­хөн монголчуудад зориулж  нэг сэгсгэр
нохой зогсоодог болсон байна лээ. Монгол хүний цүнхийг нохой шалга­на, бусдынх нь
цүнхийг солон­гос хүн “нэгжинэ” гэдэг дүрэм үйлчилдэг бололтой юм. Нөгөө  сэгсгэр нь 
монгол хүний барьж яваа ачаа тээшийг үнэрлэж, ааруул, цагаан идээ илрүүлэх
үүрэг­тэй. Хэрэв хэн нэгний халаас, үүргэвчнээс ааруул, цагаан идээ гараад ирвэл
солон­гос­чууд ууртай гэгч нь хогийн сав руу шидэлнэ.  Энэ бол солон­гос­чууд биднийг нохойноос дор үздэг
болсны тод батал­гаа.  Азидаа ийм байгаа юм
чинь Европ, Америкт бүр өнгөр­сөн асуудал биз. 
Энэ бүхэн юунаас болов.  Монгол иргэд
хилийн дээс алхав уу, үгүй юу хулгай хийх гэж улайр­даг болсон учраас гад­ных­ныг
ингэтэл нь хашраа­жээ. Хариуд нь тэд  биднийг
дорд үзэн доромжилж байна.  Үүнд бид өөрсдийгөө
буруут­гах хангалттай жишээ бий.

Эхнэр, нөхөр хоёр Солон­гос улсад
жуулчлахаар очих­доо л онгоцны буудлаас нь зүгээр гарч чадахгүй  хувцас хулгайлаад баригдаж шивш­гээ дэлгэсэн л
гэнэ.  Хулгайл­сан хувцсаа тугалган цаастай
цүнхэнд хийгээд гарч явсныг орой нь телевизийн бүх сув­гаар цацаж, Монголын нэр
хүндийг шороотой хутгаж.   Мөн гурван монгол
залуу Солонгост хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар сэлгүүцэж, хүмүүсийн халааснаас утас
суйлдаг байсан нь илэрсэн дуулдана лээ. Өөр бас аль хотод билээ, нэг залуу зам дээр
зогссон машинд түлхүүр тааруулж онгойлгоод дот­роос нь мөнгө авч. Гар утасны хулгайч
ээж, охин хоёр ч Солонгост баригдсан гэх юм. Сингапурт хэсэг монгол залуус зээлийн
карт ашиглаж их хэмжээний мөнгө залил­сан тухай нэг хэсэг шуугиж байлаа.  Таван монгол эмэг­тэй Хонконгт болсон үнэт эрдэнэсийн
үзэсгэлэн яарма­гаас алт, мөнгөн эдлэл, эрдэ­нийн чулуун зүүлт, дэлхийд ховор алмаз
эрдэнэ хулгайлж байгаад баригдсан тухай мэдээ­лэл ч хуучраагүй бай­на. Энэ мэтчилэн
Монголын хулгайч авгай нарын сүрэг бөөн бөөнөөрөө гадаадад явдаг болсон байна. Тэдний
бүлэг, эдний хүмүүс гэх мэтээр ярилцаж, мафи болц­гоосон байдаг гэнэ.

Монголчуудын хулгай зөв­хөн Азийг
нөмрөөгүй. Өндөр өртөгтэй Европын орнуу­дад хулгайгаар амьдра­лаа залгуулдаг бүлэг
байдаг тухай хүмүүсийн амнаас биш­гүй сонсдог. Унгар бол Евро­пын өндөр өртөгтэй
орнуу­дын нэг. Тэнд ажил хийлээ гэхэд авсан цалин нь өдөр тутмынхаа хэрэглээ, орон
байрны хөлсөнд таардаг гэж байгаа. Тиймээс хулгай хий­сэн монголчуудын  тухай мэдээ Монголын Элчин сай­дын яамныхны чихийг
халуу­цуулах нь олонтаа. Унгарын дэлгүүрүүд аргаа барахдаа “монгол хүнд үйлчлэхгүй”
гэдэг бичиг хааяа хадах тохиол­дол ч байдаг юм билээ. Хулгайч монголчууд Турк улсыг
ч хашраачихсан. Дэлгүүрт нь орж ирсэн хүнийг Монгол гэж мэдмэгцээ худал­дагч нь
ум хумгүй бараагаа хумьдаг зуршилтай болгосон гэнэ лээ.  Франц зэргийн хэрэглээ өндөртэй орнуудад ч монголчууд
хулгайгаар амьд­рах нь бий. Овор хэмжээ ихтэй 
цахилгаан барааг хүр­тэл худалдагчийг нь сэнх­рүүлж байгаад аваад гарах нь
энүүхэнд. 

