Categories
редакцийн-нийтлэл

Хэний ч биш хөрөнгөтэй, юуны ч биш нийгэмтэй улс болох нь дээ, янз нь

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
Тэр хуулийн наймдугаар зүйлд үйл ажиллагаа явуу­­лах тусгай зөвшөөр­лийг хүчингүй
болгоно. (8,1) хуулийн этгээдийг татан буулгана. (8,7.1) хувьцаа, хөрөнгө, орлогыг
хураан авч төрийн өмчид шилжүүлнэ. (8,7.2) гэж заажээ. Энэ нь ардчилал зах зээлд
шилжиж орс­ноос хойш гарч байгаа хамгийн харгис хууль бо­лох нь тодорхой байна.
Харгис байгаад зогсохгүй Нэгдсэн Үндэсний бай­гууллагаас гаргасан Хү­ний эрхийн
түгээмэл тун­хагийн 17 дугаар зүйлд заа­сан “Хүн бүр дангаа­раа бо­лон бусадтай
хамт­ран өмч эзэмших эрх­тэй. Хэ­ний ч өмчийг дур зоргоо­роо хураан авч болохгүй”
гэсэн заалтыг зөрчиж бай­на. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тун­хагийг энэ байгууллагын
гишүүн орнууд ягштал мөрдөж ажиллах үүрэг­тэй байдаг. Мөн баталж байгаа хууль журмаа
түүнд тохируулан гаргах ёстой. Тэгвэл Мон­гол Улс Үндсэн хуульдаа “хөдлөх үл хөдлөх
хө­рөн­гө шударгаар олж авах” мөн “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг
хориглоно” гэж оруулсан байдаг. Эдгээр өмч хөрөнгийн тухай Үнд­­сэн хуулийн заалтууд
нь Хүний эрхийн түгээмэл тунхагийн дээрх заалтуу­дыг зөрчөөд байгаа юм. Түгээмэл
тунхагт өмч эзэм­ших эрхтэй л гэж заасан. Түүнээс заавал шударгаар олж авах гэж
хэлээгүй. Энэ шударгаар гэдэг үг бол их хийсвэр үг. Шударга гэдгийг хэн тог­тоох
вэ.

Юуг шударга
гэж үзэх вэ гэдэг нь цаг үеэ дагаад үргэлж өөрчлөг­дөж бай­даг эд юм. За яахав шу­дарга
гэдгийг шүүх тог­тооё гэж үзье. Тэгвэл ма­най нөхцөлд шүүх нь ту­хайн цагт эрх барьж
бай­гаа хүчинд үйлч­лэх нь илүү магад­лал­тай байдаг нь нууц биш. Хэрэв шүүх ингэж
улс төржиж юм уу захиалгаар энэ хүний хөрөнгө олж авсан нь шударга биш байна гэж
үзвэл тухайн хүний хө­рөнгийг төр ху­рааж авах бүрэн боломж­той юм. Жи­­шээ нь
“МАК” компани гэж байдаг. Ма­най хам­гийн том компа­ниудын нэг болохоор нь жишээ
ав­лаа. Тэр компа­нийн эзэн тусгай бай­гууллагад уул уурхайн чиглэлээр ажил­лаж
бай­сан гэдэг. Тэгвэл шүүх захиалгаар энэ нө­хөр төрийн байгууллагад ажил­лаж байхдаа мэдээ мэдээлэл ашиглан хө­рөн­гө
олж авсан байна гэвэл яах вэ. Тэгээд энэ үйлдэл шударга биш гэж тогтоовол яах вэ
л гэж хэлээд байна. Бас нэг жишээ авъя. Сү.Батболд гэж манай том бизнес­мен байдаг.
Ерөнхий сайд байсан гэхээр хүн бүр мэднэ. Тэр БНМАУ-ын гадаад худалдаанд ажиллаж
байсан. Тэнд ажиллаж байхдаа мэ­дээл­­лээ ашиглаад “Чингэс” зочид буудлыг худалдаж
авсан байна. Энэ шударга биш гэж үзвэл бас л хураах уу гэх жишээтэй. Үндсэн хуу­лийн
нөгөө нэг заалт нь хууль гаргаж байгаад хүний хөрөнгийг хурааж болно л гэсэн заалт
шүү дээ. Эдгээр заалтууд нь Монголд хувийн өмч үүсч бий болоход саад болж эхэллээ.
Урьд өмнө нь бид Үндсэн хуулиар хувийн өмч хамгаа­лагд­сан гээд додигор байдаг байлаа.
Тэгээд ч ардчи­лал зах зээлийн нийг­мийн үндэс нь хувийн өмч учир ингэж хууль гаргаж
байгаад хураа­на чинээ санасан­гүй. Тэгвэл сүү­лийн үед улстөрчдийн ганц ярь­даг
зүйл нь хө­рөн­гө хураах, хувийн өм­чийг хууль гар­гаж өгөөд бусдад тараах, ний­гэмч­лэх
гэж л ярьдаг болов. Энэ бүх ярианы үндэс нь дээрх Үндсэн хууль дахь өмчийн тухай
хоёр заалт юм. Уг хоёр заалтыг да­руй­­хан Үнд­сэн хуу­лиас авах хэрэг­тэй байна.
Ху­вийн өмч бол ардчил­лын үндэс суурь билээ. Харин ард­чилал нь манайх шиг жижиг
буу­рай орны хувьд оршин тогтнох үндэс суурь юм. Ардчиллын амин сүнс нь чөлөөт хэв­лэл
гэдгийг бид бүхэн мэд­нэ. Тэгвэл энэ ардчил­лын амин сүнс болсон чөлөөт хэв­лэлийг
устгах ажиллагаа маш ухаал­гаар аажуухан эр­гэлт бу­цалтгүйгээр яваг­даж бай­на.
Монгол Улсыг хорлох гэсэн энэ санаа хаанаас гараад ямар мэр­гэн цэцэн бүр атаарх­маар
ухаалаг яваг­даж байхыг хараад гай­хаш тасрах юм. Мон­гол Улс бол жижиг орон. Тийм
ч учраас хүн ард нь их хартай байдаг. Бид­нийг хагалан бутаргах бид­нийг хуучин
юуны ч биш нийгэмд нь буцаан хаях гэсэн монголчуудад дур­гүй орнууд байдаг бол тэд
үнэн нарийн бөгөөд ал­сын бодолтой юм гэж хар­дахаас өөр арга алга. Монголчуудыг
ардчил­лын замаас нь гаргах ганц зөв арга бол чөлөөт хэвлэлгүй болгох юм. Тэг­вэл
тэр хүчин чөлөөт хэв­лэл рүү довтолсон. Эзэн, сэтгүүлч, хөрөнгө оруу­лагч гэж хагаралдуулсан.
Эзэн та нарыг боолчилж байна. Мөнгө өгөхгүй бай­на. Турааж аллаа. Хэвлэ­лийн эрх
чөлөө алга. Хэв­лэл мэдээлэл нэг хүний гарт байх ёсгүй. Хөрөн­гийг нь тарааж сэтгүүлч­дэд
өгнө. Сэтгүүл зүйд хөрөнгө оруулагчид бол адгийн амьтад, тэд энэ нийгмийн дайснууд.
Алт ухахгүй, архи нэрэхгүй, хэвлэл байхгүй бол цэвэр гартай, цэвэр сэтгэлтэй гэсэн
ойлголт нийгэмд бий болгосон. Энэ нь Мон­голын чөлөөт хэвлэл бо­лох хувийн хэвлэл
мэ­дээллийг саармагжуулж хүчгүйдүүлж, хэвлэлийн магнатуудыг бизнесээ хаях, тоохгүй
болгоход хүргэж байна. Хэрэв Монголд дургүй энэ хүчин ялах юм бол хэвлэл мэ­дээлэл
хэний ч өмч биш болно. Харин өөрсдөө өмчгүй болсон хэвлэлийн эрхлэгч нар нийгмийг
тэр чигт нь өмчөө тараахыг уриалж эхэлнэ. Яагаад гэвэл хүн өөрөө хохирвол өрөөлийг
ч бас хохи­роо­хыг чармайдаг нь жам юм. Миний хөрөнгийг та­раач­ихаад яагаад “АПУ”-гийн
хөрөнгийг ажилчдад нь өгдөггүй юм. “Алтан тариа” олон жил ажил­ласан ажилчдадаа
хувь өгөхгүй байна. Түүнийг хураа, “Мах импекс”-ийг малч­дад өг гээд л хэвлэл мэ­дээллээр
уриалж тур­хирч эхэлнэ. Энэ нь нийг­мийг бутаргаж давхар­гуудын хооронд дайн дэгдэхэд
хүргэх болно. Үр дүн нь юу болох вэ. Хэний ч биш өмчтэй, юуны ч биш ний­гэмтэй,
хоёр хүчирхэг да­рангуйлагч орны дунд дэлхийгээс хаягдсан до­рой буурай орон болно.
Лав л ардчилсан биш орон болно. Тэр бол ба­тал­­гаатай. Нөгөө Орос, Хятад хоёрт
гайхуулдаг ардчилал, дэлхийд та­нигд­сан гэж нүүрээ та­халж тодордог ардчилал устан
үгүй болно. Харин энэ дашрамд хэлэхэд нэг газар удаан ажил­ласан юм гээд тэр газ­раасаа
цалин авч байсан хүнд хувь хөрөнгө таслан өгч байсан түүх манай дэл­хий дээр л лав
байх­гүй. Тэгээд бүр төр нь хууль гаргаад хувийн хө­рөнгө мөнгийг нь тасдан өгсөн
түүх. Нийгмийн сэт­гэл зүйн ийм л инже­нерч­лэлийн өмнө бид тулж ирээд байна. Үүний
тод илрэл нь энэ Гэмт хэргийн тухай хуульд бай­гаа хө­рөнгө хураах тухай заалт юм.
Гэвч эдгээр заалтын талаар хэн ч дорвитой тайлбар өгөх­гүй байна. “Олон дахин гэмт
хэрэг үйлдвэл” гэсэн тайлбар сонссон. Лав л хэвлэл мэдээлэл бол нэр төр сэргээх
талаар шүү­хийн зарлан олон удаа авч байдаг. Тэгэх­лээр хам­гийн түрүүн сонин, сайт,
телевизийн тусгай зөв­шөөрөл хураагдаж таа­рах болов уу гэсэн айдас мэдрэгдэж байна.
Цааш­даа чухам хэрхэх талаар энэ хуулийг хийж байгаа нөхдөөс учрыг нь сонс­моор
байна. Эцэст нь хэлэхэд хувийн бизнес эрхэлж байгаа нөхдүүдээ сонор соргог байгтун.
Хуулийн заалтаар хөрөн­­гөө хураалгахгүйн төлөө нэгдэн ажиллагтун хэмээн уриалж
байна. Та бүхэн хувийн хэвлэл мэ­дээлэлтэй нэгдэж хувийн өмчөө хамгаалагтун. Хувийн
өмчгүй хүнд ч хувийн өмч хамаагүй ашиг­тай байдаг. Тиймээс хувийн өмчид хүн бүр
санаа тавих хэрэгтэй. Ир­гэд хувийн өмчөө
хам­гаалс­наар эрх чөлөөтэй болно. Та эрх чөлөөтэй байснаар энэ Монгол Улсад ардчилал
батал­гаажна. Ардчилал батал­гаажсанаар тусгаар тогт­нол маань баталгаатай болно.
Энэ бүгдийг чө­лөөт хэвлэл хоточ нохой мэт манана.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Энхбаяр: Эмч нарыг турхирч, хүчээр халагдах өргөдлийг нь өгүүлсэн

Гэмтэл согог суд­лалын үндэсний
тө­вийн дарга Ц.Энх­баяр­тай ярилцлаа.

-Таныг ажлаа өгө­хөөр боллоо гэсэн
яриа байна. Сайдын тушаал гарсан юм болов уу?

-Аравдугаар сарын 30-ны өдөр Эрүүл
мэн­дийн сайд Гэмтлийн эм­нэ­лэг дээр ирж ажилла­сан. Бүтэн 12 цаг ажил­лаж, сайдын
зөвлөл ху­ралдлаа. Хурлаар ямар шийдвэр гарсан гэхээр, эмнэлгийн даргын да­раа­гийн
үүрэг гүйцэтгэг­чийг томилтол намайг ажлаа хийж бай. Энэ хуга­цаанд сайдын дэргэд
дэм­жин туслуулах баг ажиллуулъя гэсэн шийд­вэр гаргаад байж байна. Тэр болтол ажлаа
ха­риуц­лагатайгаар гүйцэт­гэж бай гэсэн.

-Эмнэлгийн даргаар томилогдсоноос
хойш нэлээд хүчтэй эсэр­гүүцэл, тэмцэлтэй тул­лаа. Яагаад таныг ингэж эсэргүүцсэн
бэ. Та хү­мүүстэй тийм нийц­тэй хүн биш юм уу, эсвэл хэн нэгний эрх ашиг хөндөгдөөд
байна уу?

-Гэмтэл согог судла­лын үндэсний төв
дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг би өөр өнцгөөс харж байгаа.

Гэмтлийн  эмнэлгийн хамт олон маш хүнд нөхцөлд ажилладаг.
Амьд­рал, үхлийн зааг дээр байгаа хүнд хүмүүсийг эмчилдэг. Энэ хамт олныг шүүмжлэхээс
илүү яагаад  ийм байдал үүсэхэд хүрэв гэдгийг
би өөр өнцгөөс харж байна. Намайг томилогдож ирэ­хээс өмнө миний эсрэг түр хороо
бай­гуу­лагд­сан байсан л даа. Яагаад Эрүүл мэн­дийн сайдын тушаалаар томи­лог­доод
ирсэн хүний эсрэг түр хороо байгуулагдав гэдэг нь өөрөө асуудал. Эм­нэлгийн эмч
ажилт­нууд надтай хөдөлмөрийн харьцаа үүсгэхээсээ өмнө эсэргүүцлээ илэр­­хийлнэ
гэдэг бол үндэслэл муутай сонин асуудал юм. Яагаад намайг хүчтэй эсэргүүцсэн бэ
гэдгийг энэ хугацаанд би ойлголоо. Гэмтлийн эмнэлэг дээр хэд хэдэн тулгамдсан асуудал
байсан. Тодруул­бал, тус эмнэлэг нэгдүгээр сараас хойш даргагүй нэлээд олон сар
эзэнгүй байлаа. Тэгээд зургадугаар сарын сүүлээр Жамбалжав дарга түр томи­логдоод
ажиллаж байсныг мэдэх байх. Даргагүй удаан байж байгаад даргатай болтол бас нэг
асуудал үүссэн юм. Гэмтэл согог судлалын эмнэлэг дээр Фран­цын Засгийн газрын тусламжаар
олон төсөл хэрэгждэг юм. Есдүгээр сарын дундуур Францын мэргэжилт­нүүд ирээд
5.5 сая евро­гийн хөрөнгө оруулалт хийхээр ярьсан байдаг. Энэ ажлаа эхлүүлэ­хээр
гадны мэргэжилт­нүү­дийг ирэ­хэд Жамбалжав дарга ажлаасаа халагдах тушаал аль хэдий­нэ
гар­чих­сан байсан. Жамбалжав энэ тухайгаа эмч нартаа мэдэгдэхгүй явснаас болоод
эмч нарын дунд бухимдал үүссэн. Яагаад гэвэл, үнэхээр энэ эмнэлэгт чухал шаард­лагатай
тоног төхөөрөмжүүд олон байдаг. Тэгээд гадаадын улс орнууд тусалъя гэхээр бүх эмч
маш өөдрөг сэтгэлтэй байж байтал дарга нь халагдсанаа хэлэхгүй нууснаас болж байдал
өөрчлөгдө­хөөр бухимдал үүсч л таараа. Бухимдалтай байхад нь дараагийн даргын томилгоог
хийсэн тул ийнхүү намайг эсэргүүцсэн гэдгээ эмч нар өөрсдөө надад хэлж байгаа. Тэднийг
дуудаад уулза­хаар “Таны оронд хэн ч ирсэн байсан бид ийм л маягаар хүлээж авах
байсан. Гэмт­лийн эмнэлгээр тоглоод байна л гэж бид бодсон” гэж хэлж байсан. Жам­бал­жав
дар­гыг яагаад ажлаа өгснөө хэлээ­гүй байсан юм бол гэдгийг судлаад үзэхэд, энэ
хүн нэгдүгээрт Авлига­тай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүл­гээ буруу өгсөн. Хоёр­дугаарт,
эмнэл­гийн гадаа талбайд нисдэг тэрэг буудаг газрыг өөрийн хувийн эмнэлгийн газар
болгоод авчихсан байсан. Энэ асууд­лаа­­саа болоод  ажлаасаа халагдсан байсныг эмч нар мэдэхгүй явж
байгаад гэнэт мэдсэн. Үүн дээр эмч нар маш их бухимдсан. Тэгээд намайг томи­лоход
бүүр их бухимдсан.