Энэ нь Монголоос гарсан хүн бүхэн
шахуу хулгайч болдог гэдгийг дэлхий нийтэд харуу­лаад байна. Үр дүнд нь монгол гэж
сонссон гадныхны чихэнд хулгайч гэдэг үг шууд буудаг болчихлоо. Монгол гэдэг улс
муу муухайдаа, ядуу буурайдаа бус нэрийг нь сэвтүүлж байгаа хулгайчдаас болж доромжлуулж
байна. Тийм ч учраас сүүлийн жилүү­дэд гадаад улсад суугаа манай консулынхан хулгай
хийсэн монголчуудаа “хариулж”, өмнөөс нь уучлал гуйж, нүүрээ улалзуулж суудаг л
ажилтай болчихсон гэхэд хилсдэхгүй.  Хулгайн
бараагаар баяжсан нөхдүүд ч өнөөдөр Монголд тансаг сайхан амьдарч яваа гэх юм билээ.
Тэр нь ч үнэний ортой байж магадгүй.  Нэг
бараа нэг ширхэг гэдэг нь үнэндээ хул­гайн бараа байдгийг илтгэдэг гэсэн цуу яриа
ч олны дунд бий. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм, ямартай ч гадаад улс орноос хулгай
хийж, эх орны­хоо нэрийг баасдаж яваа хүмүүст үйлчилдэг хууль хэрэг­­тэй болжээ.
Хүссэн бүхэн нь гадагшаа явдаг эрх чөлөө ирсэн сайн хэрэг. Гэвч  хулгай хийж, нутгийнхаа нэрийг шороотой хутгадаг
болсон нь ардчиллын сүү­дэр­тэй тал юм уу даа. Тий­мээс үүнийг засч залруулж, гадаад
дахь монголчуудын хулгайг зогсоодог хуультай болъё. Гадаад яваад  хулгай хийсэн нэрийг нэг л удаа зүүсэн бол дахиж
хилийн дээс алхах эрхийг нь хасдаг байя. Ингэж л улсынхаа нэрийг өөд нь татъя. Тэрнээс
наана монголчуудыг дэлхийн хүн ард нохойноос дор үздэг байдал арилахгүй ээ. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

М.Энхболд МАН-ын даргаар хоёр дахиа сонгогдлоо

МАН-ын 27 дугаар Их хурал өчигдөр
өглөөнөөс эхлэн олон томилгоог хийх товтой байлаа. На­мынхаа даргыг сонгож, Бага
хурлын гишүүдээ бүрдүүлж улмаар на­мын­хаа аппаратыг томило­хоор Их хурлын гишүүд
нь ирээд байв. Намын дар­гад нэр дэвшигч М.Энх­болд, Н.Энхболд нарын танилцуулгыг
хийж заал­наас нэр дэвшүүлэх эрх­мүүдийн нэрийг авах үед хурлыг гэнэт завсар­луу­лах
шийдвэр гарсан нь УИХ-ын дэд дарга М.Энх­болдын аав Г.Миеэгомбо таалал төгссөн мэдээ
ирснийх байв. Хүү нь МАН-ын даргад дахин өрсөлдөж байхад хуучин МАХН-ын нэрт зүтгэлтэн
Г.Миеэгомбо таалал төгс­сөнд Их хурлын гишүүд нь эмгэнэл илэрхийлээд түр завсарласан
юм. Тэртээ социалист нийгэмд Г.Миеэгомбо, Ж.Батмөнх нарын хэнийг нь Сайд нарын зөвлөлийн
дарга болгох вэ гэж яригдаж байсан нь түүнийг МАН-ын нэрт зүтгэлтэн гэдгийг илтгэдэг.

12.30 цаг

МАН-ынхан өнгөрсөн долдугаар сард
Бага хур­лаа хуралдуулахдаа л УИХ-ын дэд дарга М.Энх­болдыг намынхаа дарга болгохоор
тохирсон бай­даг. Түүнээс хойш Их ху­рал нь дөхөх тусам жи­гүүр, фракциуд нь идэвх­жиж
суудал горилсон за­рим нь МАН-ын лууга­руудын тохиролцоонд орж хэсэг бужигнуулаад
авсан сураг бий. Харин МАН-ын дараагийн дарга болох нь тодорхой болоод байсан М.Энх­болдын
аав таалал төгс­сөн мэдээ ирэхэд Бага хурлын гишүүн, намын нарийн бичгийн дарга
гэх мэт албан тушаалд хүрэ­хээр тохироо хийгээд бай­сан хүмүүс сандралдаж эхлээд
байлаа.

Учир нь М.Энхболд дарга гэнэ­тийн
энэ явдлаас болж МАН-ын дараагийн дар­гад өр­сөл­дөхөөс нэрээ татвал өмнө нь хийгдсэн
бүх то­хи­роо өөрчлөгдөж таар­на. Гэнэт дарга бол­сон нэг нь шинэ тохироо, най­раа
хийж бүх зүйл ор­вонгоороо эргэх вий гэсэн болгоомжлол үүссэн байв.  Хамгийн их санд­ралдсан хүмүүс нь УИХ-ын гишүүн
байсан хүмүүсийн холбоо гэх. Тэд Т.Аюур­сай­ханыг ур­даа барьж С.Баяр, Сү.Бат­болд,
М.Энхболд нарыг шат­наажилсны хүчинд наана­даж Бага хурлын ги­шүү­нээ хадгалж, цаашилбал
нарийн бичгийн даргын за­рим сууд­лыг авахаар тохи­ролцоод байж. Бүр Их хурлын­хаа
хоёр дахь шөнө Шинэчлэлийн хо­роогоо татан буулгаж албан тушаалын тохироогоо баттай
хийгээд байсан нь ийн үймэ­хэд хүргэжээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр гээд
олон хүн улаа бутарч үзэгд­сэн нь МАН-ынхан энэ хэдэн өдөр ёстой л найр, найрааг
зэрэгцүүлснийг илтгэж бай­лаа. Гэвч М.Энхболд намын хуралдаа ирсэн нь энэ бүх шуугианыг
тасалсан юм.

14.00 цаг

Ийн хагас өдөр үймсэн МАН-ынхан цуглалаа.
Зөв­хөн мандат өргөх даалгавар­тайгаар ирсэн орон нутгийн төлөөлөгчид Тусгаар тогт­нолын
ордны үүдээр хөлхөж нөлөө бүхий албан тушаалт­нууд нь хэд хэдээрээ хэлхэлд­сээр
ирж байв. Тэдэн дунд УИХ-ын гишүүн Д.Лүн­дээ­жанцан, Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар л ган­цаараа ирснийг эс тооцвол бусад нь хэд хэдээрээ
“сү­рэглэсэн” байлаа. Ж.Энхбаяр гишүүн л гэхэд генсект өр­сөлдөгч Д.Цогтбаатарыг
сугадан аминчлан шивнэсээр намынхаа байр руу орж байх жишээтэй.

Ингээд хуралдаан үр­гэлж­лэхэд  МАН-ын дараа­гийн даргад Ерөнхий сайд асан Д.Содном
УИХ-ын дэд дарга М.Энхболдыг, Орхон аймгийн төлөөлөгч Ц.Одгэрэл УИХ-ын гишүүн Ж.Энх­баярыг,
төлөөлөгч Б.Ганхуяг Шинэчлэлийн хорооны Т.Аюур­­сайханыг бас нэг төлөөлөгч өнөөгийн
дарга Ө.Энхтүвшинг тус тус нэр дэвшүүлсэн юм.

Нэр дэвшигчдийн хам­гийн эхэнд М.Энхболд
дарга үг хэлж эмгэнэл илэрхийлсэн бүх хүнд талархсанаа илэр­хийлээд “Намын хамт
олон, намын бүх гишүүд итгэл найд­вар өвөрлүүлж байхад нэр дэвших нь зөв юм байна.
Миний аав 82 насандаа хор­воо­гоос халилаа. Насаараа энэ намд үнэнчээр зүтгэж явсан
буурал” хэмээгээд цаа­шид хэрхэн ажиллаж МАН-ыг хуучин бууринд нь аваачих вэ гэдэг
төлөвлөгөөгөө ярьжээ.

Эх сурвалжаас авсан мэ­дээллээр нэр
дэвшигч М.Энхболдыг үг хэлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Их
хурлын гишүүддээ хандаж “Ардын намынхан энэ тан­химаас гарахдаа бие биедээ цацсан
шаврыг нүүрнээсээ арчаад явахыг харахыг хүсэх­гүй байна. Бид бие биеэ хайрлахгүй
бол хэн биднийг дэмжих юм. Улс төрд шудар­га, цэвэр өрсөлдөөн  хэрэг­тэй. Би намын даргын өрсөл­д­­өөнд оролцоно
гэдгээ зар­ласан. Гэвч надад хүн чанар хийгээд намын эв нэгдэл ямар ч албан тушаалаас
үнэтэй санагддаг. Тиймээс би өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Намайг зоригжуулж байсан
журмын нөхдөдөө баярлалаа” гээд суудалдаа тухалжээ. Н.Энхболд нэрээ татсан нь түүнийг
“алтан дундаж”-ийг баримталдаг гэж намынхан нь үзсэнээс үүдсэн бололтой. Шууд хэлбэл
Н.Энх­болд МАН-ын дарга болбол АН-ынханд дарлуул­саар дараагийн удаа дахиад л ялагдал
хүлээнэ гэж тэд тооцож. Харин М.Энхболд удирдвал арай дээр үр дүнг үзүүлж магадгүй
гэсэн байна.

Түүнийг дуу өсгөгчнөөс холдож амжаагүй
байхад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын даргад өрсөлдөг­чөөс нэрээ татаж байгаагаа
бас мэдэгдсэн юм. Тэрээр “Намын даргын босго өндөр байх ёстой. Миний нэрийг заалнаас
дэвшүүлсэнд баяр­лаж байна. Гэхдээ би энэ эрхэм албанд өрсөлдөх цаг хугацаа болоогүй”
гэсэн юм. Түүнийг мөн л сүүлчийн үгээ гүйцээж амжаагүй байхад Ө.Энхтүвшин өрсөлдөөнөөс
өөрийн нэрээ татаж байгаа­гаа зарлалаа. Ийн таван ми­ну­тын дотор МАН-ын дараа­гийн
даргад өрсөлдөгч гурван эрхэм нэрээ татав. Тэдний энэ үйлдэл нь бүх зүйл урьдаас
төлөвлөсөн тохирооны дагуу явагдаж байгааг илтгэж байсан.

Харин Т.Аюурсайхан нэрээ таталгүй
үлдсэн нь МАН-ын луугарууд түүнийг тоогоогүйнх гэнэ. Учир нь Т.Аюурсайхан М.Энхболдтой
өрсөлдөхөд гавьтай санал авахгүйгээс гадна МАН-ын даргын санал хураалт өрсөл­дөөнтэй
явагдсан мэтээр олонд харагдахад дөхөмтэй байхыг тооцжээ. Энэ нь ч Т.Аюурсайханд
өөрт нь ашиг­тай байж. Олонд төдийлэн танигдаагүй түүнд ийн МАН-ын даргын төлөө
өрсөлдөөд авна гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил үйл явдалд тооцогдоно. Ер нь
МАН-ын дараагийн даргыг сонгох үйл явц дуу шуу багатай, шүүмж­лэлгүй, ерөнхийдөө
намын даргад өрсөлдөгч М.Энх­болдыг өрөвд­сөн өнгө аястай болс­ныг МАН-ын Их хурлын
төлөө­лөг­чид хэлж байлаа.