-Жамбалжав даргатай
хол­боо­той асуудал тантай хамаатай гэж үү?

-Эмч нар надтай нэг
өдөр ч ажлаа­гүй мөртлөө намайг эсэргүүцээд байгаа шалтгаан нь Жамбалжав дар­гын
үйл ажилла­гаа­тай холбоотой. Энэ хүн ажлаа­саа халагдахдаа  эмч нарыг миний эсрэг турхирчихаад яваад өгсөн.
Тэ­рээр Гэмтлийн эмнэлэгт хоёр гур­ван сар ажиллахдаа хэд хэдэн дэд захир­лыг томилсон
юм байна лээ. Өөрийнхөө томилсон хүмүү­сийг миний эсрэг турхирч, түр хороо гэдэг
юмыг байгуулчихаад яваад өгсөн юм. Энэ асуудлыг эмч нар өөрсдөө надад ярьж байна
лээ. Эмч нарын ажил хаялт, тэмцэл бусдын турхиралтаас болсон, дээр нь ямар нэг үндэслэлгүйгээр
эхэл­сэн учраас эмч нар одоо өөрсдөө байдалд орж, сүүлдээ яагаад тэм­цээд байгаагаа
ч мэдэхээ байсан. Эмч нар буруу зүйл хийснээ ойлгоод  байдал нам­жиж байтал бас нэг турхиралт гарч ирлээ.  Өөр нэг улс төрийн хүн болох С.Ламбаа зөвлөх гараад
ирсэн. Энэ хүн үүссэн нөхцөл байдал дээр улс төрийн тоглоом хийхийг оролдож байх
шиг байна. Тэрээр “Гэмтлийн эмнэл­гийн даргад заавал эмч хүн байх албагүй. Менежер  хүн байж болно. Би эмч хүн биш ч гэсэн эрүүл мэндийн
сайд байсан хүн” гэж ярьж байна. Эмнэлгийн үйл ажиллагаа­тай танил­ца­хаар сайдыг
ирж уул­зах үеэр нөлөө бүхий нэг доктор хүн С.Ламбааг дарга бол­гож өгөөч гээд уйлаад
байсан. Тэгээд орой нь телевизээр С.Ламбаа зөвлөх  өөрөө ярилцлага өгч байна лээ. Гэмтлийн эмнэлгийн
дарга  заавал эмч хүн байх албагүй гэж ярьж
байна лээ. Энэ мэтээр эмч нарын сэтгэл зүйгээр тоглож,  бухимдал дээр нь бухидал үүсгэж байна л даа.

-Жамбалжав эмчийг
таны эсрэг турхирсан гэдгийг яаж батлах вэ. Баримт байгаа юм уу. Тухайн үед Жамбалжавыг
дар­гын үүрэг гүйцэтгэгчээр томи­ло­ход мөн л тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэл үзүүлж
байсан шүү дээ?

-Энэ хүн маш олон
эмч нарыг ажлаас нь халагдах өргөдөл өгө­хөд хүргэсэн. 160 эмч, ажилтан халагдах
өргөгдлөө өгсөн шүү дээ. Энэ хүний турхиралтаар. Хэрвээ ажилтан ажил олгогчдоо ажлаасаа
чөлөөлөх өргөдөл өгсөн бол хуу­лиа­раа сарын дараа шийднэ. Хэрвээ сарын дотор ямар
нэг хариу өгөхгүй бол ажлын байрыг орхиж явж болно гэсэн хуулийн заалт байдаг. Аравдугаар
сарын 31-нд эмч нарын ажлаасаа халагдах хугацаа нь болсон юм. Тэрэнд нь би хоёр
удаа мэдэгдэл өгсөн. Та бүхний хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй тул ажлаа үргэлж­лүү­­л­эн
хий гэсэн мэдэгдэл өгсөн бай­гаа. Миний хувьд эмч ажилтнуу­даа буруутгахаас өмнө  энэ хүмүүсийг турхирсан хүмүүст бурууг өгмөөр
байна. Эмч ажилтнууддаа хандаж хэлэхэд бүгдээрээ хүмүүсийн турхи­ралтад орж  болохгүй гэдгийг хэлмээр байна.

-Эмч нар таныг
хууль бусаар томи­логдсон гэж эсэргүүцээд бай­гаа юм байна лээ. Таныг сонгон шал­гаруулалтад
ороогүй гэж байсан…

-Гэмтлийн эмнэлэг
дээр одоо хүртэл сонгон шалгаруулалт явуу­лаа­гүй байна. Намайг томилохоос өмнө
л томилгоогоо хийгээч гэж эмч нар шаардаж байсан юм. Дараа нь сайд  намайг томилсон. Гэхдээ энэ томил­гоо сонгон шалгаруу­лалт­­тай
холбоо­гүй. Одоо хүртэл хэд хэдэн томоохон эмнэлэг дээр сонгон шалгаруулалт явуулаагүй
байна. Миний бие Гэмт­лийн эмнэл­гийн сонгон шалгаруулал­тад материалаа өгөөд хүлээгээд
байж байсан. Тодорхойгүй хугацаагаар сонгон шалгаруулалт саатсантай холбоотойгоор
эмнэлгүүдийг эзэн­гүй байлгахгүйн тулд сайд томил­гоо­гоо л хийсэн байхгүй юу. Сонгон
шал­га­руу­лал­тыг төрийн албаны зөвлөл хийдэг шүү дээ. Сонгон шалгаруулалттай хол­боогүй
томилгоо гэдгийг сайд ч хэлж бай­гаа, би ч удаа дараа тайл­бар­ла­сан. Сонгон шалгаруулалтыг
явуул­бал, би ороход бэлэн байна. Жам­бал­жав гэдэг хүн өөрөө асуудалтай байж байгаад
халагдсанаа хэлээ­гүй нуучи­хаад, дараагийн 
томи­логд­сон дарга нарт саад хийх 
зорилготой байсан нь илт байна. Хажуугаас нь Ламбаа гэдэг хүн орж ирээд турхирч  эхэллээ. Энэ асуу­далд яамны тодорхой албан тушаалт­нууд
ч оролцсон байгаа. Өөрийнхөө ажлын эсрэг далдуур юм зохион байгуулсан гэсэн. Тий­мээс
би эмч нартаа хэлж байгаа. Бүгдээрээ энэ асуудал дээр ухаа­лаг хандъя. Улс төрийн
ашиг со­нир­холд автахгүйгээр ажлаа хийе гэж уриалмаар байна. Би өөрөө тархи нуруу
нугасны  мэс заслын эмчээр 25  жил ажилласан хүн.

-Яагаад Ламбаа
зөвлөх таны эсрэг турхиралт явуулж байгаа юм бол?

-Өөрт нь ашиг сонирхол
байгаа юм болов уу гэж бодож байна. Үүнийг өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Ямар ч
байсан Ламбаа зөвлөхийг дарга болгож өгөөч гээд 
нэг хүн уйлаад байсан шүү.  

-Одоо энэ эмнэлэг
дээр таныг эсэргүүцэж байгаа хич­нээн эмч байна вэ?

-Намайг ажлаа авснаас
хойш эмч нар нэг өдөр ч ажлаа хаяагүй. Одоо эмч нартайгаа ойлголцсон гэж бодож байна.

-Эрүүл мэндийн
салбар сөнөж байна, тэр дундаа гэмтлийн эмнэлэг авилгын сүлжээнд автсан гэж ярь­даг
юм байна лээ. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Авлигын сүлжээнд
автсан тухай мэдээлэл иргэдээс ч ирдэг, энд ажилладаг эмч нараас ч ирдэг. Энэ бүхнийг
засч залруулахын тулд бид бүгдээрээ хамтарч ажиллаж хэрэгтэй. Ийм зөрчил байхгүй
биш байгаа.  Надтай нэг, хоёр сар биш, нэг
хоёр жил ажиллаад үзэх хэрэгтэй байна. Тэгээд ямар ахиц гарах нь уу, юу нь болохгүй
байна гэдэг нь мэдэгдээд ирнэ шүү дээ. Тэгээгүй 
мөртлөө л эсэргүүцээд байгаа нь эмч нар шахалтад орсных шүү дээ.

-Хэдий шахалт,
турхиралтад орсон ч гэсэн тангараг өргөсөн эмч нар улс төрийн нам шиг тэмцэл хийж
болдог юм уу. Тэдний ёсзүйн тал дээр юу хэлэх вэ?

-Би эмч болоод 24
жил тасралт­гүй ажил­лаж байна. Ийм юм өмнө нь үзэж бай­гаагүй. Өнөөдрийн энэ асуудал
дээр улс төрчид тоглочих­лоо л гэж бо­дож байна. Жамбал­жав эмчийн томил­с­он ахмад
эмч нар бусад эмчийг хайр­цаг­лаж барьчихаад хааш нь  гаргадаг­гүй. Нэг удаа 90 гаруй эмчийг зааланд
оруу­лаад хаалгыг нь  түгжиж байгаад хү­чээр
“ажлаасаа халагдах өргөдөл дээ­рээ гарын үсгээ зур” гэж хэлээд зу­руулсан байдаг.
Гарын үсэг зурж гарч ирсэн эмч нар “Биднийг хүчээр га­рын үсэг зурууллаа шүү. Маргааш
бид нар ажилдаа ирнэ. Нөхцөл байдлыг ойлгоорой” гээд өөсрдөө ярьж байсан. Энэ асуудлыг
би ойлгож байгаа.

-Эрүүл мэндийн
яамнаас гэмт­лийн эмнэлэг дээр ямар бодлого барьж байна вэ. Таныг цаашдаа ажиллуулах
сонирхол­той байгаа гэсэн үг үү?

-Эрүүл мэндийн салбарт
шинэч­лэл хийгээд эхэлчихсэн явж байгаа. Сайд томилсон хүнээ солих бодлого барих­гүй
байгаа. Гэвч өвчтөн барь­цаалаад энэ хүнээ л татаж авахгүй бол бид нар аж­лаа хаяад
явлаа гэж эсэргүүцэж, шаардлага тавьж бай­гаа эмч нарын асуудал амаргүй байсан нь
мэдээж. Эмч нар хэдий тийм шаардлага тавьсан ч 
цаанаа бол ажлаа хаяад явах бодолтой хүн нэг ч байхгүй. Бүгдээрээ л амьдрахыг
бодож байна. Одоо харьцангуй байдал тайван болж байна. Дахиад ямар нэг турхирал­тад
орж болохгүй шүү гэж эмч нартаа захимаар байна. Би өөрөө олон жил эмч хийсэн учраас
байдлыг ойлгоод эмч нарыгаа өрөвдөж байна. Шал дэмий зүйлээс болоод  ажлаасаа гарчих вий дээ. 

-Та энэ эмнэлэгт
хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөөд байсан бэ?

-Гэмтлийн эмнэлгийн
тусламж үйлчилгээг олон улсын стандартад дө­хүүлэхээр ажиллана. Эмнэл­гийн тус­ламжийн
чанар аюулгүй байдал дээр би нэлээд анхаарна. Тоног төхөө­рөм­жийн шинэчлэл хийх
хэрэг­тэй. Гадаад дотоодын харил­цаа, хам­тын ажил­ла­гааг дээш­лүү­лэх хэрэг­тэй.
Гурав­ду­гаарт эмч нарынхаа мэд­лэ­гийг дээш­лүүлэхэд анхаарна. Монгол хү­­ний амь
нас, эрүүл мэнд үнэтэй байх ёстой. Сайн үйлчилгээ авах ёстой.

-Таныг хууль бусаар
эмч нарыг ажлаас нь халсан гэж байсан. Хичнээн эмчийг ямар шалтгаанаар халсан юм
бол?

-Би томилогдсоноосоо
хойш нэг ч эмчийг ажлаас нь халаагүй.  Хүмүү­сийг
турхирахад гол үүрэг гүйцэтгэж байсан хэдэн 
хүн халагдсан. Гэхдээ би халаагүй. Өөрсдөө өргөд­лөө өгөөд “Одоо намайг халаад
өг, тантай  хам­тарч ажил­лах­гүй” гэж шаардсан.
Тэрнээс биш захиргааны саналаар би нэг ч хүнийг халаагүй.

-Эмч нар тангараг  өргөдөг. Тангараа зөрчсөн эмч нарын эмчлэх эрхийг
нь цуцалж болдог уу?

-Тангараг өргөсөн
эмч нар өвчт­нүүдээ орхиж болохгүй. Монгол хүн бит­гий хэл  дайснаа ч орхиж болохгүй. Яамны ёсзүйн хорооноос
эмчлэх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг юм байна лээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн нарийн бичгийн даргын бодлогогүй үг

Саяхандаа, телевизээ асаатал “Блүүмберг”-т
нэгэн яамны төрийн нарийн бичгийн дарга  яриа өгч байна.  “Блүүмбэрг”-ийн сэтгүүлч “Монголын төр засгаас
хөрөнгө оруулалтыг үргээх бодлого барьсан учраас байдал хэцүүдлээ” энэ тэр
гэсэн дүгнэлт хэлж байснаа мань хүний бодлыг сонирхов. Гэтэл нөгөө дарга  “Нээрээ тийм юм ч болсон шүү” гэх маягийн
хариу хэлдэг байгаа. Зүй нь төрийг төлөөлсөн тэр эрхэм “Та буруу ярьж байна.
Монголын төр засгаас өнөөдрийг хүртэл ганц ч удаа ийм утгатай мэдэгдэл
гаргаагүй. Манай улс хөрөнгө оруулалтын эсрэг байгаа, тэднийг хөөх гэж
анхнаасаа бодож байсан юм гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Монголын төр
засаг хөрөнгө оруулалтыг татахын төлөө ажилласаар ирсэн” гэсэн бол гадаадын
хөрөнгө оруулагчдад арай эерэг мэссэж очих байв. Төрөө төлөөлж ярьж байгаа нь
ийм бодлогогүй үг унагаад байхаар манай руу мөнгөө хийхээр сонирхож байсан улс
яах нь тодорхой.