Санал хураалтыг аймаг аймгаар нь явуулсан
бөгөөд оройн 20.30 цагт дүн гарч М.Энхболд 91.65, Т.Аюур­сайхан 7.61 хувийн санал
авчээ. Ингээд УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын даргаар хоёр дахиа сонгогд­лоо.
Дугаар шилжих мөчид МАН-ынхан Бага хурлаа ши­нээр байгуулахаар хэлэлцэж эхлэв.

Харин МАН-ын генсек өнөө­­дөр тодорно.
М.Энх­болд, Сү.Батболд нарын фрак­цын эртнээс тохирсон ёсоор шинэ генсекээр Д.Цогтбаатарыг
сонгох нь тодорхой гэлцэж байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Н.Зоригт: Монгол малын арьсны чанарыг дэлхий хүлээн зөвшөөрсөн

Арьс, ширний үйлд­вэрлэлийн
холбооны тэргүүлэгч гишүүн, “Хос аз” компанийн захи­рал Н.Зоригттой ярилцлаа.

-Дотооддоо үйлд­вэр­лэсэн “Наадам”
гэ­дэг нэртэй пүүз худал­даанд гарч байсан 1980-1990-ээд он өнөөдөр мартагдах дөхжээ.
Тэр пүүзний загварыг та зо­хион бүтээж, үйлд­вэр­лэлд нэвтрүүлж байсан байх аа?

-“Наадам” пүүзийг хий­хээсээ өмнө
би 1982 онд Чехословак улсад Брно хотын Техникийн дээд сургуулийн  Гутлын инженер тех­но­ло­гийн факультетийг төгссөн
юм. Төгсч ирснээсээ хойш хуучнаар Гутлын үйлд­вэрт загвар зохион бү­тээгч, ерөнхий
загвар зохион бүтээгч, мөн Ита­лийн машин техни­кээр тоноглогдсон үйлдвэ­рийн даргаар
ажиллаж байсан. Гутлын загвар зохион бүтээгчээр ажил­лаж байхдаа  Монголдоо “Адидас” шиг пүүз хийх санаа төрж “Наадам”
гэ­дэг нэртэй пүүзийг зохион бүтээж Гутлын үйлдвэ­рийн ИТА болон ажилсаг хамт олны
хичээл зүтгэ­лийн ачаар үйлдвэрлэн худал­даанд гаргаж байв. Уг нь пүүзний  хувьд маш сайн болж чад­сан.1984 оноос хойш олон
хос пүүз үйлд­вэрлэсэн. Тэр үед Орост байсан
оюутнууд авч очоод ахиухан үнээр зарж борлуулдаг бараа байсан юм. Эдийн засаг  өнөөдрийнх 
шиг зах зээлийн  системд байсан бол
“Наадам” пүүз маань жинхэнэ чанартай гутал гэдэг нь танигдах байсан. Үүнээс гадна  Чех болон Израйлийн цэргийн гуталтай төс­тэй гутал
зохион бүтээж үйлдвэр­лэсэн боловч арз­гар уланд  шавхай наалдаж байна гэж сонин дээр шүүмжилсэн
тул дахин үйлдвэр­лээгүй юм. Түүний дараа “Говь” хүүхдийн гутлын  улыг хийж эхэл­сэн. Бас л нэг нь таван хошуу малыг
уландаа гишгэлээ гээд л донгод­сон. Учир нь уланд нь ботго­ны зураг байдаг байсан
юм. Энэ мэтээр Гутлын үйлдвэрт ажиллаж байхад миний хийсэн бүтээлийг үзэл суртлын
эсрэг гэж үзэж байсан ч хэдэн шагнал хүртэж амжсан шүү. Улсын тэргүүний загвар зохион
бүтээгчийг гурван удаа, шинийг санаачлагч инжене­рээр хоёр ч удаа шалгарч, шаг­нуулж
байлаа. Түүнчлэн миний бие дааж хийсэн шинэ санаа оновч­той бүтээлийн 20 гаруй үнэм­лэх  бай­даг. “Эмээ гутал” гээд монголчуудын өмсөх
дуртай гутал байсан. Уг гутлын түрийд арьсны оронд давуу ашиглаж  үүгээрээ материал хэм­нэж үнийг бууруулсан боловч
бас л чамгүй шүүмжлэлд өртөж байсан. Ингээд 1988 онд дахин Чехословак улс руу явснаас
хойш олон оронд ажил­ласан даа. Ихэнхдээ гутлын загвар зохион бүтээлтийг компью­терийн
тусламж­тай бэлтгэн  үйлд­вэр­лэлд нэвтрүү­лэх
ажлын багт ажиллаж байсан юм.

-Эх орондоо ирээд юу хийж бүтээв?

-1990 оны эхээр “Гутал” хувь­цаат
компани Италиас гурван сая ам.долларын үнээр гутлын иж бүрэн цогц үйлдвэрийг оруулж
ирсэн. 1990 оны хавраас тус үйлд­вэ­рийн даргаар томилогдон машин тоног төхрөөрөмжийг  гардан 
суури­­­луулж  Монголд анх удаа эмэгтэй
хүний туфлийг ямааны арьсаар боловсруулсан 
гутлын зориулалттай шеврогоор  үйлд­вэр­лэж
байв. 1992 он гэхэд бид уг шугамыг бүрэн ашиглах зорилгоор зарим тоног төхөөрөмжийг
өөрч­лөн дан ганц туфль хийхээс гадна эмэгтэй хүний өвөл болон хавар намар өмсөх
зориулалттай гутал үйлдвэрлэж байсны зэрэгцээ дөр­вөн мянга гаруй ажилтны цалин,
дулаан, цахилгааны мөнгө, бусад зардлыг нь төлөөд жилд 200-300 сая төгрөгийн цэвэр
ашиг­тай ажил­ласан. Тухайн үед хувьчлал ч дуусч төр, иргэн өмчөө хувааж дуусаад
байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нарын хэсэг хүмүүс  “Гутал” хувь­цаат компанийг хувьчилж аваад “Бид
гутал үйлд­вэр­­лэхгүй . Монгол­чууд гутал үйлд­вэр­­лэж чадахгүй” гээд тоног төхөө­рөмжийг
нь зарж үйлдвэрийг дахин сэргээх болол­цоогүй 
болгож билээ. Тэгээд л би хувиараа гут­лын үйлдвэр  байгуулан, 
хуучин үйлд­вэ­­рийнхээ суурийг хадгалан үргэлжлүү­лэ­хээр  шийдэж ажлаа эхлүүлсэн.

-Монгол малын арьсыг гутал, савхин
хувцас үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой гэж магтах хүмүүс байдаг. Бас хамгийн муу,
гэмтэл ихтэй гэх нь ч байх юм. Олон жил монгол малын арьсаар бүтээгдэхүүн хийсэн
хүний хувьд дүгнэж хэлэхгүй юу?

-Сурч мэдсэн болон олон жилийн туршлага,
олон улсын шинжилгээ судалгаа­наас үндэслэн хэлэхэд, монгол малын арьс шиг сайн
арьс дэлхийд байхгүй. Энд олон баримт дурдаж болно. Би зөвхөн гурван баримт хэлье.
Мон­гол орон бол газар зүйн  байрш­­лаас болон  дөрвөн тэнцүү хугацаа­тай улиралтай, мөн хуурай
өндөр­лөг газарт байрладаг. Дөр­вөн улирлын цаг уурт зохицон амьдарч буй таван хошуу
мал бол өөр ямар ч орны мал сүргээс илүү  
ноос  үс нь богино хугацаанд нөхөн
шинэч­лэгдэж байдаг. Энэ чана­раас үүдэн 
намрын ахрын ноостой үед бэлт­гэсэн хонины нэхийгээр хийсэн гутал хамгийн
дулаахан болдог. Үүнийг би битгий хэл дэл­хийн бүх мэргэжилтүүнд мэдэж байгаа. Мон­гол
малын арьс дөр­вөн улиралд дасан зохицсоныхоо хүчинд амьс­га­лах чадвартай бай­даг.
Бид малын­хаа арьсыг жижиг­хэн л гэдэг. Ийм нандин чанар дэлхийн өөр ямар ч орны
малын арьсанд бай­даг­гүй. Дээр нь  бай­галь
хөрсөнд  ургасан өвс  тэжээл хэрэглэдэг тул экологийн цэвэр бүтээгдэхүүн.
Тоглоомоор хэлэхэд эрх чөлөөтэй бэлчин явдаг тул маш сайн био энергитэй гэж болно.

Зарим наймаачин чанарын шаардлага
хангахгүй жижиг байна гэдэг.  Жижиг ч гэсэн
маш их чанар­тай шүү л гэж хэлэх байна. Бид малчнаасаа эхлээд эцсийн бүтээг­дэхүүн
хийдэг хүн бүр  таван  хошуу малын арьсан бүтээгдэ­хүүнээ брэнд болгохын  төлөө санаа нэгтгэн ажиллавал тун удах­гүй ямааны
ноолууртай эн тэнцэх бүтээгдэхүүнтэй болно. Манай орны малын арьсаар хичнээн ч гутал
хийсэн зах зээл нь нээлт­тэй байгаа. Европ, АНУ-д гаргахад чанарын шаардлагыг нь
100 хувь хангаж чадна. Эцэст нь Новоси­бирс­кээс наашаа 50 сая хүн амь­дарч байна.
Тэдгээр оршин  суугч­дад ч зориулан зөвхөн  өвлийн дулаан гутал гаргаж болно шүү дээ. Бид
жилд бэлтгэн нийлүүлж байгаа малын арьсаар багаар тооцоход хоёр сая гутал үйлдвэрлэх
болол­цоотой.

 -Монгол сарлагийн арьс хөлөр­дөггүй учраас дэлхийд
эрэлттэй байдаг гэсэн үү?