Харин хөндлөнгийн
шинжээч, аль нэг эдийн засагч тэгж хэлсэн бол өөр л дөө.  Ямар ч хөрөнгө оруулагч тэдний үгийг дүгнэлт,
үзэл бодол гэж харна.  Харин төр
төлөөлсөн хүний үгийг бол төрийн албан ёсны байр суурь гэж ойлгоно. Төрийн
нарийн бичгийн дарга, судлаачийн мэдэгдэл хоёрын ялгаа нь энэ.

Дэлхийн банк
өчигдөр Монголын эдийн засгийн тоймыг танилцуулахдаа манайд орж ирж буй хөрөнгө
оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 46 хувиар багассан гэсэн тоо хэлж байна
лээ. Гэтэл өнгөрсөн оны мөн үе буюу 2012 оны 11 дүгээр сард хөрөнгө оруулалт
аль хэдийнэ хүрээгээ хумьчихсан байсан. Нөгөө алдарт стратегийн салбарт хөрөнгө
оруулалтыг зохицуулах хууль гараад хагас жил болчихсон, хөрөнгө оруулалт зогссон
шахуу  үе шүү дээ. Эндээс  хөрөнгө оруулалт ямар байгааг төвөггүй
харчихаж болохоор.

УИХ хөрөнгө
оруулалтын шинэ хуулийг батлаад багагүй хугацаа өнгөрч байна. Төсвөө хэмнэнэ
гэж ярьж суугаа Засгийн газар энэ хуулийн үр дүн удахгүй гарна гэж итгэж
суугаа. Гэхдээ  засгийг төлөөлсөн том,
жижиг дарга нар нь “Блүүмбэрг”-т нөгөө  төрийн нарийн бичгийн дарга шиг маягийн юм
яриад байвал хэцүү л дээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Мандах наран зүгт зорчсон эко аялал

Түрүүч нь ¹263 (4590), 266 (4593) дугаарт

Талын агуй гэж талд хэнд ч анзаарагдахгүй,
содон таних тэмдэг гэж байхгүй. Нутгийн хүмүүс л мэддэг байсан. Түүнээс холын гийчин
бол анзаа­рах ч үгүй л дээ. Одоо өөр болжээ. Агуйг түшиглээд “Талын агуй” жуулчны
бааз байгуулсан  М.Амга­лан гуай хамгаалж,
ар­чилж  байдаг аж.  Тиймээс замын хүн мэдэхгүй ма­шинтайгаа орчихоос
хам­­гаалж том хашаа барь­чихаж. Талын агуй алдарт Шилийн богд уулаас 14 километр
зай­тай. Одоогоор мэдэгдэж буй галт уулын гаралтай агуйнууд дотроос хам­гийн том
нь. Агуйн амаар ороход 1,4 метр  өргөн. Гэхдээ
эхний  танхим руу орохын тулд заавал мөл­хөж
явах хэрэгтэй болно. Минут хүрэхгүй мөлхөөд л зогсож явахаар том танхим өөдөөс угтана.  Нэлээд эртнээс нуралт үүсэх магадлалтай гэж ярих
болсноос хойш   хүмүүс болгоомжлох нь ихэссэн
юм шиг. Ямартай ч аяллын багийн зарим гишүүн талын агуйд оро­хоос татгалзав. Харин
бидний хэсэг нөхөд М.Ам­галан гуайтай хамт агуйг орж сонирхлоо. Эхний том танхим
45,6 метр урт, цааш үргэлжлээд ойрол­цоо­гоор таван танхим бий гэж үздэг юм билээ.
Агуйтай холбоотой янз бүрийн домог байдаг. Ямартай ч их урт гэдгийг нь гэрчлэх гэж
элдэв сонин яриа олон сонссон ч өөрийн биеэр үзэж мэд­сэн хүн байхгүй. Цаашлах тусам мөсөн унжлага бүхий танхим байдаг гэсэн.
Мөс хайлан  газарт унан хөлдөж тэр нь агуйн
өндрийн хэмжээг багасгаж байгаа тухай М.Амгалан гуай  ярина лээ. Ямар ч байсан судалж, хамгаалж, тордоход
анхаа­рах цаг  нэгэнт бий болсон нь тодорхой.
Энэ мэтээр удаан байвал байгалийн нэгэн гай­хам­шиг мөхөж үгүй болоход тун ойрхон
болсон байна лээ.

“Талын агуй” жуулчны баа­зын хашаанд
түймэр орж бас л сандаргасан  бололтой, айлын
хаяа хот тэр чигтээ харлажээ. Нутгийн залуус бай­­сан тулдаа хүн мал эндэл­гүй унтрааж
чадсан байна. Ингээд бид Эрдэнэцагаан сумыг зорилоо. Эрдэнэ­ца­гаан сумын нутаг
руу орж очи­ход Зотол хайрхан уул хо­лоос сүртэй харагдах бөгөөд хад, асга байц
эргэн тойронд нь олон.

Энд бас Н.Лутбаяр, С.Амар­тайван гээд
олон яруу най­рагч төрсөн учир Зотол хаан уул, нутгийн байгалийн өвөрмөц тогтоц,
түүх домгийн талаар олон сайхан дуу шүлэг төржээ. Одоо Эрдэнэ­цагааны Засаг дарга
С.Амар­тайван найрагч  эзгүй байсан учир биднийг
Засаг даргын орлогч Алдар угтлаа.

Егүзэр хутагттай холбоо­той түүхэн
газрууд энэ суманд олон юм. Эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, холбоотой баримт сэлт
музейд хадгалаг­даж буй. Хутагтын бясалгал хийж байсан агуйгаар мөн орж үзлээ. Адис
жанлав орш­сон энэ газар амар амгалан ноёлох мэт чимээ аниргүй бөгөөд бясалгал даяан
хий­хэд  хамгийн тохиромжтой нь илт. Эрдэнэцагаан
нэлээд хөгжил сайтай сум. Сумын сургууль Соёлын ордон, музей гээд их л орчин үеийн
хийц загвар  дизайнтай, жиг­тэй­хэн цэмцгэр.
Бид энэ сумын шинэ сургууль, соёлын газруудыг үзээд хөгжил хө­дөөд ирснийг магтан
ярьсаар аян замаа цааш үргэлж­лүүллээ.

Дараагийн очих газар Бичигтийн боомт.
Анх газрын тос зөөвөрлөх зориулалтаар  нээж
байсан энэ боомт одоо өргөжин тэлжээ.   Арав
гаруй хүнтэй жижигхэн газар нээг­дэж байсан бол 
одоо гурван зуу гаруй хүн ажиллаж амь­дар­даг томоохон суурин бол­сон байна.
Боомтын дарга Д.Гансүх ирсэн зочид бид­нийг хүлээн авч  ажлаа танил­цуулав. Байгуулагдаад хорь гаруй жил
болсон энэ боом­тоор гарч байгаа бүтээгдэ­хүү­ний 70 орчим хувь нь газрын тос. Үлдсэн
гучин хувийн 15 орчим хувь  нь барилгын материал,
үлдсэн хэсэгт нь хэрэглээний бараа бүтээг­дэ­хүүнүүд гардаг байна. Бичигт боомтыг
дараагийн Замын-Үүд болох цаг удахгүй болол­той.  Эзгүй шахам байсан энэ боомт одоо өргөжин тээх
боломж бололцоо их бий. Тиймээс зарим овсгоотой бизнес сэтгэлгээтэй хүмүүс энд газар
авч болох эсэх талаар сонирхоод эхэлсэн гэнэ. Хятадын тал ч газрын зөвшөөрлөө авчихвал
бид үйлдвэр бариад өгье гээд л гуйдаг байна. Бичигтийн боомтоор зорчигдын ихэнх
нь хятадууд. Аажимдаа энэ бай­дал өөрчлөгдөх байх. Учир нь энүүгээр төмөр зам, авто
зам удахгүй тавигдана. 2018 он гэхэд оршиг суугчдын тоо арван мянга гаруй болно
гэж тооцоолж байгаа юм билээ.

Бичигтийн боомт  ороод эндхийн шүтээн  гэх  Лхачин­вандад
ууланд очиж сүү өргө­лөө. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулнаа бугын сүрэгтэй
таарав. Харамсал­тай нь энэ сайхан амьтан заримдаа хил гараад явчих­даг бөгөөд тэр
үед нь алж устгах тохиолдол олон гэж байсан. Замдаа бид зээрийн сүрэгтэй олонтаа
таарсан билээ. Сүүлийн үед цөөрөөд байгаа эдгээр амьтдын хувь заяа хөөрхийлөлтэй
санаг­дав.

Тэндээс бид хилийн цаа­на Улиастай
хот руу явлаа. Угтаа бол хилийн цаана бай­гаа боомтууд. Хилийн наана нэг суурин,
хилийн цаана БНХАУ-ын Шилийн гол айм­гийн Улиастай хот байх.  Улиас­тай хотод бүхэл бүтэн аж үйлдвэрийн парк
бий бол­жээ. Тэд манайхаас авах юмаа тооцоолж шинээр нэмж үйлдвэр барьж байгаа юм
байна гэж хөтөч өвөр монгол залуугийн ярианаас ойлгов. Албан мэдээнээс харахад эндхийн
оршин суугчдын 30 орчим хувь нь өвөрмонгол иргэд гэж сонссон бол   өөрс­дийнх нь хэлж байгаагаар 70 орчим хувь нь  өвөр монгол­чууд гэх юм билээ. Хэдийгээр соёл
өв уламжлалаа авч үлдэх гэж хичээж байгаа ч дэлгүүр олон нийтийн газарт монгол хэл
мэдэх хүн бараг таарахгүй нь сонин.

Бид уламжлалт эмнэлэг,  сургууль, үйлдвэрийн газ­раар орж танилцлаа. Монгол
хэлтэй сургууль руу очиход хуучны социализмын үеийнх шиг сэтгэгдэл төрөв. Зочид
ирнэ гэж нэлээдгүй бэлджээ. Сургууль нь цэлгэр сайхан аж. Харин хүүхдүүд нь улаан
бүч зүүчихсэн. Охид нь үсэн­дээ туузтай. Тэднийг багачуу­дын хошууч гэж нэрлэх аж.  Дуу хураагч барьсан жижиг­хэн охин биднийг тосон
ирж “Манай сургуультай танилц­сан сэтгэгдлээ хуваалцаач” гэж ирээд л дуржигнууллаа.  Бас бидэнд шүлэг уншиж өглөө. Д.Цоодолын шүлэг
гэж хажуунаас нь нэг нь бидэнд хандаж хэлэв. Тэд манайхны яруу найрагч, зохиолч
урла­гийнх­ныг андахгүй юм.  Зарим ангид хичээллэж  байхад нь орлоо. Жигдхэн хувцас өмс­дөг­гүй бололтой.  Бас гаднаас зочид ирнэ гээд чамгүй бэлд­сэн нь
илт. Яралзтал босч ирээд мэндлэх аж. Сургуу­лийн гадаа биднийг ирэхэд Монгол Улсын
төрийн дуулал эгшиглэж байв. Бид энэ та­лаар гайхан ярилцаад өнгө­рөв. Харин буцах
үед биднийг дурсгалын дэвтэрт гарын үсгээ үлдээхийг хүсэ­хэд манай­хан бүгд хуучин
монгол бич­гээр гарын үсгээ зурж дурсгалын үг бичихэд ихэд гайхацгааж, монгол бич­гийн
хичээл заадаг юм уу гэж асууцгааж байна лээ. 

Ингээд бид уламжлалт  эмнэлгээр орлоо.  Уламжлалт бариа засал, зүү төөнүүр тавьж,  тан уулгаж эмчилдэг энэ эмнэлгийнхнийг эм тан­гаа  гадагш зарахыг хориг­ло­сон учраас дотооддоо л
зарж борлуулж , хэрэглэж болдог байна. Мөн тан хийдэг ургам­лаа өөрсдөө тариалдаг
нь анхаарал татаж байлаа. Эмнэл­гийн үүдэнд Наран­хуар хэмээх  үзэмчин хөгшин­тэй таарав. Бид амар мэндийг нь
асуулаа.  Жигтэйхэн ганган эмээ. Бид Монголоос
ирсэн хүмүүс байна гэтэл илтэд нүд нь гялалзаад “Ээ хөөрхий, яасан сайхан, яасан
сайхан” хэмээн давтан өгүүлсээр бүг­дийг нь үнслээ. Тэрээр нас сүү­дэр 68 хүрч байгаа
гэнэ.  Ойр зуур хэдэн үг солиод эмээ биднийг
гар даллан яваад өглөө.

Улиастайд харьцангуй бараа бүтээгдэхүүн
үнэтэй. Өдрөөс өдөрт шинэ барилга баригдаж, өргөжин тэлж бай­гаа аж.  Ийнхүү бид буцаад нутгийн зүг явлаа. Наран мандах
нутаг руу явж цааш хил гараад дахин нутаг руу­гаа явсан урт аян маань өндөр­лөж
байгаа нь энэ. Биднийг аяллыг дэмжин ту­сал­сан УИХ-ын гишүүн М.Зоригт, түүний бие
төлөө­лөгч Д.Болорцэцэг, “Сүхбаа­тар” клуб төрийн бус байгуул­лагын тэргүүн Д.Дэлгэрцогт,
аймгийн боксын холбооны тэргүүн Н.Ганибал, Сүхбаа­тар аймгийн уугуул С.Төмөр­хүү,
Мөнххаан сумын уугуул М.Чинболд, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавх­лан,
Мөнххаан, Дарь­ганга, Эрдэнцагаан сумын удирдлага, Бичигтийн  боомт, Хилийн цэргийн Онгон, Эрдэн­цагаан сумдын
отряд, заставуудын удирдлага,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны
Шилийн гол аймгийн Улиас­тай хотын удирдлагуудад  талархал илэрхийлье. 

Гэрэл зургуудыг Г.АНЖИГАЙ

Categories
редакцийн-нийтлэл

Ам.долларын ханш тогтворжиж байна

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭКСПОРТОО НЭМБЭЛ ВАЛЮТЫН ХАНШИД ОГЦОМ
ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ-

Манайх шиг ихэнх хэ­рэглээгээ гаднаас
импор­толдог улсын хувьд аме­рик долларын ханш 
чан­гарвал халаасан дахь хэдэд нөлөөлдөг. Ийм шалтгаанаар  ногоон валю­тын  ханш хүн бү­рийн сонирхолд байдаг. Бид энэ удаа  валютын ханш ямар байгаа, цаа­шид яахыг сурвалжилсан
юм. Эхлээд очсон газар маань “Найман шарга” валютын зах. Өдрийн 13.00 цагийн үед
очиход валютын захынхан ам долларыг 1709-өөс 1711 төгрөгөөр авч байв. За­рах ханш
нь 1713 төгрөг байлаа. Эхний орсон лан­гуун дээр тавь орчим насны эмэгтэй зогсч
бай­на. “Ам.долларын ханш өсч байна уу” гэж асуухад “Уг нь 1717 байсан юм. Гэтэл
сүүлийн өдрүүдэд буугаад байна ш дээ. Одоо бол 1713 төгрөг байна. Тогтворжих тал
руугаа ороод байгаа юм болов уу гэж олзуурхаад л сууж байна” гэв. Удсан ч үгүй ам.доллар
со­лиу­лах бүсгүй орж ирснээр бидний яриа дууслаа. Бүсгүй 400 ам.доллар солиулаад
гарав.

Дараагийн хэсгээр оро­ход гурван хүн
сууж байна. Зурагчин маань аппаратаа гаргаж иртэл  голд нь суусан залуу “Бид зургаа татуулмааргүй
бай­на. Зураг нь сонин хэвлэл дээр гарсан хү­мүүсийг ганц, нэгээр нь явж байхад
цохичих гээд хэцүү шүү дээ. Дээр ма­най нэг залуу ганцаараа явж байгаад толгой руу­гаа
дэлсүүлсэн. Тэр үед цүнх нь хоосон байсан болохоор мөнгө төгрө­гөөр хохирсон юм
байх­гүй л дээ” гэж хэлээд зур­гаа татуулахаас 
цааргал­лаа. Энд ам.долларыг 1709 төгрөгөөр авч 1713 төгрөгөөр зарж байв.
Бид­нийг ярилцаад сууж байтал нөгөө залуу 1709 гэсэн тоогоо 1711 төгрөг болгож өөрчлөв.
Авах, зарах  ханш нь байсгээд ингэж хэлбэлздэг
болол­той.

“Цаашид валютын ханш яахаар байна”
гэтэл баруун захад сууж бай­сан саарал цамцтай залуу “Бид яаж мэдэх вэ дээ. Сүүлийн
өдрүүдийг ажаад байхад нэмэгдэж гавихгүй байх аа” гэж хэлээд орж ирсэн хүнд үйлчлэхээр
босов. Эд­нийхээр үйлчлүүлж бай­гаа хүмүүсийг анзаарч хагас цаг хэртэй зогслоо.
Үйлчлүүлж буй хүмүү­сийн ихэнх нь вон, юань, доллар солиулна. “Най­ман шарга”-ын гадна талд зогсдог хувь хүмүүс ам.дол­ларыг
1713 төг­рөгөөр авч, 1714 төгрө­гөөр зарна гэцгээж байлаа. “Найман шарга”-ыг зорьсон
хүмүүсийн ихэнх нь ам.доллараа гадна талд нь үнэтэй авч байгаа хувь хүмүүст  өгөхгүй дотор ажил­ла­даг валютын наймаачдад зараад
байсан нь цаанаа учиртай гэнэ. Гар дээрээс валют сольж байгаа хүмүүс  их хэмжээний доллар со­лиулж байгаа хүмүүсээс
доод тал нь 80 мянган  төгрөг “зали­лах” нь
энүүхэнд аж. Тэр дор нь мэдсэн хүмүүст хэл үггүй мөнгийг нь нэмээд өгчихдөг гэж
бидэнтэй уулзсан хэд хэдэн ченж хэлж байлаа. Харин сүүлд мэдсэн нөхөд цагдаа, шүүхдээ
тулдаг бо­лол­той. Хуурамч доллар өгөх гэж байгаад баригдах тохиол­дол цөөн ч гэсэн
гардаг гэнэ. Саяхан гэхэд хуурамч доллар солиулах гэсэн бүсгүйг Чин­гэл­тэй дүүргийн
цагдаад хү­лээл­гэж өгсөн гэж бидний уулзсан валютын ченж ярьж байв. “Найман шарга”-ын
ченжүүд ам.долларын ханш нэг их өсөхгүй байх гэж ам нийлүүлцгээж байлаа.

Валютын ханш өсөхөөр  импортын голдуу  бараа зар­даг найман нэрийн барааны дэлгүүр, эмийн
сангууд бү­тээг­дэхүүнийхээ үнийг нэмэ­хээс аргагүйд хүрдэг. Валю­тын ханшаас болж
гаднаас орж ирдэг бараа бүтээгдэхүү­ний үнэ нэмэгдэж байгаа эсэ­хийг тодруулахаар
“Найман шарга”-ын цаахан байрлах Эм ханган нийлүүлэх төвөөр орлоо. Эмийн санч бүсгүй
“Сүүлийн үед нэг их нэмэгд­сэн юм байхгүй. Эм, эмнэл­гийн тоног төхөөрөмжийн үнэ
тогтвортой байгаа” хэмээн ярьж байлаа. Хэд хэдэн эм ханган нийлүүлэх төвөөр ороход
ийм агуулгатай хариу өгч байсан юм. Хотын төвд байрлах гурван ч хүнсний дэлгүүрт
ороход ам.долла­рын өсөлтөөс болж барааны үнэ нэмэгдсэн юм байхгүй гэцгээж байв.

Дараагийн орсон газар бол Занабазарын
музейн ойролцоох Худалдаа хөгж­лийн банк. Энд ам.долларыг 1677 төгрөгөөр авч,
1715 төгрөгөөр зарж байлаа. Арил­­жааны банкууд их хэм­жээ­ний доллар зарахгүй бай­гаа
учраас л долларын ханш өсөөд байдаг гэсэн яриа бас бий. Энэ яриа үнэн эсэхийг тандахаар
теллер дээр очиж “40 мянган ам.доллар авах гэсэн юм. 1715-аас арай доо­гуур үнээр
авах боломжтой юу” гэж асуув. Теллер охин “За би холбогдох хүнээс нь асуугаадхая”
гэж утсаар ярь­са­наа “1715 төгрөгөөс доош өгөхгүй гэнэ” гэсэн хариу хэл­лээ. “Өнөөдөртөө
гаргаж өгөх боломжтой юу” гэж лавлахад “Та захиалгаа өгөх хэрэгтэй. Өнөөдөртөө бэлнээр
шууд гарахгүй. Маргааш бол гар­чих­на. Хэрвээ та одоо заавал авна гэвэл манай төвтэй
хол­бог­дож болно” гэж хариулав. Өөр хэд хэдэн банкны салбар тооцооны төвөөр ороход
30-50 мянган ам.долларыг гар­гаж болно гэсэн хариу өгцгөөж байлаа.

Арилжааны банкуудын дараа Монгол банкин
дээр ирлээ.

Тус банкны Валют эдийн засгийн
газрын Сан­хүүгийн зах зээлийн хэлт­сийн захирал Ж.Батаагаас  хоёр асуултанд хариу авсан юм.

-Валютын ханш нэг хэсэг өсч байснаа
эргээд суларч байгаагийн  шалт­гаан нь юу
вэ?

-Сүүлийн долоо хоногийн турш ам.долларын
эсрэг төг­рө­гийн ханш 1724 төгрөг хүртлээ сулраад, ганцхан өдрийн дотор эргээд
14 төг­рө­гөөр буурч засагдаж бай­на. Өчигдрийн байдлаар л гэхэд Монгол банкны зарла­сан
ханш нэг ам.доллар 1702.28 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн гадаад валют­тай харьцах
ханшийн бууралтын гол учир шалтгаан нь төлбөрийн тэнцлийн нөх­цөл байдал болж байгаа
юм. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирдэг валютын урсгал тат­раад, нөлөөлөл нь валютын  ханш дээр ирж байгаа. Мон­гол Улсын эдийн засгийн
гадаад орчин, нөхцөл байдал  2011 оны аравдугаар
сараас муудаж эхлэх шинж гарсныг бүгд мэдэж байгаа. 2012 оны сүүлээс Монголд орж
ирэх хөрөнгө оруулалт муудах хандлагатай болж ирсэн. Тэгэ­хээр сүүлийн долоон улирлын
турш дараалаад гадаад  эдийн засгийн орчны
сөрөг өөрчлөлтүүд Монголын эдийн засагт таатай бус нөлөөл­лийг авчирсан. Ийм орчинд
мэдээж эдийн засгийн эрсдлүүд үүссэн. Ялангуяа 2012 оны төгсгөлд нэлээд том, хямралын
эрсдэл байсныг тойрч гарсан. 2013 он гар­саар гадаад эрсдэл маань арилчихаагүй,
улам л нэмэгд­сэн. Монголд орж ирэх валю­тын урсгал татарсан байдал­тай л явж ирлээ.
Тэгэхээр цаашдаа бид яах вэ гэхээр энэ асуудлын гол учир шалт­гаан болсон төлбөрийн
тэнц­лээ л сайжруулах нь чухал байна.

-Төв банкнаас цаашид ямар арга
хэмжээ авахаар төлөвлөж байна?

Гадаад худалдааны энэ орчноос болоод  гарч байгаа богино хугацааны шокууд дээр Төв банкнаас
тодорхой хэмжээнд оролцоод ханшийн огцом хөдөлгөөнийг зөөлрүү­лэх, саармагжуулах
ажлыг хийж байгаа. Сүүлийн 3-4 сарын дотор ханш хэлбэлз­сэн хөдөлгөөн гарсан. Энэ
дээр тогтворжуулах арга хэм­жээ­нүүдийг авсан. Валютын дуудлага худалдаа тогтмол
явуулж, зах зээлд валют ний­лүүлж байгаа. Энэ талаарх мэдээлэл манай веб хуудас
дээр тогтмол мэдээлэгдэж байдаг. Цаашдаа ч энэ арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн явуулна.
Гэхдээ одоогийн ханшийн төвшнийг Монгол банк макро эдийн засгийн суурийг дагасан,
тодорхой нөхцөл байдалтайгаа уял­даа­тай, нийцтэй байна гэж харж байна. Төв банкнаас
эдийн засгийнхаа суурь нөх­цө­лүүдийг дагасан ханшийн хөдөлгөөний тренд ханд­ла­гын
эсрэг ажилладаггүй. Ха­рин огцом хөдөлгөөн үүсгэх­гүй байх тал дээр анхаарч байгаа.
Өөрөөр хэлбэл ханш өөрөө гадаад эдийн засгийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт
нөлөөлөх нө­лөө­л­­лийг багасгаж өгдөг, эрсдлийг өөртөө шингээж авдаг. Тэр хэмжээгээрээ
нөлөөл­лийг нь зөөлрүүлж өгдөг автомат тохируулагч. Тэгэхээр энэ чиглэлээр нэгдү­гээрт
ханшийнхаа уян хатан бодлогыг үргэлжлүүлэх, 
хоёр­дугаарт экспортын бүх төрлөө дэмжиж, урамшуулах,  гуравдугаарт, 
хөрөнгө оруу­лал­тын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх хэрэгтэй.

Монголбанкнаас гараад  валютын ханшийг цаашид энэ хэвээр барихын тулд
яах ёстой вэ гэсэн асуултад эдийн засагчдаас хариу ава­хаар “Мандал женерал даат­гал”-ыг
зорилоо. Аналистууд ажиллуулж, эдийн засагт дүн шинжилгээ хийдэг тус  ком­па­нийн захирал Ө.Ганзориг “Хөрөнгө оруулалт
юм уу, экспортын орлогоор мөнгө орж ирж байж л  
асуудал шийдэгдэнэ. Учир нь энэ хоёр сувгаар ам.доллар орж ирдэг. Өмнө нь
долларын ханш өссөн нь ийм шалт­гаан­тай шүү дээ. Хөрөнгө оруу­лалт муудсан, экспортын
ор­ло­го багассан нь долларын ханш өсөхөд нөлөөлж бай­сан. Хөрөнгө оруулалтын хууль
гарсан нь сайн хэрэг л дээ. Гэхдээ гадаад ертөнцөд бид гадаадын хөрөнгө оруу­лалт
дээр ийм эерэг орчин бүрдүүлэхээр ажиллаж бай­на, манайд хөрөнгөө оруул­бал танд
ийм давуу талууд бий гэсэн  сурталчилгаа сайн
хийх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулалтыг татаж чадна” хэмээн ярив.

Хөрөнгө оруулалтад жин дардаг уул
уурхайн хөрөнгө оруулалт хэр болсон, ам.дол­ла­рын урсгал ямархуу бай­гааг сонирхохоор
Монголын хөрөнгө оруулалтын  корпо­раци буй
MICC-гийн ерөнхий­лөгч Д.Ачит-Эрдэнэд хандсан юм. Тэрээр “Энэ жил гадаа­дын хөрөнгө
оруулалт, тэр дундаа хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийдэг улс огцом багассан.
Хайгуулын чиглэлээр өмнө нь нэг сайн компани сард хоёр сая ам.дол­лар оруулж ирж
зар­цуул­даг байсан. Хайгуулын салбар гэж ярихад л жилд 100 сая ам.доллар орж ирж
бай­лаа. Одоо энэ тоо 10-20 сая хавьцаа л байгаа болов уу. Хөрөнгө оруулалтын хууль
гарсан ч Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад
байна. Тэгэхээр шийдвэр гаргах түвшиндээ 
хөрөнгө оруулагчдын хүлээл­тэд бүрэн дүүрэн хариулт өгөх тал дээр анхаарч
ажил­лах хэрэгтэй байх. Хөрөнгө оруулалт зогсонги байгаа­гийн бас нэг шалтгаан нь
төр засгаас лиценз олголтыг хумих бодлого барьж буйтай холбоотой. Рио-той хийж эхэлсэн
хэлэлцээ хаашаа эргэх нь  ч хөрөнгө оруулагч­дын
хүлээж байгаа нэг том асуудал” хэмээн ярив. 
Хай­гуу­лын гол ажлыг нугалдаг өрмийнхөн ямархуу байдал­тай байгаа талаар  өрөмд­лө­гийн холбооны тэргүүн Цэвээн­жаваас сонирхоход
“Хайгуул тэр чигтээ зогссон шахуу болохоор өрөмд­лө­гийн компаниуд зогсонги бай­дал­тай,
бие биеэсээ ажил асуусан улс л байна. Учир нь 
хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.  Өмнө нь “Арева Монгол” гэхэд л “Орд гео”, “Говь
гео” зэрэг компаниудыг өрмийн ажлаар хангаж байлаа. Таван толгой дээр гэхэд л хэд
хэдэн ком­па­ни ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр төмөр, нүүрсний өрөмдлөгүүд зогсчихоод
бай­на. Эрдэнэс таван толгойн өрөмдлөгөөс өөр ажил гар­сан­гүй” гэж байлаа.

“Одоогоор ам долларын ханш тогтвортой
байгаа ч хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлж, гаднаас аль бо­лох их хэмжээний
доллар оруулж ирэхгүй бол хэцүү байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг алдалгүй энэ асуудлаа
шийдэж чадвал доллар амь­жир­гаанд нөлөөлтлөө чанга­рах­гүй байх боломжтой” гэж
ярих шинжээчид олон    байна.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

М.Найданхүү: Нийгэм хүлээж авахааргүй нэр хүнд муутай хүмүүс намын даргаар сонгогдчихлоо

МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөнийг
үүсгэн байгуулагч, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний
ажилтан, Хөгжлийн бод­лого судлаач М.Най­данхүүтэй ярилцлаа.

-Таны хувьд МАН-ын XXVII Их хуралд
орол­цохоор Норвеги улсаас ирсэн. МАН хэр шинэч­лэгдэв?