– Өнөөдөр  дэлхийн нэртэй гутлын брэндүүд хамгийн үнэтэй
гутлаа хуурай газрын үхэр болон тугал, ямааны 
арьсаар хийж байна. Сүүлийн үед хонины арьсыг наппа шиг зөөлрүүлэн UGG брэн­дийн
өвлийн гутлыг  бүх насны хүнд зориулан хийдэг
болсон байна. Жишээ нь, ЕССО бренд гутлын түрийгээ сарлагийн арь­саар хийж байгаа.
Түүхий эдийн олдоц ховордсон тул Монголоос авахаар ирсэн шүү дээ. Энэтхэгийн одос
үхрийн  арьсаар  хийсэн гутал маш их чийг татаж хөлөргөдөг юм.
Учир нь цаг агаар нь хэт халуун тул одос үхэр байнга усанд хэвтэж байдаг. Харин
Латин Америкийн бизон үхрийн арьсаар гутал хийвэл чийг татахаас гадна, зуузай нь
хатуу болдог. Харин монгол сарлаг өвөл зуны аль ч  улиралд  
үстэй байдаг боловч арьсны онцлог бүтцээс шалтгаалан биеийн дулаанаа тохируулж
байдаг. Энэ давуу чанар нь сарлагийн арьсаар хийсэн бүтээгдэхүүн  дулааныг ямар ч үед хөлөрч чийг татдаггүй. Хамгийн
алдартай “Бенц” маркийн машины  сандлын бүрээсийн
нуруу налах хэсэг ба машины жолоог сарлагийн арьсаар бүрж хийдэг. Учир нь зөвхөн
монгол сарлагийн арьс л хөлөргөдөггүй учраас тэр юм. Монголын хэсэг ажилчид Чех
улсад “Бенз”-ийн  жолооны  бүрээс хийдэг үйлдвэрт ажилладаг. Энэ бүх болом­жоо,
энэ боловсон хүч­нээ зөв ашиглавал монгол сарла­гийн арьсаар хийсэн бүтээг­дэхүү­ний
брэнд гаргах боломж байна.  

-Заавал гадагш нь гаргана гэж тооцолгүйгээр
эхлээд дотоо­дын­хоо хэрэгцээг хангана гэж тооцвол яах вэ. Эсвэл монгол­чууд дотоодынхоо
үйлдвэр­лэлийн бүтээгдэхүүнийг худал­дан авахгүй байна уу?

-Монголчууд жилд өвөл, зун өмсөх  гэж хоёр гутал  бүтэн жилийн хугацаанд хэрэглэдэг гэж үзвэл  давхардсан тоогоор 6.5 саяас найман сая гутал
хэрэгцээтэй юм. Ийм хэмжээний гутал импортоор урд хөршөөс орж ирдэг. Үүний хоёр
саяыг нь буюу 30 хувийг нь хангах асуудал яригдаж байгаа ч боломж бололцоо нь тааруухан
байна. Бид экспортын бүтээг­дэхүүн хийхээс өмнө 
эхлээд дотоо­дын зах зээлдээ нэн түрүүн хүүх­дүүдэд зориулж монгол малынхаа
арь­саар гутал хийж өгөх ёстой. Хиймэл арьсан, чийг татдаг  гутал багаасаа өмсвөл хоолой өвдөх, давсаг, шээсний
сүвийн үрэвсэл гээд бүх өвчин, үрэвсэл бий болдог. Бас хиймэл арьсан гутал өмсвөл
хөлийн мөөгөнцөр буюу арьсны элдэв харшлын өвчтэй болно. Энэ арьсны өвчин  нэг л бий болчих­вол хичнээн эмчлээд ч  арилдаггүй. Энэ мэтээр хиймэл арьсан гутал өмсвөл  цаад муу үр нөлөө их. Бас нэг сонин зүйлийг ярихад,
арав гаруй жилийн өмнө би нэг олон улсын хуралд суусан юм. Тэгэхэд Хятадын нэг хүн
манайд баахан гутал нийлүүлэх талаар ярьж байхад манай орчуу­лагч буруу орчуулан  хоёр дахь үеийн арьс гэдгийг хоёрдугаар зэргийн
арьс гэж буруу орчуулж байсан юм. Гэтэл хоёрду­гаар үеийн арьс гэдэг нь хоёр хуваагаад
өнгөн хэсгээр нь жин­хэнэ арьсан гутал хийгээд чанарын өндөр шаард­­лага тавьдаг
орнуу­дад нийлүүл­­дэг. Үлдсэн хэсгээр нь өнгө засал хийгээд лакан гутал хийдэг
юм. Бас гурав дахь үе бий. Хамгийн нимгэн үлдээц хэсгийг нь боловс­руулаад дээр
нь гялгар хальсан өнгө наагаад хүүхдийн гутал тэр­гүүт­нийг хийж байна. Инээдтэй
нь, дөрөв дэх үеийн арьс гэж бас байна. Тэр нь арьснаас үлдсэн хаягдлыг түүж аваад
буурцаг тэргүүт­нийг хамт чанаж гутлын түүхий эд болгож байгаа. Ийм бүтээгдэхүүнээр
хийсэн гутлыг л манайхан оруулж ирж зараад байна. Бид хам­гийн чанартай түүхий эдээ
гадагш нь экспортол­чихоод эргээд хаягд­лаар нь хийсэн бүтээгдэхүүн импорт­олж  хэрэглээд сууж байна. Энэ бол маш харам­салтай
юм.