-Миний хувьд намын­хаа гурав дахь
Их хуралд сая оролцлоо. Гурван удаа Их хуралдаа орол­цохоор өөрийн зардлаар Норвегиэс
ирсэн. Гэхдээ эдгээр хурлуудад урил­гаар оролцсон юм. Энэ удаагийн Их хурлын шийд­вэрт
сэтгэл гонсгор буцаж байгаагаа нуугаад яахав.

-Яг юунд нь сэтгэл дундуур байгаа
юм бэ?

-Бид Их хурлын өмнө шинэтгэлийн, түүхэн
хурал болно хэмээн хэлж байсан. Гэтэл сая болсон Их хурлаараа хуучин удирд­лагуудаа
сонголоо. Шулуухан хэлэхэд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчтэй адилхан
боллоо гэж дүгнэж байна. Яагаад ингэж хэлэв гэхээр манай намын нэр хүндэд муугаар
нөлөөл­дөг хүмүүс удирдлагад гарсанд үнэхээр сэтгэл гонсгор байна даа.

-МАН лидергүй бол­жээ гэдгийг батлаад
бай­гаа юм биш үү?

-Энэ байдлаас хара­хад тийм дүгнэлт
хийж болохоор харагдаж бай­гаа юм. Миний бодлоор намын олон мянган ги­шүүд дотор
МАН-ыг ард түмэнд ээлтэй, зөв жолоо­доод явах боловсон хү­чин хангалттай байна.
Харамсалтай нь тийм бо­ломжийг нь үргэлж хааж байдаг.

-Заалнаас нэр дэв­шиж орох боломж
бай­саар байтал яагаад нэрээ татсан юм бэ?

-Заалнаас нэр дэв­шиж байгаа үед Бага
ху­ралд гишүүн боломж бага байдаг. Өөр нэг шалтгаан байсан нь энэ удирдла­гууд­тай
хамтарч ажиллаж чадахгүй гэсэн байр суурь­тай байлаа. Манай намын шинэ генсек Ж.Мөнхбат
гэж нөхөр зун долдугаар сараас гэнэт намын шинэчлэл яриад эхэлсэн. Үүнийг нь би
эсэргүүцэн намын гишүү­дэд хандсан ил захидал илгээсэн. Намын дар­га Ө.Энхтүвшин,
генсек Г.Занданшатар нарт ха­риуцлага тооцно гэж бай­сан. Гэтэл хамт ажиллаж байсан
Ж.Мөнхбат тэр­гүүтэй нарийн бичгийн дарга нар ч хариуцлагыг үүрэлцэх ёстой. Тэд
нэг баг болон ажиллаж байс­наа мартсан юм шиг бай­на лээ. Би энэ Их хурлаас дараагийн
Их хурал хүр­тэл намынхаа хамгийн том сөрөг хүчин байх бол­но. Сөрөг хүчин байна
гэдэг нь намаа ча­нар­жуулах, бялдаржуулах зорилготой. Түүнээс биш надад албан тушаал
олд­сонгүй хэмээн гомдолло­сон зүйл байхгүй. 

-Намынхаа тогтвор­жилтын талаар
ямар үг хэлэх гэж байсан юм бэ?

-Бид намын төлөв­шилт, тогтворжилт,
төгөл­дөржилтийн тухай л ярих ёстой. Намын тогтвор­жилт гэдэг нь намын дар­гатай
шууд холбоотой. Сонгуулиас болж жил гаруй хугацааг үдсэн намын удирдлагуудаа солих
шаардлага байгаа юм уу, үнэхээр солих шаардлагатай бол ба­гаар нь огцруулах хэрэг­тэй
гэдгийг хэлэх гэж бай­сан юм. Намайг эсэргүүц­сэн өөр нэг шалтгаан нь Их хурлын
хоёр дахь өдөр үг хэлэхдээ манай намын ялагдлын гол шалт­гаан нь нийслэлийн дүүргүүдэд
байна гэсэн юм. Бодит байдал үнэ­хээр ч тийм байгаа. Нийс­лэлд намын рейтинг
40-42 хувьтай байна. Хэд хэдэн удаагийн УИХ, Ерөн­­хийлөгчийн сон­гуульд манай нам
нийс­лэлд ялагдал хүлээсэн. Ингэж хэлснийхээ төлөө зарим хүмүүсийн дургүйг хүргэсэн
ч зарим хү­мүү­сийнх нь талар­хлыг хү­лээж чадсан. Дур­гүй нь хүрсэн хүмүүс намайг
өөр хүн нэр дэв­шүүлэх нь гэж бодсон уу нэр дэвшүүлэх хурал­даан дээр үг хэлэх болол­цоог
хаасан.

-Намын шинэ удирд­лагууддаа яг
ямар өнц­гөөс та хандаж байгаа вэ. Эдгээр хүмүүс өмнө нь намдаа нэлээд хэ­дэн жил
болчихсон нам­даа нөлөөллөө бий бол­гочихсон хүмүүс шүү дээ?

-Намд болон намын удирдлагад олон
жил бол­сон хүмүүс ээлж дараа­лан намын дарга болж буй явц ажиглагдаж байна. М.Энхболд
дарга XXV Их хурлаас намын даргын ажлаа өгч байсан юм. Гэтэл сая дахин га­раад ирлээ.
Ж.Мөнх­батын хувьд нарийн бич­гийн даргаар нэлээд хэдэн жил ажилла­чих­сан. Нийгэм
хүлээж ава­хад нэлээд нэр хүнд муу­тай хүмүүс сонгогдчих­лоо.

-МАН-ын төлөө­лөг­чид мэдэхгүйдээ
энэ хүмүүсийг сонгочихов уу?

-Их хурлын төлөө­лөгч­дийг сонгох
анхан шатны сонгуулиуд нь хуй­валдааны байдалтай болдог юм уу даа. Тө­лөөлөгчид
хүртэл гэнэн юм даа. Нэр дэвшсэн хүнийг сонгох ёстой гээд л сонгочихдог. Өөр нэг
зүйл нь намын даргад нэр дэвшин өрсөлдөх бо­ломж­той Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар
нэрээ тат­чихаж байгаа юм. Тий­мээс М.Энхболд гарцаа­гүй гараад ирэх боломж нээлттэй
болчихож бай­гаа хэрэг.

-Их хурлаас өмнө намын даргад өрсөл­дөнө
хэмээн нэр нь яриг­даж байсан хүмүүс нэрээ татсан. Энэ нь ямар шалтгаантай бай­сан
юм бэ?

-Би үүнд шүүмжлэл­тэй хандаж байгаа.
М.Энх­болд даргын ар гэрт тохиолдсон эмгэ­нэлийг хуваалцаж байгаа нэг хэлбэр. Нөгөө
талаас намын болон ард түмний эрх ашиг хамгийн тү­рүүнд тавигдах ёстой. Намын даргад
нэр дэвш­сэн хүмүүс хулчгар байна. Үүнээсээ болоод л нэрээ татсан хэрэг. Хэрэв тэгж
л нэрээ татах байсан юм бол үүнийгээ эрт хэлж байх нь зүйтэй. Эртхэн хэлчихсэн бол
магадгүй би намын даргад нэрээ дэвшүүлэх байсан. Га­даа­даас урилгаар орол­цож байгаа
хүмүүст үг хэлэх эрх нээгддэггүй гэд­гийг энэ Их хурлаас мэд­лээ.

-Энэ удаагийн Их ху­рал түүхэн
хурал болж чадсангүй гэдэгтэй санал нийлэх үү?

-Мэдээж түүхэн хурал болж чадаагүй.

-Их хурлын гол алдаа юундаа байсан
бэ. Их хурлаас өмнө энэ хүн намын дарга, ген­сек болно хэмээн ярьж байсан нь биелэлээ
ол­лоо?

-Би намдаа сэтгэлтэй, зүтгэлтэй, итгэлтэй
бай­даг. Хэзээ нэгэн цагт ма­гадгүй ирэх Их хурлаар иймэрхүү хуйвалдааны шинж чанартай
зүйлс цэгцрэх байх хэмээн бо­дож байна. Намын төлөө­­лөгчдийг сонгох тал дээр алдаа
бий. Зарим хүмүүст намын Их хуралд ирэх, Бага хуралд сонгог­дох нь хувь хүний ганга­рааны
асуудал болсон нь харагдсан. Их хуралд төлөөлөгчөөр орж ирчи­хээд үг хэлэхгүй, санал
хэлэхгүй тэгсэн хэрнээ Бага хуралд хуйлрал­даад гүйлдчих юм. Гэтэл шударга байсныхаа
төлөө, үгээ хэлснийхээ төлөө зарим хүмүүс нь Бага хурлын гадаа үлд­чих­дэг нь харамсалтай
санагдлаа. Үүнийг яагаад хэлэв гэхээр бид гадаа­даас гурвуулаа ирсэн. Нэгэнд маань
мандат өгөөд, Шведээс ирсэн залуу бид хоёрт үг хэлэх эрхтэй урилга өгч байна гээд
хуурчихаж байгаа юм.

-Их хурал өндөрлөс­ний дараа та
намынхаа ирээдүйг хэрхэн тө­сөөлж байна вэ?

-Эдгээр хүмүүст дүн тавих хамгийн
том шал­гуур нь 2016 оны УИХ-ын сонгууль. Хэрэв сон­гуульд ялагдвал мар­гааш­наас
нь шинэ зо­хион байгуулалтаар тэм­цэх болно.

-МАН Их хурлынхаа өмнө хөгжлийн
бод­ло­гоо боловсруулахын тулд судлаач, эрдэмт­дийн дунд уралдаан зарлахад нь та
түрүүл­сэн. Таны боловсруул­сан хөтөлбөрөөс хөгж­лийн бодлогод тусгагд­сан уу?

-Миний Их хуралд ач холбогдол өгч
ирсэн гол асуудал нь хөгжлийн бод­лого тодорхойлох бай­сан. Үүн дээрээс л намын
төлөвшилт, төгөлдөржилт гэдэг нь гарч ирэх ёстой. Намаас зарласан урал­даанд “Алтан
дунджийн нийгмийг бүтээн бай­гуулъя” гэсэн хөтөлбө­рөөр оролцон тэргүүн байрт шалгарсан.
Шаг­нал болгож өгсөн мөнгийг нь намдаа цаашид нь амжилт хүсээд өгье гэсэн бодолтой
байгаа. Бид хөгжлийн бодлогодоо л анхаарал хандуулах хэ­рэг­тэй. Эх орноо Скан­диновын
орнууд шиг хөг­жүүлье.

-Их хурлын өмнө дарга, цэргийн
суудлын төлөөх хор найрагдаж байна хэмээн яригдаж байсан. Танд мэдрэгд­сэн үү?

-Надтай тэр талаар яриа хөөрөө хийсэн
хүн байхгүй. Харин орон нут­гаас ирсэн болон нийс­лэлээс оролцсон хүмүү­сийн бодлогод
тусгагдсан байж магадгүй гэдэг нь сонголт хийж байгаагаас нь анзаарагдсан. Их хур­лын
дүнг харахад хур­лаас өмнө хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр яриг­даж байсан хүмүүс
намын удирдлагад га­раад ирлээ. Үүнээс хара­хад тиймэрхүү зүй бус зүйлс явагддаг
юм шиг байгаа юм. Үүнийг бид нуулгүй хэлж байх ёстой.

-Та намын Бага хур­лын гишүүдийг
сонгох хэлбэрт ямар бодолтой байгаа вэ?

-Намын Бага хурлын гишүүнийг сонгохын
тулд дээрээс нэр оруулж ирдэг. Тэр нь цаанаасаа захиалагдсан тул төлөө­лөгчид түүнийг
нь дугуй­лаад гаргах үүрэгтэй. Өнөө­­дөр энэ өрсөл­дөөнийг нээлттэй болгоё. Заалнаас
нэр дэвшүүл­дэг асуудлыг болих хэрэг­тэй. Эхний ээлжинд нэр дэвших сонирхолтой бүх
хүмүүсийг бүртгээд түү­нийгээ аймаг, дүүргээр нь хуваасны дараа квотынх нь дагуу
өрсөлдөөн явуул­сан нь дээр юм шиг. Намын Бага хурлын гишүүд 310 байгаа нь учир
дутагдалтай. Харин Бага хурлын гишүүдийн тоог нэмж өрсөлдөөнийг бий болгох нь чухал.
Бага хурлаас УИХ-д нэр дэв­ших хүмүүс тодордог. 300 хүнээс сонгогдох 500 хүнээс
сонгогдох хоёрын хооронд ялгаа бий. Бага хурлын гишүүдийн тоог 600 болгон улиралдаа
нэг сая төгрөг төлж чадах хүмүүсийг оруулах хэрэг­тэй. Эндээс орж ирсэн мөнгөөр
намынхаа ан­хан шатны үүрүүдийг сан­хүүжүүлье. Энэ хэм­жээний мөнгө төлөх чад­вартай
Бага хурлын гишүүн болох хүсэлтэй хүмүүс их байна. Их хурал болон Бага хуралд төлөөлөгч
болох, намын Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлэх байдал үнэн­дээ хаагдмал байгааг хэлэх
нь зүйтэй.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

ГЕГ-ын ажилтны хүү хилээр мансууруулах бодис оруулж ирээд баригдлаа

-ХИЛ ДАМНАН МАНСУУРУУЛАХ БОДИС ХУДАЛДААЛДАГ ТОМООХОН СҮЛЖЭЭ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН  ТЭЭВЭРЛЭГЧ ГЭДГЭЭ ТЭР ХҮЛЭЭЖЭЭ-

ХХЕГ-ын Хилийн таг­нуулын газрын албан
хаагч нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Дор­но­говь аймгийн За­мын-Үүд дэх авто замын
шалган нэвтрүүлэх боом­тоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс
гэх ман­сууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г
илрүүлэн, саа­туулсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэ­дээллээр дээрх хэрэгтэй
холбогдуулан хил дам­нуулан мансууруулах бо­дис худалдаалдаг томоо­хон сүлжээ бүхий
залуу­сыг илрүүлж байгаа гэнэ. Б нь БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч,
Замын-Үүд дэх авто замын шалган нэвт­рүүлэх боомтоор нэвт­рүү­лэн Улаанбаатар руу
хүргэх үүрэгтэй тээвэр­лэгч гэдгээ хүлээгээд бай­гаа гэнэ. Мөн хар тамхи, мансууруулах
бодис зэр­гийг удаа дараа хилээр тээвэрлэсэн хэмээн мэ­дүүлжээ. Б өөрийгөө ман­сууруулах
бодис тээвэр­лэгч хэмээн цагдаа нарт мэдүүлээд байгаа. Түү­нийг мансууруулах бодис
хэрэглэдэг байж бол­зош­гүй хэмээн үзэж цусыг нь шинжилгээнд явуулаад байгаа юм
байна. Мөн хэнээс авсан Улаанбаа­тар хотод очоод хэнд өгөх гэж байсан зэргийг мөрдөн
байцаалтын яв­цад тодруулах ажил хийг­дэж байгаа юм байна. Албаны эх сурвалжийн
онцолж буйгаар дээрх хэрэгтэй холбогдуулан 40 гаруй хүнийг саатуулж магадгүй гэнэ.
40 гаруй хүн дотор олны танил хүмүүс ч байгаа аж. Энэ долоо хоногоос баривч­лах
ажиллагаа эхлэх гэнэ. Мансууруулах бодистой
хол­боо­той хэрэг сүлжээ бүхий гэмт хэрэг 
байдаг бөгөөд нийлүүлэгч, тээвэрлэгч, борлуулагч, хэрэглэгч гэсэн дамжлагатай
байдаг. Замын-Үүдийн боомтоор тамхины хайрц­ганд мансууруулах бодис нэвтрүү­лэх
гэж байгаад баригдсан Б нь байнга хилээр нэвтэрдэг байжээ. Түүнийг Замын-Үүдийн
гаалийн байцаагч нар авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан юм
байна. Хилээр нэвтрэх болгондоо мансууруулах бодистой явдаг байсан бололтой. Мөн
чинээ­лэг амьдралтай айлын хүүхэд юм байх. Эх сурвалжийн хэлж буйгаар Гаалийн ерөнхий
газрын Аудит хяналт, шалгалтын хэлтэст нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний
хүүхэд юм байна.

ХАР ТАМХИЧИД ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАНД
ДИЙЛДЭХЭЭ БАЙСАН ГЭВ

Өөр албаны эх сурвалжаас авсан мэдээллээр
мансууруулах бодис худалдаалдаг хэд хэдэн бүлэглэл цагдаа нарт баригдаад байгаа
гэнэ. Дээрх бүлэглэл дунд хил дамнаж худалдаа хийдэг 46 хүн холбогдсон хэргийг шалгаж
дуусаад прокурорт шилжүүлжээ. Өнгөрсөн есдүгээр сараас энэ сарын эхэн хүртэл 20
гаруй залуус мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан байна. Тухайлбал
“Манай дүүд хар тамхи татуулах гээд байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад
есдүгээр сарын 15-нд нэгэн иргэ­нээс ирсэн байна. Уг дуудлагын дагуу харьяа дүүргийн
цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шал­га­хад Чингэлтэй дүүргийн XIII хороонд
“Ард 17” зочид буудалд хэсэг залуус мансууруулах төр­лийн бодис хэрэглэж байжээ.
Тус зочид буудлын хоёр давхарт Сүх­баа­тар дүүрэгт оршин суух 24 настай эмэгтэй
Э, Б, С, Х нарын хамт мансуурсан байдалтай байс­ныг нь саатуулсан байна. Мөн Баянгол
дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр XVII  байранд
насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хэрэг гарчээ. Тодруулбал,
14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар олсны төрлийн ургамал буюу кан­на­бис
татаж байгаад цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан бай­на. Уг хэргийг  УМБГ-ын
Хар там­хи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст  шалгаж  байна. Ман­суу­руулах бодис хэрэглэгчдийн тоо
өдрөөс өдөрт нэмэгдэж зуун мянгад хүрсэн гэх. Мансуурагчид цагдаа нарт үнэхээр дийлдэхгүй
болсон гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.

Э.ХҮРЭЛБААТАР             

Categories
редакцийн-нийтлэл

Мандах наран зүгт зорчсон эко аялал

Дарьганга  өмнөхөө­сөө өөр болжээ. Жижиг­хэн энэ сум их хөлийн
газар болсон нь илт. Нут­гийн айлууд хашаа хороо барьдаггүй, гэрийнхээ гадаа аргал,
хомоолоо овоолоод хаячихдаг бай­сан юм. Одоо их л суурин­шиж, бас л жишиг хороо­лолтой
болж, ижилхэн өнгөөр жигдэрсэн хашаа­нууд ярайж байх юм. Сумын хойд энгэрт алтан
овоо дүнхийж, үзэсгэлэнт  байгалиа улам тодотгон
дүнхийж, аль галавын эртний түүх өгүүлэн байх аж. Хүүхэд байхад очиж золгодог байсан
нутгийн хөгшчүүл цөөрчээ. Харин идэр залуу явсан ах нар хижээл эрчүүд болцгоож.
Аргагүй биз дээ. Эрвээ­хэй, царцаа хөөж хөл нүцгэн таваргаж явсан үе аль эрт ард
хоцорсон бай­­хад эд нарыг маань ч он цаг элээлгүй яахав. Танил айлын жаахан хүүх­дүүд  мотоцикль уна­сан том залуус болж хөн­дөлдөөд,
шинээр нээгд­сэн баахан дэлгүүрийн үүдээр хотоос ирсэн уугуул биднийг сонирхон харж,
хоорондоо нэгийг хэлэлцэн зогсох аж.  Хуу­чин
хүү хул морин дээр хатируулсаар ирдэг үе өнгөрчээ. Орчин үед мото­цикль дээр л хөн­дөлсдөг
болж. Хаа газар энэ унаагаар  малаа хариу­лах
юм.

Бид хуучин цагт Дарьгангын амралт
гэдгээрээ алдаршсан гэр амралтанд  үдлэв.
Багад байсан  сайхан сийлбэртэй,  модон тавил­гатай тансаг гэрүүд өнгө зүс тааруу­хан,
хуучирч мууджээ. Жуулчид холхих энэ газрыг яагаад ингэж тордоогүйг огт ойлгосонгүй.
Зах зээлд ороогүй ганц газар энэ л байх шиг. Биднийг энэ тэрхнийг ярин суух зуур
сумандаа багшилж явсан   Д.Дугарсүрэн гуай
ирж уулзлаа.

Саарал дээл, бүрх малгайгаар гоёсон
тэрээр залуу байхдаа төлөв­лөгөө биелүүлэх гэж ан ав хийдэг байж. Тиймээс өөрийгөө
“Байгальд өртэй хүн” гэж хэлэв. “Өрөө төлөх”-ийн тулд байгаль орчноо хамгаалж  чамгүй ажил хийдэг юм байна.   Тэрээр 
өндөр настнуудаа уриалаад Алтан овоог тойруулж 108 суварга босгохыг  эсэргүүцэж, 108 мод тарьжээ. Мөн тарвага ховордоод
байгаа энэ үед хоёр тарвага нутагшуулсан нь одоо долоо болчихож. Түүний өрнүү­лээд
байгаа бас нэг ажил нь Дарь­ганга сумаа бааргүй сум болгох гэнэ. Тиймээс архи уудаг
“болохгүй” нөхдийн дунд уралдаан зарлажээ. Хэд хэдэн болзолтой. Жилийн хугацаанд
архи уухгүй, тавьсан болзлыг биелүүлсэн эхний арван зургаан хүнийг Хамрын хийд рүү
аялуулжээ. Дараагийн ээлжинд дахиад л арван зургаан хүн явах юм байна.   Бид түүнээс асуулаа. “16 гэдэг тоо ямар учиртай
юм” гэж. Тэрээр “Нэг микро автобусанд төдий тооны хүн багтдаг учраас” гэв. Түүнтэй
энэ мэт нутаг орны сонин хуучийг яриулсаар бид цааш аян замдаа гарлаа. 

Эндээс бид Ганга нуурын зүг явж хунгийн
чуулган үзсэн юм. Энэ талаар тусад нь бичих тул Ганга нуураас Ламтын застав хүрсэн
аян замын тэмдэглэлээ хүргэе. Ламт уулын нэрээр нэрлэгдсэн уг зас­тавт бид оройхон
хэрд хүрч ирлээ. Зам зуураа бид цэрэг армийн сэдэвтэй сайхан дуунуудаар эвлүү­лэг
хийн дуулж  заставынханд бяцхан урлагийн тоглолт
бэлт­гэлээ.

Монгол Улсын зүүн хил,  Онгоны отрядын Ламтын заставт бүрий тасарсан үед
бид ирлээ. Монгол Улсын торгон хил амгалан угтлаа. Цэрэг татлага саяхан дуу­саад
шинэхэн цэргүүд торгон хилээ манахаар ирцгээжээ.

Биднийг угтан бов бор цэрэг гүйхээрээ
ирэн, өөрөөс нь гарамгүй цовоо чанга хоолойгоор 
“Амрыг эрье” хэмээн ёслоод  учир явдлаа
тайлбарласны эцэст цааш илтгэ­лээ. Түүний тэвхийтэл ёслох нь хүндлэм сайхан санагдав.
Эх орноо манаж буй цэрэг эр.  Түүнд маш том
хариуцлага эх орон нь үүрүүлсэн.

Заставынхан хүний мөрөөс болсон байдаг
хойно, зочид ирнэ гээд чамгүй бэлдчихэж. Бид ч “Хил амгалан уу” гэсээр тэдэнтэй
уулз­лаа. Яагаад ч юм сэтгэл хөдлөм, хачин мэдрэмж.  Гадаа жиндүүхэн, салхитай, чив чимээгүй. Тэнгэрт
түмэн одод тодоос тод.  Заставын байр уур
савсуулсан халуун, сай­хан хоолны үнэр хамар цоргино.   Цэргүүд дүрэмт хувцсаа цэмцгэр­хэн өмссөн ч гадуураа
дулаан шинельгүй байх аж.   “Та нар гадуур
хувцсаа яачих аа вэ” гэхэд “Хангалт ирээгүй байгаа, гэхдээ бид дотуу­раа үстэй хүрэмтэй”
гэв. Тэр хүй­тэнд мэдээж даарч л байгаа байх. Цэрэг хүн ингэх л ёстой юм шиг тэд  тоомжиргүй хариулсан ч бидэнд бол тоож анзаарахаар
санагдав. 

Оройн хоолны дараа  Соёл хүмүүжлийн танхимд нь биднийг хүлээж авлаа.
Мэдээж энэ хооронд уулын орой дээр цэргүүд алсыг анирдан хилээ манан  зогсож байгаа.  Соёл хүмүүжлийн танхим их л давчуухан. Энэ мундаг
эрсийг яаж багтаадаг юм гэлтэй. Хоймор­тоо Монгол Улсын Ерөнхийлөг­чийн зургийг
хадаж, ханаараа дүүрэн дүрэм журам, мөн үе үеийн Монгол Улсын баатруудын   хөр­гийг он дараалуулан өлгөжээ. Мэдээж  ганган хөгжим, хана дагуу­лан байрлуулж. Бүсгүйчүүд
нь даашинзаа өмсөн жигтэйхэн гоё­чи­хож. Хаа очиж  халуунд халж, хүйтэнд хөрч эрчүүдтэй мөр зэрэг­цэн
хил дээр ажиллаж амьадрч байгаа гэхэд гоо сайхан, залуухан бүсгүйчүүд.   

Заставын дарга үг хэлсний дараа шууд
л хөжим эгшиглэв.  Хүүхэд байхад энэ заставуудаар
явахад удирдалгууд нь нэлээд ахимаг насны хүмүүс байсан бол одоо их л залуужжээ.
Хорин хэдтэй шижигнэсэн залуус гэр бүл,  үр
хүүхэдтэйгээ хил манах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг болж. 

Хөгжим эхэллээ.  Байсхийгээд л цэнгээнт бүжгийн ая эгшиглэнэ. Задгай
цагаан, хүмүүн төрөлхтө­ний танил ая эгшиглэж байснаа гэнэт “Ганнам стайл” гээд
л будил­чих юм.  Танхим хэдийгээр жижиг­хэн
ч тохь тух, цэвэр цэмцгэр бай­дал гэж ярих юм алга.

Хэдийгээр алс хил ч гэлээ энд амьдрал
өрнөж байна. Хэдхэн  сартай болов уу гэмээр
жаахан хүүхдээ харах хүнгүйгээс аваад иржээ. 
Бяцхан жаал гэнэт ирсэн гийчдийг гайхан харах аж. Энэ үед  бид ч тэдэнд бэлтгэсэн  тоглолтоо үзүүлж, алга ташилтаар мялаал­гаад хил
дээрх  чимээгүй, нам гүмийг   дуу хуураар хөглөж өгөөд энэ өдрийн арга хэмжээ
өндөрлөв. Хугацаа хэдий бонинохон ч бүгд л 
сэтгэл хангалуун байв. Чухал алба хашиж байгаа тэднийг удаан уяхыг хүссэнгүй,
бид ч амарцгаалаа.    Заставын дарга  биднийг нар ман­да­хаас өмнө  хилийн багана дээр дагуулж очив. Баганын цаад
талд Хятадын хил, наад талд  Монгол Улсын
маань дархан  хил.  999 гэсэн дугаар бүхий Монгол Улсын­хаа хилийн
баганад бид хүндэтгэл үзүүлж, гайхамшигт эх орон минь үүнээс нааш бий  гэж бахархалтай­гаар ярилцан, нулимс унаган  дуулц­гаав. Энэ бол аяллын маань мартагдашгүй
нэгэн мөч. Ингээд торгон хилийн зааг дээр байдаг Шилийн богд уул руу явцгаалаа.

Эх орны маань торгон хил хилээ манан
зогсох цэрэг эрс  маань үүрэгт ажлаа үргэлжлүүлэн
тэндээ үлдэж бидний аялал цааш үргэлжлэв.

Шилийн богд уул алсаас сүр бараатайхан
харагдаж, Бидний хөтөч Бадарч гуай шилийн сайн эрсийн домог хүүрнэлээ. Шилийн сайн
эр Торой бандийн хайрт бүсгүй Шармааны дууг энэ үед Болороо маань уянгатайхан дуулж,  аяллын багийнхан маань тэр нэгэн цаг үеийг сэтгэлдээ
бүгд өөрсийн­хөөрөө төсөөлөн явцгаалаа. Би л хувьдаа Болороогоо Шармаан гэж  ийм л үзэсгэлэнтэй, цээл хоолой­той, ялдам нэгэн
дарьганга бүсгүй байснаар төсөөлсөн шиг Шилийн богддоо очлоо. 

Шилийн богд сайн эрс нуугдаж,  хоргодох олон агуйтай л даа. Тэр л олон агуй хонгилд
арван тавны цагдаа нараас нуугдаж, мөн аян замын алжаал тайлдаг байсан биз.

Уулын энгэр бэлээр аядуу чиг оройгоор
нь  салхи ихтэй байдаг юм. Шилийн богдод гарахад   талын салхи тааваараа үс гэзгээр тоглон, хацар
хорсгон үлээнэ. Томоос том улаан наран нүд ирмэх зуур тал нутгийг тэр чигээр гийгүүлэн
ман­дах тэр агшин юутай гайхалтай.    Эх оронд
минь өглөө болоход нар эндээс ингэж л манддаг. Шилийн богдын орой дээрх овоог бид
хүндэт­гэлтэй тойроод дараагийн ажилдаа шамдлаа. Бид байгалийн сайхныг зүгээр нэг
гайхан бишрэх гэж ирээгүй. Шилийн богд уулыг минь шилэн овоо болтол нь архины шилээр
даржээ. Бид тэр орчмыг цэмцийтэл цэвэрлээд ууталсан хогоо барин бэлээс зайдуухан   хогийн цэгт аваачиж хийлээ. Салхи ихтэй байхад
салют буудуулж байгаа хүмүүстэй таарч бид баа­хан зэмлэв. Тал газар хуурай салхи
ихтэй энэ үед л түймэр гарах магадлал өндөр учраас тэднийг зэмлээд дахиж ингэж болохгүйг
сануулав.

Хөтөч Бадарч ах ч тэдгээр хүмүү­­сийн саваагүй энэ үйлдэлд их
л хилэгнэв.  Ингээд бид бэлд бууж ирэхэд хөтөч
маань олон мянган мод тарьсан Шилийн богдын бэлд биднийг авч ирлээ.  Нэг гэр 
бүлийн хэдэн хүн олон арван мянган мод тарьсан аж.  Хэнээс 
ч мөнгө нэхэж гуйлгүй  өөрсдөө ингээд
тарьчих­сан нь сайхан санагдлаа. Эндээс бид тал нутгийн нэгэн гайхамшиг талын агуй  үзэхээр аяллаа үргэлжлүүлэв.