-Монголчууд нэг хэсэг урд хөршдөө
үйлдвэрлэл гэж ямар байдгийг зааж, сургаж байсан гэж яригддаг. Энэ үнэн үү. Зааж
сургаж байсан улс яагаад өнөө­дөр тэр улсаасаа бүх бүтээгдэ­хүүнийг нь импортлогч
болж хувирав?

-1985 оны  үед манай гутлын үйлдвэр техник технологиороо  дэлхийн түвшинд хүрчихсэн бай­сан. Ямар ч оронд
манайх шиг  гутлын үйлдвэрийн иж бүрэн байгууламж
байгаагүй. Зөвхөн Гутлын үйлдвэрт гадаадын олон 
оронд мэргэжлээрээ дээд сургууль төгсөөд ирсэн 200 ИТА дээр Чех улсад хамгийн
багадаа 1 жил ажиллаж ур чадвартай болсон 4000 ажилчид, 12 иж бүрэн үйлд­вэр, мөн
гурван туслах үйлдвэр, бэлэн гутлын болон материалын агуу­ла­хууд, материал шинжил­гээний
лаборатори, 500 хүн зэрэг хооллох гуанз, ажилчдын  эмнэлэг, спорт заал зэрэг нийт 60 сая долларын
барилга байгууламж машин тоног төхөөрөмж байсан,.  Хуучин Арьс ширний нэгдэл гэдэг одоо яриад бий
болгох гээд байгаа  “Үйлдвэр­лэлийн парк”
иж бүрнээ­рээ байсан. Тэр битгий хэл Ита­лийн мэргэжил­тэн дуу алдаж бай­сан удаатай.
Тэдгээр нь өөр хороон­доо бизне­сийн үйл ажилла­гаа­гаар нэгдэн ажилладаг маш нарийн
зохион байгуулалттай, техно­логийн  өндөр
түвшинд хүр­сэн үйлдвэрүүд байлаа. Тэр үед бид таван хошуу малаас ганцхан амьсгааг
нь хаядаг гэж ярьдаг байлаа. Бид чинь цагтаа өвөр монголчуудад зааж сургаж, тэд
бидний технологийн дэвшлийг гайхан шагширч байсан юм шүү. Тэр үед дэлхийд гайхагдаж
байсан “напа” гэдэг хувцасны арьсыг мон­гол­чууд олоод л нээчихсэн. Бид Оросоос
түрүүлж “напа”-гаараа бүтээгдэхүүн хийгээд л явдаг бай­лаа. Өвөр Монголд, Польшид
хүүх­дийн гутал гаргадаг л байлаа. 1934 оноос хойш маш олон хүний  уйга­гүй хөдөлмөрийн хүчээр олон жилийн хугацаанд
ийм дэвшилд хүрсэн. Үе, үеийн Засгийн газар 
чөлөөт зах зээлийн хуулиар хөг­жинө гээд бүх төрийн өмчит үйлдвэ­рийг хувьчилж  хувийн өмчид шил­жүү­лэх  зөв шийдвэр 
гаргасан боловч  цөөхөн тооны хэдхэн
хүний өмч болон үйл ажиллагаа нь зог­сож 
хоосон хөндий байр болон үлд­сэн. Хэт ганзагын наймааг дэмж­сэн бодлого баримтлан   хэрэг­­жүүлс­­­нээр   манай аж үйлдв­э­рийн салбар бүрэн уналтад орсон
юм.

-Нэг үе уналтад орсон үйлд­вэр­лэлийн
салбар өнөөдөр ямар шатанд гарч ирэв. Дэвшиж, хөг­жиж чадах нь уу?

– Өнөөдөр шинэ засгийн хэрэг­жүү­лэхээр
төлөвлөж буй  бодло­гоор эргээд 20-30 хувь
сэргээх асуудлыг л ярьж байна. Хэзээ 100 хувь сэргээхийг хэлж мэдэхгүй. Бид сайн
үйлдвэрлэл явуулаад сайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм бол дотоодод бэлтгэгдэж
байгаа түүхий эдийг арав дахин өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээг­дэхүүн гаргаж
чадна. Үүнийг ярих нь инээдтэй хэрэг. Хүн бүхэн мэдэж байгаа. Гагцхүү хэрэгжүүлэхгүй
байгаа нь сонин юм даа. Нэг хүн “Танай орон гайхмаар баян юм. Гэхдээ ард иргэдээ
ядуу байл­гаж чадаж байгаа засаг нь бүр гайх­маар юм” гэж хэлж байсан. Харин шинэчлэлийн
Зас­гийн газар энэ байдлыг өөрчлөх, зах зээлийн өрсөлдөөнийг нь бий болгох тог­тоол
шийдвэрүүдийг нь гаргаж эхэллээ. Одоо бодитоор хэрэгжүү­лэх нь л чухал байна. Брэнд
бол бол ямар нэг технологи биш бүтээг­дэхүүний 
хэрэглээний чанарын  баталгаа гэдгийг
ойл­гоосой доо.

-Энэ салбарт тулгам­даж бай­гаа
гол том асуудал нь юу бай­на?

-Хамгийн эхлээд энэ салбарт  одоог хүртэл үнэнчээр ажиллаж байгаа мэрэгжлийн
хүмүүсийн саналыг сонсох хэрэгтэй байна. Бид бүгдийг  төр засаг ажил төрлөө тайлагнах  үедээ талхны хачир шиг ашиглаад хаядаг. Шуудхан
хэлэ­хэд, мэрэгжлийн холбоодын гарга­сан салбараа хөгжүүлэх хөтөл­бөрийг төр засгийн
бодлого төлөв­лө­гөөнд хүлээн авч  харилцан
уялдаатай   шийдвэр гарган  бид­нийг дэмждэг тийм тогтолцоо дутаг­даж байна.
Тэгэхгүй бол засаг солигдох бүрт ямар ч шийдвэр гаргахгүй хоосон амласаар   таван төрийн нүүрийг үзлээ. Таван төр тавуулаа
дэмжинэ гэж горьдлоо, тавуулаа л дэмж­сэнгүй. Манай холбоо  хичнээн ч олон төсөл боловсруулав. Өнөөдөр ч төсөл
боловсруулж л байгаа. Тогоруу ба үнэгний  
үлгэр шиг  явсаар байгаад л бид орхигдож
гүйцлээ. Бас нэг зүйлийг хэлэхэд, нарийн мэргэж­лийн боловсон хүчнээ төр ашиглах
хэрэгтэй. Хэрвээ дахиад арван жил өнгөрвөл энэ хүмүүс бүгд байхгүй болно. Өнөөдөр
үйлдвэ­рийн төрөлжсөн суурьшлын бүс аж үйлдвэрийн технологийн парк гэдэг ойлголтыг
хүртэл зөв тодорхойлох ёстой шүү дээ. Дараа нь 
гадны мэрэгжилтэн  гуйж авчраад заалгах
гэвэл  бидэнд  шинэ технологио  зааж өгнө гэж юу байх вэ. Яривал их асуудал байна.
Гэхдээ одоо ярьж суудаг цаг биш.  Оройтоогүй
дээрээ  хүчээ дайчлан хамтаараа бүтээн байгуу­лах  цаг болсон байна. Тэгэхээр энэ арьс ширэн бүтээг­дэхүүн
үйлдвэр­лэх салбараа  төрийн тогтвортой залгамжлан
уялдсан  бодлогоор  зөв дэмжээсэй гэж хүсч байна.

-Та өөрөө хувийн үйлд­вэр байгуулаад
ажиллаж байгаа билүү. Энэ жил ямар дэвшилтэй ажиллав?

-Би хувиараа 1997 оноос эхлэн гутал  хийж эхэлсэн 2005 оноос “Хос Аз” гутлын үйлдвэр
байгуул­сан. Манай үйлдвэр жилд 50 000 хос гутал үйлдвэрлэх хүчин чадал­тай. Нийт
80 гаруй ажилчин 10 ИТА  ажиллаж байна. Одоо
хүчин чад­лын­хаа 60 хувийг  ашиг­лаж байна.
Жилд 1.5-2 тэрбум төгрөгийн үйлд­вэр­лэл явуулдаг юм. Манай үйлд­вэр цэрэг цагдаа
болон хүчний байгууллагын дүрэмт хувцасны гутал болон төрөл бүрийн зориу­лал­ттай
хөдөлмөр хамгаалалтын гутал үйлдвэрлэдэг. Үндсэн түүхий эд арьс ширийг 100 хувь  дотоодын арьс боловсруулдаг үйлдвэрүүдээс авдаг.

Өнөөдөр бид машин тоног төхөө­рөм­жийн
эхний хэсгийг авч­раад суурилуулах ажлаа эхлээд байгаа. 2014 оны сүүлээр үйлд­вэрээ
жинхэнэ ёсоор эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Бид 
орчин үеийн техник технологийг ашиглан хүүхэд залуучуудын спорт болон өдөр
тутмын гутлыг  монгол малын арьсаар дэлхийн
чанар стан­дар­тад нийцүүлэн хийх болно. Мөн гутлын загвар зохион бүтээх тов­чоон­доо
орчин үеийн тоног төхөө­рөмж ашиглахаас гадна Ита­лийн  гутлын загвар зохион бүтээх тов­чоо­той хамтран
ажиллах болно.

Манай компанийн ажил хэдий­гээр сайн
явагдаж байгаа боловч зарим нэг бэрхшээлтэй асуудал тулгарч байна. Сүүлийн жилүүдэд
арьс боловсруулах үйлд­вэ­рүүд байнга зогсож манай үйлд­вэр материалаар тасалдсан
тул жилд дунджаар нэг тэрбум төгрө­гийн гутлын борлуулалт  хийх болол­цоогоо алдаж байна. Одоо шинээр баригдаж
буй үйлдвэрийн хувьд  үйлдвэрлэсэн гутлаа
борлуу­лах зах зээл байгаа боловч арьс, дотор 
материал нийлүүлэх үйлдвэрүүд одоог хүртэл зогсонги байгаад сэтгэл зовниж
байна. Цаашид ямар хэм­жээ­ний боломжоо алдах нь тодор­хойгүй.  Өнөөдөр ч арьс, шир үйлдвэрлэлийн салбар зогсонги
байдалд байгаа нь улам сэтгэл түгшээх боллоо. Иймээс боловс­руу­лах үйлдвэрүүдийг
нэн даруй ажил­луу­лах шаардлага маш  чухал
байна.

Ц.БААСАНСҮРЭН