Categories
редакцийн-нийтлэл

Хоол ундны үзэсгэлэн худалдаа анх удаа нээгдлээ

Хоол ундны анхду­гаар үзэсгэлэн худалдаа
өчигдөр “Мишээл экспо” төвд нээгдлээ. “UB food and beverage” нэртэй уг үзэсгэлэнг
Монголын то­гооч нарын холбоо, Мон­голын мастер тогоочдын холбоо, Монголын мэр­гэжлийн
бартендерийн холбоо, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн төв хамтран зохион бай­гуулж
байна.

Зохион байгуулагчид “Хүнсний салбарын
бай­гуул­лага, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээг­дэхүүн болон үйлчилгээг олон
нийтэд таниулан сурталчилж, иргэдэд хүнс­ний эрүүл ахуй, аюул­гүй байдлын талаар
мэд­лэг түгээхэд энэ үзэс­гэлэн худалдааны зорил­го оршино” хэмээн тайл­бар­ласан
юм.

Хоол, унд хийж, бэлтгэхэд юу хэрэгтэй
вэ. Тэр бүгдээр үзэсгэлэнгийн танхим дүүр­чээ.

Талх нарийн боов, бялуу, кекс хийхэд
хэрэгтэй хөөлгөгч, сийрэгжүүлэгч, чанаржуулагч, хүнсний будаг зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг
оруулж ирдэг “Бурханбуудайн хишиг” ком­па­нийнхан үзэсгэлэнгийн тан­химын үүдэнд
лангуугаа засчихаж. Бялуу, кекс дагнан хийдэг цехүүд эдний оруулж ирдэг бүтээгдэхүүнийг
ихээр сонирхож байгаа аж. “Every­day” сүлжээ дэлгүүрийнхэн япон хоол амтлагч, амттан,
шоколадаа танилцуулж бай­на. Япон амтлагчаар шимийг нь тааруулсан шөл уулгаж, бүтээгдэхүүнийхээ
амт чанарыг тайлбарлана.

“Милая” сүлжээнийхэн гоём­согоор чимэглэж,
нүд хужирлам сайхан харагдах бялуунуудаа сонирхуулж бай­гаа бол “Ubean” кофе шопийнхон
төрөл бүрийн хольцтой кофегоор хүмүүсийг дайлж байлаа.

“Мах маркет”-ийнхан бү­тээгдэхүүнүүдийнхээ
дээжийг дэлгэжээ. Хүмүүс эдний гер­ман технологиор утсан га­хайн махыг ихэд таашаах
аж. Худалдагч нь “Германаас ирсэн технологич өөрөө га­хайн махаа утдаг юм” хэмээ­лээ.
“Anu sales” компани жимс, амин дэмээр баяжуул­сан цэвэр усаа танилцуул­лаа. C,
B6, B12 амин дэмүү­дээр баяжуулсан жимсний амттай ус нь дархлааг сайж­руулахад тустай
гэнэ.

Хөвсгөл, Сэлэнгээс авчир­сан загас,
жимстэй лангууны дэргэд хүмүүс бөөгнөрц­гөө­нө. “Хөвсгөлийн утсан загас байна. Амт
нь ч гоё доо. Жинхэнэ байгалиараа бай­гаа” хэмээцгээж байлаа.

Хөвсгөлөөс үзэсгэлэнд оролцохоор ирсэн
эмэгтэй­чүүд нөөшилсөн цагаан за­гас, утсан загас бас цаа буга, сарлагийн эврээр
хийсэн хундага, түлхүүрийн оосор зэргээ нийслэлчүүд худалда­хаар авчирчээ.

Сэлэнгийн Зүүнбүрэн сумаас оролцогчид
цуунд дарсан сармис, чацаргана, үхрийн нүд, аньс, мойл, утсан загас гээд экологийн
цэвэр бүтээгдэхүүнтэй ирсэн байна.

Ургамлын тос, жигнэмэг, чихэр, гоймон
будаа, бяслаг, амтлагч  гээд хүнсний бүхий
л нэр төрлийн бүтээгдэхүүн энд борлуулагдаж байна. Хүнсний үйлдвэрлэл, ний­тийн
хоолны тоног төхөө­рөмж, гал тогооны хэрэглэл, цахилгаан барааны үзэсгэ­лэн худалдаа
ч өрнөж байна. Цайны газар, ресторануудад бэлтгэгч их чухал үүрэгтэй. Бэлтгэгчийн
ажлыг хөнгөвч­лөх ногоо хэрчигч “S-cook” брэндийн төхөөрөмжийг то­гооч нар их сониучирхана.
Бүх төрлийн ногоог таны хүс­сэн хэмжээгээр хэрчээд зориулалтын вакум уутанд савлан
хүргэдэг юм байна, эднийх.

“Монтуул” компанийнхан өөрсдийн гараар
эх орондоо үйлдвэрлэдэг нэрс, тоор, хад, бөөрөлзгөнө, гүзээлзгэнийн чанамлаа амтлуулж
байна. “Жэм Ритэйл” компанийнхан японы  нэг
номерын ногоон цай оруулж ирдэг юм байна. Сахаргүй цайнууд нь ханиад томуунаас сэргийлдэг,
сэтгэл санааг тайвшруулдаг, цусан дахь сахарын хэмжээг буу­руулж, даралт ихсэхээс
сэр­гийлдэг аж. Гахайн аж ахуй­гаар дагнан үйл ажиллагаа явуулдаг “Монгол порк”
брэн­дийн өндөр чанартай, амттай гахайн махыг хүмүүс худал­даж авч байлаа. Гахайн
махыг хүнсэндээ хэрэглэх нь олон талын ач холбогдолтой гэнэ. Хоол боловсруулах эрхт­­ний
тогтолцоо, амьс­галын зам, уушгийг цэвэрлэж, элэг, тархины мэдрэлийн системийг идэвхижүүлдэг
аж.

Монголын хоолзүйчдийн найрамдал холбооныхон
хүмүүст зөвлөгөө өгч байна. Та ямар хоолыг яаж, хэдийд идэх вэ. Ямар өвчний үед
юуг яаж ямар цагийн хуваарийн дагуу хэрэглэх вэ. Хоолыг яаж хадгалдаг вэ гээд хүн
бүрт хэрэгтэй мэдээллийг өгч, хүс­сэн асуултад хариулах аж. Монголын мастер тогоочдын
холбооныхон “Master cook” мэргэжил сургалтын төвдөө элсэлт авч бүртгэж байв. Мэргэжил,
ур чадвар дээш­лүү­лэх, талх нарийн боовны сургалт, уул уурхай, аялал жуулчлалын
сургалт, зөөгч бармен, ахлах, ерөнхий тогоо­чийн онол аргазүйн сургалт, орон орны
хоолны төрөлжсөн сургалт, гэрийн эзэгтэй нарт зориулсан сур­галт гэсэн чиглэлүүдтэй
аж. Гэрийн эзэгтэй нар Ази хоол, Европ хоол хийж сурахаас гадна сонирхсон хоолыг
нь хийж сургадаг юм байна.

Манай томоохон ресто­ран, хоолны газрууд
өөрс­дийн хийдэг амтат хоолоо үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдод амсуулна. Хоолны
амталгаа хийхэд 1000-3000 төгрөгийн үнэтэй. Манайхан гриллдсан мах, шарсан мах­ны
орцтой хоолнуудыг амт­лах гэж дугаарлацгаана.

Бялуу, кексэнд дуртай бүсгүйчүүл бүгдээс
нь амсч үзнэ. Өдрийн цайгаа уух гэж үзэсгэлэнг зорьж ирсэн хү­мүүс ч байлаа. “Сайхан
хоол идлээ”, “Бялуу ёстой гоё бай­лаа”, “Загасны махтай, сүүлд идсэн тэр хоол ч
үнэхээр амттай” гэцгээнэ.

Мастер тогоочийн хоол хэрхэн хийхийг
ажиж, хийсэн хоолыг нь идэхийн тулд гэр бүлээрээ яваа айлууд ч байлаа.

Үзэсгэлэн маргааш өндөр­лөх юм. Үзэсгэлэнгийн
үеэр олон арга хэмжээ зо­хиог­дохоор төлөвлөгджээ. Монгол туургатны аварга тогооч
шалгаруулах тэмцээ­ний шилдгүүд өнөөдөр тод­рох бол Монгол Улсын шил­дэг бартендер
шалгаруулах тэмцээн маргааш болох аж.

Монгол туургатны аварга тогооч шалгаруулах
тэмцээнд тогооч нар орчин үеийн мон­гол хоол, гахай, шувууны махан хоол, загас,
тэнгис, далайн бүтээгдэхүүнээр хийх хоол, бялуу чимэглэх урлаг, хоолны урлаг гэсэн
төрлүү­дээр өрсөлдөж байгаа юм.

Нээлтийн үеэр тогооч нар жимсээр элдэв
төрлийн зохиомж хийж өрсөлдсөн юм. Үзэгчид тогооч нарыг шийгуа, хулууг хэрхэн сийлж,
зорж амьтан, цэцэгс хийж байгааг ажиглаж зогсоно. Тогооч нар мужааны багаж мэт хайрцаг­тай
багаж хажуудаа дэлгэж тавьчихаад жимсээ сийлнэ. Маш няхуур хөдлөх аж.

Анх удаа зохиогдсон уг үзэсгэлэн,
худалдаанд Мон­голын нэртэй, алдартай мас­тер тогооч нар хүрэлцэн ирсэн байлаа.
Нөгөө талаар энэ үзэсгэлэнг үе үеийн тогооч нарын цугларалт болж байна гэж хэлж
болох нь. Өндөр малгай, цагаан өмс­гөлтэй мастер тогооч нар зөвлөж, залуу тогооч
нар нь таваг, сав, хутга, сэрээ зөөж, их л хөл хөдөлгөөнтэй байна.

Өнөөдөр мастер тогоо­чийн хийсэн гарын
хоолны дуудлага худалдаа, хоолны талаар мэдлэг олгох үнэгүй сургалт, “Хэн хамгийн
их хот­дог идэх вэ” уралдаанаар үзэсгэлэн худалдаа үргэлж­лэх юм.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Хорлоогийн Уртнасан: Заримдаа сүрдэж, зарим нэгийг нь сүрдүүлж явлаа

Төрийн шагналт, ардын жү­жигчин,
зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасантай ярилцлаа.

  -Та сонсогчдодоо асар хүн­дэтгэлтэй
ханддаг гэж өмнө нь нэг ярилцлагадаа хэлж байсан. Харин Монголынхоо болон гаднын
үзэгч сонсогчдоосоо та юу анзаарч байв?

-Би бол сонсогчдод асар хүн­дэт­гэлтэй
байдаг. Миний ид дуулж байсан үеийн сонсогчдыг өнөөд­рийнхтэй яаж харьцуулж болохов
дээ. Өнөөдөр “Учиртай гурван толгой”-г би үзээгүй одоо очоод үзчихье гэж очдог нэг
ч хүн байхгүй болов уу даа. Энэ удаад ямар Юндэн дуулах нь вэ, ямар Нансал­маа дуулах
нь вэ гэж очдог болсон байна. Миний өмнөх үеийнхэн дуулж байх үед дуурийг орчуулгаар
дуулдаг байсан. “Ээ, гончигсүм минь…” гээд дуулахад л манайхан нирхийтэл инээлддэг
байсан үе. Мэддэг ярьдаг ганц хоёр үг нь дуулдахаар инээлддэг л байсан хэрэг. Тэр
бол Хайдав гуай, Загд­сүрэн гуай эд нарын монголоор дуулж гарч ирсэн тавин жилийн
өмнөх үе л дээ. Харин би мон­голоор дуулж байгаагүй. Оросоор дуулдаг болсон үед
нь дуулсан. Би 1981 оноос эхэлж дуулсан гэ­хээр 33 жилийн өмнө анхны дууриа
дуулж байжээ. Загдсүрэн, Хайдав нарын мастеруудаас 19 жилийн дараа гарч ирж байлаа.
Тэр үед гадаадын үзэгчид мэдээж боловсролоороо толгой дээр байл­гүй яахав. Ядаж
л “Евгений Оне­гин”-ийг тоглоход романыг нь унш­чихсан, Онегин гэж хэн билээ, Ленский
гэдэг чинь хэн билээ, Татьяна, Ольга нь хэн билээ гэдгийг ядаж уншаад ойлгочихсон
хүн ирээд суух өөр шүү дээ. Би дэлхийн таван том театрын нэг Оросын “Большой театр”-т
дуулж байлаа. Тэнд “Чио Чио сан”, “Тос­ка”, “Онегин”-д дуулсан. Үнэхээр их ч сүрддэг
байсан. Яагаад гэвэл, тэндэхийн үзэгчид чинь хоёр зуу гаруй, гурван зуугаад жилийн
түүхтэй театрын үзэгчид. Гэтэл би хориодхон жилийн түүхтэй теат­раас очиж байгаа
шүү дээ. Очих очихдоо би гэдэг хэн билээ дээ. Хөөрхий, нэг саальчин ээжийн л охин
очиж байгаа шүү дээ.  Хоёр гурван зуун жилээр
хүмүүжчихсэн, тоглож байгаа улсууд нь өндөр мэргэжлийн, тийм олон үе дамж­сан, жинхэнэ
элит улсуудын дунд ганцаараа очоод зогсч байна гэдэг төсөөлөхөд ямар байх вэ. Тэр
бол ойлгомжтой.

-Сандарч байв уу?

-Сандрах гэдэг бол тун ч бага бөгөөд
энгийн үг юм даа. Юу ч гэх юм бэ. Хэлж мэдэхгүй байна. Их сүрдмээр, маш нүсэр юман
дотор яваад орчихож байгаа юм л даа. Нэг ангайхад л шүүмжилнэ, хоёр ангайвал бүр
юу гэж хэлэх бол. Гадна тал минь орос хүүхэнтэй адилхан байна уу, япон хүүхэнтэй
адилхан байна уу, итали хүүхэнтэй адилхан байна уу бүү мэд ээ. Тэр мэтээс авахуулаад
миний толгой дотор юм юм холилдоод л явчихаж байгаа юм. Ер нь хүний толгой гэдэг
ихээхэн багтаамжтай юм билээ. Тэр болгоны ард ганцхан юм бод­догддог юм даа. “Би
чинь монгол хүн шүү. Миний ард миний театр байгаа. Миний театр бас л сайн театр
шүү. Надад Чулуун багш юу гэж хэллээ, Лхасүрэн багш юу гэж хэллээ, Эрдэнэбулган
найруулагч юу гэж хэлж байлаа” гэж бодоод л орно шүү дээ. Анх удаа Орост уригдлаа.
“Чио Чио сан”-д уригд­сан юм. Дараа нь дөрвөн жил дараалан явж дуулсан л даа. Тоска,
Татьяна хоёрт уригдсан. Ингээд би гурван жүжгээр дөрвөн жил тэр театртай хамтарч
тогло­лоо. Тэр театрын гоцлол дууны ангийн дарга Анатолий Архьянов гэж өвгөн байлаа.
Цагтаа дуулж байгаад тэтгэвэртээ гарсан, өвгөн ч гэж дээ жар дөхсөн хүн байсан юм
биз дээ. Тэр хүн “Орост Шальяпин мэндэлж дуурь гэдэг тодорсон юм. Монголд та мэндэл­сэн
юм байна аа” гэж зүйрлэж хэлж билээ. Миний номон дээр ч тэгж бичихэд нь нөгөө айж
сүрдэж байсан хүн чинь машид их омогшиж баярлаж байв даа. Тэгэхэд миний портнёр
Оросын ардын жүжигчин Владимир Пепков гэж хүн байв.  Алдарт Ирина Архиповагийн нөхөр. “Большой театр”-ын
Бага тайзан дээр сургуулилт хийнэ. Жүжгээ давтаад өвөр дээр хэвтэ­хээр нь би бүр
дагжчихаж байгаа юм чинь. Гэсэн ч хийж байгаа урлагаараа ойлголцоод, тэр том хүмүүс
намайг тоогоод харьцаад ирэхээр бага зэрэг тайвширдаг юм билээ. Өглөө нь удирдаач
нь “За, хоёулаа хүмүүсээ цуглатал дуулж байя” гээд өөрөө шууд төгөлдөр хуураа тоглоход
би гэдэг хүн бүр дөрвөн нүдтэй болтлоо гайхаж байгаа юм аа. Эхний сургуулилт дээрээс
гараад ирэхэд хамт дуул­сан улсууд маань “Ёстой сайн сопрано байна, браво” гэж ирээд
л баяр хүргэнэ. “Большой театр” дотроо нэг том цайны газартай. Тэр нь гоё гэж жигтэйхэн.
Тэнд явж байгаагаа үгүй мөн их аз заяа гэж бодож байгаа юм аа. Диваажин гэдэг газар
очсон хүн л тэгж баяр­лах байх. Тэд нартай хамт цайны газарт нь хооллож, нэг лифтээр
явж, сургуулилтын зааланд хамт ороод л. Нүүр буддаг өрөөнд нь нөгөө мундаг ардын
жүжигчин Тамара Зинявская орж ирээд л. Нэг өрөөнд хоёулаа сууж будаад л. Ээ гэгээн
минь, олдохгүй хувь заяа гэж бодож байгаа юм чинь. Тэгж сүрдэж, заримдаа омогшиж,
зарим нэгийг нь сүрдүүлж, Монголд ийм дуучин байна шүү, Монгол гэдэг чинь дуурийг
ингэж хөгжүүлчихсэн юм байна шүү, бидний ганц мэддэг Чингэсийн Монгол биш юм байна
шүү гэдгийг үзүүлж харуулж  явлаа. Түүнээс
хоёр жилийн дараа Оросын бүх хотуудаар явж тоглосон юм даг.

-Хэдийгээр социалист сис­темийн
орнууд ч гэлээ та бол аялан тоглолт гэдгийг жинхэнэ утгаар нь хийж байжээ. Аян замд
сонин содон адал явдал мөн тохиол­доно биз?

-Гав ганцаараа л явна шүү дээ. Нэг
төмөр чемодантай. Чемоданаа чирээд ганцаараа явахад хил дээр янз бүрийн бэрхшээл
тохиолддог юм. Болгарт нэг тоглочихоод Оросын хил рүү ороод иртэл паспортыг маань
үзчихээд “Та хаанахын хүн бэ” гэж байна. “Мон­голын хүн” л гэлээ. Үзэж үзэж байснаа
“Үгүй ээ, та Албаний хүн байна. Хаагуур дамжиж Албаниас орж ирсэн бэ?” гэнэ ээ.
Би бүр гайхчихсан. Миний паспорт дээр “албан паспорт” гээд биччихсэнийг “Албани
паспорт” гээд ойлгочихож. Тэгж хил дээр ороогдож байлаа. Нөгөө төмөр чемоданаа чирч
явсаар сүүлдээ хамаг төмөр нь хугарч нугараад ирж билээ. Хоёр жил гаруй чирэхэд
л элэгдчихэж байгаа юм. Очсон газраас нэг үйлчлэгч орчуулагч өгдөг юм. Орост очихоор
надад нэг эмэгтэй үйлчил­нэ. Тэр эмэгтэйг орос хүн гэж бодоод байсан чинь одоо манай
энд амьдардаг юм билээ. Тэр үед Москвад ажиллаж байж. Нөхөр нь ЭСЯ-ны худалдааны
газар хавь­цаа ажиллаж байсан, ер нь орос хүн. Монголоос хүн очихоор орчуул­ганд
явдаг юм байна л даа. Их ч анхаарал халамж тавина.  Одоо тэр хүнтэй нэг уулзах юм сан гэж бодох юм.

-Та хэдэн настай байв, тэр үед?

-Гучин хэдтэй л байж. Орчуулагч маань
дөчин хэдтэй л байсан болов уу. Зөвлөлтийн жүжигчид тэр үед маш том хэмжээнд явдаг
бай­лаа. Үйлчлэгчидтэй, хөгжимчид­тэйгөө явна. Над шиг хувцсаа чирээд явна гэсэн
ойлголт байхгүй шүү дээ. Гэтэл би онгоцоор ч явж чадахгүй. Галт тэргээр л явна.
Олдож байгаа мөнгө нь тэр. Москва хүртэл тав хоног санжиганаад л явдаг сан. Гэхдээ
дуулж байсан театрууд маань сайхан байсаан. Ленинградад(одоогийн Санкт-Петрбург),
Москвагийн “Большой театр”-т, Кремлийн ордонд дуу­лаад л. Дэлхийн номер нэг Чио
Чио сан Мария Бьешеев гэж Оросын ардын жүжигчин байлаа. Дэлхийн номер нэг Чио Чио
сан шүү дээ. Молдав хүн. Тэр хүний тайзан дээр очиж дууллаа. Тухайн үеийн СССР-ийн
Дээд зөвлөлийн гишүүн ч билүү тийм том дуучин л даа. Давхар өрөөтэй, тэндээ зочин
хүлээж авдаг, мөн усанд ордог өрөөтэй, нүүр будгийн өрөөтэй. Өрөөнд нь намайг оруулж
хувцаслууллаа. Дэлхийн номер нэг Чио Чио саны өрөөнд нь тухлаад л, өөрийнх нь парикийг
өмсөөд л, өөрийнх нь портнёртой би дууллаа. Портнёр нь ч мундаг хүн. Тоглолтын дараа
нөгөө том хүн чинь надад баяр хүргэж үнсээд, ямар гоё Чио Чио сан бэ, танд ёстой
их баярлаж байна гээд л. Хувцас сольж өгдөг хүн бол хаалга цохиод ороод ирэхгүй
шүү дээ, Үүдний өрөөнд л сууж байна. Хувцас солих боллоо, нөгөө хүн орж ирээд их
болгоомж­тойгоор “Уучлаарай та Монголоос ирсэн гэсэн. Танаас нэг юм асуучих уу”
гэж байна. Тэг ээ тэг гэлээ. Хувцаслах зуураа асууж байна, “би арван хоёр гурван
настай байхдаа Монголд байсан юмаа. Миний аав Оросын консулд ажилладаг байсан юм.
Би таныг Монголын дуучин гэж сонсоод танаас нэг юм асуух гээд бодоод байсан юм.
Та төвөгшөөх­гүй бол надад хариулахгүй юу. Тэр үеийн Улаанбаатар том том овоолсон
хогтой, тас харанхуй, маш олон зэрлэг нохойтой хот байсан. Та үнэхээр монгол хүн
мөн үү. Тэндээс ийм дуучин ирнэ гэж би төсөөлөхгүй байна” гэж байна. Маш аяархнаар,
их эмээсэн байдалтай асууж байгаа юм. Би хэллээ. Уучлаарай, та манай оронд дахиад
нэг очих цаг болсон байна даа, та наад өндөр өндөр хогтой,  олон нохойтой хот гэсэн сэтгэгдлээ засах болсон
байна аа. Та манайд очоорой. Би Улаанбаатарын Дуурийн театрын дуучин хүн байна гэсэн
чинь “Би таныг гадаадад дуулдаг монгол хүн юм байх л гэж бодлоо. Яагаад гэвэл, тийм
газраас ийм дуучин ирнэ гэж ерөөсөө санаанд багтахгүй байна” гэж ярьсан. Тэгээд
бодоход уран бүтээлч хүн бол өөрийнхөө нэрээр явдаггүй. Намайг Уртнасан гэж сонин
дээр бичихгүй шүү дээ. Монголын дуучин ирээд гадаад төрхөөрөө ч, дуулж байгаа намба
төрхөөрөө ч жинхэнэ Чио Чио сан гэдгийг үзүүлээд явлаа гэж тэр үеийн хэвлэлүүд бичиж
байсан.

-Гаднын хамтран тоглогчид­тойгоо
та одоо харилцаатай байдаг уу?

-“Большой театр”-ын Пепков одоо ч
надад цомгоо явуулдаг юм. Бичсэн номоо ч явуулдаг. Би ч Пепковт ном, цомгоо явуулдаг.
Глинкийн уралдаан гэдэг чинь Пепковын тэргүүлдэг уралдаан юм. Эхнэр нь Ирина Архипова
гэж Орост маш их нэртэй төртэй хүн бий. Глинкийн уралдааныг эхлээд эхнэр нь тоглойлдог
байсан. Одоо бол нөхөр нь, Пепков толгойлж байгаа. Тэр манай дуучдаар надад ном,
цомгоо өгч явуулдаг юм. Монголоос хүүхдүүд очихоор “Манай Уртнасангийн нутгийнхан,
Уртнасангийн хүүхдүүд” гэж л ярьдаг хүн. Бид одоо хүртэл сайхан харилцаатай байдаг.

-Манай ДБЭТ-т гаднаас уран бүтээлчид
ирж үе үе тоглох болсон. Ялангуяа балет байна. Америкаас, Оросоос гэхчилэн. Саяхан
Эрхүүгийн симфони оркестр ирж тоглосон, үнэхээр гоё дуугардаг юм байна. Дараа нь
балет ирлээ. Ер нь Оросын академийн гайхамшиг нь юундаа байдаг юм бэ?

-Оростой найзалж нөхөрлөж найрамдаж
байсан үеийн хүн болохоороо намайг хуучинсаг ойлголтоор хэлж байна гэж хүмүүс бодох
байх. Гэвч мэргэжлийн хүрээнд бол Оросын дэг сургууль, Оросын барил, сонгодог тавил
гэдэг бол ялангуяа балетаар дэлхийд аргагүй дээгүүр ордог. Одоо багшилж байгаа манай
багш нарын хэмжээ бол хуучин Орост, Болгарт сурсан барил. Өөрөөр хэлбэл, Европын
дэг жаяг зонхил­сон ийм дэг жаягт суралцсан багш нар байна. Би гэхэд л эндээ дөрвөн
жил сурчихаад дараа нь Болгарт гурван жил сурсан. Мэргэжлээ дээшлүүлж Болгарын Кристофф
Бернбург гэж их том багшийн удирдлагад сурсан. Болгар бол манайх шиг дуучин ард
түмэн. Тэр дундаа байгалиасаа заяасан сайхан дуучидтай. Бараг номыг нь сурсан дуучид
гэлгүй гудамжнаас хүн аваад дуулахад бэлэн тийм л дуучин ард түмэн л дээ. Оросын
хувьд, яаж хүний хоолойг хөгжүүл­дэг юм, яаж сонгодог дэг жаягийг барьдаг юм,  яаж балетад техник сайтай хүнийг бий болгох юм
гэхчилэн бүх талаараа хоёр гурван зуун жил хөгжчихсөн школь. Ерөө­сөө цаад талын
баруун Европоос хоцрохгүй. Үргэлж тэргүүлж байсан. Тийм учраас Оросын бүх театр
нь тээр дээр байдаг. Баруун Европыг бол би бодохдоо шүүмж­лэлтэй хандаж байгаа юм.
Тэнд байнгын ажиллагаатай театр байх­гүй. Харин Орос, Болгар манайх сонго­дог театрыг
байнгын ажилла­гаатай явуулж байна. Энэ хоёрт маш том ялгаа гарч ирдэг юм. Европт
жилээр гэрээ хийчихдэг. Нэг сарын “Чио Чио сан”-г би очиж дуулна, хоёр дахь сарынхыг
өөр хэн нэгэн хаа нэгтээгээс очиж дуулна. Ингэж гадна дотноос дуучид аваачиж дуулуулдаг.
Найрал дуучид нь ч мөн л тоглолт болохоор л цугладаг.  Гэтэл сонгодог урлаг гэдэг маань бэлтгэл сургууль,
дэг жаяг алдагдахаараа л юу ч биш болж хувирдаг юм шүү дээ. Тэр ч байтугай энэ талаар
сургасан алтан сургаал байна. “Нэг өдөр сургуульгүй байвал чи өөрийгөө мэднэ,  хоёр өдөр сургуульгүй байвал хажуудах хүн чинь
чамайг мэднэ, гурав дахь өдрөө чи сургууль хийхгүй юм бол үзэгчид чамайг хүлээж
авахгүй” гэсэн ийм хатуу сургамж байдаг.

-Оросын сонгодог урлаг гүйцэтгэх
түвшиндээ ч эрс ялгарах өндөр түвшинд байсаар байгаа нь хэт хатуу зарчим барьдагтай
нь холбоотой юу. Одоо их чөлөөтэй, янз бүрийн туршилт их хийх юм л даа. Зарим орнууд
жүжигчдээ биеийн галбир талаас нь онцолж гаргаж 
ирэх нь ч байна?

-Оросууд өндөр түвшинд бай­гаад байдаг
нь хэтдээ ч биш, зар­чимдаа ч биш юм. Дэг сургуульдаа байгаа юм. Бүр үндэснийх нь
байнгын суурьшсан,  уламжлалт дэг жаяг байгаа.
Түүнийгээ л алдах­гүй байна. Баруунд сонгодог юмыг орчин үеийн тавилаар тавьж бай­на.
Америкт бүр ч тийм. Эд нар туршилт л хийгээд байгаа юм.  Гэтэл сонгодог бүтээл сонгодгоо­роо л байж хүнд
хүрдэг шүү дээ. “Евгений Онегин” тоглоход Онегин жинсэн өмдтэй гарч ирэх жишээтэй.
Үгүй бол “Хунт нуур”-ын хар хунд эрэгтэй хүн, цагаан хунд эмэгтэй хүн гаргаж байх
ч шиг.

-Цаг зуурын л юм, тийм ээ?

-Цаг зуурынх. Энэ бол цаг үеийн нэг
урсгал төдий юм. Тэр урсгалаас чинь дэг жаягаараа яваа нь шилэгдээд л үлдээд байгаа
юм чинь. Дэлхийн сонгодог гэдэг чинь хэдэн зуун жил хүний оюун санаагаар шүүгдээд
шүүгдээд үлдчихсэн юм. Түүнийг хичнээн өөрчлөх тусам хүнээс улам бүр холдоно. Яг
байгаагаар нь хийх юм бол хүний сэтгэхүйд яв цав бууж байгаа амьдралын тусгал юм.
Амьдралын алтан фонд байгаа юм, тэнд чинь.

 

Н.ПАГМА

Үргэлжлэл бий